Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 570

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг

шүүгч Ц.Дайрийжав даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Лхагвадорж хөтлөн,

улсын яллагч А.Намдаг

шүүгдэгч Б , түүний өмгөөлөгчөөр улсын өмгөөлөгч Л.Амартогос нарыг

оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх

хуралдаанаар

Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр

зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн

хэргийн шүүгдэгч:

Монгол Улсын иргэн, Орхон аймгийн Баян-Өндөр

суманд төрсөн,18 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй,

ам бүл 4, эх, хоёр дүүгийн хамт

оршин суух хаягтай, улсаас гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй,

Б т холбогдох эрүүгийн

1705004970214 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч

хянан хэлэлцэв.

Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч Б  2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн 17

дугаар хороо, 44е-45 тоотод оршин суух иргэн И.Алтантуяагийн гэрт хүүхэд асрагчийн

ажил хийж байх үедээ зөөврийн компьютер, “I Phone” маркын гар утас зэрэг эд зүйл

хулгайлан авч 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг талуудын

хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б  шүүхийн хэлэлцүүлэгт: би 2017 оны 8 дугаар сарын 20-ны

өдөр шуурхай зар дээрээс зарын сонин аваад хүүхэд асруулна гэсэн зар байхаар нь

залгаад И.Алтантуяа гэх эгчтэй ярьсан. Тэгээд маргааш өглөө нь буюу 8 дугаар сарын

21-ний өглөө зааж өгсөн хаягаар нь модны 2-т байрлах гэрт нь очсон. Очиход 1 эгч 2

хүүхэдтэйгээ байж байсан. Тэгээд намайг хүүхдүүдтэйгээ танилцуулаад хийх ажлуудыг

маань зааж өгсөн. Өөрийнх нь аав гэх нэг хөгшин ахыг хоёр хүүхэдтэйгээ надтай хамт

үлдээсэн. Би зааж өгсөн ажлуудыг нь хийж байтал аав нь унтаад өгсөн. Тэгэхээр нь

ширээн дээр байсан гар утас, нөүтбүүк хоёрыг нь авч гараад гудамжинд 250000

төгрөгөөр зарчихсан. Би орой гэртээ харихдаа мөнгөтэй харина гээд хэлчихсэн байсан

болохоор тэр айлаас эд зүйлийг нь авчихсан юм гэв.

Хавтаст хэргээс:

Хохирогч И.Алтантуяа мөрдөн байцаалтад: ” Би Баянгол дүүргийн 17 дугаар

хороо 44е-45 тоотод оршин суудаг юм. Би хүүхэд асрагч авна гэсэн зар тавьсаны дагуу

94886319 дугаараас нэг эмэгтэй холбогдож 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 7 цаг

40 минутын үед манай гэрт ирсэн юм. Ирэхдээ бичиг баримтаа авч ирээрэй гэсэн

боловч одоогоор бичиг баримт байхгүй байна гэсэн юм, нэрийг нь Б  гэж өөрөө

хэлсэн. Тэрнээс яг хэний хэн гэдгийг нь би мэдэхгүй байна. Тэгээд би гэртээ өөрийн

аав Идхүү болон 2 хүүхдийн хамт үлдээгээд би ажилдаа явсан юм. Өдөр намайг 14

цагийн үед залгахад Б  утсаа авахгүй байсан юм. Тэгээд орой би гэртээ 18

цагийн үед ирэх үед Б  байхгүй манай гэрээс “sony” маркын цагаан өнгийн i5

notebook, эмэгтэй хүний савхин куртик, пальто, “i phone-4” маркын хар өнгийн гар утас

зэрэг эд зүйл алдагдсан байна. Үүний дагуу цагдаагийн байгууллагаар шалгуулж

байна. Манай гэрт намайг явснаас хойш өөр хүн ирээгүй. Б  нь 18 орчим

насны, 155 см орчим өндөр бор царайтай, давхраагүй нүдтэй охин байсан. Анх утсаар

ярихдаа зарын дагуу ярьж байна танайх хүүхэд асрагч авна гэсэн үү гэж ярьсан. Тэгээд

манай гэрт өнөөдөр 7 цаг 40 минутын үед ирээд би ажилдаа явсан юм. Тэр эмэгтэй

надад хэлэхдээ манай ээж 3 дугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх гэж байгаа гэж байсан.

