Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баттулгын Одонтуяа |
Хэргийн индекс | 109/2024/0022/З |
Дугаар | 109/ШШ2024/0012 |
Огноо | 2024-04-25 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 109/ШШ2024/0012
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Б.М
Хариуцагч: Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох “Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгож, Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах, Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн “Д.С г нийгмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтнээр томилох тухай” Б/26 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин 14.276.128 (арван дөрвөн сая хоёр зуун далан зургаан мянга нэг зуун хорин найман мянга) төгрөгийг гаргуулах” шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.М , хариуцагч Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Н, хариуцагчийн өмгөөлөгч В.У, гуравдагч этгээд Д.С, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Иргэн Б.М , Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын дарга нарын хооронд “Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгож, Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах, Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн “Д.С г нийгмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтнээр томилох тухай” Б/26 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин 14.276.128 (арван дөрвөн сая хоёр зуун далан зургаан мянга нэг зуун хорин найман мянга) төгрөгийг гаргуулах”-аар маргаж байна.
2. Нэхэмжлэгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ихтамир сумын захиргаанд 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс хүний оронд бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байгаад 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс жирэмсний амралт авч, 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр хүүхдээ төрүүлсэн. Тамгын газрын дарга Д.Н 2022 оны 9 сард нийгмийн ажилтнаар ажиллаадхаач, ажил хэцүүдээд байна гэснийг би төрийн албанд ажиллах хүсэлдээ хөтлөгдөн, нялх хүүхэдтэй боловч хүүхэд гайгүй болов уу гэж бодоод 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрөөс уг ажлыг эрхэлсэн. Ажил эрхэлж байх хугацаандаа 2022 оны 10 дугаар сард Төрийн албаны ерөнхий шалгалтыг өгч тэнцсэн. Ажиллаж байх хугацаанд хөхөөрөө хооллодог хүүхэд маань асаргаа сувилгаа дутагдаж ойр ойрхон өвдөх болсон тул өвлийн улиралд 2 сарын чөлөө авчихвал гайгүй болох болов уу гэж ярилцаад 2023 оны 1 дүгээр сарын 2-ны өдрөөс хүүхэд асрах 2 сарын цалингүй чөлөө авсан. Гэтэл 2 сард хүүхэд маань өвдөж эмнэлэгт хүүхэдтэйгээ хэвтсэн тул чөлөөгөө сунгахаар тамгын газарт өргөдөл өгсөн бөгөөд тамгын даргатайгаа уулзах гэтэл дарга ажилтай таараад хугацаа хойшилж, 3 дугаар сарын 24 -ний өдөр Тамгын дарга дээр очиход ажил дээрээ байхгүй байсан тул даргатай утсаар холбогдоход сургууль дээр тоглож байна гэхээр нь өргөдлийн хариугаа авъя гэхэд ирж 2023 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс ажлаас халсан тушаалыг надад өгсөн. Ажлаас намайг чөлөөлөхдөө Төрийн албаны зөвлөлийн албан бичгийг хэрэгжүүлэх шаардлагатай болсон гэсэн байсан. Мөн тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь хэсэгт заасан “Хөдөлмөрийн гэрээний хугацаа дууссан” гэсэн заалтыг үндэслэл болгосон байсан. Ажилд авсан тушаалд намайг ТҮ-6-аар цалинжуулахаар заасны дагуу ажлаас үндэслэлгүй халагдсан гомдлоо иргэний хэргийн шүүхэд гаргаж шийдвэрлүүлсэн боловч, шийдвэрт хариуцагч тал давж заалдах гомдол гаргасныг тус аймаг дахь давж заалдах шатны шүүх хянаад гомдлыг харьяалал зөрчиж, иргэний шүүх шийдвэрлэсэн гэж үзсэн учир Засаг даргын тамгын газрын даргын шийдвэрт захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргах болсон юм. Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3 дахь хэсэгт зааснаар Төрийн албаны хуулиар зохицуулаагүй хөдөлмөрийн гэрээтэй холбоотой асуудлыг Хөдөлмөрийн тухай хуулиар нарийвчлан зохицуулахаар заасан байна. Тамгын газрын даргын ажлаас халсан шийдвэр Хөдөлмөрийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.3, 139 дүгээр зүйлийн 139.1 дахь хэсэгт зааснаар хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусаад ажилд орох хугацаа болсон ч ажил олгогч ажлын байрыг ажлын 15 өдөр хадгалах тул намайг ажил тасалсан гэсэн тайлбар үндэслэлгүй. Намайг Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын мэргэжилтний албан үүргээс чөлөөлсөн Тамгын даргын тушаал Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээг цуцлахыг хориглох заалтыг зөрчсөн тул Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгож, Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулж, Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн “Д.С г нийгмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтнээр томилох тухай” Б/26 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, ажилгүй байсан хугацааны цалин 14.276.128 (арван дөрвөн сая хоёр зуун далан зургаан мянга нэг зуун хорин найман мянга) төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
3. Нэхэмжлэгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын Тамгын газарт бичиг хэргийн ажилтнаар орсон. Дараа нь хүүхэд асрах амралтаа авч 2 сар гаруй нялх биетэй байхдаа даргын хүсэлтээр ажилдаа орсон. Энэ үед ажилдаа орох боломжгүй байна гэж хэлсэн боловч ирж очоод болох байх, ажил ихтэй байгаа учраас ажилдаа ор гэж гуйсан. Энэ үндсэн дээр ажилдаа орж ажилласан. 12 дугаар сард хүүхэд өвдөөд чөлөө авна гэсэн боловч хүн амын тооллого эхэлсэн байгаа учраас 2 сарын цалингүй чөлөө өгсөн. Тэгээд 2 сарын сүүлээр даргатай яриад хүүхэд өвдөөд байна 8 дугаар сар хүртэл чөлөөлөөд өгөөч гэсэн. Тэгсэн тэгэх боломжгүй, 3 нас хүртэл нь чөлөө авчих гэсэн. Тэгээд өргөдөл бичээд өгье гэж хэлээд өргөдлөө өгсөн. Ингээд 3 дугаар сарын 26-ны өдөр чөлөөлөгдсөн тушаалаа очиж авсан. Энэ хугацаанд мэдэгдсэн зүйл байхгүй, чөлөөлөгдсөн тушаалаа авахдаа мэдсэн. Иймд шүүхэд эгүүлэн ажилдаа томилуулах шаардлага гаргасан. Хоёр дахь шаардлагадаа ажилгүй байсан хугацааны цалингаа нэхэмжилж байгаа. Харин гуравдагч этгээдийн томилсон актыг хүчингүй болгуулах шаардлагаасаа татгалзсан байгаа ... тусгай шалгалтад орж байж жинхлэнэ гэдгийг мэднэ ...” гэв.
