Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 498

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Г.Мөнхзул, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Улсын яллагч П.Болормаа,

Иргэдийн төлөөлөгч Ш.Дондогмаа,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.О,

Шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч Н.Номин-Эрдэнэ /ҮД:1206/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овогт Гын Дт холбогдох 201726010405 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 06-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 05 дугаар  сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэгэжилтэй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, ... тоотод оршин суух, урьд нь Баянзүрх дүүргийн шүүхийн 2008 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 266 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 260 цагийн албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, Ч овогт Гын Д, /РД:.../,

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

            Нэг:Яллах талын нотлох баримтууд.

 

1.1.Шүүгдэгч Г.Дын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр буюу уржигдар орой 21 цагийн үед ажлаа тараад Хархорин захын хойд талын 19-ийн автобусны буудал дээр буугаад ТҮЦ-ны хажууд зогсож 1 залуу Самсунг эс-1 маркын утас авах уу гэж хүрч ирэхээр нь надад мөнгө байхгүй гээд үзээд зогсож байтал утас авч зардаг Д гэдэг зүс таньдаг залуу хүрч ирэхээр нь би Дд 25.000 төгрөг гээд ийм утас явж байна чи авахгүй юм уу гэж асуухад Д ломбардны хүнд үзүүлье гээд би хамт Дг дагаад Арктай байрны ломбард орсон. Би гадаа нь хүлээгээд зогсож байсан. Д орж үзүүлчихээд гарч ирээд авахгүй гэж байна гээд нөгөө хүний утсыг өгөөд явуулсан юм. Тэгээд би Дг чи саяын утсаа порматалж байгаад үзүүлчихгүй яасан юм бэ? гэсэн чинь, тийм байсан юм бол өөрөө  парматалчихгүй яасан юм бэ гээд шууд л над руу салаавч гаргаад, май пизда минь 2 уулаа үзэхүү гээд над руу агсараад эхэлсэн. Тэгээд намайг татаж чангаагаад хэл амаар доромжлоод явах гэтэл надаас хэрүүл хайгаад араас дагаж явсаар байгаад 19-ын автобусны буудлын ард хүрч ирсэн. Д намайг заамдаад боохоор нь би зөрүүлээд боолцсон юм, Д гараа тавьхаар нь би адилхан гараа тавьтал Д хойшоо газар дагзаараа саваад уначихсан юм. Тэгээд би автобусанд суугаад явчихсан юм. ...Д бид хоёр муудалцаад намайг заамдаад боохоор нь би зөрүүлээд энгэрээр нь заамдаад хувцасны захаар нь боосон чинь Д гараа тавихаар нь  би намайг тавьж байна гэж бодоод гараа мөн тавьсан чинь Д хойшоо ар дагзаараа явган хүний бетон зам дээр саваад уначихсан. Тэгтэл гудамжинд гар дээрээс гар утас худалдан авдаг Г гэх залуу ирээд Дг босоорой зүгээр үү гээд очоод хацрыг нь оролдсон чинь Д зүгээр гээд босоод ирсэн юм. Тэгээд би харьлаа гээд буудал дээр очоод зогссон чинь араас Д ирээд хэрүүл хийх гээд байхаар нь би автобусанд суугаад яваад өгсөн. …Тэгээд маргааш өглөө нь ажилдаа яваад орой нь буцахдаа бас дамжих гээд 19-ын буудал дээр буугаад гар утасны сэлбэг хайж яваад Гтой таарсан Г тэгэхэд өчигдөр Д гэртээ хариад байж байгаад 00-доо ороод ухаан алдсан, хагалгаанд орсон, одоо гэмтлийн эмнэлэгт ухаангүй байгаа гэхээр нь би Гтой цуг гэмтлийн эмнэлэг дээр очоод Дгийн эхнэртэй уулзаад би одоо байцаагчтай нь очиж уулзана гэхэд, чи байж бай байцаагч нь сая ярьсан, одоо ирж байгаа, чамайг байж бай гэж байна гэсэн. Удалгүй мөрдөн байцаагч Нэргүй гэж хүн ирээд намайг дагуулаад Баянгол дүүрэг дэх цагдаагийн 2-р хэлтэс рүү очсон. …Би Дг санаатайгаар алаагүй бид 2 гар утаснаас болоод маргалдсан Д намайг дагуулж яваад зодолдьё гээд миний араас дагаад хэрүүл хийгээд маргалдаж байгаад 19-р байрны урд талын автобусны буудлын 2 ТҮЦ-ны хойно намайг заамдаад боохоор нь би бас куртикны захнаас нь барьж заамдаж байгаад гарыг нь тавиулах гээд зүүн гараараа гарыг нь дугтраад тавихгүй болохоор нь боолт орчихлоо тавь гэхэд Д гараа тавихад нь би заамдсан гараа тавихдаа өөрөөсөө холдуулаад түлхсэн. Тэгээд Д хойшоогоо саваад унасан. Тэр үед Д босож ирээд араас хэрүүл хийгээд байхаар нь би явсан. Тийм болохоор би, надад сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Надад урд өгсөн байцаалт дээрээ нэмж ярих зүйл байна. Би талийгаач Дтай муудалцаж байгаад Д намайг заамдаад боогоод байхаар нь би гарыг нь салгах гээд ноцолдож байгаад тавиулахад Д хойшоогоо унасан. Би Дг алах нь байтугай гэмтээе гэсэн зорилго байгаагүй. Бүх зүйл маш хурдан болж өнгөрсөн. Би энийг л нэмж ярия гэж бодож байсан юм. ... ” гэх мэдүүлэг  /хх 11-12, 167-169, 171-172, 2 хх 14 х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

