Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2022/ДШМ/888

 

 

 

 

 

 

О.О д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Улсболд,

шүүгдэгч О.О , түүний өмгөөлөгч С.Чинзориг,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/941 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.О , түүний өмгөөлөгч С.Чинзориг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар О.О д холбогдох 2208000001114 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овгийн О ийн О , …….. оны ……… дугаар сарын ………-ны өдөр ……….. аймагт төрсөн, ……. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “…………” ХХК-д менежер ажилтай, ам бүл 2, эхийн хамт …………. аймгийн …… сумын ……. дугаар баг, …………. дугаар гудамжны ……….. тоотод оршин суух бүртгэлтэй боловч …………… дүүргийн …. дугаар хороо, …… дугаар байрны ……… тоотод түр оршин суух,

Сум дундын 28 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 46 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

Шүүгдэгч О.О  нь 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 22 дугаар байрны орчим урьд нь хамтран амьдарч байсан Ц.Э ыг бусадтай хардан зодож, эрүүл мэндэд нь баруун хоншоорын хөндийн урд хананы цөмөрсөн хугарал, баруун хоншоорын хөндийн хажуу хана хугарал, баруун нүдний хажуу хана, доод ханануудын хугарал, зүүн ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: О.О ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч О.О ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч О.О ыг 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.О д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч О.О аас 7.387.000 төгрөгийг хохирогч Ц.Э д төлсөн, цаашид төлөх төлбөргүй болохыг, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч О.О д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.О  давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан  тайлбартаа: “...Миний бие өөрт холбогдох хэргийн талаар маргах зүйлгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхийн ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Миний бие бусдад учруулсан хохирол төлбөр болон сэтгэл санааны хохирлыг бүрэн барагдуулсан. Хохирогчийн зүгээс ямар нэгэн гомдолгүй, ялыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтэй байгаа. Миний ээж өндөр настай хүн байдаг. Надаас өөр асран халамжлах хүнгүй тул эрхэм шүүгчид та бүхэн энэхүү нөхцөл байдлыг минь харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү” гэв.

Шүүгдэгч О.О ын өмгөөлөгч С.Чинзориг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Учир нь, шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар нотлогдохгүй байна. Үүнд, аюулын зэргийн үнэлгээг хэт нэг талыг барьж хийсэн, хорооны хамтарсан багийн хурлаар энэхүү гэр бүлийн хүчирхийлэл үнэхээр гарсан эсэх асуудлыг хэлэлцүүлж дүгнэлт гаргуулаагүй, шүүгдэгч О.О ын хувийн байдлыг сайтар тодруулаагүй, түүний ажил эрхлэлт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт зэргийг хэрэгт хавсаргаагүй. Шүүгдэгч хэдийгээр өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх хэдий ч мөрдөгч, прокурорын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7, 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй, хувийн таарамжгүй харьцааны улмаас үүссэн маргаан уу, гэр бүлийн хүчирхийлэл болсон уу гэдгийг бүрэн нотолж чадаагүй, харин эсрэгээрээ урд өмнө ял шийтгүүлсэн асуудлыг одоогийн гэмт хэрэгтэй нь холбон тайлбарлаж, түүнийг зан суртахууны доголдолтой, архины зүй бус хэрэглээнээс хамааралтай мэтээр буруутган дүгнэсэн нь алдаатай болжээ. Мөн хохирогч Ц.Э  нь бодит байдал дээр бусадтай гэр бүлээс гадуур харилцаа тогтоосон байдлыг нь О.О  мэдэж, түүнээсээ болж маргалддаг, муудалцдаг байсан. Мөн хүүхдийнхээ асуудлаар уулзаж, ер нь цаашид эвлэрэх, хамт амьдрах талаараа ойлголцож байх үед нь Ц.Э  руу шөнийн цагаар урьд гэр бүлээс гадуур харилцаа тогтоосон гэх эрэгтэй хүн залгаснаар тэр хоёрын маргаан улам ширүүсч, Ц.Э  нь эхлээд шүүгдэгч рүү согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ дайрсан, нүүрийг нь самардсан, эмзэг эрхтэн рүү нь өшиглөж харилцан зодолдсон ч байх магадлалтай байхад энэ байдлыг тогтоогоогүй байна. Мөн хохирогчийн мэдүүлсэн гэрч нь мэдүүлэгтээ намайг харж байхад цохиж зодсон зүйл болоогүй гэсэн байдаг. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч О.О д холбогдох эрүүгийн хэрэгт хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, мөн хохирол төлбөр бүрэн төлсөн зэргийг харгалзан үзэж, хорих ялыг 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү” гэв.

Прокурор Н.Улсболд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүхээс шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчийн гэм буруу, эрүүгийн хариуцлагын асуудлыг ямар нотлох баримтаар тогтоогдсон талаар дурдсан. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, учруулсан хохирол зэрэг тухайн гэмт хэргийн улмаас ар гэрт нь хэрхэн нөлөөлсөн болох талаар шүүх тодорхой дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Мөн дээрхээс гадна цаашид учирч болох хор уршгийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгчид 1 жил хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй бөгөөд хэргийн бодит байдалтай нийцсэн. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч О.О  нь 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 22 дугаар байрны орчим урьд нь хамтран амьдарч байсан Ц.Э ыг бусадтай хардан зодож, эрүүл мэндэд нь баруун хоншоорын хөндийн урд хананы цөмөрсөн хугарал, баруун хоншоорын хөндийн хажуу хана хугарал, баруун нүдний хажуу хана, доод ханануудын хугарал, зүүн ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ц.Э ын “...Би Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо, 22 дугаар байрны 42 тоотод хоёр хүүхдийн хамтаар амьдардаг. Би О  гэх хүнтэй 2014 онд танилцаад тэр жилдээ гэр бүл болж, 2015 онд манай том хүү О.А  мэндэлсэн. Тэрнээс өмнө би нэг хүүтэйгээ хамт амьдардаг байсан. О намайг ямар нэгэн шалтгаангүй бусадтай хардаад байдаг учраас одоогоос 1 сарын өмнө тусдаа амьдарч эхэлсэн. Би 2022 оны 05 дугаар сарын 13-ны шөнө хоёр хүүтэйгээ кино үзчихээд гэртээ ирээд байж байтал хүн сормуус хийлгэе гэхээр нь би сормуусыг нь хийж өгчихөөд 00 цагийн үед гэртээ орох гэж байтал О  миний сормуус хийсэн айлын хоёр давхарт сууж байсан. Тухайн үед О  архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай, шатан дээр торондоо пиво хийчихсэн уугаад байж байсан. Тэгээд би тухайн айлаас гараад гэр рүүгээ явж байтал араас гарч ирээд “ярилцах хэрэгтэй байна” гээд гэр рүү оруулахгүй байсан. Тэгээд бид хоёр сааданд суугаад юм ярьж байгаад уутанд байсан 4 ширхэг жижиг пивоноос надад өгөхөөр нь “би уухгүй” гэж хэлэхэд надад “уучих, тэгээд хүүгээ яах талаар ярилцъя” гэхээр нь би 1 шил пивыг нь уусан. Тэгээд бид хоёр шөнийн 02 цаг хүртэл юм ярьж сууж байгаад би гэр рүүгээ орох гээд хоёр давхарт явж байтал хогийн пункерийн тэнд очоод “намайг өөр хүнтэй болчихсон юм биш үү” гэж хэлээд миний толгой руу гараараа хоёр удаа цохисон. Би тэр үед “туслаарай” гэж орилоход миний амыг дараад хоолойноос боогоод намайг утсаа гаргаад ир гэхээр нь би утсаа гаргаж өгсөн. Гэтэл миний утсыг харж байх хугацаанд нь би “чи наад утсаа ав” гэж хэлчихээд гэртээ орох гэтэл “чи намайг дагаж гар, тэгэхгүй бол би гэртээ ороод хоёр хүүхдийг чинь хутгаар сийчиж ална” гэхээр нь би дагаж гарсан. Тэгээд 22 дугаар байрны урд сааданд очиж суугаад утсан дээрх ярьсан дугаарыг “энэ хэн юм бэ” гэх зэргээр нэг бүрчлэн асууж, намайг янхан, гичий, банзал гэх зэргээр доромжилж байгаад миний нүүр рүү гараа атгаж байгаад 4-5 удаа цохисон. Тэгээд би газарт унасны дараа миний толгой нүүр хэсэг рүү өшиглөсөн. Тэгээд миний хоолойг боосон байсан. Тэр үед би ухаан балартаад нэг сэргээд харахад миний нүүр, ам аймаар их хавдаад хөхөрчихсөн байсан. Тэр үед байрны архи уугаад байдаг нэг ах ирээд “болиоч” гэж хэлсэн. Гэтэл О  тэр хүнийг “чи зайл, чамайг ч гэсэн ийм болгоно” гэж хэлсэн чинь тухайн ах яваад өгсөн. Тэгээд сүүлд дахиж ирээд О ыг “болиоч” гэж хэлэхэд тухайн хүнтэй маргалдаж байх хооронд би гэр рүүгээ гүйж орсон. Намайг болон хүүхдүүдийг олон удаа заналхийлж байсан. Хэрэг болсноос хойш 2-3 удаа ирж намайг ална гэж сүрдүүлсэн. ...” /хх 11-12/,

шүүгдэгч О.О ын яллагдагчаар өгсөн “...Э  “чи ганц бие, би хоёр хүүхэд авч явж байна” гэж хэлээд хэрүүл хийгээд байсан. Тэгээд бид хоёр маргалдаж байхад миний нүүр, ам хэсэг рүү гараа сарвалзуулаад маажаад, миний хөл рүү өшиглөхөөр нь би нэг удаа хацар руу нь алгадсан. Тэгээд орилоод байхаар нь гадагш авч гараад байрных нь зүүн талын сааданд очиж суусан. Тэр үед Э  хэрүүл хийгээд миний эмзэг эрхтэн рүү өшиглөөд дайраад байхаар нь нүүр рүү y, гараараа 2-3 удаа цохисон. ...” /хх 42-44/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 7105 дугаартай “Ц.Э ын биед баруун хоншоорын хөндийн урд хананы цөмөрсөн хугарал, баруун хоншоорын хөндийн хажуу хана хугарал, баруун нүдний хажуу хана, доод ханануудын хугарал, зүүн ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүү хоолойн цус хуралт, хоёр нүдний алимны салстын цус хуралт, ар нуруу, зүүн гарын ядам хурууны цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун хоншоорын хөндийн урд хананы цөмөрсөн хугарал, баруун хоншоорын хөндийн хажуу хана хугарал бүхий гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Баруун нүдний хажуу хана, доод ханануудын хугарал, зүүн ухархайн дотор хананы цөмөрсөн хугарал, нүүрний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүн хоолойн цус хуралт, нүдний алимны салстын цус хуралт, ар нуруу, зүүн гарын ядам хурууны цус хуралт бүхий гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой” /хх 26-27/ гэсэн дүгнэлт,

аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх 4-5/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, харьцуулан шинжлэн судлах байдлаар үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоон шүүгдэгч О.О ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч О.О ын хамтран амьдарч байсан Ц.Э ыг бусадтай хардан зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч О.О  “...миний бие учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан, хохирогч гомдол, саналгүй, ээж маань өндөр настай бөгөөд надаас өөр асран халамжлах хүнгүй зэргийг харгалзан үзэж, хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү...” гэсэн,

шүүгдэгч О.О ын өмгөөлөгч С.Чинзориг “...аюулын зэргийн үнэлгээг хэт нэг талыг барьж хийсэн, хорооны хамтарсан багийн хурлаар гэр бүлийн хүчирхийлэл гарсан эсэхийг хэлэлцүүлж, дүгнэлт гаргуулаагүй, шүүгдэгчийн хувийн байдлыг сайтар тодруулаагүй, түүний ажил эрхлэлт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлт зэргийг хэрэгт хавсаргаагүй тул шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, ... шүүгдэгч хэдийгээр өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх хэдий ч мөрдөгч, прокурорын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7, 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй, хувийн таарамжгүй харьцааны улмаас үүссэн маргаан уу, гэр бүлийн хүчирхийлэл болсон уу гэдгийг бүрэн нотолж чадаагүй, харин эсрэгээрээ урд өмнө ял шийтгүүлсэн асуудлыг одоогийн гэмт хэрэгтэй нь холбон тайлбарлаж, түүнийг зан суртахууны доголдолтой, архины зүй бус хэрэглээнээс хамааралтай мэтээр буруутган дүгнэсэн нь алдаатай болсон. ... хохирогчийн бусадтай гэр бүлээс гадуур харилцаа тогтоосон байдлыг шүүгдэгч мэдсэнээр хоорондоо маргалдаж, муудалцдаг байсан. ... хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, мөн хохирол төлбөр бүрэн төлсөн зэргийг харгалзан үзэж, хорих ялыг 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудын талаар шалгасан, уг мөрдөн шалгах ажиллалааны үр дүнд цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудын хүрээнд хэргийг үйл баримтын талаар дүгнэлт хийх боломжтой буюу мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдах хэм хэмжээнд нийцүүлэн хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.

Шүүгдэгч О.О нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж заасанд хамаарах өөрийн хамтран амьдрагч байсан Ц.Э д 2022 оны 2 дугаар сарын 17-ны өдөр хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан үйлдэлдээ Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар 18 хоногийн шийтгэл эдлэж байжээ.

Шүүгдэгч О.О  нь хамтран амьдрагч байсан Ц.Э ыг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учирсан хохирол, хор уршигт дүгнэлт хийхэд түүнд анхан шатны шүүхээс 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь гэм бурууд нь тохирчээ.

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.О, түүний өмгөөлөгч С.Чинзориг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч О.О ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 50 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцохоор заав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/941 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.О , түүний өмгөөлөгч С.Чинзориг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.О ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 50 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

                       

                        ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР