| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2024/00281/И |
| Дугаар | 130/ШШ2024/00496 |
| Огноо | 2024-05-14 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 130/ШШ2024/00496
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, шүүгч А.Жархынгүл, шүүгч Б.Мангилик, нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б аймгийн А сумын *** дүгээр багт оршин суудаг, утас *********, И овогт И.Ү,
Хариуцагч: Б аймгийн А сумын *** дүгээр багт үйл ажиллагаа явуулах, Б аймгийн А сумын Засаг дарга /А.А/;
Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 20,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч И.Ү,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Н,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С,
Иргэдийн төлөөлөгч Х.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ердос.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч И.Ү хариуцагч Б аймгийн А сумын Засаг даргад холбогдуулан “гэм хорын хохиролд 20,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Миний бие И.Ү Б аймгийн А сумын *** дүгээр багийн нутаг дэвсгэр Цагаан толгой хэмээх газарт ******** нэгж талбарын дугаартай 700 м.кв бүхий газар эзэмшдэг юм. Мөн тухайн газарт 180 м.кв талбайтай 6 өрөө үл хөдлөх хөрөнгийг эхнэр болон 2 хүүхдийн хамт өмчилж амьдарч байна. Миний бие тус суманд олон жил мал маллаж амьдарч байгаа бөгөөд надад улсаас 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн ********* дугаартай “малчны мэргэжлийн үнэмлэх” олгож байсан.
1.2.Манай гэр бүлийн эзэмшдэг газрын урьд талд байдаг 3200 м.кв талбайтай газрыг эзэмшиж, ашиглах хүсэлтийг 2021 онд А сумын Засаг даргад гаргаж, улмаар 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаартай албан бичгээр тухайн газрыг хашиж хамгаалах буюу хашаа татаж ашиглах эрхийг олгож байсан. Улмаар, миний бие уг зөвшөөрлийн дагуу төмөр тор хашаа татахаар Төрийн банкнаас 15,000,000 төгрөгийн зээл авч, өөрийн 3 адуугаа 5 сая төгрөгөөр худалдаж, нийт 20,000,000 төгрөгийн зардал гаргасан юм. Уг төслийн зээлийг малын тоо толгойг өсгөх, малын үүлдэр, угсааг сайжруулах, малын ашиг шимийг дээшлүүлэх зорилгоор авсан бөгөөд зээлийг бүхэлд нь торон хашаа татах, татсан хашаанд ус оруулахад зарцуулж байсан юм.
1.3.Тодруулбал, хашааг татахын тулд дараах зардлуудыг бодитоор гаргаж байсан. Үүнд:
1.3.1.Х ХХК-аас шургааг мод нийт 1000 ширхгийг нэг бүрийн 8,000 төгрөгөөр нийт 8,000,000 төгрөгөөр худалдаж авсан;
1.3.2.С ХХК-аас 2,000 ширхэг торыг нийт 3,000,000 төгрөгөөр худалдаж авсан;
1.3.3.А.Е болон Х.Е-ы нарт трактороор Сагсай хэмээх голоос суваг, шуудуу татаж, торон хашаанд ус оруулсан бөгөөд суваг, шуудуу болон ажлын хөлсөнд 5,400,000 төгрөг төлсөн;
1.3.4.Мөн торон хашаа барихад нийт 6 хүн 15 хоногт ажилласан ба нэг ажилчин 600,000 төгрөгийн ажлын хөлс авч нийт 3,600,000 төгрөг төлсөн;
1.4.Гэтэл А сумын 3асаг дарга 2023 оны 06 дугаар 22-ны өдрийн *** дугаартай “Зөвшөөрөлгүй баригдсан торон хашааг албадан буулгаж, газрыг чөлөөлөх ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулах тухай” гэх захирамжаар миний татсан хашааг 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрүүдэд албадан буулгаж, газрыг чөлөөлсөн болно. Тус захирамжийг миний бие эсэргүүцээгүй боловч 2021 онд надад албан бичгээр хашаа татаж, эзэмшиж, ашиглахыг зөвшөөрсөн байсан.
1.5.Тухайн үед миний бие Засаг даргын шийдвэр, зөвшөөрлийн дагуу торон хашаанд их хэмжээний зардал гаргаж, хадлан болон мал оруулах хашаа татан ашиглаж явж байхад ийнхүү эсрэг тэсрэг захирамж гарган хашааг татан буулгаснаас болж надад дээр дурдсан хохирлууд гарсан. Хэрэв анхнаасаа надад тор харшаа татах зөвшөөрөл олгоогүй байсан бол би зардал гаргаж хашаа татахгүй байсан юм. Тус захиргааны байгууллага анх зөвшөөрлийн бичгийг олгохдоо надад итгэл төрүүлсэн бөгөөд энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д зааснаар миний хууль ёсны итгэлийг хамгаалагдах ёстой билээ.
1.6.Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй.” гэж, 101 дүгээр зүйлийн 101.1-д “Иргэний хуулийн 498.2-т заасны дагуу захиргааны байгууллагын гаргасан алдааны улмаас учруулсан хохирлыг төр хариуцна.” гэж, 101.2-д “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна.” гэж тус тус заасны дагуу А сумын Засаг дарга болон тамгын газраас нэхэмжилж байна.
1.7.Иймд, Б аймгийн А сумын Засаг даргын буруутай үйл ажиллагааны улмаас И.Ү надад учирсан 20,000,000 төгрөгийн гэм хорыг буруутай захиргааны байгууллагаас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч Б аймгийн А сумын Засаг дарга А.А болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:
2.1.Б аймгийн А сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн *** дугаартай “Торон хашааг буулгах тухай” тогтоол батлагдаж, уг тогтоолыг амьдралд хэрэгжүүлж ажиллахыг тус сумын Засаг даргад даалгасан байна. Б аймгийн А сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн *** дугаартай “Зарим иргэдийн торон хашааг албадан буулгаж, газрыг чөлөөлөх ажлыг зохион байгуулах тухай”, мөн сумын Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн *** дугаартай “Зөвшөөрөлгүй баригдсан торон хашааг албадан буулгаж, газрыг чөлөөлөх ажлыг үргэлжлүүлэн зохион байгуулах тухай” захирамжууд гарсан байна.
2.2.Б аймгийн А сумын Засаг даргаас 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр *** дугаартай мэдэгдэх хуудсыг А сумын *** дүгээр багийн иргэн И.Ү-д, 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр *** дугаартай мэдэгдэх хуудсыг Ү-ийн хүү Ж-т тус тус хүргүүлэн зөвшөөрөлгүй барьсан торон хашаануудыг өөрсдийн санаачилгаар буулгахыг мэдэгдэж байсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч гэх И.Ү нь А сумын *** дүгээр багийн нутаг дэвсгэрээс зөвшөөрөлгүй торон хашаа татсан асуудлыг албадан буулгах тухай асуудлыг тухайн үед мэдэж байсан юм.
2.3.Гэвч сумын Засаг даргаас байгуулсан ажлын хэсгийнхэн удаа дараа зөвшөөрөлгүй торон хашаа татсан иргэдтэй очиж уулзахад тэдний зүгээс торон хашаануудыг албадан буулгахыг эсэргүүцэж байсан юм. Энэ асуудлаар тухайн үед аймгийн Цагдаагийн газарт ч хүсэлт гарган сумын хэсгийн төлөөлөгч, хэв журмын цагдаагийн туслалцаа авч байсан. Эрх бүхий байгууллагаас удаа дараа гарсан шийдвэрийг А сумын *** дүгээр багийн иргэн И.Ү нь сайн дураар биелүүлэхээс татгалзсан тул 2023 оны 06 дугаар сарын сүүлийн 7 хоногт ажлын хэсгийнхэн тус сумын цагдаагийн байгууллагатай хамтран иргэн И.Ү-ийн хууль бусаар татсан торон хашааг албадан буулгаж, газрыг чөлөөлсөн юм.
2.4.Төрийн эрх бүхий байгууллага холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг нийтийн эрх ашгийн үүднээс зохион байгуулсан тул И.Ү-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй байна.
2.5.Иймээс И.Ү-ийн тус шүүхэд гаргасан “Б аймгийн А сумын Засаг даргын буруутай үйл ажиллагааны улмаас учирсан гэм хорын хохиролд 20,000,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.
3.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Х.А: Миний ойлгосноор А сумын Засаг дарга зөвшөөрөл олгосон байна. Хувь хүн материалын алдагдалтай байна. Ажлын хөлс гаргасан байна. Төрийн банкнаас 15,000,000 төгрөгийн зээл авсан байна. Адуугаа зарж 5,000,000 төгрөг гаргасан байна. Засаг дарга А.А буруутай байна. Хувь хүн их хэмжээний зардал гаргасан байна. Хувь хүний зөв байна гэсэн дүгнэлт гаргажээ.
4.Нэхэмжлэгчээс 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хэвлэсэн №************** дугаартай Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2011 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр олгосон №*********** дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Б аймгийн А сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаар албан бичиг, 2013 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн бүртгэлийн *********** дугаартай Малчин мэргэжлийн үнэмлэх, Х ХХК-ийн захирал Х.Х-ийн 2024 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн тодорхойлолт, С ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №*** дугаартай Зарлагын баримт, MN************ дугаартай зээлийн дансны төлбөрийн хуваарь, И.Ү-н эзэмшлийн Төрийн банкны ***************** дугаартай зээлийн дансны харилцагчийн хуулга, “Цагаан толгой өвөлжөөний дээд талд төмөр барих, трактороор шудуу татсан, ус ирүүлэх сувгийг цэвэрлэх, тор татах ажлуудыг хийсэн, гүйцэтгэсэн хүмүүсийн жагсаалт” гэх гарчиг бүхийн гараар үйлдсэн хүснэгт, “А сумын ***-р багийн малчин И.Ү миний Цагаан толгой өвөлжөөний дээд талд барьсан төмөр торонд ажилласан хүмүүсийн цалин хөлс, тракторчийн хөлс, худалдаж авсан материалын үнэ зэрэг зардлуудын тооцоо” гэх гарчиг бүхий гараар үйлдсэн хүснэгт, Х.Е-н 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн баримт, А.Е-ны 2021 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн баримт, Өвөлжөөний 4 ширхэг гэрэл зураг, “С голоос Цагаан толгой хэмээх газарт суваг, шуудуу гаргасан зураг” гэх гарчиг бүхий 3 ширхэг гэрэл зураг, “Б аймгийн Алтай сумын Засаг даргын 2023.06.22-ны өдрийн *** захирамжаар торон хашааг буулгасан байдал” гэх гарчиг бүхий 3 ширхэг гэрэл зураг зэрэг бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
5.Хариуцагчаас Б аймгийн А сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 14 дүгээр албан бичиг, Б аймгийн А сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн *** дугаар хуралдааны тогтоол, Б аймгийн А сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Зарим иргэдийн торон хашааг албадан буулгаж, газрын чөлөөлөх ажлыг зохион байгуулах тухай” ******** дугаар захирамж, Б аймгийн А сумын Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Зөвшөөрөлгүй баригдсан торон хашааг албадан буулгаж, газрыг чөлөөлөх ажлын үргэлжлүүлэн зохион байгуулах тухай” А/**** дугаар захирамж хавсралтын хамт, Б аймгийн А сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар 17-ны өдрийн *** дугаар Б аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Ө.Т-д хаягласан албан бичиг хавсралтын хамт, Б аймгийн А сумын Засаг даргын Тамгын газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн *** дүгээр Аймгийн Төрийн захиргааны удирдлагын хэлтэст хандсан “Албан тоотын хариу хүргүүлэх тухай” албан бичиг, Б аймгийн А сумын Засаг даргын 2023 оны 06 дугаар 22-ны өдрийн *** дугаар Б аймгийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Ө.Т-д хаягласан албан бичиг, Б аймгийн А сумын Засаг даргын 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн *** дугаар *** дүгээр багийн иргэн И.Ү-т хаягласан “Мэдэгдэх хуудас хүргүүлэх тухай” албан бичиг, Б аймгийн А сумын Засаг даргын 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн *** дугаар 4 дүгээр багийн иргэн Ү.Ж-т хаягласан “Мэдэгдэх хуудас хүргүүлэх тухай” албан бичиг, А сумын *** дүгээр багийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн газарт зөвшөөрөлгүй баригдсан торон хашааг албадан буулгасан ЗДТГ-ын дарга А.О-р ахлуулсан ажлын хэсгийн илтгэх хуудас зэрэг бичгийн нотлох баримтуудыг гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
