| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2017/0584/Э |
| Дугаар | 501 |
| Огноо | 2017-12-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Ганзориг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 01 өдөр
Дугаар 501
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
Улсын яллагч А.Ганзориг,
Хохирогч П.Ч
Шүүгдэгч Г.Т, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл /ҮД:0463/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д овогт Г-гийн Т-д холбогдох 201726011236 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 04 дүгаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, цахилгааны инженер мэргэжилтэй, ”...” ХХК-д захирал ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт Дархан-Уул, Дархан, ... тоотод оршин суух бүртгэлтэй, одоо Баянгол дүүргийн 8 дугаар хороо, ... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Д овогт Г-гийн Т, /РД: 86042275/,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Нэг:Яллах талын нотлох баримтууд.
- Хохирогч П.Ч-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...2017 оны 06 дугаар сарын 24-ний орой 19 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” ХХК-ийн цементийн үйлдвэрийн барилга дээр инженерийн өрөөнд Ттай уулзахаар байж байсан юм. Т бид 2 хамтарч ажилладаг, би Тт ажилчдын цалинг өгөөчээ гэж шаардсан гэтэл Т өгөхгүй байсаар байгаад 10 хоног утсаар ярьж мессэж бичиж үл ойлголцож байсан. Тэгээд тухайн өдөр уулзаад сууж байхад Т “чи гараад ир юу, юу гээд байгаа юм” гэхээр нь би гарахгүй чи ярьмаар байгаа бол хүмүүсийн хажууд ярьчих гэхэд миний нүүрэн тус газар гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэр үед миний хамарнаас цус гараад цусаа тотоох гээд тонгойж байтал ажлын хувцаснаас татаж толгой боогоод миний нүүр, нуруунд гараараа хөлөөрөө цохиод байсан. Тухайн үед Буд инженер салгасан ба түргэн дуудаж, цагдаа дуудсан юм. “…Тэгээд түргэн ирсний дараа би цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирээд гомдолтой бол Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс дээр очоод өргөдлөө гаргаарай гэж хэлсэн. Тэгээд А өөрийнхөө улаан өнгийн Приус-20 маркын машинаараа намайг гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн. ...2017 оны 05 дугаар сарын дундуур Насантогтох гэх найз руугаа барилгын 16 давхар барилга барих тусгай зөвшөөрөлтэй хувийн компанитай хүн байна уу? Надад 13 давхар барилгын ажил олдсон гэж би ярьсан. Тэгсэн чинь Т гэх залуу байгаа чи энэ хүнтэй хамтарч ажиллаад үзэх үү гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би тэгье гээд зөвшөөрөхөд Насантогтох надад 99932071, 88228165 гэсэн дугаар дээр Т гэж байгаа, чи ярьчих гэж хэлсэн. Тэгээд би дээрх дугаар руу залгахад Т утсаа аваад манай ажил дээр хүрээд ир гэж хэлсэн. Тэгээд би Тын ажил дээр очиж танилцаад хамтарч ажиллахаар болсон. …Т бид хоёр хамтраад “...” ХХК-ийн цементний үйлдвэр дээр агуулахын барилга цутгах ажил авсан. Тэгсэн чинь Т ажилчдад өгөх мөнгө, надад өгөх хувиач өгөхгүй унжаад эхэлсэн. Тэгэхээр нь би ашиг авахаа болъё, чи ажилчдын цалинг өгөөчээ гэж хэлсэн. Тэгээд би өгнө гэж хэлээд бараг сар гаран болсон. Тэгээд бид 2 муудалцаж эхэлсэн. Тэгээд 21,000,000 орчим төгрөг аваад ажилчдад 4,700,000 мянган төгрөг өгөөд, надад 900,000 гаран мянган төгрөг өгөөд, үлдсэн мөнгийг нь өөрөө завшсан. Тэгээд мөнгөө өгөөч ээ гэж утсаар ярьж бид 2 хоорондоо хэрэлдэж байсан чинь Т “чи одоо хаана байна. Би чамайг байгаа газар чинь очиж ална аа” гэж хэлсэн. Тэгээд 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Буд инженерийн өрөөнд намайг сууж байхад шууд орж ирээд үгийн зөрөөгүй зодсон. ...Би 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Тт зодуулчихаад шууд ГССҮТ-д очиж үзүүлсэн бөгөөд тэр үед эмч нь надад бичиг хийж өгөөд хамрынхаа зургийг авхуул гэж хэлсэн юм. Тэр өдөр би ГССҮТ-д хамрандаа 3 ширхэг оёдол тавиулсан, мөн хамраас гарсан цусаа тогтоолгосноос өөр ямар нэгэн эмчилгээ хийлгээгүй. Тэгээд 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр шүүх эмнэлэг дээр очиж үзүүлсэн бөгөөд тэр өдрөө “Натур” төвд тархины томографикийн зураг авхуулсан. Мөн тэр өдөр “ЭМЖЖ” эмнэлэг дээр очиж хамрынхаа зургийг авхуулж шинжилгээнүүд өгсөн бөгөөд шинжилгээний хариунууд гарсны дараа “ЭМЖЖ” эмнэлэгээс хагалгааны талбөрт 1,259,000 төгрөг болно гэхээр нь надад тухайн үед мөнгө байгаагүй учраас би 1 дүгээр эмнэлэгт очиж таньдаг эмчээ гуйж байгаад үнэ төлбөргүйгээр хамраа янзлуулсан юм. Дээрхи хугацаанд би эмчилгээндээ ойролцоогоор 1.000.000 орчим төгрөг зарцуулсан бөгөөд үүнээс 262,150 төгрөгний зардал нь баримттай байгаа, бусад зардал нь баримт байхгүй. Би 2017 оны 06 дугаар сарын 24-нөөс 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл тодорхой эрхэлсэн ажилгүй хувиараа хөдөлмөр эрхэлдэг байсан бөгөөд тогтмол орлого байгаагүй. Би Таас эмчилгээний зардалд нэг ч төгрөг аваагүй бөгөөд одоо Таас сэтгэл санааны хохирол, учирсан бодит хохирол, бусад хохирол зэргийг нийлүүлээд 3.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. …” гэх мэдүүлэг /хх 7, 11-12, 46-48 х, шүүх хуралдааны тэмдэглэл/
- Шүүгдэгч Г.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:“...2017 оны 06 сарын 23-ны орой Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” ХХК-ийн цементийн үйлдвэрийн агуулах дээр ирсэн юм. Ирэхэд танай хэв задраад бетон алдагдаад байна хариуцсан инженер, хүн алга байнаа гэсэн. Тэгээд байж байтал ажилчид байж байсан. Ажил хийхэд хэцүү байна, цалингаа авмаар байна гэхэд нь би Ч, Даваажав гэх хүмүүст цалинг чинь өгсөн байгаа та нар цалингаа авсан байх ёстой гэхэд өгөөгүй байгаа таныг цалингаа өгөлгүй явсан гээд маргаан гарсан. Би тэр дор нь Ч, Д-в нар руу залгахад утсаа авахгүй байсан тэгээд би ажилчдад маргааш асуудлыг шийдье би ахлаж байгаа хүмүүстэй нь учраа олноо гээд явсан юм. Магааш нь буюу 2017 оны 06 сарын 24-ний өдөр 10 цагийн орчимд “Монполимен”-тийн цементийн үйлдвэр дээр очоод байж байхад Ч 11 цаг өнгөрч байхад ирсэн ба барилгын талбай дээр Чтой хамт ажилчидтай уулзсан. Уг цалингийн асуудлаар Чод хэлэхэд энэ луйварчин энэнээс та нар цалингаа олж ав гээд Ч над руу дайрч “чи миний буянаар гар утастай болсон, машинтай болсон нохойн гөлөг” гэх мэтээр дайраад байсан. Би Чод чамд цалин өгсөн чи олон юм битгий ярь гээд бид нар маргалдсан. Маргаж байгаад би яваад ажлаа амжуулж байгаад орой 19 цагийн орчимд буцаж үйлдвэр дээр ирээд ажилчидтай уулзаад захиалагчийн инженертэй уулзахаар өрөөнд нь ороход Ч сууж байсан. Би Чод хоёулаа гарч тооцоогоо бодох уу гэхэд Ч намайг шууд луйварчин гэхээр нь би уурлаад Чын баруун талын хацар руу нь гараараа нэг удаа алгадсан. Ч босож ирээд миний зүүн талын шанаа руу цохихоор нь би зөрүүлээд касктай малгайгаараа толгой руу нь мөргөчихсөн. Тэр үед Буд инженер салгаад би гарсан. ...Би “...” ХХК-ийн захирлаар ажилладаг бөгөөд манай компани 2017 оны 05 дугаар сарын сүүлээр “...” цементийн үйлдвэрийн төмөр бетон хийцийн ажлыг гүйцэтгэхээр болсон юм. Тэгээд манай компани дээрхи ажлыг хийж гүйцэтгэхдээ иргэн Чыг туслан гүйцэтгэгчээр ажиллуулахаар болсон бөгөөд 2017 оны 06 дугаар сарын сүүлээр “...” цементийн үйлдвэрийн төмөр бетон хийцийн ажил дуусах үед Чын хариуцаж байсан хүмүүс надаас ажлын хөлсөө нэхэхээр нь би тэр ажилчдад нь би та нарын цалинг Чод өгсөн гэдгээ хэлэхэд тэдгээр хүмүүс нь ойлгохгүй байсан. Би Чод ажлын хөлс болох 7.000.000 төгрөгийг нь дансаар нь болон бэлнээр өгчихсөн. Би 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Чыг олж уулзаад чи ажилчдынхаа цалинг өг гэж хэлэхэд эхлээд намайг ажилчдынхаа дэргэд муу луйварчин би чамаас мөнгө авахгүй гэж хэлж байснаа дараа нь би чамаас авсан мөнгөө үрчихсэн надад одоо ажилчдад өгөх мөнгө байхгүй гэж хэлсэн. Тэр үед би “...” цементийн үйлдвэрийн ерөнхий инженер Буджаргалтай уулзах гээд өрөөнд нь ортол Ч тэр өрөөнд сууж байсан бөгөөд Буджаргалын дэргэд намайг муу луйварчин гэж хэлээд дайраад байхаар нь би уурандаа Чын хамар руу гараараа нэг удаа цохьчихсон юм. Тэгтэл Чын хамарнаас цус гараад Буджаргал намайг хорьж болиулсан бөгөөд би тэр өдрөөс хойш Чтой дахин уулзаагүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 8, 40-43 х/,
- Шүүгдэгч Г.Т-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр намайг өрөөндөө байж байхад 18 цагийн үед манай компаниас гэрээгээр ажил авсан Ч орж ирээд бид хоёр ажил яриад байж байсан. Тэгээд удалгүй Т орж ирээд Ч-той ажилчдын цалинг чи авсан гээд маргалдаж байснаа Т Ч-ын нүүрэн тус газар гараараа нэг удаа цохьсон. Тэгээд Ч-ын хамраас цус гараад доошоо тонгойход нь Т өвдгөөрөө Ч-ын нүр рүү өвдгөлсөн. Тэгэхээр нь би Т-ыг татаж аваад салгасан....” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 х/
- Гэрч М.Аы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо “...” цементийн үйлдвэрт ажиллаж байгаад орой 18 цагийн үед өөрийн ... дугаарын утсаар Ч инженерийн ... дугаарын гар утас руу нь залгаад та хаана байгаа юм бэ?, хоёулаа нөгөө ажилдаа явах уу? гэж асуухад урдаас Ч “Би зодуулчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь “Би яваад очъё хаана байгаа юм бэ та” гэж асуухад “Би Буд инженерийн өрөөнд байна” гэж надад хэлэхээр би барилгын баруун хойд талд байрлаж байдаг байсан газраас өөрийн ... УНУ улсын дугаартай Приус-20 маркын автомашинаа унаад өөрийн эхнэр М-тэй хамт Ч инженер дээр очсон. Тэгсэн Буд инженерийн өрөөнд Ч инженер хамраа цохиулчихлаа гээд хамарнаас нь цус гарсан байдалтай байсан. Тэгэхээр нь та түргэн дуудсан уу гэж асуухад түргэн дуудсан гэж хэлсэн. Тэгээд удалгүй түргэний эмч, цагдаа нар ирсэн. Тэгээд тэндээс шууд манай эхнэр М бид 2 Ч инженерийг өөрийн машиндаа суулгаад Гэмтэл согог судлалын үндэсний төв рүү явж үзүүлчихээд гэрт нь буюу Хурд хороололд хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 х/
- Гэрч З.М-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо “...” цементийн үйлдвэрт тогоочоор ажиллаж байсан. Орой 18 цагийн үед манай нөхөр Атай инженер Ч нь утсаар яриад би зодуулчихлаа гэж хэлсэн гэсэн. Тэгээд нөхөр А-тай хамт Б инженерийн өрөөнд ороход Ч инженерийн хамаг хувцас нь цус болсон, хамраас нь цус гарсан байдалтай байсан. Тэгэхээр нь нөхөр бид хоёр өөрийн ... УНУ улсын дугаартай Приус-20 автомашинаар Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж Чыг үзүүлчихээд гэрт нь хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19 х/
- Гэрч Т.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр Сэлбэ-117 чиглэлд машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд 19 цагийн үед “Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо “...” цементийн үйлдвэрт зодуулсан хүн байна” гэсэн дуудлага ирсний дагуу очиход уг үйлдвэрийн оффис дотор 40 орчим насны өөрийгөө Ч гэж танилцуулсан хүнтэй уулзахад би энэ үйлдвэрт заслын ажлыг бригадаараа хийж гүйцэтгэсэн чинь хийлгэсэн хүн нь мөнгөө өгөхгүй болохоор нь нэхтэл миний хамар руу цохиод цус гаргачихаад зугтаагаад явчихлаа” гэж хэлж байсан. Зодуулсан гэх үйлдвэрийн оффисийн өрөөний шал хана нь цусаар бохирлогдсон байсан бөгөөд эд хогшил нь эмх цэгцтэй байсан. Тэгэхээр нь би хяналтын хуудсыг бөглөж Чод үлдэх хувийг нь үлдээж “Та Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн хэлтэс дээр очиж өргөдлөө өгч шалгуулаарай” гэж хэлчихээд явсан. Дуудлага өгсөн иргэн Ч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан бөгөөд надад энэ хэргийн талаар өөр мэдэх зүйл байхгүй ээ. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 х/
- Шинжээчийн 8328 тоот дүгнэлт
1.П.Ч-н биед хамрын ясны баруун, зүүн хажуу хананы зөрүүтэй ил хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 24 х/
Хоёр:Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх баримтууд.
- Гэрч Б.У-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний нөхөр Т нь 1986 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэгт төрсөн. 9 хүүхэдтэй айлын бага хүүхэд нь байгаа юм. Нөхөр маань бага насаа эцэг, эхийн гар дээр өнгөрүүлсэн бөгөөд 1994 онд Дархан-Уул аймгийн 18 дугаар сургуульд элсэн орж 4 дүгээр ангиа төгсөж 1998-2002 онд Дархан-Уул аймгийн 16 дугаар сургуульд суралцаж 8 дугаар ангиа төгссөн юм. 2002-2004 он хүртэл аймгийнхаа МСҮТ-д цахилгаанчин мэргэжлээр суралцаж төгсөөд 2004 онд ШУТИС-д элсэн орж суралцаж байгаад ар гэрийн гачигдлаар сургуулиасаа гарсан бөгөөд 2004 оныхоо сүүлээр “Мастер хайнз” ХХК-д цахилгаанчнаар ажилд ороод 2005 онд ажлаасаа гарч “Монхоурс” ХХК-д цахилгаанчнаар орж 2007 он хүртэл ажилласан. Тэгээд 2008 оноос хойш хувиараа хөдөлмөр эрхэлж байгаа, 2015 онд “Элсний хаяа” ХХК-ийг байгуулж захирлаар нь ажиллаж байна. Т нь цэргийн албыг дүйцүүлэхээр нь хаасан бөгөөд урьд нь ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй юм. Зан төрхийн хувьд дөлгөөн тайван, хүлээцтэй, хүнтэй маргалдаж муудалцаад байдаггүй бөгөөд хүнд тусархуу, архи дарсыг хааяа найз нөхөдтэйгээ тохируулаад л хэрэглэдэг, архи уухаараа элдэв гаж буруу зан авиргүй хүн байгаа юм. Бид хоёр дундаасаа хүүхэдгүй бөгөөд Т-ын урьд нь сууж байсан эхнэр нь 9 настай хүүхэдтэй, хүүхэд нь ээж дээрээ байдаг. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-51х/,
- Г.Т-ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 13х/
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63 х/
Гурав: Хохирлын баримтууд.
судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Т нь 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 19 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” цементийн үйлдвэрийн ажилчдын түр оффисын байранд иргэн П.Чтой “ажилчдын цалингийн асуудлаар” маргалдаж, улмаар түүний толгой, нүүрэн тус газарт гараараа цохиж, тонгойх үед нь өвдөглөх зэргээр зодож хүний эрүүл мэндэд “хамрын ясны баруун, зүүн хажуу хананы зөрүүтэй ил хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч П.Ч-ын “...2017 оны 06 дугаар сарын 24-ний орой 19 цагийн орчимд ... тухайн өдөр уулзаад сууж байхад Т “чи гараад ир юу, юу гээд байгаа юм” гэхээр нь би гарахгүй чи ярьмаар байгаа бол хүмүүсийн хажууд ярьчих гэхэд миний нүүрэн тус газар гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэр үед миний хамарнаас цус гараад цусаа тогтоох гээд тонгойж байтал ажлын хувцаснаас татаж толгой боогоод миний нүүр, нуруунд гараараа хөлөөрөө цохиод байсан. Тухайн үед Буд инженер салгасан ба түргэн, цагдаа дуудсан юм. …” гэх мэдүүлэг /хх 7, 11-12, 46-48 х, шүүх хуралдааны тэмдэглэл/
Шүүгдэгч Г.Т-ын “... 2017 оны 06 сарын 24-ний өдөр ... 19 цагийн орчимд буцаж үйлдвэр дээр ирээд ажилчидтай уулзаад захиалагчийн инженертэй уулзахаар өрөөнд нь ороход Ч сууж байсан. ... би уурандаа Чын хамар руу гараараа нэг удаа цохьчихсон юм. Тэгтэл Чын хамарнаас цус гараад Буджаргал намайг хорьж болиулсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 8, 40-43 х, шүүх хуралдааны тэмдэглэл/,
Гэрч Б.Б-н...2017 оны 06 дугаар сарын 24-ний өдөр намайг өрөөндөө байж байхад 18 цагийн үед манай компаниас гэрээгээр ажил авсан Ч орж ирээд бид хоёр ажил яриад байж байсан. Тэгээд удалгүй Т орж ирээд Ч-той ажилчдын цалинг чи авсан гээд маргалдаж байснаа Т Ч-ын нүүрэн тус газар гараараа нэг удаа цохьсон. Тэгээд Ч-ын хамраас цус гараад доошоо тонгойход нь Т өвдгөөрөө Ч-ын нүр рүү өвдгөлсөн. Тэгэхээр нь би Т-ыг татаж аваад салгасан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 х/
Гэрч М.А-ы мэдүүлэг /хх-ийн 17-18 х/, гэрч З.Мийн мэдүүлэг /хх-ийн 19 х/, гэрч Т.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 44-45 х/,
Шинжээчийн 8328 тоот дүгнэлт:
1.П.Ч-н биед хамрын ясны баруун, зүүн хажуу хананы зөрүүтэй ил хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 24 х/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.
Шүүгдэгч Г.Т-ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.
Г.Т-т холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Хохирлын талаар:
Хавтаст хэргийн 81, 82, 90, 91 дүгээр хуудсанд авагдсан төлбөрийн баримтуудаар хохирогчоос 260,000 төгрөгийн зардал гарсан болох нь тогтоогдсон. Шүүгдэгч 300,000 төгрөгийг төлсөн болох нь хавтаст хэргийн 105 дугаар хуудсанд авагдсан банкны төлбөрийн баримтаар нотлогдож байгаа тул шүүгдэгч энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч цаашид хийгдэх эмчилгээтэй холбоотой зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг шийтгэх тогтоолд зааж өгөх нь зүйтэй байна.
Ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар:
Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлын хор уршиг бүрэн арилгаагүй, цаашид эмчилгээ шаардлагатай гэх тайлбарыг гаргаж байгаа тул хохирлыг бүрэн төлсөн гэж үзэх үндэслэлгүй.
Шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно.
Ял шийтгэлийн талаар:
Шүүгдэгч Г.Т нь гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн хор аюулаар их биш, хувийн байдлын хувьд урьд ял шийтгэлгүй, хувиараа ажил, хөдөлмөр эрхэлдэг зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгуулийн ял оногдуулж, уг торгуулийг 02 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг түүнд үүрэг болгох нь зүйтэй гэж шүүх үзсэн.
Бусад асуудлын талаар:
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гарсан зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Д овогт Г-гийн Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Т-ыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 02 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Г.Т-т үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Г.Т-т танилцуулсугай.
5.Г.Т-ын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохиролд 300,000 төгрөг төлөгдсөн, энэ шийтгэх тогтоолоор төлөх төлбөргүй, хохирогч цаашид гарах эмчилгээний зардлын нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