Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2022/ДШМ/869

 

           

 

 

                                                                

 

Б.Ц т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Буянхишиг,

шүүгдэгч Б.Ц ын өмгөөлөгч Ц.Бат-Өлзий,  

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Мөнхсайхан даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ШЗ/1682 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ш.Сувд-Эрдэнийн бичсэн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 38 дугаартай эсэргүүцлээр Б.Ц т холбогдох 2009008130438 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 8 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Б   Ц, ……… оны ……..дугаар сарын ………-ны өдөр ……………. төрсөн, …….настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөгжимчин мэргэжилтэй, …………………….., ам бүл ………., ………… дүүргийн …………дүгээр хороо, ……………. тоотод оршин суух,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2011 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 98 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгэж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

Шүүгдэгч Б.Ц  нь 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Супер” нэртэй ломбардад орж үйлчлүүлэхдээ тус байгууллагын Хаан банкны 5027867976 дугаартай дансны нууц үгийг мэдэж, улмаар тус данснаас 10.400.000 төгрөг авсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Ц ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна гэж дүгнээд дараахь үндэслэлээр хэргийг буцааж шийдвэрлэв. Үүнд:

1. Шүүгдэгч Б.Ц ыг 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн өглөө хаанаас, хэнийхээс гарч явсан, хаагуур явсан, аль АТМ /автомат төгрөгийн машин/-аас 5.000.000 төгрөгийн гүйлгээг авсан, /өөрийнх нь мэдүүлж байгаа Улаанбаатар их дэлгүүрийн АТМ мөн эсэх/ тэр замд хохирогч С.Д ийн ажиллуулдаг гэх ломбард бий эсэх зэрэг шүүгдэгч Б.Ц ын тухайн өдөр явсан маршрутыг сэргээн тогтоолгох шаардлагатай байна. Ингэснээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “гэмт хэрэг гарсан байдал”, “гэмт хэргийг хэн үйлдсэн” гэдгийг эргэлзээгүйгээр олж тогтоох нь чухал.

2. Хаан банкны 5027867976 тоот дансны эзэмшигч Б.Мөнхтэгш 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр нууц үг, кодыг сольсон эсэх, нууц үг, нэвтрэх нэрийг эзэмшигчээс өөр хэн нэг этгээд гар утсаараа болон бусад төхөөрөмжөөс нэвтрэн орж ашиглах боломжтой эсэх, боломжтой бол хэний ямар төхөөрөмжөөс орсон болохыг холбогдох байгууллагаас асууж тодруулах шаардлагатай.

3. Шүүгдэгч Б.Ц хоёр ч зочид буудлаар үйлчлүүлсэн талаар мэдүүлдэг бөгөөд хавтаст хэрэгт Жавхлантөгсийн Сувд гэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа авагджээ. Тухайн лавлагаан дээр “Washington” зочид буудлын ресейпшн ажилтай гэх мэдээллийг справка болгон тэмдэглэсэн болохоос биш гэрчээр огт асуугаагүй байна. /Ж.Сувд гэгчийн Хаан банкны 5094089018 тоот данс руу Б.Мөнхтэгшийн данснаас 2506000 төгрөгийн гүйлгээ төлбөр нэртэйгээр оржээ/ Иймд Ж.Сувд гэгчээс 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хэн гэгч хүн өөрийнх нь данс руу ямар учиртай мөнгө хийсэн, хэрэв зочид буудалд нь буусан бол энэ талаарх баримт, бүртгэл бий эсэх, таньж олуулах ажиллагаа хийлгэх, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбогдуулан захирамжид дурдагдаагүй, хэрэгт ач холбогдол бүхий ажиллагаануудыг хийлгэснээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой юм.

Тиймээс хэрэгт дээрх ажиллагааг хийлгэхээр эрүүгийн 2009008130438 дугаартай хэргийг Нийслэлийн Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцаах үндэслэлтэй байна гээд хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Сүхбаатар дүүргийн прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Б.Ц т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Ш.Сувд-Эрдэнэ бичсэн эсэргүүцэлдээ: “Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, шүүхийн шийдвэр нь үндэслэлгүй, хэргийн бодит нөхцөл байдалтай нийцээгүй гэж үзэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүхээс яллагдагч Б.Ц т холбогдох хэргийг прокуророос хүлээн авч урьдчилсан хэлэлцүүлэг явуулалгүйгээр шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхээр яллагдагчийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн атлаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон шүүх хуралдаанаас хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан, түүнчлэн шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлд заасан нотлох баримтыг шалгах, үнэлэх хуулийн заалтад нийцээгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Учир нь, шүүгдэгч Б.Ц ын үйлдсэн гэмт хэрэг нь хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд болон анхан шатны шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан, шүүх хуралдаанд хохирогч, шүүгдэгч нарын өгсөн мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдсон. Хэрэгт авагдсан баримтуудыг шүүхээс тал бүрээс нь нягт нямбай бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзээгүй, нотлох баримтуудыг шүүгдэгчийн өгч буй мэдүүлэгтэй харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлалгүйгээр хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан гэж үзэж байна.

Гэмт хэрэг гарснаас хойш 2 жил 5 сарын хугацаа өнгөрсөн ба шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийхэд цаг хугацаа болон техник технологийн хувьд Б.Ц ын маршрутыг шалгах, бусдын интернэт банк руу хэзээ, хаанаас, ямар төхөөрөмж ашиглаж орсон зэргийг шалгах боломжгүй болсон тул захирамжид заасан ажиллагааг хийж, хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримт цуглуулах боломжгүй байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ШЗ/1682 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.

Шүүгдэгч Б.Ц ын өмгөөлөгч Ц.Бат-Өлзий тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Энэ хэрэгт хангалттай нотлох баримт авагдаагүй. Тухайн мөнгийг хэнээс, ямар учраас, яаж авсан гэдэг талаар хангалттай нотлох баримт хэрэгт байхгүй. Хаан банкны ажилтан, мэдээлэл технологийн ажилтан нарын дундаас шинжээч томилж оролцуулах хэрэгтэй гэж үзэж байна. Энэ хэргийг хулгайн гэмт хэрэг гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй. Шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор Ц.Буянхишиг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэж байна. Учир нь, шүүгдэгч Б.Цэнгэлбаярын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Хохирогч С.Д  болон камерын бичлэгийг үзэж мэдүүлсэн хүмүүсийн мэдүүлгээр Б.Ц  нь тухайн байгууллагаар үйлчлүүлсэн болох нь тогтоогддог. Тодруулбал, уг байгууллагын хоёр ажилтан хоорондоо дансны мэдээллийг солилцож байсан ба солилцож байх явцад дансны нууц код, мэдээлэл зэргийг Б.Ц  мэдэж аваад хууль бусаар мөнгийг өөрийн дансандаа шилжүүлэн авч зарцуулсан байдаг. Мөн гэрч Сарантуяагийн мэдүүлэгт “тухайн өдөр шүүгдэгч Б.Ц  гутал сонирхож байгаад 150.000 төгрөгөөр худалдаж авсан” гэсэн байдаг. Таньж олуулах ажиллагаагаар Сарантуяа нь Б.Ц ыг заагаад “Энэ хүн гутал худалдаж авсан хүн мөн байна” гэсэн байдаг. Шүүгдэгч Б.Ц ын дансны хуулгаар 10.000.000 төгрөг шилжүүлж авсан гэдэг нь тогтоогддог. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Шүүгдэгч Б.Ц т холбогдох хэргийг анхан шатны шүүхээс “гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн зэрэг нотолбол зохих байдлуудыг шалгаагүй” буюу шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэл бүхий болжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотлох асуудлуудыг заасан бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэнээс хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад хэргийн үйл баримтыг тогтоох үндэслэл болсон нотлох баримтууд нь эргэлзээтэй нөхцөл байдал үүсгэсэн, мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдээгүйгээс тодорхой асуудлуудад хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй нөхцөл байдал үүсвэл хэргийг прокурорт буцаадаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт орсноор гэм буруугийн шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаах заалт хүчингүй болсон байх боловч шүүгдэгч Б.Ц т холбогдох хэргийг анхан шатны шүүхээр 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр хэлэлцэхэд хэргийг прокурорт буцаах хэм хэмжээ хүчин төгөлдөр үйлчилж байсан бөгөөд анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцсэн нотлох баримт, талуудын мэтгэлцээний байр суурь, үндэслэлээс үүдэн хэргийг прокурорт буцаасныг хууль зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд, анхан шатны шүүхээс хэргийг прокурорт буцаасан үндэслэлүүдийн хүрээнд мөрдөн шалгах ажиллагаа хийвэл зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал” гэж,

мөн хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т “яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт” гэж тус тус заажээ.

Харин яллах дүгнэлтэд хэргийн үйл баримтыг “Шүүгдэгч Б.Ц  нь 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Супер” нэртэй ломбардад орж үйлчлүүлэхдээ тус байгууллагын Хаан банкны 5027867976 дугаартай дансны нууц үгийг мэдэж, улмаар тус данснаас 10.400.000 төгрөг авсан гэмт хэрэг” үйлдсэн байдлаар тусгажээ.

Дээрх хэргийн үйл баримтаас үзэхэд, аль банк, санхүүгийн байгууллагаас, эсхүл ямар банкны АТМ-ээс хэдэн удаагийн үйлдлээр, санхүүгийн гүйлгээний ямар аргаар хэрхэн авсан нь тодорхой биш байна. Иймд энэ нөхцөл байдлыг тодруулж яллах дүгнэлтэд тодорхой заах нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл, Хаан банкны 5027867976 дугаартай дансны нууц үгийг мэдэж, улмаар уг мэдээллээ хэрхэн ашиглаж, хэдэн удаагийн үйлдлээр 10.400.000 төгрөг авсан болохыг нэг бүрчлэн эргэлзээгүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж,

мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заасантай нийцнэ.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, “шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах” талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ШЗ/1682 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Ш.Сувд-Эрдэнийн бичсэн 2022 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 38 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.БАТСАЙХАН

 

ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН

 

                        ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР