| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 105/2018/0833/э |
| Дугаар | 222 |
| Огноо | 2019-05-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Сарангэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2019 оны 05 сарын 24 өдөр
Дугаар 222
Ч.Д, Ц.Г нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгч Ц.Г-, Ч.Д- болон тэдгээрийн өмгөөлөгч Б.Батжаргал, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1729 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 146 дугаар магадлалтай, Ч.Д-, Ц.Г- нарт холбогдох 1806023970799 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батжаргалын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
1. Монгол Улсын иргэн, 1970 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 48 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “***” ХХК-нд барилгын даамал ажилтай, эм бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Ц-н Г,
2. Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 02-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, эрэгтэй, 33 настай, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “***” ХХК-нд сантехникийн ахлах инженер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт Ч-н Д.
Ц.Г-, Ч.Д- нар нь бүлэглэж 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа барилгын хашаан дотор тус барилгын хамгаалагч Д.А-г зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Ц.Г-, Ч.Д- нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Г-од 240 цаг, шүүгдэгч Ч.Д-т 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Ц.Г-, Ч.Д- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай” гэж өөрчилж, тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батжаргал гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тухайд: шүүхээс Ц.Г-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутай хэмээн дүгнэсэн ба шүүхийн энэхүү дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй. Учир нь шүүх энэхүү дүгнэлтийг гаргахдаа зөвхөн хохирогч Д.А- болон гэрч А.Нацагдорж нарын мэдүүлгийг үнэлж, Ц.Г-ыг гэм буруутайд тооцсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Д.Ганбат “...Ганболд, Найданжүүдэг нар А-г цохиж, зодсон асуудал болоогүй. Бүгдээрээ Д-, А- нарыг салгах гээд байсан...” гэж, гэрч Б.З-н “Д-, А- нар хоорондоо муудалцаад заамдалцаад байсан. Ганболд салгах гээд хориж байсан...” гэж, гэрч Б.О “...Г салгаж байсан...” гэж тус тус мэдүүлэг өгсөн. Үүнээс үзэхэд Ц.Г- нь хохирогч Д.А-г зодоогүй бөгөөд зодсон эсэх нь эргэлзээтэй байхад шүүх зөвхөн нэг талын нотлох баримтыг үнэлж, түүнийг гэм буруутай гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн “эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх зарчмыг үл харгалзан шийдвэрлэсэн нь энэ хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй юм.
Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тухайд: шүүх дээр дурдсан байдлаар Ц.Г- нь хохирогч Д.А-г зодоогүй, харин ч зодооныг салгасан байхад шүүгдэгч Ч.Д-тай бүлэглэн хүн зодсон хэмээн хэргийн бодит байдлыг буруу тогтоосны улмаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Д-, Ц.Г- нарыг гэм буруутайд тооцсон нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.
Иймээс Ц.Г-ыг гэм буруугүйд тооцож, Ч.Д-ын зүйлчлэлийг өөрчлөх, мөн шүүгдэгч Ч.Д- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг, хохирол төлбөрөө нөхөн төлөхөө илэрхийлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Анхан болон давж заалдах шатны шүүхүүд нь хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудын хүрээнд хэргийн бодит байдалд нийцсэн хууль зүйн дүгнэлт хийсэн бөгөөд Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Харин хяналтын шатны шүүхэд хянагдаж байх хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах саналтай байна” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батжаргалын гаргасан гомдлыг үндэслэн Ц.Г-, Ч.Д- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Ч.Д-, Ц.Г- нар нь 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “***” ХХК-ийн баригдаж байгаа барилгын хашаан дотор тус барилгын хамгаалагч Д.А-г бүлэглэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь нотлогдсон гэж дүгнэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.
Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудыг хянаж үзвэл, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруу, сэдэл санаа зорилгын хандлага, шалтгаан, маргааны эхлэл, өрнөл, дэс дараалал, маргаан зодоонд оролцсон хүмүүсийн үйлдлийн шинж чанарыг нарийвчлан тогтоож чадаагүй, нотлох баримтын үнэн зөв байдлын түвшинг ухаалгаар цэгнэж, бодит байдлыг тогтоох шалгалтыг оновчтой хийгээгүйгээс маргаанд оролцогч нар өөр өөрсдийн байр суурийг хамгаалсан харилцан зөрүүтэй, эсрэг зүйлсийг мэдүүлжээ.
Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар шалгаж үнэлэх хуулийн шаардлагыг зөрчиж, хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтад бус зарим нотлох баримтад тулгаарлан үйл баримтыг тогтоож дүгнэсний улмаас Ц.Г-ын гэм буруугийн талаар үндэслэл муутай дүгнэлт хийж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэхэд нөлөөлсөн байна.
Тодруулбал, ажилтнуудын хоорондын харилцаа, тэдний эрх, үүргийг тодорхойлсон байгууллагын үйл ажиллагааны дотоод дүрмийн хүрээнд инженер Ч.Д-ын тавьсан зүй ёсны шаардлагыг хамгаалагч Д.А- биелүүлэлгүй эсэргүүцснээс шалтгаалж тэдний хооронд хэрүүл маргаан өрнөсөн байх бөгөөд хэн аль нь хүмүүсийн харилцааны наад захын хэм хэмжээг сахилгүй, маргааныг биеийн хүчээр шийдвэрлэхийг зорьж харилцан зодолдсон нөхцөл байдал тогтоогджээ. Тухайн үед зодооныг салгасан гэх Ц.Г-ын мэдүүлгийг үгүйсгэн, хохирогч болон гэрч А.Н-н мэдүүлэгт тулгуурлан түүнийг бүлэглэн хохирогчийн эрх чөлөөнд халдсан гэж шүүх буруутгасан байна.
Гэтэл шүүхийн дээрх дүгнэлтэнд ноцтойгоор нөлөөлж болохуйц нөхцөл байдлууд болох өөрийг нь 4-5 хүнийг бүлэглэн зодсон мэтээр мэдүүлсэн нь мөрдөн шалгах явцад үгүйсгэгдэж, няцаагдсан хохирогчийн мэдүүлгийн үнэн зөв эсэхэд үнэлэлт өгөөгүй, мөн түүнчлэн хохирогчийн эрх чөлөөнд халдах учир шалтгаан үүсээгүй, харин зодооныг салгах санаа зорилгын хүрээнд үйлдэл хийсэн гэх Ц.Г-ын мэдүүлэг, мөн энэхүү мэдүүлгийг батлан мэдүүлсэн шүүгдэгч Ч.Д-, гэрч Д.Г, Б.З, Б.О нарын мэдүүлэг зэрэг хэргийн шийдвэрлэлтэнд ач холбогдол бүхий байж болох нотлох баримтуудыг огт үнэлж, дүгнэлгүйгээр хэргийг шийдвэрлэжээ. Энэхүү байдлаас дүгнэж үзэхэд Ц.Г- нь хохирогчийг зодсон эсэх, хэрэв зодсон бол бусдын эрх чөлөөнд хохирол учруулах шууд санаа зорилго байсан эсэх, тэрээр гэм буруутай эсэхэд эргэлзээ төрөхүйц байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Ц.Г-од холбогдох үйлдлийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, ийнхүү шийдвэрлэж байгаатай холбогдуулан шүүгдэгч Ч.Д-ын зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэв.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Ч.Д-ын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба гэмт хэрэг үйлдэгдсэн өдрөөс хойш 1 жилийн хугацаа өнгөрч мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул Ч.Д-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн өөрчлөлтийг шийтгэх тогтоол, магадлалд оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Батжаргалын “...магадлалд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тул Ц.Г-ыг гэм буруугүйд тооцож, Ч.Д-т холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж, шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий гомдлыг хүлээн авч шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1729 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 146 дугаар магадлалд “Прокуророос Ц.Г-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай”, “Шүүгдэгч Ч.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай”, “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2-т зааснаар Ч.Д-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй” гэсэн өөрчлөлтийг тус тус оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Батжаргалын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хүлээн авч шийдвэрлэсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН