Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 01 өдөр

Дугаар 2022/ДШМ/45

 

 

С.Л, Б.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Алтан даргалж, шүүгч Н.Мөнхжаргал, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокуорын орлогч прокурор А.Турдыбек, шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Б.Батгэрэл, шүүх хуралдааны бичгийн дарга Ц.Баттулга нарыг оролцуулан,

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/87 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дээд шатны прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч Б.Батгэрэлийн давж заалдах гомдлыг тус тус үндэслэн С.Л, Б.Б нарт холбогдох, 2135000710101 дугаартай, 4 хавтас эрүүгийн хэргийг 2022 оны 8 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, 1960 оны 9 дүгээр сарын 17-нд Увс аймгийн Х суманд төрсөн, 62 настай, эрэгтэй, дээд боловсролтой, өндөр насны тэтгэвэрт, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт Увс аймгийн Баруунтуруун сумын  дугаар багт оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, 2017 онд Алтан гадас одонгоор шагнагдаж байсан, А овогт С-гийн Л.

  Монгол Улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 15-нд Увс аймгийн Баруунтуруун суманд төрсөн, настай, эмэгтэй, дээд боловсролтой, газар тариалангийн инженер, технологич мэргэжилтэй, Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын Тамгын газарт хүнсний аюулгүй байдал, жижиг дунд үйлдвэр, хоршоо хариуцсан ажилтай, ам бүл-3, 2 хүүхдийн хамт Увс аймгийн Баруунтуруун сумын  дугаар баг  тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, Ц овогт Б-гийн Б.

1. Шүүгдэгч С.Л нь Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаартай тогтоолын хавсралтаар батлагдсан “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журам”-ын 3.3.3-т заасан сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлөөр хэлэлцүүлэхгүйгээр тус сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөнөөс 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/90 дугаартай захирамжаар Т.Д-ийн ирүүлсэн “Ашигласан хуванцар сав, пластик тор болон лааз дахин боловсруулах” төсөлд 6 сая төгрөгийн зээлийг шууд олгож, бусдад давуу байдал бий болгосон,

- 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/107 дугаартай захирамжаар өөрийн эхнэр Ш.Ладмаагийн нэр дээр бүртгэлтэй “Түшиг хангай” ХХК-ийн ирүүлсэн “Газар тариалангийн үйлдвэрлэл хөгжүүлэх” төсөлд 20 сая төгрөгийн зээлийг шууд олгож, өөртөө давуу байдал бий болгосон,

- мөн дээрх захирамжаар сум хөгжүүлэх сангаас төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн гишүүн Х.А-ийн ирүүлсэн “Зоогийн газар нийтийн караоке ажиллуулах”  төсөлд 15 сая төгрөгийн зээлийг шууд олгож, бусдад давуу байдал бий болгосон гэх гурван удаагийн үйлдлээр улсын төсөвт нийт 41’000’000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт,

-шүүгдэгч Б.Б нь Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын Тамгын газарт хүнсний аюулгүй байдал, жижиг дунд үйлдвэр, хоршоо хариуцсан мэргэжилтэн, сум хөгжүүлэх сангийн зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа тус сумын Засаг даргаар ажиллаж байсан С.Лгийн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/90 дугаартай захирамжаар Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөнөөс Т.Д-ийн “Ашигласан хуванцар сав, пластик тор болон лааз дахин боловсруулах” төсөлд 6 сая төгрөгийн зээлийг шууд олгож, бусдад давуу байдал бий болгоход,

- мөн 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/107 дугаартай захирамжаар Ш.Ладмаагийн нэр дээр бүртгэлтэй “Түшиг хангай” ХХК-д “Газар тариалангийн үйлдвэрлэл хөгжүүлэх” төсөлд 20 сая төгрөгийн зээлийг олгоход болон тус захирамжаар сум хөгжүүлэх сангаас төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн гишүүн Х.А-ийн ирүүлсэн “Зоогийн газар, нийтийн караоке ажиллуулах ” төсөлд 15 сая төгрөгийн зээлийг шууд олгоход 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн сум хөгжүүлэх сангийн зөвлөлийн хурлын тэмдэглэлийг хуурамчаар үйлдэж, урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж, улсын төсөвт нийт 41.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 2. Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч А.Турдыбекээс шүүгдэгч С.Л, Б.Б нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

3. Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/87 дугаар шийтгэх тогтоолоор:

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч А.Турдыбекээс Цагаагчууд ургийн овогт Бямбаагийн Байгалмаад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж,

- шүүгдэгч А ургийн овогт С-гийн Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- шүүгдэгч Ц ургийн овогт Б-гийн Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичиг үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Лг нийтийн албанд томилогдох эрхийг гурван жил хасаж, 11.500 (арван нэгэн мянга таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11.500.000 (арван нэгэн сая таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г нийтийн албанд томилогдох эрхийг 3 гурван жилийн хугацаагаар хасаж, 1.500 (нэг мянга таван зуун) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 (нэг сая таван зуун мянган) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

- шүүгдэгч нар нь энэхүү хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Лд оногдуулсан 11.500.000 (арван нэгэн сая таван зуун мянган) төгрөгөөр торгох ялыг 1 (нэг) жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр, шүүгдэгч Б.Бд оногдуулсан 1.500.000 (нэг сая таван зуун мянган) төгрөгөөр торгох ялыг 4 (дөрвөн) сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоож,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван таван) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж,

- хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

- шүүгдэгч С.Л-гийн Увс аймгийн Баруунтуруун сумын 2 дугаар багийн 13-03 тоотод байршилтай, Г-1501000126 улсын бүртгэлийн дугаартай 1610 м.кв хэмжээтэй гэр бүлийн хэрэгцээний газрыг, шүүгдэгч Б.Бгийн Увс аймгийн Баруунтуруун сумын 1 дүгээр багийн 1-5 тоотод байршилтай, Ү-1501000188 улсын бүртгэлийн дугаартай 50 м.кв хэмжээтэй хувийн орон сууцыг битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож тус тус шийдвэрлэжээ. 

4. Шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

 Увс аймгийн Прокурорын газраас Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн ба шүүх түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж шийдвэрлэсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт “торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах” ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байна.

Гэтэл анхан шатны шүүх Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулахдаа “нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилээр хасах нэмэгдэл ял оногдуулсан нь түүний эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1-т “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т хуульчлагдаагүй нэмэгдэл ял оногдуулж байгаа нь хууль бус байна.

           Анхан шатны шүүх Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан “эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн” гэж үзсэн.

Б.Б нь орон тооны бус зөвлөлийн хурлын тэмдэглэлийг сүүлд нөхөж бичсэн талаараа мэдүүлдэг. Шүүх тухайн хурлын тэмдэглэлийг эрх олгосон баримт бичиг гэж үзэж байгаа нь үндэслэлгүй байна.

Эрх олгосон баримт бичиг гэдэгт хууль зүйн үр дагавар бий болгосон тодорхой үйлдэл хийх боломж олгосон баримт бичгийг ойлгохоор байна.

Гэтэл сум хөгжүүлэх сангийн хурлын тэмдэглэл нь хэн нэгэнд эрх олгосон баримт бичиг биш байх ба тухайн сангийн зээл нь сумын Засаг даргын захирамжийн үндсэн дээр олгогддог болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон. Хурлын тэмдэглэл гэдэг нь хурлын процессыг баримтжуулсан зүйл болохоос хууль зүйн үр дагавар үүсгэх хүчин чадалгүй, түүнийг ашиглаж хэн нэгэн давуу байдал олж авах, тодорхой үйлдэл хийх боломжгүй юм.

Мөн хуурамчаар үйлдэх гэдэг нь тухайн баримт бичгийг дуурайлган хийх, жинхэнэ баримт бичигт засвар, өөрчлөлт оруулсан үйлдэл хийсэн байхыг ойлгоно.

Иймд хэргийн нөхцөл байдалд бодитой дүгнэлт хийж Б.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, Увс аймаг дахь сум дундын  Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/87 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

5. Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Д.Галбадрах давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ : “Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж, дараах үндэслэлээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч байна. Үүнд:

Шүүхээс шүүгдэгч Б.Б-гийн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлсэн өөрчилсөн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь шүүгдэгч Б.Б нь Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын тамгын газарт хүнсний аюулгүй байдал, жижиг дунд үйлдвэр, хоршоо хариуцсан мэргэжилтэн, сум хөгжүүлэх сангийн зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг хүлээн авах, төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн хурлын товыг гишүүдэд мэдэгдэх, зөвлөлийн хуралдаанд санал өгөх эрхтэй оролцох, хурлын тэмдэглэл  хөтлөх чиг үүрэгтэй байдаг.

Иргэн Т.Д, Х.А, Ш.Л нараас ирүүлсэн сум хөгжүүлэх сангаас зээл хүссэн төслийн материалыг сумын Засаг даргын тамгын газарт хүнсний аюулгүй байдал, жижиг дунд үйлдвэр, хоршоо хариуцсан мэргэжилтэн, сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Б хүлээн авсан болох нь хэрэгт авагдсан гэрч Т.Д, Х.А, Ш.Л нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Гэтэл Б.Б нь сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн хуралдаан зохион байгуулаагүй, дээрхи төслүүдийг зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхгүйгээр сумын Засаг даргаар ажиллаж байсан С.Лгийн “холбогдох материапыг бүрдүүлээрэй”, “хурал хийх шаардлагагүй” гэж хэлснээр сум хөгжүүлэх сангийн орон тооны бус зөвлөл хуралдаж, төсөл сонгон шалгаруулсан мэтээр тэмдэглэл хуурамчаар үйлдсэн нь албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж давуү байдал бий болгосон гэж үзэх үндэслэлтэй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Б нь төслийн зээлийн талаар асуувал хурал болсон гэж хэлээрэй гэж хэлж байсан болох нь гэрч Ж.Өнөрхүүгийн мэдүүлгээр тогтоогдсон, түүнчлэн Б.Б “...тухайн өдрийн хурлын тэмдэглэлийг би өөрөө бичсэн. Надад ямар нэгэн байдлаар дарамт шахалт ирж байгаагүй. Гэхдээ сумын Засаг даргаар ажиллаж байсан С.Л-гээс “би эхнэрийн компанид трактор авмаар байна. Урьдчилгаа мөнгө хэрэгтэй боллоо, би зөвлөлийн хүмүүст ерөнхийдөө ярьж хэлж байгаа. Сум хөгжүүлэх сангаас бага хувийн хүүтэй зээл авмаар байна. Одоо тэтгэвэрт гарлаа. Газар тариалангийн ажилдаа идэвхтэй орно, чи зээлийн материалыг бүрдүүл гэж хэлж байсан. Харин Х.Алтангэрэл надад манай суманд зоогийн газар, кароаке хэрэгтэй байна гэж хэлж байсан удаатай. Тэд намайг дарамталсан байдлаар харьцаагүй. Тухайн тэмдэглэлийг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ажпын өрөөнд бичиж байсан...” гэж мэдүүлэгээс үзэхэд С.Б нь сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих журмын дагуу төслийг сонгон шалгаруулаагүй гэдгийг мэдэж байсан мөртлөө хурал болсон мэтээр материал бүрдүүлж, төсөл өгсөн иргэдтэй утсаар ярьж гэрээ байгуулаарай гэж дуудаж зээл олгох боломжоор хангаж дэмжлэг үзүүлж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг болох нь тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх олгосон баримт бичгийг хуурамч баримт бичиг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/87 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр прокурорын эсэргүүцэл бичив ” гэжээ.

6. Увс аймгийн Прокурорын газрын орлогч прокурор А.Турдыбек давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Шүүгдэгч Б.Б нь Увс аймгийн Баруунтуруун сумын засаг даргын тамгын газарт Хүнсний аюулгүй байдал, жижиг дунд үйлдвэрлэл хоршоо хариуцсан мэргэжилтэн сум хөгжүүлэх сангийн нарийн бичгийн даргаар ажилладаг. Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хийгдэх төслийг хүлээн авах, төслийг сонгон шалгаруулах, зөвлөлийн хурлын товыг гишүүдэд мэдэгдэх, зөвлөлийн хуралдаанд санал эрхтэйгээр оролцох үүрэгтэй хүн байдаг.

Гэтэл тухайн сумын засаг даргаар ажиллаж байсан С.Л нь өөртөө болон бусдад давуу байдал олгож, Засгийн газрын 2016 оны 153 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр бүрдүүлэх, зарцуулах, хяналт тавих журмыг зөрчиж сум хөгжүүлэх сангаас иргэн Даваадоржид 6,0 сая төгрөг, өөрийн эхнэрийн компанид 20,0 сая төгрөг, иргэн Алтангэрэлд 15,0 сая төгрөгийн зээлийг  хууль бусаар, үндэслэлгүй олгосон. Дээрх хүмүүст зээл олгохдоо эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашигласан.

Энэ гэмт хэргийг үйлдэхдээ сумын засаг дарга нь ганцаараа үйлдээгүй, сум хөгжүүлэх сангийн орон тооны бус зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Б.Бгийн үүрэг оролцоотойгоор энэ гэмт хэргийг үйлдсэн. Б.Б нь тодорхой хэмжээний дэмжлэг үзүүлснээр энэ гэмт хэргийг үйлдсэн. Шүүгдэгч Байгалмааг гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэдэг үндэслэлээр Эрүүгийн хуулийн 3.5 дугаар зүйлийг журамлан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж Б.Бгийн үйлдлийг хуурамч бичиг баримт үйлдсэн гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн хурлын тэмдэглэлийг эрх олгосон баримт гэж дүгнэж шийдвэрлэсэн. Б.Б нь хуурамч бичиг баримт үйлдсэнээс гадна хурлаар хэлэлцүүлэхгүйгээр бусдад давуу байдал бий болгож төслийг сонгон шалгаруулсан нь гэмт хэргийн шинжтэй үйлдэл байна.

Анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэсэн үндэслэлээр хууль зүйн дүгнэлт хийж өгнө үү” гэв.

7. Шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч Б.Батгэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан саналдаа : “Хурлын тэмдэглэлийг эрх олгосон баримт бичиг гэж үзэх үндэслэл байхгүй. Хурлын тэмдэглэлийг ашигласнаар ямар нэг эрх зүйн үр дагавар үүсэхгүй, хэн нэгэн хүн өөртөө давуу байдлыг бий болгох боломжгүй юм. Ямар нэгэн эдийн болон эдийн бус хөрөнгийг захиран зарцуулах боломжийг олгох баримт биш юм.

Ийм учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн байна гэж үзэж ял шийтгэл оногдуулж байгаа нь эрх зүйн байдлыг дордуулсан.

Прокуроос Б.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-р зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт хамжигчаар урьдчилан амлаж санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэн оролцсон гэж үзэж ялласан. Төсөл бичиж зээл авсан иргэн Даваадорж, Алтангэрэл, Ладмаа нараас гэрчийн мэдүүлэг авсан нь хэрэгт авагдсан ба тэд “ өөрийн бичсэн төслийг дэмжихийг бусдаас тулгасан, шаардсан, мөнгө өгнө гэж амласан зүйл байхгүй” талаар мэдүүлсэн байгаа. 

Тэд хурал болсон эсэх талаар ч мэдээгүй байсан. Эдгээрээс харахад дэмжлэг үзүүлсэн гэсэн ямар нэгэн идэвхтэй үйлдэл байхгүй байна. Энэ гэмт хэрэг нь шийдвэр гаргаснаар үйлдсэнд тооцогдох ба хохирол учрахыг шаарддаггүй. Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/90, 2020 оны А/107 дугаартай захирамж гарснаар энэ гэмт хэрэг төгссөн байна.

Дээд шатны прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй байна гэж үзэж байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Баасандоржоос мэдүүлэг авахад нэгдүгээр гарын үсгийг сумын засаг дарга, хоёрдугаар гарын үсгийг санхүү албаны дарга зурдаг гэж мэдүүлсэн байна. Төлбөрийн хүсэлтээс харахад сумын засаг даргын захирамжийг үндэслэж гүйлгээ хийсэн байдаг.

Прокуророос анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэж хүссэн. Шүүх уг хүсэлтийг хүлээж авлаа гэхэд анхан шатны шүүхэд буцаах хууль зүйн үндэслэл байхгүй. Улсын яллагчийн эсэргүүцэл үндэслэлгүй бичигдсэн гэж үзэж байна. Гаргасан гомдлоо дэмжиж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/87 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан дээд шатны прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч Б.Б-гийн өмгөөлөгч Б.Батгэрэлийн давж заалдах гомдлыг тус тус  үндэслэн С.Л, Б.Б нарт  холбогдох, 2135000710101 дугаартай эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан хэлэлцэхдээ гомдол, эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-т заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж дүгнэв.

2. Шүүгдэгч С.Л нь нийтийн албан тушаалтан буюу Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргаар ажиллаж байхдаа Баруунтуруун сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөнөөс 2019 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн А/90 дугаартай захирамжаар иргэн Т.Дид "Ашигласан хуванцар сав, пластик тор болон лааз дахин боловсруулах" төсөлд 6 сая төгрөгийн зээлийг,

2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/107 дугаартай захирамжаар өөрийн эхнэр Ш.Ладмаагийн нэр дээр бүртгэлтэй, "Түшиг хангай" ХХК-д Газар тариалангийн үйлдвэрлэл хөгжүүлэх төсөлд 20.0 сая төгрөгийн зээлийг, иргэн Х.А-ийн ирүүлсэн "Зоогийн газар, нийтийн караоке" нэртэй төсөлд 15.0 сая төгрөгийн зээлийг сум хөгжүүлэх сангийн  хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлөөр хэлэлцүүлэхгүйгээр хууль бусаар олгож, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

-хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн : “Сум хөгжүүлэх сангаас сонгон шалгаруулсан төсөлд зээл олгох үед нэгдүгээр гарын үсгийг сумын Засаг дарга, хоёрдугаар гарын үсгийг санхүү албаны дарга нар зурж зээл олгодог. Уг сангийн хөрөнгө нь сумын Засаг даргын тамгын газарт ямар нэгэн хамааралгүй ба тусдаа орон тооны бус зөвлөлөөр хэлэлцэгдэж, сумын төсвийг төвлөрүүлэн захирагчийн гарын үсгээр зохих журмын дагуу олгогддог хөрөнгө юм. Анх манай суманд 168.0 сая төгрөг сум хөгжүүлэх санд эх үүсвэр нэрээр олгогдож байсан байна лээ. Түүнээс хойш уг мөнгөөр төсөл сонгон шалгаруулан иргэн аж ахуй нэгжид 3 жилийн хугацаатай, сарын 0.25 хувийн хүүтэй зээл олгогдож, зээлийн эргэн төлөлт болон хүү төлбөрөөр сангийн хөрөнгийг бүрдүүлэн зарцуулдаг онцлог сангийн хөрөнгө юм. Уг сангийн хөрөнгөөс сумын Засаг даргын тамгын газар, тамгын газрын дарга ямар нэгэн байдлаар зарцуулах эрх мэдэл байхгүй. Гагцхүү сум хөгжүүлэх сангаас төсөл сонгон шалгаруулах зөвлөл хуралдаж, төсөл сонгон шалгаруулсан тохиолдолд Засаг даргын захирамж гарч, шалгарсан иргэн, аж ахуй нэгжтэй гэрээ байгуулан зээл олгодог юм.

Манай сумын 2 дугаар багийн иргэн Т.Д нь 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/90 дугаартай захирамжаар, тухайн захирамж гарсан өдрөө 6 сая төгрөгийн зээлийг 3 жилийн хугацаатай авсан. Мөн засаг даргаар ажиллаж байсан С.Л нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/107 дугаар захирамжаар өөрийн эхнэр Ш.Л-гийн “Түшиг хангай” ХХК-д 20 сая төгрөг, Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн гишүүн Х.Алтангэрэлд 15 сая төгрөг тус тус олгосон байна” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 21-22, 203-204, II хавтасны 180-181-р тал/,

-гэрч Ж.Өнөрхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “Би 2019 оны 08 дугаар сард болсон Баруунтуруун сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн хуралд оролцоогүй. Тухайн үед хурал болох гэж байгаа талаар надад хэлж мэдэгдсэн, эсэхийг одоо би санахгүй байна. Би тухайн хуралд оролцоогүй болохоор хурлаар хэн, хэний бичсэн, ямар ямар төслүүдийг хэлэлцсэн, хэнийх нь төсөл шалгарсан болохыг мэдэхгүй байна. 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 14:00 цагийн үед Б.Б надтай уулзаад “Цагдаагийн байгууллагаас манай жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн баримтыг үзэж, шалгах юм байна. Чамайг дуудаж төсөл, зээлийн талаар асууж магадгүй. Хэрэв асуувал чи 2019 оны 8 дугаар сард болсон Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн хуралд оролцсон, тухайн хурлаар Т.Д-ийн төслийг дэмжиж, шалгаруулсан гэж хэлээд өгөөч” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны  24-25, 27, 206-207, 209-211-р тал,  II  хавтаст  182-183, 185, 187-р тал/,

-гэрч С.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “2019 оны 08 дугаар сард Увс аймгийн Баруунтуруун сумын иргэн Т.Д-ийн бичсэн "Ашиглагдсан хуванцар сав, пластик тор болон лааз дахин боловсруулах" нэртэй 6 сая төгрөгийн төслийг Баруунтуруун сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлөөр хэлэлцсэн эсэхийг би мэдэхгүй. Би 2016 оноос хойш Баруунтуруун сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон орон тооны бус зөвлөлийн хуралд нэг ч удаа оролцоогүй”  гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 29-р тал/,

-гэрч Б.Г-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “2019 оны 08 дугаар сард Увс аймгийн Баруунтуруун сумын иргэн Д-ийн бичсэн "Ашиглагдсан хуванцар сав, пластик тор болон лааз дахин боловсруулах” нэртэй 6 сая төгрөгийн төслийг Баруунтуруун сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлөөр хэлэлцсэн эсэхийг би мэдэхгүй. Яагаад гэвэл тухайн хуралд оролцоогүй. Хурал болох гэж байгаа талаар надад ямар нэгэн хүн хэлж мэдэгдээгүй. Тийм учраас надад энэ талаар мэдэх зүйл байхгүй ”  гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 31-р тал/,

-гэрч М.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “2019 оны 08 дугаар сард Увс аймгийн Баруунтуруун сумын иргэн Д-ийн бичсэн "Ашиглагдсан хуванцар сав, пластик тор болон лааз дахин боловсруулах" нэртэй 6 сая төгрөгийн төслийг Баруунтуруун сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлөөр хэлэлцсэн эсэхийг би мэдэхгүй. Тухайн үед ээлжийн амралттай Улаанбаатар хотод явж байсан бөгөөд намайг хуралд оролц гэж дуудсан хүн байхгүй. Харин сүүлд Т.Д гэдэг хүн төслийн зээл авсан гэдгийг сонссон ”  гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 33-р тал/,

-гэрч Г.П–гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “2019 оны 08 дугаар сард Увс аймгийн Баруунтуруун сумын иргэн Д-ийн бичсэн "Ашиглагдсан хуванцар сав, пластик тор болон лааз дахин боловсруулах" нэртэй 6 сая төгрөгийн төслийг Баруунтуруун сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлөөр хэлэлцсэн хуралд оролцоогүй. Уг хуралд хэн хэн, ямар ямар төсөл хэлэлцсэн, хэний төслийг шалгаруулсан болохыг мэдэхгүй байна.”  гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 35-р тал/,

-гэрч Т.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “Би 2019 оны 08 дугаар сард "Ашиглагдсан хуванцар сав, тор болон лааз дахин боловсруулах" нэртэй 6 сая төгрөгийн төслийг бичиж Баруунтуруун сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлөөр хэлэлцүүлж, шийдвэрлүүлсэн. Тухайн үед би төслийг бичиж Баруунтуруун сумын Засаг даргын тамгын газрын жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Б.Бд өгсөн. Би хуралд өөрөө оролцоогүй, бас зөвлөлийн хуралд хэн хэн оролцсон, хэн хэний төслүүд ирсэн, хэн хэн нь минийхийг дэмжсэн болохыг мэдэхгүй байна. Ямар ч л байсан хурал болсны дараа Байгалмаа над руу яриад "Чиний бичсэн төсөл дэмжигдсэн Чи сумын Засаг даргатай гэрээ байгуулаарай" гэж хэлсэн. Баруунтуруун сумын Засаг даргаар ажиллаж С.Лтэй гэрээ байгуулсан ба удалгүй төслийн мөнгө болох 6 сая төгрөг миний эзэмшлийн Хаан банкны 5801058909 дугаарын дансанд орж ирсэн.”  гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 37-38-р тал/,

-гэрч Л.Д-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “Төсөл сонгон шалгаруулах ажиллагаа 3асгийн газрын 2016 оны 153 дугаар тогтоолоор батлагдсан "Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих" журмын дагуу явагдана. Тухайн сум сум хөгжүүлэх сангаас төсөл сонгон шалгаруулж зээл олгох талаар тодорхой хугацааны өмнө сумын зарлалын самбарт мэдээлэл тавих ёстой. Тухайн төсөл сонгон шалгаруулах төслүүд нь тухайн сумын ИТХ-аас тэргүүлэх чиглэлд багтсан ажлын дагуух төсөл байна. Төсөл сонгон шалгаруулах зөвлөл нь сумын ИТХ-аас тогтоосон бүрэлдэхүүнтэй байна. Уг бүрэлдэхүүний даргаар сумын Засаг дарга, нарийн бичгийн даргаар нь жижиг дунд үйлдвэр хариуцсан мэргэжилтэн, сумын баялаг бүтээгчдийн холбооны төлөөлөл, сумын иргэдийн төлөөллөөс багтсан байна. Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах хурлаар зээл олгохдоо иргэн бүрийн төслийг нэг бүрээр хэлэлцэж төслийг хэрэгжүүлэх боломжтой эсэхийг хурлаар шийдсэний үндсэн дээр төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн гишүүн ил тодоор санал болон онооны бусад хэлбэрээр дэмжиж байгаа илэрхийлж шалгаруулна. Төсөлд шалгарсан иргэн, аж ахуй нэгжтэй зээлийн гэрээ байгуулан зээлийг олгодог. Тухайн төсөлд зээл олгогдсоноор сумын ИТХ-аас батлагдсан сум хөгжүүлэх сангийн зээлд хяналт тавих зөвлөл улирал тутам үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллаж, тайлангаа сумын ИТХ-аар хэлэлцүүлнэ. Төслийг зарлаж, ил тод нээлттэй хэлбэрээр хурал хийж хэлэлцсэний үндсэн дээр хурлын шийдвэрээр шалгарсан төсөлд зээлийг өгнө. Тухай бүрд нь сумын Засаг даргын захирамжаар зээл олгон. Түүнээс биш урьд хурлаар хэлэлцсэн гээд ямар нэгэн байдлаар шийдвэр гараагүй зүйлд дахин хурал хийж дэмжигдсэн мэтээр зээл олгож болохгүй. Хэрэв ийм үйлдэл гарвал хууль зөрчсөн гэж үзнэ. Төсөл сонгон шалгаруулах зөвлөл нь аль болох бүрэлдэхүүнээрээ хуралдсаны үндсэн дээр зээл олгож байх ёстой. Хэрэв хүндэтгэх шалтгаан гараад ямар нэгэн гишүүн ирээгүй тохиолдолд зөвлөлийн ирц 60 хувиас дээш эсхүл олонхи ирсэн /7 хүнээс 4 ирсэн тохиолдолд/ хурлыг явуулж болно. Тухайн хуралд зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга нар заавал байх ёстой. Зөвлөлийн гишүүд бүрдээгүй бол хурлыг хийхгүй хойшлуулж, дахин зарлаж болох бөгөөд шууд хурал хийхгүйгээр, зөвлөлийн ирц бүрдээгүй гэх шалтгаанаар ямар нэгэн хурлын тэмдэглэлгүй зээл олгож болохгүй. Энэ үйлдэл нь хууль зөрчиж байна.”  гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 47-48, 233-234-р тал, II хавтасны 207-208-р тал/,

-гэрч Л.А-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “Би Баруунтуруун сумын сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төслийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн гишүүн хүн. "Түшиг хангай" ХХК нь Ш.Ладмаа гэх хүний компани юм. Ш.Л нь сумын Засаг даргаар ажиллаж байсан С.Лгийн эхнэр. С.Л, Ш.Лг нэг сумын хүн, С.Л-г сумын засаг даргаар ажиллаж байсан гэдгээр нь сайн танина. Би 2020 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр Баруунтуруун сумын сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн төслийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн хуралд суугаагүй. Тухайн үед Баруунтуруун сумын сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөл хуралдах гэж байгаа талаар хэлж, мэдэгдсэн хүн байхгүй. Манай сумын Засаг даргын тамгын газарт жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Б.Б надад "Түшиг хангай ХХК нь трактор худалдаж авна гээд 20 сая төгрөгийн төсөл авсан" гэж хэлсэн. Миний хувьд уг төслийн сонгон шалгаруулах хуралд оролцсон, төслийг дэмжсэн зүйл байхгүй. Тухайн хуралд хэн, хэн суусан болохыг би хэлж мэдэхгүй байна. “Түшиг хангай” ХХК-ий газар тариалангийн үйлдвэрлэл нэртэй 20 сая төгрөгийн төслийг дэмжихийг надаас гуйсан, шаардсан, тулгасан хүн байхгүй. Би угаасаа дээрх төслийг сонгон шалгаруулах хуралд оролцоогүй.”  гэх мэдүүлэг  /хх-ийн I хавтасны 213-214, II хавтасны 189-190-р тал/,

-гэрч Ц.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “Би 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс эхэлж Баруунтуруун сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн гишүүнээр ажиллах болсон. Увс аймгийн Баруунтуруун суманд үйл ажиллагаа явуулдаг "Түшиг хангай" ХХК нь хэний эзэмшлийн болохыг би мэдэхгүй. Би 2020 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр Баруунтуруун сумын сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн хуралд суугаагүй. Тухайн үед Баруунтуруун сумын сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөл хуралдах гэж байгаа талаар надад хэлж, мэдэгдсэн хүн байхгүй.”  гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 216, II хавтасны 192-р тал/,

-гэрч Э.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “Би 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн Баруунтуруун сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн гишүүнээр ажиллах болсон. Увс аймгийн Баруунтуруун суманд үйл ажиллагаа явуулдаг "Түшиг хангай" ХХК нь хэний эзэмшлийн болохыг би мэдэхгүй. Би 2020 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр Баруунтуруун сумын сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн хуралд суугаагүй. Тухайн үед Баруунтуруун сумын сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөл хуралдах гэж байгаа талаар надад хэлж, мэдэгдсэн хүн байхгүй. Миний хувьд уг хуралд суугаагүй учраас ямар, ямар хүн, ямар, ямар төсөл ирүүлснийг мэдэхгүй. Увс аймгийн Баруунтуруун суманд үйл ажиллагаа явуулдаг "Түшиг хангай" ХХ-ийн газар тариалангийн үйлдвэрлэл нэртэй 20.0 сая төгрөгийн төслийг дэмжихийг надаас гуйсан, шаардсан, тулгасан хүн байхгүй. Би дээрх төслийг сонгон шалгаруулах хуралд оролцоогүй.”  гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 218, II хавтасны 194-р тал/,

-гэрч Х.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “Би 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн Баруунтуруун сумын Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн гишүүнээр ажиллах болсон. Увс аймгийн Баруунтуруун суманд үйл ажиллагаа явуулдаг "Түшиг хангай" ХХК нь хэний эзэмшлийн болохыг би мэдэхгүй. Би 2020 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр Баруунтуруун сумын сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн хуралдах гэж байгаа талаар надад жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Б.Б хэлж мэдэгдсэн. Тухайн үед би өөрөө уг хурлаар өөрийн бичсэн төслийг оруулах байсан учраас Б.Бд "Би наад хуралд чинь оролцох боломжгүй" гэдгээ хэлээд хуралд оролцоогүй.”  гэх мэдүүлэг /хх-ийн I хавтасны 220,  II хавтасны 196-197-р тал/,

-гэрч Ш.Л-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “Би 2015 оноос өмнө төрийн албан хаагч байсан учраас “Түшиг хангай” ХХК манай охин Л.У-гийн нэр дээр байсан. 2015 оны 12 дугаар сард өндөр насны тэтгэвэрт гараад өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Би “Түшиг хангай” ХХК-ий “Газар тариалангийн үйлдвэрлэл хөгжүүлэх” нэртэй 20 сая төгрөгийн төсөл бичиж 2020 оны 7 дугаар сард Баруунтуруун сумын ЗДТГ-ын жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Б.Бд өгөхөд “Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн хурлаар хэлэлцүүлнэ. Дэмжигдвэл танд зээл олгогдоно” гэж хэлж байсан. Би хуралд нь оролцоогүй. Байгалмаа “Таны төсөл дэмжигдсэн. Та засаг даргатай гэрээ байгуулаарай” гэж хэлсэн. Би засаг дарга С.Лтэй гэрээ байгуулсан бөгөөд 20  сая төгрөг манай “Түшиг хангай” ХХК-ий 5801039384 дугаартай дансанд орж ирсэн. Засаг даргаар ажиллаж байсан С.Лхагвсүрэнтэй би 1986 онд гэр бүл болж амьдарч байна”  гэх мэдүүлэг  /хх-ийн I хавтасны 222-223, II хавтасны 194-р

-Баруунтуруун сумын сум хөгжүүлэх сангийн зээлийн мэдээллийн сангийн баримт /хх-ийн I хавтасны 49-50, 235-236-р тал/,

- Баруунтуруун  сумын иргэн Т.Дийн сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа “Ашиглагдсан хуванцар сав, пластик  тор болон лааз дахин боловсруулах” нэртэй төсөл, зээл авсан материал /хх-ийн I хавтасны 57-82-р тал/,

- Баруунтуруун сумын Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/90 дугаартай “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө зарцуулах тухай” захирамж, түүний хавсралт /хх-ийн I хавтасны 53-54-р тал/,

- Баруунтуруун сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/107 дугаартай “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө зарцуулах тухай” захирамж, түүний хавсралт /хх-ийн II хавтасны 213-214-р тал/,

- Түшиг хангай ХХК-ийн “Газар тариалан хөгжүүлэх” нэртэй төсөл, зээл авсан материал /хх-ийн I хавтасны 237-оос II хавтасны 31-р тал/,

- Иргэн Х.Алтангэрэлийн “Зоогийн газар, нийтийн караоке” нэртэй төсөл, зээл авсан баримтууд /хх-ийн II хавтасны 212-оос III хавтасны 9-р тал/,

- Баруунтуруун сумын ИТХ-ын 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн 1/15 дугаартай “Зөвлөл шинэчлэн байгуулах тухай” тогтоол /хх-ийн II хавтасны 35-р тал/,

- Баруунтуруун сумын ИТХ-ын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 1/22 дугаартай “Зээлийн дээд хэмжээ тогтоох, зөвлөлүүд байгуулах тухай” тогтоол /хх-ийн II хавтасны 35-37-р тал/,

Баруунтуруун сумын сум хөгжүүлэх сангийн 100150155401 дугаартай дансны 2020-2021 оны хуулга /хх-ийн II хавтасны 41-50-р тал/  зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

3. Анхан шатны шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч С.Лг   3асгийн газрын 2016 оны 153 дугаар тогтоолоор батлагдсан "Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавих" журмыг зөрчиж ,Т.Дийн  "Ашиглагдсан хуванцар сав, пластик тор болон лааз дахин боловсруулах" төсөл,  иргэн  Х.Алтангэрэлийн  “Зоогийн газар, нийтийн караоке ажиллуулах ” төсөл, өөрийн эхнэр  Ш.Ладмаагийн эзэмшлийн “Түшиг Хангай “ ХХК-ийн “Газар тариалангийн үйлдвэрлэл хөгжүүлэх” төслийг тус тус сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхгүйгээр захирамж гарган  Т.Дид 6 сая, Т.Алтангэрэлд 15сая, “ Түшиг хангай” ХХК-д 20 сая, нийт 41 сая төгрөгийн зээлийг олгож, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, шүүхийн  дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

4. Анхан шатны шүүх шүүгдэгч С.Л-гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ял шийтгүүлж байгаагүй гэх хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, арван нэгэн мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван нэгэн сая таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг нэг жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

5. Харин анхан шатны шүүх шүүгдэгч  Б.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ  Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

6. Увс аймгийн прокурорын газраас шүүгдэгч Б.Бг Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын тамгын газарт хүнсний аюулгүй байдал, жижиг дунд үйлдвэр, хоршоо хариуцсан мэргэжилтэн, сум хөгжүүлэх сангийн зөвлөлийн гишүүнээр ажиллахдаа тус сумын Засаг даргаар ажиллаж байсан С.Лгийн албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад болон өөртөө давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдэхэд 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн сум хөгжүүлэх сангийн зөвлөлийн хурлын тэмдэглэлийг хуурамчаар үйлдэж, урьдчилан амлаж, бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т  зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг  шүүхэд шилжүүлжээ.

7. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч А.Турдыбекээс Цагаагчууд ургийн овогт Бямбаагийн Байгалмаад холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн  гэж үзэв.

8. Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар Б.Б нь Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг даргын Тамгын газарт хүнсний аюулгүй байдал, жижиг дунд үйлдвэр, хоршоо хариуцсан мэргэжилтэн, Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа шүүгдэгч С.Лгийн үйлдсэн гэмт хэрэгт буюу  2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн А/90 дугаартай “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө зарцуулах тухай” захирамжаар иргэн Т.Дид  6 сая төгрөгийн зээл, 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/107 дугаартай “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө зарцуулах тухай” захирамжаар "Түшиг хангай" ХХК-д 20 сая төгрөгийн зээл,  иргэн Х.Алтангэрэлд 15 сая төгрөгийн зээлийг тус тус олгож, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт урьдчилан амлаж, дэмжлэг үзүүлж хамтран оролцсон  гэх үйл баримт хэрэгт тогтоогдоогүй .

Шүүгдэгч Б.Б нь иргэн Т.Алтангэрэл болон “ Түшиг хангай “ ХХК-ийн бичиж ирүүлсэн төслүүдийг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр орон тооны бус зөвлөлийн хурлаар хэлэлцсэн мэтээр   хурлын  тэмдэглэл нөхөж бичсэн үйл баримт хэрэгт тогтоогдсон байх боловч энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжгүй байна гэж үзлээ. 

Увс аймгийн Баруунтуруун сумын Засаг дарга С.Лгийн  2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн А/107 дугаартай “Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө зарцуулах тухай” захирамж гарч, зээл олгогдсоны дараа Сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах чиг үүрэг бүхий орон тооны бус зөвлөлийн хурал болсон мэтээр тэмдэглэлийг нөхөн бичсэн Б.Бгийн үйлдэл нь шүүгдэгч С.Лг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах  гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамтран оролцсон гэх үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, сумын Засаг дарга С.Л нь  төсөл сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөл хуралдаагүй, төсөл сонгон шалгаруулах шийдвэр гараагүй байхад Сум хөгжүүлэх сангийн хөрөнгө зарцуулах тухай захирамж гаргаж, зээл олгосноор эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг төгссөн байх ба энэ хэрэгт шүүгдэгч Б.Бг урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлж хамжигчаар оролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй,  энэ талаар буюу шүүгдэгч Б.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-р зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн үйл баримтад нийцсэн байна.

Иймд Прокуророос шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Бг цагаатгах үндэслэлтэй гэж дүгнэв. 

9. Анхан шатны шүүх Б.Бг шүүгдэгч С.Лг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэхэд  урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хамжигчаар оролцсон гэж үзэх үндэслэлгүй, өөрөөр хэлбэл Б.Бгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэргийн шинжгүй гэж зөв дүгнэсэн атлаа сум хөгжүүлэх сангийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах орон тооны бус зөвлөлийн хурлын тэмдэглэлийг нөхөж бичсэн түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн “ гэх шинжийг хангаж байна гэж дүгнэсэн нь хуульзүйн үндэслэлгүй байна.

Баримт бичгийг хуурамчаар үйлдсэн гэдэгт тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон зэрэг баримт бичгийг дууриалган хийх, жинхэнэ баримт бичигт засвар өөрчлөлт хийснийг ойлгох бөгөөд Б.Бгийн сум хөгжүүлэх сангийн зөвлөлийн хурлын тэмдэглэлийг нөхөн бичсэн үйлдэл нь  эрх олгосон баримт бичгийг хуурамчаар үйлдэх гэмт хэргийн дээрх шинжүүдийг хангаагүй байна.

Нөгөө талаар,  хурлын тэмдэглэл гэдэг нь аливаа  асуудлыг хамтран хэлэлцсэн хурал зөвлөгөөн, уулзалт ярианы явц үр дүн, явцыг дэс дарааллаар нь тэмдэглэсэн баримт бичгийг хэлэх  ба эрх зүйн шууд үр дагавар бий болгодоггүй  тул эрх олгосон баримт бичиг гэж үзэхгүй.

Энэ талаар гаргасан шүүгдэгч Б.Бгийн өмгөөлөгч Б.Батгэрэлийн гомдлыг хангаж, энэ үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, дээд шатны прокурорын “шүүгдэгч Б.Бг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэх эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон,

ТОГТООХ нь:

1. Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолын 1 дүгээр заалтыг : Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан Увс аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч А.Турдыбекээс Ц ургийн овогт Б-ийн Б-д холбогдуулан Эрүүгийн хууулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Б-г цагаатгасугай гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын 2, 3, 4, 5, 6, 7 дахь заалтуудын Б.Б-д холбогдох  хэсгийг тус тус хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, дээд шатны прокурорын 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 11 дүгээр эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Л.АЛТАН

ШҮҮГЧ                                                           Н.МӨНХЖАРГАЛ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.ЖАМБАЛСҮРЭН