Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 19

 

     БХ ХХК-ийн  

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 129/ШШ2020/00269 дүгээр шийдвэртэй

            БХ ХХК-ийн нэхэмжлэлтэй

С.О-д холбогдох

эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 829 900 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагч С.О-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Б-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.О, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.У, хариуцагч С.О, хариуцагчийн өмгөөлөгч С.П, нарийн бичгийн дарга М.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний төлөөлөгчийн тайлбарт: “С.О нь 2019.03.07-ны өдөр манай компанийн БЗ буудалд “өөрийн ажилладаг МХЭ төрийн бус байгууллага дээр дуу зохиолгох ажлаар хүн урьсан, танай буудалд байрлуулан хооллоно, нийт төлбөрийг нэхэмжлэхээр хийнэ” гээд хүн байрлуулсан. Тэр хүн нь 1 өдрийн 30 000 төгрөгийн өрөөнд нийт 25 хоног байрласан бөгөөд буудлын тооцоо 750 000 төгрөг, нэмэлт үйлчилгээ 34 400 төгрөг, хоолны тооцоо 465 500 төгрөг, нийт 1 249 900 төгрөг болсон. 2019.03.21-ний өдөр хоолны тооцооноос 340 000 төгрөгийг бэлнээр өгч, е-barimt-аа авсан бөгөөд тэрээр үлдэгдэл төлбөрөө эргээд бэлнээр өгье гээд алга болсон. Дараа нь олон удаа залгаж, гэрт нь очиж хөөцөлдөн байж 2019.06.16-ны өдөр 80 000 төгрөг төлсөн. Үүнээс хойш С.О нь “бие муу байна, охин хагалгаанд орсон” гэсэн шалтаг ярьж хойшлуулж явсаар өдий хүрсэн бөгөөд сүүлдээ утсаа хаагаад сураггүй алга болсон. Одоо үлдэгдэл төлбөр 829 900 төгрөгийг төлөлгүй манай байгууллагыг олон сар хохироож байна. Иймд үлдэгдэл төлбөр 829 900 төгрөгийг С.О-ээс гаргуулж өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: “С.О надад холбогдуулан гаргасан БХ ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь С.О миний бие тус буудалд байрлаагүй бөгөөд ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 129/ШШ2020/00269 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч С.О-ээс 829 900 /найман зуун хорин есөн мянга есөн зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч БХ ХХК-д олгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 24 468 төгрөгийг орон нутгийн орлогод үлдээж, хариуцагч С.О-ээс 24 468 төгрөг гаргуулж нэхэмжлэгч БХ ХХК-д олгож шийдвэрлэжээ.

            Хариуцагч С.О-ийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: “БХ ХХК-ийн нэхэмжлэлтэй С.О надад холбогдох иргэний хэргийг хянан шийдвэрлэсэн Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 129/ШШ2020/00269 дугаартай шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Учир нь:

            1. Буудлын тооцооны бүртгэлд миний бие төлбөр төлөх талаар тохиролцож баталгаажуулсан гарын үсэг байхгүй. Энэ буудалд буусан хүн өөрөө тооцоо хийнэ гэдгийг хэлсэн.

            2. Нэхэмжлэгч болон буудалд буусан иргэн МЭХ төлбөр төлөхийг нотолсон тайлбар, мэдүүлэг өгсөн байх бөгөөд миний зүгээс буудалд байрласан иргэн тооцоо хийнэ гэдгийг мэдэгдсэн байхад иргэн намайг хариуцагч гэж шууд үзэж байгаа нь хууль бус байна.

            3. Би өөрийн идсэн хоолны үнээ төлсөн бөгөөд маргаан бүхий буудлын хөлс надад хамаагүй гэдгээ илэрхийлсэн.

            Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 129/ШШ2020/00269 дугаартай шийдвэр нь гэрээ хэлцэл байгуулж нөхцлөө тодорхойлоогүй байхад эд хөрөнгө хөлслөх болон худалдах-худалдан авах гэрээ хийгдснээр шийдвэрлэсэн хууль бус шийдвэр гэж үзэж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь: 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргасан хариуцагч С.О-ийн гомдлыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч БХ ХХК нь шүүхэд хариуцагч С.О-д холбогдуулан эд хөрөнгө хөлслөх гэрээний үүрэгт 829 900 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ нотлох баримтыг үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчсөн байх тул шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч БХ ХХК нь өөрийн өмчлөлийн БЗ буудалд 2019.03.07-2019.04.01-ний өдрийг хүртэлх хугацаанд Р.У-г байрлуулсан байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа “С.О нь 2019.03.07-ны өдөр манай компанийн БЗ буудалд “өөрийн ажилладаг Монголын Эрэгтэйчүүдийн холбоо төрийн бус байгууллага дээр дуу зохиолгох ажлаар хүн урьсан, танай буудалд байрлуулан хооллоно, нийт төлбөрийг нэхэмжлэхээр хийнэ” гээд хүн байрлуулсан. Тэр хүн нь 1 өдрийн 30 000 төгрөгийн өрөөнд нийт 25 хоног байрласан бөгөөд буудлын тооцоо 750 000 төгрөг, нэмэлт үйлчилгээ 34 400 төгрөг, хоолны тооцоо 465 500 төгрөг, нийт 1 249 900 төгрөг болсон“ гэж тайлбарлажээ.

Хариуцагч С.О “...миний бие тус буудалд байрлаагүй бөгөөд ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй” гэж нэхэмжлэлийг татгалзсан үндэслэлээ тайлбарласан байна.

БХ ХХК нь өөрийн өмчлөлийн БЗ буудалд Р.У-г 2019.03.07-2019.04.01-ний өдрийг хүртэлх хугацаанд эд хөрөнгө хөлслөх гэрээгээр байрлуулжээ.

Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д “Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зохицуулсан, нэхэмжлэгч БХ ХХК өөрийн өмчлөлийн зочид буудлын өрөөг Р.У-ийн эзэмшилд хөлслүүлсэн байх тул тус хэлцлийн үүрэг гүйцэтгэгч нь Р.У байна. С.О нь буудлын захиалгыг өгсөн гэж нэхэмжлэгч тайлбарлаж байгаа боловч БХ ХХК, С.О нарын хооронд анхнаасаа эрх зүйн харилцаа үүсээгүй, уг өрөөнд Р.У байрласныг аль аль нь мэдэж байгаа, бодит байдалд Р.У уг өрөөг хөлсөлсөн талаар маргаагүй, С.О тухайн өрөөний төлбөрийг хариуцан төлөх талаар ямар нэгэн хэлцэл хийгдээгүй нөхцөлд нэхэмжлэлийг хариуцна гэж үзэх хуулийн үндэслэлгүй юм.

Дээрх хэлцлийн үүрэг гүйцэтгэгч этгээд С.О биш байх тул Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д зааснаар БХ ХХК-аас зочид буудлын өрөөг Р.У-д хөлслүүлсэн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн эд хөрөнгө хөлслөх гэрээтэй холбоотой шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, С.О-д холбогдох 829 900 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 129/ШШ2020/00269 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасныг баримтлан С.О-д холбогдох 829 900 төгрөг гаргуулах БХ ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангасугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн хариуцагч С.О-ийн 24 468 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.             

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ДАВААСҮРЭН

                                          ШҮҮГЧИД                                    Д.БЯМБАСҮРЭН

                                                                                              В.ЦЭЦЭНБИЛЭГ