Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 128/ШШ2024/0278

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Г******* даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны дөрөвдүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: И ******* ХХК

Хариуцагч: Монгол Улсын Сангийн яам

Маргааны төрөл: Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн дугаар 11/7280 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Д.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А, П.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1.Нэхэмжлэгч И ******* ХХК-иас анх тус шүүхэд хандан Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 11/7280 тоот шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1, 55.3.2, 55.3.3-т заасан тендерт оролцогчийн гомдлыг шийдвэрлэх байсан хэдий ч уг заалтыг хэрэглээгүй, хуулийн зүйл заалтаас давсан, зөрчсөн захиргааны акт гаргасан тул хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас дараах байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, тодруулсан:

1.2.нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр захиалагч Т******* ХХК болон үнэлгээний хорооноос гаргасан татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах, Тендер шалгаруулалтын дугаар ТТХХК/202301095 тоот барьцалдуулагч тендерийн багц 03-н үнэлгээг дахин хийж, алдааг залруулж, дахин үнэлгээ хийх үр дүнд И ******* ХХК-ийн түншлэлтэй гэрээ байгуулахыг даалгах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн,

1.3.2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Сангийн яамны шийдвэрийг хүчингүй хийж, дахин үнэлгээ хийлгэх шийдвэр гаргуулж, тендерт оролцогчийн шударга өрсөлдөх үнэлгээ хийлгүүлэх шийдвэрийг гаргуулах гэж нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2320 дугаартай захирамжаар нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-106.3.14-т заасан шийдвэрийн төрлөөс аль шийдвэрийг шүүхээс гаргуулахыг хүсч байгаа, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг аль шийдвэрт үндэслэн тодорхойлж байгааг тодруулах зорилгоор дээрх тодруулсан нэхэмжлэлийн шаардлагад бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоож шийдвэрлэсэн,

1.4.нэхэмжлэгч И ******* ХХК-ийн төлөөлөгч Б.Болор-Эрдэнэ 2023 оны 03 дугаар сарын 18-ны өдөр нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаа И ******* ХХК нь Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 11/7280 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаж, алдаатай, хайхрамжгүй хандсан үйлдлээс болж тендер шалгаруулалтыг дахин зарлах, эсхүл дахин үнэлгээ хийлгэхийг даалгаагүйгээс болж тендерт оролцогчийн эрх ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.1, 106.3.4 дэх заалтыг үндэслэж дахин үнэлгээ хийлгэхийг даалгах гэж тодорхойлсон,

1.5.2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаа Шүүхийн шийдвэр, шүүхийн архивын лавлагааг тухай бүрд илгээсэн албан бичгийг өгсөн байхад Сангийн яам авч үзэхгүйгээр, Т******* ХХК-ийн үнэлсэн шийдвэр ирээгүй байгааг ямар нэг байдлаар нягтлан шалгаагүй эс үйлдэхүй гаргасан үндэслэлээр Сангийн яамнаас захиалагчид дахин үнэлгээ хийлгэхийг даалгах гэж тодорхойлсон,

1.6.шүүх дээрх нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсгийг үндэслэн хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс уг татгалзсан шийдвэрт гомдол гаргахгүй гэдгийг 2024 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдааны үед илэрхийлсэн,

1.7.2024 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч захиалагч Т******* ХХК болон үнэлгээний хорооны шийдвэртэй маргахгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд эцэслэн тодорхойлсон Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 11/7280 тоот албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүх тус захиргааны хэргийг хянан шийдвэрлэв.

 

Хоёр.Хэргийн үйл баримт болон процессын түүхийн талаар:

2.1."Т******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн А/361 дүгээр тушаалаар ТТТХХК/202301095 дугаартай Барьцалдуулагч худалдан авах бараа нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог байгуулсан бөгөөд

2.2.Үнэлгээний хорооны 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 01 дүгээр хурлаар тендер сонгон шалгаруулалт явуулах журам-ыг сонгох, бэлтгэл ажиллагааг хангах, тендерийн баримт бичгийг боловсруулах, тендер товлон зарлах асуудлыг хэлэлцэж, тендерийн нээлтийг 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хийхээр шийдвэрлэжээ.

2.3."Т******* ХХК-ийн гүйцэтгэх захирал 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр ТТТХХК/202301095 дугаартай Барьцалдуулагч худалдан авах тухай тендерийн баримт бичгийг баталсан.

2.4.Б******* ХХК-иас ТТТХХК/202301095 дугаартай Барьцалдуулагч худалдан авах тендерийн баримт бичгийн талаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргасантай холбогдуулан тус газрын 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 03-02/1140 дугаар албан бичгээр тендер шалгаруулалтын үйл ажиллагааг түр түдгэлзүүлж шийдвэрлэсэн.

2.5.Дээрх гомдлыг хянан үзээд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 01/1179 дугаартай албан бичгээр тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтэд заасан зарим шаардлага нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчсөн гэж дүгнэж, тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгт болон техникийн тодорхойлолтод холбогдох өөрчлөлтүүдийг оруулж, тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэхийг мэдэгджээ.

2.6.Үнэлгээний хорооны 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2 дугаар хурлаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас ирүүлсэн албан бичгийн дагуу тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулж, Т******* ХХК-ийн гүйцэтгэх захирал 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Барьцалдуулагч худалдан авах тухай тендерийн баримт бичиг-ийг шинэчлэн баталсан байна.

2.7.Үнэлгээний хорооны 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 3 дугаар хурлаар 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр баталсан Барьцалдуулагч худалдан авах тухай тендерийн баримт бичиг-т өөрчлөлт оруулж, Т******* ХХК-ийн гүйцэтгэх захиралд танилцуулахаар шийдвэрлэжээ.

2.8."Т******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн А/414 дүгээр тушаалаар ТТТХХК/202301095 дугаартай Барьцалдуулагч худалдан авах бараа нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороо-г шинэчлэн байгуулсан.

2.9.Үнэлгээний хороо /2023 оны А/414 дүгээр тушаалаар байгуулагдсан/-ны 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4 дүгээр хурлаар ТТТХХК/202301095 дугаартай Барьцалдуулагч худалдан авах цахим тендерийн нээлтийг хийсэн бөгөөд 37,302,578,077 төгрөгийн төсөвт өртөгтэй Багц 3: Төвийн үйлдвэрт шаардлагатай барьцалдуулагч худалдан авах тендерт нэхэмжлэгч И ******* ХХК нь С******* ХХК-тай хамтран түншлэлээр оролцож, тендерийн материал ирүүлжээ.

2.10.Үнэлгээний хороо/2023 оны А/414 дүгээр тушаалаар байгуулагдсан/-ны 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 5 дугаар хурлаар[1] ТТТХХК/202301095 дугаартай Багц 3: Төвийн үйлдвэрт шаардлагатай барьцалдуулагч худалдан авах тендерийг хянан үзээд бүх тендер шаардлага хангаагүй гэж дүгнэж, Үнэлгээний хорооны мөн өдрийн 414/3 дугаартай Бүх тендерээс татгалзах тухай зөвлөмжийг захиалагч Т******* ХХК-д хүргүүлсэн байна.

2.11.Үнэлгээний хороо /2023 оны А/414 дүгээр тушаалаар байгуулагдсан/-ны 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 5 дугаар хурлаар Багц 3: Төвийн үйлдвэрт шаардлагатай барьцалдуулагч худалдан авах тендерт ирүүлсэн И ******* ХХК-ийн тендер нь тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгаа /ТШЗ/-ны 17.2.1, 18.6.8-д заасан шаардлагыг хангаагүй гэж дүгнэж, татгалзжээ.

2.12.Т******* ХХК-ийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 01/1688 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр түншлэлийн гишүүн С******* ХХК-ийн шүүхийн тусгай архивын лавлагаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолтыг цахим хэлбэрээр ирүүлээгүй, итгэмжлэгдсэн лабораторийн элементийн болон эрдсийн шинжилгээнд кальцийн ислийн хэмжээ байхгүйгээс тендерийн баримт бичгийн шаардлагыг нэгэн зэрэг хангаагүй гэсэн үндэслэлээр И ******* ХХК-ийн тендерээс татгалзсан талаар мэдэгдсэн байна.

2.13.И ******* ХХК-иас 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 48 дугаартай Гомдол хүргүүлэх тухай албан бичгээр Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтэст гомдол гаргажээ.

2.14.Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Гомдол хянасан тухай 11/7280 дугаартай албан бичгээр

...И *******" ХХК-ийн "С*******" ХХК-ийн түншлэлийн тендерт 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 2023/1439 дугаартай Итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнг хавсарган ирүүлсэн.., уг шинжилгээний дээжийн дүнд СаО элементийн хэмжээг 5.11 хувь гэж байгаа нь тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ны 18.6.8-ын 7-д заасан ...шаардлагыг хангаагүй гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна,

...И *******" ХХК-ийн "С*******" ХХК-ийн түншлэлийн тендерт Худалдан авах ажиллагааны цахим системээр "С*******" ХХК-ийн Шүүхийн тусгай архивын лавлагаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт зэрэг материалыг илгээгээгүй..., Захиалагч тухайн тендерийг тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ны 17.2.1-д заасан ...шаардлагыг хангаагүй гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна. гэж дурдаж, тендер шалгаруулалтыг хууль журамд нийцүүлэн цааш үргэлжлүүлэхийг захиалагч Т******* ХХК-д мэдэгдсэн байна.

2.15.Нэхэмжлэгч И ******* ХХК дээрх шийдвэрийг эс зөвшөөрч 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:

3.1.Нэхэмжлэгч И ******* ХХК-иас шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ: 2023 оны 07 дугаар сарын 24-ний өдөр Т******* ХХК нь нийт төсөвт өртөг 37,302,548,077 /гучин долоон тэрбум гурван зуун хоёр сая таван зуун дөчин найман мянга далан долоо/ төгрөг бөгөөд тендерийн багц 03 төвийн үйлдвэрт шаардлагатай барьцалдуулагч худалдан авах 11,250,048,077 төгрөгийн төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтад түншлэлээр төлөөлөх эрх бүхий гишүүнээр И ******* ХХК, гишүүн тус бүрээр С******* ХХК оролцож материалыг тендерийн нээлтээс өмнө буюу 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр илгээсэн, гэтэл захиалагч болох Т******* ХХК-ийн үнэлгээний хорооноос

1.И ******* ХХК-ийн Итгэмжлэгдсэн лабораторийн элементийн болон эрдсийн

шинжилгээнд кальцийн исэлийн хэмжээ байхгүй.

2.Түншлэлийн гишүүн С******* ХХК-ийн Шүүхийн тусгай архивын лавлагаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цахим тодорхойлолтыг цахим хэлбэрээр илүүлээгүй гэх үндэслэлээр тус тус татгалзсан.

Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Сангийн яаманд И ******* ХХК нь 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр гомдол гаргасан бөгөөд Сангийн яам гомдолтой холбогдуулан 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 11/7028 дугаартай Гүйцэтгэгч түр түдгэлзүүлэх тухай албан бичгийг Т******* ХХК-д хүргүүлсэн байна. Өөрөөр хэлбэл гомдол шийдвэрлэх хугацаанд шийдвэрийг түдгэлзүүлсэн.

Гомдлыг хариуг Сангийн яам 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 11/7280 дугаартай Гомдол хянасан тухай албан бичгээр ...ТШЗ 18.6.8-ын 7-д заасан Дээжийг итгэмжлэгдсэн лабораторид элементийн болон эрдсийн шинжилгээ хийлгэсэн байх. Хүхэр бууруулагч болох кальцийн исэл (CaO) 5 хувиас доошгүй ... байх, гэсэн шаардлагыг хангаагүй гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй.

Тендер оролцогч Худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-д өөрийн тоон гарын үсэг ашиглан тендерийн нээлт хийхээс 3-аас доошгүй хоногийн өмнө нэвтрэн орж, шүүхийн тусгай архивын лавлагаа цахимаар илгээдэг болохыг анхаарна уу. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт авах хүсэлтийг тендерт оролцогч Худалдан авах ажиллагааны цахим системд өөрийн тоон гарын үсэг ашиглан тендерийн нээлтээс өмнө хүчин төгөлдөр тодорхойлолтыг цахим хэлбэрээр ирүүлнэ... гэсэн шаардлагыг хангаагүй гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна. Иймд тендер шалгаруулалтыг хууль журамд нийцүүлэн цааш үргэлжлүүлэх нь зүйтэй байна. гэж шийдвэр гаргаснаар тендерт оролцогчийн эрх ноцтой зөрчигдөж дахин үнэлгээ хийх боломжгүй болгож шийдвэрлэсэн. Иймд Сангийн яамны тендер үргэлжлүүлэхээр гарсан шийдвэрийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийлгүүлэх шийдвэр гаргуулахаар Сангийн яаманд даалгаж өгнө үү гэжээ.

3.2.Хариуцагч Монгол Улсын сангийн яамны шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /цаашид хууль гэх/-ийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу Т******* ХХК-аас зарласан ТТТХХК/202301095 дугаартай Барьцалдуулагч нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтын 3 дугаар багцад оролцсон И ******* ХХК-иас 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 01/267 тоот албан бичгээр Сангийн яамны Хууль, зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтэст гомдол гаргасан, И ******* ХХК-иас гаргасан гомдлыг хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэг болон Сангийн сайдын 2019 оны 131 дүгээр тушаалаар батлагдсан Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам-д заасны дагуу захиалагчаас ирүүлсэн холбогдох баримт материалд үндэслэн хянан үзсэн, И ******* ХХК-ийн гомдолд тухайн компанийн тендерээс түншлэлийн гишүүн нь тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.2.1-д заасан Шүүхийн тусгай архивын лавлагаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолтыг цахим хэлбэрээр ирүүлээгүй, итгэмжлэгдсэн лабораторийн элементийн болон эрдсийн шинжилгээнд кальцийн исэлийн хэмжээ байхгүй нь ТШЗ 18.6.8-д заасан шаардлагыг хангаагүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байх тул хянаж өгөхийг хүссэн байдаг. Гомдолд дурдсаны дагуу И ******* ХХК болон С******* ХХК-ийн түншлэлийн тендерийг хянан үзэхэд:

1.И ******* ХХК-ийн С******* ХХК-ийн түншлэлийн тендерт 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 2023/1439 дугаартай Итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний дүнг хавсарган ирүүлсэн. Уг шинжилгээний дээжийн дүнд CaO элементийн хэмжээг 5.11 хувь гэж байгаа нь захиалагчийн боловсруулсан тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.6.8-ын 7-д заасан Дээжийг итгэмжлэгдсэн лабораторид элементийн болон эрдсийн шинжилгээ хийлгэсэн байх. Хүхэр бууруулагч болох Кальцийн исэл (СаO) 5 хувиас доошгүй байх, гэсэн шаардлагыг хангаагүй гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй.

2. Худалдан авах ажиллагааны цахим системээр С******* ХХК-ийн Шүүхийн тусгай архивын лавлагаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт зэрэг материалыг илгээгээгүй байна. Захиалагч тухайн тендерийг тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.2.1-д заасан Шүүхийн тусгай архивын лавлагаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолтыг цахим хэлбэрээр авна. Тендерт оролцогч худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-д өөрийн тоон гарын үсэг ашиглан тендерийн нээлт хийхээс 3-аас доошгүй хоногийн өмнө нэвтрэн орж, шүүхийн тусгай архивын лавлагаа цахимаар илгээдэг болохыг анхаарна уу. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт авах хүсэлтийг тендерт оролцогч Худалдан авах ажиллагааны цахим системд өөрийн тоон гарын үсэг ашиглан тендерийн нээлтээс өмнө хүчин төгөлдөр тодорхойлолтыг цахим хэлбэрээр ирүүлнэ... гэсэн шаардлагыг хангаагүй гэж үнэлсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна. гэжээ.

3.1.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч И ******* ХХК нь Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 11/7280 тоот Гомдол хянасан тухай албан бичгийг 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр шуудангаар хүлээж авсан. Тухайн албан бичгийн 1 дэх заалтад итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний бичгийг ирүүлээгүй татгалзсан захиалагчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж И ******* ХХК-ийн гомдлыг хангаж шийдвэрлэсэн.

Харин 2 дахь заалтад С******* ХХК-ийн шүүхийн тусгай архивын лавлагаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт зэрэг материалыг ирүүлэх шаардлагыг хангаагүй гэж үзэж захиалагчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзсэн. С******* ХХК нь шүүхийн тусгай архивын лавлагаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолтоо авсан. Хариуцагчийн зүгээс дээрх лавлагаа, тодорхойлолтыг илгээгээгүй гэж тайлбарладаг боловч илгээх гэдэг зүйл байхгүй. Харин холбоос дээрээ байж байдаг. Захиалагч Т******* ХХК-ийн тендертэй холбоотой тодорхойлолтод нэр нь заагдсан байхад үүнийг илгээгээгүй гэж байгаа нь манай компанийн эрх ашгийг хөндөж байна. Иймд Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 11/7280 тоот албан бичгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

3.1.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 11/7280 тоот албан бичиг нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3, 55.3.1, 55.3.2, 55.3-т зааснаар тендерт оролцогчийн гомдлыг бүхэлд нь шийдвэрлэх байсан. Гэтэл гомдлын зарим хэсгийг хангаж, тухайн тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэх, түдгэлзүүлэх асуудлыг шийдвэрлэсэн байдал нь дээрх хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Яагаад гэхээр Сангийн яамнаас маргаан бүхий албан бичиг гараагүй байсан бол И ******* ХХК нь тухайн тендерт шалгарах бүрэн боломжтой байсан. Иймд Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 11/7280 тоот актын улмаас нэхэмжлэгчийн эрх ашиг ноцтой зөрчигдөж байна гэж үзэж байна.

3.2.1.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И ******* ХХК-ийн гаргасан гомдлыг Сангийн яаманд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, мөн Сангийн сайдын 2019 оны 131 дүгээр тушаалаар батлагдсан тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг журамд заасны дагуу захиалагчаас ирүүлсэн үнэлгээг тендер шалгаруулалттай холбогдох үнэлгээний материалд үндэслээд хянан үзсэн. Гомдлын агуулга нь:

1.И ******* ХХК-ийн түншлэлийн гишүүн нь тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.2.1-д заасан шүүхийн тусгай архивын лавлагаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолтыг цахим хэлбэрээр ирүүлээгүй талаар,

2. Итгэмжлэгдсэн лабораторийн элементийн болон эрдсийн шинжилгээнд кальцийн исэлийн хэмжээ байхгүйгээс тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.6.8-д заасан шаардлагыг хангаагүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа учир хянаж өгөхийг хүссэн гомдлыг манайд гаргасан. Лабораторийн шинжилгээний талаар хүлээн зөвшөөрдөг учраас үүнийг тайлбарлах шаардлагагүй гэж үзэж байна.

Гомдлын хүрээнд шийдсэн асуудал нь И ******* ХХК нь түншлэгч С******* ХХК-тай тендер сонгон шалгаруулалтад орсон. Цахимаар тендерийн материалыг шалгаад үзэхэд И ******* ХХК нь материалаа илгээсэн, харин түншлэгч С******* ХХК-ийн шүүхийн тусгай архивын лавлагаа болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолтоо илгээгээгүй байсан. Нотлох баримт судлах шатанд цахим систем рүү нэвтэрч энэ байдлыг харах бүрэн боломжтой байгаа гэв.

3.2.2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Огийн ярьсан зүйлийг цахим систем рүү ороод харах бүрэн боломжтой. Түүнчлэн захиргааны хэргийн шүүх нэхэмжлэлийг хүлээн авч нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ гэхэд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь сэргэсэн байх ёстой байдаг. Хэрэв сэргэхгүй тохиолдолд шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх нөхцөл хангагдахгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхгүй байх нь хууль зүйн хувьд үндэслэлтэй байдаг. Гомдол хянасан тухай Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 11/7280 тоот албан бичгийг шүүх хүчингүй болгож шийдвэрлэлээ гэхэд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэх нь тодорхойгүй байгаа. Өөрөөр хэлбэл тухайн албан бичгийг хүчингүй болгоход нэхэмжлэгч этгээд тендерт шалгарсан гэх үндэслэл болохгүй. Мөн нэхэмжлэгч этгээдтэй гэрээ байгуулах үндэслэл болохгүй. Иймд маргаан бүхий албан бичгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгч И ******* ХХК-ийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь сэргэх нь тодорхойгүй байна гэдгийг шүүх анхаарч үзээсэй гэж хүсэж байна.

Шүүх хуралдааны нотлох баримт шинжлэн судлахад шатанд Шүүхийн тусгай архивын лавлагаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолтыг ямар нэгэн байдлаар цахим систем рүү илгээсэн гэдэг нь нотлогдсонгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлж байгаа тайлбар болон тухайн үед мөрдөгдөж байсан журмын зохицуулалтын дагуу тендерийн материалыг татаж авах, илгээх гэдэг нь өөр өөр зохицуулалтуудыг агуулдаг. Тэр ч утгаараа өөр өөр эрх зүйн үр дагавар бий болгож байдаг. Иймд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдааны үед цахим системээр шинжлэн судалсан нотлох баримт, талуудын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчөөс захиалагч Т******* ХХК, түүний Үнэлгээний хорооны шийдвэртэй маргахгүй гэдгээ илэрхийлсэн тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар шүүх хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийхгүй.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болохоос өмнө зарласан тендер шалгаруулалтыг 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдөр баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулж дуусгана. гэж заасны дагуу уг тендер шалгаруулалтыг зохион байгуулах үед мөрдөгдөж байсан 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг хэрэглэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Нэхэмжлэгчээс И ******* ХХК болон түншлэгч С******* ХХК тендерийн баримт бичгийг цахим системээр бүрэн илгээсэн бөгөөд тендерт шалгарах боломжтой байсан, ...Сангийн яаманд гаргасан гомдолдоо С******* ХХК-ийн шүүхийн тусгай архивын лавлагаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолтыг гаргаж өгсөөр байхад захиалагчийн хууль бус шийдвэрийг зөвтгөсөн нь үндэслэлгүй, хариуцагчаас тендерт оролцогчийн гомдлын зарим хэсгийг нь хангаж шийдвэрлэснээр И ******* ХХК тендер шалгаруулалтад шалгарч, гэрээ байгуулах эрхтэй болсон, эсхүл тендер шалгаруулалтыг үргэлжлүүлж байгаа эсэх талаар тодорхойгүй байдал бий болгож, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн гэж, хариуцагчаас захиалагчаас ирүүлсэн тендер шалгаруулалттай холбоотой үнэлгээний материал, цахим системд үндэслэн И ******* ХХК-ийн гомдлыг хянан үзэхэд түншлэлийн гишүүн С******* ХХК цахим системээр шүүхийн тусгай архивын лавлагаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолтыг илгээгүй болох нь тогтоогдсон, иймд тендерийн баримтын баримт бичигт заасан шаардлага хангаагүй гэж үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж дүгнэсэн Сангийн яамны гомдол хянасан шийдвэр хуульд нийцсэн гэж тайлбарлан маргаж байна.

Нэг.Шүүхэд тогтоогдсон үйл баримтын тухайд:

1.1.ТТТХХК/202301095 дугаартай Барьцалдуулагч худалдан авах тухай 3 багц бүхий тендерийг баримт бичгийг Үнэлгээний хорооны 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 2 дугаар, 8 дугаар сарын 25-ны өдрийн 3 дугаар хурлаар тус тус хэлэлцэн баталжээ.[2]

1.2.Т******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр баталсан Тендерийн баримт бичгийн 2 дугаар бүлэг Тендерийн өгөгдлийн хүснэгт /ТӨХ/-ийн Тендер шалгаруулалтын зааварчилгаа /ТШЗ/-ны 17.2.1[3]-д Шүүхийн тусгай архивын лавлагаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолтыг цахим хэлбэрээр авна.

-Тендерт оролцогч Худалдан авах (www.tender.gov.mn)-д өөрийн үндэсний ажиллагааны цахим систем тоон гарын үсэг ашиглан тендерийн нээлт хийхээс 3-аас доошгүй хоногийн өмнө нэвтрэн орж шүүхийн тусгай архивын лавлагаа авах хүсэлтийг илгээх бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл хянан үзэж лавлагаа цахимаар илгээдэг болохыг анхаарна уу.

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт авах хүсэлтийг тендерт оролцогч Худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-д өөрийн үндэсний тоон гарын үсэг ашиглан тендерийн нээлтээс өмнө хүчин төгөлдөр тодорхойлолтыг цахим хэлбэрээр ирүүлнэ. Жич: Дээрх 2 лавлагаа авах зааварчилгааmaŭ www.tender.gov.mn цахим системийн хэрэглэгчийн хөтөч цэсээс танилцана уу гэж заасан байна.

1.3.Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн нотлох баримт шинжлэн судлах шатанд Худалдан авах ажиллагааны цахим систем(www.tender.gov.mn)-ээр нэхэмжлэгч И ******* ХХК Шүүхийн тусгай архивын 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 23-2/33734 дугаартай лавлагаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Шийдвэр гүйцэтгэх албаны шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй талаарх тодорхойлолтыг тус тус татан авч, илгээсэн, харин түншлэгч С******* ХХК-ийн шүүхийн тусгай архивын лавлагаа, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолтыг цахим системээр илгээгээгүй болох нь тогтоогдсон.

1.4.Мөн хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Х******* ХХК итгэмжлэгдсэн лабораторийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн шинжилгээний дүнгээр[4] И ******* ХХК-ийн дээжид Магни исэл (MgO) 5.02 хувь, Кальцийн исэл (CaO) 5.11 хувь байгаа болох нь тогтоогдож байгаа тул тендерийн баримт бичгийн ТӨХ-ийн ТШЗ-ны 18.6.8-д заасан Техникийн чадавх болон туршлагын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангахыг нотлох бусад баримт гээд 7-д Дээжийг итгэмжлэгдсэн лабораторид элементийн болон эрдсийн шинжилгээ хийлгэсэн байх. Хүхэр бууруулагч болох Кальцийн исэл (CaO) 5 хувиас доошгүй, Магни исэл (MgO) 5 хувиас багагүй байх шаардлагыг нэхэмжлэгч И ******* ХХК хангасан гэж үзнэ.

Хууль хэрэглээний тухайд:

1.5.2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д Тендерт оролцогч нь ...захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад ...ажлын 5 өдрийн дотор гаргана, 55.2-т Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ...энэ хуулийн 55.1-д заасан гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ... 55.3-т Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, ...гомдлыг авч хэлэлцээд захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараахь шийдвэр гаргана: 55.3.1.энэ хуулийг зөрчсөн захиалагчийн үйлдэл буюу шийдвэрийг хэсэгчлэн, эсхүл бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх; 55.3.2.тухайн асуудалд хуулийн ямар заалт хэрэглэхийг заах; 55.3.3.зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах гэж заасан.

1.6.Мөн Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д Иргэн, хуулийн этгээд гомдлоо ...гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана., 98 дугаар зүйлийн 98.1-д Энэ хуулийн 93 дугаар зүйлд заасан захиргааны байгууллага гомдлыг хянан үзээд дараах захиргааны актын аль нэгийг гаргана: 98.2-т Энэ хуулийн 98.1-д заасан захиргааны актыг холбогдох захиргааны байгууллага заавал биелүүлнэ. гэж зохицуулжээ.

1.7.Хуулийн дээрх хэм хэмжээнээс үзэхэд, тендер шалгаруулалтад оролцсон хуулийн этгээд захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гомдлоо зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргахаар зохицуулсан, ийнхүү гаргасан гомдлыг Сангийн яам урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянан шийдвэрлэх бөгөөд гомдол шалган шийдвэрлэх байгууллага болохын хувьд Сангийн яамны шийдвэрийг захиалагч заавал биелүүлэх үүрэгтэй байна.

1.8.Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Сангийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 131 дүгээр тушаалаар батлагдсан Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журмын 6.1-д Сангийн яам нь гомдолд дурдсан тендер шалгаруулалтын ажиллагааг хууль, холбогдох дүрэм, журам, зааварт нийцэж явагдсан эсэхийг захиалагчаас ирүүлсэн баримт бичиг, мэдээлэлд үндэслэн гомдлын хүрээнд хянан үзэж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана. Үүнд:, 6.1.1-д захиалагчийг хууль зөрчсөн гэж үзвэл хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасан шийдвэрийг гаргах, 6.1.2-т захиалагчийг хууль зөрчөөгүй гэж үзвэл энэ тухай гомдол гаргагч болон захиалагчид албан бичгээр мэдэгдэх гэж хариуцагч Сангийн яамны урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар гомдлыг хянаж, гаргах шийдвэрийн төрлийг тодорхойлжээ.

1.9.Дээрхээс нэгтгэн үзвэл И ******* ХХК болон С******* ХХК-ийн түншлэлийн тендер нь ТТТХХК/202301095 дугаартай Барьцалдуулагч худалдан авах тухай тендерийн баримт бичгийн ТШЗ-ны 18.6.8-ын 7-д заасан дээжийг итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээ хийлгэсэн байх шаардлагыг хангаагүй гэж үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй, ТШЗ-ны 17.2.1-д заасан шүүхийн тусгай архивын лавлагаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолтыг цахим хэлбэрээр илгээсэн байх шаардлагыг хангаагүй гэж үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж дүгнэсэн Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 11/7280 дугаартай Гомдол хянасан тухай шийдвэр хууль тогтоомжид нийцсэн байна.

1.10.Өөрөөр хэлбэл, тендерт оролцогч захиалагчийн шийдвэртэй холбогдуулан Сангийн яаманд хэд хэдэн үндэслэлээр гомдол гаргасан бөгөөд тухайн гомдлын үндэслэл нэг бүрийг хангасан /захиалагчийн шийдвэр бүхэлдээ хууль зөрчсөн/ тохиолдолд 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасан аль нэг шийдвэрийг Санхүү төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас гаргахаар байна.

1.11.Харин тендерт оролцогчийн гаргасан хэд хэдэн гомдлоос нэг нь хангагдаагүй /тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэр аль нэг нь үндэслэлтэй/ тохиолдолд захиалагчийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгох, өөрчлөх шийдвэрийг Сангийн яам гаргах боломжгүй.

Учир нь 2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ: 27.1.1.энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага; 27.1.2.техникийн тодорхойлолт; 27.1.3.тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага., 27.3-т Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ, 27.4-т Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана гэж зааснаар тендер тус бүр тендерийн баримт бичигт заасан нөхцөл шаардлагыг хангасан эсэхийг хянан үзэж, бүх нөхцөлийг хангасан тендерийг шаардлагад нийцсэн тендер гэж үзэж, шалгаруулах үүрэгтэй бөгөөд шаардлагад нийцээгүй тендерээс татгалзахаар хуульчилсан байна.

1.12.ТТТХХК/202301095 дугаартай Барьцалдуулагч худалдан авах тухай 3 багц бүхий тендерийг баримт бичгийн ТШЗ-ын 17.2.1-д заасан шалгуур үзүүлэлтийг И ******* ХХК-ийн тендерийн хангаагүй гэж үзэж татгалзсан захиалагч Т******* ХХК болон Үнэлгээний хорооны шийдвэртэй нэхэмжлэгч маргаагүй, захиалагчийн тус шийдвэр үндэслэлтэй болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлгийн нотлох баримт шинжлэн судлах шатанд тогтоогдсон тул хариуцагч Сангийн яамны гомдлыг урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянасан 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 11/7280 тоот шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Иймд дээрх үндэслэлээр шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.2005 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан И ******* ХХК-иас Сангийн яаманд холбогдуулан гаргасан Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 11/7280 тоот албан бичгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ГАНЗОРИГ