| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2017/0583/Э |
| Дугаар | 500 |
| Огноо | 2017-12-04 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., |
| Улсын яллагч | А.Мөнхзул |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 500
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
Улсын яллагч А.Мөнхзул,
Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин /ҮД:0938/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Бын Бт холбогдох 1708011680121 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,1966 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймгийн Бширээт суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хөдөлмөрийн багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо ...тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Бын Б /РД: .../
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Нэг:Яллах талын нотлох баримтууд.
- Шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 20-21 цагийн орчим би Нарантуул захаас гараад баруун салааны автобусанд суугаад харих гээд явж байтал охин Этай тааралдаад гэртээ харьсан. Тэгтэл Н ууртай байхаар нь би юундаа уурлаад байгаа юм бэ гэтэл урьдын амьдрал яриад чи дандаа загнаж байдаг гэхээр нь чи одоо болиоч ээ гээд очтол Э голоор ороод чи миний ээжийг зодох гэлээ гээд намайг түлхэхээр нь би Эг уурандаа зүүн нүд рүү нь нэг удаа гараараа цохиод авсан. Ноцолдож байхдаа Эг гэдэс рүү нь өшиглөсөн байх гэж бодож байна. ... хохиролд би өөрөөсөө 2 сая төгрөг гаргаж эмчлүүлсэн байгаа, гэм буруугаа ойлгож гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх 30-31 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
- Хохирогч А.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ажлаа тараад автобусанд явж байтал хойд эцэг Бтой тааралдаад гэртээ 21 цагийн орчим хамт очицгоосон. Тэгтэл хойд эцэг Б ээжийг чамайг харахаар дургүй хүрээд байна, муу гичий минь гэж хэлээд хэрүүл өдөөд байсан. Тэгтэл хойд эцэг Б ээжийг цохих гээд дайрахаар нь би дундуур нь ороод боль миний ээжийг битгий цохих гээд бай гэтэл миний гэдэс рүү өшиглөсөн. Тэгээд миний нүүр рүү гараараа цохисон. Ааш зангийн хувьд их үглээ, янз бүрийн сонин зан гаргадаг, сэтгэл санааны их дайралт хийдэг, хорон үгтэй хүн байгаа юм. Ийм сонин зан гаргачихаад дараа нь уучлалт гуйдаг юм. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 х/
- Гэрч Т.Цацралтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 22-ны орой 22 цагийн орчим ажлаа тарж гэртээ ирээд байж байтал Эгийн 80903190 гэсэн дугаараас цагдаа дуудаад өг гэсэн мессэж ирсэн. Тэгэхээр нь би Эгийн гэрт яваад ортол гэрт Н эгч, Б ах, дүү Э нар байсан. Хаалгыг нь нүдэж байгаад онгойлгуулаад орсон чинь Б ах чамд манай гэр бүлийн асуудал хамаагүй, чи яв гэхээр нь Эгаас юу болсон юм бэ гэж асуусан чинь Б ах миний хэвлий рүү өшиглөөд нүүрэн тус газар цохичихлоо гэж хэлсэн. Албан ёсны гэр бүл биш, 8 орчим жил хамтран амьдарч байгаа. Э уйлчихсан, нүд нь хавдчихсан байсан. ...” гэх мэдүүлэг /хх 18-19 х/8
- Шинжээчийн 10759 тоот дүгнэлт
1.А.Эгийн биед зүүн хацар, гайморийн хөндий, зүүн нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, зүүн хацар, ухархайн эслэг зайд хий хуралдалт гэмтэл тогтоогдлоо.
2.3.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх шинэ гэмтэл байна..
4.5.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. гэсэн дүгнэлт /хх 23 х/
Хоёр:Хувийн байдлын талаарх баримтууд.
- Гэрч Н.Бхуягийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би бага насандаа Дорнод аймагт арван жилийн сургуульд сурч байхдаа нөгөө ангийн хүүхэд болох Бтой найзалж байсан юм. Хүүхэд байхад тэднийх Улаанбаатар хот руу нүүгээд уулзаагүй байсан юм. 2015 онд МҮОНРТ-ийн буюу зурагтад байдаг Христийн цуглаанд явж байгаад уулзаад дахин нөхөрлөж ирсэн. Б.Б манай гэрээр орж гардаг болсон. Зан аашны хувьд гайгүй хүн байгаа юм. Архи, тамхи хэрэглэдэггүй. 3 хүүхэдтэй гэж байсан. Ар гэрт нь очиж байгаагүй. ...” гэх мэдүүлэг /хх 21 х/
- Б.Бын оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх 35 х/
- Б.Бын иргэнийн үнэмлэхийн лавлагаа /хх 40-41 х/
- Б.Бын ял шийтгэгдсэн эсхийг шалгах хуудас /хх 42 х/
Гурав:Хохирлын баримтууд.
- Хохирлын баримтууд /хх 84-86 х/
- Хохиролд 2 сая төгрөг авсан, гомдолгүй тухай хохирогчийн бичгээр гаргасан хүсэлт /хх 100-101 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.
Дөрөв: Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Д.Б нь 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 21 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, .... тоотод байх гэртээ эхнэр М.Нтай хэрүүл маргаан үүсгэн түүн рүү дайрах үед дагавар охин А.Э дундуур нь орж салгахад түүний гэдэс рүү өшиглөж, гараараа нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь зүүн хацар, гайморийн хөндий, зүүн нүдний ухархайн доод хананы цөмөрсөн хугарал, зүүн хацар, ухархайн эслэг зайд хий хуралдалт бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хх 30-31 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/, хохирогч А.Эгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 12-13 х/, гэрч Т.Цацралтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /хх 18-19 х/, шинжээчийн 10759 тоот дүгнэлт /хх 23 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч Б.Бын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдон тогтоогдсон тул яллах талын нотлох баримтаар тооцож үнэлсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийн нэр томьёо, ухагдахууныг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж ойлгох нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцэж байгаа болно.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлээр хуулийн үйлчлэлд хамаарах этгээдийг 3.1 дүгээр зүйлийн 3.1.1. “... хамтран амьдрагч, ... тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж заасан, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1. “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний ... бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг, 5.1.2. “гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас ...бие махбод, сэтгэл санааны байдлаараа хохирсон хүнийг хэлнэ гэж тус тус хуульчлан зааж өгсөн, хохирогч А.Э нь шүүгдэгч Б.Бын дагавар хүүхэд, шүүгдэгч түүний хойд эцэг бөгөөд хамтран нэг гэр бүлд амьдардаг болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Иймд Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, хуульд заасан ял шийтгэлийг оногдуулах үндэслэлтэй.
Хохирлын талаар:
Шүүгдэгчийн зүгээс 2 сая төгрөгийг хохиролд өгсөн, хохирогчийн зүгээс хохирол, төлбөр нэхэмжлэх зүйл байхгүй болох нь хохирол төлсөн баримт /хх 100-101 х/-аар нотлогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар:
Б.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг арилгасан нь эрүүгийн хуульд заасан түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байгаа хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Ял шийтгэлийн талаар:
Б.Бын гэм буруутайд тооцогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа.
Б.Б хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэгт холбогдож эрүүгийн хариуцлага хүлээж байгаа зэргийг харгалзан үзээд түүнд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэсэн болно.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, 2 сая төгрөг хохиролд өгсөн, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хувийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй зэргийг шийтгэх тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Б овогт Бын Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж учруулсан гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Б.Быг хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
3.Б.Бын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирлын төлбөрт 2,000,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
4.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
5.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