6.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
7.Нэхэмжлэгч И.Ү дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Миний бие И.Ү Б аймгийн А сумын *** дүгээр багийн нутаг дэвсгэр Цагаан толгой хэмээх газарт 700 м.кв бүхий газар эзэмшдэг юм. Манай гэр бүлийн эзэмшдэг газрын урьд талд байдаг 3200 м.кв талбайтай газрыг эзэмшиж, ашиглах хүсэлтийг А сумын Засаг даргад гаргаж, улмаар албан бичгээр тухайн газрыг хашиж хамгаалах буюу хашаа татаж ашиглах эрхийг олгож байсан. Улмаар, миний бие уг зөвшөөрлийн дагуу төмөр тор хашаа татахад нийт 20,000,000 төгрөгийн зардал гаргасан юм. Гэтэл А сумын 3асаг дарга захирамжаараа миний татсан хашааг албадан буулгаж, газрыг чөлөөлсөн. Тухайн үед миний бие Засаг даргын шийдвэр, зөвшөөрлийн дагуу торон хашаанд их хэмжээний зардал гаргаж, хадлан болон мал оруулах хашаа татан ашиглаж явж байхад хашааг татан буулгаснаас болж надад 20,000,000 төгрөгийн хохирол учирсан. Хэрэв анхнаасаа надад тор харшаа татах зөвшөөрөл олгоогүй байсан бол би зардал гаргаж хашаа татахгүй байсан юм. Иймд, Б аймгийн А сумын Засаг даргын буруутай үйл ажиллагааны улмаас надад учирсан 20,000,000 төгрөгийн гэм хорыг буруутай захиргааны байгууллагаас гаргуулж өгнө үү.
8.Хариуцагч Б аймгийн А сумын Засаг дарга нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... Б аймгийн А сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал “Торон хашааг буулгах тухай” тогтоол баталж, уг тогтоолыг амьдралд хэрэгжүүлж ажиллахыг тус сумын Засаг даргад даалгасан байна. Б аймгийн А сумын Засаг даргаас мэдэгдэх хуудсыг иргэн И.Ү-д болон Ү-н хүү Ж-т тус тус хүргүүлэн зөвшөөрөлгүй барьсан торон хашаануудыг өөрсдийн санаачилгаар буулгахыг мэдэгдэж байсан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч И.Ү нь А сумын *** дүгээр багийн нутаг дэвсгэрээс зөвшөөрөлгүй торон хашаа татсан асуудлыг албадан буулгах тухай асуудлыг тухайн үед мэдэж байсан юм. Эрх бүхий байгууллагаас удаа дараа гарсан шийдвэрийг А сумын *** дүгээр багийн иргэн И.Ү нь сайн дураар биелүүлэхээс татгалзсан тул 2023 оны 06 дугаар сарын сүүлийн 7 хоногт ажлын хэсгийнхэн тус сумын цагдаагийн байгууллагатай хамтран иргэн И.Ү-н хууль бусаар татсан торон хашааг албадан буулгаж, газрыг чөлөөлсөн юм. Төрийн эрх бүхий байгууллага холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг нийтийн эрх ашгийн үүднээс зохион байгуулсан тул И.Ү-н нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй байна.
9.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
9.1.Нэхэмжлэгч И.Ү А сумын Засаг даргын 2023 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн А/*** тоот шийдвэрийг үндэслэн Б аймгийн А сумын *** дүгээр багийн нутаг дэвсгэр Цагаантолгой гэх газарт нэгж талбарын ************ дугаартай 700 м.кв газрын өвөлжөө, хаваржааны зориулалтаар 40 жилийн хугацаатай эзэмшдэг болох нь 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хэвлэсэн №******** дугаартай “Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ”-ээр,
мөн нэхэмжлэгч И.Ү, К.Ж, Ү.Б, Ү.Р нар Б аймгийн А сумын *** дүгээр багт байршилтай өвлийн сууцны зориулалттай 180 м.кв талбайтай 6 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг өмчилдөг болох нь Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2011 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр олгосон №********** дугаартай “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-ээр тус тус тогтоогдож байна.
