Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 03 сарын 04 өдөр

Дугаар 130/ШШ2024/00237

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын *** дугаар баг, Х гол, *** гудамж, *** тоотод оршин суудаг, Н овогт А.А (утас:********),

Хариуцагч: Б аймгийн Ө сумын *** дугаар баг, Х гол, *** гудамж, *** тоотод оршин суудаг, К овогт З.А (утас:********),

Нэхэмжлэлийн шаардлага: А.А-ийн өмчлөлийн Б аймгийн Ө сумын *** дугаар багт байршилтай нэгж талбарын ********** дугаартай, *********** дугаар бүхий 400 м.кв талбай бүхий газар болон тухайн газарт байршилтай өвлийн сууцны зориулалттай *********** дугаар бүхий үл хөдлөх хөрөнгийг эзэмших, ашиглахад саад учруулж байгаа үйлдлийг таслан зогсоож 428 м.кв газрын орц гарцыг нээлттэй чөлөөтэй байлган хууль бус хашааг чөлөөлүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгч А.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А,

Хариуцагч С.А,

Хариуцагчийн өмгөөлөгч Х.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ердос.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч А.А анх хариуцагч З.А-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага Б аймгийн Ө сумын ***-р багт байршилтай, нэгж талбарын ********** дугаартай, *********** дугаар бүхий 400 м.кв талбай бүхий газар болон тухайн газарт байршилтай өвлийн сууцны зориулалттай ********** дугаар бүхий үл хөдлөх хөрөнгийг эзэмших, ашиглахад саад учруулж байгаа үйлдлийг таслан зогсоож 438 м.кв талбай бүхий газар болон хашааны орц, гарцыг нээлттэй, чөлөөтэй байлгахыг даалгах тухай байсан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч А.А нэхэмжлэлийг шаардлагыг дахин тодруулан хариуцагч З.А-д холбогдуулан “А.А-ийн өмчлөлийн Б аймгийн Ө сумын ***-р багт байршилтай нэгж талбарын ******** дугаартай, ********* дугаар бүхий 400 м.кв талбай бүхий газар болон тухайн газарт байршилтай өвлийн сууцны зориулалттай *********** дугаар бүхий үл хөдлөх хөрөнгийг эзэмших, ашиглахад саад учруулж байгаа үйлдлийг таслан зогсоож 428 м.кв газрын орц гарцыг нээлттэй чөлөөтэй байлган хууль бус хашааг чөлөөлүүлэх тухай” гэж  дахин тодорхойлсон болно. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Миний бие А.А-тай холбогдуулан гэр бүлийн маргааны улмаас гэрлэлтээ цуцлуулж, гэр бүлийн дундын өмчлөлийн хөрөнгийг гаргуулах тухай иргэний хэрийг Улсын Дээд Шүүхийн 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн *************** дугаартай тогтоолоор эцэслэн шийдвэрлэсэн. Тус иргэний хэргээр З.А-аас Б аймгийн Ө сумын ***-р багт байршилтай, нэгж талбарын ******** дугаартай, ******** дугаар бүхий 400 м.кв талбай бүхий газар болон тухайн газарт байршилтай өвлийн сууцны зориулалттай ***********дугаар бүхий 3 өрөө байшин, гүний худаг, автомашины гараажыг гаргуулж, надад олгосон ба тус хөрөнгүүдэд эд хөрөнгийн эрхийн бүртгэл хийлгэж, өөрийн нэр дээр буулгасан. Хэдийгээр миний бие болон З.А бид хоёрын 2007 оноос хойш эзэмшиж байсан 438 м.кв талбай бүхий газарт эрхийн бүртгэл хийгдээгүй байсан ч үүнийг шүүхээс хэн алинд маань хувааж өгөөгүй болно. Харин тухайн газарт байршилтай зуны байшинг З.А-д үлдээсэн хэдий ч уг эд хөрөнгө нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлээр баталгаажаагүй хөрөнгө байсан юм.

1.2.Гэвч гэр бүлийн маргаан шүүхэд хянан шийдвэрлэгдэж байхад 438 м.кв талбай бүхий газрыг З.А нь өөрийн төрсөн дүү З.Е-д Б аймгийн Ө сумын Засаг даргын 2019 оны ******* дугаар захирамжаар хууль бусаар эзэмшүүлсэн байдаг. Улмаар, миний бие энэхүү хууль бус захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг захиргааны шүүхэд гаргасан бөгөөд гурван шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн болно. Тодруулбал, уг маргааныг Улсын Дээд Шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ********** дугаартай тогтоолоор “Давж заалдах шатны шүүхээс”...438 м.кв газрыг эзэмших талаар хүсэлтээ нэхэмжлэгч болон түүний нөхөр нарын хэн аль нь эрх бүхий этгээдэд гаргаж байгаа боловч бодит байдал дээр тухайн гэр бүл 838 м.кв газарт олон жил амьдарсан нь тогтоогдож...байхад тухайн газарт оршин суух албан ёсны хаяггүй, зуны байшинг өмчлөх эрхтэйгээ нотлоогүй гуравдагч этгээд З.Е-д газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасныг зөрчсөн...” гэж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээн шийдвэрлэсэн үйл баримт байгаа юм. Үүнээс үзвэл эрхийн бүртгэлд ороогүй байгаа 438 м.кв талбай нь баригдсан хашааны хамт гэр бүлийн зориулалтаар ашиглагдаж байгаа боловч гэр бүлийн маргаан шийдвэрлэгдсэнээс хойш хэн нэгэн этгээдийн өмчлөх болон эзэмших эрхэд бүртгэгдэх боломжгүй, нийтийн эзэмшилд хамаарах, нийтээр ашиглах газар болж тооцогдсон байдаг.

