Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 2022/ДШМ/25

 

 

Г.О, Н.Д, Г.Ц, Ж.Д, Г.Х нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Э даргалж, шүүгч Т.Ж, Ш.Б нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Ц.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д, М.Э, Б.О, Д.А,

Шүүгдэгч Г.О, Н.Д, Г.Ц, Ж.Д, Г.Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б нарыг оролцуулан

Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.М-ийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/90 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч Н.Д, Ж.Д, Г.Х, Г.О шүүгдэгч нарын өмгөөлөгч Ж.Д, Х.Э, М.Э нар эс зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоор Б маань овогт Г.О, Д овогт Г.Ц, И овогт Н.Д, Т овогт Ж.Д, Б маанийнхан овогт Г.Х нарт холбогдох 2116001500011 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Ш.Б-ын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овогт Г.О нь Монгол Улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын ... -ны өдөр Говь-Алтай аймгийн Чандмань суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамтаар Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 15-р хороо жаргалантын 31- ... тоотод оршин суух хаягтай, урд нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 153 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ДО........... регистрийн дугаартай,

 

Д овогт Г.Ц нь Монгол Улсын иргэн, 1981 оны 06 дугаар сарын ... -ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамтаар Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Индэрт 8-р баг, 2- ... тоотод оршин суух хаягтай, урд нь Говь-Алтай аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 44 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-т заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож байсан, мөн тус шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 5 сар 20 хоногийн хугацаагаар баривчлах ялаар, мөн тус шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссэн, мөн тус шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 81 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ЦИ................ регистрийн дугаартай,

 

И овогт Н.Д нь Монгол Улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын ... -ны өдөр Говь-Алтай аймгийн Чандмань суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эгч, түүний 3 хүүхдийн хамтаар Говь-Алтай аймгийн Чандмань сумын 3-р баг, Хөдөө тоотод оршин суух хаягтай, урд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ДО............ регистрийн дугаартай,

 

Т овогт Ж.Д нь Монгол Улсын иргэн, 1984 оны 11 дүгээр сарын ... -ны өдөр Говь-Алтай аймгийн Чандмань суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамтаар Говь-Алтай аймаг, Чандмань сум, Эрдэнэ-Уул 3-р баг, хөдөө тоотод оршин суух хаягтай, урд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ДО............. регистрийн дугаартай,

 

Б овогт Г.Х нь Монгол Улсын иргэн, 2001 оны 08 дугаар сарын ... -ний өдөр Говь-Алтай аймгийн Чандмань суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамтаар Говь-Алтай аймаг Чандмань сум, Хүрхрээ 4-р баг, Хөдөө тоотод оршин суух хаягтай, урд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, ДО................... регистрийн дугаартай,

 

Хэргийн товч утга: 1. Шүүгдэгч Г.О, Г.Ц нар нь бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 17 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан 1 дүгээр баг 6- ... тоот хашааны урд талаас иргэн Б.Г-ийн өмчлөлийн улсын дугааргүй БНХАУ-д үйлдвэрлэсэн Dayun-150 маркийн улбар шар өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1 000 000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

 

2. Шүүгдэгч Г.О нь 2021 оны 09 дүгээр сарын 22-ны шөнийн 02-06 цагийн хооронд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран 6 дугаар багийн төвд оршин суух иргэн Ц.А “машин эвдэрчихлээ, хоночхоод явъя” хэмээн гуйж хонохдоо Ц.А-ын өмчлөлийн Redmi-9 маркийн хар өнгийн гар утас 1 ширхэг, бэлэн 20 000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 390 000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

 

3. Шүүгдэгч Г.О, Н.Д, Г.Ц, Ж.Д, Г.Х нар нь бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 23-аас 2021 оны 09 дүгээр сарын 24-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Чандмань сумын Хүрхрээ 4 дүгээр багийн нутаг “Алаг толгой” гэх нэртэй газраас Г.Х-ын өмчлөлийн 54- ... ГАА улсын дугаартай, Hundai porter-2 маркийн тээврийн хэрэгсэл, Ж.Д-ийн өмчлөлийн 62- ... ГАЗ улсын дугаартай Мустанг-150 маркийн мотоцикль, мөн улсын дугааргүй Н.Д-ын эзэмшлийн Мустанг-150 маркийн мотоцикль, мөн улсын дугааргүй Б.Г-ийн эзэмшлийн Даюун-150 маркийн мотоцикль ашиглан шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар хохирогч Д.Т өмчлөлийн зүүн шанаа, өгзөг дээрээ 9 тоо тамгатай, 4 шүдтэй хүрэн зүсмийн буур, зүүн өгзөг дээрээ дугуй тамгатай, улаан шаргал зүсмийн ингэн тэмээг хулгайлан 2 400 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

4. Шүүгдэгч Г.О, Г.Ц, Н.Д нар нь бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 14-ээс 2021 оны 10 дугаар сарын 15-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр багийн нутаг “Тугалын ус” гэх нэртэй газраас 70- ... УБТ улсын дугаартай, Toyota prius-20 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар хохирогч С.Х өмчлөлийн зүүн гуя нь дээрээ Сэрээ тамгатай, бор зүсмийн 1 тооны ингэн тэмээг хулгайлан 1 100 000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б овогт Г.О, Д овогт Г.Ц нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Г.О, Д овогт Г.Ц, И овогт Н.Д, Т овогт Ж.Д, Б овогт Г.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д заасан бусдын олон тооны малыг бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Г.О-т 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Г.Ц-д 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Г.О-т 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Ц-д 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.Д-д 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ж.Д-д 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Х-т 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.2-д заасныг баримтлан шүүгдэгч Г.О-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д заасан гэмт хэрэгт оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял дээр, шүүгдэгч Г.Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт оногдуулсан 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д заасан гэмт хэрэгт оногдуулсан 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял дээр нь нэмж нэгтгэн шүүгдэгч Г.О-ын жинхэнэ эдлэх ялыг 3 жил 1 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Г.Ц-ын жинхэнэ эдлэх ялыг 2 жил 9 сар 8 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3.4-д зааснаар шүүгдэгч Г.О-т оногдуулсан 3 жил 1 сар 20 хоногийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Ц-д оногдуулсан 2 жил 9 сар 8 хоногийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Н.Д-д оногдуулсан 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ж.Д-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Х-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус бүрийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Г.О-ын цагдан хоригдсон 73 хоног, Г.Ц-ын цагдан хоригдсон 66 хоног, шүүгдэгч Н.Д-ын цагдан хоригдсон 17 хоног, шүүгдэгч Ж.Д-ийн цагдан хоригдсон 17 хоногийг ялтны эдлэх ялд нь оруулан тооцож, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.О, Г.Ц нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Н.Д, Ж.Д, Г.Х нарыг цагдан хорьж ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4-д зааснаар шүүгдэгч Г.О, Г.Ц, Н.Д, Ж.Д, Г.Х нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох 17 000 000 төгрөгийг үнэлгээ бүхий портер автомашин, тус бүр 1 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий 3 ширхэг мотоциклийн үнэ нийт 20 000 000 төгрөгийг хувь тэнцүүлэн нэг шүүгдэгчээс 4 000 000 төгрөгийг гаргуулж, мөн Г.О, Г.Ц, Г.Д нараас гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан 10 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий приус-20 маркийн тээврийн хэрэгслийн үнийг хувь тэнцүүлэн гаргуулж тус бүрийг улсын орлого болгож, 2021 оны 01 сарын 19-ний өдрийн 01 дугаартай прокурорын тогтоолоор 54- ... ГАА улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ биелэгдтэл хэвээр үргэлжлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.О нь 73 хоног, шүүгдэгч Г.Ц 66 хоног, шүүгдэгч Н.Д нь 17 хоног, шүүгдэгч Ж.Д нь 17 хоног цагдан хоригдсон, шүүгдэгч Г.Х нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах, үндэслэл журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Н.Д-ын өмгөөлөгч Х.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар гэм буруутай болохыг тогтоож 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг эс зөвшөөрч байна.

Шүүгдэгч Н.Д-ын хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэм буруутай үйлдлээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүхийн шатанд үнэн зөвөөр мэдүүлж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг.

Н.Д нь хохирогч С.Х-т учруулсан хохирол болох 1.100.000 төгрөгийг төлж барагдуулсан. Хохирогч ямар нэг санал гомдолгүй гэсэн байдаг. Хувийн байдлын хувьд Н.Д нь урьд ял шийтгэгдэж байгаагүй. Ам бүл 5, эгч түүний 3 хүүхдийн хамт амьдардаг. Иймд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хохирлоо төлсөн анх удаа гэмт хэрэгт холбогдон гэмшиж байгаа, ар гэр, хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хөнгөрүүлж, эрх зүйн байдлыг дээрдүүлж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Ж.Д-ийн өмгөөлөгч Ж.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх Ж.Д-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хохирол төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо, харин Ж.Д нь энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн байдлыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо гэж Ж.Д-ийн эрх зүйн байдлыг дордуулж дүгнэлт хийж Ж.Д-д 2 жилийн хорих ял оногдуулсныг эс зөвшөөрч байна.

Ж.Д-ийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж ухамсарлан ойлгож байгаагаа илэрхийлсэн, зүйлчлэл дээр маргаан байхгүй. Ж.Д-ийн хувьд бусдын 2 тооны тэмээг хулгайлсан үйлдлээ ухамсарлан ойлгож хохирол болох 2.400.000 төгрөгөө нөхөн төлж хохирогч ямар нэгэн гомдол саналгүй гэдэг. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн, урьд нь ял шийтгэгдэж байгаагүй, шүүхийн дүгнэснээр Эрүүгийн хуульд заасан хэд хэдэн гэмт хэрэг үйлдээгүй, нэг үйлдэлтэй Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдохгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна.

Хувийн байдлын хувьд ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг. Түүний эхнэр болох хүн нь сэтгэцийн эрүүл мэндийн өвчний улмаас нөхөр Ж.Д-ийнхээ хяналт асаргаанд байдаг. Түүний эхнэр нь хүүхдүүдээ асарч хүмүүжүүлэх чадваргүй 3, 6, 12 насны 3 бага хүүхдүүдийг нь харж хандах хүнгүй үлдсэн байдаг. Иймд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хохирлоо төлсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон гэмшиж байгаа, ар гэр болон хувийн байдлыг нь харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хөнгөрүүлж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Г.Х-ын өмгөөлөгч М.Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Г.Х-ыг анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-д зааснаар гэм буруутайд тооцож 2 жилийн хорих ял оногдуулсан юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.36 дугаар зүйлд зааснаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа” гэж эрүүгийн хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг гэсэн заалтын дагуу Г.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа давж заалдах шатны шүүхэд хүлээн зөвшөөрч байгаа болно.

Г.Х нь гэмт хэрэг үйлдэхдээ 21 нас хүрээгүй сэтгэхүй оюун санааны хөгжлийн хувьд насанд хүрээгүй өсвөр насны хүүхдийн нэгэн адил сэтгэж болох субьектив санааг нь /Улсын Дээд Шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 254 дугаар тогтоол/-д тайлбарласан байдаг бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь заалтыг хэрэглэж хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэглэж хариуцлагыг хөнгөрүүлж болох эрх хэмжээ нь аль ч шатны шүүхэд байгаа болно.

Г.Х нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч Д.Т нь хохирол төлбөрөө авсан байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлд хамаарч байгаа тул оногдуулсан 2 жилийн ялыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь заалтыг хэрэглэж хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Г.О давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Г.О миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу бусдын эд хөрөнгө, мал хулгайлсан гэх гэмт хэрэг үйлдэж, шүүхээс 3 жил 1 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдсэн. Ялаа эдэлж байна. Миний бие энэ хугацаанд 99 хоног хоригдож байгаа бөгөөд гэмт хэрэг бусадтай нийлж үйлдсэн гэдгээ ухаарч, маш ихээр харамсаж байна. Би хуулийн мэдлэг дутмаг учраас миний оролцож байсан үйлдлүүд нь гэмт хэрэг гэдгийг бүрэн ойлгоогүйн улмаас ийм зүйлд холбогдлоо. Би дээрх гэмт хэргүүдийг бусадтай нийлж үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, маш ихээр гэмшиж, харамсаж байна. Би өөрөө аав, ээжийгээ багадаа алдсан бөгөөд хамаатан садан, ах дүүсийн гараар өдий зэрэгтээ өсөж торнисон. Аав, ээж гэж ямар хүн байсныг бараг санадаггүй. Миний хүү Б нь дөнгөж төрөөд 3-хан сартай болж байгаа бөгөөд би өөрөө амьд сэрүүн байгаа атлаа хүүгээ над шиг аав гэдэг хүнийг мэдэхгүй өсөөсэй гэж хүсэхгүй байна. Тийм учраас би өөрийн үйлдсэн гэмт хэргээ бүрэн дүүрэн хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан тул миний хойшдын амьдрал, үр хүүхэд, ар гэрийн маань амьдралыг харгалзан үзээд надад оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгөхийг хүсэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолбол зохих байдлуудыг хангалттай  шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, үйл баримтад үндэслэлтэй хууль зүйн дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болгосон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

 

1. Шүүгдэгч Г.О, Г.Ц нар нь бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 17 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан 1 дүгээр баг 6- ... тоот хашааны урд талаас иргэн Б.Г-ийн өмчлөлийн улсын дугааргүй БНХАУ-д үйлдвэрлэсэн Dayun-150 маркийн улбар шар өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1 000 000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

 

2. Шүүгдэгч Г.О нь 2021 оны 09 дүгээр сарын 22-ны шөнийн 02-06 цагийн хооронд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран 6 дугаар багийн төвд оршин суух иргэн Ц.А “машин эвдэрчихлээ, хоночхоод явъя” хэмээн гуйж хонохдоо Ц.А-ын өмчлөлийн Redmi-9 маркийн хар өнгийн гар утас 1 ширхэг, бэлэн 20 000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч 390 000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан,

 

3. Шүүгдэгч Г.О, Н.Д, Г.Ц, Ж.Д, Г.Х нар нь бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 23-аас 2021 оны 09 дүгээр сарын 24-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Чандмань сумын Хүрхрээ 4 дүгээр багийн нутаг “Алаг толгой” гэх нэртэй газраас Г.Х-ын өмчлөлийн 54- ... ГАА улсын дугаартай, Hundai porter-2 маркийн тээврийн хэрэгсэл, Ж.Д-ийн өмчлөлийн 62- ... ГАЗ улсын дугаартай Мустанг-150 маркийн мотоцикль, мөн улсын дугааргүй Н.Д-ын эзэмшлийн Мустанг-150 маркийн мотоцикль, мөн улсын дугааргүй Б.Г-ийн эзэмшлийн Даюун-150 маркийн мотоцикль ашиглан шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар хохирогч Д.Т өмчлөлийн зүүн шанаа, өгзөг дээрээ 9 тоо тамгатай, 4 шүдтэй хүрэн зүсмийн буур, зүүн өгзөг дээрээ дугуй тамгатай, улаан шаргал зүсмийн ингэн тэмээг хулгайлан 2 400 000 төгрөгийн хохирол учруулсан,

 

4. Шүүгдэгч Г.О, Г.Ц, Н.Д нар нь бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 14-ээс 2021 оны 10 дугаар сарын 15-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр багийн нутаг “Тугалын ус” гэх нэртэй газраас 70- ... УБТ улсын дугаартай, Toyota prius-20 маркийн тээврийн хэрэгсэл ашиглан шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар хохирогч С.Х өмчлөлийн зүүн гуян дээрээ Сэрээ тамгатай, бор зүсмийн 1 тооны ингэн тэмээг хулгайлан 1 100 000 төгрөгийн хохирол учруулсан нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан доорхи нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

1. Шүүгдэгч Г.О, Г.Ц нар нь бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 17 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан 1 дүгээр баг 6- ... тоот хашааны урд талаас иргэн Б.Г-ийн өмчлөлийн улсын дугааргүй БНХАУ-д үйлдвэрлэсэн Dayun-150 маркийн улбар шар өнгийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1 000 000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2-р ХХ-ийн 114-118-р тал),

Хохирогч Б.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Баянхайрхан багт манайх шинээр газар авсан юм. Одоогоор хаягаа аваагүй байгаа юм. 2021 оны 09 дүгээр сарын 21-нд би өөрийн улбар шар өнгийн Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэгдсэн Даюун-150 маркийн мотоциклио хулгайд алдсан юм. Тухайн мотоциклийг Баянхайрхан багт дэлгүүр ажиллуулдаг Г гэх хүнээс 2021 оны 05 дугаар сарын орчимд 1 000 000 төгрөгөөр худалдан авсан юм. Мотоцикль хулгайд алдсаныг манай эхнэр Б.Б, хадам аав Б.Б, хадам ээж С.Н нар мэдэж байгаа, миний хулгайд алдсан мотоцикль улсын дугаар, тээврийн хэрэгслийн гэрчилгээ байгаагүй худалдаж авсан Г бичиг баримтыг нь өгнө гээд өгөөгүй. Хэвийн ажиллагаатай ямар нэгэн эвдрэл гэмтэлгүй мотоцикл байсан юм” гэх мэдүүлэг (2-р ХХ-ийн 131-132-р тал),

 

Гэрч Г.Х-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...О манай аавын төрсөн дүү. Ц гэдэг хүнтэй 2021 оны 09 дүгээр сарын 22-ны орчим улаан өнгийн Бүгд найрамдах Хятад ард улсад үйлдвэрлэсэн Даюун-150 маркийн улсын дугааргүй мотоцикль унаж очоод надад Г.О нь Г.Ц-ын мотоцикль юм зарна гэж хэлээд 400 000 /дөрвөн зуун мянган/ төгрөгөөр худалдсан юм. Тухайн мотоцикль цэнхэр өнгийн нөмрөг буюу бүтээлэгтэй, урдаа нэмэлт 4 ширхэг гэрэл, цэнхэр өнгийн хөгжимтэй мотоцикль байсан. Тухайн мотоциклийн хойд хөтлөгч нь эвдэрсэн бөгөөд задалсан мотор, рам, толгой, гар зэрэг нь манай найз Н-д байгаа бусад эд ангийг нь нутгийн иргэд тараагаад авсан юм. Г.О ахын надад худалдсан мотоциклийг би хулгайн мотоцикль гэдгийг мэдээгүй” гэх мэдүүлэг (2-р ХХ-ийн 139-142-р тал),

 

Гэрч Г.Э-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Б.Г нь гэрийнхээ хашааны хаалганы хойд талаас 2021 оны 09 дүгээр сарын 21-ний үед мотоциклио хулгайд алдсан гэсэн. Тухайн үед би хөдөө Баян-Уул суманд байсан. Энэ хавар 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр худалдаж авсан гэсэн. Худалдаж авсан мотоциклийг нь би харж байсан улбар шар өнгийн Даюун-150 маркийн мотоцикль байсан” гэх мэдүүлэг (2-р ХХ-ийн 145-146-р тал),

 

Гэрч С.Б-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Г манай охин Б-ийн нөхөр байгаа юм. Энэ хавар хүнээс 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр худалдаж авсан гэсэн, худалдаж авсан мотоциклийг нь би харж байсан улбар шар өнгийн Даюун 150 маркийн мотоцикль байсан” гэх мэдүүлэг (2-р ХХ-ийн 149-150-р тал),

 

Гэрч О.Э мөрдөн байцаалтад өгсөн: “Би Г-т 2021 оны 05, 06 дугаар сарын орчимд улбар шар өнгийн БНХАУ-д үйлдвэрлэгдсэн Даюун-150 маркийн мотоцикль, улсын дугаар гэрчилгээгүй мотоцикль худалдан борлуулсан юм. Мөн хоёр толь нь цэнхэр өнгийн бүтээлэгтэй мотоцикль байсан юм. Тухайн мотоциклийг 1 000 000 төгрөгөөр худалдсан юм” гэх мэдүүлэг (2-р ХХ-ийн 157-158-р тал),

 

Гэрч Д.А-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...бид нар буцаж уруудаж явж байгаад Ц, О хоёр зогсоодох гэж хэлээд машинаас буусан. Тэгээд 2-3 минут болсон байх О эргээд машинд сууж Ц үлдсэн. О, Ц хоёр машинаас бууж юу гэж ярьсан талаар би мэдэхгүй байна. О тэр хоёр яараад л миний мотоциклиос бензин авч нөгөө мотоцикльд хийж унаад Чандмань явлаа гэж хэлээд явсан” гэх мэдүүлэг (2-р ХХ-ийн 164-р тал),

 

Хулгайд алдагдсан мотоциклийг 1 000 000 төгрөгөөр үнэлсэн “Ашид билгүүн ХХК”-ийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ТХҮ-921/2102 дугаартай үнэлгээний тайлан (2-р ХХ-ийн 172-174-р тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

2. Шүүгдэгч Г.О нь 2021 оны 09 дүгээр сарын 22-ны шөнийн 02-06 цагийн хооронд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран 6-р багийн төвд оршин суух иргэн Ц.А “машин эвдэрчихлээ, хоночихоод явья” хэмээн гуйж хонохдоо Ц.А-ын өмчлөлийн Redmi-9 маркийн хар өнгийн гар утас 1 ширхэг, биет 20 000 төгрөг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 390 000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэм буруутай болох нь: Эд зүйл хураан авах тухай прокурорын зөвшөөрөл (2-р ХХ-ийн 228-р тал),

 

Гэрч Т.Б-ээр түүнд гар утас худалдсан хүнийг таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (2-р ХХ-ийн 223-226-р тал),

 

Хохирогч Ц.А-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Манайх Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Наран багийн төвд мал маллан амьдардаг юм. Мөн манайх Наран багийн төвд байшинд амьдардаг. Манай хажууд ээж Ц-ийнх байдаг юм. Мөн манай багийн А гэх айлын хүүхдийнх нь сэвлэг үргээх цайллага болоод хэд хонож байсан бөгөөд 2021 оны 09 дүгээр сарын 20-ны орой 22 цаг өнгөрч байх үед манай багийн А ирж “цай уу” гэхээр нь эхнэр Г-ийн хамт А-ийнд очсон юм. Ингээд тэндээ 2021 оны 09 дүгээр сарын 22-ны шөнийн 02 цаг хүртэл байж байгаад гэртээ ирэхэд манай гэрийн үүдэнд 60 гаруй насны халзан толгойтой, бор тэрлэгтэй эрэгтэй хүн, бас нэг улаан тэрлэгтэй 30 орчим насны эрэгтэй хүн сууж байсан бөгөөд тухайн хүмүүс “Машин суучихлаа. Хоночихоод явъя” гэхээр нь зөвшөөрөөд тухайн 2 хүн манай гэрийн үүдний өрөөнд хоносон юм. Ингээд өглөө нь буюу 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өглөө 07 цаг өнгөрч байх үед манай эхнэр Г түрүүлж босоод цай ундаа хийсэн юм. Би удалгүй босоод өөрийн гар утсаа эхнэрээсээ асуухад “шкаф дээр байгаа” гэхээр нь шкаф дээр гар утсаа хайхад миний гар утас алга болсон байсан. Ингээд гар утас олдохгүй байхаар нь машин дотроо гар утсаа хайгаад олдохгүй болохоор нь түрийвчээ нээгээд хартал миний түрүүвчинд байсан 20 000 төгрөг алга болсон байсан.” гэх мэдүүлэг (2-р ХХ-ийн 235-238-р тал),

 

Гэрч Ц.Г-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Манайх Есөнбулаг сумын Наран багт амьдардаг юм. 2021 оны 09 дүгээр сарын 20-ны шөнө 22 цагийн үед нөхөр А-ын хамт А гэх айлд очсон юм. Тэндээ 2021 оны 09 дүгээр сарын 21-ний шөнийн 02 цаг хүртэл байж байгаад гэртээ ирэхэд манай гэрийн үүдэнд 60 гаруй насны халзан толгойтой, бор тэрлэгтэй эрэгтэй хүн, бас нэг улаан тэрлэгтэй 30 орчим насны эрэгтэй хүн сууж байсан бөгөөд тухайн хүмүүс “Машин эвдэрчихлээ. Хоночихоод явъя” гэхээр нь манай нөхөр зөвшөөрөөд тухайн 2 хүн манай гэрийн үүдний өрөөнд хоносон юм. Тэгээд өглөө намайг 07 цаг өнгөрөөд намайг босоход тухайн 2 хүн явсан байсан юм. Тэгтэл удалгүй манай нөхөр босоод гар утсаа хайсан боловч олохгүй байсан бөгөөд надаас гар утсаа хаана байгаа талаар асуухад би “том өрөөний шкаф дээр байгаа” гэж хэлэхэд манай нөхөр “шкаф дээр алга” гэж хэлсэн юм. Манай нөхөр Redmi-9 маркийн хар өнгөтэй /хар ногоон/ утастай байсан. 2021 оны 07 дугаар сард Буудай төвөөс 460 000 төгрөгөөр худалдан авсан юм. Мөн дэлгэцний наалт нь баруун дээд булангийн орчинд сэвтэй. Яг гар утсанд ямар нэгэн сэв зураас байхгүй. Хар бор өнгийн нимгэн кейстэй байсан. Манайд хоносон хүмүүсийн хөгшин нь халзан толгойтой байсан. Өөр содон шинжийг нь анзаараагүй. Мөн тухайн хүмүүс нь ямар нэгэн маскгүй байсан юм. Манай үүдний өрөө гэрэл муутай учир сайн анзаарагдаагүй” гэх мэдүүлэг (2-р ХХ-ийн 241-242-р тал),

 

Гэрч М.Д-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би тухайн гар утсыг 2021 оны 09 дүгээр сарын сүүлээр билүү 10 дугаар сарын эхээр худалдан авсан бөгөөд манай эхнэр Б нь Fасеbook-р зар харж байгаад, тухайн утсыг нь үл таних хүнээс 180 000 төгрөгөөр худалдан авсан. Би тэр үед ажилтай байсан учир өөрөө очиж худалдан аваагүй. Манай эхнэр мэдэж байгаа байх” гэх мэдүүлэг (2-р ХХ-ийн 245-246-р тал),

 

Гэрч Т.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2021 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Redmi-9 маркийн хар хөх өнгөтэй гар утсыг 180 000 төгрөгөөр худалдан авсан юм. Тухайн гар утсыг дээд талд байдаг хүнээс авсан бөгөөд 9132......... гэсэн дугаарын хүнтэй холбогдож байгаад авсан юм. Би өөрийн 5323............ тоот данснаас тухайн хүний 5017............. тоот данс руу 180 000 төгрөг шилжүүлж худалдан авсан юм. ...Би О гэх хүнээс утасны үнэ болох 180 000 төгрөгийг авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл алга” гэх мэдүүлэг (2-р ХХ-ийн 249-250, 3-р ХХ-ийн 2-р тал),

 

Хулгайд алдагдсан гар утсыг 370 000 төгрөгөөр үнэлсэн “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн ТХҮ-921/2086 дугаартай үнэлгээний тайлан (3-р ХХ-ийн 15-17-р тал) болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

3. Шүүгдэгч Г.О, Н.Д, Г.Ц, Ж.Д, Г.Х нар нь бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 23-наас 2021 оны 09 дүгээр сарын 24-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Чандмань сумын Хүрхрээ 4-р багийн нутаг “Алаг толгой” гэх нэртэй газраас Г.Х-ын өмчлөлийн 54- ... ГАА улсын дугаартай, “Hundai porter-2” маркийн тээврийн хэрэгсэл, Ж.Д-ийн өмчлөлийн 62- ... ГАЗ улсын дугаартай “Мустанг-150” маркийн мотоцикль, мөн улсын дугааргүй Н.Д-ын эзэмшлийн “Мустанг-150” маркийн мотоцикль, мөн улсын дугааргүй Б.Г-ийн эзэмшлийн “Даюун-150” маркийн мотоцикль ашиглан шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар хохирогч Д.Т өмчлөлийн зүүн шанаа, өгзөг дээрээ “9 тоо” тамгатай, 4 шүдтэй хүрэн зүсмийн буур, зүүн өгзөг дээрээ “дугуй” тамгатай, улаан шаргал зүсмийн ингэн тэмээг хулгайлан 2 400 000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

Хохирогч Д.Т-аас гаргаж өгсөн хэрэг учрал болсон гэх газрын болон нядлагдсан малын сэг, зэм бүхий гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р ХХ-ийн 153-157-р тал),

Гэрч Б.С-аас шүүгдэгч нарт 2 664 000 төгрөг бэлнээр өгсөн тухай бичмэл баримтыг хэрэгт хавсаргасан тухай мөрдөгчийн тогтоол (1-р ХХ-ийн 163-165-р тал),

Г.О-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р ХХ-ийн 148-150-р тал),

Н.Д-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р ХХ-ийн 151-152-р тал),

Ж.Д-ийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р ХХ-ийн 145-147-р тал),

 

Хохирогч Д.Т мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2021 оны 06 дугаар сарын эхээр 30-аад тооны тэмээ ноослоод явуулснаас хойш 2021 оны 07 дугаар сарын 20-ны үед тэмээнүүдээ харж тоолоход бүгд байсан энэ үед манай тэмээнүүд Чандмань сумын 4-р баг 3-р баг хоёрын зааг нутаг болох “Элсэн толгой” гэх газарт байсан дараа нь 2021 оны 09 дүгээр сарын 21-ний үед тэмээнүүдээ хайхад олдсон боловч 5 тооны тэмээ дутсан. Ингээд 5 тооны тэмээгээ Дэлгэр сум Баянхонгор аймгийн Бууцагаан сумдын нутгаар хайгаад олдоогүй. Харин 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Дэлгэр сумын Баян-Өндөр баг, Чандмань сумын Эрдэнэ-Уул баг хоёрын заагт орших “Таван-Овоо” гэх газрын жалганд байсан хоёр тэмээний сэгийг очиж үзэхэд миний алдсан хүрэн буур, улаан шаргал ингэн тэмээ хоёрын сэг нь олдсон буураа шүд, шийр арьсаар нь таньсан харин ингэн тэмээгээ арьс шийрээр нь таньсан. Тэгээд тухайн газрын нөхцөл байдлын зургийг нь дараад Чандмань сумын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн дарга Б.Б болон хэсгийн төлөөлөгчид мэдэгдээд дараа нь цагдаагийн байгууллагад өргөдөл өгч байгаа юм. ...Хохирлын 2 400 000 төгрөгийг миний дансанд Ж.Д шилжүүлж, би авсан. Одоо надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (1-р ХХ-ийн 171-174-р тал).

 

Гэрч Б.С-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2021 оны 09 сарын 22-ны өдөр махны ченж Ю эгчээс Ц мал гаргаж байгаа болов уу? манайх махгүй болж байна гэсэн чинь Ю эгч Ц Чандмань сум руу тэмээ нядлах гээд явсан чи тэр махыг нь авчих гэхээр нь би Б руу залгаад Ц байна уу? гэхэд байхгүй байна манай хүүгийн найзын тэмээг нядалж ирэх гээд явсан гэхээр нь Ц-ын гар утасны дугаар байна уу? махаа хүнтэй ярьсан уу? гэхэд мэдэхгүй өөртэй нь ярь гээд нэг утасны дугаар өгсөн одоо дугаарыг нь санахгүй ингээд энэ өдөр Ц-тай яриад тэмээг нь асуусан чинь хүмүүс нь тэмээндээ явсан байна. Энэ хүнтэй ярь гээд нэг залуутай ярьсан чинь 5-6 тэмээ нядална тэмээндээ явсан одоохондоо тэмээнүүдээ олоогүй байна гээд гар утсаа салгасан. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 09 сарын 23-ны өдөр би дахиж нөгөө залуутай яриад тэмээнүүдээ олсон уу? яасан гэсэн чинь хоёр тэмээг нь олсон махыг нь аваад очье гэсэн. Тэгсэн 2021 оны 09 сарын 24-ний өдөр Ц тэвштэй Портер маркийн машинтай өөрөөсөө гадна хоёр залуутай ирээд хоёр тэмээний мах авч ирээд жигнэж үзэхэд 671 кг болоод 1кг 4000 төгрөгөөр бодоод 2.684.000 төгрөг тоолоод Ц-тай хамт явсан хоёр залууд өгөөд өшөө тэмээнүүд байгаа юм уу? хэзээ өгөх вэ? гэхэд Ховд аймаг руу адуу аваачиж буулгаад буцаад тэмээ танд өгнө гэж хэлээд явсан. Харин би Ц-аас гэдэс толгойг нь асуухад Ц өөрөө иднэ гэж хэлж байсан. Тухайн үед махгүй болоод эргэж ирнэ ирэхдээ гарал үүслийн гэрчилгээ өгнө гээд О гэдэг залуу нь нэр, гар утсаа дэвтэр дээр бүртгүүлээд явахаар нь итгээд гарал үүслийн гэрчилгээгүй мах авсан миний буруу" гэх мэдүүлэг (1-р ХХ-ийн 206-207-р тал),

 

Гэрч Л.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 09 сарын 20-ны үе шиг санагдаж байна. О мотоцикльтой манайд ирчээд Ц-ыг Чандманьд миний 2-3 тэмээ байгаа тэрнийг хийгээд ирье гэхээр нь би Ц-ыг явуулахгүй яг чиний тэмээ мөн үү? гэсэн ямар ч асуудал байхгүй аливаа асуудал гарвал би өөрөө үүрнэ та хоёрт бас хэдэн төгрөг хэрэгтэй биз дээ гээд Ц-ыг мотоциклтой аваад явсан. Тэгсэн маргааш нь О-ын гар утсаар Ц над руу яриад замд бид хоёрын мотоциклийн дугуй хагараад явахгүй болоод Наран багт нэг танихгүй айлд хоноод одоо Чандмань явж байна шүү гэж ярьсан. Ингээд 2021 оны 09 сарын 22-ны өдөр шиг санагдаж байна О ахынхаа утсаар ярьж байна тэмээнүүдээ түрүүчээс нь олж байна өнөө шөнөдөө нядалчаад очно Ц ахынд байгаа шүү гэж хэлээд холбоо тасарсан. Тэгээд маргааш нь Ц, О хоёр танихгүй хоёр хүнтэй манайхаар орж ирээд хоол идээд нөгөө хоёр хүн нь Ховдын Дарив руу адуу ачна гээд явсан. Ингээд Ц-аас ямар тэмээ хийсэн талаар асуухад Чандмань яваад О-ын буур, ингэ хоёрыг нядлаад ирлээ махыг нь С-т өгчихлөө гэж байсан. Харин О надад 100.000 төгрөг бэлнээр өгсөн. Тэгсэн нэлээн сүүлд О-ын ах гээд нэг танихгүй хүн хотоос ярьж байна Чандманьд хийсэн буур, ингэ хоёр манайхны тэмээнүүд байгаа юм та хоёрт ямар ч хамаагүй битгий цагдаа энэ тэрд янз бүрийн юм яриад байгаараа чиний том хүү чинь О-ын найз гээ биз дээ ахиж тэр тэмээний талаар ярьж болохгүй гээд дахин дахин хэлээд байсан. Үүнээс хойш тэр хүн над руу дахин дахин залгаад байхаар нь би айгаад гар утсаа аваагүй дараа нь О-аас чиний ах гээд нэг хүн яриад байна ямар учиртай буур, ингэ нядлуулсан юм бэ гэсэн чинь О одоо залгавал дахиж битгий ярь гэж хэлээд утсаа салгасан” гэх мэдүүлэг (1-р ХХ-ийн 209-210-р тал),

 

Шүүгдэгч Г.О, Ж.Д, Н.Д, Г.Ц, Г.Х нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Б.Г-ийн эзэмшлийн “Даюун-150” маркийн мотоциклийг 1 000 000 төгрөгөөр үнэлсэн “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ТХҮ-921/2102 дугаартай үнэлгээний дүгнэлт (2-р ХХ-ийн 21-23, 172-174-р тал),

Ж.Д-ийн эзэмшлийн “Мустанг-150” маркийн мотоциклийг 1 000 000 төгрөгөөр үнэлсэн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ТХҮ621/2224 дугаартай үнэлгээний дүгнэлт (2-р ХХ-ийн 4-6-р тал),

Н.Д-ын эзэмшлийн “Мустанг-150” маркийн мотоциклийг 1 000 000 төгрөгөөр үнэлсэн 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн ТХҮ-621/2225 дугаартай үнэлгээний тайлан (1-р ХХ-ийн 241-243-р тал),

“Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ГАА: 1000954 дугаартай Г.Х-ын өмчлөлийн 54- ... ГАА улсын дугаартай “Hundai porter-2” маркийн тээврийн хэрэгслийг 17.000.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний тайлан (1-р ХХ-ийн 231-232-р тал),

 

Хулгайд алдагдсан 2 тооны тэмээг 2.400.000 төгрөгөөр үнэлсэн “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн ТХҮ-621/2099 дугаартай үнэлгээний тайлан (1-р ХХ-ийн 219-221-р тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

4. Шүүгдэгч Г.О, Г.Ц, Н.Д нар нь бүлэглэн 2021 оны 10 дугаар сарын 14-нээс 2021 оны 10 дугаар сарын 15-нд шилжих шөнө Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баян-Өндөр багийн нутаг “Тугалын ус” гэх нэртэй газраас 70- ... УБТ улсын дугаартай, “Тоуоtа Рrius-20” маркийн тээврийн хэрэгсэл ашиглан шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар хохирогч С.Х өмчлөлийн зүүн гуян дээрээ “Сэрээ” тамгатай, бор зүсмийн 1 тооны ингэн тэмээг хулгайлан 1.100.000 төгрөгийн хохирол учруулсан гэм буруутай болох нь:

 

Хэрэг учрал болсон гэх газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р ХХ-ийн 4-10-р тал),

Г.О-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р ХХ-ийн 12-14-р тал),

Н.Д-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р ХХ-ийн 15-17-р тал),

 

Хохирогч С.Х мөрдөн байцаалтад өгсөн: “...Манайх Дэлгэр сумын Баян-Өндөр багийн “Тугалын ус” гэх газарт намарждаг юм. Тэгсэн 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 16 цагийн үед би малдаа явж байтал манай Баян-Өндөр багийн “Тугалын ус” гэх газарт байрлах малын хашааны ойролцоо махчин шувуунууд эргэлдээд байхаар нь яваад очсон чинь миний өөрийн ингэн тэмээг нядлаад толгой гэдсийг нь арьсанд нь боогоод махыг нь аваад явсан байсан. Ингээд би өөрөө хэсэг мөр хөөж яваад алдаад гадаа харанхуй болсон уг нь цагдаа дуудах гэсэн боловч гар утасны цэнэг дууссан. Тэгээд маргааш нь буюу 2021 оны 10 сарын 16-ны өдөр хэсгийн төлөөлөгчид өглөө эрт дуудлага өгсөн. ...миний тэмээний үнэ болох 1.100.000 төгрөгнөөс 500.000 төгрөгийг Д өгсөн. Одоо 600.000 төгрөг өгөх ёстой өгөөгүй байгаа учир 600.000 төгрөгөө нэхэмжилнэ” гэх мэдүүлэг (1-р ХХ-ийн 39-41-р тал),

 

Гэрч Э.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2021 оны 10 сарын 15-ны өглөө 08 цагийн үед зах дээр байж байсан чинь Ц хүрч ирээд тэмээний мах авах уу гэхээр нь тэгье гээд үнэ ханшаа тохирсон. Тэгсэн Ц намайг дагуулаад захын баруун хаалганы таксины зогсоолын цаад талд очоод цагаан өнгийн Приус 20 маркийн машин дотроос тэмээний мах зөөгөөд дэлгүүр лүү оруулаад жигнэж үзсэн. Ингээд 1 кг махыг 3.500 төгрөгөөр тооцоод 215 кг болоод 750.000 төгрөг Ц-д тоолж өгсөн. Гэхдээ би мах худалдаж авахын өмнө энэ махны гарал үүслийн гэрчилгээ, толгой, арьс хаана байна гэсэн чинь Ц дээр байгаа авч ирээд өгье гэж хэлээд явсан боловч тэмээний толгой, арьс авч ирж өгөөгүй. Тухайн үед Ц-аас гадна цагаан өнгийн Приус-20 маркийн машинд хоёр хүн хамт байж байсан бөгөөд Ц нөгөө хоёртойгоо хамт тэмээний мах зөөж дэлгүүр лүү оруулсан” гэх мэдүүлэг (1-р ХХ-ийн 54-55-р тал),

 

Шүүгдэгч Г.О, Н.Д, Г.Ц нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 70- ... УБТ улсын дугаартай, “Тоуоtа Рrius-20” маркийн тээврийн хэрэгслийг 10 000 000 төгрөгөөр үнэлсэн “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн ГАА: 1000953 дугаартай үнэлгээний тайлан (1-р ХХ-ийн 76-77-р тал),

 

Хулгайд алдагдсан 1 тооны тэмээг 1 100 000 төгрөгөөр үнэлсэн “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 18-ний өдрийн ТХҮ621/2080 дугаартай үнэлгээний тайлан (1-р ХХ-ийн 67-69-р тал) зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон эдгээр нотлох баримтууд нь хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэнээс гадна эргэлзээгүй, хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг няцаан үгүйсгээгүй, харин давхар нотлож байгаа болохыг дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд зааснаар хорих ялыг хөнгөрүүлэхдээ гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэмт буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэхээс гадна хохирол, хор уршгийг төлж арилгасан, эсхүл энэ талаар гаргасан саналыг харгалзан үзэхээр зохицуулсан байна.  

 

Шүүгдэгч нар нь 4 удаагийн үйлдлээр бүлэглэн бусдын эд хөрөнгөд халдаж, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байна. Шүүгдэгч Ж.Д нь хохирогч Д.Т буур, ингэн тэмээг хулгайлсан нэг удаагийн үйлдэлд хамтран оролцсон оролцоо, шүүгдэгч  Г.Х нь 21 настай, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг харгалзан давж заалдах шатны шүүхэд хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр шүүгдэгч Ж.Д-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жил 2 сарын хугацаагаар, шүүгдэгч Г.Х-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар хорих ял болгон өөрчилж, шүүгдэгч Г.О, шүүгдэгч Н.Д нарын өмгөөлөгчдийн давж заалдах гомдлыг тэдний гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо, хувийн байдлыг харгалзан хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Говь-Алтай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/90 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн

2 дахь заалтад шүүгдэгч Н.Д-д 2 жил 8 сарын хугацаагаар гэсний дараа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Ж.Д-д 1 жил 2 сарын хугацаагаар, шүүгдэгч Г.Х-т 2 жилийн хугацаагаар гэснийг 1 жилийн хугацаагаар гэж,

4 дэх заалтын шүүгдэгч Ж.Д-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял гэснийг 1 жил 2 сарын, шүүгдэгч Г.Х-т оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял гэснийг 1 жилийн хугацаагаар хорих ял гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Д, Г.Х нарын өмгөөлөгч нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүгдэгч Г.О, шүүгдэгч Н.Д-ын өмгөөлөгч Х.Э нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.О-ын цагдан хоригдсон 143 хоног, шүүгдэгч Г.Ц-ын цагдан хоригдсон 136 хоног, шүүгдэгч Ж.Д-ийн цагдан хоригдсон 87 хоног, шүүгдэгч Н.Д-ын цагдан хоригдсон 70 хоног, шүүгдэгч Г.Х-ын цагдан хоригдсон 70 хоногийг тус тус хорих ял эдэлсэн хугацаанаас нь хасч тооцсугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.Э

                      ШҮҮГЧИД                           Т.Ж

                                                                                                                            Ш.Б