1.2.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Отгонжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ”…2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 14 цагийн орчим ажилдаа явна гээд гарсан. Тухайн өдөр 22 цаг өнгөрч байхад манай нөхөр Даржжанцан гэртээ ирэхэд баруун сарвуу хэсэгт нь бага зэрэг шалбарсан, өөр ямар нэгэн шарх сорвигүй байсан. Тэгээд орж ирээд миний толгой маш их өвдөж байна гэхээр нь би цай хийж өгсөн боловч  уугаагүй, гутлаа тайлаад охиноо өвөр дээрээ суулгаад сууж байхаар нь би өвчин намдаах “диклодинк” гэдэг нэртэй эм өгсөн боловч өвчин нь намдахгүй байсан. Толгойных нь баруун талын судас гүрийгээд товойсон байдалтай, тархи дагзны баруун хойд хэсэгт нь 6-7 см урт ягаан зураас гарсан байсан. Тэгэхээр нь би шууд 103 дугаарт дуудлага дуудсан өгсөн. Түргэн иртэл хүлээж байх хооронд манай нөхөр Д надад “намайг ийм болгосон хүн бол Д гэдэг хүн байгаа шүү, янз бүрийн юм болох юм бол энэ нэрийг сайн тогтоож аваад цагдаа нарт хэлээрэй, миний толгой яг задрах нь” гэсэн. Тэгээд 00 орно гээд гарахад нь би түшээд явж байхад урагшаа сөхрөөд доошоо суусан, тэгээд манай нөхөр би хөлөө ч даахгүй байна гэж хэлэх үед түргэний машин манай гадаа ирчихсэн байсан. Тэгээд түргэний эмч, жолоочтойгоо хамт өргөж гэр рүү оруулаад эмч үзээд гэмтэл рүү аваад явсан. Тэгээд гэмтлийн эмнэлэг дэр ирэхэд тархины цус харвалт байна гээд 3-р эмнэлэг рүү яв гэхээр нь түргэний машинтай 3-р эмнэлэг дээр очиход тархины зураг авхуулахад тархи нь цөмөрсөн байна гээд гэмтлийн эмнэлэг рүү очсон. Тэгээд гэмтлийн сэхээн амьдруулах тасагт хэвтээд хагалгаанд орсон. …Би түргэн тусламж ирэхээр нь хаалгаа онгойлгоод эргээд ирэхэд манай нөхөр жорлонгийн хажууд цасан дээр зүүн талаараа хэвтэж байсан. Би гомдолтой байна оршуулгын зардлыг гаргуулж авмаар байна. Надад болон манай гэрт том гарз учруулсан хүнд зохих шийтгэл оногдуулж өгнө үү. ...Өдрийг нь сайн санахгүй байна. Д 400,000 төгрөгийг бэлнээр өгсөн. Дын ар гэрээс хохирлын мөнгө гээд эхлээд 2,498,000 төгрөгийг талийгаачийн төрсөн дүү Бат-Эрдэнэд өгсөн байсан. Энэ мөнгөнөөс би 1,400,000 төгрөгийг авсан. Урьд нь өгсөн мэдүүлэгтээ нийтэд нь авсан мөнгийг хэлж мэдүүлсэн байгаа. Миний авсан мөнгө 1,400,000 төгрөг юм. Би урд өгсөн мэдүүлгэн дээрээ 10,000,000 төгрөг нэхэмжилж байсан. Үүнээс 1,400,000 төгрөгийг хүлээж авсан. Одоо 8,600,000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн охиныгоо 18 насанд хүртэл сар бүр 500,000 төгрөгийн тэтгэмж авах хүсэлтэй байна. Би талийгаачийн  49 хоногийн буяны ажилд зарцуулсан 1,337,300 төгрөгийн баримтыг Анхбаяр байцаагчид албан ёсоор хүлээлгэж өгсөн. Харин баримтгүй гарсан зардал мөнгө байгаа. Тухайлбал буяны ажилд “Гандан гарч ном уншуулахад 300,000 төгрөг, лам авчирч гэртээ ном уншуулахад, бензин тос, ламд гар цайлгах мөнгө, цайллага хийхэд, түлээ нүүрс, хүүхэд баярлуулж будаалга хийсэн” зэрэг өчнөөн мөнгө гарсан. Тэр болгоны баримт падааныг аваад явахад хүндрэлтэй, заримыг нь авах үнэхээр боломжгүй байсан. Одоо би 3 хүүхдээ хараад гэртээ ажилгүй байгаа, миний амьдрал ахуй үнэхээр хэцүү байна, энэ асуудлаас болж тэр хавийн дэлгүүрт өр шир тавьсан. Талийгаач Архангай аймгийн Чулуут сумаас бичиг баримтаа шилжүүлэг хийлгээгүй байсан юм. Тэгээд шилжүүлэг хийлгээгүй байсан болохоор охиныгоо талийгаачийн нэрээр овоглож чадахгүй байсан. Миний бичиг баримт Улаанбаатар хотын хаяган дээр бүртгэлтэй байсан болохоор тухайн үед охиныхоо нэрийг өөрийн нэрээр овоглох болсон юм. Би холбогдогч Даас 8,600,000 төгрөг нэхэмжилж байна. Уг нэхэмжилж буй мөнгийг даруй гаргуулж өгөхийг хүсэж байна. ...2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр өгсөн мэдүүлэгтээ тодорхой хэлж мэдүүлсэн. Нэмж тодруулж хэлбэл 2.498.000 төгрөгийг Дын ар гэрээс өгсөн. Үүнийг торуулбал: талийгаачийг тухайн үед эмнэлэгт эмчлүүлж байх хугацаанд нь 400,000 төгрөгийг надад бэлнээр Дын аав нь өгсөн, яг хэдний өдөр өгснийг нь сайн санахгүй байна. Харин 98,000 төгрөгийг Дын ар гэрийн зүгээс Бат-Эрдэнийн данс руу шилжүүлсэн байсан. Тэгээд талийгаачийг нас барсны дараа Дын ар гэрээс 2,000,000 төгрөгийг Бат-Эрдэнэд өгсөн байсан. Уг мөнгөнөөс 1,000,000 төгрөгийг талийгаачийн төрсөн дүү Бат-Эрдэнэ манай гэрт надад авчирж өгсөн. Ингээд би Дын ар гэрийн зүгээс хохирлын мөнгө гэж нийт 1,400,000 төгрөгийг хүлээн авсан. ...” гэх мэдүүлэг  /хх 43-45, 46-47, 2 хх 51, 83 х/,

 

1.3.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Отгонжаргалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Нөхөр маань гэрт ирээд толгой маш их өвдөж байна. Хэрэв муу юм болбол намайг Д ийм болгосон шүү, нэрийг нь сайн тогтоож аваарай гэж хэлж байсан. Эмнэлэг дээр биеийн байдал нь хүнд хагалгаанд орсон. Тархи нь ажиллагаагүй, бэлэн байгаарай гэж эмч нар хэлж байсан. Би нялх хүүхэдтэй. Хүүхдээ 18 нас хүртэл тэтгэмж тогтоолгохыг хүсч байна. 2 дугаар хавтасны 91 дүгээр талд байгаа эцэг тогтоох ДНК шинжилгээний хариуг анхааралдаа авч үзээсэй гэж шүүхээс хүсч байна. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

1.4.Гэрч С.Зоригтын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 21 цагийн орчим би Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 19-н автобусны буудал орчим ТҮЦ-нд тавьсан тарагаа авахаар ирээд, тарагаа аваад гарч явахад миний танил Д, Д нар 19-р байрны аркын хажууд зогсож байхаар нь очиж уулзахад, тэр 2 маргалдаад байсан. Тэгээд би таньдаг хүмүүс байж боль гээд салгасан. Тэгээд би баруун зүг рүү алхахад миний араас 20 орчим метрийн ард Д, Д 2 явж байсан. 19-ын автобусны буудлын 2 ТҮЦ-ны ард Д, Д 2 дахиж муудалцаад заамдалцаад авсан. Тэгэхээр нь би эргэж очоод дахиад салгаад би шорлог зардаг хүмүүс дээр очоод зогсож байхад “тас” гэх чимээ гарахаар нь Түц-ны ард яваад очиход Д газар дээшээ хараад уначихсан байсан. Тэгэхээр нь би Дг “хүүе зүгээр үү андаа” гээд ханцуй хэсгээс нь зөөлөн татахад Д босож ирээд ТҮЦ-ны голоор гараад яваад өгсөн. Тэгээд би харьсан. …Би өдрийг нь сайн санахгүй байна. Д батлан даалтанд гарчихсан байх үедээ одоогоос 1 сарын өмнө санагдаж байна. Хархорин захын 19-ын автобусны буудлын орчим зогсож байтал Д намайг дуудсан, би явж очсон. Тэгэхэд Д архи уучихсан согтуу байсан. Тэгээд “хөгшөөн чиний өгсөн мэдүүлгэн дээр чинь гацаад байнаа, чамаас шалтгаалаад байна, чи миний хажууд байсан биз дээ” гэхээр нь чи юу яриад байгаа юм бэ гэсэн чинь “хөгшин чинь чамд гай болохгүй, чамаас бүх юм шалтгаалаад байна” андаа, чамайг чирэхгүй гэхээр нь” би “чи битгий балаараад бай, би болсон хэргийн талаар бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн худлаа мэдүүлэг өгвөл би хуульд зааснаар хариуцлага хүлээнэ ш дээ” гэсэн чинь Д “чамд ямар ч гай болохгүй” гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 50-52, 56-57, 75-76, 2 хх 85 х/,

 

1.5.Гэрч С.Ойдовын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2017 оны 02 сарын 17-ны өдөр би Алдар нийгэмлэг дээр чөлөөт бөхийн бэлтгэл хийж байгаад 20 цагийн орчим бэлтгэлээсээ гараад офицеруудын ордонгоос автобусанд суугаад Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо 19-н автобусны буудал дээр 21 цагийн орчим буусан. Тэгээд би тэндээс шорлог хийдэг Ганаа ахаас өдөр болгон бэлтгэлийн дараа 2-3 шорлог авч иддэг юм. Тэгэхэд Ганаа ах шорлогоо хийж эхлээгүй байсан болохоор модоо бэлдээд галаа түлээд 20-30 минут болсон. Тэгээд би шорлог болохоор аваад идээд зогсож байхад тэр хавиар гар утас гар дээрээс наймаалцдаг Г, Д, Д, Ууганаа нар ирээд юм яриад зогсож байхад Улаанаа нэг найзтайгаа ирээд Д, Д нараас Самсунг эс-1 маркийн гар утас авах уу гэж асуугаад тэд нар тэр утсыг аваад хойшоо 19-р байрны аркын зүг рүү явсан. Тэгээд зогсож байхад Г ах гүйгээд яваад өгөхөөр нь харахад Д ах 19-ын автобусны буудлын 2 ТҮЦ-ний харалдаа хойд талд нь газар уначихсан байсан. Тэгээд Ганзо ах очоод хацарт нь гараараа хүрээд сэрээж байсан. Тэгээд Д босч ирээд гэнэт гуйваад далбилзаад эхэлсэн, тэгээд бид нарыг чиглээд алхсан. Энэ үед Д шорлогны хажууд ирэхээр нь би Д ах яасан гэж асуухад Д ах “Боогоод унагачихлаа бандийг, намайг яагаад Хархорин дээр атаман хийгээд байгаа юм бэ? гээд ам руу салаавч хийдэг байна ш дээ, найз бол найз шиг байгаарай гээд ганц боосон чинь уначихлаа” гэснээ автобусанд суух гэж байгаад Улаанаагийн найзын гар утсыг чинь авъя, гэрт мөнгө байгаа гээд таксинд суугаад яваад өгсөн. Тэгээд Д шорлогны хажууд сууж байгаад Ууганаагаас 500 төгрөг аваад автобусанд суулгаж өгсөн. Тэгээд би удалгүй гэртээ харьсан. ...” гэх мэдүүлэг /хх 53-55 х/,

 

1.6.Гэрч Ц.Ууганжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би Д, Д гэх хүмүүсийг танина. Д Хархорин захын ойролцоо гар дээрээс гар утас зардаг, харин Д Хархорин зах дотор гар утас засдаг байсан. Би энэ 2 хүнийг саяхнаас таньдаг болсон. 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр цаг яг хэд болж байсныг мэдэхгүй байна, ямар ч байсан гадаа харанхуй болсон байсан. Улаанаа гэж дууддаг нэг залуу найзтайгаа ирээд хар өнгийн Самсунг эс-1 маркын гар утас зараад өг гэхэд хажуугаар Д би үзье гээд авсан. Тэгснээ намайг Д “чи Алтаа эгчийн ломбарданд оруулаад 25-аар шахчих” гэхээр нь би 25 хүрэхгүй 20-д л авах байх гэсэн чинь тэр үед Д хүрч ирснээ би Алтаа эгчид оруулаад шахчихъя гээд Д ах аваад 19-р байрны аркын хажуу талын ломбард руу орсон. Бид нар гадаа нь байж байхад удалгүй Д ах гарч ирээд энэ утсыг авахгүй байна гэсэн. Тэгэхээр нь нэгэнт утсыг нь авахгүй юм байна гэж бодоод автобусны буудал руу явсан. Намайг явж байхад Д, Д ах 2 тэр утаснаас болоод маргалдаад үлдсэн. Тэгэхэд Ганзо ах зөрөөд тэр 2 дээр очоод салгасан боловч Д ахын араас Д ах ирэхэд нь Д ах Дд “чи найз юм бол найз шиг байгаарай найз биш юм бол Хархорин дээр битгий надад томроод байгаарай” гэж хэлсэн. Тэгэхэд Д ах “юу гэнээ” гээд заамдах гэхэд нь Д ах за тэгвэл “ийшлье” гээд 19-р байрны урд талын автобусны буудал дээр байдаг 2 ТҮЦ-ны ард очоод Д, Д ах 2 заамдалцаад нэгнийгээ боосон. Тэгэхэд Д ах Д ахыг боож түлхээд холдуулахад Д ах газар уначихсан. Тэгэхэд би ТҮЦ-ны хажуу талд зогсоод харж байсан. Д ахыг газар унангуут Ганзо ах гүйж очоод босгосон. Д ах босч ирээд гайгүй байх шиг харагдсан. Д ах над дээр ирээд зогсох үед Улаанаагийн найз нөгөө Самсунг эс-1 гар утсаа бариад хүрээд ирсэн. Тэгэхэд нь Д ах нөгөө залууд чи наад утсаа надад зарвал, дагаж очоод манай гэрээс 20.000 төгрөг ав гэсэн, тэгээд тэр 2 таксинд суугаад яваад өгсөн. Тэр үед Д ах над дээр ирээд автобусны мөнгө гуйхаар нь би мөнгө задлуулаад 500 төгрөг өгөхөд нэг найз нь ирчихсэн байсан. Найз нь автобусанд суулгаж өгөөд явуулсан. …” гэх мэдүүлэг /хх 78-79, 2 хх 8 х/,

 

1.7.Гэрч Б.Гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “… Би 2017 оны 02 сарын 17-ны өдөр 21 цаг өнгөрөөд 22 цаг болох гэж байхад шорлог хийдэг тэргээ түрээд гарч ирээд Сонгинохайрхан дүүргийн 15-р хороо 19-р байрны урд талын автобусны буудал дээр шорлогоо зараад зогсож байсан. Тэгэхэд Д, Д, 2 ирээд нэг, нэг шорлог идсэн. Д, Д 2 бага зэрэг халамцуу  архи үнэртэж байсан. Тэгээд тэр 2 шорлогоо идчихээд яваад өгсөн. Би шорлогоо зараад зогсож байхад миний танил бас тэр хавиар гар утас авч зардаг Г гэх залуу ирээд надтай юм яриад бид 2 тоглоод зогсож байхад Г “хүүе энэ 2 чинь юу болоод багаа юм бэ?” гээд яваад өгөхөөр нь би араас нь харахад 19-ын автобусны буудлын 2 ТҮЦ-ны ард явган хүний зам дээр 1 нь газар уначихсан хэвтэж байсан, нэг нь зогсож байсан. Яг хэн нь газар унасан байсныг гадаа харанхуй байсан болохоор би харж чадаагүй. Би шорлогоо зарж байсан болохоор хөдлөөгүй тэндээ зогсож байсан. Тэгээд удалгүй Г над дээр “Д Дг түлхсэн чинь уначихсан байна” гэж хэлсэн. Тэр үед би нээх тоолгүй шорлогоо зараад зогсож байсан. Тэгээд би Цамбагаравын автобусны буудал руу шорлогоо зарахаар явсан. Г ч гэсэн харьлаа гээд явсан. Үүнээс хойш юу болсныг мэдэхгүй. …” гэх мэдүүлэг /хх 82-83, 2 хх 12 х/, 

 

1.8.Гэрч А.Буяндэлгэрийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би 2017 оны 02 дугаар сарын 17-ны орой 23 цаг 52 минутанд өөрийн салбарын ээлжийн ахлагчаас Д 33 настай эрэгтэй толгой нь хүчтэй өвдөөд байна гэсэн дуудлагыг хүлээн аваад 2017 оны 02 дугаар сарын 18-ны 00 цаг 10 минутанд очсон. Намайг дуудлаганд очиход эхнэр нь гэх эмэгтэй гарч ирсэн, манай нөхөр Д хэвтээд босохгүй байна, би гэртээ оруулах гээд дийлэхгүй байна гэхээр нь хашаар руу нь ороход хашааныхаа баруун урд талд модон жорлонгийн хажууд нэг эрэгтэй цасан хунгар дээр зүүн талаараа хэвтэж байсан. Тэгээд эхнэр нь би жолооч, сувилагч бид 4 өргөөд гэрт нь оруулсан. Гэрт нь оруулаад үзлэг хийхэд хүүхэн хараа баруун талдаа өргөссөн. Асуулт асуухад хариулж байсан. Биед нь ямар нэгэн шарх сорив байхгүй. Толгой маш их өвдөж байна гэж өөрөө хэлж байсан. Тэгээд би өвчин намдаах тариа хийгээд нацилкан дээр өргөөд машиндаа оруулаад хүчилтөрөгчөөр амьсгалуулаад шууд гэмтлийн эмнэлэг дээр очиж хүлээн авахын эмч Бямбаад үзүүлсэн. Тэгэхэд Бямбаа гэж дууддаг эмч тархин дотор судас хагарсан байж болзошгүй байсан тул 3-р эмнэлэг дээр очоод хүлээн авахын эмчид үзүүлэхэд тархин дотор судас хагарсан байж болзошгүй гээд хүлээн авсан. 01 цаг 20 минутанд би хүлээлгэж өгсөн. …” гэх мэдүүлэг /хх 84-85 х/, 

 

1.9.Гэрч Ц.Оюунчимэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би 2017 оны 02 дугаар сарын 17-ноос 18-ны өдөр хүртэл Улсын клиникийн 3-р төв эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн жижүүрийн эмчээр 24-н цагаар үүрэг гүйцэтгэж байсан. Д.Д тархины цус харвалт байж болзошгүй гэсэн оноштой гэмтлийн эмнэлэгт очиход манайх руу явуулсан гэж 103-н эмч хэлж байсан. Д.Д манай эмнэлэгт ирэхдээ биеийн байдал хүнд, ухаан бүдгэрсэн, хөдөлгөөн ихтэй баруун гараа савчсан, зүүн гар нь чангарч татсан, баруун талдаа хүүхэн хараа өргөсөн, өмдөндөө шээсэн байдалтай ирсэн. Тэгэхээр нь бид нар компьютер томографикт харахаар технигч залуугаа дуудаад толгойн компьютер томографикийн зураг авсан. Тэгэхэд тархины баруун талд тархины хатуу хальсан доор их хэмжээний цусан хураатай, тархи шахагдсан гэмтэлтэй байсан. Тэгээд гэмтлийн гаралтай тархины гамтэл байсан болохоор би харвалтын эмчид үзүүлээд гэмтлийн эмнэлэг рүү сувилагч жолоочоор 03 цаг 15 минутанд хүргүүлсэн. Тэгэхэд эхнэр гэх О цуг ирсэн байсан. Би Од Д.Дгийн биеийн байдал маш хүнд байна, гэмтлийн гаралтай тархины хатуу хальсан доорх их хэмжээний цусан хураа байна. Тэгээд Д.Д яагаад ийм байдалтай болсон талаар асуухад эхнэр нь бодож байснаа “нээрээ надад хүнд цохиулсан” гэж хэлсэн. Тэгээд бид нар шаардлагатай арга хэмжээг аваад гэмтлийн эмнэлэг рүү хүргүүлсэн..…гэх мэдүүлэг /хх 86-87 х/, 

 

1.10.Гэрч О.Бямбаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би 2017 оны 02 дугаар сарын 18-ны 01 цаг өнгөрч байхад 103-н түргэн тусламжийн машинаар Д.Д гэх 34 настай, эрэгтэй хүн хүргэгдэж ирсэн. Д.Д өөрөө ухаан бүдэг, дуудахад сонсоод нэрээ зөөлөн хэлж байсан. 103-ын эмчээс яасан хүн бэ? гэхэд яасан нь тодорхой биш гэхээр нь би өөрөө мэдрэлийн үзлэг хийж үзэхэд толгой, цээжийг нь тэмтэрч үзэхэд биед ил харагдах гэмтэл шархгүй, хаван байхгүй байхаар нь эхнэрээс нь асуухад гаднаас орж ирээд юм ярьж байгаад толгой өвдөөд байна гэж хэлж байсан. Тэгэхээр нь үзлэг хийхэд хүүхэн хараа баруун талдаа өргөссөн, гэрлийн урвалд сулавтар хариу үзүүлж байсан. Гэмтэж бэртсэн ямар нэгэн шархгүй, 103 эмч болон ар гэр нь зодуулж цохиулсан гэж хэлэхгүй байсан болохоор нь би судасны цүлхэн үүссэн байж байгаад хагарсан байж магадгүй гэж үзээд энэ төрлийн өвчнийг 3-р эмнэлэг хүлээж авах ёстой байдаг учраас 3-р эмнэлэг рүү явуулсан. Манай эмнэлэг дээр 10 гаруй минут болоод буцаад явсан. Тэгсэн 103 уг хүнийг аваад явсан. Тэгээд 03 цаг өнгөрч байхад Д.Д бүрэн ухаангүй болсон. Компьютер томографикийн зураг авхуулсан 3-р эмнэлгийн сувилагч хүргэж ирсэн. Тэгээд би Компьютер томографикийн дүгнэлтийг уншихад тархины баруун хэсэгт хатуу хальсан доор цус хуралттай байсан. Тэгээд би өвчний түүх нээгээд эрчимт эмчилгээний тасагт хүлээлгэн өгсөн. Түүнээс цааш юу болсоныг мэдэхгүй байна. …” гэх мэдүүлэг /хх 88-89 х/, 

 

1.11.Гэрч А.Чинцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би 2017 оны 02 сарын 18-нд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гавал тархины гэмтлийн жижүүрийн эмчээр үүрэг гүйцэтгэж байгаад тархины гэмтэлтэй хүн ирлээ гэсэн мэдээллийн дагуу 04 цагийн15 минутанд Далантай овогтой Д 34 настай, эрэгтэй хүнд үзлэг хийсэн. Үзлэгээр өвчитний биеийн байдал маш хүнд, гэмтсэн шалтгаан тодорхойгүй, ухаангүй орчиндоо харьцаагүй, цочролд зөвхөн мөчдийг тэнийлгэх байрлалд хариулсан байдалтай байсан. Компьютер томографикийн зургийг харахад баруун талын зулай чамархайнаас суурь руу үргэлжилсэн шугаман хугаралттай, хугарлын доор баруун зулай, чамархайг хамарсан том хэмжээний хатуу хальсны дээр цус хуралттай, тархи дарагдал ихтэй, тархи баруунаас зүүн тийш хазайж дарагдсан, өвчтөн гүн ком байдалтай байсан. Тэгээд эхнэртэй нь уулзаад мэс засал хийх шаардлагатай байна, уг хагалгаа нь яаралтай, амь насны заалтаар хийгдэж байгаа хагалгаа гэдгийг тайлбарлаад эхнэр Оаас бичгээр зөвшөөрөл авсан. Тэгээд 05 цаг 30 минутанд эхлээд 07 цаг 00 минут хүртэл үргэлжилсэн. Хагалгаанд ороод хуйхыг нээж үзэхэд баруун талын зулай чамархайнаас доошоо суурь яс руу үргэлжилсэн шугаман хугаралтай байсан. Хуйхны баруун чамархайн хэсэгт булчин няцрал ихтэй байсан. Тэгээд хугарлаа дамнуулан гар өрмөөр цооног гаргаад нүхлээд томруулж 5x7 см хэмжээтэй болгоод ясыг авах үед тархины дарагдал бүхий их хэмжээний цусан хураа байсан, уг цусан хурааг авахад тархи баруун чамархай зулай хэсэгт нэлэнхүйдээ дарагдсан тархины лугшилт муу байсан. Тархины суурьт байдаг Артерийн том судас гэмтэж цус алдсан байсан, цусыг тогтоож цусан хураа байсан газраа уян гуурс тавьж шархыг үечлэн хаагаад тархины дарагдлыг чөлөөлөх зорилгоор гавлын ясыг онгорхой орхисон. …” гэх мэдүүлэг /хх 90 х/,

 

1.12.Насанд хүрээгүй гэрч Б.Нандинтүшигийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би Далантай овогтой Д гэх хүнийг танина. Энэ хүн 2013 оноос хойш манай ээж Отай сууж миний хойд аав болсон. Манай ээжтэй сууснаас хойш 2016 онд манай дүү Н төрсөн. 2013 оноос эхэлж мэднэ. Би 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр өдөр 01 цаг 30 минутанд хичээлдээ яваад 18 цагийн үед гэртээ ирээд гэрээсээ гараагүй. Манай хойд аав Д гэртээ 2017 оны 02 сарын 17-ны өдөр 22 цаг нилээн өнгөрөөд 23 цаг дөхүүлээд гэртээ ирсэн, цаг яг хэд болж байсныг би мэдэхгүй байна. Гаднаас орж ирэхдээ толгойныхоо баруун хойд хэсгээ гараараа барьчихсан, толгой өвдөөд байна гэж байсан. Манай хойд аав “Миний толгой өвдөөд байна намайг ийм болгосон хүн Д гэж хүн байгаа шүү иймээ тиймээ юм болвол энэ хүн шүү, та нар нэрийг нь мэдээд аваарай” гэж хэлсэн. Манай хойд аав согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан.…гэх мэдүүлэг /хх 69-70 х/

 

1.13.Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, фото зургууд /1 хх 30-34, 36, 37 х/,

 

1.14.Шинжээчийн 3012 тоот дүгнэлт

1.Д.Дгийн биед баруун чамархайн сууриас дээш зулай руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун чамархайн булчингийн няцрал, хатуу хальсан дээрх их хэмжээний цус хуралт, тархи дарагдал, баруун зулайн оройн хэсгийн тархины эдийн няцрал, субарахнойдаль зайнуудын зөөлөн бүрхүүл доорх цус харвалт бүхий гэмтэл тогтоогдлоо.   

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар учирах үедээ  амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна .

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. ...” гэсэн дүгнэлт /хх 94-95 х/,

 

1.15.Шинжээчийн 1378 тоот дүгнэлт

1.Шинжилгээнд ирүүлсэн хар хөх өнгийн гадуур хүрмэнд 40 мм татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас гарсан шинэ урагдалт гарсан.

 -Хар хөх өнгийн ноосон цамцанд 30x35 мм хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ гогдолт гарсан байна.

 2.Бусад хувцаснууд урагдалгүй....” гэсэн дүгнэлт /хх 131 х/,

 

1.16.Шинжээчийн 484 тоот дүгнэлт

1.Талийгаач Д.Дгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношид дурьдагдсан гэмтлүүд тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтлүүд нь 1 цаг хугацаанд үүсгэгдсэн гэмтлүүд байна.

4.Талийгаач нь гавал тархи гэмтлийн улмаас нас баржээ.

5.Талийгаач Д.Д нь АВО системээр Оαβ (I) бүлгийн харьяалалтай байжээ.

6.Талийгаач Д.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй....” гэсэн дүгнэлт /хх 141-142 х /

 

Хоёр:Шүүгдэгчий хувийн байдлын талаарх баримтууд.

 

2.1.Гэрч С.Мөнхжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би 2004 онд анх танилцаад тэрнээс хойш уулзаж үерхэж байгаад 2007 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр албан ёсоор гэр бүл болсон. Миний нөхөр Д нь 1981 оны 05 сарын 02-нд Дархан-Уул аймагт төрсөн. Эгч Золбаяр болон эцэг Гын нарын хамт Дархан-Уул аймагт бага насаа өнгөрөөгөөд, Дархан хотын мэргэжил сургалтын төвийг цахилгаанчин мэргэжилтэй төгсөж тусгай дунд боловсролын мэргэжлийн үнэмлэх авсан. 2004 онд надтай анх танилцахдаа ажилгүй эцэгтэйгээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 53 гэдэг нэртэй Төмөр замын тоочигт амьдардаг байсан. 2004 онд Д надтай хамт амьдрахаар Улаанбаатар хотод орж ирээд хамгаалагч хийж байгаад, 2006 оноос хамгаалагчын ажлаа болиод Хархорин зах дээр манай хамаатны эгч Мын гутал засварын газар ажиллаж байгаад 2007 оноос Хархорин захын жижиг павилонд гар утас засч эхэлсэн. Тэгээд гар утсаа засаж байгаад 2017 оны  01-р сард Баянзүрх дүүргийн Сансарын туннелийн Баянцээл худалдааны хойд талд гар утас засварын газрыг түрээслэн ажиллуулах болсон. Одоог хүртэл ажиллуулж байгаа. Бид 2 дундаасаа том охин Намуунаа, дунд хүү Бат-Эрдэнэ, Бага хүү Мөнх-Эрдэнэ гэдэг нэртэй 3 хүүхэдтэй. Миний нөхөр тайван дөлгөөн зантай, архи дарс тохируулан хэрэглэдэг, архи уусан үедээ агсан согтуу, тавьдаггүй, үр хүүхэддээ халамжтай, манай гэрийн амьдралыг авч явдаг хүн байгаа юм…” гэх мэдүүлэг /хх 58-60 х/,

 

2.2.Гэрч Б.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “… Би Г.Дын төрсөн эцэг нь байгаа юм. Миний хүү Г.Д нь 1981 оны 05 дугаар сарын 02-нд Дархан-Уул аймгийн Дархан хотод айлын бага хүү болон мэндэлсэн. Г.Д нь 1984 оноос Дархан хотын 5-р цэцэрлэгт хүмүүжиж байгаад 1989 онд Дархан   хотын 3-р сургуульд орон суралцаж байгаад 1997 онд 8-р ангиа төгссөн. Бүрэн дунд боловсрол эзэмшээд, 1997 оноос Дархан хотын мэргэжил сургалтын төвд элсэн орж суралцаад 1999 онд цахилгаанчин мэргэжлээр төгсөж тусгай дунд боловсрол эзэмшсэн. 1999 оноос хойш самар жимс зараад, модны ачигч хийж байгаад 2004 онд Д М гэх эмэгтэйтэй танилцаад гэр бүл болж Улаанбаатар хотод орж ирээд хамгаалагч хийж байсан. Тэгээд эхнэрийнхээ хамаатантай Хархорин зах дээр ажиллаж байгаад 2007 оноос Хархорин захын арын павилонд сууж гар утас засдаг болсон. 2017оны 01 сард Баянзүрх дүүргийн Сансарын туннелийн эсрэг талд утас засварын газрыг түрээслэн ажилуулах болсон. Дын ээж Отгон гэж хүн байсан ба 1991 онд өвчний улмаас нас барсан. Д нь Мтай гэр бүл болоод одоо 3 хүүхэдтэй. Миний хүү Д нь төлөв даруу зантай, дуу цөөтэй, ар гэртэй халамжтай, эцгийнхээ үгэнд ордог, хааяа архи уудаг, тамхи татдаг, урьд өмнө нь хэрэг төвөгт орооцолдож байгаагүй хүн байгаа юм.…гэх мэдүүлэг /хх 61-62 х/, 