1.3.Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “Шударга эзэмшигчдийн эд хөрөнгө түүний эзэмшилд байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй” гэж заасан бөгөөд хариуцагч энэхүү заалтыг зөрчиж байна. Тодруулбал, гэр бүлийн маргааны улмаас надад шилжиж ирсэн үл хөдлөх хөрөнгө, газрыг чөлөөтэй эзэмших, ашиглахад дээрх 438 м.кв талбай бүхий газраар дайран өнгөрөх, дамжихаас өөр аргагүй байдаг бөгөөд З.А нь улсын бүртгэлээр баталгаажуулаагүй зуны байшин, нүүрс түлээний амбаарыг далимдуулан удаа дараа саад учруулан хашааны орц, гарцыг хааж, өвлийн байшинд тайван амьдруулахгүй, хүн чөлөөтэй гарч ороход саад хийх, хөөх, машин, эд хөрөнгөө оруулах нөхцөл боломжийг бүрдүүлэхгүй миний хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчиж байна. Харин миний өмчлөлийн хөрөнгийн нэг талд бүхэлдээ байшинтай зэрэгцэн баригдсан амбаар, гарааж бүхий барилгуудтай бөгөөд үлдсэн хоёр тал нь айлын хашаагаар хүрээлэгдсэн байдаг тул шууд орох гарах гарцыг гаргах боломжгүй байгаа. Зайлшгүй 438 м.кв талбай бүхий нийтийн эзэмшлийн газар болон өмнө нь баригдсан хашаагаар дамжин өнгөрөхөөс өөр аргагүй нөхцөл байдалтай байдаг юм.

1.4.Хариуцагч З.А нь өөрийн эзэмшлийн биш газарт дураараа авирлан миний эзэмших, ашиглах эрхийг хязгаарлан өөрийн өмчлөлийн хөрөнгөд очиж амьдрах, гэр орондоо орох боломжгүй байгаагаас үүдэн миний бие өнөөдрийн байдлаар байр хөлслөн амьдарч, эд хөрөнгө, сэтгэл санаа, эрүүл мэндээрээ хохирч байна. З.А-ын хууль бус үйлдлийг таслан зогсоож, нэхэмжлэгч А.А миний өмчлөлийн хөрөнгийг чөлөөтэй эзэмших, ашиглах, гэр орондоо амьдрах эрхийг сэргээлгэж тайван, аливаа зөрчил, маргаангүйгээр өвлийн байшин, эзэмшлийн хашаандаа амьдрахыг хүсэж байна.

1.5.Миний бие 2022 оноос хойш байшиндаа очиж амьдраагүй бөгөөд З.А нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгүй, газрын эзэмших эрхгүй газрыг өөрийн газар, хөрөнгө мэтээр дураараа аашилж, удаа дараа саад учруулж, намайг айлган сүрдүүлж, зодож, сэтгэл санааны дарамт учруулж байсан бөгөөд миний бие цагдаагийн байгууллагад гомдол гаргаж тухай бүр шалгуулж байсан юм. Тодруулбал, миний бие 2019 онд цагдаагийн байгууллагад гаргасан гомдлын дагуу З.А-ыг шалгасан баримт, мөн 2022 оны өгсөн дуудлагын дагуу шалгасан баримтуудыг гаргаж өгч байна.    

1.6.Миний бие өөрийн хөрөнгөө ашиглахаар очиход З.А нь хашааг цоожилж байсан ба айлган сүрдүүлэхээр нь цагдаа дуудахад зугтаад алга болдог байсан бөгөөд үүнийг нотлох зургийг хавсарган өгч байна. Мөн миний өмчлөлийн газарт одоо хүртэл З.А-ын эд хөрөнгө байдаг ба өнөөдрийг хүртэл аваагүй. Мөн З.А нь миний хашаанд өөрийн машин, техник хэрэгслийг дураараа тавьж ашигладаг байсан юм.

1.7.Миний эзэмшлийн газарт байгаа З.А-д хувиарлагдсан махны амбаарын хажуу талын нэг хана, мөр урд талын нэг хана 3.А-ынх, харин ард талын нэг хана бол миний хашааны хана, харин нөгөө хажуу нэг тал нь гараажын хана тул З.А-д ямар ч хамааралгүй болно. Тиймээс миний бие З.А-ын төлөө, хашаагаа нурааж, эвдэн сүйтгэхгүй, байгаа зүйлүүд байгаагаар нь  байх ёстой ба хашаагаа нураах нь хүний эрхэд халдаж байгаа зүйл болно.

1.8.Иймд А.А-ийн  өмчлөлийн Б аймгийн Өлгий сумын ***-р багт байршилтай нэгж талбарын ******** дугаартай, ********* дугаар бүхий 400 м.кв талбай бүхий газар болон тухайн газарт байршилтай өвлийн сууцны зориулалттай ********** дугаар бүхий үл хөдлөх хөрөнгийг эзэмших, ашиглахад саад учруулж байгаа үйлдлийг таслан зогсоож 428 м.кв газрын орц гарцыг нээлттэй чөлөөтэй байлган хууль бус хашааг чөлөөлүүлж өгнө үү гэсэн байна.

2.Хариуцагч З.А нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:

2.1.Нэхэмжлэгч А.А бид хоёр 2007 онд гэр бүл болж хамтран амьдарч байгаад хоорондоо тарж тохироогүй учир Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн ************* дугаартай шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан.

2.2.Шүүхийн дээрх шийдвэрээр 68.8 м.кв талбайтай зуны байр, **** *** улсын дугаартай Уаз-452 маркийн фургон автомашин, түлээ нүүрсний амбаар, махны амбаар, Ө сумын *** дугаар багт байршилтай 900 м.кв газар зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг миний өмчлөлд үлдээж, надаас Ө сумын ***-р багийн нутаг дэвсгэрт байршилтай 400 м.кв газар, тухайн газар дээр байршилтай, өвлийн сууцны зориулалттай 60 м.кв талбайтай 3 өрөө байшин, гүний худаг, автомашины гарааж зэрэг үл хөдлөх хөрөнгүүдийг гаргуулж А.А-д олгохоор шийдвэрлэсэн.

2.3.Тухайн шийдвэрийг Б аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ********** дугаартай магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн *********** дугаартай тогтоолоор хэвээр үлдээсэн.

2.4.Миний бие Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн *********** дугаартай шийдвэрээр А.А-д хуваарилсан хөрөнгө, газруудыг шүүхийн шийдвэрийг үндэслэн түүний нэр дээр бүрэн шилжүүлж өгч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон.

2.5.Тухайн 68.8 м.кв талбайтай зуны байшин нь дүү З.Е-ын эзэмшлийн байшин байсан бөгөөд А.А нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа бид худалдаж авсан, бидний гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгө гэж маргаан үүсгэж хэргийг хянан шийдвэрлэсэн шүүх гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын өмчид тооцож надад хуваарилсан. Бид гэр бүл цуцлах үед гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө миний нэр дээр бүртгэлтэй 400 м.кв газарт, 68.8 м.кв зуны байшин газар эзэмших эрхийн гэрчилгээгүй 428 м.кв газарт байсан.

2.6.Маргаан бүхий 428 м.кв талбайтай газрыг одоогийн байдлаар хэн нэгэн хүнд эзэмшүүлсэн эрх бүхий албан тушаалтны шийдвэр гараагүй. Гэр бүлийн маргаан шийдвэрлэсний дараа 428 м.кв талбайтай газрыг эзэмших хүсэлтийг Ө сумын Засаг даргад А.А ч гаргасан, би ч гаргасан. Ө сумаас тухайн газар маргаантай учир шүүхээр шийдвэрлүүл гэсний дагуу А.А нь 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр  аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд Ө сумын Засаг даргад холбогдуулан 428 м.кв газрыг А.А надад эзэмшүүлэх шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. Энэ нэхэмжлэлийг  аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн хурлаар авч хэлэлцээд мөн өдрийн ********** дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. А.А нь энэ шийдвэрийг эс зөвшөөр давж заалдах гомдол гаргасныг захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн хуралдаанаар авч хэлэлцээд мөн өдрийн ************ дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж гомдлыг хангахгүй орхисон байна. А.А магадлалыг эс зөвшөөрч хяналтын шатны журмаар гомдол гаргасныг Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн нийт шүүгчдийн хуралдаанаар авч хэлэлцээд хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс татгалзсан.

2.7.Ингэж гурван шатны шүүхийн шийдвэр гарч 428 м.кв газар А.А-д ямар ч хамааралгүй болсон учир би тухайн газрыг эзэмшихээр Ө сумын Засаг даргад өргөдөл гаргасан ба одоогоор хянагдаж байгаа.  сумын Засаг даргын зүгээс дээрх 428 м.кв газрыг Б аймгийн Ө сумын 2024 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулсны дараа шийдвэрлэхээ мэдэгдсэн.

2.8.Нэхэмжлэгч А.А нь тухайн хөрөнгө, газрыг өөрийн нэр дээр шилжүүлж авсан боловч тэрнээс хойш тухайн байшинд нүүж ирээгүй. Бүх хөрөнгүүд нь одоо сул байгаа ба миний зүгээс түүний өмчлөх эрхэд халдсан, саад болсон зүйл байхгүй. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр 428 м.кв газарт баригдсан зуны байр, түлээ нүүрсний амбаарыг надад хуваарилж би тухайн зуны байранд одоо хүртэл амьдарч байна.

2.9.Миний бие өөрийн эзэмшлийн биш газарт дураараа аашилсан, А.А-ийн эзэмших, ашиглах эрхийг хязгаарлан өөрийн өмчлөлийн хөрөнгөд очиж амьдрах гэр орондоо очиж амьдрах, гэр орондоо орох боломжийг хаасан зүйл байхгүй. Угаасаа А.А-д хуваарилагдсан 400 м.кв талбайтай газар болон одоо миний амьдарч байгаа 428 м.кв талбайтай газрыг тойруулан нэг л хашаа татсан байсан. Одоо тухайн хашаа хэвээрээ байгаа. Миний зүгээс А.А-ийн эзэмшил газрыг хааж, тусгаарлаж ямар нэгэн хашаа татаагүй. Тэгээд ч шүүхээс гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгүүдийг хуваарилахдаа газрын болон үл хөдлөх эд хөрөнгүүдийн байршлыг харгалзаж цаашид хоёр хувааж амьдрах боломжтой байдлаар хуваарилсан гэж үзэж байна. 

2.10.Иргэний хэргийн анхан шатны шүүхээс надад хуваарилсан махны амбаар одоогоор А.А-ийн эзэмшил газарт байгаа. Хэрэв А.А хүлээн зөвшөөрвөл хавар цаг агаар дулаарсны дараа би махны амбаарыг буулгаж авч, тухайн газраас гарц (хашааны хаалга) гаргаж өгч болно. А.А-ийн үл хөдлөх хөрөнгүүд байршилтай газрын цаад талд сул гудамж байгаа бөгөөд тэрээр тухайн хэсгээс гарц (хашааны хаалга) гаргаж өөрийн эзэмшлийн газар, үл хөдлөх хөрөнгө руу нэвтрэх боломжтой. Гэтэл заавал одоо миний ашиглаж байгаа газраар дамжин орох ёстой гэж зүтгэж байгааг ойлгохгүй байна. Мөн миний зүгээс одоо миний ашиглаж байгаа газраар дамжин ороход ямар нэгэн саад хийгээгүй гэдгийг дурдах нь зүйтэй. Одоо сул байгаа 428 м.кв газрыг эзэмшүүлэх шийдвэр гарсан тохиолдолд тухайн газарт миний бие үргэлжлүүлэн амьдрах болно.

2.11.Миний бие 428 м.кв газарт байгаа хууль бус хашааг чөлөөлүүлэх шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Миний бие 428 м.кв газарт байгаа хашааг шинээр татаагүй. А.А бид хоёр гэр бүл болсноос хойш тухайн хашаа дотор амьдарч ирсэн. Анх бид хоёр гэр бүл болохоос өмнө миний аав одоо А.А-ийн өмч болсон байшинг хүнээс худалдан авахад энэ хашаа байсан. Харин А.А нь өөрийн өмчлөлийн өвлийн сууц, 400 м.кв газрыг тусгаарлан ямар нэгэн хашаа татаагүй, А.А бид хоёр гэр бүл байсан хугацаанд ямар байсан тэр хэвээрээ байгаа.

2.12.Иймд нэхэмжлэгч А.А өөрийн өмчлөлийн өвлийн сууц, 400 м.кв талбайтай газар руу нэвтрэхэд нь ямар ч саад учруулаагүй тул эдгээр нотлох баримтуудыг үндэслэн А.А-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна.

3.Нэхэмжлэгчээс Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн *********** дугаартай шийдвэр, Б аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн *********** дугаартай магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн ************* дугаартай Тогтоол, Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн *********** дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 38 дугаартай магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаартай тогтоол,  хариуцагч З.А-ын Монгол Улсын Иргэний үнэмлэхийн хуулбар, Б аймаг дахь Цагдаагийн газрын “Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай” 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн тэмдэглэл,  Б аймаг дахь Цагдаагийн газрын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл”, Б аймаг дахь Цагдаагийн газрын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл”, Б аймаг дахь Цагдаагийн газрын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл”, Б аймаг дахь Цагдаагийн газрын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол”, Б аймаг дахь Цагдаагийн газрын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Хариу мэдэгдэх хуудас”, Б аймгийн Прокурорын газарт 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гаргасан гомдол,  Б аймгийн Прокурорын газрын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 3/73 дугаартай “Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай” Прокурорын тогтоол, Б аймгийн Прокурорын газрын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 3/69 дугаартай “Хариу мэдэгдэх хуудас”, Б аймгийн Прокурорын газрын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Шийдвэр бусад баримт бичгийг гардуулан өгсөн тухай тэмдэглэл”,  Б аймаг дахь Цагдаагийн газрын 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ****** дугаартай Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Гүлбарша танаа гэсэн албан бичиг, Б аймаг дахь Цагдаагийн газрын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл”, Б аймаг дахь Цагдаагийн газрын 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “Эрх бүхий албан тушаалтны тогтоол”, Б аймгийн Цагдаагийн газарт 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр гаргасан гомдол, Б аймаг дахь Цагдаагийн газрын 2022 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн “Эрх бүхий албан тушаалтны тогтоол”, 2022 оны 08 дугаар сарын 02-ны өдөр олгосон №******* дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”, 2022 оны 8 дугаар сарын байдлаар А.А-ийн өмчлөлийн байрны гадна тал болон дотор талын байгаа байдлын болон газрын гэрэл зураг  11 хуудас зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.

