Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 18

 

 А.О-ийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 129/ШШ2020/00277 дугаар шийдвэртэй

А.О-ийн нэхэмжлэлтэй

Б.Б-т холбогдох

хүүхдийн тэтгэлэг болон хадгаламжийн дэвтэр гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагч Б.Б-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Б-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Б.Б, хариуцагчийн өмгөөлөгч Д.Н, нарийн бичгийн дарга М.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Миний бие А.О нь 2015 онд Б.Б-тай танилцаж хамтран амьдрах болсон. Миний бие Б.Б-тай дөрвөн жил хамтран амьдарсан. Бидний хамтран амьдрах хугацаанд буюу 2016.07.05-нд охин Б.А төрсөн. Б.Б нь 2018.07 дугаар сард хүүхдээ Архангай аймаг авч яваад тэнд байх хугацаандаа өөрийнхеө аавтай хамтран эзэмшигчээр охин Б.А-дээ Төрийн банкинд хугацаатай хадгаламж нээлгэж өгч байсан юм. Тухайн хадгаламжийн дансанд миний охинд сар бүр улсаас өгдөг хүүхдийн 20 000 төгрөг ордог юм. Одоо бид тусдаа амьдарч байгаа бөгөөд охин минь миний асрамжид байдаг тул хадгаламжийг нь би өөрийн нэр дээр шилжүүлж авмаар байна. Хадгаламжийн дэвтрийг нь өгөөч гэхэд “надад хамаагүй, манай аав, ээжтэй л наад асуудлаа ярь” гээд одоо болтол хадгаламжийн дэвтрийг нь өгөхгүй байгаа юм. Иймд миний охин Б.А-ийн Төрийн банкин дахь хугацаатай хадгаламжийн дэвтрийг охины аав болох Б.Батсууриас гаргуулж өгнө үү. Архангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас гаргасан дүгнэлтийг уншиж танилцахад охин Б.А 7 сартайгаас одоог хүртэл эцэг Б.Б-тайгаа амьдарч байгаа, эцэгтэйгээ илүү дасан зохицох боломжтой гэсэн байгаа нь үндэслэлгүй байна. Охин Б.А 2016.07.05-нд Дарханд төрсөн бөгөөд 2016.07.05-2017.03 дугаар сарын сүүл хүртэл надтай хамт манайд амьдардаг байсан. Тэр үед Б.Б бид хоёр охин Б.А-ийн хамт манайд амьдарч байсан. Тэгээд гэр бүлийн харилцаанд маргаан гарсан учраас бид хоёр тусдаа амьдарсан. Б.Б ах дүү нартайгаа ирчихээд охиноо авч явна гээд хөгшин настай ээжийг минь дээрэлхэж байгаад охин Б.А-ийг аваад явсан бөгөөд би араас нь 2017.09 дүгээр сард охин Б.А дээр очсон. Би тухайн үед 2017.09.01-2018.09.01-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатай сургуулиас чөлөө авсан байсан. Тэр нэг жилийн хугацаанд би нөхөр Б.Б, охин Б.А нартай хамт Архангайд хадмындаа амьдардаг байсан. Би 2018.09.01-нд хичээлдээ орж, Б.Б ч хот руу ажил хийхээр явсан. Энэ үед хоёр талын аав, ээж ярилцаад ээж нь сургуулиа төгсөөгүй байгаа, аав нь хотод ажил хийж байгаа учраас хоёр талдаа охин Б.А-ийг ээлжлэн харж өсгөн хүмүүжүүлж өгье гэж тохиролцсон учраас би охиноо Архангай аймагт үлдээгээд явсан. 2019.01.01-нд Б.Б ажил хийх гээд хөдөө явсан. Би  тухайн үед гэртээ байсан. 2018.09 дүгээр сараас 2019.02.10-ныг хүртэл 5 сарын хугацаанд охин Б.А Архангай аймаг болон Дархан-Уул аймагт байсан. Би оюутан байсан болохоор амралтаараа охиноо аваад хоёр талд өсгөдөг байсан. 2019.02.10-ны өдөр охин Б.А-ийг Дархан руу бүрмөсөн аваад явсан. Тухайн үед би Б.Б-иас салаад тусдаа амьдрах болсон. Түүнээс хойш 2019.07 дугаар сарын сүүл хүртэл охин Б.А надтай хамт манай гэрт амьдарч байсан. 2019.07.15-нд Б.Б Дарханд ирээд “би хагалгаанд орох гэж байгаа, охиноо өөр дээрээ 15 хоног аваад 08 сарын эхээр аваад ирье” гэж худлаа хэлээд охин Б.А-ийг аваад явсан байсан. Манай ээж “2019.08.01-нд Дарханд цэцэрлэгт оруулна, түүнээс өмнө охин Б.А-ийг авчирч өгөөрэй” гээд өгөөд явуулсан боловч охиныг авчирч өгөөгүй. Үүнээс хойш Б.Б охин Б.А-ийг надтай уулзуулаагүй бөгөөд энэ хуралдааны өмнөх шүүх хуралдаанд оролцохдоо охинтойгоо уулзаад охиноо гэр лүүгээ аваад явсан. Охин маань одоо надтай хамт байгаа. Нөхцөл байдал ийм байхад шинжээч дүгнэлтдээ Б.А нь 7 сартайгаас одоог хүртэл эцэг Б.Б-тайгаа амьдарч байгаа, эцэгтэйгээ илүү дасан зохицох боломжтой гэсэн байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд Б.А-ийн хадгаламж эзэмших эрхийг өөртөө шилжүүлж хүүхдийн тэтгэлэг гаргуулна. Б.Б хүүхдийн мөнгийг өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Би ам бүл гурвуулаа бөгөөд нэг өрөө хувийн орон сууцанд амьдардаг. Би Өмнөговь аймагт Маргад цэций компанид ажилладаг. Сарын 1 200 000 төгрөгийн цалинтай. Манай өрхийн орлого сардаа 2 000 000 гаруй төгрөг байдаг. Мөн архи дарс хэрэглэдэг, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг хүн байхгүй. Миний аав, ээж өндөр насны тэтгэвэрт байдаг болохоос хүний асрамжинд байдаггүй. Хүүхдийн эрхийн асуудалд эмээ, өвөөгийн оролцоо шаардлагагүй биз дээ. Б.Б-ийн хувьд аав, ээжтэйгээ хамт таван ханатай монгол гэрт амьдардаг. Хүүхдийн хувьд гэрт, эсвэл байранд өсөхийн аль нь хүүхдийн өсөж торниход илүү тохиромжтой гэдэг нь хүн бүхэнд ойлгомжтой асуудал. Гэр бүлийн орчинд буюу төрсөн эцэг нь хүртэл хүүхдээ хүчирхийлдэг нийгэмд бид амьдарч байна. Тийм болохоор эх хүний хувьд би охин Б.А-ийг эцгийнх нь асрамжинд өгөхгүй. Охиноо өөрөө асрамжиндаа авна. Миний хувьд хүүхдийн тэтгэлгийн мөнгөтэй мөнгөгүй охиноо өсгөх боломжтой учраас охин Б.А-ийг өөрийн асрамжиндаа авахын тулд шүүх хуралдаанд удаа дараа оролцож байгаа. Хүүхдийн тэтгэлгийн мөнгө сард 96 000 төгрөг байдаг гэсэн. Энэ мөнгийг Б.Б сар болгон төлж чадахгүй болохоор өнөөдрийг хүртэлх хугацаанд шүүх хуралдааныг хойшлуулаад байна. Намайг анх шүүхэд нэхэмжлэл гаргахад охин миний асрамжинд байсан. Охин Б.А-ийг эцэг Б.Б-ийнх нь асрамжинд үлдээвэл Б.Б ажлаа хийгээд охин Б.А-ийг өөрийн аав, ээж дээрээ үлдээгээд явах нь ойлгомжтой.” гэжээ.

Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: “Нэхэмжлэгч А.О-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. А.О бид хоёр хамт амьдраад дөрвөн жил болж байна. Бид хоёрын дундаас охин Б.А төрсөн. А.О нь зан харилцааны доголдолтой байж байгаад л сална, явна гэж уурладаг. Охиныг минь таван сартай байхад “охиноо аваад яв, би сална” гээд надад өгсөн. Би ээждээ охиноо авчирч өгсөн. Миний охиныг манай ээж Бямбасүрэн таван сартайгаас нь эхэлж гурван нас хүртэл нь өсгөсөн. А.О үндэслэлгүй тайлбар гаргаж байна. А.О-ийн тухайд түрээсийн байранд амьдардаг. Охин Б.А 2017.07 дугаар сараас эхэлж гурван нас хүртлээ манай аав, ээж дээр өссөн. Үүнтэй холбоотой нотлох баримтуудаа шүүхэд өгсөн. А.О 2017 онд охин Б.А-ийг гэртээ үлдээгээд явчихсан байхаар нь би Дархан-Уул аймаг руу явж охин Б.А-ийг Архангай аймаг руу авчирч өөрийн аав, ээж дээрээ гурван нас хүртэл нь өсгөсөн. Үүнийг гэрч Я, Б нар гэрчилнэ. Би 2018.07.10-ны өдөр наадмын үеэр Дархан-Уул аймаг руу явж 2018.07.13-ны өдөр охин Б.А-ийг аваад Архангай аймагт ирсэн. 2018.06 дугаар сард А.О ажил хийнэ гээд явчихсан байсан. Намайг Дарханд очиход охин Б.А царай алдчихсан, аавтайгаа явна гээд намайг дагаад уйлаад байсан болохоор би Б.А-ийг Архангай аймагт авчирсан. Тухайн үед би хамрандаа эмчилгээ хийлгэж байсан бөгөөд одоог хүртэл эмчилгээ хийлгэж байгаа. Би А.О-т охиноо бодоод буцаад нийлэх хугацаа өгсөн. А.О мөнгөнөөс болж л шүүхэд нэхэмжлэл гаргасан. А.О нь хүүхдээ хүмүүжүүлж чадахгүй, хүүхдээ гэсэн сэтгэлгүй, хайр халамж мэдрүүлээгүй, хүүхэдтэйгээ ойр дотно байгаагүй, миний ээжээр өсгүүлсэн. Би охиноо аав, ээжээрээ өсгүүлдэг ч гэсэн юмыг нь авч өгдөг. Иймд охин Б.А-ийг миний асрамжинд үлдээж өгнө үү. А.О-ийн тухайд тэтгэврийн хоёр хүнтэй. Нэг нь асаргаанд байдаг бөгөөд А.О охиноо орхиод ажил хийгээд явчихдаг. Одоо цагт хүчирхийлэл их гарч байгаа. Иймд охиноо өөрийн асрамжинд авах хүсэлттэй байна. Миний хувьд хүүхдийн тэтгэлгийн мөнгө төлөх боломж байгаа. Хүүхдийн асрамжийн тухайд би охин Б.А-тэй гурван нас хүртэл нь хамт амьдарсан бөгөөд охин маань ээж дээрээ очих дургүй байдаг. Үүнийг нотлох баримт байгаа. Цагаан сарын өмнөхөн охин маань над руу яриад “ааваа та хэзээ ирэх юм бэ” гэж, эмээтэйгээ ярихдаа “эмээ та ирээд намайг аваач” гэж ярьж байсан. Эднийд байхаар охин маань дураараа байдаггүй. Эдний гэр бүлийн орчин нөхцөл бүрдээгүй, хүүхдийг зүгээр л гэрт нь байлгадаг. Охин Б.А-д сар бүр өгдөг 20 000 төгрөг түүний хадгаламжинд ордог бөгөөд миний нэр дээр хадгаламж нь байдаг.” гэжээ.

          Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 129/ШШ2020/00277 дугаар шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2016 оны 07 сарын 05-нд төрсөн Б.А-ийг эх А.О-ийн асрамжинд үлдээж; Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар Б.А-ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Б.Б-иар тэжээн тэтгүүлж; Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.8-д зааснаар Б.А-ийн нэр дээрх хадгаламжийн эрхийг нэхэмжлэгч А.О-т шилжүүлж; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч Б.Б-иас 280 000 /хоёр зуун наян мянга/ төгрөг гаргуулж Архангай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт олгож; Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5, 38.6-д заасныг баримтлан тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулах ба тэтгэлэг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдсон бол тэтгэлэг төлөгч түүнийг зориулалтаар нь зарцуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж болохыг дурдаж; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Б.Б-иас улсын тэмдэгтийн хурамжинд 34 214 төгрөг гаргуулж орон нутгийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Б-ийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 129/ШШ2020/00277 дугаар шийдвэрийг хүлээн аваад эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

1. Миний охин Б.А нь 2016.07.05-нд Дархан-Уул аймагт төрсөн ба охин Б.А-ийг 7 сартай болтол охины ээж А.О-тэй охин бид хоёр хамт Дархан-Уул аймагт түрээсийн байранд амьдарч байгаад 2017.02 дугаар сард А.О  нь “би чамаас сална, чи хүүхдээ аваад яв” гэж охин бид хоёрыг хөөсөн. Би тухайн үед охиноо аваад өөрийн эцэг, эх дээр Архангай аймагт ирсэн. Тэр цагаас хойш өдийг хүртэл би охиноо эцэг, эхийн хамт эрүүл саруул өсгөн хүмүүжүүлж, сурч боловсроход нь анхаарч ирсэн. Миний охин Б.А нь Архангай аймгийн Эрдэнэбулган сумын хүүхдийн 3 дугаар цэцэрлэгт 2017.09.01-2018.06.01-ний өдөр хүртэл, 14 дүгээр цэцэрлэгт 2018.09.01-2020.01 дүгээр сарыг хүртэл буюу улсын хэмжээнд хорио цээрийн дэглэм тогтоосны улмаас цэцэрлэг хаах хүртэл тус тус хүмүүжиж байсан. Тухайн 3, 14 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч нараас Б.А тухайн цэцэрлэгүүдэд сурч хүмүүжиж байсан гэсэн тодорхойлолт хэргийн материалд байсаар байтал шүүгч охины хүмүүжиж байсан цэцэрлэгүүдээс ирүүлсэн тодорхойлолт, багийн Засаг дарга, өрхийн эмчийн тодорхойлолт зэрэг эцэг дээрээ өсөж хүмүүжиж байсан нотлох баримтуудыг үнэлээгүй байж охины ээж болох А.О-ийн асрамжид охиныг үлдээж, зөвхөн нэг талыг барьсан шийдвэр гаргасан нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “Гэрлэгчид энэ хуулийн 14.5-д заасны дагуу тохиролцоогүй бол хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуйн нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн эсэхийг нь харгалзан хүүхдийг эцэг, эхийн хэн нэгний асрамжид үлдээх, тэтгэлгийн хэмжээг тогтоох, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах асуудлыг шүүх шийдвэрлэнэ” гэж заасныг зөрчсөн байна. А.О нь охиндоо анхаарал халамж тавьдаггүй, зөвхөн өөрийгөө бодож амьдардаг. Мөн А.О-ийн эх нь эцгийг нь асардаг бөгөөд түүний асрамжид охиныг үлдээсэн нь дээрх хуулийн заалтыг зөрчөөд зогсохгүй охин хүүхдийн ирээдүйг хараагүй, өсөж хүмүүжих орчин муутай, сурч боловсрох боломжоор хангагдахгүй, эхийн хайр халамж, асаргаа дутмаг болон амьдрах нөхцөл дутмаг орчинд хүүхдийг буюу охиныг үлдээсэн нь охины эрхийг зөрчсөн шийдвэр шүүгч гаргасан гэж үзэж байна.

2. А.О нь Дархан-Уул аймагт эцэг, эхийн хамт түрээсийн байр дамжин амьдардаг бөгөөд одоог хүртэл өөрийн гэсэн орон гэргүй. Мөн эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд тогтмол орлого байхгүй. Шүүх хуралдаан дээр А.О нь “Өмнөговь аймагт байх Маргад цэций гэх компанид ажилладаг, сарын 1 200 000 төгрөгийн орлоготой” гэж илт худал тайлбар өгсөн. Мөн Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас А.О-ийг ажил хийдэг, сарын 1 200 000 төгрөгийн орлоготой, амьдарч байгаа байрыг өөрийнх нь эзэмшил гэж худал дүгнэлт ирүүлснийг шүүх нягтлаагүй бөгөөд амьдарч байгаа түрээсийн байрыг тухайн оршин сууж байгаа Дархан-Уул аймгийн холбогдох байгууллагаас А.О-ийн эзэмшил гэж гэрчилсэн нотолсон баримт материал аваагүй, ажиллаж байгаа гэх газраас ажиллаж байгаа эсэхийг тодорхойлсон тодорхойлолт гаргуулаагүй, мөн сарын цалинг тодорхойлсон нийгмийн даатгалын дэвтэр болон лавлагааг холбогдох газраас гаргуулаагүй байж А.О-ийн худал тайлбараар шүүгч охин Б.А-ийг эх А.О-ийн асрамжид үлдээх шийдвэр гаргасан нь буруу байна.

3. Дархан-Уул аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас шүүхэд гаргасан шинжээчийн дүгнэлтэд охин Б.А-ийг 2019.02 дугаар сараас 2019.07 дугаар сарыг хүртэл тус аймгийн Сүмбэр хувийн цэцэрлэгт хүмүүждэг гэсэн худал дүгнэлт ирүүлсэн байсан. Үнэн хэрэгтээ охин минь тухайн цаг үед буюу 2019.02 дугаар сараас 2019.07 дугаар сарыг хүртэлх хугацаанд охины ээж болох А.О-ийн эцэг, эхийн хамт байсан бөгөөд цэцэрлэгт огт яваагүй. Тухайн үед охины ээж А.О нь охин Б.А-ийг эцэг, эхдээ үлдээгээд өөр газар луу ажил хийхээр явсан байхад буюу шүүгч үнэн байдлыг нотолсон нотлох баримт хэргийн материалд байхгүй байхад үнэн зөвийг нотлоогүй байж охиныг эхийнх нь асрамжид үлдээсэнд эцгийн  хувьд би гомдолтой байна.

4. А.О нь тогтвор суурьшилтай ажил эрхлэж байгаагүй бөгөөд авсан цалин хөлс байхгүй. Мөн нийгмийн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай амьжиргааны доод түвшингээс доогуур орлоготой өрхөд багтсан гэсэн нотлох баримт байсаар байхад охиныг тийм орчинд үлдээж байгаад охиноо 7  сартайгаас өдий хүртэл өсгөн хүмүүжүүлж байгаа эцэг хүний хувьд ирээдүйд нь санаа зовниж байна. Миний охины Хүүхдийн эрхийн тухай хууль болон Хүүхэд хамгааллын тухай хуулиар олгогдсон эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг зөрчсөн шийдвэр шүүгч гаргасан гэж үзэж Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 129/ШШ2020/00277 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлагатай байна. Шүүх А.О-ийг хүүхэд хүмүүжүүлэх боломжтой эсэх, цэцэрлэгт явуулж чадах чадамжтай эсэх, өсөж хөгжих орчин нөхцлийг бүрдүүлж чадах эсэхийг харгалзаагүйгээр охиныг эхийнх нь асрамжид үлдээж байгаа нь миний охины эрхийг зөрчихөд хүргэнэ гэж үзэж байна.

5. Миний охин Б.А-д тулгарч болох эрсдлүүдийг шүүгч нягтлан үзэлгүйгээр эхийнх нь асрамжид үлдээх шийдвэр гаргасны улмаас охин эх дээрээ өсөн хүмүүжиж байгаад ирээдүйд бие махбодийн болон сэтгэл санааны хүчирхийлэлд өртвөл хариуцлагыг охиныг эхийнх нь асрамжид үлдээсэн шүүгч хариуцах уу, эсхүл худал дүгнэлт гаргасан Дархан-Уул аймаг дахь Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ажилтнууд хариуцах уу? Ирээдүйд охинд дээрх эрсдэл гарахыг бид одоо тааж мэдэхгүй шүү дээ. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүх хуульд нийцсэн, охинд ээлтэй шийдвэр гаргана гэдэгт би итгэлтэй байна.

Иймд Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 129/ШШ2020/00277 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

А.О 2019.04.01-ний өдөр Б.Б-т холбогдуулан нэхэмжлэл гаргаж, хадгаламжийн дэвтэр гаргуулахаар шаардсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэж, хүүхдийн тэтгэлэг болон хадгаламжийн дэвтэр гаргуулахаар шаардсан. Хариуцагч эс зөвшөөрч, хүүхдийн асрамжийн талаар маргасан байна.

Анхан шатны шүүх хүүхдийг эхийнх нь асрамжид үлдээж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо “... шүүгч охины хүмүүжиж байсан цэцэрлэгүүдээс ирүүлсэн тодорхойлолт, багийн Засаг дарга, өрхийн эмчийн тодорхойлолт зэрэг эцэг дээрээ өсөж хүмүүжиж байсан нотлох баримтуудыг үнэлээгүй байж охины ээж болох А.О-ийн асрамжид охиныг үлдээж, зөвхөн нэг талыг барьсан шийдвэр гаргасан нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д ...заасныг зөрчсөн байна” гэжээ.

Давж заалдах шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

1. Зохигч нар 2015 оноос эхлэн 4 жил хамтран амьдарч, 2016.07.05-нд охин Б.А-ийг төрүүлсэн байна.

Зохигч нар гэрлэлтээ бүртгүүлээгүй хэдий ч тэдний дундаас төрсөн хүүхдийн асрамжийн асуудал нь тэдгээрийн эцэг, эх болсны хувьд эдлэх эрх, үүрэгтэй салшгүй холбоотой учир гэрлэлтийн баталгаатай байсан эсэхээс үл хамааран шүүх энэ төрлийн маргааныг шийдвэрлэнэ.

Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхдийн хувьд эцэг, эх нь Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээсэн хэвээр байдаг тул зохигчийн хэн аль нь хүүхдийн асрамжийн талаар хүсэл зоригоо илэрхийлэх, хүүхдийг өөрөө асрамжлах талаар шаардлага гаргах эрхтэй юм.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл зохигч хэн аль нь хүүхэд асрамжлах шаардлагыг хангаж байгаа нь тогтоогдсон байна.

Анхан шатны шүүх хүүхдийн нас, хүйс, ахуйн нөхцөл, эдийн засгийн бололцоо, ёс суртахуун, эх өөрөө хүүхдээ өсгөж байсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Б.А-ийг эх А.О-ийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж дүгнэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасан зохицуулалтад нийцжээ.

2. Б.А хариуцагч Б.Б-ийн хүүхэд мөн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, түүнийг эхийнх нь асрамжид үлдээсэн тул эцэг нь хүүхдээ Гэр бүлийн тухай хуульд заасны дагуу тэжээн тэтгэх үүрэг хүлээнэ. Шүүх хариуцагчаар хүүхдийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчөөгүй байна.

3. Нэхэмжлэгч нь А нэр дээрх хадгаламжийн дэвтэр нэхэмжилснийг шүүх хангаж шийдвэрлэсэн нь буруу биш байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Гэр бүлийн тухай болон Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 129/ШШ2020/00277 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 04 сарын 03-ны өдөр төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ДАВААСҮРЭН

                                          ШҮҮГЧИД                                     Д.БЯМБАСҮРЭН

                                                                                                В.ЦЭЦЭНБИЛЭГ