4. Хариуцагч Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Б.М нь 2021 оны 10 дугаар сарын 01 ны өдрөөс эхлэн 2022 оны 3 дугаар сарын 28 ны өдөр хүртэл буюу 6 сарын хугацаанд /ЗДТГ-ын архив бичиг хэргийн эрхлэгч Д.А ийн жирэмсний болон амаржсаны амралттай хугацаанд архив бичиг хэргийн эрхлэгчээр түр томилогдон ажилласан. Архив бичиг хэргийн ажилтан Д.А нь ажилдаа орсноор Б.М г архив бичиг хэргийн ажлаас чөлөөлсөн. ЗДТГ-т Нийгмийн бодлогын мэргэжилтний сул орон тоо гарсан ч Б.М нь төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалтыг өгөөгүй тул Төрийн жинхэнэ албан хаагчаар авах боломжгүй ч Б.М г төрийн албанд ажиллах хүсэлтэй байна гэхээр нь ажлын зайлшгүй шаардлагаар Б.М г өөрийнх нь хүсэлтийн дагуу 2022 оны 9 дүгээр сард түр хугацаагаар Нийгмийн бодлогын мэргэжилтний /Нийгмийн ажилтан/ сул орон тоо дээр түр хугацаагаар авч ажиллуулсан.
Төрийн албаны зөвлөлөөс 2023 оны 01-р сарын 11-ний өдөр мэдэгдэл ирсэн. Уг мэдэгдэлд Төрийн байгууллагад гарсан албан тушаалын сул орон тоог төрийн албаны хууль тогтоомжийн дагуу ил тод, нээлттэй сонгон шалгаруулалтаар нөхөх, тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангасан иргэдийг адил тэгш, шударгаар өрсөлдөх ил тод, нээлттэй боломжийг бүрдүүлэх, төрийн албан тушаалд сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон иргэн, албан хаагчийг албан тушаалаас чөлөөлөх, чөлөөлөөгүй тохиолдолд хариуцлага хүлээлгэх тухай заасан байсан. Иймээс Б.М г 2022 оны 09 сард тухайн сул орон тоон дээр түр хугацаагаар томилогдсон нь дээрх мэдэгдлийн дагуу түүнийг чөлөөлсөн. Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 23 тоот албан бичигт сул орон тооны захиалгыг ирүүлэх, Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн мэдэгдлийг хэрэгжүүлэн ажиллахыг үүрэг болгосон байсан тул Б.М г чөлөөлж сул орон тооны захиалгаа 2023 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 03/83 дугаартай албан бичгээр холбогдох газарт нь хүргүүлэн ажилласан. Б.М г ажлын зайлшгүй шаардлагаар түр хугацаагаар анхнаасаа хууль зөрчиж томилсон тул хөдөлмөрийн харилцаа, хөдөлмөр эрхлэхтэй холбоотой, хөдөлмөр эрхлэлтийн хөдөлмөрийн гэрээг дүгнэх, цуцлахтай холбоотой харилцаа үүсээгүй. Б.М нь 2023 оны 1, 2 сард цалингүй чөлөө хүссэн. Шийдвэрлэж өгсөн. Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн мэдэгдэл ирэхэд Б.М д 2 сарын чөлөө олгосон байсан тул шууд чөлөөлж тухайн сул орон тооны захиалгыг зарлуулах боломжгүй байсан бөгөөд Б.М г ажлаас чөлөөлсний дараа сул орон тооны захиалгаа хүргүүлсэн. Нийгмийн бодлогын мэргэжилтний сул орон тооны захиалга 2 удаа зарлагдсан боловч Б.М нь шалгалтад ороогүй. Б.М нь шалгалтаа өгч тэнцээд ажилдаа орох бүрэн боломжтой байсан гэжээ.
5. Хариуцагч Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын дарга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.М нь Ихтамир сумын Засаг даргын Тамгын газарт бичиг хэргээр ажиллаж байхдаа хүүхэд асрах чөлөө аваагүй. Энэ хүн өөрөө хүний оронд ажиллаж байсан. Нийгмийн бодлогын мэргэжилтнээр томилсон хугацаанд өөрийнх нь хүсэлтийн дагуу төрийн захиргааны албан тушаалд хууль бусаар томилсон. Ингэж томилохдоо өөрт нь хэлсэн. Төрийн албан хаагчийн бүх шалгалтуудыг өгч орно гэдгийг хэлсэн. Мөн цалин олгох боломжгүй гэж харж байна. Эгүүлэн томилуулах асуудлын тухайд манай байгууллагын үндсэн ажилтан биш хүний оронд түр ажиллана гэдгийг өөрт нь хэлж анхааруулж хэлж байсан. Тиймээс үндсэн ажилтантай адилхан эрх эдлэхгүй гэв.
6. Хариуцагчийн өмгөөлөгч В.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Н.М нь Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын Тамгын газарт нийгмийн бодлогын мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах үндсэн шаардлага гаргасан. Ихтамир сумын Засаг даргын Тамгын газарт нийгмийн бодлогын мэргэжилтний албан тушаал, ажлын байр нь тухайн байгууллагын бүтэц, орон тоонд Засгийн газраас батлагдсан төрийн жинхэнэ албан тушаал байдаг. Тухайн албан тушаалын сул орон тоо бий болж түүнийг түр хугацаагаар гүйцэтгүүлж байгаа ийм харилцаа бий болжээ. Ингэхдээ төрийн жинхэнэ албан тушаалд төрийн албан тушаалын өөр нэршлээр төрийн үйлчилгээгээр цалинжуулж түр хугацаагаар ажиллуулсан. Төрийн жинхэнэ албан хаагчийг түр орлон гүйцэтгүүлэх тохиолдолд яах вэ гэхээр Төрийн албаны тухай хуулийн 33 дугаар зүйлд зааснаар тавигдах шаардлага хууль журмын дагуу томилох ёстой байсан. Энэ процесс үндсэндээ алдагдсан. Төрийн албан хаагчийг түр орлон ажиллуулах тушаал шийдвэрийг хууль зөрчиж томилсон гэдгийг хариуцагч хүлээн зөвшөөрдөг. 2023 оны 01 дүгээр сард хүүхдийн бие тааруу, өвчтэй байна гэсэн учраас цалингүй чөлөө авсан байдаг. Ингээд уг асуудлыг шийдвэрлэж 2023 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс 2 сарын чөлөө олгосон. Энэ хугацаанд Архангай аймгийн Төрийн албаны зөвлөлөөс Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын Тамгын газарт албан бичиг ирсэн. Өөрөөр хэлбэл төрийн жинхэнэ албанд хууль зөрчиж томилогдсон албан хаагч нар байгаа бол чөлөөлөхийг үүрэг болгосон. Хэрвээ уг шаардлагыг биелүүлэхгүй бол та өөрөө хариуцлага хүлээнэ гэсэн агуулгатай албан бичиг ирсэн. Тиймээс чөлөөнийх нь хугацаа дуусахаар Б.М г тухайн ажил албан тушаалаас чөлөөлсөн тушаал гаргасан. Энэ нь хууль зөрчсөн тушаал шийдвэр биш. Тэгэхээр төрийн жинхэнэ албыг Төрийн албаны тухай хуульд заасны дагуу тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагын болзол шаардлагыг хангасан тусгай шалгалтад орж тэнцсэн иргэн төрийн жинхэнэ албыг гүйцэтгэх эрхтэй. Гэтэл түр орлон гүйцэтгэж байсан этгээд төрийн жинхэнэ албыг хаших эрхтэй гэсэн агуулгаар нэхэмжлэл гаргаад байгаа нь үндэслэлгүй байна. Тусгай шалгалтад ороогүй байна гэдгээ өөрөө ч хүлээн зөвшөөрч байгаа. Тэгэхээр төрийн албаны зөвлөлийн хууль тогтоомжид нийцсэн ажиллагааг гүйцэтгэх нь төрийн жинхэнэ албан хаагчийн үүрэг юм. Өөрөөр хэлбэл Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын дарга хуульд нийцсэн тушаал шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Хэрвээ биелүүлэхгүй бол өөрөө хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. Тиймээс энэ дагуу хуульд нийцсэн шийдвэрийг гаргахаас өөр аргагүй нөхцөл байдал үүссэн. Тийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл байхгүй байна. Нэхэмжлэгч мөн ажилгүй байсан хугацааны цалин хөлс нэхэмжилж байна. 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс Архангай аймгийн “А” ХХК-д менежерийн ажилд томилогдон ажиллаж өнөөдрийг хүртэл цалин хөлсөө аваад явж байна. Төрийн жинхэнэ албан хаагч давхар ажил үүрэг гүйцэтгэхийг хориглож байгаа гэв.
7. Гуравдагч этгээд Д.С шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Д.С миний бие нь 2011 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс Ихтамир сумын Хөдөлмөр эрхлэлт халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнээр 2023 оны 11-р сарын 1-ний өдрийг хүртэл тогтвор суурьшилтай, үр бүтээлтэй ажилласан. Миний бие нь Төрийн албаны тухай хууль, журмын дагуу Төрийн нэг байгууллагаас нөгөө байгууллагад шилжин ажиллаж байна. Тус сумын Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын мэргэжилтний орон тоо сул байсан бөгөөд 2023 онд миний мэдэхээр 2-3 удаа тусгай шалгалт зарлагдсан боловч шалгалтад нэг ч хүн ороогүй. Миний хувьд 2023 оны 10-р сард зарлагдсан шилжин ажиллах зарын дагуу хүсэлтээ өгч тухайн албан тушаалд томилогдон ажиллаж байна. Тус Нийгмийн бодлогын мэргэжилтний албан тушаал нь Төрийн захиргааны албан тушаал бөгөөд заавал тусгай шалгалтад орж тэнцэж байж томилогддог гэдгийг нэхэмжлэгч тал болоод бусад талууд надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Төрийн албаны тухай хуулиар тусгай шалгалт зарлахын өмнө шилжин болон сэлгэн ажиллах зарыг тавьж сул орон тоог нөхдөг. Энэ нь албан тушаалын ижил ангилал зэрэглэлтэй төрийн захиргааны албан хаагчдад хамраалтай. Шилжин ажиллах зарын дагуу тухайн зарлагдсан сул орон тоонд төрийн албан хаагч шилжиж орвол сул орон тоо нөхөгдсөн гэж үзээд тусгай шалгалтыг цуцалдаг. Миний тухайд ийнхүү аймгийн Төрийн албаны салбар зөвлөлөөс зарлагдсан зарын дагуу, хууль журмын дагуу шилжин орж ажиллаж байна. Тиймээс нэхэмжлэгчтэй холбоотойгоор миний эрх ашиг хөндөгдөнө гэж бодохгүй байна. Ерөнхийдөө нэхэмжлэлтэй танилцсан бөгөөд нэхэмжлэгч нь Засаг даргын Тамгын газрын Нийгмийн ажилтан гэдэг албан тушаалд ажиллаж байсан гэж ойлгож байгаа. Төрийн үйлчилгээний статустай, ямар нэгэн шалгалт шүүлэггүйгээр шууд томилогдсон. Нийгмийн бодлогын мэргэжилтэн, Нийгмийн ажилтан хоёр бол 2 өөр албан тушаал. Нийгмийн бодлогын мэргэжилтэн нь төрийн захиргааны албан тушаал бөгөөд ерөнхий шалгалт, тусгай шалгалт өгч байж томилогддог. Гэтэл төрийн үйлчилгээний албан тушаалд ажиллаж байсан, тусгай шалгалт өгөөгүй хүн Төрийн захиргааны албан тушаалд шууд томилуулахаар нэхэмжлэл гаргаад байгааг ойлгохгүй байгаа. Мөн тус албан тушаалд тусгай шалгалт зарлахад хэн ч ороогүй бөгөөд үнэхээр ажиллах сонирхолтой байсан бол нэхэмжлэгч шалгалтаа өгөөд орж болох байсан ба тухайн үед тус орон тоо сул байсан. Нэхэмжлэгч нь анх орохдоо тусгай болон ерөнхий шалгалт өгч ороогүй төрийн үйлчилгээний албан тушаалд ажиллаж байсан. Миний тухайд Төрийн захиргааны албан тушаалд шилжиж орсон болно гэжээ.
8. Гуравдагч этгээд Д.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нэмэгдүүлсэн шаардлагатай холбоотойгоор биш анх нэхэмжлэл гаргахад гуравдагч этгээдээр татаж оруулсан. Хэрвээ нэхэмжлэгчийг тухайн албан тушаалд томилох шийдвэр гарвал миний хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөнө. Нийгмийн бодлогын мэргэжилтний албан тушаалд Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулалтын үндсэн дээр төрийн жинхэнэ албан тушаалд томилно гэсэн журам байдаг атал хууль зөрчиж энэ албан тушаалд томилуулахаар маргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
9. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийн зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байна гэж харж байна. Яагаад тодорхойгүй байна гэхээр урьд нь огт эрхэлж байгаагүй байж албан тушаал дээрээ энэ хүнийг томилох хууль эрх зүйн ямар ч орчин, боломж бололцоо байхгүй. Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн тушаалаар нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтний орон тоог нэг албан тушаалаар буюу 1 орон тоогоор баталсан байдаг. Уг ажил албан тушаалд 2023 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлээд Д.С сэлгэн ажиллуулах зарын дагуу хуульд заасан үндэслэл журмын дагуу Төрийн албаны салбар зөвлөлийн 2023 оны 25 тоот тогтоолоор батлагдсан журмын дагуу томилогдож уг албан тушаалыг эрхэлж байгаа. Уг албан тушаалд нэхэмжлэгч буцааж томилуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа учраас гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны сонирхолд хохирол учирч болзошгүй ийм нөхцөл байдал үүссэн учраас Д.С нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцох нь хуулийн үндэслэл бүрдэж байна. Хэдийгээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох 2023 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн Б/26 дугаар тушаалыг хүчингүй болгуулах энэ шаардлагаасаа татгалзсан боловч үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар гуравдагч этгээдийн эрх хууль ёсны зөрчигдөж байна гэж үзэж байгаа. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
1. Шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн тухайд:
1.1. Иргэн Б.М нь маргаан бүхий 2023 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн Б/06 дугаар тушаалд холбогдуулан 2023 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус шүүх 2023 оны 5 дугаар сарын 1-ний өдөр иргэний хэрэг үүсгэж, тус шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 7-ний өдрийн 129/ШШ2023/00360 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, шийдвэрлэснийг Архангай аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 221/МА2023/00051 дүгээр магадлалаар “ ... иргэний хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан биш ...” гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
1.2. Улмаар иргэн Б.М гаас 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй гэж үзсэн болно.
2. Уг хэргийн маргааны үйл баримтыг дурдахад:
2.1. Иргэн Б.М нь 1989 онд төрсөн, 2022 онд “Идэр” их сургуулийг Нийгмийн ажилтан мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 5, 2 дугаар хавтаст хэргийн 135-136 дахь тал)
2.2. Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын дарга 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн “Б.М г ажилд түр томилох тухай” Б/17 дугаар тушаалаар ЗДТГ-н архив бичиг хэргийн эрхлэгч Д.А ийн жирэмсний болон амаржсаны амралттай хугацаанд Б овогтой М г ЗДТГ-н архив, бичиг хэргийн ажилтнаар 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн түр томилж, үндсэн цалинг ТҮ-5-5 буюу 635.776 төгрөгөөр тогтоожээ. (1 дүгээр хавтаст хэргийн 110 дахь тал)
2.3. Улмаар 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн “Б.М г ажлаас чөлөөлөх тухай” Б/06 дугаар тушаалаар архив, бичиг хэргийн эрхлэгч Д.А ийн жирэмсний болон амаржсаны хугацаа нь дуусгаж Б.М г түр томилсон архив, бичиг хэргийн эрхлэгчийн ажлаас чөлөөлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 119 дэх тал )
2.4. Ийнхүүү иргэн Б.М нь 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүртлэх хугацаанд Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын Тамгын газарт харьяалагдан ажил, албан тушаал эрхлээгүй байсан бөгөөд 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдөр охин Х-г төрүүлсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 5 дахь тал )
2.5. Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын Нийгмийн ажилтан Х.П ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасны дагуу, тус газрын дарга 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн Б/14 дүгээр тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 118 дахь тал)
2.6. Улмаар Архангай аймгийн Ихтамир сумын Засаг дарга 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/28 дугаар тушаалаар Б.М г нийгмийн ажилтнаар түр томилж, үндсэн цалинг ТҮ-6 буюу 709.759 төгрөгөөр олгохыг дурджээ. Иргэн Б.М нь дээрх албан тушаалд 2022 оны 9-12 сард ажилласан, энэ хугацаанд тус албан тушаалд хөдөлмөрийн болон үр дүнгийн гэрээ байгуулаагүй бөгөөд ТҮ-6 ангилалаар цалинжсан байна. (1 дүгээр хавтаст хэргийн 117, 230-231, 243 дахь тал)
2.7. Үүний дараа Б.М гаас 2022 оны 12 дугаар сарын 2-ны өдөр “ ... ханиад томууны үед хүүхэд харах хүнгүй ...” гэх үндэслэлээр 2 сарын чөлөө авах тухай хүсэлтийг Засаг даргын Тамгын газрын даргад гаргажээ. (1 дүгээр хавтаст хэргийн 113 дахь хэсэг)
2.8. Дээрх хүсэлтийн дагуу Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын дарга 2023 оны 1 дүгээр сарын 2-ны өдрийн “Б-ийн М д чөлөө олгох тухай” Б/01 дүгээр тушаалаар Б.М гийн өөрийнх нь хүсэлтийн дагуу 2023 оны 01 дүгээр сарын 2-ны өдрөөс 2023 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хүртэл 2 сарын хугацаатай цалингүй чөлөө олгосон байна. (1 дүгээр хавтаст хэргийн 127 дахь тал)
2.9. Төрийн албаны зөвлөлөөс 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр мэдэгдэл гаргаж, уг мэдэгдэлд “ ... төрийн албан тушаалд сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон иргэн, албан хаагчийг албан тушаалаас чөлөөлсөн шийдвэрийг гаргаагүй тохиолдолд Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлд заасны дагуу төрийн албанд хууль бусаар томилогдсон гэж үзэж, 2023 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш олгосон цалин хөлс, нэмэгдлийг төрд учруулсан хохиролд тооцож, буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлэхийг мэдэгдье ...” гэжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 22 дахь тал)
2.10. Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай” ХЭГ/595 дугаар албан бичигт “ ... 2.Төрийн улс төрийн, төрийн тусгай, төрийн үйлчилгээний албан тушаалд хууль тогтоомжоор тогтоосон тусгай шаардлагыг хангаагүй томилогдсон, 3.Төрийн жинхэнэ албан тушаалд ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй, тэнцээгүй томилогдсон Төрийн албаны тухай хууль, уг хуулийг дагаж гарсан дүрэм, журмыг зөрчиж томилогдсон ... этгээдийг ажлаас чөлөөлөх талаар мэдэгджээ. (1 дүгээр хавтаст хэргийн 23-24 дэх тал)
2.11. Мөн Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь Салбар зөвлөлөөс 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Сул олон тооны захиалга ирүүлэх тухай” 23 дугаар албан бичгээр байгууллагын сул орон тооны сонгон шалгаруулалтын захиалгыг Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журмын 2.5-д заасан баримт бичгийг хавсарган Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлд 2023 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн дотор ирүүлж хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар мэдэгдсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 42 дахь тал)
2.12. Ийнхүү Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын дарга 2023 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн “Б-ийн М г ажлаас чөлөөлөх тухай” Б/06 дугаар тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.4., 67.5 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.3 дахь заалтыг тус тус үндэслэн Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь Салбар зөвлөлийн 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар албан бичгийг хэрэгжүүлэх зорилгоор Нийгмийн ажилтнаар түр ажиллаж байсан Б ийн М г 2023 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 128 дахь тал)
2.13 Сонсох ажиллагааны тухайд, хариуцагчаас “ ... Б.М нь 2023 оны 3 дугаар сарын 1-ний өдөр ажилдаа орно гэсэн боловч орох орохгүй нь шийдгүй таг болсон, би 3 өдөр утсаар ярих гэж оролдсон боловч дуудаад утсаа аваагүй. Бичиг хэргийн ажилтан Ц.Д гээр залгуулаад утсаа аваагүй, холбоо барих гэж 3 өдөр болсон ... 2023 оны 3 дугаар сарын 3-ны өдөр байгууллагын хурал дээр Б.М тай холбогдохгүй байна, ... Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлийн 2023 оны 02 дугаар сарын 17 ны өдрийн 23 тоот албан бичигт сул орон тооны захиалгыг ирүүлэх, ТАЗ-ийн 2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн мэдэгдлийн дагуу Б.М г ажлаас нь чөлөөлөх шаардлагатай байна, тодорхой шалтгаангүй ажил тасалсан тул ажлаас нь гаргалаа. Хов зөөх хүн байвал хэлээрэй” гэж хэлсний дараа хурал тараад 20 минут болоогүй байхад өөрөө залгасан. Тэгээд дахин 2 жилийн чөлөө олгооч гэсэн санал тавьсан ... чөлөө хүссэн өргөдлөө нэхүүлж байж 3 сарын 6-ны өдөр миний чатруу явуулсан ...” гэж, нэхэмжлэгчээс “.... 2 сард хүүхэд маань өвдөж эмнэлэгт хүүхэдтэйгээ хэвтсэн тул чөлөөгөө сунгахаар тамгын газарт өргөдөл өгсөн бөгөөд тамгын даргатайгаа уулзах гэтэл дарга ажилтай таараад хугацаа хойшилж, 3 дугаар сарын 24 -ний өдөр Тамгын дарга дээр очиход ажил дээрээ байхгүй байсан тул даргатай утсаар холбогдоход сургууль дээр тоглож байна гэхээр нь өргөдлийн хариугаа авъя гэхэд ирж 2023 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс ажлаас халсан тушаалыг надад өгсөн ...” гэж тус тус тайлбарлажээ.
2.14. Гэвч, хариуцагч Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь өөрийн санаачилгаар бус, харин Төрийн албаны зөвлөлийн мэдэгдэл, холбогдох шийдвэрийг хэрэгжүүлж тушаал гаргасан байх тул энэ талаар мэдэгдэх, сонсгох ажиллагааг хийсэн эсэх нь уг тушаалыг хүчингүй болгох үр дагаварт хүргэхээргүй байна.
2.15. Улмаар иргэн Б.М гаас дээрх тушаалд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргаан үүсгэжээ.
3. Хууль зүйн үндэслэлийн талаар: Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгож, Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах, шаардлагын тухайд,
3.1. Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын дарга 2022 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн “Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоо, цалинг шинэчлэн тогтоох тухай” Б/01 дүгээр тушаалаар сумын Засаг даргын Тамгын газрын 2022 оны албан тушаалын бүтэц, орон тоог 1 дүгээр хавсралтаар баталсны 9-д “Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн- 1, ТЗ-3 ангилал” ажиллахаар баталжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 47-48 дахь тал)
3.2. Нэхэмжлэгч Б.М г Архангай аймгийн Ихтамир сумын Засаг дарга 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/28 дугаар тушаалаар Нийгмийн ажилтнаар түр томилохдоо дээрх Б/01 дүгээр тушаалаар баталсан бүтэц, орон тоо байхгүй албан тушаалд томилжээ.
3.3. Түүнчлэн Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын дарга 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоо, цалинг шинэчлэн тогтоосны хавсралтад 9.Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн- 1, ТЗ-9 ангиллаар ажиллахаар баталж, “Нийгмийн ажилтан”-ы орон тоог батлаагүй байна. (1 дүгээр хавтаст хэргийн 26-27 дахь тал)
3.4. Төрийн албаны зөвлөлийн 2023 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр мэдэгдэлд “ ... төрийн албан тушаалд сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон иргэн, албан хаагчийг албан тушаалаас чөлөөлөх ...” талаар, Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газраас 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай” ХЭГ/595 дугаар албан бичгээр “ ... 2.Төрийн улс төрийн, төрийн тусгай, төрийн үйлчилгээний албан тушаалд хууль тогтоомжоор тогтоосон тусгай шаардлагыг хангаагүй томилогдсон, 3.Төрийн жинхэнэ албан тушаалд ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй, тэнцээгүй томилогдсон ... этгээдийг ажлаас чөлөөлөх ...” талаар тус тус мэдэгдэл гарч, улмаар Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь Салбар зөвлөлөөс 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн “Сул олон тооны захиалга ирүүлэх тухай” 23 дугаар албан бичгээр байгууллагын сул орон тооны сонгон шалгаруулалтын захиалгыг Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол журмын 2.5-д заасан баримт бичгийг хавсарган Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлд 2023 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн дотор ирүүлж хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллах талаар Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын даргад мэдэгдсэн байна.
3.5. Ийнхүү Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын дарга 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Б/06 дугаар тушаалаар Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь Салбар зөвлөлийн 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 23 дугаар албан бичгийг хэрэгжүүлж Нийгмийн ажилтнаар түр ажиллаж байсан Б ийн М г 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлсөн нь үндэслэл бүхий болжээ. Учир нь:
3.6. Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2.-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь т”өрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.”, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. дэх хэсэгт Төрийн албанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх зарчмаас гадна дараахь зарчмыг баримтална: 7.1.2.-т “мэргэшсэн, тогтвортой байх”, 7.1.5.-д “төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах”, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2. дахь хэсэг Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.1.-д “хуульд үндэслэх”, 4.2.5.-т “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж төрийн албанд баримтлах зарчим болон захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчмыг хуульчилжээ.
3.7. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1. дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалд энэ хуулиар тогтоосон шаардлагыг хангасан Монгол Улсын иргэнийг сонгон шалгаруулж томилно.”, 26 дугаар зүйлийн 26.1.Төрийн захиргааны албан тушаалд энэ хуулийн 3.1.3-т заасан чадахуйн зарчмыг үндсэн шалгуур болгож, түүнийг хамгийн сайн хангасан хүнийг томилно. 27 дугаар зүйлийн 27.1.Хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд доор дурдсан журмын дагуу уг орон тоог нөхнө: 27.1.2.-т “төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас болон холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас”, 27.1.3.-т “төрийн жинхэнэ албаны гүйцэтгэх болон туслах албан тушаалын сул орон тоог энэ хуулийн 27.1.2-т заасны дагуу нөхөх боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс”, 27.2. дахь хэсэгт “Төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан олон нийтэд мэдээлэх үүрэгтэй. Томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтан сул орон тоо гарсан өдрөөс хойш энэ тухай мэдээллийг долоо хоногт, сонгон шалгаруулалт явуулах захиалгыг 21 хоногт багтаан төрийн албаны холбогдох шатны байгууллагад хүргүүлнэ.”, 27.3. дахь хэсэгт “Энэ хуулийн 27.1-д заасан тохиолдолд томилох эрх бүхий этгээд төрийн албаны төв байгууллагаас санал болгосон нэр дэвшигчийг холбогдох албан тушаалд томилно ...” гэж тус тус зохицуулсан.
3.8. Архангай аймгийн Ихтамир сумын Засаг дарга нь 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/28 дугаар тушаалаар нэхэмжлэгч Б.М г томилохдоо төрийн албаны тусгай шаардлага хангаагүй байсан тул түүнийг нийгмийн ажилтнаар түр ажиллуулж байсан, улмаар Архангай аймаг дахь Салбар зөвлөлөөс 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн “Сул олон тооны захиалга ирүүлэх тухай” 23 дугаар албан бичиг ирсэн тул маргаан бүхий Б/06 захирамжийг гаргасныг буруутгах үндэслэлгүй.
3.9. Нэхэмжлэгч Б.М нь нийгмийн ажилтнаар түр ажиллаж байгаагаа, төрийн албаны тусгай сонгон шалгаруулалт өгөх үүрэгтэйгээ мэдэж байсан бөгөөд тус газрын Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтний албан тушаалд түр болон жинхлэн томилогдож байгаагүй, уг албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө тухайн албан тушаалын цалин хөлсийг авч байгаагүй болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
3.9. Өөрөөр хэлбэл, Төрийн албаны тухай хуулийн зохицуулалтаас үзэхэд иргэн төрийн албаны ерөнхий шалгалт өгөх эрх нь нээлттэй, харин тусгай шалгалтын хувьд тухайлсан албан тушаалын шаардлагыг хангаж буй ерөнхий шалгалт өгч тэнцсэн иргэд оролцох боломжтой бөгөөд иргэн Б.М гийн тухайд Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын “нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтний” албан тушаалд тусгай шалгалт өгөөгүй, энэ үйл баримттай маргаагүй болно. (1 дүгээр хавтаст хэргийн 236 дахь тал)
3.10. Иймд Төрийн албаны тухай хуулиар тогтоосон журмыг хангуулахаар Төрийн албаны зөвлөл болон Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь Салбар зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг биелүүлж маргаан бүхий Б/06 дугаар тушаалаар Б.М г ажлаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.2, 33 дугаар зүйлийн 33.3, 26 дугаар зүйлийн 26.1., 26.2., 61 дүгээр зүйлийн 61.1.2., 62 дугаар зүйлийн 62.1.1. дахь заалт болон Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5 -д заасан хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн шалгуурыг хангасан байна.
3.11. Мөн Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтний албан тушаалын тухайд, нэхэмжлэгч Б.М нь Төрийн албаны зөвлөлөөс 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 10 дугаар сарын 16-ны өдрүүдэд зохион байгуулсан төрийн албаны ерөнхий шалгалтад оролцож, тэнцэн төрийн жинхэнэ албаны нөөцөд бүртгэгдсэн байна. (1 дүгээр хавтаст хэргийн 7 дахь тал)
3.12. Нэхэмжлэгчээс “ ... Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн гэрээг цуцлахыг хориглох заалтыг зөрчсөн ... Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан тул уг албан тушаалд эгүүлэх томилуулах үндэслэлтэй ...” гэж тайлбарлан маргажээ.
3.13. Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1. дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол эрх бүхий этгээд дараахь тохиолдолд төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ түр орлон гүйцэтгүүлж болно: ...” хэмээн тодорхойлж, төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх нөхцөлийг хуульчилсан.
3.14. Маргаан бүхий энэ хэргийн тухайд, нэхэмжлэгчийн томилуулахаар маргаж буй “нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн”-ий орон тоонд сонгон шалгаруулалт зарлагдаж, шаардлага хангасан хүн томилогдоогүй бөгөөд иргэн Б.М гаар тухайн албан тушаалын чиг үүргийг түр орлон гүйцэтгүүлэх хууль зүйн нөхцөл боломж бүрдээгүй байна.
3.15. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 42 дугаар зүйлд заасан үндэслэл бүрдсэн нөхцөлд л мөн хуулийн 43 дугаар зүйлд заасан журмаар төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх үндэслэл буюу аль төрлийн албан тушаалын чиг үүргийг ямар албан тушаалтнаар, орлон гүйцэтгүүлэх журмыг хуульд тодорхой заасан. Энэ тохиолдолд Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын мэргэжилтний албан тушаалд Б.М г ажиллаж байх үед өөр этгээд томилогдон ажиллаж байгаагүй, уг албан тушаалд сонгон шалгаруулалт зарлагдаагүй, Б.М нь нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтний албан тушаалыг түр орлон гүйцэтгэж ажиллаагүй, харин нийгмийн ажилтнаар түр томилогдон ажиллаж байсан болох нь хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
3.16. Нөгөөтээгүүр, нэхэмжлэгч Б.М гийн хувьд Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгад төрийн жинхэнэ албан тушаалд томилогдохын тулд төрийн албаны ерөнхий шалгалт өгч нөөцөд орсон, улмаар тусгай шалгалт буюу сонгон шалгаруулалтад өрсөлдөж тэнцсэн, цаашлаад томилогдсон албан тушаалдаа тангараг өргөж баталгаажуулсан байх зэрэг үндсэн шаардлагуудыг бүрэн хангаснаар төрийн жинхэнэ албан хаагчийн болзол шаардлагад тэнцсэн гэж үзэх бөгөөд ингэснээрээ хуульд заасан бусад баталгаагаар хандагдах эрх үүсэхээр байна.
3.17. Нэхэмжлэгчийн тухайд хуульд заасан дээрх шалгуурыг хангаагүй байх тул Төрийн албаны тухай хууль болон бусад хуульд заасан нэмэлт баталгаагаар хангагдах боломжгүй юм.
Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн “Д.С г нийгмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтнээр томилох тухай” Б/26 дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд
3.18. Нэхэмжлэгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “ ... миний бие Д.С г нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтнээр томилсон тушаалыг хүчингүй болгуулах шаардлагаасаа татгалзаж байна ...” гэх тайлбар гаргажээ.
3.19. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1.-д “нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх”, 66 дугаар зүйлийн 66.1. дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно.”, 66.3. дахь хэсэгт “Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа хэсэгчлэн татгалзсан тохиолдолд татгалзсан хэсгийг баталж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа ердийн журмаар явагдана.”, 109 дүгээр зүйлийн 109.1. дэх хэсэгт “Захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасан үндэслэл, нөхцөл байдал илэрвэл шүүгч, шүүх бүрэлдэхүүн нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч, хариуцагч эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж тус тус заасан.
3.20. Иймд нэхэмжлэгч Б.М нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн “Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн “Д.С г нийгмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтнээр томилох тухай” Б/26 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлагаас татгалзсан тул нэхэмжлэлийн шаардлагын энэ хэсгээс татгалзсан болохыг баталж, хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
3.21. Түүнчлэн нэхэмжлэгчид хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулж, шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулсан болно.
Ажилгүй байсан хугацааны цалин 14.276.128 (арван дөрвөн сая хоёр зуун далан зургаан мянга нэг зуун хорин найман мянга) төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд
3.22. Уг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт маргаан бүхий Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгож, Б.М г Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах үндэслэлгүй гэж үзсэн тул нэхэмжлэгч Б.М д Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацаа цалинг гаргуулах үндэслэлгүй байна.
3.23. Иймд шүүх дээрх хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгч Б.М гийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
3.24. Нэхэмжлэгч Б.М нь төрийн албаны сул орон тоонд тусгай сонгон шалгаруулалт өгөх эрх нь нээлттэй бөгөөд шүүх хуралдаанд хөдөлмөрийн гэрээнд гарын үсэг хуурамчаар зурсан талаар тайлбарласан тул зохих шатны байгууллагад гомдлоо гаргах эрхтэй болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1., 106.2., 106.3. дахь хэсгийн 106.3.14 дэх заалт, 107 дугаар зүйл, 108 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.М г “Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 11 дүгээр сарын 1-ний өдрийн “Д.С г нийгмийн бодлогын асуудал хариуцсан мэргэжилтнээр томилох тухай” Б/26 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” уг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1., 33 дугаар зүйлийн 33.2.2., 62 дугаар зүйлийн 62.1.1., Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1. дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.М гаас Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2023 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн Б/06 дугаар тушаалыг хүчингүй болгож, Архангай аймгийн Ихтамир сумын Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин 14.276.128 (арван дөрвөн сая хоёр зуун далан зургаан мянга нэг зуун хорин найман мянга) төгрөгийг гаргуулах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1. дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОДОНТУЯА