Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2022/ДШМ/44

 

          С.Г, П.Н нарт  холбогдох

                    эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд прокурор Х.Энхтуул, шүүгдэгч П.Н, түүний өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүгдэгч С.Г, түүний өмгөөлөгч Я.Батханд /цахимаар/, хохирогчийн өмгөөлөгч Б.Лхагважав, шүүх хуралдааны бичгийн дарга Ц.Баттулга нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЗ/219 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурорын гаргасан эсэргүүцлийг үндэслэн С.Г, П.Н нарт холбогдох, 2235000070093 дугаартай, 1 хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 8 дугаар сарын 01-ий өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 23-нд Увс аймгийн Ө суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл-3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Өлгий сумын  багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, З овогт П-ийн Н.

Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 24-нд Увс аймгийн Ө суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 5, эх, эгч, 2 дүүгийн хамт Увс аймгийн Ө сумын багт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Ш овогт С-гийн Г

1. Яллагдагч П.Н, С.Г нар бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын дундуур Увс аймгийн Өлгий сумын  багийн нутаг “Бодоок” гэх газраас иргэн Г.О-гийн  4 тооны үхрийг хулгайлж, 3.700.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас шүүгдэгч С.Г, П.Н нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн байна.

3. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЗ/219 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжаар:  - Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Зөөд овогт Пунцагдоржийн Ням, Шангас овогт Сэржээгийн Галаа нарт холбогдох эрүүгийн 2235000070093 дугаартай хэргийг Увс аймгийн Прокурорын газарт буцааж,

-яллагдагч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэрэг прокурорт очих хүртэл хэвээр хэрэглэж шийдвэрлэсэн байна.

4. Прокурор А.Анхбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: “ Анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЗ/219 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг үндэслэлгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Шүүгчийн захирамжийн 1 дэх заалтад Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тоггоол, яллах дүгнэлтэд хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг 2019 оны 10 дугаар сарын 10-наас 20-ны хооронд гэж бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг нотлоогүй гэж үзсэн нь хуульд нийцээгүй байна.

Учир нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дугаар бүлэгт заасан гэмт хэргүүдийн үйлдлийн арга нь ихэвчлэн нууц далд аргаар үйлдэгддэг онцлогтой гэмт хэргүүд юм. Үүний дотор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1, 17.12 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгө, эсхүл малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч байгаагаар илэрдэг.

Хэрэгт авагдсан хохирогч Г.О-ын “2019 оны намар манайх Өлгий сумын Чаргат багийн нутаг “Мөөгийн худаг” гэх газарт намаржиж байгаад 32 тооны сувай үхрийг Бодоок гэх газарт хүргэсэн. Уг үхэрнүүдийг 2019 оны 10 дугаар сарык 10-ны үед хүргэсэн. Ингээд уг үхэрнүүдээ харж чадалгүй байж байгаад 2019 оны 10 дугаар сарын 20-ны үед очиж харахад 4 үхэр байхгүй байсан” гэх мэдүүлгээр гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг тогтоосон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан байдлыг /гэмт хэрэг хэзээ гарсан/ тогтоосон гэж үзэж байна. Хэрэгт авагдсан баримтуудаар хохирогч 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр үхрээ Бодоок гэх газарт бүрэн хүргэсэн 10 хоногийн дараа буюу 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ирж үзэхэд бүрэн байсан үхрнээс 4 тооны үхэр дутсан үйл баримтыг хэрэгт нотлох баримтаар тогтоосон.

 Мөн хохирогч Г.О-ын 4 тооны үхэр алдагдсан үйл баримт тогтоогдсноос 2 тооны үхрийг яллагдагч С.Г гэрийнхээ гадна нядалсан гэж яллаж байгаа боловч үлдсэн 2 тооны үхрийг хэн авч, хэрхэн захиран зарцуулсан болохыг тогтоогоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т заасныг нотлоогүй гэж үзсэн нь хуульд нийцээгүй байна.

