Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 76

 

Д.Ц-гийн  нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2020/00545/и

          Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Амарсанаа даргалж, шүүгч Г.Давааренчин, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  06 дугаар сарын 02-ны өдрийн 623 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Д.Ц-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Л.О-т холбогдох

“Зээлийн гэрээний үүрэгт 9.200.000 төгрөг” гаргуулах

Хариуцагч Л.О-ийн “2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах” тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ганзоригийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

           2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд хариуцагч Л.О-, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ганзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Ц- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Л.О-тэй хамт ажиллаж байсан. Л.О- надаас зээл авахаар гуйсны үндсэн дээр сарын 8 хувийн хүүтэй байхаар тохирч, 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Л.О-ийн данс руу 3.000.000 төгрөгийг шилжүүлсэн. Үүнээс хойш 240.000 төгрөгийн хүүг надад сар бүр өгч байсан. Ингээд 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдөр над руу залгаж би дахин 5.000.000 төгрөг нэмээд авчихмаар байна гэж хэлсэн. Ингээд 6 хувийн хүүтэй 5.000.000 төгрөгийг 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр мөн шилжүүлсэн. Би Л.О-ийг зээлийн гэрээг бичгээр хийе гэсэн боловч Л.О- би данс руу чинь хүүгээ хийхэд л болох тул гэрээ хийх шаардлага байхгүй гэдэг байсан. Түүнээс хойш надад мөнгөний хэрэгцээ их гаран мөнгөө нэхэхэд та хүүгээ буулга гэж гэсэн. Би түүний гуйлтыг хүлээн авч 8.000.000 төгрөгөө 5 хувийн хүүтэй болгож бууруулж, зээлийн гэрээ байгуулсан. Би Л.О-ийг бөөнд нь өгч чадахгүй бол сард 500.000 төгрөгөөр цувуулаад өгч болно гэж хэлсэн. Зээлийн гэрээг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хийсэн. Зээл төлөх график гаргаж зээлийн гэрээний ард бичсэн. Түүнээс хойш нэг удаа хүү 400.000 төгрөг шилжүүлснээс хойш утсаа авахгүй байсан учраас би шүүхэд хандсан. Одоо Л.О-ээс үндсэн мөнгө 8.000.000 төгрөг, сүүлийн 3 сарын хүү 1.200.000 төгрөг, нийт 9.200.000 төгрөг гаргуулж өгнө үү. Зээлийн гэрээг дүр үзүүлж хийсэн гэж байгааг ойлгохгүй байна. Зээлийн гэрээнд заасан нийт 8.000.000 төгрөгийг Л.О-т би өмнө нь шилжүүлэн өгсөн байхад гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж байгааг зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Л.О- шүүхэд гаргасан хариу тайлбар болон сөрөг нэхэмжлэлдээ:

Д.Ц-гийн надаас 9.200.000 төгрөгийг нэхэмжилсэн шаардлагыг зөвшөөрөх боломжгүй байна. Би 2018 оны 08 дугаар сарын 01-нд 3.000.000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 5.000.000 төгрөгийг тус тус зээлсэн. Дээрх мөнгөнөөс 2018 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл нийт 7.240.000 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо 760.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Харин 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр мөнгө зээлсэн зүйл огт байхгүй тул уг гэрээг хүчингүйд тооцож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Чинбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч 3.000.000 төгрөгөөр, 5.000.000 төгрөгөөр 2 удаа нийт 8.000.000 төгрөг авсан нь үнэн гэдэг. Зээлээ сар бүр дансаар төлж байсан ба буцаагаад нийт 7.240.000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн байдаг. Одоо зээлийн үлдэгдэл 760.000 төгрөг үлдсэн гэж хариуцагч хэлдэг. Анх мөнгө зээлэхдээ зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй учраас хүүг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Энэ гэрээ бол хүчин төгөлдөр бус гэж үзэх үндэслэлтэй байна. Д.Ц-, Л.О- нар нь утсаар ярьж тохиролцсон боловч гэрээнд тамга тэмдэг байхгүй. Тус гэрээг 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулаад 8.000.000 төгрөгийг 5 хувийн хүүтэй зээлүүлсэн гэдэг. Гэрээ нь хуулийн шаардлага хангаагүй. Иймд дүр үзүүлэн хийсэн гэрээ гэж үзэж хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Сөрөг нэхэмжлэлээ дэмжиж байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  06 дугаар сарын 02-ны өдрийн 623 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Л.О-ээс нийт 9.200.000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Ц-д олгож, хариуцагч Л.О-ийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 162.150 төгрөг, хариуцагч Л.О-ээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142.150 төгрөгийг тус тус Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас илүү төлсөн 19.200 төгрөгийг хариуцагч Л.О-т буцаан олгож, хариуцагч Л.О-ээс улсын тэмдэгтийн хураамж 162.150 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Ц-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ганзориг давж заалдсан гомдолдоо:

            Шүүх шийдвэртээ Д.Ц-гийн үндсэн нэхэмжлэлтэй 9.200.000 төгрөгийг хариуцагч Л.О-ээс гаргуулахаар шийдвэрлэж, Л.О-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

            Л.О- нь 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 3.000.000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 5.000.000 төгрөг, нийт 8.000.000 төгрөгийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйл, 196 дугаар зүйлийн 196.1.1, 42 дугаар зүйлийн 42.1.1-т зааснаар талууд амаар тохиролцож зээлийн гэрээг байгуулсан. Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “...зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэж заасан. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж Иргэний хуульд нарийвчлан заасан байхад анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. Хариуцагч Л.О- нь 8.000.000 төгрөг анх зээлээд зээлийн төлбөрт 7.240.000 төгрөг төлсөн бөгөөд үүн дээр нэхэмжлэгчийн 9.200.000 төгрөг нийт 16.200.000 төгрөг төлөхөөр хохироод байгаа тул хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч Д.Ц- нь хариуцагч Л.О-т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн үндсэн төлбөрт 8.000.000 төгрөг, 3 сарын хүү 1.200.000 төгрөг буюу нийт 9.200.000 төгрөг гаргуулах, хариуцагч Л.О- нь талуудын хооронд байгуулагдсан 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээгээр мөнгө зээлээгүй тул уг зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл тус тус гаргажээ.

Хариуцагч талаас 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 3.000.000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 5.000.000 төгрөгийг тус тус зээлсэн, 2018 оны 09 дүгээр сарын 01-нээс 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл нийт 7.240.000 төгрөг төлсөн, одоо үлдэх 760.000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө гэж үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг, нэхэмжлэгч талаас Л.О- нь хүүгээ бууруул гэсний дагуу хүүгээ 5 хувь болгон гэрээ хийсэн, хариуцагч өөрөө төлөх графикаа бичиж өгсөн боловч үндсэн зээл, зээлийн хүү төлөхгүй байгаа гэж тус тус маргажээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Д.Ц- нь хариуцагч Л.О-т 2018 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 3.000.000 төгрөгийг 8 хувийн хүүтэй зээлдүүлсэн, хариуцагч Л.О- нь уг зээлийн хүүнд 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл сар бүр 240.000 төгрөгийг Д.Ц-гийн нэр дээрх ХААН банкны 5097003478 тоот дансанд шилжүүлж байжээ.

Улмаар хариуцагч нь дахин 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгч Д.Ц-гаас 5.000.000 төгрөгийг 6 хувийн хүүтэй зээлж уг зээлийнхээ хүүнд 2019 оны 03 дугаар сарын 18-наас 2019 оны 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 300.000 төгрөгийг төлж байсан, мөн хавтаст хэргийн 4 дүгээр талд авагдсан “Зээлийн гэрээ”-ний дагуу хүүгийн төлбөрт 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 400.000 төгрөгийг төлжээ.

Дээрх хэргийн талаарх үйл баримт нь хэрэгт авагдсан Л.О-ийн эзэмшлийн ХААН банкны 5055185059 тоот дипозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 15-44-р тал/, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Анхан шатны шүүхээс зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна гэж дүгнээд, талууд амаар хэлэлцэн тохирсон гэрээнүүдээ хуульд нийцүүлэн хожим бичгээр нэгтгэн хийсэн нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцсэн, 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэлтэй зөв болжээ.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь бодит нөхцөлд үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т тус тус заасантай нийцсэн, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т “...хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана...” хэмээн хуульчилсан. Хуулийн энэ зохицуулалт нь хүү шаардах зээлдүүлэгчийн эрхэд хамааралтай бөгөөд өөрөөр хэлбэл хариуцагч Л.О- бичгээр байгуулаагүй зээлийн гэрээний хүүнд нэхэмжлэгчид 7.240.000 төгрөг төлсөн төлбөрийг үндсэн зээлийн төлбөрт оруулан тооцох үндэслэлд хуулийн дээрх зохицуулалт хамааралгүй болно.

Түүнчлэн зээлийн хүү төлөх нь зээлдэгчийн үүрэг боловч хүүгийн хэмжээг багасгах талаар зээлдэгч хүсэлт гаргасан байхын зэрэгцээ энэ талаар талууд мэтгэлцсэн байх, зээлийн хүүгийн хэмжээ зээлдэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд илт хохиролтойгоор тогтоогдсон нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдсон байх ёстой бөгөөд энэ талаар хэргийн оролцогч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 38 дугаар зүйлүүдэд заасан үүргээ хэрэгжүүлсэн байх учиртай.

Иймд хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ганзоригийн “...анх зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй нь нэхэмжлэгч хүү авах эрхээ алдсан, шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн, хариуцагч нь үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрт нийт 16.200.000 төгрөг төлөхөөр хохирч байгаа тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү...” гэх агуулга бүхий давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах хууль зүйн боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  06 дугаар сарын 02-ны өдрийн 623 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Ө.Ганзоригийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 150.000 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

          3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7-д зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                           

 

                                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Л.АМАРСАНАА

                                                     ШҮҮГЧИД                                        Г.ДАВААРЕНЧИН

                                                                                                              М.МӨНХДАВАА