Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 08 өдөр

Дугаар 2022/ДШМ/23

 

 

Б.Ш-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Б даргалж, шүүгч Т.Ж, Ч.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Ц.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А,

Хохирогч Б.Ө,

Хохирогчийн өмгөөлөгч Г.Ч, /цахимаар/, М.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б нарыг оролцуулан

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.М-ын даргалж хийсэн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/83 дугаар шийтгэх тогтоолыг хохирогчийн өмгөөлөгч Г.Ч, хохирогч Б.Ө нар эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор Б.Ш-д холбогдох 2216000760086 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Ч.Э-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Д овогтой Б. Ш нь Монгол Улсын иргэн, халх, 1981 оны 01 дүгээр сарын ... -ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр сумд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ДЕ................ регистрийн дугаартай,

 

Шүүгдэгч Б.Ш-ын 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 17 цагийн орчим Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр багийн нутаг “Талын худаг” гэх нэртэй газарт хохирогч Б.Ө-тэй малын бэлчээрээс болж маргалдан улмаар Чех улсад үйлдвэрлэгдсэн CZ-600 загварын буугаар зүүн хөлийн тавхай тус газарт нь буудаж, хөлийн сарвуунд буудагдсан шарх, зүүн хөлийн сарвууны гадна хэсэг, зүүн хөлийн сарвууны ул хэсэгт шарх, зүүн хөлийн сарвууны 4, 5-р хуруу ташуу хугарал” буюу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах хохирол санаатай учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Д овогтой Б.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ш 1,000 (нэг мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 (нэг сая) төгрөгөөр торгох ял оногдуулж, хохирогч Б.Ө-ийн нэхэмжилсэн 8,351,191 (найман сая гурван зуун тавин нэгэн мянга нэг зуун ерэн нэг) төгрөгийн нэхэмжлэлээс 3,760,000 (гурван сая долоон зуун жаран мянга) төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч хохиролд 6,983,967 (зургаан сая есөн зуун наян гурван мянга есөн зуун жаран долоо) төгрөг төлсөн болохыг дурдаж, эмчилгээ сувилгаатай холбоотой зайлшгүй гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх хохирогч Б.Ө-ийн эрхийг нээлттэй үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримаар хураагдсан гол төмрийн А-8340, замгийн 340 дугаартай “CZ-600” загварын галт зэвсгийг Цагдаагийн байгууллагад шилжүүлж, 2 ширхэг хонгиог устгуулахаар “Эд мөрийн баримт устгах комисс”-т шилжүүлж, эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэл журмын дагуу давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

Хохирогч Б.Ө, түүний өмгөөлөгч Г.Ч нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

1. Яллагдагч Б.Ш нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлгүүдийг 2022 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гэрчээр өгсөн “...Б гэх залуугийн гадаа мод буулгасан ... Би машинаа асаагаад 2 км орчим явахад ардаас Ө Б-ийн хүүгийн хамт мотоцикльтэй ирэхээр нь би айгаад зугтаасан. Араас хөөгөөд ирэхээр нь машин дотроос би буудлаа шүү гээд тэнгэр лүү 2 удаа, Б.Ө рүү нэг удаа буудсан...” /1 хх-ийн 138-140/ гэх, мөн 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр яллагдагчаар өгсөн “...Ө-тэй маргалдсаны дараа гэрийнхээ зүг явж байхад 5-10 минутын дараа Б.Ө араас хөөгөөд ирсэн...”/1 хх-ийн 220-221/ гэж мэдүүлсэн боловч Ц.С-ын 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдөр гэрчээр өгсөн “...Б.Ш машинаа асаагаад хөдлөхдөө “Чи чаддаг юм бол тал дээр гараад ир гэхэд Б.Ө юу гэнээ гээд машин руу ойртохоор нь мал ирж байна гэж Б.Ө-д хэлэхэд Б.Ш нь хөдлөөд явсан. Мал ирэхээр ишиг, хургаа нийлүүлсэн. Манай хүү Ө, Ө хоёр Ө-ийн мотоциклийг хээрээс авчирахаар яваад мотоциклийг нь чирээд ирсэн. Тэгээд бид 3 гэр лүүгээ орох гэж байтал манай үхрийг хүн хөөгөөд байна оччихоод ирье гээд Ө-ын араар суугаад явсан. Үхэр байгаа зүгт харахад цагаан машин байсан...” /1 хх-ийн 142-143/ гэх мэдүүлэг.

Хохирогч Б.Ө-ийн хохирогчоор өгсөн “...Б.Ш-ыг С эгч машинд нь суулгаж өгөхөд Б.Ш машинаа эргүүлж ирээд алнаа чамайг чаддаг юм бол тал руу гараад ир гээд орилж байгаад явсан. Тэгээд би 30 гаруй хурга, ишиг байсныг нь малд тавьж өгчихөөд гэрээсээ урагшаа 3 орчим км зайд манай нэг мотоцикль унтарчихсан байсан тэрийг асааж авчирахаар явсан. Тэгэхэд Б.Ш нь гэртээ оччихсон харагдаж байсан. Мотоциклийг асаах гээд нилээн оролдоод асахгүй байхаар нь чирээд ирсэн. Гэтэл бэлчээрт байсан үхэр дээр машин оччихсон хөөгөөд байсан. Тэгэхээр нь би Ө араар суугаад үхэрний наанаас нь дөхөж явтал буу дуугарсан. Тэгэхээр гайхаад шууд зогссон. Гэтэл Б.Ш бид хоёрын зогсож байсан газар давхиж ирээд цонхоо доошлуулаад чамайг ална гээд шууд буудсан. Тэгээд би тэр дороо унасан. Б.Ш нь бууж ирээд дахиад буугаа над руу чиглүүлсэн. Гэтэл надтай хамт явж байсан Ө нь Б.Ш-ын бууг салгах гэтэл чи цаашаа байгаарай чамайг ч гэсэн ална шүү гээд ойртуулаагүй. Тэгээд намайг чи буруу хүнтэйгээ орооцолдлоо доо надтай орооцолдоогүй байсан бол амьд явах байлаа гэж хэлээд буугаараа ар нуруу руу нэг удаа, нүүр лүү нэг удаа цохичихоод явсан. /1 хх-ийн 133-135/ гэх мэдүүлгүүдийг харьцуулаад дүгнэхэд яллагдагч Б.Ш нь гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдээ санаатайгаар худал мэдүүлсэн, тодруулвал гэмт хэрэг гарсан цаг хугацаа, шалтгаант нөхцлийг илт мушгин гуйвуулж бодит байдлыг нуун дарагдуулж өөрт ашигтай болгож мэдүүлсэн нь гэрч С болон хохирогч Б.Ө нарын өгсөн мэдүүлгүүдээр няцаагдаж худал болох нь тогтоогдож байна.

2. Хохирогч Б.Ө, яллагдагч Б.Ш, гэрч Ц.С нарын мэдүүлгээс үзвэл яллагдагч Б.Ш нь ялимгүй зүйлээр шалтаглаж Б.Ө-ийн амь насыг хөнөөх зорилгоор гэрээсээ галт зэвсэг авч хохирогчийг ална гэсэн зорилгоо биелүүлэхээр маргааны зүйл болсон үхрүүдийг илдэж хөөн Б.Ө-ийн анхаарлыг татаж өөрт ойртуулан эхлээд буудаж зогсоогоод өөрт учирах саадыг арилгаж амь насыг хөнөөх довтолгоог санаатай хийсэн. Бууг дахин сумлаж Б.Ө рүү тулгаж буудах гэхэд тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас буюу гэрч Ө салгах гэсэн санаа зорилгын үйлдлийн улмаас гэмт хэрэг төгсөөгүй нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг санаатай алах гэмт хэрэг үйлдэхээр завдсан нь тогтоогдож байх тул тус зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Ш-ыг шалгалгүй зөвхөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг прокурорт шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-т “гэмт хэргийн сэдэл, зорилго, гэм буруугийн хэлбэр” нотолбол зохих байдлыг бүрэн шалгаагүй орхигдуулсан байна.

Мөн энэ хүсэлтийг Говь-Алтай аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх А.О-т 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 99 тоот албан бичгээр прокурорын газрын [email protected] гэх албан ёсны хаягаар хүргүүлсэн боловч тус хүсэлтийг хэрхэн яаж шийдвэрлэсэн талаар ямар нэгэн эрх зүйн акт гаргаж хохирогч болон хохирогчийн өмгөөлөгч нарт мэдэгдээгүйгээс гадна тус хүсэлтийг хэргийн материалд хавсаргаагүй байна. Энэ талаар анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хүсэлт гаргасан боловч тус хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж, хууль зүйн дүгнэлт хийлгүйгээр зөвхөн улсын яллагчийн үйлдсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хэлэлцсэн нь шүүгдэгчид ял завших, оногдуулсан ял хөнгөдөх боломжийг олгож, хэргийг тал бүрээс нь эргэлзээгүйгээр шийдвэрлэх зарчмыг алдагдуулсан.

Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Б.Ш-ыг шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад илтэд өмгөөлж “...шүүгдэгч нь хохирогчийн амь насыг хохироолгүй үлдээсэн нь хохирогч өнөөдөр шүүх хуралдаанд оролцож байгаа нь шүүгдэгч Б.Ш-ын гавьяа мэтээр тайлбарласан нь шүүх хуралдааны тэмдэглэл болон бичлэгт хадгалагдсан болно.

3. Яллагдагч Б.Ш-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан галт зэвсгийг 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 8 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “...гол төмрийн дугаар А8340, замагны дугаар-340, Чех улсад үйлдвэрлэсэн СZ 600 загварын галт зэвсэг болох тогтоогдлоо /1 хх-ийн 197-200/ гэсэн боловч яллагдагч Б.Ш-ын нэр дээр галт зэвсэгийн гэрчилгээ гэх /1 хх-ийн 244/ баримт хавтаст хэрэгт авагдсан боловч тухайн гэрчилгээ дээр ямар нэртэй, ямар загварын галт зэвсгийг хэрхэн эзэмших талаар бичигдээгүй байх тул тус галт зэвсгийн гэрчилгээ нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гол төмрийн дугаар А8340, замагны дугаар-340, Чех улсад үйлдвэрлэсэн СZ 600 загварын галт зэвсэгийн гэрчилгээ мөн эсэхийг тогтоох боломжгүй баримт байх тул галт зэвсгийн гэрчилгээ болон эзэмшигчийг дахин тодруулах шаардлагатай байна. Гол төмрийн дугаар А8340, замагны дугаар 340, Чех улсад үйлдвэрлэсэн СZ 600 загварын галт зэвсгийн эзэмшигчийг тодруулсанаар яллагдагч Б.Ш-ын үйлдэл нь давхар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байгаа эсэхэд дүгнэлт өгөхөд эрх зүйн ач холбогдолтой байна. Иймд эдгээр үндэслэлүүдийг харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2, 1.3-т тус тус заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцаах үндэслэлтэй байх тул Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 83 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож тус хэргийг прокурорт буцааж өгнө үү гэжээ.

 

Хохирогч Б.Ө давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний эрүүл мэндийн байдал сайжрахгүй байгаа. Хөлийн 3 хуруу болон өлмий мэдээгүй болсон. Мөн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр дахин хагалгаанд орох эмчийн дүгнэлт гарсан. Шүүгдэгч Б.Ш санаатайгаар болон отолттойгоор миний амь насанд аюул учруулсан байдал болон миний гэмтлийг хүндэвтэр гэмтэл гэж үзээд шүүгдэгчид хөнгөн ял оногдуулсан байдалд гомдолтой байна гэжээ.

 

Хохирогчийн өмгөөлөгч М.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлд давж заалдах шатны шүүх дараах шийдвэрийн алийг ч гаргаж болно. Үүнд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эсхүл зарим хэсгийг нь хүчингүй болгож болно. Мөн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан байдаг. Тэгэхээр зарим хэсгийг хүчингүй болгож, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгоно гэсэн ойлголт байхгүй учраас энэ 3 тохиолдлын алийг ч давж заалдах шатны шүүх хэрэглэж болно. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болговол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн болно. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчиж яллагдагч хүсэлт гаргаагүй байхад энэ хуулийн зүйл заалтаар яллагдагчид гэм бурууг хүчээр хүлээн зөвшөөрүүлсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчигдсөнөөс миний үйлчлүүлэгчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсгийг хэрэглэх боломжгүй болсон. Учир нь хохирогчийн гомдол өнөөдрийг хүртэл тайлагдаагүй байна. Хохирогч яс, арьс нөхүүлэх болон хөл нь мэдээгүй болсон нөхцөл байдлыг дахин шинжээчийн дүгнэлтээр тогтоолгох хүсэлтэй байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож,  хохирогчийн  эрх  ашгийг  хамгаалж  өгнө  үү  гэсэн  саналыг  шүүх бүрэлдэхүүнд  оруулж  байна  гэжээ.

 

Прокурор Ц.Б давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/83 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээлгэх саналтай байна гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмгөөлөгчийн эрх үүрэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2.5 дахь хэсэгт өмгөөлж байгаа хохирогч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтны эсхүл өөрийнхөө хүсэлтээр хийгдэж байгаа мөрдөн шалгах ажиллагаанд байлцаж, аль ч үед асуулт тавих, хүсэлт гаргах эрхтэй гэж заасан байдаг. Тухайн үйлчлүүлэгчийн хүсэлтээр өмгөөлөгч хүсэлт гаргах эрхтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.7 дугаар зүйлд зааснаар шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч өөрөө хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаагүй, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхийг зөвшөөрөөгүй гэж үзсэн бол прокурорт буцаах боломжтой байсан. Гэтэл энэ нөхцөл байдал тогтоогдоогүй учраас анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн. Мөн хэрэг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхтэй холбоотой хэд хэдэн зүйлийг шүүх шалгадаг. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар зөвхөн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай  шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

  1. Хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч Б.Ш нь 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 17 цагийн орчим Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр багийн нутаг “Талын худаг” гэдэг газарт хохирогч Б.Ө-тэй малын бэлчээрээс болж маргалдаж, зодолдсоноос үүдэлтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас Чех улсад үйлдвэрлэгдсэн CZ-600 загварын буугаар зүүн хөлийн тавхайнд буудаж, хөлийн сарвуунд буудагдсан шарх, зүүн хөлийн сарвууны гадна хэсэг, ул хэсэгт шарх, 4, 5-р хурууны ташуу хугарал” буюу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтлийг санаатай учруулсан байна.

Хохирогч Б.Ө-ийн шүүх хуралдаанд өгсөн: “2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хаваржаан дээр байхад Б.Ш ирсэн. Тэгээд хашлага буулгаж байхад хоорондоо маргалдаж барилцаж авахад С гэдэг хүн бид хоёрыг салгасан. Тэгээд энэ хүн машиндаа суугаад явахдаа цонхоо онгойлгож “Чамайг ална. Чаддаг юм бол тал дээр гараад ирээрэй.” гэж хэлээд явсан. Тэгээд би тэнд байсан хурга, ишгийг малдаа нийлүүлчихээд хээр орхисон байсан мотоциклио айлын залуутай нийлж чирч ирсэн. Тэгээд харахад хэрэг болдог газар манай үхрийг машинаар хөөж байсан. Би юу болсон юм бол гээд наанаас нь дөхөж явахад буун дуу гарсан. Тэгэхээр нь хамт явсан залуу бид хоёр нам зогсоод байж байтал машинаа асааж ирээд цонхоо буулган намайг буудаж унагаасан. Мөн машинаараа дугуйрч тойрч ирээд намайг доошоо унасан байхад буугаараа миний толгой дундуур хоёр удаа цохиж би газарт унаж энэ хүн гэрлүүгээ явсан. Би энэ хүний араас хөөцөлдсөн асуудал байхгүй. Энэ хүний гэртээ очсон нь харагдаж байдаг учраас би гэртээ очсоныг нь харсан. Жоохон маргаанаас болж хүнийг санаатайгаар отож машин унаж буудаж хохироосонд их гомдолтой байна. Үхэр  хөөж анхаарлыг нь татаж авчраад буудсан гэж бодож байна. Машины цонхоо буулгаж чамайг ална гэж буудсан. Намайг мотоциклээс буучихсан зогсож байхад буудсан.” гэх мэдүүлэг,

Гэрч Ц.С-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Тухайн өдөр Б.Ө манай гэрт сумын төвөөс ирсэн. Энэ үед Б.Ш машинтайгаа мод буулгахаар манай гадаа ирсэн. Манай амбаарын гадаа Б.Ш-ын ачиж ирсэн модыг Б.Ш, Б.Ө нар буулгаж байсан. Би гэртээ орчихоод буцаж гарч ирэхэд хоорондоо маргалдаж байсан. Би буцаж гэртээ орчихоод гараад харахад амбаарын цаад талд Б.Ш-ын дээр Б.Ө гараад суучихсан байхаар нь болиоч гээд очиж Б.Ө-ийг татаж салгасан. Б.Ө “Би тэр хөлдүүсийг чинь очиж арилгаж өгнө.” гэж байсан. Б.Ш юу ч дуугарахгүй байсан ба Б.Ш-ыг машинд нь суулгаж өгсөн. Б.Ш машинаа асаагаад хөдлөхдөө “Чи чаддаг юм бол тал дээр гараад ир.” гэж хэлэхэд Б.Ө “Юу гэнэ ээ.” гээд машин луу ойртохоор нь Б.Ө-ийг барьж аваад мал ирж байна гэхэд Б.Ш явсан. Тэгээд мал ирэхээр ишиг хургаа эхтэй нь нийлүүлсэн. Манай хүү Ө, Б.Ө хоёр Б.Ө-ийн мотоциклийг хээрээс авчрах гээд явсан. Удалгүй Б.Ө-ийн мотоциклийг Ө мотоциклоороо чирээд Б.Ө өөрийнхөө мотоцикль дээр суучихсан чирүүлээд ирсэн. Энэ үед бид 3 гэр лүүгээ орох гээд явж байхад Б.Ө “Манай үхрийг хүн хөөгөөд байна бид хоёр уулзчихаад ирье.” гээд манай хүү Ө мотоциклиор Ө унаад Б.Ө араар нь суугаад явсан. Үхэр байсан газарт цагаан ачааны машин харагдаж байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа манай хүү агааг аваач хүн буудсан гэж гэрийн гадаанаас хэлсэн. Би Б.Ө-ийг түшээд оруулахад баруун хөлнөөс нь цус гоожиж байсан. Б.Ө “Ш намайг хөл рүү буудчихлаа.” гэж хэлж байсан.” тухай мэдүүлэг (1  хх 142-143),

Гэрч С.Р-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр багийн эмч хүн буудуулсан гэх дуудлага ирлээ гэж хэлээд бид нар дуудлага өгсөн газар очиход Ө-ийн зүүн хөлийн өлмийгөөр сум орсон шархтай, шагайн доод хэсгээр задарсан байдалтай, цус их алдаж тогтохгүй байсан болохоор аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэж өгсөн. Тухайн үед Ө нь Ш гэдэг хүн буудсан талаар ярьж байсан.” тухай мэдүүлэг (1  хх 57-58),

Говь-Алтай аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Д.Д-ийн 2022 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн: “ Б.Ө-ийн биед зүүн хөлийн сарвуунд буудагдсан шарх, зүүн хөлийн сарвууны гадна хэсэг, ул хэсэгт шарх, зүүн хөлийн сарвууны 4, 5-р хуруу ташуу хугарал гэмтэл тогтоогдсон нь галт зэвсгийн үйлчлэлээр 2022 оны 02 дугаар сарын 19-ний өдөр үүссэн байх боломжтой бөгөөд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаач байгаа” тухай 75 дугаартай дүгнэлт (1 хх 187-188),

2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн нэмэлт шинжилгээ хийсэн “Б.Ө-ийн цэргийн төв эмнэлгийн №22я/00330 өвчний түүхээр хийсэн нэмэлт шинжилгээгээр зүүн тавхайн шархны зөөлөн эдийн үхжил, зүүн хөлийн 4-р хурууны 3-р шивнүүрийн дээд төгсгөл, cuboid яс хоёрын голд ясны дутмагшил үүссэн гэмтэл тогтоогдсон галт зэвсгийн үйлчлэлээр үүссэн, дээрх гэмтлүүд нь бүрдлээрээ Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаач байгаа” талаарх 129 дугаар дүгнэлт (1 хх 164-166),

Говь-Алтай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээч, цагдаагийн дэслэгч Б.М-ын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн: “Шинжилгээнд ирүүлсэн обьект нь гол төмрийн дугаар А8340, замагны дугаар-340, Чех улсад үйлдвэрлэгдсэн “СZ 600” загварын галт зэвсэг бөгөөд уг галт зэвсгээр буудлага үйлдэх боломжтой.” тухай 8 дугаартай дүгнэлт (1 хх 197-200),

Шүүгдэгч Б.Ш-ын: “Б.Ө намайг зодож дарамталсан. Эхлээд тэнгэр лүү буудаж, дараа нь би Б.Ө-д баригдах юм бол алуулах юм байна гэж бодоод газар чиглүүлэн буудсан боловч хөлийнх нь гишгэгдэл таарч хөлийг нь оносон. Хохиролд нийт 6,980,000 төгрөг төлсөн. Галт зэвсэг ашигласан миний буруу машин дотор буу байсан. Б.Ө гартаа ямар нэгэн зэвсэг бариагүй байсан ч намайг ална гэж хөөсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг,

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1 хх 4-7), Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хх 10-15), Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн А8340 гол төмрийн дугаартай, 340 замагны дугаартай, Чех улсад үйлдвэрлэгдсэн “СZ 600” загварын галт зэвсэг, 2 ширхэг хонгио зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

 

  1. Нотлох баримтын талаар:

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтууд нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэнээс гадна эргэлзээгүй, хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй, харин давхар нотлож байгаа болохыг дурьдах нь зүйтэй.

Шүүгдэгч нь уг гэмт хэргийг үйлдсэн болохоо хүлээн зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож байх тул шүүгдэгчийн мэдүүлэг нь шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг давхар нотлож байна гэж үнэлэх үндэслэлтэй.

 

  1. Эрх зүйн дүгнэлт, хууль хэрэглээний талаар:

 

Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн хувьд гэмт этгээд өөрийн хийж буй хууль бус үйлдлийн улмаас бусдын эрүүл мэндэд хохирол учирч болохыг лавтай сайн мэдэж байсан атлаа уг үр дагаварыг буюу бусдын эрүүл мэндэд хохирол учруулахыг зориудаар хүсч үйлдэл хийсний улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байхыг шаарддаг. 

Галт зэвсгээр хүний хөл рүү буудсан тохиолдолд хүний эрүүл мэндэд хохирол учрах нь гарцаагүй гэдгийг энгийн ухамсрын төвшинд мэдэх бүрэн боломжтой.

Шүүгдэгч Б.Ш-ын хохирогч Б.Ө-ийн хөл рүү буудсан үйлдэл нь хохирогч Б.Ө-д эрүүл мэндийг нь удаан хугацаагаар сарниулсан хүндэвтэр хохирол учирсан үр дагавартай шууд шалтгаант холбоотой, гэм буруугийн бодит хамааралтай байна.  

Шүүгдэгч нь хохирогчид зодуулснаас үүссэн таарамжгүй харилцааны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулах зорилгоор түүний хөл рүү буудаж уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулснаараа шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Тиймээс анхан шатны шүүхийн шүүгдэгч Б.Ш нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай  талаарх дүгнэлт үндэслэлтэй.

Шүүгдэгч Б.Ш анхан шатны шүүхээс оногдуулсан ял нь прокурорын саналын хүрээнээс халиагүй, Эрүүгийн хуульд заасан ялын зорилго, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцсэн байна.     

 

  1. Давж заалдах гомдлын талаар:

 

Хохирогч Б.Ө-ийн өмгөөлөгч Г.Ч давж заалдах гомдолдоо шүүгдэгч Б.Ш нь мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн. Б.Ш нь Б.Ө-ийн амь насыг хөнөөх довтолгоог санаатай хийсэн байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг прокурорт шилжүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг нотлох гэснийг зөрчсөн нотолбол зохих байдлыг бүрэн шалгаагүй орхигдуулсан, энэ талаарх прокурор, анхан шатны шүүхэд хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хэлэлцэхгүй орхиж хууль зүйн дүгнэлт хийгээгүй, яллагдагч Б.Ш-ын үйлдэл нь давхар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангаж байгаа эсэхэд дүгнэлт өгөхөд хэрэгт авагдсан галт зэвсгийн гэрчилгээ нь гэмт хэрэг үйлдэхэд ашигласан CZ 600 загварын галт зэвсгийн гэрчилгээ мөн эсэх нь чухал ач холбогдолтой байгаа зэрэг нөхцөл байдлуудыг дурдаж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2, 1.3 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаахаар давж заалдах гомдол гаргажээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдах тухай заалт нь шүүгдэгчид ял сонсгоогүй, шүүхэд шилжүүлээгүй гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хязгаарлах агуулгатай бөгөөд шүүгдэгч Б.Ш-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан галт зэвсэг зохих журмын дагуу авсан зөвшөөрөл, гэрчилгээтэй эсэх, шүүгдэгч Б.Ш нь давхар галт зэвсэг хууль бусаар эзэмших гэмт хэрэг, худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдсэн эсэх нь прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ш холбогдох бусдын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэргийг үндэслэлтэй шийдвэрлэхэд нөлөөлөхгүй.

Б.Ш өөр гэмт хэрэг үйлдсэн эсэх талаар энэ хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үнэлэлт дүгнэлт өгөх нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэмжээ хязгаарыг зөрчсөн зөрчил болох талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй бөгөөд давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Шүүгдэгч нь хохирогчид зодуулсны улмаас гэнэт үүссэн сэдэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулах зорилгоор гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хохирогчийн хөл рүү буудсаны улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байна.

Шүүгдэгч нь хохирогчийг алах санаа зорилгоор амь насанд нь аюултай гэмтэл, хохирол учруулж болох толгой, цээж, хэвлийн хөндий рүү нь буудсан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь хохирогчийг алах зорилгоор түүнийг буудсан боловч түүний хүсэл зоригоос үл хамаарах шалтгаанаар шүүгдэгчийн хүсэл биелээгүй гэж үзэх нотлох баримтууд хэрэгт авагдаагүй, ийм нөхцөл байдал тогтоогдоогүй анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

 Шүүгдэгч Б.Ш нь 2022 оны 05 дугаар сарын 13-ны өдөр өмгөөлөгчийн хамт яллагдагчаар мэдүүлэг өгөхдөө “Би Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан эрхтэйгээ танилцлаа. Асууж тодруулах зүйлгүй. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлнэ.” гэж хүсэлтээ гаргасан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч хүсэлтийг амаар, эсхүл бичгээр гаргах бөгөөд амаар гаргасан бол тэмдэглэлд тусгаж, хүлээн авсан албан тушаалтан, хүсэлт гаргагч гарын үсэг зурахаар заасан байна.

 Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа нь яллагдагчийн хүсэл зориг, прокурорын зөвшөөрлийн дагуу явагдах ажиллагаа юм.

Мөн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг заавал бичгээр гаргахыг шаардаагүй байх бөгөөд Б.Ш-ын хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг мөрдөгч тэмдэглэлд тусган хүлээн авсан, өмгөөлөгч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх яллагдагчийн хүсэлтийг баталгаажуулан бичгээр гаргасныг прокурор хүлээн авсан зэргийг  хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэхээргүй байна.

Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгож хэргийг прокурорт, эсхүл дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах тухай зохицуулалтыг Монгол Улсын Их хурлаас 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр батлагдаж хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар хүчингүй болгож шийдвэрлэсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдвол мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгохоор зохицуулсан болохыг дурдах нь зүйтэй.

Дээр дурдсан нөхцөл байдлуудаас үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Ө, түүний өмгөөлөгч Г.Ч нарын гаргасан хэргийг прокурорт буцаалгах тухай давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Мөн анхан шатны шүүхийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлсийн талаарх шийдвэр, шүүгдэгчид авсан таслан сэргийлэх арга хэмжээ, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, түүний хөрөнгийг битүүмжлээгүй талаарх дүгнэлт нь үндэслэлтэй болохыг дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/83 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Б.Ө түүний өмгөөлөгч Г.Ч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй  болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ш.Б

                 ШҮҮГЧИД                             Т.Ж

                                                                Ч.Э