Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 129/2019/00963/И

 

                                            Б.Н-ийн хүсэлттэй иргэний

                                                       хэргийн тухай

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 129/ШШ2020/00171 дүгээр шийдвэртэй

Б.Н-ийн хүсэлттэй

хариуцагчийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлттэй иргэний хэргийг

хүсэлт гаргагч Б.Н-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Б-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  хүсэлт гаргагч Б.Н, нарийн бичгийн дарга М.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагчийн хүсэлтэд: “Миний ачааг БНХАУ-ын Эрээн хотоос Архангай аймагт хүргэхээр Б.У-т тээвэрлэсэн атлаа хүргэж өгөөгүй юм. Тухайн үед Б.У-ын тээвэр  хийж байсан тээврийн хэрэгсэл нь Э.О-ий эзэмшлийнх байсан учраас би тээвэрлэсэн Б.У, уг тээврийн хэрэгслийн эзэмшигч Э.О нараас Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.5, 499 дүгээр зүйлийн 499.1, 499.4 дэх хэсэгт зааснаар өөрт учирсан хохирол болох тээврийн хөлсөнд дахин төлсөн 3 000 000 төгрөг, ачаанаас дутагдуулсан 10 тонн цементний үнэ 2 000 000 төгрөг, ачааг кранаар ачуулсны хөлс 350 000 төгрөг, нийт 5 350 000 төгрөг нэхэмжилж Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч шүүх хариуцагч нарыг хаягтаа байхгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Иймд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн 08 дугаар  гудамжны ШНБ байрны 3 тоотод оршин суух Э.О, мөн хаягт оршин суух түүний нөхөр Б.У нарыг эрэн сурвалжилж өгнө үү. Хүсэлтийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2 дахь хэсэгт заасны дагуу өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан болно.” гэжээ.

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 129/ШШ2020/00171 дүгээр шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.О, Б.У нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргагч Б.Н-ийн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Б.Н-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хүсэлт гаргагч Б.Н-ийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 129/ШШ2020/00171 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Миний бие иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.О, Б.У нарын оршин суугаа газар мэдэгдэхгүй байгаа үндэслэлээр эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргасан. Б.О, Б.У нарын оршин суугаа хаягаар буюу нэхэмжлэгч нарын надад холбогдуулан шүүхэд гаргасан нэхэмжлэлд бичигдсэн хаяг болох Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн 08 дугаар  гудамжны ШНБ байрны 3 тоот хаягаар нэхэмжлэл гаргасан боловч уг хаягт хариуцагч нар оршин суудаггүй гэсэн үндэслэлээр Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 788 дугаар захирамжаар миний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Би улсын бүртгэлийн байгууллага болон бусад байгууллагаас хариуцагч нарын хувийн мэдээлэл буюу оршин суугаа хаягийн талаарх лавлагаа авах боломжгүй учир шүүхэд эдгээр хариуцагч нарыг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасан. Э.О нь надад холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлд бичсэн хаягаар нь би түүнд болон нөхөр Б.У-д нь холбогдуулан нэхэмжлэл гаргахад Замын-Үүдийн шүүхээс ШНБ байрны 3 тоотод суугаа Э.О, Б.У  нарт мэдэгдэх хуудас хүргүүлэхэд хаягтаа байхгүй байна гэж захирамжиндаа зааж миний нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх Б.У, Э.О нарыг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр баг, Сүлд тээвэрчдийн өргөн чөлөө,  ШНБ 9 айлын байрны 3 тоотод оршин суудаг юм байна, хаяг нь тодорхойгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзээд миний хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Б.У, Э.О нар Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр баг, Сүлд тээвэрчдийн өргөн чөлөө,  ШНБ 9 айлын байрны 3 тоот хаягт одоо оршин сууж байна гэсэн нь үндэслэлгүй байна. Миний эрэн сурвалжлуулж байгаа хүмүүс 4 дүгээр багийн ШНБ байрны 03 тоот гэсэн хаягт оршин сууж байгаа гэж багийн дарга нь тодорхойлсон бол хаяг нь тодорхой юм байна гэж үзэх байх. Гэтэл шүүх Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс гарсан оршин суугаа хаягийн лавлагаагар оршин суугаа хаяг нь тодорхой  байна гэж үзсэн. Хариуцагчийг эрэн сурвалжлах үндэслэл нь хариуцагч этгээд хаана байгаа нь мэдэгдэхгүй, оршин суугаа газар нь тодорхой биш байх тохиолдол юм. Мэдээж иргэн бүрийн л хаяг тодорхой байдаг ба улсын бүртгэлд бүртгүүлсэн хаягтаа амьдрахгүй байгаа тохиолдол амьдралд олон байгаа. Хариуцагч нарын оршин суух ШНБ байр гэсэн байр 4 дүгээр багт бүртгэлтэй гэсэн лавлагаа, Замын-Үүд сумын 1 дүгээр багт хариуцагч нар оршин суудаггүй гэсэн нотлох баримтыг шүүх яагаад надад танилцуулж болдоггүй юм? Эдгээр нотлох баримтыг мэдэхгүй учир шүүхэд хүсэлт гаргаагүй. Э.О хаягаа Замын-Үүд сумын 1 дүгээр багийн ШНБ байрны 3 тоот гэж өгсөн, харин улсын бүртгэлээс тэдний хаягийг 4 дүгээр багийн ШНБ байрны 3 тоот гэжээ. Замын-Үүд сумын баг тус бүрт ШНБ гэсэн байр байдаг уу, эсхүл энэ байр тус суманд цор ганц байдаг юм уу энэ нь тодорхойгүй байна. Хэрэв Замын-Үүд суманд ШНБ гэсэн нэг байр байдаг бол би энэ хариуцагч нараас хохирлоо нэхэмжлэх гэхээр ШНБ байрны 3 тоотод оршин суудаггүй гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан хүчин төгөлдөр шүүгчийн захирамжтай, оршин суугаа  хаяг нь тодорхойгүй хариуцагч нарыг эрэн сурвалжлуулах гэтэл хүсэлтийг хэрэгсэхгүй болгосны улмаас хариуцагч нарын хаягийг нь олж тогтоох ямар ч боломжгүй болж Үндсэн хуульд заасан миний шүүхэд мэдүүлэх эрх хөндөгдөхөд хүрч байх ба хүсэлт гаргагч миний хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 129/ШШ2020/00171 дүгээр шийдвэрийг хянуулахаар давж заалдах гомдол гаргаж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Б.Н-ийн хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгохдоо анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Хүсэлт гаргагч Б.Н хүсэлтээ Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай 137/ШЗ2019/00788 дугаар захирамжийг үндэслэж, хариуцагч Э.О, Б.У нарын оршин суугаа газар нь мэдэгдэхгүй тул эрэн сурвалжлуулна гэж тайлбарласан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд хариуцагчийг эрэн сурвалжлах үндэслэлийг иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж тогтоосон байна.

Шүүх Э.О, Б.У нарын байнга оршин суугаа газрын тодорхойлолтыг гаргуулахаар Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хандсан, Улсын бүртгэлийн хэлтэс Б.У, Э.О нарыг Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр багийн Сүлд, шнб 9 айлын байрны 3 тоотод байнга оршин суудаг гэсэн тодорхойлолтыг гаргасан байх ба анхан шатны шүүх энэхүү тодорхойлолтыг үндэслэн “иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдүүдийн хаяг тодорхойгүй гэж үзэх үндэслэлгүй” гэж үзжээ.

Хэргийн баримтаас үзвэл, Б.Н Э.О, Б.У нарт холбогдуулан 5 350 000 төгрөг гаргуулахаар Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд нэхэмжлэл гаргасан, 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 137/ШЗ2019/00788 дугаар захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь тогтоогджээ. Хүсэлт гаргагч Б.Н шүүхэд тайлбар өгөхдөө “Эдгээр хүмүүс нэхэмжлэлд бичсэн хаягт оршин суудаггүй, миний хувьд өөрөө хариуцагчаар оролцвол зохих этгээдийн хаягийг олж тогтоох боломжгүй” гэж тайлбарласан байна.

Түүнчлэн Э.О, Б.У нар нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр багийн Сүлд, тээвэрчдийн өргөн чөлөө гудамж, шнб 9 айлын байрны 3 тоотод байнга оршин суудаг нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 1 дүгээр багийн Засаг даргын албан бичгээр тус багт Э.О, Б.У нар оршин суудаггүй гэж тодорхойлсон боловч энэ нь эдгээр хүмүүсийн одоо оршин суугаа газрыг нотлохгүй юм.

Э.О, Б.У нарын одоо оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно” гэж заасан тул хүсэлт гаргагч нь Э.О, Б.У нарыг эрэн сурвалжлуулахаар шаардах эрхтэй. Иймээс хүсэлтийг бүхэлд нь хангаж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 129/ШШ2020/00171 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Э.О, Б.У нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлт гаргагч Б.Н-ийн хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 4 дүгээр багийн Сүлд, тээвэрчдийн өргөн чөлөө гудамж, шнб 9 айлын байрны 3 тоотод байнга оршин суудаг Э.О, Б.У нарыг эрэн сурвалжлах, тэдний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг гүйцэтгэхийг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хүсэлт гаргагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар хүсэлт гаргагч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                    

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ДАВААСҮРЭН

                                             ШҮҮГЧИД                                      Д.БЯМБАСҮРЭН

                                                                                                    В.ЦЭЦЭНБИЛЭГ