Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2022/ДШМ/889

 

 

 

 

 

 

М.Д т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Булганчимэг,

шүүгдэгч М.Д, түүний өмгөөлөгч Ц.Баасанжаргал,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/640 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч О.Г ийн гаргасан давж заалдах гомдлоор М.Д т холбогдох 2209000000716 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн М ын Д , ……. оны ……… дугаар сарын ……-ний өдөр ………. төрсөн, ……. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ….. эхнэр, хүүхдүүдийн хамт ………. дүүргийн 17 дугаар хороо, …………. дугаар гудамжны …… тоотод оршин суух, ял шийтгэлгүй,

Шүүгдэгч М.Д  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 36 дугаар гудамжны 476 тоотод хохирогч О.Г ийг “эхнэртэй хамт архи ууж доромжиллоо” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: М.Д ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М.Д ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д ыг 1.500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1,500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч М.Д нь хохирогч О.Г т 996,500 төгрөг төлсөн ба хохирогчид баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардалгүй болохыг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтэлтэй холбоотой цаашид гарах гэм хорын хохирлын талаар нотлох баримтаа бүрдүүлэн хохирогч О.Г оос шүүгдэгч М.Д т холбогдуулан иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч О.Г гаргасан давж заалдах гомдолдоо: “...Намайг гэртээ өөрийгөө хамгаалах чадваргүй, согтуу унтаж байхад М.Д  орж ирээд зодож, миний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатайгаар учруулсан. Шүүх эмнэлгийн тогтоосон гэмтлийн зэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3-т заасан “Гэмтлийн хүнд зэргийг тогтоох шалгуур”-ын 3.1.10-т “Цээжний гэмтэл, ...цээжний хэнхэрцгийн хэлбэр алдагдуулсан хоёр талын олон хавирганы, түүнчлэн нэг талын олон хавирга хоёр ба түүнээс дээш шугамаар хугарч хавирганы хавхлаас шинж үүсгэсэн бол ...”, 3.1.11-т “Цээж хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, ... дотор эрхтнийг гэмтээсэн эсэхийг харгалзахгүйгээр цээж болон хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, түүнчлэн уг шархны улмаас үнхэлцгийн хөндий, голт цээж, хэвлийн хөндийд цус, хий агаар хуралдах шинж илэрсэн бол ...” энэ ангилалд тус тус хамаарна. Гэтэл 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд өгсөн цээжний хөндийн компьютер томографын шинжилгээнд:

Цээжний томограф дээр зүүн талд 3 дугаар хавирга MСL шугамаар зөрүүгүй, 4 дүгээр талд MСL шугамаар зөрүүтэй, 5, 6, 7 дугаар хавирга LAA шугамаар зөрүүтэй, 8 дугаар хавирга LAM шугамаар зөрүүгүй, 9 дүгээр хавирга LAА болон LS шугамаар зөрүүгүй тус тус хугаралтай. Зүүн талын плеврийн хөндийд орой болон урд хэсгээр бага зэрэг сул хийтэй, мөн 1,0 см хүртэлх зузаан хэмжээтэй буюу бага зэрэг сул шингэнтэй гэсэн хариу гарсан. Дээр нь эрүү хугаралттай. Гэтэл шүүх эмнэлэг уг гэмтлийг хүндэвтэр гэж тогтоосон. Иймд уг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9  дүгээр зүйлд заасны дагуу хэргийг дахин мөрдөн байцаалтын шатанд буцааж, Шүүх эмнэлгийн дүгнэлтийг үнэн зөвөөр тогтоож өгнө үү” гэжээ.

 

Шүүгдэгч М.Д ын өмгөөлөгч Ц.Баасанжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа. Хохирогч гэмтлийн зэргийг дахин гаргуулах хүсэлтийг хүлээн зөвшөөрөхгүй. Хохирогчийн хувьд гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлттэй 2022 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр танилцан гарын үсэг зурж, гомдол саналгүй гэсэн. Миний үйлчлүүлэгч гэм буруу дээр маргадаггүй. Хохирогчийн гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй гарсан” гэв.

Шүүгдэгч М.Д  тус шүүх хуралдаанд “Хэлэх тайлбаргүй” гэв.

Прокурор Н.Булганчимэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “М.Д т холбогдох хэрэгт, хохирогч О.Г ийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний үндэсний төвд шинжилгээ хийлгэх тогтоол хүргүүлсэн. Шинжээч эмчид хууль сануулан гарын үсэг зуруулж баталгаажуулснаар түүний тусгай мэдлэгийн хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт гаргуулсан байна. Уг дүгнэлттэй холбогдуулан эргэлзээ төрөх нөхцөл байдал гараагүй учраас тухайн дүгнэлтийг үндэслэлтэй байна гэж үзсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны дагуу талуудын мэтгэлцээний хүрээнд шийдвэрлэгдсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч М.Дугаржав нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, Дамбадаржаагийн 36 дугаар гудамжны 476 тоотод хохирогч О.Г ийг “эхнэртээ хамт архи ууж доромжиллоо” гэх шалтгаанаар зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч О.Г ийн “...2022 оны 03 дугаар сарын 24-ний өдөр манай гэрт эхнэр бид хоёр байж байхад хөрш Дугаржавын эхнэр орж ирсэн юм. Тэр үед манай эхнэр ажилдаа яваад өгсөн. Ингээд бид хоёр нийлээд архи уусан, бид хоёр нийтдээ 2 шил архи ууж дуусгаад би согтоод гэртээ унтаад өгсөн. Үүнээс хойш болсон явдлыг санахгүй байгаа. Харин миний хажууд хадам ээж маань байсан болохоор тэр хүнээс болсон явдлыг сонсоход хамт архи уусан эмэгтэйн нөхөр намайг гэртээ газар хэвтэж байхад орж ирээд нүцгэн хөлөөрөө өшиглөж зодсон гэсэн, үүний улмаас миний эрүү, хавирга хугараад, зүүн нүд хөхөрсөн. ...” /хх 18-19/,

гэрч Ц.Александрын “...Г Д ын эхнэр Цэнд хоёр согтуу байсан. Удалгүй Цэнд гараад явсан. Г согтуу газар унтаж байсан. Тэгсэн удалгүй Д  орж ирээд үүдэнд тавчикаа тайлаад ... Г ийг өшиглөөд байсан. ...” /хх 28-29/,

шүүгдэгч М.Д ын яллагдагчаар өгсөн “...Миний цохисноос болоод Г т гэмтэл учирсан юм. Үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 7-9/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 4999 дугаартай “...О.Г ийн биед цээжний зүүн талын 3-9 дүгээр хавирганы хугарал, эрүү ясны далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” /хх 35-36/ гэсэн дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хоорондоо зөрүүгүй байх бөгөөд шүүгдэгч М.Д ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч М.Д ын хохирогч О.Г ийг өшиглөж зодсоны улмаас эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Д ыг 1,500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн нь гэм бурууд нь тохирсон байна гэж үзэв.

Хохирогч О.Г  “...Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3-т заасан “Гэмтлийн хүнд зэргийг тогтоох шалгуур”-ын 3.1.10-т “Цээжний гэмтэл, ... цээжний хэнхэрцгийн хэлбэр алдагдуулсан хоёр талын олон хавирганы, түүнчлэн нэг талын олон хавирга хоёр ба түүнээс дээш шугамаар хугарч хавирганы хавхлаас шинж үүсгэсэн бол ...”, 3.1.11-т “Цээж хэвлийн хөндий рүү нэвтэрсэн шарх, ... дотор эрхтнийг гэмтээсэн эсэхийг харгалзахгүйгээр цээж болон хэвлийн хөндийд нэвтэрсэн шарх, түүнчлэн уг шархны улмаас үнхэлцгийн хөндий, голт цээж, хэвлийн хөндийд цус, хий агаар хуралдах шинж илэрсэн бол ...” энэ ангилалд тус тус хамаарна. Гэтэл 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд өгсөн цээжний хөндийн компьютер томографын шинжилгээгээр “цээжний томограф дээр зүүн талд 3 дугаар хавирга MСL шугамаар зөрүүгүй, 4 дүгээр талд MСL шугамаар зөрүүтэй, 5, 6, 7 дугаар хавирга LAA шугамаар зөрүүтэй, 8 дугаар хавирга LAM шугамаар зөрүүгүй, 9 дүгээр хавирга LAА болон LS шугамаар зөрүүгүй тус тус хугаралтай. Зүүн талын плеврийн хөндийд орой болон урд хэсгээр бага зэрэг сул хийтэй, мөн 1,0 см хүртэлх зузаан хэмжээтэй буюу бага зэрэг сул шингэнтэй” гэсэн хариу гарсан. Дээр нь эрүү хугаралттай. Гэтэл шүүх эмнэлэг уг гэмтлийг хүндэвтэр гэж тогтоосныг хүлээн зөвшөөрөхгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9  дүгээр зүйлд заасны дагуу хэргийг дахин мөрдөн байцаалтад буцааж, шинжээчийн дүгнэлтийг үнэн зөвөөр гаргуулж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хохирогч О.Г ийн эрүүл мэндэд шүүгдэгч М.Д ын үйлдлээс олон тооны хавирга хугарсан гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх боловч хавирганы хавхлаас шинж үүсгээгүй, плеврийн хөндийд орой болон урд хэсгээр бага зэрэг сул хий, мөн 1,0 см хүртэлх зузаан хэмжээтэй буюу бага зэрэг сул шингэн үүссэн нөхцөл байдал нь үнхэлцгийн хөндий, голт цээж, хэвлийн хөндийд цус, хий агаар хуралдах шинжид хамаарахгүй гэж шинжээч дүгнэсэн байх тул дахин шинжээчийн дүгнэлт гаргуулахаар хэргийг прокурорт буцаах шаардлагагүй байна гэж үзэв.

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч О.Г ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/640 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч О.Ганзоригийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

 

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

                       

                        ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР