Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 130/ШШ2024/00289

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, шүүгч А.Жархынгүл, шүүгч Б.Мангилик, нарын бүрэлдэхүүнтэй  тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн *** дугаар Х гол багт үйл ажиллагаа явуулдаг, РД:********, Б аймгийн Прокурорын газар (итгэмжлэгдсэн төлөөлөгч ахлах прокурор, хууль цаазын зөвлөх А.Д, утас ************)

Хариуцагч: Б аймгийн Ө сумын *** дугаар Б уул багт оршин суудаг, утас **********, Ж овогт Х.А,

Нэхэмжлэлийн шаардлага: Хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 2,227,365 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Д,

Хариуцагчийн өмгөөлөгч А.А,

Иргэдийн төлөөлөгч К.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ердос.

(Хариуцагч Х.Ах-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3-д зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, хариуцагчийн өмгөөлөгч С.А хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэх тухай санал гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан хэлэлцэв)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газар нь хариуцагч Х.А-д холбогдуулан хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 2,227,365 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас “...эрүүгийн хэргийн хүрээнд эрүүл мэнд нь хохирсон иргэн-даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулан, эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлүүлэх үйл ажиллагаанд манай байгууллагыг төлөөлөн оролцож өгнө үү” гэсэн хүсэлтийг тус аймгийн Прокурорын газарт ирүүлсэн.

1.2.Хүсэлтийг хүлээн авч танилцахад Х.А нь 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Б аймгийн Ө сумын *** дугаар Ж багийн нутаг дэвсгэрт **** *** улсын дугаартай, Хондо пит загварын тээврийн хэрэгслийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын Хөдөлгөөний дүрмийн зохих заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч Т.Х-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлджээ.

1.3.Дээрх хэргийг Б аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцээд ************* дугаартай шийтгэх тогтоолоор Х.А-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байх бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. Харин уг хэргийн улмаас эрүүл мэндээрээ хохирсон Т.Х-д Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс амбулаторийн үзлэг, эмийн эмчилгээ, мэс ажилбар хийх зэрэг 2,227,365 төгрөгийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлж, улмаар тухайн тусламж, үйлчилгээний төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулан авсан нь зардлын жагсаалтаар тогтоогдож байх тул гэм буруутай этгээдийн үйлдлээс шалтгаалж Эрүүл мэндийн даатгалын сан дээр дурдсан үнийн дүн бүхий хохирол учирсан гэж үзэхээр байна.

1.4.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” нөхөн төлүүлнэ.

Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж заасан байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно”,

Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт “Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн” гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэргийн шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор эсхүл гуравдагч этгээдээр оролцоно”, 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт “Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана” гэж тус тус зааснаар Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төлбөр, хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр шаардах, прокурор нь төрийн байгууллагын хүсэлтээр төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож нэхэмжлэл гаргах эрхтэй.

1.5.Харин Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газар нь Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрийн байгууллага бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад “Эрүүл мэндийн даатгал” гэж төр, иргэн, хуулийн этгээдээс хуульд заасан журмын дагуу эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж, эрүүл мэндийн даатгалын санг урьдчилан бүрдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг худалдан авах үйл ажиллагааг, 3.1.6-д “эрүүл мэндийн санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдүүлсэн мөнгөн хөрөнгийг ойлгохоор тус тус заасан байна.

Үүгээр Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгө нь төр, иргэн, хуулийн этгээдээс хуульд заасан хувь хэмжээгээр төлсөн шимтгэлээс бүрдэх ба дээрх сангаас гэмт хэрэг, зөрчлийн улмаас тусламж үйлчилгээний зардал гарсан нь төр, нийтийн эрх ашигт хохирол учирсан, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж дүгнэхээр байна.

1.6.Иймд төрийн байгууллагын хүсэлтээр Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 2,227,365 төгрөгийг гэм буруутай этгээд Х.А-с гаргуулж, нөхөн төлүүлэхээр прокурорын байгууллагаас гаргасан нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү гэсэн байна.

2.Хариуцагч Х.А нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:

2.1.Миний бие 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Ө сумын *** дугаар багийн нутагт автын осол гаргаж иргэн Т.Х-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай тооцогдож, зохих хуулийн заалтаар хариуцлага хүлээсэн. Мөн шийтгэх тогтоолоор И.Х-д 5,365,000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн. Энэ мөнгийг би бүрэн төлж өгсөн.

2.2.Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн *********** дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хохирол болох нийт 5,365,350 төгрөгийг хохирогчид төлж өгсөн талаар дурдсан, мөн шүүх хурлын үед бүх хохирол, хор уршгийг төлсөн байсан. Тэр үед эмчилгээний болон Улаанбаатар хотод очиж эмчлүүлж ирсэн тухай гарсан бүх зардлыг төлсөн.

2.3.Одоо эрүүл мэндийн даатгалын сан болон төрийн сангийн нэрээр дахиад 2,227,365 төгрөг нэхэмжилж байгаад нь харамсаж байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас 2,227,365 төгрөг гаргуулах баримт хэрэгт байгаа боловч юунд зарцуулсан нь тодорхой бус байна.

2.4.Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна.  

3.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч З.С: Иргэн Х.А иргэн Т.Х-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, түүний эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний төлбөрийг гаргуулан авах нь баримтаар нотлогдож байгаа тул Х.А хуулийн дагуу энэхүү хохирлыг төлөх нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргажээ.

4.Нэхэмжлэгчээс Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ************ дугаартай “Хүсэлт гаргах тухай” албан бичиг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн ****** дугаартай “Итгэмжлэл олгох тухай” албан бичиг, Б аймгийн Прокурорын газрын 2023 оны 11 дугаар сарын 15-ны өдрийн ********* дугаартай “Итгэмжлэл олгох тухай” албан бичиг, Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн ************** дугаартай шийтгэх тогтоол, Улсын бүртгэлийн мэдээллийн сангаас 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдөр олгосон №**************** дугаартай “Иргэний үнэмлэхийн лавлагаа”, Т.Х-н тусламж үйлчилгээний зардлын дүн, Б аймгийн Прокурорын газрын 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн *********** дугаартай албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.

5.Хариуцагчийн хүсэлтийг хангасан тус шүүхийн 2024 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн ***** дугаартай захирамжийн дагуу Б аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн №**** дугаартай “Шинжээчийн дүгнэлт”, Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн **** дугаартай албан бичиг, Т.Х-н хэвтэн эмчлүүлсэн үеийн “Өвчний түүх №****” зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт авагдсан болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

6.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

7.Нэхэмжлэгч Б аймгийн Прокурорын газар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд: Хариуцагч Х.А  нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдэж хохирогч Т.Х-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсны улмаас эрүүл мэндийн даатгалын санд 2,227,367 төгрөгийг хохирол учирсан.

8.Хариуцагч Х.А нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Би гэмт хэрэг үйлдсэний улмаас хохирогч Т.Х-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан боловч эрүүгийн хэрэг шийдэгдэх үед түүнд хохирлыг нь барагдуулж өгсөн, түүнчлэн Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан гэх зардал чухам ямар эмчилгээнд зарцуулагдсан болох нь тодорхой бус байна.

9.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

9.1.Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн ********** дугаартай шийтгэх тогтоолоор Х.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1-д заасан “Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний удлаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах” гэмт хэргийг “согтуурсан, мансуурсан үедээ үйлдсэн” гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Х.А-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг  хоёр жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 1 (нэг) жил, 6 (зургаа)-н сарын хугацаагаар тэнссэн байна.

9.2.Б аймгийн Прокурорын газрын 2024 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ******** дугаартай албан бичгээр хүргүүлсэн Б аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн *** дугаартай “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох дүгнэлт”-д :...Иргэн Т.Х-н биед баруун талын гарын шууны ясны битүү хугаралттай, хамрын зүүн талд шалбарсан, уруулын баруун хэсэгт шалбарсан, баруун гуяд, баруун өвдөгний дээд хэсэгт, зүүн шилбэний урд хэсэгт, баруун шилбэний урд хэсэгт тус тус хөх ягаан туяатай цус хуралттай гэмтлүүд тогтоогдсон. Т.Х-н биед үүссэн гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайлбал автомашинд савагдах, шидэгдэх, дайрагдах, хавчигдах механизмаар үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн “Хүндэвтэр” зэрэг хамаарна гэсэн байна.

9.3.Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас гаргаж өгсөн “Тусламж үйлчилгээний зардлын дүнгийн жагсаалт”-аар Ө сумын харьяа, ************ регистрийн дугаартай Т.Х нь Б аймгийн Нэгдсэн эмнэлгээс 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр S06.11 оношоор 1,585,665 төгрөгийн 12 эмийн эмчилгээ,

Б аймгийн Нэгдсэн эмнэлгээс 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр S52.80 оношоор 250,000 төгрөгийн 11 эмийн эмчилгээ,

 Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр S06.3 оношоор 9,800 төгрөгийн 11 амбулаторийн үзлэг,

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр S52.10 оношоор 14,000 төгрөгийн 11 амбулаторийн үзлэг,

Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр S52 оношоор 7,000 төгрөгийн 11 амбулаторийн үзлэг,

Б аймгийн Нэгдсэн эмнэлгээс 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Z50.9 оношоор 20,000 төгрөгийн 1амбулаторийн тусламж үйлчилгээ,

Б аймгийн Нэгдсэн эмнэлгээс 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Z50.9 оношоор 20,000 төгрөгийн 1амбулаторийн тусламж үйлчилгээ,

Б аймгийн Нэгдсэн эмнэлгээс 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр ТТМ16 оношоор 20,000 төгрөгийн 1амбулаторийн тусламж үйлчилгээ,

Б аймгийн Нэгдсэн эмнэлгээс 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр S52.0 оношоор 29,900 төгрөгийн 1амбулаторийн үзлэг, оношилгоо, шинжилгээ,

Б аймгийн Нэгдсэн эмнэлгээс 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Z50.9 оношоор 20,000 төгрөгийн 1амбулаторийн тусламж үйлчилгээ,

Б аймгийн Нэгдсэн эмнэлгээс 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Z50.9 оношоор 250,000 төгрөгийн хэвтүүлэн эмчлэх тусламж үйлчилгээ, нийтдээ 2,227,365 төгрөгийн тусламж үйлчилгээ авсан болох нь нотлогдож байна.

9.4.Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн **** дугаартай албан бичигт: Т овогтой Х нь тус эмнэлгийн Гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн үед эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээний зардалд 1,586,665 төгрөг, эмийн зардалд 229,727 төгрөг гарсан гэсэн байна.

Энэ нь Т.Х-н Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн үеийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 21 цаг 48 минутад нээсэн “Өвчний түүх №***”-д бичигдсэн бичилттэй тохирч байна.

10.Эдгээр нотлох баримтаар хариуцагч Х.А-н гэм буруутай үйлдлийн улмаас Т.Х-н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь тогтоогдсон байх ба хохирогч Т.Х-н эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан зардалд нийт 2,227,365 төгрөг зарцуулан Эрүүл мэндийн даатгалын сангаас төлөгдсөн болох нь тогтоогдож байна.

11.Иргэдийн төлөөлөгчөөс хариуцагч Х.А нь эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан зардлыг төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлтэй гэж дүгнэлт гаргасан байна.

12.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.1-д “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасан байна.

Иймд Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн *********** дугаартай шийтгэх тогтоолоор нэхэмжлэгч Х.А-г гэм буруутай болох нь, мөн дээрх нотлох баримтаар хариуцагч Х.А-н гэм буруутай үйлдлийн улмаас Эрүүл мэндийн даатгалын санд 2,227,365 төгрөгийн хохирол учирсан нь тус тус тогтоогдож байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэлтэй байна.

13.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.А нь өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.

14.Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1-д “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж тус тус заасан байна.

Иймд хариуцагч Х.А-с эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 2,227,365 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн *********** дугаартай санд оруулах нь зүйтэй байна.

15.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Х.А-с нэхэмжлэлийн шаардлага 2,227,365 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 50,588 төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Ж овогт Х..А эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 2,227,365 (хоёр сая хоёр зуун хорин долоон мянга гурван зуун жаран таван) төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сангийн ************* дугаартай дансанд оруулсугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Х.А-с 50,588 (тавин мянга таван зуун наян найман)  төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Х.МЕЙРАМБЕК

ШҮҮГЧИД                                                      

                                                                        А.ЖАРХЫНГҮЛ

 

  Б.МАНГИЛИК