Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 130/ШШ2024/00319

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, шүүгч А.Жархынгүл, шүүгч Б.Мангилик, нарын бүрэлдэхүүнтэй  тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Ө сумын *** дүгээр багт оршин суудаг, утас *********, И овогт Ш.А

Хариуцагч: Б аймгийн Ө сумын *** дугаар багт оршин суудаг, утас ************,  Ш овогт И.А,

Нэхэмжлэлийн шаардлага: Насанд хүрээгүй хүү А.Т-н эрүүл мэндэд учирсан хохирол 12,739,905 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийн үнэлгээ 5,500,000 төгрөг, нийтдээ 18,239,905 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч Ш.А,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.З,

Хариуцагч И.А,

Хариуцагчийн өмгөөлөгч Д.А,

Иргэдийн төлөөлөгч Н.Т,

Орчуулагч А.А,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ердос.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч Ш.А хариуцагч И.А-д холбогдуулан “гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч А.Т-д учирсан эрүүл мэндийн болон материаллаг хохирол болох 12,739,905 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасан.

Шүүхээр хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг ихэсгэж “Насанд хүрээгүй хүү А.Т-н эрүүл мэндэд учирсан хохирол 12,739,905 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийн үнэлгээ 5,500,000 төгрөг нийтдээ 18,239,905 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасан байна.

 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Миний хүү болох А.Т нь Ө сумын Ерөнхий боловсролын *** дугаар сургуулийн *** дугаар ангид суралцдаг. Насан хүрээгүй хохирогч болох миний хүү А.Т нь 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдөр өглөө 08 цагт сургууль руугаа хичээлдээ явсан. Хичээлд сууж байх хугацаанд 11 цаг 45 минутын үед тус сургуулийн *** дүгээр ангийн сурагч С.Е сургуулийн орчинд хүү А.Т-н нүүрэн тус газарт өшиглөсний улмаас түүний биед тархины доргилттой, дээд эрүүний үүдэн баруун талын 1 үүдэн шүд тал нь хугарсан, 2 дахь үүдэн шүд сэтэрч эмаль (хатуу хальс) хугарсан, доод эрүүний 1 үүдэн шүд сэтэрч эмаль (хатуу хальс) хугарсан, доод ба дээд уруулд хавантай, доод тал хэгзэрсэн гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн нотлогдсон.

1.2.Энэ хэргийн улмаас өсвөр насны яллагдагч С.Е-г Б аймгийн Прокурорын газрын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн ************* дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол гаргаж, яллагдагчаар мэдүүлэг авч мөрдөн шалгах ажиллагаа хийгдсэн.

1.3.Дараа нь Б аймгийн Прокурорын газрын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаартай прокурорын тогтоолоор өсвөр насны яллагдагч С.Е гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Мөн насанд хүрээгүй хохирогч А.Т нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан материаллаг хохирлоо хууль ёсны төлөөлөгчөөрөө дамжуулан иргэний журмаар шүүхэд хандаж нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан байна.  

1.4.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ш.А би Иргэний хуулийн 505, 506 дугаар зүйлүүдэд заасан хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол 12,739,905 төгрөгийг нэхэмжилж байна.

Мөн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйл, Хууль зүй дотоод хэргийн Сайд, Эрүүл мэндийн Сайдын хамтарсан 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн “Журам хүснэгт батлах тухай” А/268, А/275 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан 2,7 дугаар зүйл, уг зүйлийн хүснэгтээр тогтоогдсон “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл” хэсгийн “Хөнгөн зэрэглэл” хэсэг, тухайн зүйлийн “тайлбар” хэсэг, Улсын Дээд Шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг, аргачлал”-ын Гуравдугаар зүйлийн 3.6 дахь хэсэг, Дөрөвдүгээр зүйлд заасан “Нөхөн төлбөр тооцох, жишиг аргачлал” хүснэгтийн хоёрдугаар зэрэглэл хэсэгт зааснаар “хөнгөн гэмтлийн улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг”-ийн тухайн үед мөрдөгдөж байсан Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550,000 төгрөгөөр тооцож сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийн үнэлгээнд 5,500,000 төгрөг нэхэмжилж байна.   

1.5.Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн, мөн Улсын Дээд Шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 25 дугаар тогтоолын хавсралтын гуравдугаар зүйлийн 3.6 дахь хэсэгт “тухайн гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, шинжээчийн дүгнэлттэй адилтгаж үзэхээр заасан тул насанд хүрээгүй хүү А.Т-н эрүүл мэндэд учирсан хохирол 12,739,905 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийн үнэлгээ 5,500,000 төгрөг, нийтдээ 18,239,905 төгрөг гаргуулж өгнө үү гэсэн байна.

2.Хариуцагч И.А нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:

2.1.Миний бие өсвөр насны яллагдагч С.Е-ы хууль ёсны төлөөлөгч бөгөөд нэхэмжлэгч Ш.А хүү Т-г зөвхөн миний хүү зодоогүй, тухайн үед олон хүүхэд байсан юм.

2.2.Үүнийг цагдаагийн байгууллага бүрэн шалгаагүй учраас зөвхөн миний хүүг л яллагдагчаар татаж, насанд хүрээгүй гэсэн үндэслэлээр хэрэг хэрэгсэхгүй болгосон юм.

2.3.Иймд нэхэмжлэгчийн нэхэмжилсэн хохирол 12,739,905 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийн үнэлгээ 5,500,000 төгрөг буюу нийтдээ 18,239,905 төгрөгийг төлөх чадваргүй, барагдуулах санхүүгийн боломжгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна.

3.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Н.Т: 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдөр ***-р сургуулийн хүүхдүүд зодолдоход иргэн И.А-ы хүүхэд  нэхэмжлэгч Ш.А хүү Т-г зодож эрүүл мэндэд хохирол учруулсан нь тогтоогдсон тул нэхэмжлэгч Ш.А нэхэмжлэл үндэслэлтэй  гэсэн дүгнэлт гаргажээ.

4.Нэхэмжлэгчээс Б аймгийн Цагдаагийн газрын Мөрдөгчийн тогтоол 2023 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн №*********** дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай”, Б аймгийн Прокурорын газрын 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №*************** дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” Прокурорын тогтоол, Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн “Шинжээчийн дүгнэлт” 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн дүгнэлт”, Б аймгийн Цагдаагийн газрын МБТ-ийн мөрдөгч “Цагдаагийн хошууч Т.Н-д 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн **** дугаартай “Хохирлын баримт хүргүүлэх тухай” өмгөөлөгчийн албан бичиг, А.Т-н “Амбулаториор эмчлүүлэгсдийн карт”, Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн №**** дугаартай “Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас”, “Д” ХХК-ийн эмийн сангаас 2023 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 21600 төгрөгийн эм авсан НӨАТ-ын баримт, “Цэцгэн бууз-хороолол”-ын гуанзнаас 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хоолны төлбөрт 45,400 төгрөг төлсөн НӨАТ-ын баримт, “Хаан бууз” гуанзнаас 2023 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хоолны төлбөрт 29,000 төгрөг төлсөн НӨАТ-ын баримт, “Ихбогд-2” супермаркетаас 2023 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 23,000 төгрөгийн худалдан авалт хийсэн Хаан банкны картын баримт, 2023 оны 2 дугаар сарын 11-ний өдөр супермаркетаас 12,100 төгрөгийн худалдан  авалт хийсэн НӨАТ-ын баримт,  “Бумбат” зоогийн газраас 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хоолны мөнгө 29,000 төгрөг төлсөн НӨАТ-ын баримт, Хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар Б-У 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Ш.А 130,000 төгрөг төлсөн НӨАТ-ын баримт, Хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар Б-У 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр А.Т 130,000 төгрөг төлсөн НӨАТ-ын баримт, Royal house hotel 2-д 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 18,000 төгрөг төлсөн Хаан банкны картын баримт, Royal house hotel 2-д 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 45,000 төгрөг төлсөн Хаан банкны картын баримт, “Цэцгэн бууз-хороолол”-ын гуанзнаас 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хоолны төлбөрт 10,400 төгрөг төлсөн НӨАТ-ын баримт,Д” ХХК-ийн эмийн сангаас 2023 оны 2 дугаар сарын 07-ний өдөр 16,700 төгрөгийн эм авсан НӨАТ-ын баримт, Хан зүрх эмийн сангаас 2023 оны 2 дугаар сарын 09-ний өдөр 34,000 төгрөгийн эм авсан НӨАТ-ын баримт,Gaz OIL-аас 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 47,800 төгрөгийн бензин авсан кассын баримт, НОМИН супермаркетаас 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 37,000 төгрөгийн  худалдан  авалт хийсэн НӨАТ-ын баримт, Мed trauma hospital-ын 2023 оны 2 дугаар сарын 10-ны “Дүрс оношилгооны шинжилгээний хариу”, Мed trauma hospital-ын “Үзлэгийн хуудас” 2007 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн (толгой тархины ерөнхий бүтэц, гавлын яс, дайвар хөндийн, хамар) 130,000 төгрөг төлсөн НӨАТ-ын баримтын хамт, “Багануур дент” ХХК-ийн эмчилгээнд 275,000 төгрөг төлсөн НӨАТ-ын баримт тодорхойлолтын хамт, З.Ж-н 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Б явах зардал 2 хүний  260,000 төгрөг шилжүүлсэн тухай Хаан банкны “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга”,  З.Ж-н 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 6,000,00 төгрөг данснаас данс руу шилжүүлсэн тухай Төрийн банкны “Мөнгөн шилжүүлэг”-ийн баримт, Б аймгийн Цагдаагийн газрын МБТ-ийн мөрдөгч “Цагдаагийн хошууч Т.Н-д 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаартай “Хохирлын баримт хүргүүлэх тухай” өмгөөлөгчийн албан бичиг,  “Багануур дент” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2023/21 дугаартай албан бичиг,  Хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорих тасалбар Б-У 2023 оны 04 дугаар сарын 07-ны өдөр А.Т 130,000 төгрөг төлсөн НӨАТ-ын баримт, Хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорих тасалбар У-Б 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр А.Т 130,000 төгрөг төлсөн НӨАТ-ын баримт, “Алтан Зул цэцэг” дэлгүүрээс  2023 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 13,137 төгрөгийн худалдан  авалт хийсэн НӨАТ-ын баримт, “Царам тэнгэр” ХХК эмийн сангаас 20,650 төгрөгийн эм авсан НӨАТ-ын баримт, “Хаан бууз” гуанзнаас 2023 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хоолны төлбөрт 9,500 төгрөг төлсөн НӨАТ-ын баримт, “Баялаг хийморь” ХХК-ийн дэлгүүрээс  2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 15,818 төгрөгийн худалдан  авалт хийсэн НӨАТ-ын баримт, “Хаан бууз” гуанзнаас 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хоолны төлбөрт 12,000 төгрөг төлсөн НӨАТ-ын баримт, Номин супермаркетаас 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 6297 төгрөгийн худалдан  авалт хийсэн НӨАТ-ын баримт, Б аймгийн Цагдаагийн газрын МБТ-ийн мөрдөгч “Цагдаагийн хошууч Т.Н-д 2023 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн *** дугаартай “Хохирлын баримт хүргүүлэх тухай” өмгөөлөгчийн албан бичиг, Хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар У-Б 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр А.Т 130,000 төгрөг төлсөн НӨАТ-ын баримт, Хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорих тасалбар Б-У 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр А.Т 130,000 төгрөг төлсөн НӨАТ-ын баримт, ”Сод хан трэбел” гуанзнаас 2023 оны 8 дугаар сарын 19-ний өдөр хоолны төлбөрт 135000 төгрөг төлсөн НӨАТ-ын баримт, Б аймгийн аймгийн Прокурорын газрын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 12 дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоол, шүд хийж байсан тухай 2ш гэрэл зураг, А.Т-н №*************** дугаартай “Төрсний гэрчилгээ”-ний хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.

5.Хариуцагчаас  нэхэмжлэгч Ш.А-н эгчтэй нь утсаар ярьсан яриаг буулгасан CD, мөн С.Е-ы №*********** дугаартай “Төрсний гэрчилгээ”-ний хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

 

6.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

7.Нэхэмжлэгч Ш.А дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардах эрхээ тодорхойлсон.Үүнд: 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдөр хариуцагч И.А-ы хүү С.Е сургуулийн орчинд миний хүү А.Т-н нүүрэн тус газарт өшиглөсний улмаас түүний биед тархины доргилттой, дээд эрүүний үүдэн баруун талын 1 үүдэн шүд тал нь хугарсан, 2 дахь үүдэн шүд сэтэрч эмаль (хатуу хальс) хугарсан, доод эрүүний 1 үүдэн шүд сэтэрч эмаль (хатуу хальс) хугарсан, доод ба дээд уруулд хавантай, доод тал хэгзэрсэн гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн нотлогдсон тул насанд хүрээгүй хүү А.Т-н эрүүл мэндэд учирсан хохирол 12,739,905 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийн үнэлгээ 5,500,000 төгрөг нийтдээ 18,239,905 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

8.Хариуцагч Б.А нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Нэхэмжлэгч Ш.А-н хүү Т-г зөвхөн миний хүү зодоогүй, тухайн үед олон хүүхэд байсан боловч цагдаагийн байгууллага хэргийг бүрэн шалгаагүй учраас зөвхөн миний хүүг яллагдагчаар татсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй.

9.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

9.1.Б аймгийн Цагдаагийн газрын Мөрдөгчийн тогтоол 2023 оны 2 дугаар сарын 24-ний өдрийн №************* дугаартай “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” тогтоолоор насанд хүрээгүй хохирогч А.Т нь 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдөр бусдад зодуулсны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан гэх гэмт хэргийн талаарх гомдол (мэдээлэл)-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн байна.

9.2.Б аймгийн Прокурорын газрын Прокурорын тогтоол 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн №*********** дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” тогтоолоор хэрэг бүртгэлтийн ************* дугаартай хэрэгт ************** регистрийн дугаартай Ш овгийн С.Е нь 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдөр Б аймгийн Өлгий сумын *** дугаар багийн нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хохирогч А.Т-н нүүр тус газарт нэг удаа өшиглөсний улмаас түүний биед тархины доргилттой, дээд эрүүний үүдэн баруун талын 1 үүдэн шүд нь хугарсан, 2 дахь үүдэн шүд сэтэрч эмаль (хатуу хальс) хугарсан, доод эрүүний 1 үүдэн шүд сэтэрч эмаль (хатуу хальс)  хугарсан, доод ба дээд уруулд хавантай, дотор тал хэгзэрсэн гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна.   

9.3.Б аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн “Шинжээчийн дүгнэлт” 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн *** дугаартай “Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн дүгнэлт”-д иргэн А.Т-н биед тархины доргилттой, дээд эрүүний үүдэн баруун талын 1 үүдэн шүд тал нь хугарсан, 2 дахь үүдэн шүд сэтэрч эмаль (хатуу хальс), хугарсан, доод эрүүний үүдэн 1 үүдэн шүд сэтэрч эмаль (хатуу хальс) хугарсан, доод ба дээд уруулд хавантай, дотор тал хэгзэрсэн гэмтлүүд тогтоогдсон, дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, дээрх гэмтлүүд нь 1-10 хоногтоо үүссэн шинэ гэмтлүүд, дээр гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн байна.

9.4.Б аймгийн аймгийн Прокурорын газрын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаартай “Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолоор эрүүгийн ************** дугаартай хэргээс өсвөр насны яллагдагч С-ы Е-д холбогдох гэмт үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар буюу “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон боловч ял оногдуулах насанд хүрээгүй” гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, насанд хүрээгүй хохирогч А.Т нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан материаллаг хохирлоо хууль ёсны төлөөлөгчөөрөө дамжуулан иргэний журмаар шүүхэд хандаж нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан байна.

9.5.Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн “Эмнэлэгт өвчтөн илгээх хуудас”-аар  А.Т-г Шүд эрүү нүүрний эмнэлэгт өөрсдийн хүсэлтээр, шүдний хугарал оноштой шилжүүлсэн байна.

9.6.Улаанбаатар хотод А.Т нь 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр “Мed trauma hospital” эмнэлэгт үзүүлсэн “Дүрс оношилгооны шинжилгээний хариу”, 2007 оны 02 дугаар сарын 17-ны өдөр “Мed trauma hospital” эмнэлэгт толгой тархины ерөнхий бүтэц, гавлын яс, дайвар хөндийн, хамрын үзлэгт орсон “Үзлэгийн хуудас”,  “Багануур дент” ХХК-ний эмнэлэгт 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр үзүүлсэн тухай ”Тодорхойлолт”,  “Багануур дент” ХХК-ийн эмнэлгийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ******** дугаартай албан бичиг, А.Т-н  “Амбулаториор эмчлүүлэгсдийн карт” зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

9.7.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар Ш.А нь “Д” ХХК-ийн эмийн сангаас 2023 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 21,600 төгрөгийн эм авсан нь НӨАТ-ын баримтаар, “Хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар Б-У 2023 оны 02 дугаар сарын 08-ны өдөр Ш.А 130,000 төгрөг, А.Т 130,000 төлсөн нь НӨАТ-ын баримтуудаар,Д” ХХК-ийн эмийн сангаас 2023 оны 2 дугаар сарын 07-ний өдөр 16,700 төгрөгийн эм авсан нь  НӨАТ-ын баримтаар, Хан зүрх эмийн сангаас 2023 оны 2 дугаар сарын 09-ний өдөр 34,000 төгрөгийн эм авсан нь НӨАТ-ын баримтаар, “Мed trauma hospital” эмнэлэгт үзлэг оношилгоонд 2007 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 130,000 төгрөг төлсөн нь НӨАТ-ын баримтаар, “Багануур дент” ХХК-ийн эмчилгээнд 275,000 төгрөг төлсөн нь НӨАТ-ын баримтаар, мөн 3 ширхэг шүдэнд имплант хийсэн 9,000,000 төгрөг, түүшин яс нөхөлт 1,095,000 төгрөг нийт 10,095,000 төгрөг төлсөн нь “Багануур дент” ХХК-ийн 2023 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 2023/21 дугаартай албан бичиг, мэс засал хийж байгаа гэрэл зураг, Т-н үүдэн 3ш шүдэнд имплан хийлгэсэн рентген зураг, З.Ж-н 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр У-с Б аймаг явах зардал 2 хүний 260,000 төгрөг шилжүүлсэн тухай Хаан банкны “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга”, Хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорих тасалбар Б-У 2023 оны 04 дугаар сарын 07-ны өдөр А.Т 130,000 төгрөг төлсөн нь НӨАТ-ын баримтаар, Хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорих тасалбар У-Б 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр А.Т 130,000 төгрөг  төлсөн нь  НӨАТ-ын баримтаар, “Царам тэнгэр” ХХК-ийн эмийн сангаас 20,650 төгрөгийн эм авсан нь НӨАТ-ын баримт, Хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар У-Б 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр А.Т 130,000 төгрөг төлсөн нь НӨАТ-ын баримтаар, Хот хооронд орон нутгийн нийтийн тээврийн зорчих тасалбар Б-У 2023 оны 08 дугаар сарын 18-ны өдөр А.Т 130,000 төгрөг төлсөн нь НӨАТ-ын баримтаар тус тус нотлогдож байгаа байгаа ба нийтдээ 11,632,950 төгрөг зарцуулсан  нь тогтоогдож байна.

9.8.Нэхэмжлэгч Х.А-н хүү Т нь 2007 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн 16 настай болох нь түүний №************ дугаартай “Төрсний гэрчилгээ”-ээр, хариуцагч И.А-н хүү С.Е 2008 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, гэмт хэрэг гарах үед 15 настай болох нь түүний №**************** дугаартай “Төрсний гэрчилгээ”-ээр нотлогдож байна.

9.9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч И.А нь өөрийн татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч “Т-г зөвхөн миний хүү зодоогүй, тухайн үед олон хүүхэд байсан, тэд мөн зодсон” гэх боловч тухай нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй болно.

10.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй, 506 дугаар зүйлийн 506.1-д “Арван зургаан нас хүрээгүй бөгөөд цалин, хөлс, орлогогүй иргэний эрүүл мэндэд гэм хор учруулсан бол гэм хор учруулсан этгээд нь ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан зардлыг энэ хуулийн 505.1-д зааснаар нөхөн төлнө” гэж тус тус  заасан байна.

Иймд  нэхэмжлэгч Х.А нь хүү А.Т-н эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоо Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1,506 дугаар зүйлийн 506.1 зааснаар  гэм буруутай этгээд болох С.Е-ы хууль ёсны төлөөлөгч эцэг, эхээс нь нэхэмжлэх эрхтэй болно.

Хариуцагчийн хүү С.Е нь ерөнхий боловсролын сургуульд сурдаг, цалин хөлс олох орлогогүй тул Иргэний хуулийн 503 дугаар зүйлийн 503.5-д зааснаар С.Е-ы эх И.А нь хариуцан нөхөн төлөх үүрэгтэй болно.

11.Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3-д “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ” гэж заасан.

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж заасан байна.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж заасан байна.

Иймд нэхэмжлэлд дурдсан үйл баримт буюу С.Е нь 2023 оны 2 дугаар сарын 06-ны өдөр насанд хүрээгүй хохирогч А.Т-н биед хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг дээрх хуулийн холбогдох заалт үйлчлэхээс өмнө үйлдсэн байх тул сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийн үнэлгээ 5,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах  хууль зүйн үндэслэлгүй болно.

12.Мөн нэхэмжлэгчээс гаргаж өгсөн хавтаст хэрэгт авагдсан “Цэцгэн бууз-хороолол”-ын гуанзнаас 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хоолны төлбөрт 45,400 төгрөг төлсөн НӨАТ-ын баримт, “Хаан бууз” гуанзнаас 2023 оны 2 дугаар сарын 11-ний өдөр хоолны төлбөрт 29,000 төгрөг төлсөн НӨАТ-ын баримт, “Ихбогд-2” супермаркетаас 2023 оны 2 дугаар сарын 11-ний өдөр 23,000 төгрөгийн худалдан авалт хийсэн Хаан банкны картын баримт, 2023 оны 2 дугаар сарын 11-ний өдөр супермаркетаас 12,100 төгрөгийн худалдан  авалт хийсэн НӨАТ-ын баримт,  “Бумбат” зоогийн газраас 2023 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хоолны мөнгө 29,000 төгрөг төрсөн НӨАТ-ын баримт, “Цэцгэн бууз-хороолол”-ын гуанзнаас 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр хоолны төлбөрт 10,400 төгрөг төлсөн НӨАТ-ын баримт, НОМИН супермаркетаас 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 37,000 төгрөгийн  худалдан  авалт хийсэн НӨАТ-ын баримт, “Алтан Зул цэцэг” дэлгүүрээс  2023 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр 13,137 төгрөгийн худалдан  авалт хийсэн НӨАТ-ын баримт, “Хаан бууз” гуанзнаас 2023 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хоолны төлбөрт 9,500 төгрөг төлсөн НӨАТ-ын баримт, “Баялаг хийморь” ХХК-ийн дэлгүүрээс  2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 15,818 төгрөгийн худалдан  авалт хийсэн НӨАТ-ын баримт, “Хаан бууз” гуанзнаас 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр хоолны төлбөрт 12,000 төгрөг төлсөн НӨАТ-ын баримт, Номин супермаркетаас 2023 оны 5 дугаар сарын 03-ны өдөр 6297 төгрөгийн худалдан  авалт хийсэн НӨАТ-ын баримт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нэхэмжлэгч Ш.А нь хүү А.Т-н хамт болон А.Т ганцаараа Улаанбаатар хот руу явж ирэх болгонд замд идсэн хоол унд болон супермаркет дэлгүүрээс худалдаж авсан хүнсний зүйлийн үнийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй болно.

Учир нь, Улаанбаатар хот руу ирж, буцаах замд идсэн хоол унд болон дэлгүүрээс замд идэж уухаар авсан хүнсний зүйлийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй бөгөөд хоол, хүнсийг хүн өдөр тутам зайлшгүй хэрэглэх шаардлагатай тул нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах боломжгүй болно.

13.Мөн хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчээс гаргаж өгсөн Royal house hotel 2-д 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 18,000 төгрөг төлсөн Хаан банкны картын баримт, Royal house hotel 2-д 2023 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 45,000 төгрөг төлсөн Хаан банкны картын баримт, Gaz OIL-аас 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдөр 47,800 төгрөгийн бензин авсан кассын баримт, З.Ж-н 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 6,000,000 төгрөг данснаас данс руу шилжүүлсэн тухай Төрийн банкны “Мөнгөн шилжүүлэг”-ийн баримт, хариуцагчаас гаргаж өгсөн нэхэмжлэгч Ш.А-н эгчтэй нь утсаар ярьсан яриаг буулгасан CD зэрэг нь энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болно.

14.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь үндэслэлтэй гэж дүгнэлт гаргасан ба дээрх нотлох баримтуудаар хариуцагч И.А-ы (С.Е-ы)  гэм буруу болон нэхэмжлэгч (хохирогчийн хууль ёсны төлөөлөгч) Ш.А-н нэхэмжилсэн хүү А.Т-н эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлын хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна.

15.Иймд хэрэгт цугларсан дээр нотлох баримтуудыг үндэслэн, мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 506 дугаар зүйлийн 506.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан насанд хүрээгүй хүү А.Т-н эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд эм, эмчилгээний зардалд 10,592,950 төгрөг, Улаанбаатар хот руу эмчилгээнд явж ирсэн замын зардал 1,040,000 төгрөг нийтдээ 11,632,950 төгрөгийг хариуцагч И.А-с гаргуулан нэхэмжлэгч Ш.А-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 6,606,955 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

16.Энэ нэхэмжлэл нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээ 11,632,950 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 201,077 төгрөгийг хариуцагч И.А-с гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 506 дугаар зүйлийн 506.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан насанд хүрээгүй хүү А.Т-н эрүүл мэндэд учирсан хохирол 11,632,950 (арван нэгэн сая зургаан зуун гучин хоёр мянга есөн зуун тавин) төгрөгийг хариуцагч И.А-с гаргуулан нэхэмжлэгч Ш.А-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 6,606,955 (зургаан сая зургаан зуун зургаан мянга есөн зуун тавин таван) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч И.А-с 201,077 (хоёр зуун нэг мянга далан долоон) төгрөгийг гаргуулан улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай. 

  

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Х.МЕЙРАМБЕК

                                   

 

ШҮҮГЧИД                                                                       А.ЖАРХЫНГҮЛ

 

 

    Б.МАНГИЛИК