| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Авуталивын Жархынгүл |
| Хэргийн индекс | 130/2024/00650/И |
| Дугаар | 130/ШШ2024/00754 |
| Огноо | 2024-09-13 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 13 өдөр
Дугаар 130/ШШ2024/00754
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Х . Хаяг:Б аймаг, Б сум, 5 дугаар багт оршин суух,
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Б сумын С нэгдэлд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор ажиллаж байсан байдал болон Б аймгийн Б сумын 5 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байснаа тус тус тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке нар оролцов.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б аймгийн Н газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба хүсэлт гаргагчаас түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Х нь анх шүүхэд Б аймгийн Б сумын С нэгдэлд 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал малчнаар ажиллаж байсан байдал болон Б аймгийн Б сумын 5 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байснаа тогтоолгохыг хүссэн тухай хүсэлтийн шаардлага гаргасан.
Гэтэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлтийн шаардлагаас Б аймгийн Б сумын С нэгдэлд 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор гэснийг 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор гэж багасгаж, хүсэлтийн бусад шаардлагаа дэмжиж, хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
1.1 Хүсэлт гаргагч Х нь Б сумын уугуул иргэн. 1987 онд цэрэгт явж, 2 жилийн хугацаанд цэргийн алба хааж 1989 оны 8 сард цэргээс халагдаж ирээд Б сумын С нэгдэлд нормчноор ажилласан байна. Тухайн үеийн ажилд томилсон, чөлөөлсөн тушаал архиваас гараагүй. Түүний ХААТР маягтуудад ажилчин гэж бүртгэгдсэн. Тус нэгдэл 1993 онд таарсан байна.
1.2 Мөн тэрээр 1995 оноос тус сумын 5 дугаар багт буюу Х гэх газарт өнөөдрийг хүртэл мал маллаж малчнаар амьдарч байгаа юм. 2019 оноос эхлэн малчдын журмаар сайн дурын Н шимтгэл төлсөн байна. Үүнтэй холбоотой нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. 1995 оноос 2000 онуудын мал тооллогын А данс нь зөрчилтэй учраас малчны журмаар өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй хохирч байна. А картын зарим жилд малчин өрх гэж бүртгэгдсэн байна. 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдөр 55 нас хүрсэн.
1.3 Хүсэлт гаргагчийн 1991 оны ХААТР маягт Б сумын С нэгдэлд нормчин гэж бичигдсэн тул 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал нормчноор ажиллаж байсан байдлаа тогтоож өгөхийг хүсэж байна. Өмнөх шаардлагаас 1990,1992 оноо багасгаж байна. 1995 оноос 2000 он хүртэл мал маллаж малчин байсныг тогтоож өгөхийг хүсэж байна. Зарим жилийн нотлох баримт гарахгүй байгаа учраас хүсэлтээ багасгаж байна гэв.
1.4 Хүсэлт гаргагчийн өөрөөс нь тодруулж асуусан ерөөсөө малчнаар ажиллаж байгаагүй юм байна. Б сумын С нэгдэлд нормчноор ажиллаж байсан гэдгээ тайлбарласан.
1.5 Иймд хүсэлт гаргагчийн Б аймгийн Б сумын С нэгдэлд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор ажиллаж байсан байдал болон Б аймгийн Б сумын 5 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тус тус тогтоож өгөхийг хүсэж байна гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, түүний иргэний үнэмлэхийн хуулбар, Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгаас хуулбарлаж олгосон Х ийн 1991, 1992 оны цалин хөлсний баримт, 1996, 1997, 1998, 1999, 2000 онуудын мал тооллогын баримтууд, Х ын хөдөлмөрийн дэвтрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 3371 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, 000 дугаартай Н дэвтэр болон 000 дугаартай баталгаажилтын хуудасны нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х , М нарын гэрлэлтийн гэрчилгээ, Б йн төрсний бүртгэлийн лавлагаа, И , М нарын төрсний гэрчилгээний хуулбар, хүсэлт гаргагч С эд олгосон итгэмжлэл зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.
Шүүхийн журмаар тус шүүхийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 983, 984 дугаартай, 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1024 албан бичгүүдийн дагуу Б аймгийн У хэлтсийн даргын 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 919 дугаартай албан бичгээр ирүүлсэн Х болон түүний хүүхдүүдийн ХААТР маягтууд, Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн даргын 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 318 дугаартай албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн Б аймгийн Б сумын С нэгдлийн 1991, 1993 онуудын цалин хөлсний баримт, 1996-2000 онуудын мал тооллогын баримтууд, Б аймгийн Н газрын 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 400 дугаартай албан бичгээр ирүүлсэн тус газрын 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 253 дугаартай архивын лавлагаа, Х ын Н шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, тус шүүхээс архивын газарт 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл, Б сумын С нэгдлийн цалин хөлсний 70 дугаар дансны Хөх толгой хэсгийн 1989-1992 оны цалин хөлсний баримтын товьё, тухай онуудын цалин хөлсний холбогдох хэсгийг хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
3.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж түүний шаардлагын зарим хэсэг болох Б аймгийн Б сумын С нэгдэлд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор ажиллаж байсан байдал болон Б сумын 5 дугаар багт 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тус тус тогтоож, үлдсэн тус аймгийн Б сумын 5 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байснаа тогтоолгохыг хүссэн тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
4.Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр тодорхойлсон. Үүнд: ... хүсэлт гаргагч Х нь 1989 оны 8-р сард цэргээс халагдаж ирээд Б аймгийн Б сумын С нэгдэлд нормчноор ажилласан байна. Тухайн үеийн ажилд томилсон, чөлөөлсөн тушаал архиваас гараагүй. Мөн 1995 оноос 2000 онуудын мал тооллогын А данс нь зөрчилтэй учраас шүүхэд ажилласан байдал болон мал маллаж, малчин байснаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргасан гэж тайлбарлажээ.
5.Хүсэлт гаргагчийн Б аймгийн Б сумын С нэгдэлд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор ажиллаж байсан байдалтай холбогдуулан хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад уг хүсэлтийн шаардлагатай хамааралтай, ач холбогдолтой дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:
5.1 Б аймгийн У хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 919 дугаартай албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн хүсэлт гаргагч Х ын 1990 оны 11 дүгээр сарын 20-ний өдөр бүртгэсэн БНМАУ-ын Хүн амын регистрийн карт буюу ХААТР-1 (А) , гэрлэсний бүртгэх анкет буюу ХААТР-15 (А) маягтуудын Хөдөлмөр эрхэлсэн байдал хэсэг дээр С нэгдэл, ажилд орсон он: 1990, эрхэлдэг ажил: нормчин, гэж мөн түүний 1991 оны 06 дугаар сарын 27-ний өдөр төрсөн хүүхэд нь болох Б гийн төрсний бүртгэх анкет буюу ХААТР-11 (А) маягтын эцгийн хөдөлмөр эрхэлсэн байдал гэдэг дээр нийгмийн бүлэг ажилчин, эрхэлсэн ажил мужаан гэж тус тус бичигдсэн байна.
5.2 Мөн хүсэлт гаргагчийн тус аймгийн Б сумын С нэгдэлд 1991 онд нормчноор ажилласан гэх хугацаанд тус нэгдлээс Н шимтгэл төлсөн нь Б аймгийн Н газрын 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 400 дугаартай албан бичгээр хуулбарлаж ирүүлсэн тус газрын 2024 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 253 дугаартай Архивын лавлагаанд тус газрын архивд Б сумын С нэгдэл нь Шимтгэл төлөлтийн тайлан /НД-16/-аар 1991 онд тус газарт Н шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсныг тодорхойлов гэсэн албан бичгээр нотлогдож байгаа тул хүсэлт гаргагчийн тус аймгийн Б сумын С нэгдэлд 1991 онд нормчноор ажиллаж байсан байдлаа тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
6. Харин хүсэлт гаргагчаас хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Б аймгийн Б сумын С нэгдлээс нээж олгосон гэх улаан өнгийн хавтастай хөдөлмөрийн дэвтрийн эхний хуудсанд Б аймаг, Б сум, овог: Х , нэр: Х , төрсөн он сар өдөр: 1969-07-08, эрэгтэй гэж бичигдэж, хөдөлмөрийн дэвтэр олгосон нэгдлийн даргын гарын үсэг зурагдаагүй, дарж баталгаажуулсан тамга нь бүдэг, үг үсэг нь уншигдахгүй бөөрөнхий тамга дарж баталгаажуулсан ба уг дэвтрийн 16-17 дугаар хуудсанд Сайшаалын шагналын тухай тэмдэглэл гэх хэсэгт 1991 он хоног-360, хөлс 4434 төгрөг, хөдөлмөрийн 70-р данс №23, 1992 он хоног-360, хөдөлмөрийн хөлс 3504 төгрөг данс-70 хуудас №24 гэж тус тус бичигдсэн, дарж баталгаажуулсан тамга нь бүдэг, үг, үсэг нь уншигдахгүй бөөрөнхий хэлбэртэй тамга дарж баталгаажуулсан байна.
Гэтэл 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр шүүхээс аймгийн архивын тасагт хадгалагдаж буй тус аймгийн С нэгдлийн цалин хөлсний 70 дугаар дансны баримтад үзлэг хийхэд тухайн цалин хөлсний баримтад нэмж бичсэн мөн уг цалин хөлс нь хүсэлт гаргагчийн эцэг Х ийн цалин хөлс болох нь үзлэгээр тогтоогдсон тул хүсэлт гаргагчийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн Хөдөлмөрийн дэвтэр болон тухайн цалин хөлсний баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
7. Хүсэлт гаргагчийн Б аймгийн Б сумын 5 дугаар багт 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсантай холбогдуулан хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад уг хүсэлтийн шаардлагатай хамааралтай, ач холбогдолтой дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:
7.1 Хүсэлт гаргагч Шыбарайгыр овогт Х ийн Х ын №00 дугаартай Баталгаажилтын хуудас-аар 1993 оны 01 дүгээр сарын 01-ээс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон тухай тэмдэглэл хийгдсэн байдал,
7.2 Тус аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгаас хуулбарлаж олгосон 1997 оны мал тооллогын баримтын 32-рт, 1998 оны мал тооллогын баримтад 16-рт, 1999 оны мал тооллогын баримтын 15-рт, 2000 оны мал тооллогын баримтын 14-рт тус тус хүсэлт гаргагч К.Х ын нэр байх бөгөөд түүнийг малчин өрхөөр бүртгэж, тухайн онуудад тоолуулсан малын тоо тус тус бичигдсэн байх тул хүсэлт гаргагч Х ийн Б сумын 5 дугаар багт 1997-2000 онуудад мал маллаж, малчин байсан нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
8. Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн өөрийн санаачилгаар бүрдүүлсэн болон хүсэлт гаргагчаас гаргаж өгсөн нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Х ын Б аймгийн Б сумын 5 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсан нь тогтоогдоогүй болно.
9. Тус аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн даргын 2024 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 318 дугаар албан бичигт Б сумын 1995 оны А Дансны баримтыг архивд шилжүүлээгүй гэсэн ба тус албан бичгээр 1996 оны мал тооллогын баримтыг хуулбарлаж ирүүлсэн боловч тухайн оны баримтын 22-рт хүсэлт гаргагчийн нэр К.Х гэж бичигдсэн байгаа боловч малчин өрхөөр бүртгэгдээгүй, тухайн ондоо мал тоолуулаагүй, мөн түүний 1994 онд төрсөн хүүхдийн ХААТР маягтад эцгийн хөдөлмөр эрхэлсэн байдал гэдэг дээр нийгмийн бүлэг ажилчин эрхэлдэг ажил мужаан гэж бичигдсэн байх тул шүүхээс уг хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
10.Хүсэлт гаргагч Х нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар улсад ажилласан байдал болон мал маллаж, малчин байснаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргах эрхтэй байна.
11.Иймд дээрх үндэслэлээр хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэж, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Х нь Б аймгийн Б сумын С нэгдэлд 1991 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор ажиллаж байсан байдал болон Б сумын 5 дугаар багт 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тус тус тогтоож, үлдсэн тус аймгийн Б сумын 5 дугаар багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байснаа тогтоолгохыг хүссэн тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