| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2207000000093 |
| Дугаар | 2022/ДШМ/871 |
| Огноо | 2022-08-31 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | П.Ганбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 2022/ДШМ/871
Б.Б т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор П.Ганбаатар,
хохирогч З.Б,
нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чинзориг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/155 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч З.Баттогтохын гаргасан давж заалдах гомдлоор Б.Б т холбогдох 2207000000093 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овгийн Б ийн Б , …… оны .. дүгээр сарын ….-ны өдөр ……… аймгийн ………. суманд төрсөн, …… настай, эрэгтэй, бага боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ……….. дүүргийн ……. дүгээр хороо, …………… дугаар гудамжны ……… тоотод оршин суух хаягтай боловч ……….. дүүргийн ………. дугаар хороо, ………… хотхоны барилгад түр оршин суудаг,
Завхан аймгийн сум дундын нэгдүгээр шүүхийн 1994 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 61 дүгээр таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, уг ялыг Завхан аймгийн 1995 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн шүүгчийн захирамжаар хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 24 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар 10 хоног баривчлах шийтгэлээр,
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 73 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад зааснаар 20 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэлээр тус тус шийтгүүлж байсан;
Шүүгдэгч Б.Б нь Налайх дүүргийн ….. дүгээр хороо, Нисэхийн ……. дугаар гудамжны …….. тоотод байрлах гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 19 цагийн орчим өөрийн дагавар охин болох бага насны хүүхэд Б.Э г “өөрийг нь түлхэж унагаасан” гэх шалтгаанаар түүний эрүү хэсэгт монгол гэрийн униар 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь эрүүнд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирлыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэлбэрээр санаатай учруулсан,
мөн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 19 цагийн орчим Налайх дүүргийн 4 дүгээр хороо, Нисэхийн ……. дугаар гудамжны ……. тоотод байрлах хашаан дотор хамт амьдарч байсан хадам эгч болох З.Б ыг “Б.Э г өмөөрсөн” гэх шалтгаанаар монгол гэрийн униар түүний дух хэсэгт нэг удаа, нуруу хэсэгт 2-оос 3 удаа цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, нүүр, бүсэлхий, зүүн бугалга, зуун шуунд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас: Б.Б ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу энэ хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б ийг 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногт тооцон цагдан хоригдсон 42 хоногийг хасаж, нийт 64 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг монгол гэрийн унийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт хариуцсан комисст даалгаж, шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон 42 хоногтой, энэ хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Хохирогч З.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие З.Б нь 2022 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Налайх дүүргийн …. дүгээр хороо, Нисэхийн ……. дугаар гудамжны …….. тоотод гэртээ амарч байхад дүү З.Б ийн хамтран амьдрагч Б.Б согтуу ирж, агсам тавьж, улмаар З.Б ийн охин Э г унагааж, цохин эрүүн тус газрыг нь гэмтээсэн тул би дүүгээ хамгаалж, унийг булаан авч 1 цохисон бөгөөд намайг эргүүлээд нүд болон нуруун тус газар цохиж гэмтээсэн.
Б.Б нь өөрийн гэрийг зарж, орон гэргүй байгаа бөгөөд хэрэг гардаг тус хашаа нь манай охиных бөгөөд гэрийг Э ийн аюулгүй байдалд санаа зовж, бид хоёрыг амьдруулахаар авч өгсөн. З.Б нь Б ээс зугтаж бид хоёр дээр ирснээр энэ хэрэг болсон. Б.Б нь архи уусан үедээ байнга агсам тавьж, биднийг өмгөөлж хамгаалах эр хүн байхгүй тул дарамтлан дээрэлхэж, айлган сүрдүүлдэг бөгөөд энэ талаар хавтаст хэрэгт тодорхой байгаа. Э г утсаар дарамтлах, айлган сүрдүүлэх, гудамжинд явж байхад нь айлгах зэрэг удаа дараагийн үйлдэл дээр дүү Н, охин Б.С нар удаа дараа Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн төвд гомдол гаргаж байсан.
Шүүх хурал болохоос өмнө болон болсны дараа удаа дараа гэрт ирж дарамтлах, доромжлох үйлдэл гаргаж, цагдаагийн байгууллагад дуудлага өгснөөр баривчлуулж байсан. Одоо бид хэзээ ирж дарамтлах бол гэсэн байнгын айдас түгшүүртэй, амгалан тайван амьдарч чадахгүй байна. Шүүх дээрх хэргийг шийдвэрлэж, 400 цагийн албадан ажил хийх ялаар шийтгэхээр тогтоосонд гомдолтой байгаа тул уг хэргийг зохих хууль тогтоомжийн дагуу хянан шийдвэрлэж өгнө үү” гэв.
Прокурор П.Ганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Хохирогчийн зүгээс холбогдох байгууллагад нь хандаж, гомдол гаргах нь зүйтэй гэж үзэж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Б.Б нь Налайх дүүргийн ….. дүгээр хороо, Нисэхийн ……. дугаар гудамжны …… тоотод байрлах гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 19 цагийн орчим өөрийн дагавар охин болох бага насны хүүхэд Б.Э г “өөрийг нь түлхэж унагаасан” гэх шалтгаанаар түүний эрүү хэсэгт монгол гэрийн униар 1 удаа цохиж, эрүүл мэндэд нь эрүүнд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирлыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх хэлбэрээр санаатай учруулсан,
мөн 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн 19 цагийн орчим Налайх дүүргийн …..дүгээр хороо, Нисэхийн ……. дугаар гудамжны …… тоотод байрлах хашаан дотор хамт амьдарч байсан хадам эгч болох З.Б ыг “Б.Э г өмөөрсөн” гэх шалтгаанаар монгол гэрийн униар түүний дух хэсэгт нэг удаа, нуруу хэсэгт 2-оос 3 удаа цохиж, эрүүл мэндэд нь тархи доргилт, нүүр, бүсэлхий, зүүн бугалга, зуун шуунд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч З.Б ын “...2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр би дүү Б ийн гэрт байж байтал 19 цагийн орчимд гаднаас Б согтуу орж ирсэн. Нэг хэсэг зүгээр сууж байснаа Б рүү чи муу янхан, банзал гээд орилоод байсан. Гэтэл тэр үед Э Б рүү та яахаараа дандаа ээжийг доромжилж байдаг юм гэж хэлээд түлхтэл Б гэрийн хана налаад унатал дээрээс гэрийн унь унасан. Б унасан гэрийн унийг аваад Э ийн эрүү рүү униараа нэг удаа цохиод эрүүнээс нь цус гарчихаар нь би “яагаад хүүхэд цохиж байгаа юм” гээд босож очоод Б ийн гараас нь унийг нь булааж аваад Б ийн толгой руу нэг, хоёр удаа цохисон. Би яг хэдэн удаа цохисноо санахгүй байна. Энэ үед Б эргүүлж униа булааж аваад миний нуруу руу 2-3 удаа цохихоор нь би гарч зугтаагаад гэр рүүгээ орж, цагдаа дуудчихаад очтол Б зугтаагаад гараад явчихсан. Миний дух хавдсан, нуруу хөндүүр орчихсон байсан. ...” /хх 5/,
насанд хүрээгүй хохирогч Б.Э ийн “...2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр би ээж Б , эгч Б хоёрын хамт Налайх дүүргийн …… дүгээр хороо, Нисэх ……… тоотод гэртээ байж байтал 19 цаг өнгөрч байхад гаднаас ээжийн хамтран амьдрагч Б согтуу орж ирээд гичийнүүд минь гээд доромжлоод эхлэхээр нь би тайвшруулаад суулгасан. Гэтэл Б ах ээжийг доромжлоод босоод ирсэн. Тэгэхээр нь би Батхишигийг түлхтэл гэрийн хана налаад уначихсан. Б ахыг унахад дээрээс гэрийн унь унасан. Б ах унасан гэрийн унийг аваад миний эрүү рүү нэг удаа цохитол миний эрүүнээс цус гараад эхэлсэн. Б эгч намайг өмөөрч босож ирээд “чи хүүхэд яагаад байгаа юм” гэж хэлээд Б ахын барьж байсан унийг булааж аваад толгой руу нь цохитол Б ах Б эгчээс унийг нь булааж аваад нуруу руу нь 2-3 удаа цохисон. ...” /хх 11/,
шүүгдэгч Б.Б ийн яллагдагчаар өгсөн “...Би 2022 оны 3 дугаар сарын 17-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихээд Налайх дүүргийн …… дүгээр хороо, Нисэх …… тоотод байх гэртээ 20 цагийн орчимд орсон. Намайг ороход эхнэр Б, Э, Б гурав байсан. Тэгээд би эхнэртэй яг юунаас болоод маргалдсанаа санахгүй байна. Маргалдаж байтал Э босож ирээд “та яахаараа дандаа ээжид уурлаж байдаг юм” гэж хэлээд намайг түлхээд унагаачихсан. Гэтэл манай гэрийн унь унахаар нь унасан унийг аваад Э г нэг удаа цохичихсон. Гэтэл Б босож ирээд миний гараас унийг булааж аваад миний толгой руу хоёр удаа цохихоор нь би дахин унийг авч Б ын нуруу руу нь хоёр удаа цохичхоод гараад явсан юм. ...” /хх 41/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 167 дугаартай шинжээчийн “З.Б ын биед тархи доргилт, нүүр, бүсэлхий, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ... Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 21-22/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 166 дугаартай шинжээчийн “Б.Э ийн биед эрүүнд шарх, зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ... Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 26- 27/ гэсэн дүгнэлтүүд,
яаралтай тусламжийн хуудас /хх 23-24, 28-29/, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх 53-55/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх 56-60/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх 127-128/, эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх 133/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б ийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу энэ хуулийн ерөнхий ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Б.Б ийн өөрийн дагавар охин болох бага насны хүүхэд Б.Э г “өөрийг нь түлхэж унагаасан” гэх шалтгаанаар түүний эрүү хэсэгт монгол гэрийн униар 1 удаа, мөн хадам эгч болох З.Б “Б.Э г өмөөрсөн” гэх шалтгаанаар монгол гэрийн униар түүний дух хэсэгт нэг удаа, нуруу хэсэгт 2-оос 3 удаа тус тус цохисноос тэдний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзэв.
Хохирогч З.Б нь “...шүүх хурал болохоос өмнө болон болсны дараа удаа дараа гэрт ирж дарамтлах, доромжлох үйлдэл гаргасан тул цагдаагийн байгууллагад дуудлага өгснөөр баривчлуулж байсан. Одоо бид хэзээ ирж дарамтлах бол гэсэн байнгын айдас түгшүүртэй, амгалан тайван амьдарч чадахгүй байна. ... Иймд түүнд 400 цагийн албадан ажил хийх ял шийтгэхээр тогтоосонд гомдолтой байх тул уг хэргийг зохих хууль тогтоомжийн дагуу хянан шийдвэрлэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заажээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б ийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх зарчимд нийцсэн төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.
Хохирогч З.Б ын гомдолд шүүхийн шийдвэр гарснаас хойш шүүгдэгч Б.Б ээс хохирогч нарыг айлган сүрдүүлж, дарамтлах, доромжлох зэрэг үйлдэл гаргаж байгаа нөхцөл байдлыг дурдсан байх тул цаашид түүний хууль бус үйлдлийн талаар тухай бүр нь цагдаагийн байгууллагад мэдэгдэж, өөрсдийн эрх ашгийг хамгаалуулах нь зүйтэй.
Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч З.Б ын “...шүүгдэгчид нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсанд гомдолтой байх тул хэргийг зохих хууль тогтоомжийн дагуу хянан шийдвэрлэж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 2022/ШЦТ/155 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч З.Б ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ М.ПҮРЭВСҮРЭН
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР