| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Ганзориг |
| Хэргийн индекс | 128/2023/0981/З |
| Дугаар | 128/ШШ2024/0215 |
| Огноо | 2024-03-11 |
| Маргааны төрөл | Ашигт малтмал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 128/ШШ2024/0215
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Г даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны нэгдүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Г ХХК,
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Маргааны төрөл: Нийслэлийн Засаг даргаас Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт орших Д нэртэй талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
1.1.Г ХХК-иас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Нийслэлийн Засаг даргаас Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт орших Д нэртэй талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах шаардлага гаргасан.
Хоёр. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
2.1.Нэхэмжлэгч Г ХХК-ийн зүгээс: Г ХХК-ийн Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт орших Х дугаартай ашиг малтмалын тусгай зөвшөөрлийг анх 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Ашигт малтмалын газраас /хуучин нэрээр/ хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан. Үүнээс хойш жил болгон Ашигт малтмалын газрын тосны газарт тусгай зөвшөөрлийн жилийн төлбөрийг болон 3 жил тутмын сургалтын төлбөрийг цаг хугацаанд нь төлж, тайлан төлөвлөгөө гарган батлуулж хуульд заасны дагуу үйл ажиллагааг явуулж ирсэн.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл авах хүсэлтээ 2020 оны 09 дүгээр сараас материалаа хянуулж гүйцээн бүрдүүлж байгаад 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт бүрдэл хангаж хүлээлгэн өгч баримт авсан. Улмаар 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар орж нөөцөө батлуулан, 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдөр нөөцийн тайланг хүлээн авч бүртгэсэн. 2022 оны 05 дугаар сард Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас ерөнхий үнэлгээний дүгнэлт гарган өгсөн. Энэ бүх дурдсан бичиг баримтууд Ашигт малтмал, газрын тосны газар болон Нийслэлийн Байгаль орчны газрын хариуцсан мэргэжилтнүүдэд байгаа манай компанийн хувийн хэрэгт бий. Ашиглалтын тусгай зөвшөөрөл гарахыг хүлээж байтал Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн мэргэжилтэн н.О 2022 оны 10 дугаар сард түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох эрх хэмжээ нийслэлд шилжсэн талаар мэдэгдэх хуудас өгсөн.
Түүнээс хойш 2 сар хүлээгээд Нийслэлийн Байгаль орчны газраас хариу ирэхгүй байсан тул очиж уулзаж, удаа дараа шийдвэрлэлтийн явцыг асууж сураглахад шалгаж байна гэсэн хариуг амаар өгсөн. 2023 оны 05 дугаар сард хуулийн хэлтэст шилжүүлсэн гэсний дагуу хуулийн мэргэжилтэнтэй уулзахад дөнгөж 7 хоногийн өмнө танай материал ирсэн шалгаж байна гэсэн хариу амаар өгсөн.
2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр мэргэжилтэн Я.Цтай дахин уулзахад танай хугацаа хэтэрсэн гээд З.Т орлогчийн дэргэдэх зөвлөлийн хурлаас лиценз олгохоос татгалзсан гэсэн аман хариу өгсөн. 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр дээрх асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Ст 07/23 дугаартай албан бичгээр гомдол гаргасан боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй.
2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр дээрх албан тоотын хариуг нэхэмжлэн Нийслэлийн Засаг даргын тамгын газрын бичиг хэргийн ажилтантай уулзахад ирсэн бичгийн бүртгэл, хяналтын картын хуулбарыг өгсний дагуу эцсийн байдлаар хариуцаж байгаа Нийслэлийн байгаль орчны газрын, хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн хэлтсийн дарга Ч.Мтай очиж биечлэн уулзсан. Цахимаар манай албан тоот өөрт нь шилжин очсон боловч хариуцаж байсан ажилтан Я.Ц өөр ажилд шилжсэн бөгөөд ээлжийн амралттай, танай хувийн хэргийг хүлээлгэн өгөөгүй, өөр ажилтан томилогдоогүй гэсэн хариу өгсөн.
Нийслэлийн Байгаль орчны газрын хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн хэлтсийн хариуцсан мэргэжилтэнтэй удаа дараа очиж уулзаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Ст албан тоотоор гомдол хүртэл гаргасан ч Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэхэд саад учруулсан төрийн байгууллага, албан тушаалтны үйлдэл, эс үйлдэхүйн талаар холбогдох дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүхэд гомдол гаргаж болно гэж заасны дагуу ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох эсэх хариу албан ёсоор өгөхгүй байгаа тул дээрх хуулийн зохицуулалтын дагуу 2023 он 08 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд хандсан.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч доор дурдсан эрх эдэлнэ 15.1.2-т энэ хуульд заасан нөхцөл шаардлагыг хангасны үндсэн дээр хайгуулын талбайн аль ч хэсэгт ашиглалтын тусгай зөвшөөрлийг онцгой эрхийнхээ дагуу авах, 17 дугаар зүйлийн 17.1-д Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхтэй гэж тус тус заажээ.
Манай компани Түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаж шийдвэрлүүлэх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар зөрчиж байгаа гэж бид үзэн шүүхэд хандаж байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу Нийслэлийн Засаг даргаас Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт орших Д нэртэй талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтож, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б, Б.Б нар шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хууль 2014 онд батлагдсанаар аймаг, нийслэлийн Засаг дарга хариуцсан нутаг дэвсгэртээ түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг олгох, цуцлах асуудлыг шийдвэрлэх хууль эрх зүйн боломж бүрдсэн.
Г ХХК-д нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт Д нэртэй газарт 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Ашигт малтмалын газраас (хуучин нэрээр) түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын ХV-0 дугаартай тусгай зөвшөөрлийг анх олгосон байдаг. Тусгай зөвшөөрлийн олгосон хугацаа 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр дууссан байна.
Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар тушаалаар 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр буюу тус компанийн тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр хугацаа дууссан байхад Баримт бичиг хүлээлцсэн акт-аар ашиглалтын тусгай зөвшөөрлийн хүсэлт, материалыг Нийслэлийн Байгаль орчны газарт хүлээлгэн өгсөн байдаг.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д зааснаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссан-аар тусгай зөвшөөрөл дуусгавар болно. Мөн Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй гэж заасан.
Иймээс Г ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусч, дуусгавар болсон тул ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2.1.1.Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Ашигт малтмал, газрын тосны газарт Г ХХК-ийн Х лицензийг ашиглалтын болгох хүсэлтээ өгсөн боловч лиценз бичих хүртэлх бүх ажиллагаа хийгдээд, хуулийн хүрээнд танай ашигт малтмалын лицензийг Нийслэл хариуцах тул шилжүүллээ гэсэн мэдэгдэх хуудас өгсөн. Ямар нэг хариу өгөлгүй 2 сар болсон учраас уг мэдэгдлийн дагуу хариуцсан мэргэжилтэн Я.Цтай уулзахад шалгаж байна, олон төрийн байгууллагуудаас бид бичгээр хүсэлт гаргаж лавлагаа авч шалгаж байна гэж хэлсэн. Удаа дараа хариу нэхсэн. 2023 оны 05 дугаар сард хуулийн мэргэжилтэнтэй нь уулзахад танайхыг шалгаж байна гэж хэлсэн. Хуулийн хүрээнд хоёр байгууллага алдаа гаргаад манай байгууллагыг ялгаварлаад үлдээсэн асуудлыг хариуцагч талаас үгүйсгэж чадахгүй байгаа гэв.
2.1.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг дарга ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдөлд хариу өгөхгүй байгаа нь хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоолгох, ашиглалтын тусгай лиценз олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Хууль бус эс үйлдэхүй болохыг тогтоолгохын тухайд, 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дуусаад ашиглалтын тусгай зөвшөөрөл болгуулахаар өргөдөл өгсөн. Уг өргөдөлд тухайн үед хариуцаж байсан Ашигт малтмалын газар хариу өгөөгүй ч хийгдэх ёстой ажиллагаануудаа хийгээд явж байсан. Тэр нь Ковид цар тахалтай холбоотой байсан бөгөөд мөн бусад төрийн байгууллагын шалтгаантайгаар хариу өгч чадаагүй. Учир нь хуульд заасан ажиллагаануудаа хугацаа хоцроосон ч гэсэн мэдэгдэж байсан учраас бид уг эс үйлдэхүйтэй маргаагүй. Нийслэлийн Засаг даргын хувьд, 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр таны лицензийн өргөдлийг Нийслэлийн Засаг дарга руу шилжүүллээ гэсэн утгатай Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн албан тоот ирснээр Нийслэлийн Засаг дарга хариуцахаар болсон юм байна гэж ойлгосон. Үүнийхээ хариуг амаар болон бичгээр шаардсан. Бичгээр шаардсан шаардлагын хариу шүүхэд бүрэн авагдсан байгаа. Нийслэлийн Засаг дарга Д.С болон Х.Н нарт хандсан. Амаар маш олон удаа хандахад шийдвэрлэхгүй яваад байсан. Хуульд заасны дагуу өргөдөл хүлээж авсан эсэхээ мэдэгдэх ёстой байсан. Үүн дээр хариуцагчийн хэлж байгаа хугацаа хэтэрсэн, бүрдэл хангагдаагүй гэсэн асуудлуудаа тухай бүрд нь өргөдөл гаргагчид мэдэгдэх үүргээ Нийслэлийн Засаг дарга биелүүлээгүй. Нэхэмжлэгч Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хандсан. Гэтэл нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах явцдаа татгалзсан захирамжуудын биелэлтийг хангахтай холбоотой 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гаргасан бичгийн хариуг Байгаль орчны газраас хугацаа хэтэрсэн байна гэж өгсөн. Үүнийг хуульд заасан үүргээ биелүүлсэн хууль ёсны үйлдэл гэж үзэхгүй байгаа. Учир нь нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангахтай холбоотой, дээрээс нь хуульд зааснаар хугацаандаа хариу өгөөгүй эс үйлдэхүйг ойлгоно гэж заасан байгаа. Гэтэл 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөр тооцох юм бол Нийслэлийн Засаг даргын эрх мэдэлд материал шилжсэн үеэс тооцвол нэг жил гаруй болчихсон. Тэгэхээр хуульд заасан 20 хоногт шийдвэрлэх асуудлыг шийдвэрлэхгүй хоёр жил орчим болгоно гэдэг нь хууль бус эс үйлдэхүй байна. Энэ хугацаанд хийгдсэн үйл ажиллагаа, тэр тусмаа Нийслэлийн Засаг даргатай холбоотойгоор өргөдөл шийдвэрлүүлэх эрх зөрчигдсөн. Юуг нь мэдэхгүй хоёр жил явсан.
Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулиар онцгой эрхийн нь дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигчид ашиглалтын тусгай зөвшөөрлийг олгох үүргийг Нийслэлийн Засаг дарга хүлээлгэсэн. Энэ үүргээ гүйцэтгэхийг даалгаж өгнө үү гэж хүсэж байна. Мөн 2020 оноос 2023 оныг хүртэл гаргасан өргөдлийнхөө хариу, түүнтэй холбоотой мэдээлэл авч чадаагүй асуудлыг хууль бус эс үйлдэхүй гэдгийг тогтоож өгнө үү гэв.
2.2.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.З шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эс үйлдэхүй гэдэг нь өргөдөл, гомдол гаргаад хариу өгөөгүй байхыг ойлгоно. Нийслэлийн Засаг даргад өгсөн өргөдөл байхгүй гэдгийг хэлсэн. Ашигт малтмалын газраас аймаг, нийслэлийн Засаг даргад шилжүүлсэн гэж байгаа боловч Нийслэлийн Байгаль орчны газрын шийдвэрийн хоёр дахь хэсгээс харахад холбогдох байгууллагад шилжүүлсүгэй гэсэн байгаа. Нийслэлийн Засаг даргад өргөдөл шилжүүлсэн асуудал байхгүй. Нийслэлийн Засаг даргад өгсөн өргөдлийнх нь дагуу судлаад зөвлөлийн хурлаар оруулаад, асуудлыг судлаад нийслэлд ажиллагаа хийгдсэн баримтууд авагдсан. Хариу өгөхдөө тухайн өргөдөл нь хугацаандаа шийдвэрлэгдээгүй байна гэсэн байсан. Учир нь Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд зааснаар 15 хоногийн дотор хариу өгөх ёстой байдаг. Гэтэл Ашигт малтмалын газраас хариу өгөөгүй байхад эс үйлдэхүй гээд гомдол гаргах эрх нь байсан. Манай байгууллагад ирэхдээ тухайн компанийн тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байхад ирсэн. Нийслэлийн Засаг дарга асуудлыг шийдвэрлэх боломжгүй. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3.1 дэх хэсэгт 17 дугаар зүйлийн 17.3, 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй өргөдлийг хүлээн авахаас татгалзана гэж заасан байдаг. Энэ хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.2 дахь хэсэгт заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу хүлээн авч холбогдох баримт бичиг явуулж шалгана гэж заасан. Мөн хуулийн 17.1-д түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргах эрхтэй гэж заасан. Манай байгууллагад ирэхдээ хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байсан. Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд зааснаар хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссанаар тусгай зөвшөөрөл дуусгавар болж байгаа гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарыг үндэслэн дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч талаас хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаанд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг гаргасан, Ашигт малтмал, газрын тосны газраас хуульд заасан өргөдөл хянан шийдвэрлэх ажиллагааг хийсэн, энэ талаараа тухай бүр мэдэгдэж байсан тул үүнтэй маргахгүй, хариуцагч Нийслэлийн Засаг даргад өргөдөл шилжиж ирснээс хойш хуулийн хугацаанд өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй үзүүлсэн нь хууль бус гэж, хариуцагч талаас нэхэмжлэгч Ашигт малтмал, газрын тосны газарт өргөдөл гаргасан бөгөөд өргөдлийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйтэй тухайн үед маргаагүй, Нийслэлийн Засаг даргад өргөдлийг шилжүүлээгүй, Нийслэлийн Байгаль орчны газарт өргөдөл шилжиж ирсэн, 2023 онд гаргасан өргөдлийг Зөвлөлийн хурлаар хэлэлцээд тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, өргөдөлд хавсаргах бүрдэл хангаагүй гэсэн үндэслэлээр өргөдлийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн, хариуцагчид өргөдөл ирэхдээ хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан байсан, хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссанаар ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхгүй гэж тайлбарлан маргаж байна.
Нэг.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын тухайд:
1.1.X дугаарт бүртгэгдсэн өргөдлийн дагуу Улаанбаатар хотын Налайх дүүргийн Д нэртэй 32.97 гектар талбай бүхий ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн дугаартай шийдвэрээр Г ХХК-д 3 жилийн хугацаагаар олгож, 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр баталгаажуулсан байна.[1]
1.2.Нэхэмжлэгч Г ХХК-д олгосон ашигт малтмалын хайгуулын Х дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2011 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн дугаартай шийдвэрээр 2014 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай шийдвэрээр 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл, 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн ******* дугаартай шийдвэрээр 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл тус тус 3 жилийн хугацаатай сунгаж шийдвэрлэжээ.
1.3.Г ХХК-ийн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 11/15 дугаартай албан бичгээр Х дугаартай тусгай зөвшөөрөл бүхий элс-хайрганы холимгийн ордод А ХХК-иар хийсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайланд шинжээч томилуулах хүсэлт гаргасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн ******* дугаартай шийдвэрээр шинжээч томилж, 2020 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Геологийн мэргэшсэн инженер Б.Г тайланд 15 зүйл бүхий засвар хийх шинжээчийн дүгнэлт гаргажээ.[2]
1.4.2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 16-1/20 дугаартай албан бичгээр[3] Г ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газарт хандан шинжээчийн дүгнэлтийн холбогдох засваруудыг хийн Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх хүсэлтийг гаргасан бөгөөд мөн өдөр Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасныг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн Ц.Б ******* дугаарт бүртгэн хүлээн авсан байна.[4]
1.5.Улмаар өргөдөлд хавсаргавал зохих баримт бичгүүдээс хайгуулын ажлын үр дүнгийн тайланг хэлэлцэн хүлээн авсан Эрдэс баялгийн зөвлөлийн тэмдэглэл, төрийн захиргааны байгууллагын шийдвэр, тайлангийн нөөцийн дэвсгэр зураг дээр ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн талбайн хилийг буулгасан зураг, байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээ зэрэг баримтуудыг өргөдөлд хавсаргаагүй, хүлээн аваагүй талаар өргөдөл хүлээн авагч тэмдэглэж, өргөдлийн маягтад хасах тэмдэглэгээ үйлджээ.[5]
1.6.Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ******* дугаартай дүгнэлтээр Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутагт орших Д нэртэй 32.97 гектар талбай бүхий Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй элс-хайрганы холимгийн ордод 2020 онд гүйцэтгэсэн хайгуулын ажлын үр дүнгийн тайлан дахь элс-хайрганы нөөцийг ашигт малтмалын нөөцийн Улсын нэгдсэн тоо бүртгэлд бүртгэхийг Үндэсний геологийн албаны Геологийн мэдээллийн төвд зөвшөөрсний дагуу Үндэсний геологийн албаны даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн ******* дугаар тушаалаар нөөцийн мэдээллийг бүртгэж, хүлээн авсан байна.[6]
1.7.Г ХХК-иас 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гаргасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авснаас хойш Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн мэргэжилтнүүд 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүртэл зураг зүйн шүүлт хийх, Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт, тушаалыг хүлээн авч, хавсаргах, К-4 маягтыг засах тухай нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Од мэдэгдэж, засварлаж ирүүлсэн маягтыг хүлээн авч, өргөдөлд хавсаргах зэргээр Ашигт малтмалын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасан өргөдлийг хянан шийдвэрлэх ажиллагаа хийсэн байна.[7]
1.8.Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар тушаал[8], мөн газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр[9] Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.4, 11.2.5-д заасны дагуу түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг харьяалах нутаг дэвсгэрийн аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэх тул 6 аж ахуй нэгж /нэг нь нэхэмжлэгч Г ХХК/-ийн түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг харьяалах аймаг, нийслэлд шилжүүлэхээр шийдвэрлэжээ.
1.9.Дээрх шийдвэрийн дагуу Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг дэвсгэр дэх Д нэртэй 32.94 гектар талбай бүхий ******* дугаартай өргөдлийг харьяалах аймаг, нийслэлийн Засаг даргад шилжүүлсэн талаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10/5033 дугаартай албан бичгээр[10] нэхэмжлэгч Г ХХК-д мэдэгдсэн байна.
1.10.Г ХХК-ийн 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 07/23 дугаартай албан бичгээр[11] хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхгүй байгаа талаар Нийслэлийн Засаг даргад хандан гомдол гаргасан, Нийслэлийн Засаг даргаас гомдолд хариу өгөөгүй үндэслэлээр 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
1.11.Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн ******* дугаартай захирамжаар Г ХХК-ийн нэхэмжлэлээр, Нийслэлийн Засаг даргад холбогдуулан захиргааны хэрэг үүсгэсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн Байгаль орчны газрын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02/2710 дугаартай албан бичгээр[12] ...нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, цуцлах талаар санал боловсруулах үүрэг бүхий Зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлсэн. Тус хуралдаанаас танай гаргасан өргөдлийг хянаж үзээд хайгуулын тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа нь 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр дуусгавар болсон бөгөөд Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-т заасан өргөдөл шийдвэрлэх хугацаанд шийдвэрлэгдээгүй, мөн тухайн өргөдлийг тус хуулийн 18 дугаар зүйл, Ашигт малтмалын тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан бичиг баримтын бүрдлийг бүрэн хангуулж өргөдлөө гаргаагүй зэрэг зөрчилтэй байх тул түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй... гэж нэхэмжлэгч Г ХХК-д мэдэгджээ.
Хоёр.Хууль хэрэглээний тухайд:
2.1.Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс дээрх Нийслэлийн Байгаль орчны газрын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02/2710 дугаар албан бичиг буюу Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон тусгай зөвшөөрөл олгох, цуцлах талаар санал боловсруулах үүрэг бүхий Зөвлөлийн ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэртэй, хариуцагчаас Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр, 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүртэл тус тус 3 жилийн хугацаагаар сунгасан Ашигт малтмалын газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2014 оны , 2017 оны ******* дугаартай шийдвэртэй тус тус маргаагүй тул шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасны дагуу хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийхгүй.
2.2.Мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн ... заалтыг хэрэглэнэ гэж зааснаар шүүх уг маргааныг шийдвэрлэхэд түгээмэл тархацтай ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрөл авах харилцааг нарийвчлан зохицуулсан, 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр баталсан Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг хэрэглэж шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна.
2.3.Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т Түгээмэл тархацтай ашигт малтмалын асуудлаар аймаг, нийслэлийн Засаг дарга доор дурдсан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 11.2.5-д харьяалах нутаг дэвсгэрт нь хамаарах түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох, 17 дугаар зүйлийн 17.1-д Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд зөвхөн тухайн тусгай зөвшөөрөл эзэмшигч нь ашиглалтын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргах эрхтэй., 18 дугаар зүйлийн 18.1-д Энэ хуулийн 17.1, 17.2-т заасан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг баталсан маягтын дагуу аймаг, нийслэлийн Засаг даргад гаргах .., 19 дүгээр зүйлийн 19.3-т Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.1, 19.2-т заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 15 өдөрт багтаан доор дурдсан шийдвэрийн аль нэгийг гаргаж, өргөдөл гаргагчид мэдэгдэнэ:, 19.3.1-д өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг нь энэ хуулийн 17.3, 18.1-д заасан шаардлагыг хангаагүй бол өргөдлийг хүлээн авахаас татгалзаж, татгалзсан шалтгаан, үндэслэлийг нь дурдсан хариуг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж, өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх гэж тус тус заасны дагуу Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигч Г ХХК-иас Улаанбаатар хотын Налайх дүүргийн Д нэртэй газарт орших элс-хайрганы холимгийн орд бүхий 32.97 гектар талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Нийслэлийн Засаг даргад хандан гаргах, Нийслэлийн Засаг дарга өөрийн бүрэн эрхийн хүрээнд өргөдлийг 15 хоногийн дотор шийдвэрлэх эрхтэй байна.
2.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Г ХХК-иас Нийслэлийн Засаг даргад хандан ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаагүй, Ашигт малтмал, газрын тосны газраас Нийслэлийн Байгаль орчны газарт өргөдлийг шилжүүлсэн гэх тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж дүгнэлээ.
2.5.Учир нь Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлд Өргөдөл, гомдлыг хүлээн авсан албан тушаалтан дараахь байдлаар хянан үзнэ: гээд мөн зүйлийн 2 дахь хэсэгт өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй ...өргөдөл, гомдлыг харьяалах газар нь З хоногийн дотор шилжүүлнэ гэж зааснаар Г ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн ******* дугаартай ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5-д заасны дагуу харьяалах аймаг, нийслэлийн Засаг даргад шилжүүлэх байтал Ашигт малтмал, газрын тосны газар шилжүүлээгүй, 2 жилийн хугацаанд өргөдөл хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан, улмаар Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн ******* дугаар тушаал, мөн газрын Кадастрын хэлтсийн даргын 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн ******* дугаар шийдвэрээр харьяалах аймаг, нийслэлд шилжүүлсэн нь нэхэмжлэгчийн буруутгах үндэслэл болохгүй.
2.6.Өөрөөр хэлбэл, иргэн, хуулийн этгээдээс гаргасан өргөдлийг төрийн захиргааны байгууллага, албан тушаалтан хуулиар шийдвэрлэх бүрэн эрх олгогдоогүй буюу өөрийн эрх хэмжээнд хамаарахгүй тохиолдолд нэн даруй шийдвэрлэх эрх бүхий байгууллага, албан тушаалтанд шилжүүлэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ хуульд заасан хугацаанд хэрэгжүүлээгүй, хожим тухайн өргөдлийг харьяалах албан тушаалтанд шилжүүлсэн нь иргэн, хуулийн этгээдийн төрийн байгууллага, албан тушаалтанд өргөдөл, гомдлоо гаргаж, шийдвэрлүүлэх эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй гэж шүүх дүгнэв.
2.7.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т Захирамжилсан үйл ажиллагаа гэж ... эс үйлдэхүйг ойлгоно. гэж, 37.3-т Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж заажээ.
2.8.Хуулийн дээрх хэм хэмжээнээс үзэхэд, эс үйлдэхүй гэж хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэхээр гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсан идэвхгүй байдлыг ойлгохоор байна.
2.9.Нэхэмжлэгч талаас ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газраас Нийслэлийн Засаг даргад шилжүүлсэн, түүнийг хүлээн авснаас хойш шийдвэрлээгүй хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж тайлбарлах боловч Нийслэлийн Байгаль орчны газрын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 02/2710 дугаар албан бичгээр Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон тусгай зөвшөөрөл олгох, цуцлах талаар санал боловсруулах үүрэг бүхий Зөвлөлөөс Г ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн хүсэлтийг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй гэх агуулга бүхий хариу өгснөөр эс үйлдэхүй дуусгавар болсон байх тул эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна.
2.10.Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох гэж зааснаар даалгах шаардлагын хувьд захиргааны хууль бус татгалзал, эс үйлдэхүй тогтоогдож, үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн тохиолдолд нэхэмжлэлийг хангах үндэслэл болно.
2.11.Нэхэмжлэгчээс Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөлтэй талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл авах, ашиглалтын үйл ажиллагаа явуулах хүсэл зоригтой бөгөөд хариуцагчаас өргөдлийг хангахаас татгалзсан, уг татгалзсан шийдвэртэй нэхэмжлэгч маргаагүй байхад шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалтад заасан шийдвэрийг гаргах боломжгүй.
2.12.Дээрх нөхцөлийг нэгтгэн дүгнээд нэхэмжлэгч ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхээс татгалзсан Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон тусгай зөвшөөрөл олгох, цуцлах талаар санал боловсруулах үүрэг бүхий Зөвлөлийн шийдвэртэй маргаагүй, улмаар Нийслэлийн Засаг даргын өргөдөл шийдвэрлээгүй эс үйлдэхүй дуусгавар болсон байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2.13.Харин дээрх санал боловсруулах үүрэг бүхий Зөвлөлийн шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой асуудлаар маргахад энэхүү шийдвэр саад болохгүйг тэмдэглэх нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 37.3 дахь хэсэг, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.5, 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.3.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан Нийслэлийн Засаг даргаас Нийслэлийн Налайх дүүргийн нутаг дэвсгэрт орших Д нэртэй талбайд ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах тухай Г ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