Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 75

 

Х- Б- ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2020/00512/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Г.Давааренчин, Л.Амарсанаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  05 дугаар сарын 28-ны өдрийн 610 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Х- Б- ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч М.М-,

                  Б.Г- нарт холбогдох

"98.468.948,71 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М-, хариуцагч Б.Г- нарын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

           2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Г-, Д.Н-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Х- Б-ны Дархан салбарын захирал С.Э-, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Д-, М.Г- нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Зээлдэгч М.М-, Б.Г- нар нь Х- Б-анд ажиллаж байсан ба ажиллаж байх хугацаандаа Х- Б-ны Дархан салбараас 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр ЗГ/201642592442 тоот ажилчдын хөнгөлөлттэй орон сууцны зээлийн гэрээ, БГ/201642592442 тоот барьцааны гэрээ, БГ201642592442-1 тоот хөдлөх барьцааны гэрээ байгуулан 108.000.000 төгрөгийг 180 сарын хугацаатай, жилийн 6%-н хүүтэй ажилчдын хөнгөлөлттэй нөхцөл бүхий орон сууцны зээл гаргуулж авсан бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр М.М- ажлаасаа гарсан учраас энэ зээлийг энгийн орон сууцны зээлд шилжүүлж  201642592442-1.2  тоот  зээлийн  гэрээнд  нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулан хүүг жилийн 21,6%-ийн хүүтэй Хавсралт 2-ын дагуу зээлээ эргэн төлөх нөхцөлөөр гэрээ байгуулсан. Зээлийн барьцаанд Дархан-Уул аймаг Дархан сумын 14 дүгээр баг 2 дугаар хороолол Бурхант 11 дүгээр гудамж 10в тоот амины сууц, Дархан сум 14 дүгээр баг 2 дугаар хороолол 000556426 дугаартай эзэмших эрхтэй газар, хөргөгч, солонгос, зурагт, угаалгын машин зэрэг хөрөнгийг барьцаалсан гэрээ байгуулсан. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу нийт үндсэн зээлээс 19.071.824,42 төгрөг, хүүгийн төлбөрт 20.976.115 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 602,96 төгрөг, нийт 40.048.542,69 төгрөгийг банканд төлсөн байгаа. Зээлдэгч зээлийн гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, банк зээлдэгчээс зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрөө төлөөгүй 128 хоног хугацаа хэтэрсэн учраас зээлдэгч нь зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.5 дахь хэсэгт заасан заалтыг баримталж 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн  байдлаар тасалбар болгож үндсэн зээл 88.928.175,58 төгрөг, хүүгийн төлбөр 9.539.327,76 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1445.37 төгрөг нийт 98.485.948,71 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Зээлийн гэрээний үүргийг зээлдэгч мөнгөн дүнгээр сайн дураар төлж барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох Дархан-Уул аймаг Дархан сумын 14 дүгээр баг 2 дугаар хороолол Бурхант 11 дүгээр гудамж 10в тоот амины сууц, Дархан сум 14 дүгээр баг 2 дугаар хороолол 000556426 дугаартай эзэмших эрхтэй газар, хөргөгч солонгос, зурагт, угаалгын машин зэрэг хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус гаргаж байна. Иймд зээлдэгч нараас нэхэмжлэлд дурдсан зээлийн гэрээний үүрэг болон нотариатын төлбөрт 98.485.948,71 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Г- шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Банкны зээлийг хугацаанд нь төлж чадаагүй учир нь миний биеийн эрүүл мэндийн байдал тааруу эмчилгээ хийлгэж байсан зэрэг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас зээлийг хуваарийн дагуу төлж чадаагүй юм. Бид банканд 40.048.542,69 төгрөгийг төлсөн. Би банканд хандаж хүсэлт тавьж хуваарийн дагуу зээлийг төлж чадахгүй боллоо, иймд намайг төлбөрийн чадваргүй болсон байдлыг анхааран үзэж гэрээг цуцалж өгнө үү гэж учир байдлаа хэлж байсан. Гэтэл банк миний төлбөрийн чадваргүй болсон байдлыг ойлгож мэдсэн боловч гэрээг цуцлахгүй үргэлжлүүлж 1 жил гаруй хугацааны дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж, их хэмжээний зээлийн хүү тооцож байгаад гомдолтой байна. Миний хувьд гэр бүлийнхээ хамт банкны зээлийг төлөх гэж их хичээж байсан боловч эрүүл мэндийн байдлаас болж хуваарийн дагуу төлж чадахааргүй болсон. Энэ нөхцөл байдлуудыг харгалзан үзэж зээлийн хүүгийн төлбөр 9.539.327.76 төгрөгөөс чөлөөлж өгнө үү гэж хүсэлт тайлбар гаргаж байна. Бид үлдсэн зээлийн төлбөр 88.928.175,58 төгрөгийг төлөх болно гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэжээ.

Хариуцагч М.М-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М- нар нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тус хуралдаанд хариуцагч М.М-ыг төлөөлж оролцож байна. М.М- 2016 онд Х- Б-тай орон сууцны зээлийн гэрээ байгуулж жилийн 6 хувийн хүүтэй 108.000.000 төгрөгийг 180 сарын хугацаатай зээлсэн байдаг. Зээлийг гэрээнд заасан хугацаанд сар бүр 911.000 төгрөг төлж байсан. 2019 оны 04-р сарын байдлаар үндсэн зээлд 15.335.910 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 15.594.705 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 602,96 төгрөг нийт 40.048.542,69 төгрөгийг банканд төлсөн. Хариуцагч М.М- анх Х- Б-анд 2006 оны 01-р сараас ажилд орж ахлах теллерийн ажлыг 10 гаруй жил хийж байгаад 2017 оны 03-р сар хүртэл ажиллаж байгаад нөхөр Б.Г-ийн хамт орон сууцны зээл авсан байдаг. М.М- эрүүл мэндийн шалтгааны улмаас удаан хугацаагаар эмчилгээ хийлгэх шаардлага гарч 2017 оны 03-р сарын 20-ны өдрөөс эхлэн 2 жилийн хугацаатай чөлөө авсан. Энэ тухай баримтыг хэрэгт өгсөн. Чөлөөний хугацаа дуусаж үргэлжлүүлэн сунгах боломжгүй болсон тул өөрийн хүсэлтээр 2019 оны 03-р сарын 25-ны өдрөөс ажлаасаа гарсан. Б.Г- мөн Х- Б-анд ажиллаж байсан. 2006 онд орж, 2012 оны 08-р сард тархиндаа цус харваж, хөдөлмөрийн чадвараа 80 хувь алдаж, ажил хийх чадваргүй болж, групп тогтоолгож, ажил хийх боломжгүй болсон. Б.Г-, М.М- нар хоёр хүүхэдтэй. Охин Г.У- 10 настай 4-р ангид сурдаг, хүү Г.А- 8 настай 2-р ангид сурдаг. Эрүүл мэндийн шалтгааны улмаас зээлийн асуудал яригдаж эхэлсэн. Үүнтэй холбоотой орон сууцны төлбөр төлөгдөхгүй, хугацаа хэтрэх тохиолдолд их гарч байсан. Бид боломжоороо зээлээ төлж байсан. Үүнийг Х- Б-ны ажилтнууд ч мэднэ. Зээлээ төлөх боломжгүй байгаагаа удаа дараа мэдэгдэж байсан. Ажлаас гарсантай холбогдуулаад хөнгөлөлттэй зээл нь үгүй болж гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай гэж Х- Б-наас шаардлага тавьж, гэрээ байгуулсан. Зээл 21,6 хувийн хүүтэй болсон.  Сард 911,000 төгрөг төлдөг байсан хүмүүс сард 1.783.000 төгрөг төлдөг болсон. Х- Б-ны 6 хувийн хүүгээ чадан ядан төлж байтал зээлийн гэрээнд өөрчлөлт орж нэмэгдсэнээр маш хүнд байдалд орсон. Төлж чадахгүй байгааг мэдсээр байж 2019 оны 09-р сараас зээлийн хүүгээ нэмсэн. Эхний сарын төлбөрийг чадан ядан төлөөд дараагийн сараас төлж чадаагүй. Үүнээс үзэхэд энэ гэрээ цаашид үргэлжлэх боломжгүй гэдэг нь харагдаж байгаа. Хүү нэмэгдсэнээс хойш зээлийн хүү 9 сая гаруй төгрөг болсон. Зээл төлөгдөх боломжгүй болсон үеэс зээлийг хүүг зогсох ёстой байсан гэж үзэж байгаа гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  05 дугаар сарын 28-ны өдрийн 610 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2, 227 дугаар зүйлийн 227.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Х- Б-ны Дархан салбар, хариуцагч М.М-, Б.Г- нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч М.М-, Б.Г- нараас 98 485 948,71 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Х- Б-ны Дархан салбарт олгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нь төлбөрийг сайн дураар эс төлбөл барьцаа үл хөдлөх эд хөрөнгө болох Дархан сумын 14-р баг, 2-р хороолол, 11 гудамж, 10В тоот эзэмшлийн 189 мкв хувийн сууцны газар, 141,04 мкв талбайтай, хувийн сууцыг албадан дуудлага худалдаагаар зарж борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60,1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 720 580 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 720 580 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Г-, хариуцагч М.М-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М- нар давж заалдсан гомдолдоо:

            Эрүүл мэндийн шалтгааны улмаас зээл төлөхөд хүндрэл гарсан байхад банк үүнийг мэдсээр байж зээлийн хүүг нэмэгдүүлсэн нь зөвхөн банканд ашигтай гэрээ болсон. Зээлийн төлбөрийг хугацаандаа төлж чадахгүй болсон үеэс буюу 2019 оны 11 дүгээр сараас Х- Б- зээлийн хүү зогсоож гэрээг цуцлах ёстой байсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын зээлийн хүү / зээл төлж чадахгүй болсноос хойш тооцогдсон хүү/ болох 9.539.327,6 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрээс дээрх мөнгийг хасаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.     

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Х- Б-ны Дархан салбар хариуцагч М.М-, Б.Г- нарт холбогдуулж зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, үндсэн зээлийн төлбөр 88.928.175,58 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 9.539.327,76 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 1.445,37 төгрөг, нотариатын төлбөр 17.000 төгрөг нийт 98.485.948,71 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг зөвшөөрч, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, нэхэмжлэгч нь хариуцагчид үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардаж байсан, мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээнээс татгалзаж, учирсан хохирлоо шаардах эрхтэй, хариуцагч нар нь гэрээгээр хүлээсэн болон хуульд зааснаар зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж дүгнээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангахыг холбогдох байгууллагад даалгаж шийдвэрлэсэн байна.

Давж заалдах шатны шүүх хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлоор хэргийг хүлээн авч хянаад дараах дүгнэлтийг хийлээ.

Хэрэгт авагдсан баримтаар

Талууд 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 108.000.000 төгрөгийг 180 сарын хугацаатай, жилийн 6 хувийн хүүтэй байгуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр барьцааны гэрээ байгуулж, Дархан сумын 14 дүгээр баг, 2 дугаар хороолол, 11 дүгээр гудамж, 10В тоотын 189 м/кв талбайтай эзэмшлийн газар, 141 м/кв талбайтай хувийн сууцыг барьцаалсан байна.

Дараа нь талууд 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, зээлийн жилийн хүүг 21,6 хувь болгож, эргэн төлөлтийн хуваарьт өөрчлөлт оруулжээ.

Анх зээл авах үед хариуцагч нар нь Х- Б-ны Дархан салбарт ажиллаж байсан бөгөөд банкны ажилчдад зориулсан хөнгөлөлттэй нөхцлөөр орон сууцны зээлд хамрагдсан байх бөгөөд 2018, 2019 онуудад хариуцагч нарын банктай байгуулсан Хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан байна.

Талуудын хооронд хийгдсэн зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1.1-д “Зээл олголт эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчсөн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бол” банкны санаачилгаар гэрээг цуцлахаар тохиролцсон бөгөөд  Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д” Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж зааснаар банк зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцлах эрхтэй байна.

Нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй бөгөөд мөн хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй “ гэж, зээлийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.4.4-т “Ажилтны хөнгөлөлттэй нөхцөлтэй орон сууцны зээлийг олгох үед банкинд мөрдөгдөж байсан энгийн харилцагчийн орон сууцны зээлийн хүү 22.2 хувь байв. Жилийг 365 хоногоор төлөөлүүлэн тооцно”, 2.1.5-д “нэмэгдүүлсэн хүү зээлийн хүүгийн 20 хувь байна. Нэмэгдүүлсэн хүүг зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөгдөөгүй үндсэн зээлийн дүнгээс тооцно” гэж тус тус зааснаар  хариуцагч нар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч нар  зээлийн төлбөрөө хугацаанд нь төлж чадахгүй болсон тухайгаа банкинд мэдэгдэж, зээлийн гэрээг цуцалж, хүүг зогсоохыг удаа мэдэгдэж байсан гэдэг боловч энэ талаар өөрөө нотлоогүй, хэрэгт тэр тухай баримт авагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч нар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх” гэж заасан үүргээ биелүүлээгүй байна.

Анхан шатны шүүх зээлийн болон барьцааны гэрээний талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэргийг зөв шийдвэрлэсэн байх тул хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зээлээ төлж чадахгүй болсон үе буюу 2019 оны 11 дүгээр сараас хойш  тооцогдсон хүү 9.539.327,06 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  05 дугаар сарын 28-ны өдрийн 610 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч нараас давж заалдсан гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167.580 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7-д зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

                                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 М.МӨНХДАВАА

                                                          ШҮҮГЧИД                                  Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                            Л.АМАРСАНАА