Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2022/ДШМ/890

 

 

 

 

 

С.Б д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Гансувд,

цагаатгагдсан этгээд С.Б , түүний өмгөөлөгч С.Соронзонболд,  

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/748 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Баярмаагийн бичсэн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 40 дугаартай эсэргүүцлээр С.Бямбасүрэнд холбогдох 2209000001011 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Т овгийн С ийн Б , ……..оны……. дүгээр сарын …….-ний өдөр …………. төрсөн, ……настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, …………………………….. борлуулагч ажилтай, ам бүл 2, эцгийн хамт ………. дүүргийн …………. дугаар хороо, ………… дүгээр гудамжны ……… тоотод оршин суух, ял шийтгэлгүй,

С.Б  нь 2022 оны 04 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатарын талбайн урд иргэн Н.М тэй маргалдаж, улмаар түүний хурууг хазсанаас эрүүл мэндэд нь баруун сарвууны 5 дугаар хурууны үзүүрийн шивнүүрийн хугарал, хумсны хуулрал, шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: С.Б ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч С.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д заасан буюу гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг, хохирогч нь иргэний нэхэмжлэл гаргаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч С.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Прокурор Г.Баярмаа бичсэн эсэргүүцэлдээ: “...Цагаатгах тогтоолыг хүлээн авч танилцахад хэргийн нөхцөл байдлаас зөрүүтэй дүгнэлт хийсэн буюу бодит байдалтай нийцээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Прокуророос хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримт, тогтоогдсон нөхцөл байдлын хүрээнд гэм буруугийн асуудлыг шүүхээр шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Гагцхүү түүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирлыг С.Б  нь хууль бус, тулгарсан довтолгооны өөдөөс хариу үйлдэл хийж учруулсан гэж үзэх үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй болно.

Шүүх “хохирогч Н.М  анхнаасаа С.Б ийн машинд сууж яваагүй, хожим “Сүхбаатарын талбай” дээр араас нь ирсэн талаар шүүгдэгч, хохирогч мэдүүлсээр байхад “таксины төлбөрөөс болж” маргаан үүсч, энэ гэмт хэрэг үйлдэгдсэн гэж хохирогчийн эргэлзээ бүхий мэдүүлэгт тулгуурлаж бусад нотлох баримтаар тогтоогдож буй хэргийн жинхэнэ байдлаас зөрүүтэй дүгнэлтийг хийсэн нь таамаглалын шинжтэй, хэргийн үйл баримтын талаар алдаа бүхий дүгнэлтийг хийхэд хүргэж, гэмт хэргийн шинжийн үгүйсгэсэн нөхцөл байдлын ач холбогдлыг үндэслэлгүй бууруулан “таксины төлбөрөөс үүдэн өөр хоорондоо маргалдсан гэсэн нь эрх зүйн ташаа дүгнэлт хийж буй хэрэг юм” гэж дүгнэсэн нь шүүх мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэх байдлаар хэргийг шийдвэрлээгүй гэж үзэж байна.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.М  нь Спортын төв ордны төв зам дээрээс такси барьж талбай орсон талаар, тухайн үед уг таксины жолоочтой буюу С.Б тэй маргалдсан, үг хэлээр доромжилсон талаар мэдүүлдэг бөгөөд согтууруулах ундаа хэрэглэсэн талаар ч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлж байсан. Түүний биед учруулсан гэмтлийг С.Б  хазаж учруулсан талаар мөрдөн байцаалтын шатанд ч, шүүхийн хэлэлцүүлэгт ч хохирогч зааж мэдүүлсэн, гэмт хэрэг гарах болсон шалтгааныг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсээр байхад согтууруулах ундаа хэрэглэсний улмаас зарим нэг зүйлийг санахгүй байгаа гэсэн мэдүүлэгт үндэслэж хохирогчийн мэдүүлэг эргэлзээтэй гэж дүгнэж, зөвхөн шүүгдэгчийн мэдүүлгээр хууль бус, тулгарсан довтолгооны өөдөөс хариу үйлдэл хийсэн гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Түүнчлэн шүүгдэгч С.Б  нь шүүхийн хэлэлцүүлэгт 2.5 км зам туулж “Сүхбаатарын талбай”-н зогсоол дээр ирсэн талаар мэдүүлсээр байхад тухайн замыг хохирогч хэрхэн туулж хойноос нь ирж түүний биед халдсан болох, гэрч П.Б  “...таксины жолооч гэх нэг залуу “такси барьсан хүн таксины мөнгөө өгөхгүй байна” гэж постонд ганцаараа орж ирсэн. ...Тухайн таксины жолооч залуу нь “энэ залуу таксины мөнгө өгөхгүй байна” гэсэн утгатай зүйл яриад, гараа хазуулсан залуу нь “энэ залуу миний гарыг хазсан” гээд хоорондоо маргалдаад байсан...” гэж, гэрч Ч.Гүрбазар “...Таксины жолооч машинаасаа буугаад явсан, түүний араас нь Н.М  гараа барьчихсан байдалтай таксины жолоочийн араас бууж түүний араас явсан...” гэж тус тус мэдүүлсэн байхад шүүх дээрх дүгнэлтийг хийхдээ хэргийн нөхцөл байдлыг сэргээн дүрсэлж, хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор үнэлж дүгнээгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

