Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2022/ДШМ/870

 

 

 

 

         

 

Г.С т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ж.Сувданчимэг,

шүүгдэгч Г.С , түүний өмгөөлөгч Ю.Батболд,  

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/965 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.С , түүний өмгөөлөгч Ю.Батболд нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Г.С т холбогдох 2208013691030 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Г  С, …….оны……..дүгээр сарын ………-ны өдөр ……….аймгийн ………… төрсөн, ……..настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ….., ……… дүүргийн……… дүгээр хороо, ……….. дүгээр хороолол, ……. байрны ……….. тоотод оршин суух бүртгэлтэй боловч ……….. дүүргийн …….. дугаар хороо, ……….. тоотод түр оршин суух,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2000 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 270 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Баянгол дүүргийн шүүхийн 2001 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 653 дугаар таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 250 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 250 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Өвөрхангай аймгийн Сум дундын 2 дугаар шүүхийн 2008 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн 137 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 4 сар 8 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 1116 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн;

Шүүгдэгч Г.С  нь 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр “Баруун салаа 41” номерын автобусанд явж байхдаа тус автобусаар зорчиж явсан Л.Э г Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Баянхошууны Хөтлийн автобусны буудал дээр буух үед халааснаас нь “Samsung Galaxy A51” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Г.С ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г.С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С ыг 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирол төлөгдсөн болохыг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Г.С  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, давж заалдах гомдол, хүсэлт гаргаж байна. Үүнд;

1. Миний бие 2015 оноос хойш эрүүгийн гэмт хэрэгт огт холбогдоогүй бөгөөд засрал хүмүүжлээ олсон гэж хэлж болно. Урьд залуу байхад буруу зүйл хийж байснаа бүрэн ухамсарласан, дахин гэмт хэрэг хийхгүй гэж өөртөө тангарагласан. Харин энэ удаад өөрийн болчимгүй зангаас болж ийм хэрэг дахин хийсэндээ маш их харамсан гэмшиж байна.

2. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй” гэжээ. Тэгвэл намайг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийж оролцуулаагүй нь хуулийг ноцтой зөрчсөн гэж бодож байна.

3. Тодорхойлох нь хэсгийн 4-т “шүүгдэгч Г.С ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, бусдад учруулсан хохирол их биш, урьд 5 удаа ял авсан, шийтгүүлсэн зэрэг нь хүндрүүлэх нөхцөл гэж үзээд 1 жилийн ял өгсөн нь тохирно” гэжээ. Тэгвэл миний бие нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирол төлөгдсөн бөгөөд 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “Хэрэгтэн хийсэн хэрэгтээ тохирох шийтгэлийг нэг л удаа авна. ...Авсан ялаа эдэлж дуусгаад дахин гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд анхны хэрэг гэж тооцож ял оногдуулна” гэж заасан байхад урьд 5 удаагийн хулгайн үйлдэлтэйгээр эрүүгийн хариуцлага хүлээж байсан гэж хүндрүүлэх нь хуулийг зөрчиж ялласан гэж бодож байна.

Прокурор Ж.Сувданчимэг нь надад хэлэхдээ “чи өмгөөлөгч энэ тэр гээд аваад яахав дээ, би чамд 240 цагийн нийтэд тустай хөдөлмөр эрхлэх ял оногдуулна” гэж ойлгуулсан бөгөөд анхан шатны шүүх хуралд би өмгөөлөгчгүй орсон. Давж заалдах шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч Ю.Батболдтой хамт оролцоно.

... надад оногдуулсан ялыг улсын яллагч Ж.Сувданчимэгийн сонсгосон 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялтай дүйцэхүйц хорихоос өөр төрлийн ялаар сольж, шүүгдэгч миний эрх зүйн байдлыг дээрдүүлж өгөхийг давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүний эрхэм шүүгч та бүхнээс хичээнгүйлэн хүсэж байна” гэв.

Шүүгдэгч Г.С ын өмгөөлөгч Ю.Батболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шийтгэх тогтоолд “Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Г.С ын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, бусдад учруулсан хохирол их биш, хохирогчийн утсыг биет байдлаар буцаан өгсөн, хувийн байдлын хувьд урьд 5 удаа хулгайн гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан зэргийг харгалзан 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл, хувийн байдалд тохирно гэж шүүх шийдвэрлэлээ” гэж дүгнэжээ. Шүүгдэгч Г.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн үйлдлээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд хүлээж, хохирол төлбөрийг барагдуулсан байхад хууль буруу тайлбарлан хэрэглэж, өмнө нь 5 удаа ял шийтгэл хүлээж байсан гэдгээр хүндрүүлж ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж болно. Тиймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Г С т оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Прокурор Ж.Сувданчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй гэж үзэж, тэр талаар шийтгэх тогтоолдоо дурдсан. Шүүгдэгч нь урьд 5 удаа ял шийтгүүлж байсан бөгөөд шүүх түүний хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заагдсан хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй бөгөөд хувийн байдлын талаар дүгнэлт хийж, түүнд ял оногдуулсан. Үүнийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй. Г.С ын зүгээс урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд оролцуулаагүй гэсэн асуудлыг ярьж байна. Гэтэл талууд болон шүүхээс урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хурал огт зарлагдаагүй. Заавал урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан зарлаж, яллагдагчийг шүүх хуралдаанд оролцуулна гэсэн зүйл байхгүй. Г.С ын үйлдсэн хулгайн гэмт хэрэгт нь энэ шийтгэх тогтоолоор нэг л удаа шийтгэл оногдуулж байгаа учраас тохирох ял шийтгэлийг нэг л удаа эдэлж байгаа гэж үзэхээр байна. Миний зүгээс прокурорын шатанд яллах дүгнэлтийг гардуулахдаа шүүгдэгч Г.С тай өөрийн биеэр уулзаж, гардуулан өгсөн. Энэ үед тухайн зүйл нь сонгох санкцитай учраас сонгох санкцийн талаар, мөн өмгөөлөгч авах эрхийг нь тайлбарлаж өгсөн. Энэ хэрэг ердийн журмаар шийдвэрлэгдсэн учраас шүүгдэгчийн давж заалдах гомдолд дурдагдсан “чи өмгөөлөгч энэ тэр гээд аваад яахав дээ, би чамд 240 цагийн хөлсгүйгээр нийтэд тустай хөдөлмөр эрхлэх ял оногдуулна” гэж хэлсэн асуудал огт яригдаагүй. Шүүгдэгчийн бичсэн давж заалдах гомдлоос харахад хувийн байдал талаасаа огт засраагүй байна. Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Г.С  нь 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр “Баруун салаа 41” номерын автобусанд зорчиж явсан Л.Э г Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Баянхошууны Хөтлийн автобусны буудал дээр буух үед халааснаас нь “Samsung Galaxy A51” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас 450.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Л.Э гийн “...Би 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, “Баруун салаа 41” чиглэлийн автобусанд суугаад Баянхошууны Хөтлийн автобусны буудал дээр буух үедээ халааснаасаа “Samsung Galaxy A51” загварын гар утсаа хулгайд алдсан. Тэгээд би утас руугаа залгасан, 2 удаа дуудсан. 2021 оны 2 дугаар сард “Мобиком корпораци” ХХК-иас 1.000.000 төгрөгөөр худалдан авсан. ...” /хх 13-14/,

шүүгдэгч Г.С ын яллагдагчаар өгсөн “... Би 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Баянхошуу руу хүнээс машин авах гээд 18 цагийн орчим гэрээсээ гарч Буурал ээжийн автобусны буудлаас Баянхошуу, Зүүн салаа чиглэлийн автобусанд сууж явсан. Гэтэл 20-25 орчим насны эрэгтэй хүний гадуур хувцасны халааснаас “Samsung Galaxy A51” загварын гар утас цухуйсан байхаар нь авчихаад явж байсан. ...” /хх 117-119/ гэсэн мэдүүлгүүд,

“Дамно” ХХК-ийн 2022 оны 4 дүгээр сарын 5-ны өдрийн НЦУГ-22-31 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 23-24/, эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 6-7/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Г.С ыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах” гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Г.С ын хохирогч Л.Э ийн эзэмшлийн “Samsung Galaxy A51” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 450.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Г.С  нь “...намайг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцуулаагүй нь хуулийг ноцтой зөрчсөн, ...урьд 5 удаагийн хулгайн үйлдэлтэйгээр эрүүгийн хариуцлага хүлээж байсан гэж хүндрүүлэн хуулийг зөрчиж ялласан, ...иймд надад хорихоос өөр төрлийн ял шийтгэж, шүүгдэгч миний эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү...” гэсэн,

Шүүгдэгч Г.С ын өмгөөлөгч Ю.Батболд нь “...шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг барагдуулсан байхад шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, өмнө нь 5 удаа ял шийтгэл хүлээж байсан гэдгээр хүндрүүлж ял оногдуулсан. ...Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар ... шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт оролцох хүсэлт гаргасан тохиолдолд хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг оролцуулж болно. Хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч ирээгүй нь шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулах үндэслэл болохгүй” гэж заажээ.

Шүүгдэгч Г.С т холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийгээгүй байх тул ямар нэг оролцогчийг уг хуралдаанд оролцуулаагүй асуудлыг авч хэлэлцэх үндэслэл үүсээгүй болно.

Шүүгдэгч Г.С  нь нэг удаагийн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлж 450.000 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд түүний энэ үйлдэлд анхан шатны шүүхээс 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь гэм бурууд тохироогүй байна гэж үзэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан бөгөөд давж заалдах шатны шүүх дээрх хэм хэмжээний агуулгад нийцүүлэн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учруулсан хохирол зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, түүнд 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулав.

Иймд, дээрх үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Г.С ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 36 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/965 дугаартай шийтгэх тогтоолын:

тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.С ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.С ыг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Сэргэлэнбаатарын өмгөөлөгч Ю.Батболдын гаргасан давж заалдах гомдлын “...шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү...” хэсгийг хүлээн авч, “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх” гэсэн хэсгийг болон шүүгдэгч Г.С ын “...хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.    

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.С ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 36 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Н.БАТСАЙХАН

                                 ШҮҮГЧ                                                     М.ПҮРЭВСҮРЭН

                                 ШҮҮГЧ                                                     Т.ӨСӨХБАЯР