Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 130/ШШ2024/00532

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: С . Хаяг: Б аймаг, Ө сум, 3 дугаар багт оршин суух,

 

Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Ө хотын 9 дүгээр цэцэрлэгт 1988 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг дуустал угаагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С ,

Гэрч Р ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жанерке нар оролцов.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б аймгийн Н хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н д шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй ба хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хүсэлт гаргагчаас гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

1.Хүсэлт гаргагч С нь Б аймгийн Ө хотын 9 дүгээр цэцэрлэгт 1988 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг дуустал угаагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүсэж, хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

1.1 Хүсэлт гаргагч С нь Ө сумын 3 дугаар багт оршин суудаг. Энэ жил 55 насанд хүрч байгаа бөгөөд өндөр насны тэтгэвэрт гарахаар бичиг баримтаа бүрдүүлж байгаа. С нь Ө хотын 9 дүгээр цэцэрлэгт 1988 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг дуустал угаагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргасан.

1.2 Хүсэлт гаргагчийн ажилд томилсон болон чөлөөлсөн тушаалууд архивын тасгаас гарахгүй байна. Хөдөлмөрийн дэвтрийн эх хувийг нотариатаар баталгаажуулж хавтаст хэрэгт нотлох баримтаар өгсөн. Түүнд 1994 оны 6 дугаар сараас хойш Н шимтгэлийг нөхөн олгосон.

1.3 Түүний Хөдөлмөрийн дэвтэрт 1988 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 6 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацааны бичилт хийгдсэн. Тухайн үед хамт ажиллаж байсан хүмүүс гэрчийн тодорхойлолт өгсөн. Тийм учраас хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэх, Б аймгийн Засаг даргын Тамгын газрын 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 37 тоот архивын лавлагаа, 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Б аймгийн Ө хотын 9 дүгээр цэцэрлэгээс олгосон Хөдөлмөрийн дэвтэр, 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр олгосон НДД№00 дугаартай Н дэвтэр, 00 дугаартай Баталгаажилтын хуудас, гэрлэлтийн гэрчилгээ, хамт ажилласан гэх Р , М , А нарын тодорхойлолт зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс гаргасан Г , А нарын төрсний бүртгэлийн лавлагаа, О ын овог эцэг, эхийн нэр, өөрийн нэр өөрчилсний лавлагаа, хүсэлт гаргагчаас 2024.03.25-ны өдөр өмгөөлөгч С эд олгосон итгэмжлэл зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байна.

4.Шүүхийн журмаар тус шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 130/ШЗ2024/01210 дугаартай шүүгчийн захирамжаар аймгийн Н газрыг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр татан оролцуулахад тус газрын даргын 2024 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 198 дугаартай албан бичгээр орлого, шимтгэлийн байцаагч Н д олгосон итгэмжлэл, мөн шүүхийн 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 483 дугаартай, 2024 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 484 дугаартай, 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 513 дугаартай, 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 682 дугаартай, 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 685 дугаартай, 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 707 дугаартай албан бичгүүдийн дагуу Б аймгийн У хэлтсийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 406 дугаартай албан бичгээр ирүүлсэн С болон түүний хүүхдүүдийн ХААТР маягтууд, Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 114 дугаар албан бичиг, Б аймгийн Ө сумын 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 11 дүгээр албан бичиг, 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдөр А , М нарыг гэрчээр асуусан гэрчийн мэдүүлэг, Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн даргын 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 229 дүгээр албан бичиг, Б аймгийн Н газрын даргын 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 283 дугаартай албан бичиг, Б аймгийн У хэлтсийн даргын 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 639 дугаартай албан бичиг, тус аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасагт 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхээс бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

5.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж түүний шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

6.Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагаа дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ... хүсэлт гаргагч С нь энэ жил 55 насанд хүрч байгаад бөгөөд өндөр насны тэтгэвэрт гарахаар бичиг баримтаа бүрдүүлсэн.Гэтэл түүнийг ажилд томилсон болон чөлөөлсөн тушаалууд архивын тасгаас гарахгүй байгаа тул тэрээр Ө хотын 9 дүгээр цэцэрлэгт 1988 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 6 дугаар сарын 21-ний өдрийг дуустал угаагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлтийн шаардлага гаргасан гэжээ.

7.Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад хэрэгт хамааралтай, ач холбогдолтой дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:

7.1 Хүсэлт гаргагч С нь Н нар 1992 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр гэр бүл болж гэрлэлтээ эрх бүхий байгууллагад 2010 оны 10 дугаар сарын 30-ны өдөр бүртгүүлж, хууль ёсны эхнэр, нөхөр болох нь 106 дугаартай гэрлэлтийн гэрчилгээгээр нотлогдож байна.

7.2 Хүсэлт гаргагчаас 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 37 дугаартай архивын лавлагаа, Б Ө хотын 9 дүгээр цэцэрлэгээс олгосон гэх 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн дэвтэр, хамт ажилласан гэх А , Р , М нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт зэрэг бичгийн нотлох баримтыг уг иргэний хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд шүүх дээрх тодорхойлолт бичсэн иргэдээс гэрчийн мэдүүлэг авсан болно.

7.3 Б Ө хотын 9-р цэцэрлэгээс олгосон 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Хөдөлмөрийн дэвтрийн эхний хуудсанд овог К, нэр С , 1969 онд төрсөн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хөдөлмөрийн дэвтэр эзэмшигчийн гарын үсэг гэдэг дээр С гэж бичсэн, дэвтрийн 4-5 дугаар хуудсанд 9-р цэцэрлэгийн эрхлэгчийн 1988 оны 10 дугаар сарын 02-ны 34 тоот тушаалаар Ө хотын 9-р цэцэрлэгийн хийр угаагчаар томилж, мөн эрхлэгчийн 1994 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 16 тоот тушаалаар тухайн өдрөөс тус цэцэрлэг татан буугдсан тул үүрэг ажлаас нь чөлөөлөв гэж тус тус бичилт хийгдэж тус цэцэрлэгийн тамгыг дарж баталгаажуулсан байх боловч эцгийн нэр нь засвартай мөн тухайн үед цэцэрлэгийн эрхлэгчийн тушаалаар бус А хэлтсийн даргын тушаалаар томилдог болох нь тус шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон.

7.4 Шүүхийн санаачилгаар авсан 2024 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн даргын 114 дугаартай албан бичгээр тус цэцэрлэг нь 1988-1994 онуудын тушаал, цалин хөлсний баримтуудыг тушаагаагүй, Ө сумын 9 дүгээр цэцэрлэгт түүнийг ажилд томилж, чөлөөлсөн тушаал болон цалин хөлсний баримт байхгүй болох нь Ө сумын 9 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн 2024 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 11 дүгээр албан бичгээр мөн 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр тус аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасагт очиж А хэлтсийн даргын 1988 оноос 1994 он дуустал хугацааны тушаалуудад шүүхийн журмаар үзлэг хийхэд хүсэлт гаргагч С -д холбогдох баримт гараагүй болно.

7.5 Мөн шүүхийн санаачилгаар авсан тус аймгийн У хэлтсийн даргын 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийн 406 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч С ийн 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдөр хөтөлсөн ХААТР маягтаар тус аймгийн Д сумаас Ө сумын 3 дугаар багт шилжилт хөдөлгөөн хийгдсэн ба түүнээс өмнө буюу 1988 оны 6 дугаар сарын 20-ны өдөр хөтөлсөн ХААТР-11 дүгээр маягтын Хөдөлмөр эрхлэлтийн байдал хэсэгт Д сумын 10 жилийн сургуульд 10 дугаар ангийн сурагч, байнга оршин суугаа хаяг Д сумын төв гэж, мөн түүний 1993 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр төрсөн охин Г ,1996 оны 07 дугаар сарын 19-ний өдөр төрсөн хүү А нарын ХААТР-11 маягт буюу төрсний бүртгэх анкетад байнга оршин суугаа хаяг нь Б аймгийн Д сумын 9 дүгээр баг, эрхэлдэг байгууллага үгүй нөхөр нь болох Н нь тус сумын 10 жилийн сургуульд дарханаар ажилладаг тухай тус тус бичигдсэн байна.

Хэдийгээр тухайн ХААТР маягтуудад нийгмийн бүлэг нь ажилчин гэж бичигдсэн боловч ажилладаг байгууллага гэдэг дээр тус тус үгүй гэж мөн байнга оршин суугаа хаяг нь Д сумын 9 дүгээр баг гэж бичигдсэн зэрэг нөхцөл байдлыг харьцуулан үзэхэд тэрээр Ө хотын 9 дүгээр цэцэрлэгт үйлчлэгчээр ажилласан байна гэж дүгнэх нь шударга ёсны болон шүүхийн шийдвэрийн үндэслэл бүхий байх зарчим алдагдана гэж шүүх дүгнэлээ.

8.Дээрх хэрэгт авагдсан үйл баримтыг хооронд нь харьцуулан шинжлэн судалбал, хүсэлт гаргагч С Б аймгийн Ө хотын 9 дүгээр цэцэрлэгт 1988 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг дуустал угаагчаар ажиллаж байсан байдал нь тогтоогдохгүй байна.

9.Шүүхэд нотариатчаар гэрчлүүлж тодорхойлолт өгч, шүүхэд болон шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгсөн Р , М , А нарын гэрчээр өгсөн мэдүүлэгтээ хүсэлт гаргагч С ийг А нь 1987 онд анх тус цэцэрлэгт ажилд орсон гэж, М нь 1988 оноос 1994 он хүртэл ажилласан гэж, Р аас 1988 оны 10 дугаар сард угаагчаар ажилд орж бид хоёр 1989 он хүртэл хамт ажиллаж гэж тус тус ажилд орсон огноо, ажлаас гарсан огноо нь зөрүүтэй мэдүүлсэн ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар гэрчүүдийн мэдүүлэг нь нотолгооны нэг хэрэгсэл мөн боловч тэдгээрт дурдагдсан баримтат мэдээллийг шүүх мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар бусад нотолгооны хэрэгслүүдтэй харьцуулан үнэлэх замаар дүгнэлт хийх боломжтой. Гэтэл гэрч нарын мэдүүлэгт дурдсан баримтат мэдээллүүдийг харьцуулах өөр нотолгооны хэрэгсэл хавтаст хэрэгт байхгүй тул гагцхүү гэрчийн мэдүүлгээр хүсэлт гаргагчийн тухайн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь хууль ёсны зарчимд нийцээгүй гэж шүүх үзлээ.

10.Хүсэлт гаргагчаас тус цэцэрлэгт ажилласан байсан байдлаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардлага гаргах эрхтэй боловч мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн өөрийн санаачилгаар бүрдүүлсэн болон хүсэлт гаргагчаас гаргаж өгсөн нотлох баримтуудаар С нь Б аймгийн Ө хотын 9 дүгээр цэцэрлэгт 1988 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг дуустал угаагчаар ажиллаж байсан гэх үйл баримт тогтоогдоогүй тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

11.Иймд дээрх үндэслэлээр хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай

хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан С ийн Б аймгийн Ө хотын 9 дүгээр цэцэрлэгт 1988 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1994 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг дуустал угаагчаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохыг хүссэн тухай шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