 

2.3.Гэрч Г.Золбаярын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Би Г.Дын төрсөн эгч нь байгаа юм. Миний дүү Г.Д нь 1981 оны 05 сарын 02-нд Дархан-Уул аймгийн Дархан хотод айлын бага хүү болон мэндэлсэн. Г.Д нь 1981 оноос 1984 он хүртэл гэртээ хүмүүжиж байгаад 1984 оноос Дархан хотын 5-р цэцэрлэгт хүмүүжиж 1989 онд Дархан хотын 3-рсургуульд орж суралцаж байгаад 1997 онд 8-р ангиа төгссөн. Бүрэн дунд боловсрол эзэмшээд 1997 оноос Дархан хотын мэргэжил сургалтын төвд элсэн орж суралцаад 1999 онд цахилгаанчин мэргэжлээр төгсөж тусгай дунд боловсрол эзэмшсэн. 1999 оноос хойш самар жимс зараад модны ачигч хийж байгаад 2004 онд Д М гэх эмэгтэйтэй танилцаад гэр бүл болж Улаанбаатар хотод шилжин суурьшиж манай гэрт 2005 онд 02 сар орчим амьдраад хадмынхаа гэрт буюу цайз захын ойролцоо амьдарч эхэлсэн. Улаанбаатар хотод орж ирээд хамгаалагч хийж байгаад эхнэрийнхээ хамаатантай Хархорин зах дээр ажиллаж байгаад 2007 оноос гар утас засдаг болоод Хархорин захын арын павилонд сууж гар утас засдаг болсон. 2017 оны 01-р сард Баянзүрх дүүргийн сансарын туннелийн эсрэг талд гар утас засварын газрыг түрээслэн ажилуулах болсон. Д нь Мтай гэр бүл болоод одоо 3 хүүхэдтэй. Миний дүү Д нь даруу төлөв зантай, дуу цөөтэй, ар гэртэй халамжтай, ахмад хүний үгийг сонсдог үгэнд ордог, хааяа архи уудаг, тамхи татдаг, урьд нь нэг удаа зодооны хэрэгт орж байсан. Архи уусан үедээ агсан согтуу тавьдаггүй. Ямар нэгэн сэтгэл мэдрэлийн болон хууч өвчин байхгүй хүн байгаа юм. …” гэх мэдүүлэг /хх 67-68 х/, 

 

2.4.Гэрч Г.Мөнхжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “… Миний хүү Г.Д нь 1981 оны 05 сарын 02-нд Дархан-Уул аймгийн Дархан хотод мэндэлсэн. 2002 онд манай аав Г Сэлэнгэ аймгийн Мандал сумын Үнэгт өртөөнд байдаг байхад Д нь миний бага дүү Мтой найзалж байгаад 2004 оноос манай дүү Мтай үерхэж эхлээд 2006 онд гэр бүл болсон. 2004 оноос Д, М 2 манай гэрт хотод Сонгинохайрхан дүүргийн ... тоотод цуг амьдарч байгаад 2006 онд Цайз захын орчим гэр бариад тусдаа гарсан. 2006 оноос Д манай нөхөр бид 2-той гутал засвар дээр ажиллаж байгаад хэдэн сарын дараанаас гар утас засвараар сурмаар байна гээд 10-р хороололд курсд суугаад мэргэжлийн үнэмлэх авсан. Тэгээд 2007 оноос Хархорин зах дээр гар утас засварын лангуу хөлслөн ажиллуулж байгаа. Д нь Мтай гэр бүл болоод одоо 3 хүүхэдтэй. Миний найз Д нь төлөв даруу зантай, үнэнч шударга, амьдралын төлөө гэсэн зорилготой, хүнд хэлэх юмаа хэлчихдэг, ар гэртэй халамжтай, бусдад дарамт болдоггүй, амьдралаа аваад явдаг залуу юм. Д тамхи татдаг, согтуу явж байхыг нь би харж байгаагүй. Би Дыг их мөрөөрөө амьдралын төлөө залуу гэж үнэлдэг. …” гэх мэдүүлэг /1 хх 71-72, 2 хх 10-11 х/,

 

2.5.Г.Дын иргэний үнэмлэхийн лавлагаа /1 хх 185 х/,

2.6.Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх 189 х/,

 

            Гурав:Бусад.

3.1.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Бат-Эрдэнийн мөрдөн байцаатын шатанд өгсөн: “... Далантай овогтой Д гэдэг хүнийг танина. Миний төрсөн ах байгаа  юм. Надад энэ хэрэгт хохирогчоор тогтоогдоход татгалзах зүйл алга. Миний ах, эгч, ээж нар бүгд Архангай аймагт байгаа. Харин хотод цуг байгаа дүү Лхагвадорж бичиг үсэг сайн мэдэхгүй. Манай ээж бас бичиг үсэг муу мэддэг. Миний ах Д нь 1984 оны 11 дүгээр сарын 2-нд Архангай аймагт төрсөн, дээрээ 1 ах, 2 эгчтэй бас 2 дүүтэй. Манай аав Далантай 2003 онд өвчний улмаас нас барсан. Талийгаач Сонгинохайрхан дүүргийн 24-р хороо ... тоотод эхнэр О дагавар хүү М, Н, өөрийн төрсөн охин Н нарын хамт амьдардаг байсан юм. ...” гэх мэдүүлэг  /хх 40-41х/,

 

3.2.Прокурорын тогтоол /2 хх 76 х/  

 

3.3.Шинжээчийн 9184 тоот дүгнэлт

1.Д.Д, Л.О, О.Н нарын цусны ДНХ-ыг тогтоосон учир цусны бүлгийг тогтоох, харьцуулах шаардлагагүй гэж үзлээ.

2.ДНХ-ын шинжилгээний үр дүнгээс харахад хүний геномын микросателлит D3S1358, THO1, D21S11, D18S51, Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO, Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA локусын аллелиар Д.Д нь О.Нын биологийн эцэг байх боломжтой байна.

3. Д.Д нь О.Нын биологийн эцэг байх магадлал 99.99% байна.

4. ДНХ-ын шинжилгээний үр дүнгээс харахад хүний геномын микросателлит D3S158, THO1, D21S11, D18S51,  Penta E, D5S818, D13S317, D7S820, D16S539, CSF1PO, Penta D, vWA, D8S1179, TPOX, FGA локусын аллелиар Л.О нь О.Нын биологийн эх байх боломжтой байна.

5.Л.О нь О.Нын биологийн эх байх магадлал 99.99% байна. ...” гэсэн дүгнэлт /2 хх 91 х/

 

Дөрөв:Хохирлын мөнгө төлсөн баримтууд.

            4.1.Банкны төлбөрийн баримтууд /2 хх 54-63 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтуудын хүрээнд үнэлэлт дүгнэлт хийж хэргийг хянан  шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.     

 

Шүүгдэгчийн хэрэг гарсан нөхцөл байдлын талаар өгсөн мэдүүлэг нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.

 

Тав.Гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаарх шүүхийн дүгнэлт.

Шүүгдэгч Г.Д нь согтуурсан үедээ 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 21 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 19 дүгээр байрны урд талын автобусны буудлын хойд талд талийгаач Д.Дтай гар утасны асуудлаас болж муудалцан барилцаж аваад санаатай боосон үйлдлийн улмаас хохирогч тэнцвэрээ алдан хойшоо савахдаа толгойн хэсгээрээ хатуу гадаргуу дээр унаж гавал тархины хүнд гэмтэл авч, улмаар эмнэлэгт эмчлэгдэж байгаад нас барсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгч Г.Дын “... би Дг чи саяын утсаа форматалж байгаад үзүүлчихгүй яасан юм бэ? гэсэн чинь, тийм байсан юм бол өөрөө  форматалчихгүй яасан юм бэ гээд шууд л над руу салаавч гаргаад, май пизда минь 2 уулаа үзэхүү гээд над руу агсараад эхэлсэн. ... Д бид хоёр муудалцаад намайг заамдаад боохоор нь би зөрүүлээд энгэрээр нь заамдаад хувцасны захаар нь боосон чинь Д гараа тавихаар нь  би намайг тавьж байна гэж бодоод гараа мөн тавьсан чинь Д хойшоо ар дагзаараа явган хүний бетон зам дээр саваад уначихсан. ... ” гэх мэдүүлэг  /хх 11-12, 167-169, 171-172, 2 хх 14 х, шүүх хуралдааны тэмдэглэл/

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Отгонжаргалын ”… 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ... 22 цаг өнгөрч байхад манай нөхөр Д гэртээ ирэхэд баруун сарвуу хэсэгт нь бага зэрэг шалбарсан, өөр ямар нэгэн шарх сорвигүй байсан. Тэгээд орж ирээд миний толгой маш их өвдөж байна гэхээр нь би цай хийж өгсөн боловч уугаагүй, гутлаа тайлаад охиноо өвөр дээрээ суулгаад сууж байхаар нь би өвчин намдаах “диклодинк” гэдэг нэртэй эм өгсөн боловч өвчин нь намдахгүй байсан. Толгойных нь баруун талын судас гүрийгээд товойсон байдалтай, тархи дагзны баруун хойд хэсэгт нь 6-7 см урт ягаан зураас гарсан байсан. Тэгэхээр нь би шууд 103 дугаарт дуудлага дуудсан өгсөн. Түргэн иртэл хүлээж байх хооронд манай нөхөр Д надад “намайг ийм болгосон хүн бол Д гэдэг хүн байгаа шүү, янз бүрийн юм болох юм бол энэ нэрийг сайн тогтоож аваад цагдаа нарт хэлээрэй, миний толгой яг задрах нь” гэсэн. ...” гэх мэдүүлэг  /хх 43-45, 46-47, 2 хх 51, 83 х/,

 

Гэрч С.Зоригтын “...2017 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 21 цагийн орчим би Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 19-н автобусны буудал орчим ТҮЦ-нд тавьсан тарагаа авахаар ирээд, тарагаа аваад гарч явахад миний танил Д, Д нар 19-р байрны аркын хажууд зогсож байхаар нь очиж уулзахад, тэр 2 маргалдаад байсан. Тэгээд би таньдаг хүмүүс байж боль гээд салгасан. Тэгээд би баруун зүг рүү алхахад миний араас 20 орчим метрийн ард Д, Д 2 явж байсан. 19-ын автобусны буудлын 2 ТҮЦ-ны ард Д, Д 2 дахиж муудалцаад заамдалцаад авсан. Тэгэхээр нь би эргэж очоод дахиад салгаад би шорлог зардаг хүмүүс дээр очоод зогсож байхад “тас” гэх чимээ гарахаар нь ТҮЦ-ийн ард яваад очиход Д газар дээшээ хараад уначихсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх 50-52, 56-57, 75-76, 2 хх 85 х/

 

Гэрч С.Ойдовын “…2017 оны 02 сарын 17-ны өдөр ... Тэгээд зогсож байхад Г ах гүйгээд яваад өгөхөөр нь харахад Д ах 19-ын автобусны буудлын 2 ТҮЦ-ийн харалдаа хойд талд нь газар уначихсан байсан. Тэгээд Ганзо ах очоод хацарт нь гараараа хүрээд сэрээж байсан. Тэгээд Д босч ирээд гэнэт гуйваад далбилзаад эхэлсэн, тэгээд бид нарыг чиглээд алхсан. Энэ үед Д шорлогны хажууд ирэхээр нь би Д ах яасан гэж асуухад Д ах “Боогоод унагачихлаа бандийг, намайг яагаад Хархорин дээр атаман хийгээд байгаа юм бэ? гээд ам руу салаавч хийдэг байна ш дээ, найз бол найз шиг байгаарай гээд ганц боосон чинь уначихлаа” гэсэн ...” гэх мэдүүлэг /хх 53-55 х /

 

Гэрч Ц.Ууганжаргалын “…Намайг явж байхад Д, Д ах 2 тэр утаснаас болоод маргалдаад үлдсэн. Тэгэхэд Ганзо ах зөрөөд тэр 2 дээр очоод салгасан боловч Д ахын араас Д ах ирэхэд нь Д ах Дд “чи найз юм бол найз шиг байгаарай найз биш юм бол Хархорин дээр битгий надад томроод байгаарай” гэж хэлсэн. Тэгэхэд Д ах “юу гэнээ” гээд заамдах гэхэд нь Д ах за тэгвэл “ийшлэе” гээд 19-р байрны урд талын автобусны буудал дээр байдаг 2 ТҮЦ-ийн ард очоод Д, Д ах 2 заамдалцаад нэгнийгээ боосон. Тэгэхэд Д ах Д ахыг боож түлхээд холдуулахад Д ах газар уначихсан. Тэгэхэд би ТҮЦ-ийн хажуу талд зогсоод харж байсан. Д ахыг газар унангуут Ганзо ах гүйж очоод босгосон.  …” гэх мэдүүлэг /хх 78-79, 2 хх 8 х/,

 

Гэрч Б.Гийн “… Би шорлогоо зараад зогсож байхад миний танил бас тэр хавиар гар утас авч зардаг Г гэх залуу ирээд надтай юм яриад бид 2 тоглоод зогсож байхад Г “хүүе энэ 2 чинь юу болоод багаа юм бэ?” гээд яваад өгөхөөр нь би араас нь харахад 19-ын автобусны буудлын 2 ТҮЦ-ийн ард явган хүний зам дээр 1 нь газар уначихсан хэвтэж байсан, нэг нь зогсож байсан. Яг хэн нь газар унасан байсныг гадаа харанхуй байсан болохоор би харж чадаагүй. Би шорлогоо зарж байсан болохоор хөдлөөгүй тэндээ зогсож байсан. Тэгээд удалгүй Г над дээр “Д Дг түлхсэн чинь уначихсан байна” гэж хэлсэн. …” гэх мэдүүлэг /хх 82-83, 2 хх 12 х/,

 

Насанд хүрээгүй гэрч Б.Нандинтүшигийн “… Манай хойд аав Д гэртээ 2017 оны 02 сарын 17-ны өдөр 22 цаг нилээн өнгөрөөд 23 цаг дөхүүлээд гэртээ ирсэн, цаг яг хэд болж байсныг би мэдэхгүй байна. Гаднаас орж ирэхдээ толгойныхоо баруун хойд хэсгээ гараараа барьчихсан, толгой өвдөөд байна гэж байсан. Манай хойд аав “Миний толгой өвдөөд байна намайг ийм болгосон хүн Д гэж хүн байгаа шүү иймээ тиймээ юм болвол энэ хүн шүү, та нар нэрийг нь мэдээд аваарай” гэж хэлсэн. …гэх мэдүүлэг /хх 69-70 х/,

 

Мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, фото зургууд /1 хх 30-34, 36, 37 х/,

 

Шинжээчийн 3012 тоот дүгнэлт:

1.Д.Дгийн биед баруун чамархайн сууриас дээш зулай руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун чамархайн булчингийн няцрал, хатуу хальсан дээрх их хэмжээний цус хуралт, тархи дарагдал, баруун зулайн оройн хэсгийн тархины эдийн няцрал, субарахнойдаль зайнуудын зөөлөн бүрхүүл доорх цус харвалт бүхий гэмтэл тогтоогдлоо.   

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2 болон 3.1.3-д зааснаар учирах үедээ  амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна .

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. ...” гэсэн дүгнэлт /хх 94-95 х/,

 

Шинжээчийн 1378 тоот дүгнэлт:

1.Шинжилгээнд ирүүлсэн хар хөх өнгийн гадуур хүрмэнд 40 мм татах чангаах хүчний үйлчлэлийн улмаас гарсан шинэ урагдалт гарсан.

 -Хар хөх өнгийн ноосон цамцанд 30x35 мм хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гарсан шинэ гогдолт гарсан байна.

 2.Бусад хувцаснууд урагдалгүй....” гэсэн дүгнэлт /хх 131 х/,

 

Шинжээчийн 484 тоот дүгнэлт:

1.Талийгаач Д.Дгийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр дээрх оношид дурьдагдсан гэмтлүүд тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Дээрх гэмтлүүд нь 1 цаг хугацаанд үүсгэгдсэн гэмтлүүд байна.

4.Талийгаач нь гавал тархи гэмтлийн улмаас нас баржээ.

5.Талийгаач Д.Д нь АВО системээр Оαβ (I) бүлгийн харьяалалтай байжээ.

6.Талийгаач Д.Д нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй....” гэсэн дүгнэлт /хх 141-142 х/,

 

Гэрч А.Буяндэлгэр /хх 84-85 х/, Ц.Оюунчимэг /хх 86-87 х/, О.Бямбаа /хх 88-89 х/, А.Чинцэцэг /хх 90 х/ нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.

 

 Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Номин-Эрдэнэ болгоомжгүй үйлдлийн улмаас уг гэмт хэрэг үйлдэгдсэн тул зүйлчлэлийг хөнгөрүүлэх, иргэдийн төлөөлөгч шүүгдэгчийн санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас хохирогчид гэмтэл учирч нас барсан байна гэх тайлбаруудыг гаргасан бөгөөд хэрэг гарсан нөхцөл байдал, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаас дүгнэлт хийхэд шүүгдэгч Г.Д нь хохирогч Д.Дтай гар утасны асуудлаас болж маргалдан улмаар заамдалцаж аваад харилцан бие биенээ боох үйлдэл хийсний улмаас хохирогч нь тэнцвэр алдан толгойн хэсгээрээ цементэн гадаргуу дээр савж унахдаа гавал тархины хүнд гэмтэл авч, эмнэлэгт 7 хоног эмчилгээ хийгдээд нас барсан үйл баримтууд тогтоогдсон, амь хохирогчид учирсан амь насанд нь аюултай хүнд гэмтэл нь шүүгдэгчийн зүгээс түүний өмсөж явсан хувцсаар боох үйлдэл хийгээд тавихад тэнцвэрээ алдаж  хойшоо цементэн гадаргуу дээр унасны улмаас уг гэмтлийг авсан болох нь тогтоогдсон,

шүүгдэгч Г.Дын “... Д бид хоёр муудалцаад намайг заамдаад боохоор нь ... би бас куртикны захнаас нь барьж заамдаж байгаад гарыг нь тавиулах гээд зүүн гараараа гарыг нь дугтраад тавихгүй болохоор нь боолт орчихлоо тавь гэхэд Д гараа тавихад нь би заамдсан гараа тавихдаа өөрөөсөө холдуулаад түлхсэн. Тэгээд Д хойшоогоо саваад унасан.  ...”, гэрч С.Ойдовын “… Д шорлогны хажууд ирэхээр нь би Д ах яасан гэж асуухад Д ах “Боогоод унагачихлаа бандийг, намайг яагаад Хархорин дээр атаман хийгээд байгаа юм бэ? гээд ам руу салаавч хийдэг байна ш дээ, найз бол найз шиг байгаарай гээд ганц боосон чинь уначихлаа ...” /хх 53-55 х/ гэсэн мэдүүлгүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан яллах талын бусад нотлох баримтуудаар шүүгдэгч өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэний улмаас хүнийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулахад зориуд хүргэсэн санаатай үйлдэл гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч Г.Дын хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн улмаас хохирогч нас барсныг хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж болгож хуульчилсан тул прокуророос Г.Дын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн.

 

Хохирлын талаар:

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс эмчилгээний зардлын болон оршуулгын зардалтай холбоотой баримтууд гаргаж ирүүлээгүй, шүүгдэгчийн зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарт нийт 6,000,000 төгрөгийг төлсөн болох нь 2 дугаар хавтаст хэргийн 54-63 дугаар хуудсанд авагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдсон, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Оын зүгээс төлсөн хохирлын үнийн дүн дээр маргаагүй, харин түүний зүгээс талийгаачийн бага насны хүүхдэд тэтгэмж тогтоож өгнө үү? гэсэн хүсэлт гаргасныг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй гэж шүүх үзсэн. Учир нь талийгаач болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хоёр гэр бүлээ батлуулаагүй байсан, хүүхэд нь эхээрээ овоглогдсон, харьяа халамжийн байгууллагаас тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгоогүй тул дээрх асуудлуудыг холбогдох газруудад нь хандаж шийдвэрлүүлсний дараа уг асуудлыг иргэний хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзсэн.

            Шүүгдэгчийн зүгээс өөрийн сайн дураар 6 сая төгрөгийн төлбөр төлсөн хэдий ч, уг гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийн асуудал шийдвэрлэгдээгүй байгаа тул хохирол бүрэн төлөгдсөн гэж үзэх боломжгүй.

            Харин энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нь баримтаар төлөх төлбөргүй болно.

 

            Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар:

            Г.Дын үйлдэлд эрүүгийн хуульд заасан түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдоогүй болно.

            Ял шийтгэлийн талаар:

            Г.Дт өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж өгнө үү? гэснийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзсэн. Учир нь уг гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон, хүүхдийн тэжээгчээ алдсны тэтгэмжийн асуудал шийдвэрлэгдээгүй байгаа тул хохирол бүрэн төлөгдсөн гэж үзэх боломжгүй.

            Г.Дын үйлдэлд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн.

           

            Цагдан хоригдсон хугацааны талаар:

            Г.Д нь 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрөөс хойшлуулшгүйгээр баривчлагдснаас хойш 07 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 173-183, 2 дугаар хавтаст хэргийн 13, 22, 99 дүгээр хуудаснуудад авагдсан тогтоол, захирамжуудаар тогтоогдож байгаа тул 02.21-07.25 хүртэл цагдан хоригдсон 160 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсон болно.

                        Бусад асуудлын талаар:

                        Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Ч овогт  Гын Дыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Г.Дыг 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

  3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Г.Дын эдлэх 6 /зургаан/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

  4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар Г.Дын урьдчилан цагдан хоригдсон 160 хоногийг түүний эдлэх ялын хугацаанд оруулан тооцсугай.

5.Г.Дын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хохиролд 6,000,000 төгрөг төлөгдсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэм учруулсны төлбөр гаргуулахтай холбоотой нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Г.Дт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч түүний эдлэх ялыг 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ

 

            ШҮҮГЧИД                               Г.МӨНХЗУЛ

                   

                                                         Л.БААТАР