Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 30 өдөр

Дугаар 127/ШШ2024/0002

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Хэргийн индекс: 127/2024/0003/3

 

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: С.Ш-,

Хариуцагч: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг дарга нарын хоорондын төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.Ш-, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг дарга Б.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хэнчбиш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/01 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны олговрыг олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийхийг даалгах.

 

2. Хэргийн нөхцөл байдал, процессын түүхийн талаар:

2.1 С.Ш--ыг Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргын 2021 оны 03 сарын 04-ний өдрийн Б/10 дугаартай захирамжаар сумын Засаг даргын орлогчоор томилсон.

2.2 Сумын Засаг даргатай 2021 оны 03 сарын 05ы өдөр Хариуцлагын гэрээ байгуулсан байна.

2.3 С.Ш-т 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр сонсох ажиллагааны мэдэгдэл болон ажлаас халах үндэслэл болсон Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг тус тус танилцуулан сонсох ажиллагааг хийж, тайлбар авсан байна.

2.4 Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/01 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжаар “... албаны эрх мэдлээ хэтрүүлэн 6м3 түлээний мод бэлтгэх эрхийн бичгээр ивээн тэтгэн, батламжийг Монгол ардын намын хорооны шинэ жил дээр сугалаанд оруулж, азтан шалгаруулан гардуулж, хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлээгүй” гэсэн үндэслэлээр төрийн албанаас халах сахилгын шийтгэлийг оногдуулсан байна.

2.5 С.Ш- нь эс зөвшөөрч Хэнтий аймгийн Засаг даргад маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах гомдлыг 2024 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан байна.

2.6 Гомдлын хариу болох Хэнтий аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсийн даргын 2024 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 4/242 дугаартай “... гомдлыг судлан үзэхэд сумын Засаг дарга Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 59.1.22 дахь хэсэгт заасны дагуу шийдвэрлэсэн байна” гэсэн албан бичгийг хүргүүлсэн байна.

2.7 Нэхэмжлэгч “Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/01 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны олговрыг олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах” шаардлагатай нэхэмжлэлийг тус шүүхэд 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр ирүүлсэн.

2.8 Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 127/ШЗ2024/0038 дугаартай захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

 

3. Нэхэмжлэгч С.Ш-, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

3.1 Сумын Засаг дарга Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн  24.1, 24.2 дах хэсэгт заасныг зөрчсөн. Албаны эрх мэдлээ хэтрүүлэн 6м3 түлээний мод бэлтгэх эрхийн бичгээр ивээн тэтгэн, батламжийг Монгол Ардын Намын хорооны шинэ жил дээр сугалаанд оруулж, азтан шалгаруулан гардуулж, хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүгээгүй гэх захирамжийн үндэслэлийн талаар бодит нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй. Ойн тухай хууль зөрчсөн гэж үзвэл Байгаль орчны хяналтын улсын байцаагч энэ зөрчлийг нь шалган тогтоосон зүйл байхгүй.

Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн гэж халсан, ямар журам зөрчсөн гэж үзсэн нь тодорхойгүй. Аймгийн Байгаль орчны газраас бичиг ирсэн, сумын Засаг даргын Зөвлөлийн хурлаар хэлэлцсэн гээд  ажлаас халсан.

Засаг даргын зөвлөлийн хуралд С.Ш-ыг оролцуулаагүй. Тус зөвлөл нь ажиллах журамгүй асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн нь эрх зүйн зөрчилтэй.

3.2 Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасныг Засаг дарга зөрчиж надад  тайлбар, санал гаргах боломж олгоогүй. Сонсох ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүй, намайг буруутгаж Засаг дарга өөрөө яриад байсан. Ямар сахилгын арга хэмжээ авах гэж байгаагаа хэлээгүй. Би маргааш нь бичгээр тайлбараа өгсөн. Хууль зөрчөөгүй гэж тайлбар өгөөд байхад энэ тайлбарт тодруулга хийж нотлох баримт цуглуулж шалган тогтоогоогүй.

3.3 Зөрчил гаргасан гэж үзвэл захирамж гаргахдаа зөрчлийн шинж байдал, өмнө нь зөрчил гаргаж байсан эсэх зэрэг нөхцөл байдлуудыг харгалзаж үзээгүй. Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэлүүдээс хамгийн хүнд хэлбэрийг нь сонгож сахилгын шийтгэл оногдуулсан үндэслэлээ тодорхой заагаагүй.

3.4 Би Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын МАН-ын хорооны дэд даргын сонгуульт ажлын чиг үүргийн хүрээнд намын шинэ жилийг 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулж ажилласан байхад албаны эрх мэдлээ хэтрүүлсэн... гэж үзсэн. Засаг даргын орлогчийн албан үүрэгтэй нь огт хамааралгүй учраас Засаг даргын орлогчийн албаны эрх мэдлээ хэтрүүлээгүй. Тэгээд ч сумын Засаг даргын орлогчийн бүрэн эрх, чиг үүргийг хуулиар тогтоогоогүй. Хариуцлагын гэрээг бэлэгдлийн чанартай байгуулсан. Миний хувьд Засаг даргын орлогчоор ажиллаж байхдаа орон нутгийн хөгжлийн сангийн ажлын хэсгийг ахалж байсан, аймгийн Засаг даргын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын үйл ажиллагаанд хяналт тавих үүрэгтэй байсан.

3.5 Ахуйн зориулалтаар иргэнд ойн ангиас түлээний унанги мод, гишүү, мөчирт олгодог эрхийн бичигт бичигдэх ойн нөөц ашигласны төлбөр болох 7104 төгрөгийн төлбөрийг хувиасаа төлөхөөр тооцож сугалааг намын дэд даргын болон иргэнийхээ хувьд явуулсан. Үүнийг хуулиар хориглоогүй учир хууль зөрчөөгүй.

Би намын Дэд даргын хувьд сюрприз болгож оны дараа намар ч юм уу тухайн хүн мод бэлтгэх үед нь төлбөрийг нь төлнө гэж хэлээд Батламж гэж яриад байгаа хоосон цаасыг өгсөн. Энэ нь мод бэлтгэх эрхийн бичгийг орлохгүй. Сайдын тушаалаар батлагдсан Ойн ангиас олгох эрхийн бичгийг би олгох эрх бүхий этгээд биш. Мод бэлтгэх хүсэлтээ иргэн бичгээр гаргаад асуудлыг ойн анги шийддэг.

Энэ сугалааг явуулахаас өмнө Хэнтийн шинэсСум дундын ойн ангийн ахлах инженер Б.Д-ээс асуухад тэр үедээ болох байх тэг тэг гэж хэлсэн. Сугалааны азтан нь Т.Б гэж хүн, фэйсбүүк хуудаст пост тавьсан хүн нь Т.Б-ийн эхнэр Т гэх хүн.

3.6 Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны А-153 тоот тушаалын 3 дугаар хавсралтаар Ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг-ийн загварыг баталсан загварын эрхийн бичгийг ойн ангиас авч сугалаанд оруулаагүй, мөн бусдад шилжүүлж өгөөгүй, хэн нэгэнд хохирол учруулаагүй. Сугалааны “Батламж”-ыг аймгийн Хүнс хөдөө аж ахуйн Тархвар зүйч С.Гантогоог гуйж хийлгэсэн. ... ивээн тэтгэгч МАН—ын дэд дарга Засаг даргын орлогч С.Ш- гэж бичээрэй гэж С.Гантогоод тусгайлан хэлээгүй. Овог нэргүй, он сар, өдөргүй дугааргүй, гарын үсэг тамга, тэмдэггүй өнгөтөөр хэвлэсэн хоосон цаас.  Тухайн үед анзааралгүй өгсөн. Энэ нь мод бэлтгэх эрхийн бичгийг хууль журмаараа төлөөлөхгүй. Сайдын тушаалаар батлагдсан Ойгоос мод бэлтгэх эрхийн бичгийг азтан шалгаруулж түүнийг хонжворт нь батламж гэх зүйлийг нэг ч хүнд өгөөгүй. Тухайн үед өгсөн С.Гантогоогоор хийлгэсэн Батламж гэх нь боронзтой зузаан цаасаар хийсэн байсан. Энийг нь Батсуурийн эхнэр тухайн үед гэртээ шатаасан гэсэн. Харин шүүхэд ирүүлсэн батламж гэх нь бичвэр, утга агуулга нь мөн боловч цаас нь нимгэн нөхөж гаргуулсан байна. Нотлох  баримтын шаардлага хангахгүй ” гэв.

 

4. Хариуцагч Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг дарга Б.Э шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

4.1 “Ойн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-т заасны дагуу ойгоос мод бэлтгэх дээд хязгаарыг жил бүр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэн, тогтоолоор баталдаг. Ойн анги дээд хязгаарт багтаан иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн бичиг олгодог. Тухайн жилд баталсан мод бэлтгэх зөвшөөрөл бүхий тогтоолд сугалаанд мод бэлтгэх эрхийн бичиг олгох хуваарь батлагдаагүй.

Ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг олгох үйл ажиллагааг Ойн тухай хуулийн 32 дугаар зүйл бэлтгэж ашиглах модны хэмжээг тогтоох, 33 дугаар зүйл мод бэлтгэх гэрээ байгуулах, 34 дүгээр зүйл мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгохоор зохицуулсан.

Мөн “Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-ын 4.1-т  “Иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийг бүрэн төлсний дараа Ойн тухай хуулийн 34.1-д заасны дагуу эрхийн бичгийг олгоно.” гэж заасан байдаг.

“Ойгоос мод бэлтгэх журам”-ын 2.11-д “Сум, дүүргийн Засаг дарга сумын ИТХ-ын тогтоолыг үндэслэн Ойн тухай хуулийн 18.2.7-д заасны дагуу мод бэлтгэх шийдвэр гаргана”, 2.12-т “Мод бэлтгэх эрх авсан нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаагаа эхлэхээс өмнө сумын Засаг даргын шийдвэрийг үндэслэн гэрээг загвар-ын дагуу Ойн ангитай байгуулна”, 3.1-т “Ойн тухай хуулийн 33.1-д заасны дагуу мод бэлтгэх гэрээ байгуулсан, эсхүл 34.1-д заасны дагуу эрхийн бичиг олгогдсоноор ойгоос мод бэлтгэх эрх үүснэ”, 3.3-т “Мод бэлтгэгч талбай тусгаарласан материалыг үндэслэн ойн нөөц ашигласны төлбөр хураамжийг урьдчилан төлж, “Ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг”-ийг Ойн ангиас эсхүл сум, дүүргийн Засаг даргын томилсон эрх бүхий албан тушаалтнаас авна” гэсэн холбогдох хууль, журмын дагуу явагддаг.

Гэтэл С.Ш- нь хууль журмыг зөрчин төрийн үйлчилгээг сугалаа хэлбэрээр явуулсан эрхийн бичиг гэж батламж олгосон үйлдэл нь олон хүний өмнө болсон. С.Ш- төрийн албан хаагч хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэж байна. Би энэ үйлдлийг таслан зогсоосон. Хэрвээ арга хэмжээ аваагүй бол хэрэгжээд явах байсан.

4.2 Засаг даргын орлогчийн албаны эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзэж байна. Мод бэлтгэх эрхийн бичгийг хууль журмын дагуу олгодгийг мэдсээр байж сугалаа хийж хонжворт нь Түлээний мод бэлтгэх эрх гэж ойлгохоор батламж олгосон нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1.”Төрийн албан хаагч Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх үүрэг”-тэй гэсэн заалтыг, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2 дахь “Төрийн албан хаагч албаны эрх мэдлээ хэтрүүлэх үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гэж заасныг зөрчсөн үйлдэл юм.

4.3 Төрийн үйлчилгээг сугалаа хэлбэрээр явуулж байна, хонжворт нь батламж олгосон тухай цахим орчинд ч хүмүүс бичиж байсан, энэ нь олон нийтэд мэдээлэгдсэн. Энэ бол хууль бус гэж би өөрт нь хэлсэн.

Засаг даргын орлогчийн хувиар Ойн анги уруу сугалаа явуулах талаар ярьсан гэж ойлгож байгаа. Жирийн иргэн энэ талаар ойн анги уруу ярьж, Мод бэлтгэх эрхийн бичгийн сугалаа явуулах боломжгүй. Мод бэлтгэх эрхийн бичиг олгох ажиллагаа бол төрийн үйлчилгээ, үүнийг ингэж сугалаа хэлбэрээр явуулж болохгүй. Жишээ нь иргэний бүртгэлийн үйлчилгээг ийнхүү сугалаагаар олгож болохгүй шүү дээ үүнтэй яг адилхан.

Тухайн олгосон эрхийн бичиг бүхий батламжид “...6м3 түлээний мод бэлтгэх эрхийн бичиг. Ивээн тэтгэсэн: МАН-ын хорооны дэд Засаг даргын орлогч С.Ш-” гэж албан тушаалаа тодотгон бичсэн байгаа нь албаны эрх мэдлээ хэтрүүлснийг нотолж байна.

4.4 Хэнтий аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын 2024 оны 01 сарын 04-ний өдрийн 10 дугаартай сугалааны батламжийг хүчингүй болгож, холбогдох албан тушаалтанд арга хэмжээ авах албан тоот ирүүлсэн ба сумын Засаг даргын зөвлөлийн хурлаар энэ асуудлыг хэлэлцүүлэн 100 хувийн саналаар хариуцлага ногдуулахаар шийдвэрлэсэн.

4.5 Зөрчлийг шалган тогтоогоогүй гээд байна. Ойн ангид болон батламж авсан иргэнд Засаг даргын зүгээс албан тоот явуулж, Ойн ангийн даргыг сумын Засаг даргын зөвлөлийн хуралд оруулж саналыг нь сонссон. Мөн  батламжийг хийсэн гэх Гантогоогоос тайлбар авсан. Энэ үйл явдал олон нийтийн өмнө болсон тодорхой асуудал. Шалгаад Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн шийдвэрээ гаргасан.

4.6 С.Ш-т 2024 оны 01 сарын 05-ны өдөр сонсох ажиллагааны мэдэгдлийг хүргүүлж, уулзаж тайлбар, санал гаргах боломжоор хангасан. С.Ш- өөрөө тайлбараа бичээд орж ирсэн. Тайлбарыг авсан. Сонсох ажиллагаа хийснээс хойш 2 өдрийн дараа захирамж гаргасан. Энэ хугацаанд бусад нэмэлт нотлох баримт тайлбар өгөх боломжтой байсан.

4.7 С.Ш-ыг анх томилуулахаар сумын ИТХ-д оруулж  2 удаа хүлээн авахгүй буцаахад нь би итгэл хүлээлгэн Засаг даргын орлогчоор томилсон. Сумын Засаг даргын орлогчийн албан тушаал бол улс төрийн албан тушаал. Сумын Засаг даргыг бүрэн эрхээ хэрэгжүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлж, хамтран ажиллах ёстой, сонгуулийн үр дүнгээр томилогддог, улс төрийн намын болон аймаг орон нутаг, төрийн албаны нэр хүндийг хамгаалж, хуулийг хэрэгжүүлж ажиллах ёстой. Сумын Засаг даргыг томилох чөлөөлөх, огцруулах бүрэн эрхийг Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.22-д заасан байдаг. Хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд сахилгын шийтгэл ногдуулсан.

4.8 Ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг Төрийн албаны тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д заасны дагуу хариуцахгүй...” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Ш-ын нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нарын гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлээд дараах дүгнэлт хийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

1. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн Б/01 дугаартай захирамжийг Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.22 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1, 39 дүгээр зүйлийн 39.1.2, 48 дугаар зүйлийн 48.1, 48.1.4 дэх заалтуудыг үндэслэн гаргажээ.

2. Монгол улсын засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Засаг дарга энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасан бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт “Сумын Засаг дарга харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” 59.1.22 дахь заалтад “сумын Засаг даргын орлогч, тамгын газрын даргыг томилох, чөлөөлөх, огцруулах” гэж тус тус заажээ.

3. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт “Төрийн улс төрийн албан тушаалд Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулиар тогтоосон болзол, журам, шалгуурын дагуу сонгогддог болон уг сонгуулийн үр дүнд томилолтын журмаар ажиллах, мөн тэдгээрийн бүрэн эрхийн хугацаанд өөрт нь үйлчлэх орон тооны дараах албан тушаал хамаарна” 11.1.9 дэх заалтад “бүх шатны Засаг дарга болон аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргын орлогч...”, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Улс төрийн албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг хуулиар тогтоох бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн холбогдох заалтыг дагаж мөрдөнө” гэж тус тус заасан.

4. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт “Төрийн албан хаагч дараах нийтлэг үүрэг хүлээнэ” гээд мөн зүйлийн 37.1.1 дэх заалтад “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” гэж заажээ.

5. Мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэгт “Төрийн албан хаагч хуульд зааснаас гадна дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно” гээд мөн зүйлийн 39.1.2 дахь заалтад “албаны эрх мэдлээ хэтрүүлэх” гэж заажээ.

5. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн үйлчилгээний албан хаагчаас бусад албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна” гээд мөн зүйлийн 48.1.4 дэх заалтад  “төрийн албанаас халах” гэж зохицуулжээ.

7. Дээрх хэм хэмжээний зохицуулалтаас үзэхэд сумын Засаг даргын орлогч нь улс төрийн албан хаагч мөн бөгөөд түүнийг сумын Засаг дарга томилж, чөлөөлөх, огцруулах бүрэн эрхтэй байна. Мөн Сумын Засаг даргын орлогчийн эрх зүйн байдлыг хуульд өөрөөр заагаагүй тул Төрийн албаны тухай хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасан төрийн албан хаагчийн нийтлэг үүрэг, хориглох зүйлийг зөрчсөн бол мөн хуулийн 48 дугаар зүйлд заасан сахилгын шийтгэл ногдуулах хэм хэмжээг хэрэглэхээр байна. 

Сумын Засаг дарга нь хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд маргаан бүхий захиргааны актыг гаргасан байна.

8. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбараас үзвэл, хариуцагчаас нэхэмжлэгч С.Ш-ыг тодорхой сахилгын зөрчил гаргасан гэж үзсэн байх бөгөөд тодруулбал, “...С.Ш- нь Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Монгол ардын намын хорооны 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зохион байгуулсан шинэ жилийн арга хэмжээн дээр сугалаа явуулж “6м3 түлээний мод бэлтгэх эрхийн бичиг, Ивээн тэтгэгч: МАН-ын дэд дарга, Засаг даргын орлогч  С.Ш-” гэх агуулгатай  БАТЛАМЖ гэх бичгийг олгосон.

Засаг даргын орлогч нь түлээний мод бэлтгэх эрхийн бичиг олгох эрх бүхий албан тушаалтан биш атлаа Засаг даргын орлогч гэж албан тушаалаа тодотгон бичиж, 6м3 түлээний мод бэлтгэх эрхийн бичгээр ивээн тэтгэж  гардуулсан нь албаны эрх мэдлээ хэтрүүлэхийг хориглох зохицуулалтыг зөрчсөн. Мөн Ойгоос мод бэлтгэх эрхийн бичгийг олгох ажиллагааг холбогдох хууль журмыг зөрчиж иргэнд төрийн үйлчилгээг сугалаа хэлбэрээр олгож байгаа гэж ойлгогдохоор үйл баримт тул хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх үүргээ зөрчсөн.” гэж буруутгажээ.

9. Нэхэмжлэгч нь “Ойгоос мод бэлтгэх эрхийн бичгийн төлбөрийг төлөх сугалааг намын Дэд дарга, хувь хүнийхээ хувьд явуулсан учраас Засаг даргын орлогчийн хувьд албаны эрх мэдлээ хэтрүүлсэн зүйл байхгүй. Уг  “БАТЛАМЖ 6м3 түлээний мод бэлтгэх эрхийн бичиг” гэх бичиг нь хэвлэмэл, тамга тэмдэг гарын үсэг сери дугааргүй хоосон цаас, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны А-153 дугаар тушаалын 3 дугаар хавсралтаар батлагдсан “Ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг” биш. Ойгоос мод бэлтгэх эрхийн бичгийг сугалаанд оруулаагүй, бусдад шилжүүлээгүй, хэн нэгэнд хохирол учруулаагүй. Байгаль орчны хяналтын улсын байцаагч зөрчил гэж үзэн шалган тогтоосон зүйл байхгүй. Сонсох ажиллагааг хуульд заасны дагуу явуулалгүй сахилгын шийтгэл хүлээлгэсэн” гэж маргаж байна.

10. Шүүх маргаж буй захирамжийн эрх зүйн болон бодит үндэслэлийг хянах учиртай бөгөөд нэхэмжлэгч С.Ш- нь “6м3 түлээний мод бэлтгэх эрхийн бичиг. Ивээн тэтгэсэн: МАН-ын дэд дарга, сумын Засаг даргын орлогч С.Ш-” гэсэн бичвэр бүхий “Батламж”-ийг 2023 оны 12 дугаар сарын 25-нд Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Монгол ардын намын шинэ жилийн цэнгүүн дээр сугалаа хэлбэрээр азтан шалгаруулж, иргэн Т.Бт гардуулсныг Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалт “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” гэх үүргээ хэрэгжүүлээгүй, мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.2 дахь заалтад заасан “албаны эрх мэдлээ хэтрүүлэх” үйл ажиллагаа явуулахыг хориглосон заалтыг зөрчсөн байна гэж шүүх дүгнэлээ.

11. Шүүх  хуралдаан дээр шүүгч нэхэмжлэгчээс “хавтаст хэрэгт авагдсан энэхүү нотлох баримт нь таны сугалаагаар олгосон эрхийн бичиг, батламж мөн үү” гэх асуултад нэхэмжлэгч С.Ш- “агуулга, бичвэрийн хувьд мөн байна. ...” гэх тайлбар[1], мөн шүүгчийн “Батламжийг ямар журмаар, хэнд өгсөн бэ?” гэх асуултад нэхэмжлэгч С.Ш- хариулахдаа ”2023 оны 12 дугаар сарын 25-нд намын баярын цэнгүүн болсон. Намын хороонд төсөв санхүү байхгүй болохоор өөрсдийн боломжоор сугалааг явуулахаар шийдсэн. Би өөрөөсөө мод бэлтгэх эрхийн бичгийн мөнгөн дүнг төлнө гэж шинэ жилийн арга хэмжээн дээр хэлсэн. Азтан эрхийн бичгээ авья гэвэл би мөнгөн төлбөрийг нь төлнө гэж сугалаа хийсэн. Т гэж хүний нөхөр Батсуурь гэж хүн азтан болсон” гэх тайлбар[2], мөн шүүгчийн “энэ эрхийн бичгийг шинэ жилийн арга хэмжээн дээр өгсөн гэх үйл баримттай маргаж байна уу ” гэсэн асуултад “Батламж олгосон асуудал дээр маргах зүйл байхгүй...” гэх нэхэмжлэгчийн тайлбар[3], хавтаст хэрэгт авагдсан сугалаагаар азтанд олгосон гэх “6м3 түлээний мод бэлтгэх эрхийн бичиг, Ивээн тэтгэгч: МАН-ын дэд дарга, Засаг даргын орлогч  С.Ш-” гэж бичсэн БАТЛАМЖ[4] зэргээр сахилгын зөрчил нь үйл баримтын хувьд тогтоогдож байна.

12. Нэхэмжлэгч С.Ш- нь Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1 дэх заалт “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх” гэх төрийн албан хаагчийн нийтлэг үүргээ зөрчсөн тухайд:

1) Зөвшөөрлийн тухай хуулийн 1.3 дугаар зүйлийн 2-т “Монгол Улсад зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааны жагсаалт, зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийг энэ хуулиар зохицуулна”, мөн зүйлийн 3-т “Хуулиар зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааг эрхлэх, эсхүл байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглахад зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох харилцааг тухайлсан хуулиар зохицуулснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулна” , мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 1-д “Байгаль орчны чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно”, 1.30-т “Ойгоос мод бэлтгэх эрх - Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд / Ойн анги, эсхүл сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан” гэж  заажээ.

2) Мөн хуулийн 1.5 дугаар зүйлийн 3-т “Хуульд зааснаас бусад тохиолдолд Засгийн газар, төрийн захиргааны төв болон төрийн захиргааны байгууллага, нутгийн захиргааны байгууллага, төрийн зарим чиг үүргийг хуульд, эсхүл гэрээнд заасны дагуу шилжүүлэн авсан этгээд аливаа үйл ажиллагаатай холбогдсон зөвшөөрөл, лиценз, бүртгэл явуулахыг хориглоно”, мөн зүйлийн 4-т “Төрийн байгууллага, албан тушаалтан хуульд зааснаас бусад тохиолдолд зөвшөөрлийг шинээр бий болгосон, олгосон, эрх шилжүүлсэн бол хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл болох бөгөөд үүсэх үр дагаврыг зөвшөөрлийг шинээр бий болгосон, олгосон, эрх шилжүүлсэн этгээд хариуцна” гэж тус тус заажээ.

3) Дээрх хэм хэмжээний зохицуулалтаас үзэхэд зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагааны жагсаалт, зөвшөөрөл олгох эрх бүхий этгээдийг Зөвшөөрлийн тухай хуулиар тогтоосон байх ба зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох харилцааг тухайлсан хуулиар зохицуулснаас бусад харилцааг энэ хуулиар зохицуулахаар заажээ. Ойгоос мод бэлтгэх нь тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагаанд хамаарч байгаа ба зөвшөөрлийг Ойн анги, эсхүл сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан олгохоор байна.

4) Мөн хуульд зааснаас бусад тохиолдолд нутгийн захиргааны байгууллага аливаа үйл ажиллагаатай холбогдсон зөвшөөрөл, лиценз, бүртгэл явуулахыг хориглож, хуульд зааснаас бусад тохиолдолд зөвшөөрлийг ... олгосон, ... бол хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэл болохоор заажээ.

5) Зөвшөөрлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1-т “Зөвшөөрөл хүсэгч зөвшөөрөл хүссэн өргөдлийг түүнд хавсаргах баримт бичгийн хамт эрх бүхий этгээдэд гаргана.”, 5.3 дугаар зүйлийн 1-т “Эрх бүхий этгээд энэ хуулийн 3.2 дугаар зүйлийн 1.1-д заасны дагуу зөвшөөрөл олгох тухай шийдвэр гаргана.”,  5.4 дүгээр зүйлийн 1-т “Эрх бүхий этгээд зөвшөөрөл эзэмшигчийн хүсэлтээр, эсхүл хуульд заасан тохиолдолд зөвшөөрөл олгосныг баталгаажуулан зөвшөөрлийн баримт бичиг буюу гэрчилгээ, түүнтэй адилтгах эрхийн бичиг, бусад үнэт цаас бүхий баримт бичгийг цаасан, эсхүл цахим хэлбэрээр олгоно.” гэж заажээ.

6) Ойн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно.”,  мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 34.1-д заасан эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ, түүнийг олгох журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална” гэж заасны дагуу Байгаль орчин, ногоон хөгжлийн  сайдын 2013 оны 5  дугаар сарын 15 -ны өдрийн А-153 тоот тушаалын 1 дүгээр хавсралт “Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам” батласан.

Уг журмын 4.1-т “Иргэн, нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллагад ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийг бүрэн төлсний дараа Ойн тухай хуулийн 34.1-д заасны дагуу эрхийн бичгийг олгоно.”, 5.1-т “Тухайн жилд тараах эрхийн бичгийн тоог ойгоос бэлтгэх модны дээд хязгаарыг үндэслэн байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтоон хэвлүүлнэ”, 7.2-т “Эрхийн бичиг болон гарал үүслийн гэрчилгээг хуурамчаар үйлдэхийг хориглоно” гэж тус тус заажээ.

7) Дээрх хэм хэмжээнүүдэд баталсан загвар бүхий ойгоос мод бэлтгэх  Эрхийн бичгийг зөвшөөрөл хүссэн иргэн өргөдөл гаргасны үндсэн дээр ойгоос хэрэглээний мод, түлээ бэлтгэж ашигласны төлбөрийг төлсний дараа ойн анги олгохоор зохицуулжээ. Мөн эрхийн бичгийг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэвлүүлэх  бөгөөд эрхийн бичгийг хуурамчаар үйлдэхийг хоригложээ.

8) Ойгоос мод бэлтгэх эрхийн бичгийг олгох эрх зүйн үндэслэлийг тодорхой хууль, журмаар зохицуулсан байхад нэхэмжлэгч С.Ш- нь хууль, журмаар тогтоогоогүй “Түлээний мод бэлтгэх эрхийн бичиг” гэх батламжийг хэвлэж, сугалаагаар олгож байгаа үйлдэл нь Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Байгаль орчин, ногоон хөгжлийн  сайдын 2013 оны А-153 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-ын 7.2-т заасныг зөрчсөн байх тул Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д зааснаар хуулийг дээдлэн хүндэтгэн сахин биелүүлэх нийтлэг үүргээ хэрэгжүүлээгүй, зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 Нэхэмжлэгч “6м3 түлээний мод бэлтгэх эрхийн бичиг” гэх батламж нь хэвлэмэл, тамга тэмдэг, гарын үсэг, сери, дугааргүй хоосон цаас. Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын тушаалаар батлагдсан “Ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг” биш. Ойгоос мод бэлтгэх эрхийн бичгийг сугалаанд оруулаагүй, бусдад шилжүүлээгүй, хэн нэгэнд хохирол учруулаагүй” гэж тайлбарлаж байгаа ч олгосон гэх Түлээний мод бэлтгэх эрхийн бичиг, батламжийн агуулга нь бэлтгэх модны хэмжээг заасан, мод бэлтгэх эрх олгосон агуулгатай байх тул нэхэмжлэгчийн тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Хариуцагчийн “түлээний мод бэлтгэх эрхийн бичгийг сумын Засаг даргын орлогч олон нийтийн өмнө гардуулж байгаа нь ойгоос мод бэлтгэх эрхийн бичгийг олгох төрийн үйлчилгээг сугалаа хэлбэрээр олгож байгаа гэж ойлгогдохоор байсан” гэх тайлбарыг буруутгах боломжгүй байна.

Мөн  олон нийтийн цахим сүлжээнд уг эрхийн бичгийг иргэд хуваалцахдаа “батламж, өргөмжлөл сугалаа, эрхийн бичиг нэг дор. Ивээн тэтгэгчтэй..”[5], ”“байгалийн баялгийг ингээд шагналаар олгоод байдаг болсон уу ямар хууль байна вэ”, “байгалийн баялгиЙг хүртэл нам нь өмчлөөд хонжворт өгч байх гэж дээ, ...дарга нар нь өөрийнхөө зүгээс мод бэлтгэх эрхийг өгөөд л”[6]  гэсэн сэтгэгдэл бичсэнийг дурдаж байна.

13. Нэхэмжлэгч нь Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг “Төрийн албан хаагч хуульд зааснаас гадна дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно39.1.2 дахь заалт “албаны эрх мэдлээ хэтрүүлэхгэх үүргээ зөрчсөн тухайд:

1) Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 39.1.2-т заасан “төрийн албан хаагч албаны эрх мэдлээ хэтрүүлэх үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг хориглох”  гэдэг нь хууль тогтоомжоор  олгогдсон албаны бүрэн эрхийн хязгаарыг давж хэрэгжүүлэхийг хориглох ойлголтоос гадна  хууль, журмаар  олгоогүй бүрэн эрхийг хэрэгжүүлэхийг хориглох гэж өргөжүүлэн тайлбарлах нь зөвшөөрснөөс бусдыг хориглох нийтийн эрх зүйн зарчимд нийцэж байна.

2) Хавтаст  хэрэгт авагдсан 2021 оны 3 дугаар сарын 5-ны өдөр байгуулсан Хариуцлагын гэрээний 2.1-т “Аймаг, сумын Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг сурталчлах, биелэлтийг хангах ажлыг зохион байгуулж ажиллах”, 2.2-т “Албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өөрийн ажлын байрны ач холбогдол, гүйцэтгэх үүргийг өндөрсгөн, санаачилгатай байж, аливаа ажил, асуудлыг хууль тогтоомжид заасны дагуу бүрэн гүйцэтгэж, төрийн албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдэлж ажиллах” үүргийг төрийн албан хаагч С.Ш- хүлээжээ.[7]

3) Нэхэмжлэгч С.Ш- нь гэрээгээр хүлээсэн үүрэг болон хууль, журамд заасан ойгоос мод бэлтгэх эрхийн бичгийг олгох эрх бүхий этгээд биш атлаа ойгоос түлээний мод бэлтгэх эрх олгосон утгатай батламжийг өөрийн дур зоргоор хэвлэн, бусдад сугалаагаар азтан шалгаруулж олгосон нь хууль, журмаар олгоогүй эрх мэдлийг хэрэгжүүлж, албаны эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

4) Мөн Ойн тухай  хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт “Сум, дүүргийн Засаг дарга дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 18.2.3 дахь заалтад “энэ хуулийн 34.1, 38.1-д заасны дагуу эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээг олгоход хяналт тавих, уг эрхийн бичиг, гэрчилгээг үндэслэлгүй олгосон нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж заасан ба сумын Засаг даргын орлогч нь Засаг даргын эзгүйд дээрх бүрэн эрхийг орлон хэрэгжүүлэх эрх бүхий этгээд болохыг дурдаж байна..

14. Дээрх зөрчилд  Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, 48.1.4 дахь заалтад заасан “төрийн албанаас халах” сахилгын шийтгэл оногдуулсан нь хариуцагч  сонгох боломжийн хуульд заасан хязгаарыг хэтрүүлээгүй, буруу хэрэглээгүй байна гэж үзлээ.

15. Сахилгын зөрчлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу эрх бүхий албан тушаалтан Зөрчлийн тухай хуулийг зөрчсөн эсэхийг шалган тогтоосон байхыг шаардахгүй тул нэхэмжлэгчийн “зөрчлийг эрх бүхий этгээд шалган тогтоогоогүй байхад шийтгэл ногдуулсан” гэх тайлбарыг шүүх хүлээн авах боломжгүй.

16. Нэхэмжлэгчийн “...хуульд заасны дагуу сонсох ажиллагааг явуулаагүй, Засаг дарга намайг буруутгаж өөрөө яриад байсан. Намайг үг хэлэх, тайлбар санал гаргах боломжоор хангаагүй” гэх тайлбар нь тогтоогдохгүй байна. 

Тодруулбал:Захиргааны ерөнхий хуулийн 24.1 дэх хэсэгт “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.4 дэх хэсэгт “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно”, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэж тус тус заасан. Хуулийн энэхүү зохицуулалт нь эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх этгээдэд огт мэдэгдэлгүй захиргааны актыг гаргаж болохгүй, харин гаргах гэж буй шийдвэрийнхээ үндэслэлийг тодруулах зорилгоор тайлбар, саналыг сонсох, хэрвээ гаргасан тайлбар санал нь үндэслэлтэй бол харгалзан үзэх нь захиргааны акт хууль ёсны байх зарчмыг хангахад чиглэгдэж байгаа юм. Харин сонсох ажиллагаанд оролцсон этгээдийн санал, хүсэлтийг заавал авна гэсэн үг биш.

Хариуцагч 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр сонсох ажиллагаа хийх мэдэгдлийг нэхэмжлэгч С.Ш-т хүргүүлсэн[8], шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг түүнд танилцуулсан тэмдэглэл[9], сонсох ажиллагааг зохион байгуулж үйлдсэн тэмдэглэл[10], нэхэмжлэгч С.Ш-ын бичиж өгсөн тайлбар[11] зэрэг нотлох баримтуудаар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломжоор хангасан байна гэж шүүх үзлээ.

17. Хариуцагчийн “Засаг даргын орлогч бол улс төрийн албан хаагч, сумын Засаг дарга хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хууль зөрчсөн үйлдэлд нь шийтгэл ногдуулж түүнийг төрийн албанаас халах бүрэн эрхтэй” гэсэн тайлбарыг буруутгах боломжгүй байна.

Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан “Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргын 2024 оны 01 дугээр сарын 08-ны өдрийн Б/01 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны олговрыг олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг  даалгах” тухай шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэг, мөн хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.22 дахь заалт, Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэг, 37.1.1 дэх заалт, 39 дүгээр зүйлийн 39.1 дэх хэсэг, 39.1.2 дахь заалт, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэг, 48.1.4 дэх заалт, Зөвшөөрлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 8.1.30 дахь хэсэг, Байгаль орчин, ногоон хөгжлийн  сайдын 2013 оны 5  дугаар сарын 15 -ны өдрийн А-153 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Гарал үүслийн гэрчилгээ олгох, хяналт тавих журам”-ын 7.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Ш-аас Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргын 2024 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн Б/01 дугаартай “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” захирамжийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийн урьд эрхэлж байсан албан тушаалд нь эгүүлэн тогтоон, ажилгүй байсан хугацааны олговрыг олгож, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг  даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БАЯРМАА

 

[1] Хавтаст хэргийн 177 дугаар хуудас,

[2] Хавтаст хэргийн 177 дугаар хуудас,

[3] Хавтаст хэргийн 178 дугаар хуудас,

[4] Хавтаст хэргийн 117 дугаар хуудас,

[5] Хавтаст хэргийн 70 дугаар хуудас

[6] Хавтаст хэргийн 73 дугаар хуудас,

[7] Хавтаст хэргийн 33 дугаар хуудас,

[8] Хавтаст хэргийн 57 дугаар хуудас,

[9] Хавтаст хэргийн 58 дугаар хуудас,

[10] Хавтаст хэргийн 59-60 дугаар хуудас,

[11] Хавтаст хэргийн 61-62 дугаар хуудас,