9.2.Б аймгийн А сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаар албан бичигт: “Тус сумын 4 дүгээр багийн иргэн И.Ү нь Цагаан толгой гэдэг газарт оршин суудаг ба сумын Засаг даргын 2003 оны *** тоот захирамжаар 1500м2 газрыг 20 жилийн хугацаатай эзэмшүүлсэн газартай юм. Дээрх өвөлжөөний газрын урьд талд 3200м2 хадлангийн талбайтай ба цаашид хашиж хамгаалан ашиглах бүрэн боломжтой болохыг тодорхойлов” гэсэн байна.
9.3.Улмаар нэхэмжлэгч И.Ү нь 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдөр шургаа мод 1000 ширхэг нэг бүрийн үнэ 8000 төгрөгөөр бүгд дүн 8,000,000 /найман сая/ төгрөгөөр бодож худалдан авсан нь Х ХХК-ийн захирал Х.Х бичсэн тодорхойлолтоор, мөн С ХХК-аас 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдөр 2000 метр хашааны тор худалдаж авсан болох нь С ХХК-ийн 2021 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн №*** дугаартай Зарлагын баримтаар тус тус тогтоогдож байна.
9.4.Б аймгийн А сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн *** дугаар “Торон хашааг буулгах тухай” хуралдааны тогтоолоор “... тус сумын *** дүгээр багийн газар нутагт зөвшөөрөлгүй, бэлчээр хамгаалах зорилгоор татсан торон хашааг буулгаж нийтийн хэрэгцээний бэлчээрийн талбай болгон хэрэглэхээр зөвшөөрч, энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг сумын Засаг дарга А.А-д үүрэг болгосон байна.
Мөн Б аймгийн А сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга С.Е 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн *** дүгээр албан бичгээр Сумын Засаг дарга А.А-д хаяглаж тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит 7 дугаар хуралдаанаар *** дүгээр багийн газар нутагт татсан торон хашааг буулгах талаар гаргасан шийдвэрийн дагуу ажил зохион байгуулан дараагийн хуралдаанд биелэлтийг нь танилцуулж хамтран ажиллахыг мэдэгдсэн байна.
9.5.Энэхүү Б аймгийн А сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн *** тоот тогтоолын хэрэгжилтийг хангуулан ажиллах зорилгоор тус (хариуцагч) сумын Засаг дарга 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр А/*** дугаар “Зарим иргэдийн торон хашааг албадан буулгаж, газрын чөлөөлөх ажлыг зохион байгуулах тухай” захирамж, мөн 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдөр А/*** дугаартай “Зөвшөөрөлгүй баригдсан торон хашааг албадан буулгаж, газрыг чөлөөлөх ажлын үргэлжлүүлэн зохион байгуулах тухай” захирамж гаргасан байна.
Б аймгийн А сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/*** дугаар “Зарим иргэдийн торон хашааг албадан буулгаж, газрын чөлөөлөх ажлыг зохион байгуулах тухай” захирамжаар “...сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн *** тоот тогтоолын хэрэгжилтийг хангуулан ажиллах зорилгоор тус сумын *** дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай зарим иргэдийн торон хашааг албадан буулгаж, газрыг чөлөөлөх ажлыг 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ажлын 5 хоногт багтаан зохион байгуулах, ажлын хэсгийг байгуулан, торон хашааг албадан буулгаж газрыг чөлөөлөх арга хэмжээг хууль тогтоомжид нийцүүлэн удирдан зохион байгуулан ажлын дүнг 2022 оны 10 дугаар сарын 21-ний дотор сумын Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг ажлын хэсгийн ахлагчид үүрэг болгож, энэхүү ажилд Засаг даргын Тамгын газар, Ерөнхий боловсролын 1 дүгээр сургууль, Хүүхдийн цэцэрлэгийн зарим албан хаагчдыг болон Засаг даргын Тамгын газрын балансад бүртгэлтэй байгаа универсал трактор, самосвал авто машиныг дайчлан ажиллуулах” гэж тусгасан байна
Мөн Б аймгийн А сумын Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн А/*** дугаартай “Зөвшөөрөлгүй баригдсан торон хашааг албадан буулгаж, газрыг чөлөөлөх ажлын үргэлжлүүлэн зохион байгуулах тухай” захирамжаар “...Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн *** тоот тогтоолын хэрэгжилтийг хангуулан ажиллах зорилгоор тус сумын *** дүгээр багийн нутаг дэвсгэрт байршилтай зарим иргэдийн торон хашааг албадан буулгаж, газрыг чөлөөлөх ажлыг 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн ажлын 5 хоногт багтаан зохион байгуулж, уг ажлыг удирдан зохион байгуулан ажиллах ажлын хэсгийг байгуулан, торон хашааг албадан буулгаж, газрыг чөлөөлөх арга хэмжээг хууль тогтоомжид нийцүүлэн удирдан зохион байгуулан, ажлын дүнг 2023 оны 06 дугаар сарын 04-ний дотор сумын Засаг даргын зөвлөлийн хуралд танилцуулахыг ажлын хэсгийн ахлагчид үүрэг болгож, энэхүү ажилд сумын Онцгой комиссын мэргэжлийн ангийн бүрэлдэхүүнийг дайчлан ажиллуулахыг Онцгой комиссын штабын дарга бөгөөд Засаг даргын Тамгын газрын дарга А.О-д үүрэг болгож, дайчлан ажиллуулах мэргэжлийн ангийн бүрэлдэхүүний нэрсийг хавсралтаар баталсан байна.
9.6.Б аймгийн А сумын Засаг дарга А.А 2022 оны 10 дугаар 17-ны өдрийн *** дугаар албан бичгээр Б аймгийн Цагдаагийн газрын даргаас А сумын *** дүгээр багийн торон хашаатай зарим иргэд торон хашааг буулгахыг эсэргүүцэж, хүч хэрэглэж, төрийн албан хаагчид болон тээврийн хэрэгсэлд чулуу шидэж, хэл амаар доромжилж, үймээн самуун үүсгэж байгаа ба энэ ажилд сумын Цагдаагийн хэсгийн цагдаа, хэсгийн төлөөлөгч нар хэв сахиулан ажиллаж байгаа боловч уг албан хаагч нарын хүч хүрэхгүй байгаа учраас торон хашаатай ард иргэдийг зохих хууль тогтоомжийн дагуу шалгаж, ага тооцож, бидний ажилд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахыг хүсэж, торон хашааг буулгаж, газрыг чөлөөлөх ажилд эсрэг гарч, төрийн албан хаагчдын үйл ажиллагаанд саад учруулсан иргэдийн жагсаалтыг хавсарган хүргүүлсэн байна. Энэхүү жагсаалтын 23–д Ү-н хүү Ж-н нэр бичигдсэн байна.
Мөн Б аймгийн А сумын Засаг дарга А.А 2023 оны 06 дугаар 22-ны өдрийн *** дугаар албан бичгээр Б аймгийн Цагдаагийн газрын даргаас А сумын *** дүгээр багт торон хашаа татсан иргэдийн торон хашааг буулгах, газрыг чөлөөлж ажилд хэв журам сахиулах ажиллагаанд нэмэлт хүний нөөц гаргаж өгөхийг хүссэн байна.
9.7.Б аймгийн А сумын Засаг даргын Тамгын газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн *** дүгээр “Албан тоотын хариу хүргүүлэх тухай” албан бичгээр “Аймгийн Төрийн захиргааны удирдлагын хэлтэст хандаж тус сумын *** дүгээр багийн иргэн И.А нь Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах төвд хандан гаргасан гомдлыг судлан үзээд *** дүгээр багийн зарим иргэд *** дүгээр багийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй торон хашаа татаж, ихэнх иргэдээс бэлчээр хүрэлцэхгүй байгаа талаар удаа дараа гомдол ирүүлж, 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдөр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэр гарч, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас гарсан *** тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр торон хашааг албадан буулгах захирамж гарч, *** дүгээр багт зөвшөөрөлгүй торон хашаа татсан 15 иргэнд мэдэгдэх хуудас хүргүүлсэн” гэж хариу өгсөн байна.
9.8.Хариуцагч Б аймгийн А сумын Засаг дарга А.А 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн *** дугаартай “Мэдэгдэх хуудас хүргүүлэх тухай” албан бичгээр нэхэмжлэгч И.Ү-т:
- Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийг зөрчиж, нийтээр ашиглах газарт дур мэдэн торон хашаа барьж газрыг хууль бус эзэмшиж байгааг,
- Уг асуудлаар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хурлаар хэлэлцэж зөвшөөрөлгүй баригдсан торон хашааг буулгах тухай А сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2022 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн *** тоот тогтоол гарсныг,
- Зөвшөөрөлгүй баригдсан торон хашааг 10 хоногийн дотор буулгахыг үүгээр албан ёсоор мэдэгдэж,
- Энэхүү хугацаатай мэдэгдлийг хүлээж авсны дараа Газрын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсгийн дагуу газрыг чөлөөлөх үүрэгтэй бөгөөд хэрэв биелүүлээгүй тохиолдолд дээрх хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсгийн дагуу дээрх газрыг албадан буулгах арга хэмжээ авах болно гэдгийг анхааруулсан байна.
Мөн Б аймгийн А сумын Засаг дарга 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн *** дугаартай “Мэдэгдэх хуудас хүргүүлэх тухай” албан бичгээр тус сумын *** дүгээр багийн иргэн буюу нэхэмжлэгч И.Ү-н хүү Ү.Ж-т зөвшөөрөлгүй татагдсан торон хашааг 2023 оны 09 дүгээр сарын 15-ны дотор буулгаж, хураан авахыг мэдэгдсэн байна.
9.9.2024 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн А сумын *** дүгээр багийн нутаг дэвсгэрт нийтийн эзэмшлийн газарт зөвшөөрөлгүй баригдсан торон хашааг албадан булгасан ажлын хэсгийн илтгэх хуудаст: “... 2023 оны 05 дугаар сар хүртэл торон хашаануудыг өөрсдөө буулгаж авах болно гэж иргэддээ найдсан боловч өөрсдөө булгаагүй болохоор дахин мэдэгдэх хуудас хүргүүлэн хашаануудаа буулгаж авахыг шаардаж мэдэгдсэн. Энэхүү мэдэгдэх хуудас хүргүүлсэн үед ч хэн ч хашаагаа буулгаагүй. Тэр өдөртөө багтаан *** дүгээр багийн нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй баригдсан бүх торон хашааг албадан буулгаж эздэдээ өөрсдөө хурааж авахыг санал болгосон” гэсэн байна.
10.Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4 дэх хэсэгт “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”, 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт “Сумын Засаг дарга газрын харилцааны талаар энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ” гэж тус тус заасан байна.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч И.Ү-т А сумын *** дүгээр багийн нутаг дэвсгэрт торон хашаа татсан 3200 м.кв газрыг эзэмшүүлсэн захирамж, эрхийн гэрчилгээ байхгүй тул түүний А сумын Засаг даргын 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаартай албан бичгээр тухайн газрыг хашиж хамгаалах буюу хашаа татаж ашиглах эрхийг олгож байсан” гэх тайлбар нь хууль зүйн үндэслэлгүй, нэхэмжлэгч И.Ү уг газрын хууль ёсны эзэмшигч нь биш байна.
11.Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол сумын Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгөх ба нэхэмжлэгч И.Ү шүүх хуралдаанд Б аймгийн А сумын Засаг дарга А.А 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн *** дугаар албан бичгээр хүргүүлсэн А сумын *** дүгээр багт зөвшөөрөлгүй барьсан торон хашааг буулгах тухай мэдэгдэх хуудсыг хүлээн авсан болохыг зөвшөөрч тайлбар гаргасан ба зөвшөөрөлгүй торон хашаа татах болсон шалтгаанаа “...уг газар хортой өвстэй учраас мал маань хортой өвс идэж хордох эрсдэлээс сэргийлэх үүднээс торон хашаа татсан” гэж тайлбарласан боловч нэхэмжлэгчийн зүгээс зөвшөөрөлгүй торон хашаа татсан газар хортой өвстэй гэх нотлох баримт гаргаж өгөөгүй.
12.Иймд хариуцагч А сумын Засаг дарга 2021 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн *** дугаартай албан бичгээр нэхэмжлэгч И.Ү-т маргаан бүхий газрыг хашиж хамгаалах буюу хашаа татаж ашиглах боломж олгосон ба дараа нь албан буулгах тухай үндэслэл бүхий мэдэгдэх хуудас өгсөн боловч өөрөө сайн дураар буулгаагүй тул албадан буулгасан нь дээрх нотлох баримтаар тогтоогдож байна.
13.Б аймгийн А сумын Засаг даргын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн “Зарим иргэдийн торон хашааг албадан буулгаж, газрын чөлөөлөх ажлыг зохион байгуулах тухай” А/*** дугаар захирамж, Б аймгийн А сумын Засаг даргын 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн “Зөвшөөрөлгүй баригдсан торон хашааг албадан буулгаж, газрыг чөлөөлөх ажлын үргэлжлүүлэн зохион байгуулах тухай” А/*** дугаар захирамжуудыг хууль бус болохыг тогтоосон тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.
14.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, мөн хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ”, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заасан байна.
Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хариуцагч Б аймгийн А сумын Засаг дарга нэхэмжлэгч И.Ү-н эд хөрөнгөд хохирол учруулсан үйл баримт тогтоогдоогүй тул нэхэмжлэгч И.Ү хариуцагч Б аймгийн А сумын Засаг даргаас гэм хорын хохиролд 20,000,000 төгрөг нэхэмжлэх эрхгүй болно.
15.Хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгчээс гаргаж өгсөн MN*************** дугаартай зээлийн дансны төлбөрийн хуваарь, И.Ү-н эзэмшлийн Төрийн банкны ********* дугаартай зээлийн дансны харилцагчийн хуулга нь энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, түүнчлэн нэхэмжлэгчийн гаргаж өгсөн “Цагаан толгой өвөлжөөний дээд талд төмөр барих, трактороор шуудуу татсан, ус ирүүлэх сувгийг цэвэрлэх, тор татах ажлуудыг хийсэн, гүйцэтгэсэн хүмүүсийн жагсаалт” гэх гарчиг бүхийн гараар үйлдсэн хүснэгт, “А сумын ****-р багийн малчин И.Ү миний Цагаан толгой өвөлжөөний дээд талд барьсан төмөр торонд ажилласан хүмүүсийн цалин хөлс, тракторчийн хөлс, худалдаж авсан материалын үнэ зэрэг зардлуудын тооцоо” гэх гарчиг бүхий гараар үйлдсэн хүснэгт, Х.Е-ийн 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн баримт, А.Е-ы 2021 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн баримт, Өвөлжөөний 4 ширхэг гэрэл зураг, “Сагсай голоос Цагаан толгой хэмээх газарт суваг, шуудуу гаргасан зураг” гэх гарчиг бүхий 3 ширхэг гэрэл зураг, “Б аймгийн А сумын Засаг даргын 2023.06.22-ны өдрийн А/*** захирамжаар торон хашааг буулгасан байдал” гэх гарчиг бүхий 3 ширхэг гэрэл зураг зэрэг нотлох баримтуудыг хэн, хэрхэн, хэзээ үйлдсэн болох нь тодорхой бус байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй болно.
16.Шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь үндэслэлтэй гэж дүгнэлт гаргасан ба хариуцагч Б аймгийн А сумын Засаг дарга нь нэхэмжлэгч И.Ү-т хохирол учруулаагүй байх тул иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй байна.
17.Иймд хэрэгт цугларсан дээр нотлох баримтуудыг үндэслэн, мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч И.Ү-н хариуцагч Б аймгийн А сумын Засаг даргад холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
18.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч И.Ү-н хариуцагч Б аймгийн А сумын Засаг даргад холбогдуулан гаргасан гэм хорын хохиролд 20,000,000 /хорин сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч И.Ү-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257,950 /хоёр зуун тавин долоон мянга есөн зуун тавин/ төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигчид, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК
ШҮҮГЧИД А.ЖАРХЫНГҮЛ
Б.МАНГИЛИК