Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 112/ШШ2024/0017

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар               

Дүгнэлт гаргагч: Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Г

Хариуцагч: Говь-Алтай аймгийн Татварын газрын /2024 оны 01 дүгээр сарын 1-нээс газар болсон/ татварын улсын байцаагч нарын хоорондын эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулахтай холбоотой маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Прокурор Б.Г, хариуцагч: Говь-Алтай аймгийн Татварын газрын дарга Н.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баасансүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Дүгнэлтийн шаардлага:

1.1. Дүгнэлт гаргагч Б.Г нь тус аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.У-н “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 0065716 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар маргаж байна.

 

2. Хэргийн үйл баримт, процессын тухайд:

2.1. Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Г.У нь 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 0065716 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн Ж.А-г “А хүнсний дэлгүүрээс худалдан авалт хийхэд төлбөрийн баримт олгоогүй” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1-т заасны дагуу 218,690.9 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

2.2. Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Г нь дээрх шийтгэлийн хуудсыг Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэмжээнд тохирсон байх шударга ёсны зарчимд нийцээгүй гэж дүгнэн 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд хандан прокурорын дүгнэлт ирүүлсэн байна.

3. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн бичгээр болон шүүх хуралдааны явцад гаргасан тайлбар, түүний үндэслэл:

3.1. Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Г нь шүүхэд гаргасан прокурорын дүгнэлт болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Тус аймгийн Татварын хэлтсийн эрх бүхий албан тушаалтан, татварын улсын байцаагч Г.У “...Төлбөрийн баримт олгоогүй...” гэх 50/54 дугаартай зөрчлийн гомдол, мэдээлэлд зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж, холбогдогч Ж.А-д 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 0065716 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1-т зааснаар 218,690.9 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байна.

Зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааны ажиллагааны явцад дараах нотлох баримтууд цугларчээ. Үүнд:

- Эрх бүхий албан тушаалтны хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл,

-2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Ж.А-н холбогдогчоор өгсөн мэдүүлэг,

-2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл,

-2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 0065716 дугаартай шийтгэлийн хуудас,

-Ж.А-н Хаан банкны депозит дансны хуулга,

-Ж.А-н 2023 оны 12 дугаар сарын 06-наас 12 дугаар сарын 11-ний өдрийн татварын орлогын баримтын хуулбар болон бусад нотлох баримтууд хэрэгт цугларчээ.

Дээрх нотлох баримтуудад үндэслэн дүгнэлт хийхэд иргэн Ж.А нь 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 7600 төгрөгийн, 12 дугаар сарын 11-ний өдөр 6,000.000 төгрөгийн төлбөрийн баримт татварын санд бүртгүүлжээ.

Эрх бүхий албан тушаалтнаас холбогдогч Ж.А-г 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 0065716 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1-т зааснаар 218,690,9 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж шийдвэрлэсэн байх боловч холбогдогч Ж.А-н Хаан банкны депозит дансны хуулгаар орлогод нь тодорхойлж торгууль оногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1-т заасан зөрчил үйлдсэн тохиолдолд “төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувиар торгоно” гэж заасныг зөрчиж шийтгэл оногдуулжээ. Энэ нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлд заасан Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэмжээнд тохирсон байх шударга ёсны зарчимд нийцээгүй ба эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг эрх бүхий албан тушаалтан болон прокуророос шууд хүчингүй болгох боломжгүй байх ба Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу прокурорын дүгнэлтээр шүүх хянан хэлэлцэж, эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох эсэх асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иймд хууль зүйн үндэслэлгүй шийтгэл оногдуулж, хүний эрхийг зөрчсөн үндэслэл тогтоогдож байх тул Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон аймгийн Татварын хэлтсийн эрх бүхий албан тушаалтан, татварын улсын байцаагч Г.У-н “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 0065716 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичив гэжээ.

Депозит дансны хуулгаар ингэж орлого тодорхойлоод торгууль оногдуулсан байгаа нь буруу юм. Шалтгаан нь нэгдүгээрт холбогдогч Ж.А-д ганц Хаан банкнаас гадна өөр дансны хуулга байх боломжтой. Тэрийг нягталж шалгаагүй. Тэр талаар зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд ямар ч баримт авагдаагүй. Хаан банкнаас өөр орлого байгаа эсэхийг тодорхойлоогүй. Хоёрдугаарт Хаан банкны хэрэгт авагдсан баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй. Хаан банкнаас гаргаж ирж байгаа бол Хаан банкны тамга тэмдэг, хуулбар, үнэн гээд албан ёсны баримт байх ёстой гэж прокурор хянаж байх явцад байсан нотлох баримтын хүрээнд үзсэн. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийг 8-д юу гэж заасан байна вэ гэхээр төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2%-аар тооцно гэж байгаа юм. Тэгтэл өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлого гэдэг нь яг хэдэн төгрөгийн, ямар орлого олсон юм бэ гэдэг нь бүрэн тогтоогоогүй байна гэж үзсэн. Зөвхөн тухайн холбогдогчийн өөрийнх нь гаргаж өгсөн баримт, мэдүүлэгт үндэслэж, Хаан банкны дансны хуулгаар орлого тооцож байгаа нь өөрөө буруу байна. Ж.А гэдэг хүний үйлдсэн зөрчил дээр маргаагүй. Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1-д заасан зөрчил үйлдсэн байна гэж үзэж байгаа юм. Гол нь прокурорын зүгээс буруу байна гэж яриад байгаа ганц зүйл нь оногдуулж байгаа шийтгэлийн мөнгөн дүн нь бүрэн, тодорхой биш байна гэдэг асуудал яриад байгаа юм. Үүн дээр хэрэгт авагдсан нотлох баримтаар тэр хүний орлогыг тодорхойлж гаргах юм уу, үгүй юу гэдэг нь өөрөө ингэж орж ирж байгаа. Сая татварын хэлтсийн Э.Г тайлбар хэллээ. Тайлбар дээр нийт 14 сая төгрөг байсан. 14 сая төгрөгөөс энэ нь ингэж, ингэж хасагдаад үлдсэн дүн нь 10 сая болж байгаа юм гэдэг асуудал яригдаж байна. Гэтэл тэр нь хэрэгт байхгүй. Өнөөдөр л энэ асуудал яригдаж орж ирж байна. Хаан банкнаас гаргаж ирж байгаа хуулбар үнэнтэй хуулгатай тэр дансны дүн, энэ дүн 2 зөрүүтэй. Хэрвээ тэр зөрүүтэй юм бол эрх бүхий албан тушаалтан өөрөө тэрийгээ эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлээрээ нотолж тайлбарлах ёстой.  Хэрэгт тийм зүйл анхнаасаа байгаагүй гэв.

3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Г-н 2024 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 06 дугаартай прокурорын дүгнэлттэй танилцаж дараах тайлбарыг гаргаж байна. 2023 оны 12 дугаар сарын 04-06-ны өдрүүдэд ...., ...... сумдуудад хийгдэх удирамжтай ажлын дагуу тухайн сумдуудад үйл ажиллагаа явуулдаг хүнсний дэлгүүрүүдийг татварын улсын байцаагч Г.У, М.Б нар И-баримт хэвлэлтийн талаар шалгалт явуулахад А хүнсний дэлгүүр нь тухайн сард огт баримт олгоогүй байсан бөгөөд тухайн программ дээр бүртгэлтэй 2 баримтын нэг болох 2023 оны 12 сарын 06-ны баримт бол тухайн үед шалгалт хийхэд дэлгүүрийн худалдагч баримт хэвлэлт болохгүй байгаа гэж хэлсэн тул тухайн үед 7600 төгрөгийн үнийн дүнг оруулан баримт шалгаж үзэж шивсэн баримт байсан бөгөөд ТУНС-ийн явуулийн системээр 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс хойш огт баримт хэвлэж өгөөгүй нь тодорхой харагдаж байгаа юм. Иймд хяналтын прокурор Б.Г-н төлбөрийн баримт татварын санд бүртгэгдсэн гэх 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн баримт нь шалгалт хийхэд шивэгдсэн баримт харин 2023 оны 12 сарын 11-ний өдрүүдийн баримт нь шалгалт хийж явснаас хойш хийгдсэн баримт байгаа юм. Иймд Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1 дэх заалтад заасан төлбөрийн баримт олгоогүй болох нь тогтоогдсон. ХХ-ийн 25 хуудас татвар төлөгчийн мэдээлэл нь тухайн үеийн явуулын систем дээр шалгахад ямар ч баримт хэвлэж өгөөгүй байсан бөгөөд иргэн Ж.А өөрийн баримт хэвлэж өгөөгүй үйлдлээ хүлээн зөвшөөрдөг. Татварын ерөнхий хуулийн 28.5 дугаар зүйл “Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрд хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй” гэж заасныг зөрчсөн.

Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1-т заасан зөрчил үйлдсэн тохиолдолд төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын олсон орлогын үнийн дүнгийн 2 хувиар торгоно гэж заасан байдаг. Харин иргэн Ж.А нь НӨАТ-ын суутган төлөгч биш учраас өмнөх сарын тайланг илгээдэггүй. Иймээс иргэн Ж.А-г өмнөх сарын борлуулалтын орлого буюу А хүнсний дэлгүүрийн хаан банкны 5326027325 дансны хуулгыг шүүж торгуулийн шийтгэлийг оногдуулсан. Иймд эрх бүхий албан тушаалтны оногдуулсан шийтгэл нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Эрх бүхий албан тушаалтны оногдуулсан шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж прокурорын дүгнэлтыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

3.3.Хариуцагч Говь-Алтай аймгийн Татварын газрын дарга Н.Э шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Би тухайн үед хамт явж байсан. Байцаагч маань хуулийн хэрэгжилтийг хангуулахад зөвлөгөө зөвлөмж өгдөг. Яг чиг үүргийнхээ хувьд бид нарыг хянаж байдаг ийм байцаагч байгаа. Сумдын иргэний үйл ажиллагаан дээр харахаар худалдан авалт хийсэн и-баримт гэж байгаа. Энэ баримтад худалдан авалт хийж байсан аж ахуйн нэгжүүдийн нэрс нь байж байдаг. "У х" гэдэг компани маань үйл ажиллагааны чиглэл нь дандаа хүнсний зүйл борлуулдаг. Үүнээс 902,500 төгрөгийн худалдан авалт хийчихсэн байна. Мөн "Б ш" байна. Манай аймгийн бүх худалдан авалт хийдэг аж ахуй нэгжээс өөрөө 27,679,030 төгрөгийн одоо худалдан авалт хийчихсэн атлаа нөгөө талдаа иргэдэд и-баримтаа олгодоггүй энэ зөрчил манай аймагт түгээмэл байгаа. Тийм учраас улсын байцаагчийн торгосон нь эрх зүйн үндэслэлтэй гэж үзэж байгаа. Татварын хяналт шалгалтын хууль журам дагуу бид нар үзэхэд тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны борлуулалтын барааны татан авалт гэж байх ёстой, худалдан авалт дээр нь хяналт тавьж байх ёстой, борлуулсан дүнгээр нь тухайн иргэн өөрөө бүртгэлээ хөтлөөд явж байх ёстой. Байцаагчийнхаа хийсэн үйлдлийг би зөв гэж үзэж байгаа. Иргэнээс өөрөөс нь хуулгыг нь гаргуулаад авчихсан. Байцаагч банкнаас тэр хуулгыг аваагүй. Тэгэхээр хуулбар үнэн дарна гэсэн зүйл байхгүй гэж бодож байна. Иргэн өөрөө гаргаж өгөөд тэрнээсээ цалингийн зардал энэ байна, хүүхдийн мөнгө энэ байна, бусад зээлийн төлбөрүүд энэ байна. Тэгээд дээрээс нь өөрөө худалдан авалтууд бүгдээрээ и-баримтаар шийдэгдээд Татварын удирдлагын нэгдсэн системд харагдаж байгаа гэв.

 

         3.4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Прокурорын 2024 оны 03 дүгээр сарын 06-ны 06 дугаар шүүхэд гаргасан дүгнэлтэд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилогдоод тухайн хэргийн материалыг хянаж үзсэн. Тухайн үед татварын улсын байцаагч Г.У манайд ажиллаж байсан. Энэ байцаагч маань ажиллахдаа даргын удирдамжаар ажлын хэсэгт ороод ажилласан байдаг. ….. сум, ….. сумд ажиллах ажлын хэсгээр тус сумдын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгжийн татварын төлөлт, Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн хэрэгжилт, татварын өр болон урьдчилгаа татвар төлөлтөд хяналт тавих гэсэн чиг үүргийн дагуу ажиллаж яваад тухайн дэлгүүрээр ороод иргэн Ж.А нь төлбөрийн баримт олгоогүй болох нь тогтоогдоод хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байдаг. Ингэж шийдвэрлэхдээ Ж.А-н ……….. гэсэн Хаан банкны дансны хуулгаар нийтдээ 2023 оны 11 дүгээр сарын 01-нээс 11 дүгээр сарын 30-ны хооронд 14,947,901 төгрөг дансны хуулгаар орсон байдаг. Байцаагч маань өмнөх сарын борлуулалтын орлогын 2%-аар ноогдуулахдаа 10,934,549 төгрөгт нь ноогдуулсан. Энэ хоёрын зөрүү 4,013,351 төгрөг татвар төлөгчийн иргэний 11 сард авсан 662,578 төгрөгийн цалин 11 дүгээр сарын 28-ны хуулга, хадгаламжийн данснаас авч зээлээ төлсөн 1,898,000 төгрөгийн Төрийн банкнаас авсан хуулга, бусад данс хооронд хийгдсэн хуулга, гэр бүлийнх нь орлогыг нотлоод үндсэндээ энэ дансны хуулгаас 4,013,000 төгрөгийг татвар ногдох бизнесийнх нь орлого биш гэж хасаад 10,934,549 төгрөгийн 2%-аар тооцоод 218,690 төгрөг ноогдуулсан байгаа. Цалингийн тухайд авч үзвэл энэ хүн Ерөнхий боловсролын сургуульд дотуур байрны жижүүрээр 2023 оны 9 сард орсон байдаг. Ерөнхий боловсролын сургуулийн цалингийн ашгийн тайланг нотлох баримтаар өгсөн байгаа. Үүн дээр хөнгөлөлт эдлэх сар нь 4 гэж байгаа. Жилийн эцсийн тайлан дээр тэгэхээр энэ хүн маань 9, 10, 11,12 сард ажилласан байна. 11 сард ногдох 662,578 төгрөгийн гар дээр ногдсон цалинг нь хасаж тооцсон. Хадгаламжаасаа зээл авсан мөнгийг нь хасаж тооцсон байгаа. Хүүхдийн мөнгөө Э Т гэдэг төрийн банкны дансаар авдаг. Төрийн банкны 4, 5 данстай хуулгуудыг нь бүгдийг нь хавсаргасан. Зээлийн данс, хадгаламж барьцаалсан зээл гээд тухайн хүний бусад орлогуудынх нь холбогдох материалыг нь бүгдийг нь хассан байна. Г.У байцаагч маань банкныхаа энэ хуулга дээр ажиллагаа хийгээгүй. Өөрөөс нь хуулгыг гаргуулж авч байгаад татвар ногдох орлогоо тодорхойлохын тулд бусад цалин, хадгаламж данс хооронд хийгдсэн орлого бүгдийг нь хасаж байгаад хөрвүүлээд прокурорт аль болох ойлгомжтой байх байдлаар ийм эксел /excel/ хуулгыг хавсаргасан байгаа. Манай татварын улсын байцаагч Г.У-н тодорхойлсноор татвар ноогдох боломжгүй бүх орлогыг нь хасаад 10,934,549 төгрөгөөсөө Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8.1-д зааснаар тодорхойлсон дүнгээсээ 2%-аар ногдуулсан байгаа юм. Дансны нотлох баримт хангалтгүй гэдэг дээр өөрөөс нь хуулгыг нь авахуулчихаад хуулга дээр нь л ажилласан юм байна лээ. Энэ таны цалин учраас үүнийг оруулахгүй, хадгаламж барьцаалсан зээл учраас оруулахгүй, бэлэн мөнгөнөөсөө зээлээ хийх гээд дансандаа мөнгө хийсэн байна үүнийг оруулахгүй гээд хасаж яваад 10,934,000 төгрөг гаргасан байдаг. Өөрийнх нь өгсөн ноос ноолуурын орлого, хүүхдийн хадгаламж барьцаалсан зээл зэргийг хасаад энэ дүн гарсан. Нэмэлт нотлох баримтаар тухайн хүн 11 сардаа төлбөрийн баримтаар 131,900 төгрөгийн баримтыг ганцхан хүнд олгосон байдаг. Бүтэн сарын хугацаанд. Үүнтэй холбогдон гарч байгаа бараа татан авалт нь 27,679,030 төгрөгийн бараа татчихсан. Тэгээд татан авалт гэдэг тухайн хүний борлуулалтаар татаж авч байгаа бараа, үүнтэйгээ холбоотой 11 сардаа татварын удирдлагын нэгдсэн системд 131,900 төгрөгийн ганцхан баримт шивсэн байдаг. ……. сумынхаа Тамгын газарт 6,000,000 төгрөг шивсэн байгаа. Энэ 6,000,000 төгрөгийн төлбөрийн баримт шивсэн боловч мөнгөөр ороогүй.  Магадгүй энэ 12 сарын сүүлээр орсон байх магадлалтай.  Тэгэхээр тухайн иргэн Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахгүй, төлбөрийн баримт олгоогүй учраас манай газрын татварын улсын байцаагчийн 50/54 дугаартай 0065716 дугаартай шийтгэлийн хуудсыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

            3.5. Гуравдагч этгээд Ж.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Ж.А миний бие хувиараа бизнес эрхэлдэг. 2023 оны 12 сарын 07-нд тус аймаг дахь Татварын газраас шалгалт ирж танайх төлбөрийн баримт огт олгодоггүй юм байна. Торгууль оногдуулах бүрэн боломжтой, 11 сарын 01-нээс 11 сарын 30-ныг хүртэлх орлого зарлагын хуулгаа гаргаад ир гэсэн. Интернэт банкин дээрх орлогыг харж энэ сарын орлого тань 15,000,000 байна, дансны чинь хуулгаар торгох бүрэн боломжтой гэсэн. Миний бие дэлгүүрийнхээ хажуугаар Е.Б.Сургуульд дотуур байрны жижүүрээр ажилладаг, авдаг цалин хөлс, гэр бүлийн орлого зарлага бүгд миний энэ дансаар дамжин ордог. Яагаад гэвэл нэгдүгээрт би өөр дансгүй, нөхрийн данс барьцаанд байдаг олон жил болж байгаа. Мал, мах, ноос ноолуур авсан, зээл тусламж, хүүхдийн хадгаламж барьцаалсан зээл гээд бүхий л орлого зарлага хамт дамжин ордог гэж учирлаад тухайн үедээ санаж байгаа ганц нэг мөнгийг дээрх орлогоос хасуулж, тавьсан торгуулийг нь тухайн заасан хугацаанд нь төлж барагдуулсан. Мөн энэ шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх хэргийг оролцогч нарын шүүхэд гаргасан тайлбар, хавтаст хэргийн материалд авагдсан зөрчлийн хэргийн нотлох баримтад үндэслэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т зааснаар Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагчийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 0065716 дугаар шийтгэлийн хуудсыг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

1.Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагч Г.У 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 0065716 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн Ж.А-д 218,690.9 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан.

2. Шийтгэлийн хуудасны хууль зүйн үндэслэл болох Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1-т зааснаар бараа, ажил, үйлчилгээ борлуулж байгаа хүн, хуулийн этгээд “төлбөрийн баримт олгоогүй бол өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувь”-тай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж заасан.

3.Прокурор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...орлого нь 10 сая гаруй төгрөг гарсан. Түүнийг нь 2%-аар тооцохоор 218,690 төгрөг гэж гарч ирж байгаа. Депозит дансны хуулгаар ингэж орлого тодорхойлоод торгууль оногдуулсан байгаа нь буруу …Ж.А-д ганц Хаан банкнаас гадна өөр дансны хуулга байх боломжтой. Тэрийг нягталж шалгаагүй …өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлого гэдэг нь яг хэдэн төгрөгийн, ямар орлого олсон юм бэ гэдэг нь бүрэн тогтоогоогүй байна. Зөвхөн тухайн холбогдогчийн өөрийнх нь гаргаж өгсөн баримт, мэдүүлэгт үндэслэж, Хаан банкны дансны хуулгаар орлого тооцож байгаа нь өөрөө буруу …Ж.А гэдэг хүний үйлдсэн зөрчил дээр маргаагүй …оногдуулж байгаа шийтгэлийн мөнгөн дүн нь бүрэн, тодорхой биш байна …14 сая төгрөгөөс энэ нь ингэж, ингэж хасагдаад үлдсэн дүн нь 10 сая болж байгаа юм гэдэг асуудал яригдаж байна. Гэтэл тэр нь хэрэгт байхгүй. Өнөөдөр л энэ асуудал яригдаж орж ирж байна” гэсэн тайлбар, хариуцагч Н.Э “...аймгийн бүх худалдан авалт хийдэг аж ахуй нэгжээс өөрөө 27,679,030 төгрөгийн одоо худалдан авалт хийчихсэн атлаа нөгөө талдаа иргэдэд и-баримтаа олгодоггүй энэ зөрчил…” гэсэн тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г “...иргэн Ж.А нь төлбөрийн баримт олгоогүй болох нь тогтоогдоод хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн байдаг …Хаан банкны дансны хуулгаар нийтдээ 2023 оны 11 дүгээр сарын 01-нээс 11 дүгээр сарын 30-ны хооронд 14,947,901 төгрөг дансны хуулгаар орсон байдаг. Байцаагч маань өмнөх сарын борлуулалтын орлогын 2%-аар ноогдуулахдаа 10,934,549 төгрөгт нь ноогдуулсан. Энэ хоёрын зөрүү 4,013,351 төгрөг татвар төлөгчийн иргэний 11 сард авсан 662,578 төгрөгийн цалин 11 дүгээр сарын 28-ны хуулга, хадгаламжийн данснаас авч зээлээ төлсөн 1,898,000 төгрөгийн Төрийн банкнаас авсан хуулга, бусад данс хооронд хийгдсэн хуулга, гэр бүлийнх нь орлогыг нотлоод үндсэндээ энэ дансны хуулгаас 4,013,000 төгрөгийг татвар ногдох бизнесийнх нь орлого биш гэж хасаад 10,934,549 төгрөгийн 2%-аар тооцоод 218,690 төгрөг ноогдуулсан байгаа …нотлох баримтаар тухайн хүн 11 сардаа төлбөрийн баримтаар 131,900 төгрөгийн баримтыг ганцхан хүнд олгосон байдаг. Бүтэн сарын хугацаанд …бараа татан авалт нь 27,679,030 төгрөгийн бараа татчихсан. Тэгээд татан авалт гэдэг тухайн хүний борлуулалтаар татаж авч байгаа бараа, үүнтэйгээ холбоотой 11 сардаа татварын удирдлагын нэгдсэн системд 131,900 төгрөгийн ганцхан баримт шивсэн байдаг” гэж маргаж байна.

4. Хавтаст хэргийн материалд: 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “Эрх бүхий албан тушаалтан хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх явцад зөрчлийн шинжтэй үйлдэл, эс үйлдэхүйг илрүүлсэн тухй тэмдэглэл, Татварын хэлтсийн даргын баталсан “....... аймгийн ......, ...... сумдад дотоод ажлыг шалгаж, зөвлөн туслах ажлын удирдамж”, холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл, Ж.А-н иргэний үнэмлэхний лавлагаа, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 0065716 дугаар шийтгэлийн хуудас, Ж.А-н 2023 оны 11 дүгээр сарын 01-нээс 11 сарын 30-ний  өдрийн Хаан банкны дансны хуулга, 2023 оны 11 дүгээр сарын 30-ний өдөр 131,900 төгрөг, 12 дугаар сарын 06-ны өдрийн 7600 төгрөгний төлбөрийн баримт олгосон талаарх баримт, татвар төлөгчийн мэдээлэл зэрэг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн зөрчлийн материал авагдсан байна.

5.Хэрэгт авагдсан Ж.А-г холбогдогчоор асуусан мэдүүлэгт “асуулт: ямар төрлийн үйл ажиллагаа явуулдаг вэ? хариулт: хүнсний бүтээгдэхүүн зардаг, асуулт: ямар төрлийн зөрчилд холбогдон шалгагдаж байгаагаа мэдэж байгаа юу? хариулт: мэдэж байгаа, асуулт: А хүнсний дэлгүүр иргэнээр үйл ажиллагаа явуулдаг уу, аж ахуйн нэгжээр явдаг уу? хариулт: иргэнээр үйл ажиллагаа явуулдаг, миний нэр дээр явдаг, асуулт: танай дэлгүүрт шалгалт хийсэн эрх бүхий албан тушаалтан танд танай дэлгүүрийн и-баримт хэвлэлтийн талаар танилцуулсан уу? хариулт: танилцуулсан, асуулт: та өөрийн гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна уу? хариулт: зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг авсан байна.

6.Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, шийтгэл оногдуулахдаа энэ хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан журмыг баримтална”, хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.1-т “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх” нөхцөл байдлыг тогтоосны үндсэн дээр хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулахаар заасан.

7.Шүүх дээрх нөхцөл байдлаас дүгнэж үзэхэд  ....... аймгийн ..... суманд үйл ажиллагаа явуулдаг Ж.А-н “А” нэртэй хүнсний дэлгүүр төлбөрийн баримт олгодоггүй гэх зөрчил нь татварын удирдлагын нэгдсэн системийн баримт хэвлэлтээр 2023 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн 131900 төгрөгний төлбөрийн баримтаас өөрөөр и-баримт олгоогүй, төлбөрийн баримт олгодоггүй гэх зөрчил нь тогтоогдож байх бөгөөд энэ талаар хэргийн оролцогч нар маргаагүй, Ж.А тухайн зөрчлөө хүлээн зөвшөөрсөн байна.

8.Харин Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагч Г.У 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 0065716 дугаартай шийтгэлийн хуудсаар иргэн Ж.А-д Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1-т зааснаар 218,690.9 төгрөгийн торгох шийтгэл оногдуулахдаа Ж.А-н 2023 оны 11 дүгээр сарын 01-нээс 11 дүгээр сарын 30-ны өдрийн Хаан банкны дансны хуулгаас өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнг хэрхэн тодорхойлсон, ямар орлогын үнийн дүнгээс 2 хувь тооцож 218,690,9 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь тодорхой бус зөрчлийн хэрэгт энэ талаар нотлох баримт авагдаагүй байна.