Гэмт хэрэг нь 2019 онд үйлдэгдсэн ба хэрэгт авагдсан нотлох баримтууд болох хохирогч, гэрч нарын мэдүүлгүүдээр яллагдагч С.Г, П.Н нар нь хохирогч Г.Одвогийн 4 тоонь үхрийг хулгайлсан тухайн үхэрнээс С.Г нь 2 тооны үхэр гэрийнхээ гадна авч ирж нядалсан  үйл баримт тогтоогддог ба бусад хоёр тооны үхрийг хэрхсэн талаар тогтоох боломжгүй юм.

Шүүгчийн захирамжийн 2 дахь заалтад яллагдагч С.Г-гийн эх Л.С-гээс гэрчээр мэдүүлэг авахдаа түүнд гэр бүлийн гишүүн, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг тайлбарлаж, мэдүүлэг өгөх эсэхийг нь асуухгүйгээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг зөрчсөн нь мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан Эрүүгийн хэрэг хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарах бөгөөд уг зөрчлийг шүүхийн хэлэлцүүлгээр залруулах боломжгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь яллагдагч С.Г-гийн эх Л.С-ээс хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахмад Э.Баттулга нь мэдүүлэг авахдаа /хавтаст хэргийн 56-59 дүгээр талд/ түүнд Монгог Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “төрсөн хүүгийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг нь тайлбарлаж, мэдүүлэг өгөх эсэхийг нь асуухад мэдүүлэг өгөхөө илэрхийлж гарын үсэг зурсан байна.

Иймд мөрдөгч нь Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2, 8.3, 25.1 дүгээр зүйлүүдэд заасан хохирогчийн эрх, үүрэг, Зөрчлийн болон Эрүүгийн хуульд заасан хүлээх хариуцлагыг сануулан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан тул тухайн нотлох баримт нь прокурорын яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлтийн эх сурвалж болсон.

Харин мөрдөгч, цагдаагийн ахмад О.С нь хэрэгт гэрч Л.С-ээс дахин мэдүүлэг авахдаа түүнд Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийг нь эдлүүлээгүй мэдүүлэг авсан зөрчлийг прокурор хяналтаараа илрүүлсэн тул түүнийг прокурорын яллах дүгнэлтийн эх сурвалж буюу яллах талын нотлох баримт болгоогүй нь яллах дүгнэтээс харагдаж байгаа тул оролцогчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Хэдийгээр прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.14 дэх заалт, 15.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг тус тус зааснаар мөрдөгчийн ажиллагааг үндэслэлгүй гэж үзвэл хүчингүй болгох эрхтэй боловч гомдол гаргасан тохиолдолд хянан хүчингүй болгох зохицуулалт тул яллах талын нотлох баримтуудаар үнэлгээгүй болно.

Шүүгчийн захирамжийн 3 дахь заалтад яллагдагч С.Г-гийн сэтгэцийн байдалд эргэлзээ төрж байгаа тул сэтгэцийн байдалд дүгнэлт гаргуулах талаар дурдсан байгаа нь учир дутагдалтай юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д “яллагдагч, шүүгдэгч хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгаж, зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхэд эргэлзээ төрвөл түүний сэтгэцийн байдлыг тодорхойлох шинжилгээ хийлгэнэ” гэж заасан байна. Иймд шүүгч яллагдагч С.Г-г хэрэгт ач холбогдол бүхий зүйлийг бодитой тусгаж, зөв мэдүүлэг өгөх чадвартай эсэхэд эргэлзээ төрсөн бол өөрөө шинжээч томилж дүгнэлт гаргуулах боломжтой юм.

Харин Эрүүгийн хзрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заавал шинжилгээ хийлгэх тохиолдлуудыг заасан байдаг. Тус зүйлийн 2.4-т “бүх насаар хорих ял оногдуулж болох гзмт хэргийн яллагдагчийн сэтгэцийн байдлыг тодорхойлох” гэж заасан тул тухайн гэмт хэрэгт сэтгэцийн байдалд дүгнэлт гаргуулаагүй тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил, оролцогчийн эрхийг хангаагүй тул мөрдөн шалгах ажиллагааны үе шатанд засуулах зөрчил болохоос шүүгч яллагдагчийн сэтгэцийн байдалд эргэлзэж байна гэсэн үндэслэлээр сэтгэцийн дүгнэлт гаргуулахаар прокурорт буцааж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүй байна. Хэргийг хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд шийдвэрлэх боломжгой гэж дүгнэж байна.

Иймд Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг шүүхийн урьчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЗ/219 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

5. Прокурор Х.Энхтуул давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байна. Хэргийг 3 үндэслэлээр прокурорт буцаасан. Эрүүгийн хэрэг болон яллах дүгнэлтэд үйлдсэн хэргийн хугацааг 2019 оны 10 дугаар сарын 19-20-ны хооронд гэж бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан гэмт хэргийг хэзээ үйлдсэн болохыг нотлоогүй байна гэж үзсэн.

Хохирогч мэдүүлэгтээ 2019 оны намар Өлгий сумын Чаргат багийн нутаг “Мөөгийн худаг” хэмээх газраас 32 тооны үхрийг “Бодоок” гэх газарт хүргэсэн. Үхрээ харж чадахгүй байж байгаад 2019 оны 10 дугаар сарын 20-ны үед очиж харахад 4 тооны үхэр дутсан гэсэн мэдүүлгийг өгсөн. Тэгэхээр хохирогчийн 4 тооны үхэр 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 20-ны хооронд хулгайлагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Энэ гэмт хэрэг нь 2019 онд илэрсэн, 2020 онд нөхөн илрүүлэлтээр цагдаагийн байгууллагад шалгагдсан. 2019 оны хэргийн үйл баримтыг хэдэн сард хулгайлагдсан юм байна гэж мөрдөн шалгах ажиллагааг явуулах боломжгүй байна. Шүүгдэгч С.Г нь хулгайлсан хохирогчийн 4 тооны үхрийн хоёрыг нь өөрийнхөө гэрийн гадна нядалсан гэх баримт хэрэгт тогтоогдсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т заасныг нотлоогүй байна гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна.

Хохирогч Г.О-гийн 4 тооны үхрийн үлдсэн 2 тооны үхрийг хэрхэн, хаана яаж захиран зарцуулсныг тогтоогоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн хэмжээг нотолно гэж заасныг нотлоогүй гэж үзэх үндэслэл болно гэж үзсэн. Хуульд заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шинж чанар, хэр хэмжээг хангалттай хэрэгт авагдсан.

Шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн 4 тооны үхрийг 2019 оны 10 дугаар сарын байдлаар хэдэн төгрөгийн үнэтэй байсныг нотолж тогтоосон. Хохирогчид учирсан хохирол хор уршгийн хэр хэмжээг тогтоосон. Хулгайн гэмт хэрэг нь нууц далд аргаар үйлдэгддэг. Хохирогчийн 4 тооны үхрийн 2 үхрийг нь шүүгдэгч нь гэрийнхээ гадна нядалсан. Харин үлдсэн 2 тооны үхрийг хэзээ, хаана, хэрхэн захиран зарцуулсан гэдэг нь тогтоогдох боломжгүй байна. Энэ ажиллагааг хохирол, хор уршгийг бүрэн тогтоогоогүй байна гэж үзэх үндэслэлгүй байна.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж үзсэн. Яллагдагч С.Г-гийн ээж Сэржээгээс мэдүүлэг авахдаа Монгол улсын үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсгийг зөрчиж мэдүүлэг авсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзсэн. Яллагдагч С.Г-гийн ээж Сэржээгээс мэдүүлэг авахдаа түүнд өөрийн төрсөн хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй гэсэн заалтыг тайлбарлаж өгөхөд мэдүүлэг өгөхийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зуруулж баримтжуулж авсан баримт хавтаст хэргийн 56 дугаар хуудсанд авагдсан байдаг.

Ийм учраас мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2, 8.3 дугаар зүйлүүд, мөн хуулийн 25.1 дүгээр зүйлүүдэд заасан хохирогчийн эрх үүрэг болон зөрчлийн болон Эрүүгийн хуульд заасан хариуцлагыг сануулсан мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан учраас прокурор эрүүгийн хариуцлагад татах тогтоол болон яллах дүгнэлтийн яллах талын эх сурвалж болгож яллах дүгнэлтдээ бичсэн. Харин мөрдөгч Сүхбаатар нь шүүгдэгчийн ээж Сэржээгээс мэдүүлэг авахдаа хууль сануулахгүйгээр мэдүүлэг авсан байна. Үүнийг прокурорын зүгээс зөрчил гэж үзсэн учраас яллах талын нотлох баримтад оруулаагүй.

Яллагдагч С.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас асуусан асуултыг ойлгохгүй байгаагаа хэлж үг утга, дэс дарааллын хувьд ойлгомжгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.5-д яллагдагч хэрэгт ач холбогдол бүхий байдлыг бодитой тусгаж зөв мэдүүлэг өгч чадахад эргэлзээ төрвөл түүний сэтгэцийн байдалд шинжилгээ хийлгэн гэсний дагуу шинжилгээ хийлгэх үндэслэлд хамаарч байгаа тул уг шинжилгээг хийлгэх шаардлагатай гэж хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүй байна гэж үзэж байна. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЗ/219 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн” гэв.

6. Шүүгдэгч П.Н-ын өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “гэмт хэрэг гарсан байдлыг зайлшгүй тогтоох шаардлагатай” гэж заасан байдаг. Гэмт хэргийг хэзээ, хэн, хэрхэн, яаж үйлдсэн эсэхийг зайлшгүй нотлох шаардлагатай байхад нотлогдож тогтоогдоогүй байна.

Маргаан бүхий захирамжийн 2, 3 дугаар зүйлийг үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа тул прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3-т заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй байх тул захирамжийг хүчингүй болгох үндэслэл байхгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 3 дугаар заалтууд 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр хүчингүй болсон учир шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгож өгнө үү” гэв.

7. Шүүгдэгч С.Ггийн өмгөөлөгч Я.Батханд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЗ/219 дүгээр захирамжийг үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Прокурорын эсэргүүцлийг дараах байдлаар няцааж байна. Прокурор 2019 оны 10 дугаар сарын 10-20-ны өдрүүдийг тогтоох боломжгүй гэж тайлбарласан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т гэмт хэрэг хэзээ гарсан гэдгийг заавал тогтоохоор зааж өгсөн байдаг.

Прокурор хулгайн гэмт хэрэг далд аргаар үйлдэгддэг гэдэг шалтгаанаар 10 хоногийг ерөнхий байдлаар гэмт хэрэг гарсан гэж яллаж байгаа нь үндэслэлгүй юм. Мөн С.Ггийн гэрийн гадна 2 үхрээ нядалсан гэдэг нь тогтоогдсон гэж тайлбарласан. Прокурорын тогтоогдсон гэж ярьж байгаа нь зөвхөн Сэржээгийн мэдүүлгийг үндэслэж байсан. Гэтэл прокурор тайлбартаа Сэржээгийн мэдүүлгийг яллах дүгнэлтэд үндэслээгүй гэж хэлсэн байтлаа С.Ггийн гэрийн гадна мал нядалсан нь тогтоогдсон гэх мэт зөрүүтэй тайлбар гаргасан. 4 үхэр алга болсон боловч 2 үхрийг нядалсан гэдгийг эх Сэржээгийн мэдүүлгээр тогтоосон гэдэг боловч үлдсэн 2 үхрийг хэн хэзээ авсан талаар тогтоогоогүй байсан. Прокурорын зүгээс шинжээчийн дүгнэлтээр хохирлын үнэлгээ гарсан учир хохирогчийг хохирсон гэж үзэж байгаа нь буруу юм. Шинжээчийн дүгнэлтээр хохирлын үнэлгээ гарснаар шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэх боломжгүй юм.

Яллах дүгнэлтийн 3 дугаар талын 8 дахь хэсэгт “С.Ггийн эх Сэржээгийн мэдүүлгийг нотлох баримтаар үндэслэсэн байсан. Иймд анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЗ/219 дүгээр захирамж нь хууль зөрчөөгүй учир хэвээр үлдээж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах саналтай байна. С.Гтай өмгөөлөл хууль зүйн туслалцааны гэрээ байгуулж, очиж уулзаж байхад хэрэг хариуцах чадвартай эсэх нь тодорхойгүй санагдсан. Шүүгдэгч С.Ггийн сэтгэцийн эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батгэрэлийн саналыг дэмжиж байна” гэв.

8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Энхтуул дүгнэлтдээ: “Прокурорын 14 дүгээр эсэргүүцлийг дэмжиж байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг хангалттай тогтоосон гэж үзэж байна. Хохирогчийн зүгээс мэдүүлгийн эх сурвалжийг тодорхой зааж өгсөн. Хохирогч мэдүүлэгтээ “2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 32 тооны үхрээ бэлчээрт гаргасан. 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр очих үед 4 тооны үхэр алга болсон байсан” гэж мэдүүлсэн.

Тэгэхээр уг гэмт хэрэг 2019 оны 10 дугаар сарын 10-20-ны өдрүүдийн хооронд үйлдэгдсэн гэмт хэрэг болох нь тогтоогддог. Монгол улсын хувьд бэлчээрийн мал аж ахуй эрхэлдэг улс орон учир малчид нь хүртэл тодорхой цаг хугацааны давтамжтай малаа харж хариулдаг. Гэмт хэрэг хэзээ гарсныг хохирогч мэдүүлэгтээ 2019 оны 10 дугаар сарын 10-20-ны хооронд 4 тооны үхэр алдагдсан гэдгээ мэдүүлснээр гэмт хэрэг хэзээ гарсан болох нь тогтоогдсон.

Прокурор 2019 онд гэмт хэрэг гарсан мэтээр тодорхойгүй цаг хугацаа хэлж яллах дүгнэлт үйлдэгдээгүй. 2019 оны 10 дугаар сарын 10-20-ны хооронд гэмт хэрэг гарсан гэж ялласан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд яллах дүгнэлтийн 8 дугаар талд эх С-гийн мэдүүлэг авагдсан талаар тайлбар гаргасан. Яллах дүгнэлтэд эх С-гийн мэдүүлэг авагдсан гэдгийг улсын яллагч хүлээн зөвшөөрдөг.

Мөрдөн байцаалтын шатанд эх С-гээс 2 удаа мэдүүлэг авсан боловч анх өгсөн мэдүүлэгт үндэслэж яллах талын нотлох баримтын эх сурвалж болгож яллах дүгнэлтэд тусгасан. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд болон прокурорын шатанд байх хугацаанд үйлчлүүлэгчийн сэтгэцийн байдал эргэлзээ бүхий байгаа нь ажиглагдсан тохиолдолд өмгөөлөгчээс прокурор, мөрдөгчид хүсэлт гаргаад уг асуудлыг шийдвэрлүүлж болох байсан.

Уг асуудлыг зайлшгүй прокурор, мөрдөн байцаалтын шатанд тогтоох ёстой ажиллагаа биш. Шүүхийн шатанд шүүгдэгчийн сэтгэцийн байдал эргэлзээ бүхий байдал ажиглагдвал шүүхээс шинжээчийн дүгнэлт тогтоож, сэтгэцийн байдлыг шалгуулах боломжтой байсан. Прокурорын эсэргүүцлээ дэмжиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан заалтыг  хүчингүй болгож шийдвэрлэсэн боловч давж заалдах шатны шүүхээс шүүгчийн захирамж үндэслэлгүй болсон талаар дүгнэлт хийж  өгнө үү. Шүүгчийн захирамжид заасан ажиллагааг заавал хийх шаардлагатай ажиллагаа биш гэж прокурорын зүгээс үзэж байна. Хавтаст хэргийн хүрээнд хэргийг шийдвэрлэх бүрэн боломжтой байх тул шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийх шаардлагагүй гэж үзэж байна. Ийм учраас улсын яллагчийн эсэргүүцлийг дэмжиж оролцож байна” гэв.

9. Хохирогчийн өмгөөлөгч Б.Лхагважав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “Хохирогч нь үхрүүдээ 2019 оны 10 дугаар сарын 10-ны үед хүргэчхээд мөн оны 10 дугаар сарын 20-ны өдөр очиж харахад 4 үхэр нь алга болсон гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Гэрч Сэржээг хууль сануулж мэдүүлэг аваагүй гэдэг зүйл ярьсан.

Гэтэл уг гэрчээс хэсгийн төлөөлөгч Э.Баттулга мэдүүлэг авахдаа /хавтаст хэргийн 56-59 дүгээр тал/  Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т заасан гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг тайлбарлаж, мэдүүлэг өгөхийг асуухад мэдүүлэг өгөхөө илэрхийлж гарын үсгээ зурсан. Иймд хууль сануулаагүй гэдэг нь үндэслэлгүй байна. Шүүгдэгч С.Г-гийн сэтгэцийн байдлыг шалгаж тогтоох зайлшгүй шаардлагатай гэж үзсэн. Энэ асуудлыг шүүхэд эрх хэмжээнийхээ хүрээнд хүсэлт гаргаад шалгуулах боломжтой.

 Ийм учраас прокурорын гаргасан эсэргүүцлийг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЗ/219 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авна уу гэсэн саналыг гаргаж байна” гэв.

10. Шүүгдэгч П.Нын өмгөөлөгч Батгэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: “...Гаргасан тайлбараа дэмжиж байна. Яллах дүгнэлтэд дурдсан хэд хэдэн гэрчүүдийн мэдүүлгээр П.Н-ыг хулгай хийсэн гэдгийг Энхсайханаас бид сонссон гэж өгсөн мэдүүлгийнхээ эх сурвалжийг Энхболдоос сонссон гэж зааж мэдүүлсэн.

Гэрч Энхболд нь хохирогч Г.О-гийн 4 тооны үхрийг манай багийн иргэн А авсан гэж С.Г надад хэлсэн. Энэ мэдүүлгээр П.Ныг хулгай хийсэн талаар мэдүүлээгүй байна. Э-ын мэдүүлгийн эх сурвалж нь А болж байна. Харин нь Амартүвшин нь “би ийм зүйлийг хэлээгүй” гэж мэдүүлсэн байдаг. Хавтаст хэрэгт авагдсан мэдүүлгийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа гэдэг бол маш чухал зүйл байдаг.

Хохирогч нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр малаа харсан гэж байна. Тухайн мал нь маргааш нь буюу 11-ний өдөр ч хулгайлагдсан  байх боломжтой. 10 сарын 11-нд үйлдэгдсэн гэж үзвэл шүүгдэгч нар нь тухайн өдөр гэмт хэргийн газар байсан уу үгүй юу гэдэг маршрутыг тогтоох боломжтой. Гэтэл 10 дугаар сарын 10-аас 20-ны хооронд гэдэг ерөнхий байдлаар цаг хугацааг нь авч үзэх боломжгүй байна. Гэмт хэрэг яг хэзээ гарсан гэдгийг тогтоох зайлшгүй шаардлага байна. Ийм учраас шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

11. Шүүгдэгч С.Ггийн өмгөөлөгч Я.Батханд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа : “Прокурор нь гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг тогтоох боломжгүй гэж эхний тайлбартаа хэлээд дараагийн тайлбартаа хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг тогтоосон гэж ярьж байгааг гайхаж байна. Яллах зүгнэлт үйлдэхдээ хуулийн хүрээнд хуулиа баримтлах ёстой байдаг. Ерөнхий байдлаар гэмт хэрэг үйлдэгдсэн гэж авч үзэж яллах боломжгүй. Б.Батгэрэл өмгөөлөгчийн хэлснээр маршрутыг тогтоох боломжтой байсан. Гэрчээр асуугдсан шүүгдэгчийн ээжид нь хууль тайлбарлаж өгсөн, өөрөө хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн гэж ярьж байна. Уг хүн нь бичиг үсгийн мэдлэггүй, зөвхөн нэрээ бичиж чаддаг хүн. Ээж нь хүүхдийнхээ эсрэг хэзээ ч худлаа мэдүүлэг өгөхгүй.

Шинжээчийн дүгнэлт нь хэрэгт ач холбогдолтой эсэх асуудлыг ярьж байна. Өмгөөлөгч анхнаасаа оролцсон бол мөрдөн байцаалтын шатанд хүсэлтээ өгөөд шалгуулах боломжтой байсан. Мөрдөгч, прокурор нь өөрийн санаачилгаараа сэтгэцийн дүгнэлт гаргуулах боломжтой байсан. Тухайн хэргийн шүүгдэгч нь ямар хэрэгт холбогдсоноо, хэдэн жилийн ял авах гэж байгаагаа ухамсарлах чадвартай байх ёстой ба сэтгэц мэдрэлийн хувьд эрүүл хүнийг яллах ёстой.

Ийм учраас С.Г-гийн сэтгэцийг шалгуулах нь зайлшгүй шаардлагатай. Энхболд гэдэг хүний согтуу ярьсан зүйл нь хохирогч Г.О-ийн чихэнд очоод энэ хэмжээнд хүрсэн. Э нь мэдүүлгээсээ буцсан. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас эх сурвалжаа заасан нотлох баримт байхгүй байна.

Хохирогчийн 4 тооны үхрийн хоёр нь нядлагдсан ба хоёр нь хаачсан нь тогтоогдоогүй байна. Хуулийн дагуу яллах ёстой учраас Монгол улсын үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг үндэслээд анхан шатны шүүхийн шүүгчийн “Хэргийг прокурорт буцаах тухай” 2022/ШЗ/219 дүгээр захирамжийг хэвээр үлдээж, тогтоогдоогүй нөхцөл байдлуудыг тогтоосны дараа шийдвэрлэх шаардлагатай  учраас хэргийг буцааж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь :

1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 219 дүгээр “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн П.Н,С.Г нарт  холбогдох, 2235000070093 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэхдээ эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Анхбаяраас П.Н, С.Г нарыг бүлэглэн 2019 оны 10 дугаар сарын дундуур Г.Одвогийн өмчлөлийн, 3.700.000 төгрөгийн үнэ бүхий, 4 тооны үхэр хулгайлсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

3. П.Н, С.Г нарт  холбогдох эрүүгийн хэрэгт шүүх яллагдагч  нарын өмгөөлөгч Б.Батгэрэл, Я.Батханд нарын хүсэлтээр шүүхийн  урьдчилсан хэлэлцүүлэг явуулж хэргийг прокурорт буцааж шийдвэрлэхдээ:

- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлтэд хэрэг үйлдэгдсэн хугацааг 2019 оны 10 дугаар сарын 10-20-ны хооронд гэж бичсэн, мөн хохирогч Г.О-ийн 4 тооны үхэр алдагдсан үйл баримт тогтоогдсоноос 2 тооны үхрийг яллагдагч С.Г гэрийнхээ гадна нядалсан гэж яллаж байгаа боловч үлдсэн 2 тооны үхрийг хэн авч, хэрхэн захиран зарцуулсан зэргийг тогтоогоогүй нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй буюу гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг нотлоогүй гэж үзнэ.

- Яллагдагч С.Ггийн эх Л.С-гээс гэрчээр мэдүүлэг авахдаа түүнд гэр бүлийн гишүүн, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг нь тайлбарлаж, мэдүүлэг өгөх эсэхийг асуухгүйгээр мэдүүлэг авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн,

- Яллагдагч С.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт оролцохдоо талуудаас асуусан асуултыг ойлгохгүй байгаа, хэлж байгаа үг нь утга агуулга болон дэс дарааллын хувьд ойлгомжгүй байгаа нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.5-д заасны дагуу шинжилгээ хийлгэх үндэслэлд хамаарч байгаа тул шинжээч томилж, шинжилгээ хийлгэх шаардлагатай гэх үндэслэлүүдийг тус тус заажээ.

4. П.Н, С.Г нарт  холбогдох эрүүгийн хэрэгт явуулсан мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн талаар нотолбол зохих байдал буюу гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг бүрэн шалгаж, хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар тогтоогоогүй байна гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

4.1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  “ Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэж, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж тус тус заасан бөгөөд гэмт хэрэг хэзээ, хэрхэн  гарсан, хэн үйлдсэн талаар хангалттай нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.  

4.2. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т: эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” гэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 5-т “ гэрч өөрийн болон гэр бүлийн гишүүд , эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэй” гэж, мөн зүйлийн 8-т “ шүүх, прокурор , мөрдөгч мэдүүлэг авахаас өмнө гэрчид энэ хуульд заасан гэрчийн эрх, үүргийг тайлбарлан өгнө” гэж тус тус хуульчилжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч С.Г-гийн эх Л.Сэржээгээс гэрчийн мэдүүлэг авахдаа үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх Үндсэн хуульд заасан суурь эрхийг тайлбарлаагүйгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам зөрчигдсөн байх тул энэ талаар хийсэн  анхан шатны шүүхийн дүгнэлтийг хуульзүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

5. Харин шүүгчийн захирамжид заасан хэргийг прокурорт буцаасан 3 дахь үндэслэл буюу шүүгдэгч С.Г-гийн сэтгэцийн байдлыг тогтоолгохоор шинжилгээ хийлгэх шаардлагатай гэх дүгнэлт нь нотлох баримтад үндэслээгүй буюу яллагдагч С.Ггийн сэтгэцийн байдалд эргэлзээ төрөхүйц нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 Шүүх шийдвэртээ: Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Г оролцохдоо талуудаас асуусан асуултыг ойлгохгүй байгаа, хэлж байгаа үг нь утга агуулга болон дэс дарааллын хувьд ойлгомжгүй байгаа нь яллагдагчийн сэтгэцийн байдлыг тодорхойлох шинжилгээ хийлгэх үндэслэл болж байна гэж дүгнэсэн байх боловч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн тэмдэглэл болон хэрэгт авагдсан бусад баримтуудаар яллагдагч С.Ггийн сэтгэцийн байдалд эргэлзээ бүхий нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Тухайлбал, яллагдагч С.Г мөрдөн байцаалтад  яллагдагчаар / өмгөөлөгч нь цахимаар оролцсон/ мэдүүлэг өгсөн тэмдэглэл болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт асуултад хариулсан байдлаас үзэхэд түүний сэтгэцийн байдалд эргэлзээ төрөхүйц нөхцөл байдал тусгагдаагүй байх тул энэ үндэслэлээр хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэх шаардлагагүй гэж үзлээ.

6. Прокурорын “...Хэргийг прокурорт буцаах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэх эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 219 дүгээр, “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын  2022 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 14 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.АЛТАН                               

ШҮҮГЧ                                                      Н.МӨНХЖАРГАЛ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН