Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 24

 

                                              Д.Ц-ын хүсэлттэй иргэний

                                                           хэргийн тухай

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 129/ШШ2020/00399 дүгээр шийдвэртэй

Д.Ц-ын хүсэлттэй

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг

хүсэлт гаргагчийн өмгөөлөгч С.П-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Б-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагчийн өмгөөлөгч С.П, нарийн бичгийн дарга Б.Д нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагчийн хүсэлт болон тайлбарт: “Би 1988 онд цэргийн албанаас халагдаж ирээд Архангай аймгийн Зам ангид автокранчин, жолоочоор ажилд орсон бөгөөд 1994 оныг хүртэл ажилласан. Түүнээс хойш хувиараа ажил эрхэлж байгаад 2007 оноос хойш одоог хүртэл Өмнөговь аймагт “Энержи рессурс” хувьцаат компанид хүнд даацын автомашины жолоочоор ажиллаж байна. Миний өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болж байна. Би залуудаа ажилласан жилүүдийн баримт бичгээ сайн хадгалж бүрдүүлж яваагүй. Одоо ажиллаж байгаа байгууллагадаа ээлжийн амралт, нэмэгдэл авах гэхээр өмнө нь ажиллаж байсан ажлын тушаал, шийдвэр хэрэгтэй юм байна. Надад хөдөлмөрийн дэвтэр огт байхгүй. Надтай хамт ажиллаж байсан хүмүүс цөөхөн үлдсэн. Архивт ажиллаж байсантай холбоотой ямар ч баримт хадгалагдан үлдээгүй зэргээс үүдэлтэйгээр ажилласан байдал тогтоогдохгүй болж миний эрх ашиг хохирч байна. Иймд миний Архангай аймгийн Зам барилга угсралтын конторт 1988.10.01-1994.01.01-ний өдрийг хүртэл хүнд даацын автомашины  жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.” гэжээ.

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 129/ШШ2020/00399 дүгээр шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Б овогт Д.Ц-ын Архангай аймгийн Зам барилга угсралтын конторт 1988 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хүнд даацын автомашины жолоочоор ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч С.П-ийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 399 дүгээр шийдвэрийг 2020.05.12-ны өдөр гардан авч хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Д.Ц нь 1988.10.01-1994.01.01-ний өдөр хүртэлх хугацаанд Архангай аймгийн Зам барилга угсралтын конторт хүнд даацын машины жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлт гаргасан юм. Д.Ц-ын аавынх нь гэр 1990-ээд оны эхэн үед шатах үед хөдөлмөрийн дэвтэр, бусад бүх бичиг баримт нь шатаж үрэгдсэний улмаас ямар ч баримтгүй болсон. Тэрээр залуу насандаа ажилласан жилийн баримт бичгээ сайн хадгалж бүрдүүлж яваагүй талаараа тайлбарладаг бөгөөд түүний ажиллаж байсан байдлыг хууль сануулан мэдүүлэг авсан гэрч Г.Б, Д.Б, Ч.Б, Ч.Д, Л.Н нар гэрчлэн мэдүүлдэг. Харин Зам барилга угсралтын конторын архивд шилжүүлсэн баримтаас Д.Ц-ын ажилласан байдалтай холбоотой баримт гардаггүй бөгөөд зарим оны баримт архивд шилжээгүй байдаг. Мөн Зам барилга угсралтын конторын ажилчдын цалингийн баримт архивд болон тухайн байгууллагыг хувьчлагдсанаас хойш байгуулагдсан Авто зам ХХК-д байдаггүй юм байна. Гэтэл шүүх тухайн цаг хугацаанд Д.Ц-ын ажиллаж байсан байдлыг хэлж мэдүүлсэн гэрч нарын мэдүүлгийг архивын тасгийн лавлагаа гараагүй, зарим оны баримт шилжиж ирээгүй талаарх тодорхойлолт гараагүй гэдгээр үгүйсгэж, мөн Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн “Зам барилга угсралтын контор нь 1991-1994 онд тэтгэврийн даатгалын сандшимтгэл төлж байсан байна” гэсэн лавлагааг Д.Ц-ын ажиллаж байсан байдлыг нотлох баримт гэж үзэхэд эргэлзээтэй байна гэж дүгнэн шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Учир нь тухайн цаг үе нь хувьчлал явагдаж, ажиллаж байсан байгууллага нь Аж ахуйн нэгжийн тухай хуулийн дагуу шинэчлэн зохион байгуулагдсан, тухайн үедээ байгууллагын удирдлагын болон санхүүгийн баримт бичгийг архивд бүрэн шилжүүлээгүй, шилжүүлсэн байдал нь баримтаас бүрэн харагддаггүй, баримтууд устаж үгүй болсон нөхцөл байдал байдаг нь илэрхий үйл явдал бөгөөд энэ нь хувь хүн Д.Ц-ын буруутай үйл ажиллагаа биш юм. Харин энэ цаг үед эрх ашиг нь хохирч, зайлшгүй эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал болох улсад ажиллаж байсан байдлаа энэ хүн шүүхээр тогтоолгохоос өөрөөр сэргээх боломжгүй байгаа. Үүнийг гэрчийн мэдүүлгээс өөрөөр нотлох баримт байхгүй, бичгийн нотлох баримт гаргаж ирэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байхад гэрчүүдийн мэдүүлэгт дүгнэлт өгөлгүйгээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг зөвшөөрөхгүй. Гэрчүүд бүгд тухайн цаг хугацаанд Д.Ц-тай хамт нэг байгууллагад ажиллаж байсан бөгөөд энэ байдал нь тэдний бичиг баримтаар нотлогдож байгаа. Нийгмийн даатгалын хэлтсийн “Зам барилга угсралтын контор нь 1991-1994 онд тэтгэврийн даатгалын санд шимтгэл төлж байсан байна” гэсэн лавлагаа нь тухайн цаг үед байгууллагын нэр өөрчлөгдөөгүй байсныг харуулсан нотлох баримт юм. Үүнийг шүүх эргэлзээтэй гэдэг байдлаар биш Д.Ц-д ашигтай байдлаар дүгнэж шийдвэрлэх нь зүйд нийцэх байсан гэж үзнэ. Иймд Д.Ц-ын улсад ажилласан байдал тогтоолгох тухай хүсэлттэй хэргийг хянаж, Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 399 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж хүсэлтийг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Д.Ц-ын төлөөлөгч 2020.01.10-ны өдөр хүсэлт гаргаж, ажилласан жил тогтоолгохыг хүссэн бөгөөд үндэслэлээ тайлбарлахдаа “Би 1988 онд цэргийн албанаас халагдаж ирээд Архангай аймгийн Зам ангид автокранчин, жолоочоор ажилд орсон бөгөөд 1994 оныг хүртэл ажилласан... Миний өндөр насны тэтгэвэр тогтоолгох нас болж байна... Архивд ажиллаж байсантай холбоотой ямар ч баримт хадгалагдан үлдээгүй зэргээс үүдэлтэйгээр ажилласан байдал тогтоогдохгүй болж миний эрх ашиг хохирч байна” гэжээ.

Анхан шатны шүүх хүсэлтийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхэд гаргасан хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгохдоо “... нотлох баримт хэрэгт авагдаагүй, энэ талаарх материал архивд хадгалагдаагүй”  гэжээ.

Зохигч, түүний өмгөөлөгч нь өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан байна. Шүүх зохигчийн гаргасан тайлбар, нотлох баримтыг үнэлж, хүсэлтийн шаардлагын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийнэ.

Хүсэлт гаргагч шүүхэд хүсэлт гаргахдаа 1988.10.01-1994.01.01-ний өдөр хүртэл ажиллаж байсан талаар дурдсан боловч энэ талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Нотлох баримт байхгүй тул анхан шатны шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 34 дүгээр зүйлийн 34.3.7, 37 дугаар зүйлийн 37.1, 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.2-д нийцсэн байна.

Иймд “... шийдвэрт өөрчлөлт оруулж хүсэлтийг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх хүсэлтийг хэрэгсэхгүй болгохдоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээв.  

Давж заалдах шатны шүүх хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисон тул давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хүсэлт гаргагчийн төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 129/ШШ2020/00399 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хүсэлт гаргагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдөр төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар хүсэлт гаргагч, түүний өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                       

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ДАВААСҮРЭН

                                           ШҮҮГЧИД                                      Д.БЯМБАСҮРЭН

                                                                                                 В.ЦЭЦЭНБИЛЭГ