Ээжийнхээ утасны дугаарыг өгөөч яриадхая гэхэд ээжийн гар утас холбогдохгүй байна

гэж байсан. Notebook-ээ 1,500,000 төгрөгөөр, савхин куртикээ 150,000, пальто 100,000,

гар утсаа 100,000 төгрөгөөр үнэлж байсан. Тэр эмэгтэйн гэрийн хаяг, холбогдох утасны

дугаар, овог зэргийг огт мэдэхгүй. Утасны дугаар нь 94886319 гэсэн дугаараас надтай

анх холбогдож манай гэрт ирсэн юм. Өөр мэдэх зүйлгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 6-8/

Би савхин куртик, пальто зэргийг бас Б ийг аваад явсан гэж бодож байтал

дараа нь унтлагын өрөөнийхөө орон доороос олсон. Савхин куртик, пальто хоёрыг

Б  аваагүй байсан. Би гар утас, нөүтбүүкнийхээ хохирлыг нэхэмжилж байна.

Өөр нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31/

Гэрч Д.Идхүү мөрдөн байцаалтад:” Би 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 8 цаг

30 минутын үед Баянгол дүүргийн 17 дугаар хороонд байрлах 44е-45 тоот охин

Алтантуяагийн гэрт очсон. Манай охин Алтантуяа гэртээ шинэ асрагч авсан тэгээд

намайг харж бай, ямар ч хүн байж магадгүй гээд намайг гэртээ үлдээгээд явсан. Би тэр

шинэ асрагчийг нь харах маягтай үлдсэн юм. Нөгөө асрагч охин гэр цэвэрлэж

харагдсан. Тэгээд би үдээс хойш 13:00-14:00 цагийн үед том өрөөнд нь зурагт харж

байгаад унтсан байсан. Унтаж байгаад 16:00 цагийн үед сэрээд хартал нөгөө асрагч

охин байхгүй болсон байхаар нь нөгөө охиныг сэжиглээд охин Алтантуяад хэлсэн.

Манай охин Алтантуяа ирээд notebook бас алга болсон байна гээд цагдаа дуудсан.

Ямар ч байсан гар утас, notebook хоёр алга болсон. Би хувцасны шкафыг нь үзээгүй

болохоор савхин куртик, пальто алга болсоныг мэдээгүй. Алга болсон notebook жижиг

өрөөний компьютерийн ширээн дээр байсан. Би тэр асрагч охиныг одоо харвал

танина.” гэх мэдүүлэг /хх-ийн 32/

Яллагдагчаар Б  мөрдөн байцаалтад:” 2017 оны 8 дугаар сарын 20-ны

өдөр “Шуурхай Зар” сониноос хүүхэд асрагч ажилд авна гэсэн зарын дагуу уг зар дээр

байсан дугаар луу залгаад эмэгтэй хүнтэй холбогдсон. Тэгтэл нөгөө эмэгтэй намайг

маргааш өглөө эрт гэрт яваад ир гэж хэлээд хаягаа зааж өгсөн. Тэгээд маргааш нь

буюу 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр 7 цаг өнгөрч байхад би ганцаараа Баянгол

дүүргийн 17 дугаар хороонд байрлах 44е байрны 9 давхарт байрлах 45 тоот айлд

очсон. Тэгтэл нөгөө айлын эгч 2 хүүхэдтэй байсан ба намайг гэр цэвэрлээд хоол хийж

байгаарай гэж хэлээд намайг гэр цэвэрлэж байхад ажилдаа явсан. Тэр эгчийг явахаас

өмнө аав нь гээд нэг хөгшин хүн хамт үлдсэн. Би тэр өдөр гэрийг нь цэвэрлээд хүүхдэд

нь сүүтэй будаа хийж өгчихөөд өдөр 14 цагийн үед нөгөө хөгшин өвөөг том өрөөнд

байх хойгуур нь жижиг өрөөнөөс нь 1 ширхэг цагаан notebook, бор шаргал өнгийн

“Iphone” гар утас зэрэг эд зүйлсийг нууцаар авч явсан. Би гэрийнхэндээ ажлаасаа

гарсанаа мэдэгдэхгүй байхын тулд мөнгөтэй болох хэрэгтэй байсан. Тэгээд би гар утас,

notebook-г нь нууцаар авч гарсан. Би авч явсан notebook, гар утасаа нэрийг нь мэдэх

зүс таних Чулуунчимэг гэх хүнд зарсан. Би notebook, гар утас хоёрыг нь нийлүүлээд

250,000 төгрөгөөр зарсан. Би Чулуунчимэг гэх хүнтэй ямар ч холбоогүй. Зүгээр л зүс

танина. Би савхин куртик, пальто хоёрыг аваагүй. Харин notebook, гар утас авсанаа

хүлээн зөвшөөрч байна. “ гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/

Эд зүйлийн үнэлгээ “хуучин хэрэглэж байсан зөөврийн компьютер 1.500.000

төгрөг, гар утас 100.000 төгрөг” /хх-ийн 18/

Шүүгдэгч Б ийн хувийн байдалтай холбоотойгоор шүүгдэгчийн иргэний

үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 35/, ял шалгах хуудас /хх-ийн 37/, төрсний бүртгэлийн

лавлагаа /хх-ийн 38/, оршин суудаг хорооны тодорхойлолт /хх-ийн 39/, суурь

боловсролын гэрчилгээний хуулбар /хх-ийн 41-42/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн

баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд

нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу

цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2

дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж

тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх

ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг

зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан

шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан

шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос

шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж,

хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б  нь 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Баянгол дүүргийн

17 дугаар хороо, 44е-45 тоотод оршин суух иргэн И.Алтантуяагийнд хүүхэд асрагчаар

ажиллахаар тохирч гэрт нь очсон өдрөө зөөврийн компьютер, “Айпоне-5” маркын гар

утас зэрэг эд зүйл хулгайлан авч нийт 1.600.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт

хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн болох нь: хохирогч

И.Алтантуяагийн “... орой 16 цаг 00 минутын үед гэртээ иртэл манай гэрт байсан “Sony”

загварын нөүтбүүк, “Iphone-4” гар утас зэрэг эд зүйлс алга болсон байсан...” гэсэн

мэдүүлэг /хх-ийн 6-8/, гэрч Д.Идхүүгийн“...манай охин Алтантуяа ирээд notebook бас

алга болсон байна гээд цагдаа дуудсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32/, шүүгдэгч

Б ийн “ би гар утас, notebook-г нь нууцаар авч гарсан. Би авч явсан notebook,

гар утасаа нэрийг нь мэдэх зүс таних Чулуунчимэг гэх хүнд зарсан” гэх мэдүүлэг /хх-ийн

41-42/ болон эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 18/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон

тогтоогдлоо.

Прокуророос Б т холбогдуулан шалгаж зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг

тохирсон байна гэж шүүх дүгнээд шүүгдэгч Б ийг хохирогч И.Алтантуяагийн

1.600.000 төгрөгний эд зүйлийг буюу хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан

гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар

зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй

байна.

Шүүгдэгч Б т шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахад тохиолдын

шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг ял хөнгөрүүлэх

нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл

байдлыг харгалзаж нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх

дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол нөхөн төлөгдөөгүй байх тул шүүгдэгч

Б ээс 1.600.000 төгрөг гаргуулж хохирогч И.Алтантуяад олгохоор шүүх

шийдвэрлэв.

Шүүгдэгч Б  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар

хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг

хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус

заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б ийг бусдын эд хөрөнгийг

хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Б ийг хоёр зуун дөчин цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар

шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар

нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын

найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг Б т

мэдэгдсүгэй.

4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн

хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх

хэсэгт зааснаар шүүгдэгч Б ээс 1.600.000 /нэг сая зургаан зуун мянга/ төгрөг

гаргуулж хохирогч /РД:СЧ84121169/ Олхонууд овогт Идхүүгийн Алтантуяад олгосугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн

шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас

хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд

давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд

тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч

Б т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг

хэвээр үлдээсүгэй.

 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ДАЙРИЙЖАВ