4.Хариуцагч талаас Б аймгийн Ө сумын ***-р багт байршилтай нэгж талбарын *********** дугаартай, 400 м.кв З.А-ын газрын кадастрын зураг, А.А-ийн өвлийн байшингийн хаалга цоожтой байдал, цонхны хөшиг хаалттай байгаа байдал, янданг хаасан байдал, гүний худаг, махны амбаар, А.А-ийн эзэмшлийн газрын хойд талд байгаа гудамж зэргийг харуулсан 5 хуудас гэрэл зургууд, Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ************ дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ************** дугаартай магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 376 дугаартай тогтоол зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шүүхэд гаргаж өгсөн. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

5.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

6.Нэхэмжлэгч А.А дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Миний эзэмшлийн газарт байгаа З.А-д хувиарлагдсан махны амбаарын хажуу талын нэг хана, мөр урд талын нэг хана 3.А-ынх, харин ард талын нэг хана бол миний хашааны хана, харин нөгөө хажуу нэг тал нь гараажын хана тул З.А-д ямар ч хамааралгүй болно. Тиймээс миний бие З.А-ын төлөө, хашаагаа нурааж, эвдэн сүйтгэхгүй, байгаа зүйлүүд байгаагаар нь  байх ёстой ба хашаагаа нураах нь хүний эрхэд хаалдаж байгаа зүйл болох учраас А.А-ийн  өмчлөлийн Б аймгийн Ө сумын ***-р багт байршилтай нэгж талбарын ******** дугаартай, ******** дугаар бүхий 400 м.кв талбай бүхий газар болон тухайн газарт байршилтай өвлийн сууцны зориулалттай ********* дугаар бүхий үл хөдлөх хөрөнгийг эзэмших, ашиглахад саад учруулж байгаа үйлдлийг таслан зогсоож 428 м.кв газрын орц гарцыг нээлттэй чөлөөтэй байлган хууль бус хашааг чөлөөлүүлж өгнө үү.

7.Хариуцагч З.А нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Миний бие 428 м.кв газарт байгаа хашааг шинээр татаагүй. А.А бид хоёр гэр бүл болсноос хойш тухайн хашаа дотор амьдарч ирсэн. Анх бид хоёр гэр бүл болохоос өмнө миний аав одоо А.А-ийн өмч болсон байшинг хүнээс худалдан авахад энэ хашаа байсан. Харин А.А нь өөрийн өмчлөлийн өвлийн сууц, 400 м.кв газрыг тусгаарлан ямар нэгэн хашаа татаагүй, А.А бид хоёр гэр бүл байсан хугацаанд ямар байсан тэр хэвээрээ байгаа, нэхэмжлэгч А.А өөрийн өмчлөлийн өвлийн сууц, 400 м.кв талбайтай газар руу нэвтрэхэд нь ямар ч саад учруулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.Үүнд:

8.1.Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.3 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн дундын хөрөнгөнөөс... зуны байр буюу 16836673 төгрөг, нүүрс түлээний амбаар буюу 264673 төгрөг, махны амбаар буюу 1012972 төгрөгийн эд хөрөнгийг нэхэмжлэгч З.А-д үлдээж...., нэхэмжлэгч З.А-аас 2007 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр олгосон ******** дугаартай Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээтэй Б аймгийн Ө сумын нутаг дэвсгэрт нэгж талбарын *********** дугаартай, 50 жилийн хугацаатай эзэмшүүлсэн 400 м.кв газар буюу 1440000 төгрөг, 2007 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр олгосон №********* Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээтэй, үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ********** дугаартай, Б аймгийн Ө сумын ***-р багт байршилтай өвлийн сууцны зориулалттай 60 м.кв талбайтай 3 өрөө байшин буюу 16459617 төгрөг, гүний худаг 1950000 төгрөг, автомашины гараж буюу 2344644 төгрөг, нийт 22194261 төгрөгийн эд хөрөнгийг нэхэмжлэгч З.А-аас тус тус гаргуулан хариуцагч А.А-д олгож… шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ********** дугаартай шийдвэр, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн ************* дугаартай магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн *********** дугаартай тогтоол байна.

8.2.Энэхүү Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ************* дугаартай шийдвэрийн дагуу олгогдсон үл хөдлөх хөрөнгүүдэд нэхэмжлэгч А.А нь Б аймгийн Ө сумын ***-р баг, Х гол, 60м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч тул эрхийн улсын бүртгэлийн ******** дугаарт бүртгэж Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр №********* дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-г, мөн Б аймгийн Ө сумын ***-р баг Д арал-2 байршилтай, 209а (хашааны дугаар) хаягт байрлах, нэгж талбарын дугаар ********** дугаар бүхий 400 м.кв газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 35 жилийн хугацаагаар эзэмшүүлж, эрхийн улсын бүртгэлийн ******** дугаарт бүртгэж 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдөр олгосон №************ дугаартай “Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г тус тус гаргуулж авсан байна.

8.3.Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд З.А-ын нэхэмжлэлтэй, А.А-д холбогдох гэрлэлт цуцлуулж, гэр бүлийн дундын өмчөөс өөрт оногдох хэсгээ гаргуулахыг хүссэн иргэний хэрэг хянан шийдвэрлэж байгаа хугацаанд маргаан бүхий 428 м.кв газарт байрлаж буй зуны байшин, түлээ нүүрсний амбаарыг гэр бүлийн дундын өмч хөрөнгөөр тодорхойлон маргаж байхдаа З.А-ын гаргасан хүсэлтийн дагуу, уг хөрөнгүүд байрлах газрыг гуравдагч этгээд З.Е-д олгосон Б аймгийн Ө сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ****** дугаартай захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч А.А-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Б аймгийн Ө сумын Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн ****** дугаартай захирамжийн З.Е-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон хуулийн хүчин төгөлдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн *** дугаартай магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаартай тогтоол байна.

8.4.Улмаар нэхэмжлэгч А.А-ийн “маргаан бүхий Ө сумын *** дугаар багт байршилтай 438 м.кв газрыг өөрт нь эзэмшүүлэхээс татгалзсан Ө сумын Засаг даргын татгалзал хууль бус болохыг тогтоож, уг газрыг А.А-д эзэмшүүлэх шийдвэр гаргахыг Ө сумын Засаг даргад даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон хуулийн хүчин төгөлдөр Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн ********** дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ************* дугаартай магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаартай тогтоол байна.

8.5.Нэхэмжлэгч А.А, хариуцагч З.А нар нь гэрлэлтээ цуцлахаас өмнө  Ө сумын ***-р багт 828 м.кв талбай бүхий газрыг хашаалж 2006 оноос 2018 оныг хүртэл амьдарч байсан ба Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ************* дугаартай шийдвэрээр тэд гэрлэлтээ цуцлуулан, улмаар  уг газраас  400 м.кв газрыг А.А-д эзэмшүүлсэн байна.

Энэхүү нэхэмжлэгч А.А-ийн эзэмшлийн 400 м.кв газарт А.А-ийн өвлийн сууцны зориулалттай 3 өрөө байшин, автомашины гарааж, гар худаг, гүний худаг, мөн хариуцагч З.А-ын махны амбаар байрлаж байна.

8.6.Харин үлдсэн маргаан бүхий 428 м.кв газар нь одоогоор хэний ч эзэмшил, өмчлөлд байхгүй боловч бодит байдал дээр энэ газарт Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн *********** дугаартай шийдвэрээр хариуцагч З.А-д олгосон зуны байр, түлээ нүүрсний амбаар байрлаж байна. Мөн бие засах газар, үнсний цэг байрлаж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр нотлогдож байна.

8.7.Нэхэмжлэгч А.А энэхүү маргаан бүхий 428 м.кв газрыг хэн нэгэн этгээд хууль ёсоор эзэмших, ашиглах эрх үүсээгүй тул нийтийн эдэлбэр газарт тооцон нийтийн эдэлбэр газрыг хариуцагч З.А-ын бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэхийг шаардсан байна.

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-д "нийтийн эдэлбэрийн газар" гэж зохих журмын дагуу нийтээр ашиглахаар тогтоогдсон төрийн өмчийн газрыг ойлгоно гэсэн байна.

Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Хот, тосгон, бусад суурины газар болон нийслэл хотын эдэлбэр газарт хот, тосгон, бусад суурины барилга байгууламж, үйлдвэр, уурхайн дэвсгэр газар, инженерийн дэд бүтэц, гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх энгийн болон инженерийн хийц, бүтээц бүхий байгууламжийн газар, нийтийн эдэлбэрийн газар болон цаашид тэлж хөгжих нөөц газар хамаарах бөгөөд эдэлбэр газрын хэмжээ, заагийг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталж, тогтооно”, 12.2-т “Нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, нийтийн амралт, зугаалга, биеийн тамирын зориулалттай газар, цэцэрлэгт хүрээлэн, оршуулгын газар, хог хаягдлын цэг, цэвэршүүлэх талбай, авто зогсоол, ногоон байгууламж, нийтээр ашиглах  барилга байгууламжийн газар, дахин хөгжүүлэх төслийн хүрээнд бий болсон нөөц талбай зэрэг газар хамаарна”, 12 дугаар зүйлийн 12.6-д “Нийтийн эдэлбэрийн газрын зориулалт, хэмжээ, зааг, ашиглалтын журмыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал баталж, тогтооно” гэж тус тус заасан байна.  

Иймд Монгол Улсын иргэдэд өмчүүлснээс бусад газар төрийн нийтийн өмчид хамаарах хэдий ч төрийн нийтийн өмчийг ард түмнийг төлөөлөн төрийн эрх бүхий этгээд удирдан зохион байгуулж, Монгол Улсын иргэдэд эзэмшүүлж, ашиглуулж шийдвэр гаргах бүрэн эрхийг хэрэгжүүлдэг.

Маргаан бүхий газрыг нийтийн эдэлбэр газар гэж нэхэмжлэгч тайлбарлаж байх боловч уг газар нь иргэдэд эзэмшүүлэх, ашиглуулах боломжтой, ийм төлөвлөлтөд орсон, үүнтэй холбоотой үйлдлүүд нэгэнт хийгдэж эхэлсэн байгаа нь хариуцагчийн тайлбар болон дээрх нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байгаа тул маргаан бүхий 428 м.кв газар нь Газрын тухай хуульд заасан нийтийн эдэлбэр газарт хамаарахгүй болно.

8.8.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасан.

Иймд Газрын тухай хуульд зааснаар газрыг эрхийн гэрчилгээтэй эзэмших бөгөөд хариуцагч З.А-ын эрх бүхий этгээдийн зөвшөөрөлгүй зуны байр, түлээний амбаар, бие засах газар, үнсний цэг барьсан нь хууль зөрчсөн боловч хууль бус эзэмшлээс газрыг чөлөөлүүлэх эрхийг тухайн эрх бүхий байгууллага шаардах эрхийг хэрэгжүүлдэг.

8.9.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.4-д зааснаар “ өмчлөгч нь хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах, өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх болон эзэмших эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл тухайн этгээд уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх буюу эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй” болно.

Нэхэмжлэгч А.А-д газар эзэмших гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж байгаа  гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар олгосон 400 м.кв талбай бүхий газар нь маргаан бүхий 428 м.кв газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй, мөн нэхэмжлэгчийн эзэмшлийн 400 м.кв газарт З.А нь өөрийн машин, техник хэрэгслийг дураараа тавьж ашигладаг гэдэг нь хөндлөнгийн нотлох баримтаар нотлогдохгүй байна.

8.10.Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн *********** дугаартай шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш өнөөдрийг хүртэл тухайн шийдвэрээр олгосон  газар, байшин гараажыг нэхэмжлэгч ашиглаагүй, тэндээ амьдарч байгаагүй болох нь талуудын тайлбараар нотлогдож байна.

8.11.Тус шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн маргаан бүхий газар хийсэн “Үзлэгийн тэмдэглэл”-ээр... нэхэмжлэгч А.А-ийн эзэмшлийн газар болон хойд талын гудамж хоорондын зай дээд тал нь 9.1 метр, доод тал нь 7.8 метр, хариуцагч К.А-ын буулгаж авна гэсэн амбаар болон хойд талын гудамжны хоорондын зай нь 7.5 метр байв. Хариуцагч З.А-ын зуны байшин болон үл хөдлөх хөрөнгө байрлах, газраас урд талын гудамж хоорондын зай 9.4 метр байна.

Үүгээр нэхэмжлэгчийн “миний өмчлөлийн хөрөнгийн нэг талд бүхэлдээ байшинтай зэрэгцэн баригдсан амбаар, гарааж бүхий барилгуудтай бөгөөд үлдсэн хоёр тал нь айлын хашаагаар хүрээлэгдсэн байдаг тул шууд орох гарах гарцыг гаргах боломжгүй” гэдэг нь үгүйсгэгдэж байгаа ба нэхэмжлэгч А.А нь  хашааны хойд талаас орж, гарах гарц гаргах бүрэн боломжтой гэдэг нь тогтоогдож байна.

8.12.Мөн маргаан бүхий 428 м.кв газар нь 2006 оноос хашаалагдсан гэдгийг нэхэмжлэгч үгүйсгээгүй ба нэхэмжлэгч “гэр бүлийн маргааны улмаас надад шилжиж ирсэн үл хөдлөх хөрөнгө, газрыг чөлөөтэй эзэмших, ашиглахад зайлшгүй 428 м.кв талбай бүхий нийтийн эзэмшлийн газарт өмнө нь баригдсан хашаагаар дамжин өнгөрөх гэхэд хариуцагч З.Айболат нь удаа дараа саад учруулан хашааны орц, гарцыг хааж, машин, эд хөрөнгөө оруулах нөхцөл боломжийг бүрдүүлээгүй” гэх боловч энэ нь мөн нотлогдохгүй байна.

8.13.Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн Б аймаг дахь Цагдаагийн газрын “Зөрчлийн талаар амаар болон холбоо, мэдээллийн хэрэгслээр гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай” 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн тэмдэглэл,  Б аймаг дахь Цагдаагийн газрын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Хохирогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл”, Б аймаг дахь Цагдаагийн газрын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн “Холбогдогчоос мэдүүлэг авсан тэмдэглэл”, Б аймаг дахь Цагдаагийн газрын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн “Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэл”, Б аймаг дахь Цагдаагийн газрын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Зөрчлийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай тогтоол”, Б аймаг дахь Цагдаагийн газрын 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн “Хариу мэдэгдэх хуудас”, Б аймгийн Прокурорын газарт 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гаргасан гомдол,  Б аймгийн Прокурорын газрын Прокурорын тогтоол 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаартай “Гомдлыг хүлээн авахаас татгалзах тухай”, Б аймгийн Прокурорын газрын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн *** дугаартай “Хариу мэдэгдэх хуудас”, Б аймгийн Прокурорын газрын 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн “Шийдвэр бусад баримт бичгийг гардуулан өгсөн тухай тэмдэглэл”,  Б аймаг дахь Цагдаагийн газрын 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн ******* дугаартай Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч З.Гүлбарша танаа гэсэн албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтууд нь цаг хугацааны хувьд энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болно.

Тодруулбал, Б аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн ********** дугаартай шийдвэрээр А.А, З.А нарын гэр бүлийн маргаан шийдвэрлэгдэж, гэр бүлийн гишүүдийн дундын хөрөнгө хуваагдсан тул 2020 оны 03 дугаар сарын 05-аас өмнөх бичгийн материалууд нь энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болно.

8.14.Мөн нэхэмжлэгч А.А нь 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдөр З.А нь намайг хэл амаар доромжилсон” гэх гомдлыг цагдаагийн байгууллагад хандсан боловч зөрчлийн талаар гомдол мэдээллийн хүлээн авахаас татгалзсан нь хавтаст хэрэгт авагдсан  Б аймаг дахь Цагдаагийн газрын 2022 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн “Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл”, Б аймаг дахь Цагдаагийн газрын 2022 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн “Эрх бүхий албан тушаалтны тогтоол”, Б аймгийн Цагдаагийн газарт 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр гаргасан гомдол зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдож байна.

8.15.Б аймгийн Цагдаагийн газраас ирүүлсэн 2022 оны 6, 7, 8, 9 дүгээр саруудад хариуцагч К.А-тай холбогдуулан гомдол гаргаж, дуудлага өгч байсан тухай бүртгэл-ийн 11-д 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 16 цаг 49 минутад А нь ******* утсаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг иргэн А нь биелүүлэхгүй байна гээд гомдол мэдээлсэн ба а/х Х.Д-т танилцуулсан, зөвлөгөө өгч явуулсан талаар илтгэсэн байна.

Мөн Б аймгийн НХЖХ, ОНАБХТ-ийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Х.Д-ийн 2024 оны 02 дугаар сарын 09-ний өдөр бичсэн “Итгэх хуудас”-нд: Миний бие 2022 оны 8 дугаар сарын 08-ны өдөр томилгооны дагуу зөрчлийн хэрэг бүртгэгчээр үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 16 цаг 49 минутад Өлгий сумын 4-р багийн оршин суугч А.А-ийн ирүүлсэн иргэн А.А гэгч шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байна гэсэн гомдолд биечлэн танилцаж манай харьяаллын гомдол биш болохыг энэ асуудалтай холбоотой гомдлыг аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргах талаар хуулийн зөвлөгөө өгсөн гэсэн байна. 

Эдгээр нотлох баримтаар нэхэмжлэгч А.А-ийн “Хариуцагч З.А нь удаа дараа миний эд хөрөнгө эзэмших, ашиглах эрхэд саад учруулж, намайг айлган сүрдүүлж, зодож, сэтгэл санааны дарамт учруулж байсан, цагдаа дуудахад зутгаж байсан талаар миний бие цагдаагийн байгууллагад гомдол гаргаж тухай бүр шалгуулж байсан” гэдэг нь нотлогдохгүй байна.

8.16.Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн 2022 оны 8 дугаар сарын байдлаар гэсэн А.А-ийн өмчлөлийн байрны гадна тал болон дотор талын байгаа байдлын гэрэл зураг болон  газрын гэрэл зураг нийт  11 хуудас, мөн хариуцагчаас гаргаж өгсөн А.А-ийн өвлийн байшингийн хаалга цоожтой байдал, цонхны хөшиг хаалттай байгаа байдал, янданг хаасан байдал, гүний худаг, махны амбаар, А.А-ийн эзэмшлийн газрын хойд талд байгаа гудамж зэргийг харуулсан 5 хуудас гэрэл зургуудыг хэн, хэзээ, ямар журмаар, яаж бэхжүүлж авсан нь тодорхойгүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй болно.

8.17.Мөн нэхэмжлэгчээс гаргаж өгсөн одоогийн хөлслөн сууж байгаа байдлыг харуулсан 2 хуудсан гэрэл зураг нь энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болно.

9.Иймд дээрх нотлох баримтуудаар хариуцагч З.А нь нэхэмжлэгч А.А-ийн газар эзэмших, ашиглах субьектив эрхийг хөндсөн нь нотлогдохгүй байгаа тул Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч А.А-ийн хариуцагч З.А-д холбогдуулан гаргасан “А.А-ийн өмчлөлийн Б аймгийн Ө сумын ***-р багт байршилтай нэгж талбарын ******* дугаартай, ************ дугаар бүхий 400 м.кв талбай бүхий газар болон тухайн газарт байршилтай өвлийн сууцны зориулалттай ********* дугаар бүхий үл хөдлөх хөрөнгийг эзэмших, ашиглахад саад учруулж байгаа үйлдлийг таслан зогсоож 428 м.кв газрын орц гарцыг нээлттэй чөлөөтэй байлган хууль бус хашааг чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

 10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь үнэлж болохгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь

 

1.Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.4 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч А.А-ийн хариуцагч З.А-д холбогдуулан гаргасан “А.А-ийн өмчлөлийн Б аймгийн Ө сумын ***-р багт байршилтай нэгж талбарын ********** дугаартай, ************* дугаар бүхий 400 м.кв талбай бүхий газар болон тухайн газарт байршилтай өвлийн сууцны зориулалттай ************* дугаар бүхий үл хөдлөх хөрөнгийг эзэмших, ашиглахад саад учруулж байгаа үйлдлийг таслан зогсоож 428 м.кв газрын орц гарцыг нээлттэй чөлөөтэй байлган хууль бус хашааг чөлөөлүүлэх тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч А.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг  улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.МАНГИЛИК