9. Шүүх хуралдаанд хариуцагч талаас “2023 оны 11 дүгээр сарын 01-нээс 11 дүгээр сарын 30-ны хооронд 14,947,901 төгрөг дансны хуулгаар орсон, өмнөх сарын борлуулалтын орлогын 2%-аар ноогдуулахдаа 10,934,549 төгрөгт нь ноогдуулсан. Энэ хоёрын зөрүү 4,013,351 төгрөг татвар төлөгчийн иргэний 11 сард авсан 662,578 төгрөгийн цалин 11 дүгээр сарын 28-ны хуулга, хадгаламжийн данснаас авч зээлээ төлсөн 1,898,000 төгрөгийн Төрийн банкнаас авсан хуулга, бусад данс хооронд хийгдсэн хуулга, гэр бүлийнх нь орлогыг нотлоод үндсэндээ энэ дансны хуулгаас 4,013,000 төгрөгийг татвар ногдох бизнесийнх нь орлого биш гэж хасаад 10,934,549 төгрөгийн 2%-аар тооцоод 218,690 төгрөг ноогдуулсан” гэж тайлбарлаж байгаа боловч нотлох баримтаар тогтоогдохгүй байна.

10.Өөрөөр хэлбэл нэгэнт “А” хүнсний дэлгүүрийн тайлант сарын орлогын үнийн дүнг Ж.А-н Хаан банкны дансны хуулгаас тогтоох гэж байгаа тохиолдолд тодорхой болгох, тайлант сарын хугацаанд А хүнсний дэлгүүрээс худалдан авалт хийсэн орлого, Ж.А-н өөрийн цалин болон мал, мах, ноос ноолуур авсан орлого, хүүхдийн хадгаламж барьцаалсан зээлийн орлого зэргийг нарийвчлан тогтоосны үндсэн дээр өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувийг тооцох байсан нь Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчим, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-т “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэсэн захиргааны үйл ажиллагааны зарчимд нийцэхгүй байна.

11. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т зааснаар шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн асуудал байх тул захиргааны байгууллагаас …….. аймгийн ………. суманд үйл ажиллагаа явуулдаг “А” хүнсний дэлгүүрийн өмнөх тайлант сарын хугацаанд олсон орлогын үнийн дүнгийн 2 хувийг шинээр тогтоож, дахин шинэ акт гаргах хүртэл 0065716 дугаар шийтгэлийн хуудсыг 2 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэх нь илүү шударга бөгөөд зүйд нийцсэн шийдвэр болно гэж шүүхээс үзлээ.

12.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-т “Энэ хуулийн 106.3.11-д заасан шийдвэрийг гаргасан бөгөөд шүүхээс тогтоосон хугацаанд захиргааны байгууллага шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий актыг хүчингүй болгох талаар тогтоох хэсэгт тусгана” гэж зааснаар Говь-Алтай аймгийн Татварын газраас шүүхээс тогтоосон 2 сарын хугацаанд шинэ акт гаргаагүй тохиолдолд татварын Улсын байцаагчийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 0065716 дугаартай шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдах нь зүйтэй байна.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.11 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Зөрчлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 1, хуулийн 11.19 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5 дахь хэсгүүдэд заасныг тус тус баримтлан Говь-Алтай аймгийн Татварын хэлтсийн татварын Улсын байцаагчийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 0065716 дугаар шийтгэлийн хуудсыг 2 сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 2 сарын хугацаанд зохих журмын дагуу тухайн асуудлыг судалж үзээд шинэ акт гаргаагүй тохиолдолд 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 0065716 дугаар шийтгэлийн хуудас хүчингүй болохыг дурдсугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.14 дэх хэсэгт зааснаар прокурор дүгнэлт гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхгүй болохыг дурдсугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.        

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                    Э.ЗОЛБАДРАХ