2. Шүүх тогтоолдоо “...шүүгдэгч С.Б  нь Н.М  өөр рүү нь эхэлж довтолж, цохих, боох зэргээр халдсаны улмаас хохирогчийн хурууг хазаж гэмтээснээ нууж хаалгүй мэдүүлсэн нь бусад нотлох баримтаар тогтоогдсон байхад ...” гэсэн дүгнэлтийг хийсэн нь ойлгомжгүй байна.

Бусад баримт гэдэгт ямар баримт хамаарч байгаа болохыг шүүх шийдвэртээ тодорхой заагаагүй, эхэлж довтолж, цохих, боох зэргээр халдсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй буюу хохирогчийн зүгээс түүний амь биед халдсан довтолгоо хийсэн гэж үзэх нөхцөл байхгүй, шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх хэрэгт авагдаагүй баримтад үндэслэж дээрх дүгнэлтийг хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй” гэж хуульчилсан ба хэрэгт авагдсан баримтуудаар ямар нөхцөл үүсч аргагүй хамгаалалт хийсэн болох нь баримтаар тогтоогдоогүй байхад шүүгдэгчийн мэдүүлгийг туйлын үнэн хэмээн үзсэн нь ойлгомжгүй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.М  нь баруун гартай учраас баруун гараараа боох үйлдлийг хийж, баруун гарын чигчий хурууг хазах боломжгүй талаар, мөн түүнийг боогоогүй, амь насанд нь аюултай нөхцөл байдал үүсэхээр түүний биед халдаагүй талаар мэдүүлсээр байхад, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийг хэрхэн яаж боосныг С.Б  нь тайлбарлаж чадахгүй байхад шүүх дээрх дүгнэлтийг хийсэн нь үндэслэлгүй байна.

Шүүгдэгчийн шүүхийн шатанд өгсөн мэдүүлгүүдийг үнэлж хэргийг шийдвэрлэж байгаа нь ойлгомжгүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан бичгийн баримтуудыг хууль ёсны эсэхэд дүгнэлт хийж чадаагүй, шүүгдэгчийг ял завшихад хүргэж байна.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив” гэжээ.

Прокурор М.Гансувд тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Прокурор Г.Баярмаагийн бичсэн эсэргүүцлийг дэмжин оролцож байна. Цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах талаар эсэргүүцэл бичсэн. 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг бүхэлд нь хүчингүй болгосон байдаг. Иймд цагаатгах тогтоолд үндэслэл бүхий дүгнэлт хийлгэж магадлалд тусгуулах саналтай байна” гэв.

Цагаатгагдсан этгээд С.Б  тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогч гэгдэх Н.М  миний машинд сууж үйлчлүүлээгүй. Прокурорын эсэргүүцэлд 2.5 км гэж байна. Анхнаасаа 1.2 км зайд явсан ба хохирогч гэх Н.М ийн найзад үйлчилж буулгасан. Н.М  надтай маргаан хийх ямар ч шалтгаан байгаагүй. Н.М гэх хүн араас ирж миний найзыг авч явдаг хэн бэ гэж элдэв янзаар харааж, доромжилж миний эрхэнд халдаж, намайг цохисон. Миний аав шиг настай хүн байсан учраас хүндлээд биед нь гэмтэл учруулах хөдөлгөөн хийгээгүй. Миний машинд ороод хаалга түгжээд суусан. Н.М  гэдэг хүн ямар шалтгааны улмаас над руу дайрч байгааг ойлгохгүй байсан. Цагдаа дуудсан боловч ирээгүй. Цагаатгах тогтоолыг үндэслэлтэй гэж үзэж байгаа” гэв.

Цагаатгагдсан этгээд С.Б ийн өмгөөлөгч С.Соронзонболд тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Прокуророос хүндэвтэр гэмтэл учруулсан нь нотлогдсон байхад ял оногдуулсангүй гэсэн утгатай эсэргүүцэл бичжээ. Гэтэл хохирогч нь худал мэдүүлэг өгсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүх хэргийг талуудын мэтгэлцээний үндсэн дээр шийдвэрлэнэ гэж заасны дагуу мэтгэлцэхэд хохирогч анхнаасаа худал мэдүүлэг өгсөн байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт шүүх хэргийг талуудын мэтгэлцээний үндсэн дээр шийдвэрлэнэ гэж заасны дагуу мэтгэлцэхэд хохирогчийн мэдүүлэг худал байсан. Хохирогч машинд нь суугаагүй, таксины жолоочтой маргалдсан гэж мэдүүлсэн нь худал байсан бөгөөд энэ мэдүүлгээ шүүх хуралдаанд тайлбарласан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тодорхой тусгагдсан. Хохирогч тухайн бодит байдлыг төсөөлж, андуурч машинд суусан байдаг. Яллах дүгнэлт, яллагдагчаар татах тогтоол нь үндэслэл муутай бөгөөд прокуророос хянавал зохих байдал болох Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасан тухайн шалтгаан нөхцөлийг тогтоогоогүй. Прокурор таксины мөнгөнөөс болж маргалдаж гарын хурууг нь тас хазаж, хүндэвтэр гэмтэл учруулсан гэж дүгнэсэн боловч энэ нь бодит байдал дээр шүүх хуралдааны мэтгэлцээний шатанд эсрэгээрээ байсан. Прокурор “шүүх хэрэгт авагдаагүй баримтаар хэргийг шийдвэрлэсэн” гэдэг боловч өмгөөлөгчийн зүгээс мөрдөн байцаалтын шатанд “хохирогч шүүгдэгчийн араас нь боосон гэдэг тул яаж боосон талаар туршилт явуулж өгөхийг хүссэн. Бодит байдал дээр Н.М машинд нь суугаагүй, араас нь ирээд миний үйлчлүүлэгчийн хоолойг боож, Үндсэн хуулиар олгогдсон эрх чөлөөнд нь халдсан байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.1 дүгээр зүйлд “Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино” гэж заасан нь миний үйлчлүүлэгчид нийцсэн төдийгүй мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтын шинж миний үйлчлүүлэгчид хамаарна. Улсын Дээд шүүхийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн 436 дугаар тогтоолд тодорхой байгаа. Прокурорын эсэргүүцлийн 1-т гагцхүү түүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохирлыг С.Б  нь хууль бус, тулгарсан довтолгооны өөдөөс хариу үйлдэл хийж учруулсан гэж үзэх үйл баримт хэрэгт авагдаагүй. Мөрдөн байцаалтын шатанд гаргасан хүсэлтийн дагуу нүүрэлдүүлсэн мэдүүлгээр хохирогч боосон болох нь тогтоогдож, мөн энэ талаар цагдаагийн мэдүүлэг авагдсан. Энэ байдлаас прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй гэдэг нь харагдаж байна. Мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.М  нь Спортын төв ордны зам дээрээс такси барьж талбай орсон талаар тогтвортой мэдүүлэг өгсөн гэдэг ч энэ нь үгүйсгэгддэг. Шүүх хуралдааны явцад таксинд суугаагүй гэдгээ найзаасаа сүүлд мэдсэн. С.Б  хазаж учруулсан талаар мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт ч хохирогч зааж мэдүүлсэн, гэмт хэрэг гарах болсон шалтгааныг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсээр байхад согтууруулах ундаа хэрэглэсний улмаас зарим нэг зүйлийг санахгүй байгаа гэсэн мэдүүлэгт үндэслэж хохирогчийн мэдүүлэг эргэлзээтэй гэдэг байдлаар шүүх хариу үйлдэл хийсэн гэж үзсэн. Шүүх хуралдаанд хохирогч хариу үйлдэл хийснээ тодорхой хэлсэн. Туршилт хийгээгүйн улмаас шүүхийн хэлэлцүүлэгт тодорхой асуудлууд яригдсан. Шүүгдэгч С.Б  2,5 км замыг туулсан гэж ярьсан нь андуурагдсан байх гэж үзэж байна. Биеийн тамир спортын хорооноос Сүхбаатарын талбай хүртэл 1,2 км гарсан, таксины мөнгө 2.000 төгрөг авсан. Прокурор шүүгдэгчийн гэм бурууг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй, анхан шатны шүүх үндэслэлгүй дүгнэсэн гэж байгаа ч түүний гэм бурууг үгүйсгэх баримт нь шүүх хуралдааны мэтгэлцээний шатанд хангалттай нотлогдсон буюу шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримталж талуудын мэтгэлцээний үндсэн дээр үндэслэлтэй шийдвэр гаргасан” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Прокуророос С.Б г 2022 оны 04 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Сүхбаатарын талбайн урд иргэн Н.М тэй маргалдаж, улмаар түүний хурууг хазсанаас эрүүл мэндэд нь баруун сарвууны 5 дугаар хурууны үзүүрийн шивнүүрийн хугарал, хумсны хуулрал, шарх, зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэхдээ хохирогч Н.М , гэрч Ч.Гүрбазар, П.Б  нарын мэдүүлэг болон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт, дүрс оношилгооны хариу зэрэг нотлох баримтуудад үндэслэжээ.

Шүүх нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг аливаа эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, бүрэн дүүрэн нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцэх учиртай.

Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан обьектив болон субьектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог. Тодруулбал, энэхүү хоёр шинжийн аль аль нь хангагдсан тохиолдолд гэмт хэрэг үйлдсэнд тооцогдох учиртай.

Хохирогчийн биед гэмтэл учирсан шалтгаан нөхцлийг тогтоохдоо түүний бусад этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөөнд халдсан эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөх нь шүүгдэгчийн гэм бурууд бодитой дүгнэлт өгөхөд ач холбогдолтой байдаг.

Хохирогч гэмтсэн учраас гэсэн шалтгаанаар хохирогчийн халдлагыг зөвтгөж болохгүй бөгөөд хохирогчийн халдлагын эсрэг хамгаалалт хийх эрхийг хуулиар хүн бүрт зөвшөөрсөн байдаг бөгөөд хууль тогтоогч үүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд хуульчилсан байна.

Аргагүй хамгаалалтын обьектив тал нь Эрүүгийн хуульд заасан довтолгоон байх ёстой бөгөөд довтолгоон нь хууль бус, бодитой байх шинжийг агуулсан байх шаардлагатай.

Өөрөөр хэлбэл, хуулиар хамгаалагдсан хүний амь нас, эрүүл мэндийг аюулд оруулах үйлдэл эхлэх гэж байгаа нь тодорхой болсон, эхэлсэн эсвэл эхлээд үргэлжилж байгаа үйлдлийн эсрэг гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийснийг гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй буюу аргагүй хамгаалалт гэж үздэг.

Цагаатгагдсан этгээд С.Б  мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “...тухайн өдөр таксинд явж байгаад хохирогч гэх ахыг найзын хамт байхад нь авсан бөгөөд хоёр ах халамцуу, хоорондоо муудалцаж байгаад хохирогч гэх ах буугаад явчихсан. Хохирогч ахын найз нь надтай хамт Сүхбаатарын талбайн урд талын зогсоол руу явсан бөгөөд 2,5 км гарсан, 2.000 төгрөг өгчих гэтэл надад 5.000 төгрөг өгсөн. Хохирогч гэх ах араас гүйж ирээд “чи миний найзыг авч явлаа” гэх шалтгаанаар намайг цохих үйлдэл гаргасан. Би биеэ хамгаалж сөрөг үйлдэл хийгээгүй бөгөөд зууралдаад талбайн урд талын замын цагдаад хэлсэн. Тэгээд хамт машинд суутал миний араас боогоод би боолтод орсон. Миний ам руу хуруу нь ороод ирэхээр нь би хазаж боолтоос гарч гарыг нь тавиулсан...” /хх 12-13, 118/ гэж хохирогчийн араас нь боосон үйлдлийн талаар тогтвортой мэдүүлжээ.

Харин энэ талаар хохирогч гэх Н.М  мөрдөн байцаалтын шатанд “...би тухайн үед таксины жолоочтой маргалдаж таксины жолоочийг үг хэлээр доромжилсон. Би уг таксины арын суудал дээр сууж байсан ба ...тухайн залуугийн араас нь толгой руу чичсэн. Тэгсэн уг залуу миний баруун гарын чигчий хурууг тас хазсан...” /хх 44-45/ гэж, шүүхийн хэлэлцүүлэгт “...согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан, ... уг асуудлыг санахгүй байна, ... толгой руу чичих гэхэд миний гарыг хазсан...” /хх 120/ гэж тус тус мэдүүлсэн байх бөгөөд өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу нүүрэлдүүлэн мэдүүлэг авахад хохирогч Н.Мягмарсүрэн нь шүүгдэгч С.Бямбасүрэнгийн мэдүүлгийг няцаан үгүйсгэж чадаагүй байна.

Өөрөөр хэлбэл, хохирогч гэх Н.М  нь С.Б ийн хуулиар хамгаалагдсан халдашгүй чөлөөтэй байх эрхийг ноцтойгоор зөрчиж халдсан зүй бус үйлдэл гаргасан буюу машины арын суудал дээрээс жолоочийн суудал дээр сууж байгаа хүний араас боох үйлдэл хийснээр довтолгоон эхэлсэн болох нь нотлогдож байх бөгөөд С.Б  нь хохирогчийн энэхүү хууль бус үйлдлээс өөрийгөө хамгаалж хариу үйлдэл хийхдээ түүнд хохирол учруулсан нь “аргагүй хамгаалалт” хийх эрхэд хамаарч байх тул С.Б д холбогдох гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасан анхан шатны шүүхийн тогтоол хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иймд, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн цагаатгах  тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

                 1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2022/ШЦТ/748 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Г.Баярмаагийн бичсэн 2022 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 40 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

                2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

                                    ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

                                    ШҮҮГЧ                                                            Т.ӨСӨХБАЯР