| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2024/00413/И |
| Дугаар | 130/ШШ2024/00650 |
| Огноо | 2024-07-01 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 130/ШШ2024/00650
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Х аймгийн Ж сумын ** дугаар багт оршин суудаг, утас ********, Б овогт Ж.А
Хариуцагч: Б аймгийн Д сумын ** дүгээр багт оршин суудаг, утас *********, Х овогт А.Ж;
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлсэн мөнгө 161,200,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ж.А,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Бт,
Хариуцагч А.Ж,
Хариуцагчийн өмгөөлөгч Я.С,
Гэрч Ж.А,
Орчуулагч: Т.Х,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Ж.А хариуцагч А.Ж-д холбогдуулан, талийгаач Б.А-ын зээлсэн мөнгө 161,200,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч Ж.А нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Миний бие Х аймгийн төв Ж сумд амьдардаг, хувиараа төрөл бүрийн бизнес эрхэлдэг. 2019 онд анх талийгаач Б.А-той нөхөр бид хоёр танилцсан. Талийгаач Б.А бол Х аймгаас дандаа мал худалдаж авдаг байсан. Тухайн үед манайд ноолуур байсан тул би ноолуур авах уу хэмээн хэлсэн. Манай гэрт тухайн үед 600 кг ноолуур байсан юм. Уг ноолуурыг талийгаач А 1 сарын хугацаанд танд мөнгийг чинь өгөх болно хэмээн тохиролцож, уг 600 кг ноолуурыг надаас аваад явсан. Талийгаач сарын дараа тохирсон хугацаандаа ноолуурын мөнгийг надад өгсөн. Мөн түүний дараа 2019 оны намар надад 7,000,000 төгрөг зээлээч, би 10,000,000 төгрөг болгоод өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би 7,000,000 төгрөгийг өгөөд тохирсон ёсоор мөнгөө хугацаандаа авсан. Бид ийм байдлаар дотно харьцаж эхэлсэн. Улмаар 2021 оны намар Х аймгаас ирээд мал худалдаж авсан. Тэр үед би 400 толгой мал өгсөн. Гэхдээ тухайн үед уг авсан 400 толгой малын мөнгийг өгсөн. Тэгээд хэсэг хугацаа өнгөрсний дараа манайд ирээд надад мөнгө зээлээч гэхээр нь би хадам эрэгтэй дүүгээсээ 100,000,000 төгрөг, хадам эмэгтэй дүүгээсээ 150,000,000 төгрөг тус тус зээлж аваад талийгаач Б.А-т зээлсэн. Би урьд нь 50,000,000 төгрөгийг бэлнээр нь зээлдсэн байсан. Тэгээд 50,000,000 төгрөгийг Төрийн банкны данс руу шилжүүлсэн. Тухайн үед надад 100,000,000 төгрөг өгөх бол 10,000,000 төгрөгийн хүү өгөх болно хэмээн хэлсэн. Харин 200,000,000 төгрөг өгөх бол 20,000,000 төгрөг хүү өгөхөөр болж тохиролцоод уг мөнгийг аваад явсан. Түүний дараа ч гэсэн манайд ирж хонож явдаг байсан. Улмаар бид нараас зээл авсаар байгаад талийгаач Б.А-ын авсан мөнгө нь 500,000,000 төгрөгт хүрсэн.
1.2.Тэгээд Улаанбаатар хотод 3000 ширхэг арьс ачиж очих үед би нөгөө зээлсэн мөнгөө асуусан. Тухайн үед өнөөдрийн хариуцагч буюу А.Ж талийгаач аавын хамт явж байсан. Би зээлсэн мөнгөө асуух үед миний данс руу 190,000,000 төгрөг хийсэн. Уг мөнгө нь арьс, ширийн мөнгө байсан. Дараа нь дахин 10,000,000 төгрөг шилжүүлж байсан. Би зээлсэн мөнгөнөөсөө нийтдээ 338,800,000 төгрөг авсан байна. Одоо үлдэгдэл 161,200,000 төгрөг төлөгдөөгүй байна.
1.3.Тэгээд уг үлдэгдэл мөнгийг 2023 оны намраас эхлэн талийгаачаас асууж эхэлсэн. Сүүлд өгөхгүй байхаар нь Өлгийд ирээд түүнтэй уулзаж, мөнгөө өгөхгүй бол би шүүхэд хандах талаар хэлсэн. Тэгэхэд надад битгий шүүхэд хандаарай би мөнгөө төлөх болно хэмээн хэлсэн. 2023 оны 11 дүгээр сард Т.Г гэх хүнээс 3000 тооны мал авч, түүнийг ачуулсан байна. Үүнийг сонссоны дараа би дахин мөнгөө асуухад, би энэхүү малын махыг хүлээлгэж өгөх үед чиний тооцоог дуусгах болно. Нэг ёсондоо 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр тооцоог дуусгах болно хэмээн хэлсэн. Гэтэл Б.А нь 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр зуурдаар нас барсан юм.
1.4.Ер нь Б.А нь бидэнтэй дотносоод бид нарын харилцан итгэлцлийн үндсэн дээр хоорондоо аман гэрээ хийж мөнгө зээлдээд заримыг нь буцааж аваад, улмаар мөнгөө нийлүүлж хамтран бизнес эрхэлж байсан. Манайх хашаандаа нүүрс, банз, мод зэргийг худалдан борлуулдаг тул байнга гэртээ бэлэн мөнгө байдаг болохоор хэд хэдэн удаа их хэмжээгээр бэлэн мөнгө Б.А-т өгч байсан. Гэхдээ мөнгө өгсөн талаар ямар нэгэн гар баримт бичүүлж аваагүй нь талийгаачид маш их итгэсэн хэлбэр тул баримт аваагүй, хоорондоо ямар нэгэн бичгийн гэрээ байгуулаагүй болно. Миний бие “Х” гэх хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын хувьд компанийн данснаас болон өөрийн харилцах данснаас Б.А-т шилжүүлсэн мөнгөө шүүхэд гаргаж өгсөн дансны хуулганд Б.А-той холбоотой хэсгийг тэмдэглэсэн байгаа.
1.5.Иймд 2021 оны 8 дугаар сараас 2023 оны 10 дугаар сар хүртэл үргэлжилсэн байдлаар Б.А-ын надаас зээлээр авсан мөнгө нь 500,000,000 төгрөгт хүрч байсан ба үүнээс 338,800,000 төгрөгийг төлсөн ба харин 161,200,000 төгрөгийг төлөөгүй байсан юм.
1.6.Тухайн үед талийгаач Б.А нь хүү А.Ж болон бэрийн хамт амьдарч байсан тул талийгаачийн өмчлөлд байсан 2 давхар өвлийн сууц, 2 ширхэг тээврийн хэрэгсэл, контейнер, эзэмшил, өмчлөлийн газрууд мөн 70 толгой адуу, 60 толгой үхэр мал зэрэг хөдлөх болон үл хөдлөх хөрөнгүүдийг хүү А.Ж өвлөн авч зарим хөрөнгийг зарж борлуулсан байна. Хуульд зааснаар талийгаачийн нас барснаас хойших 1 жилийн хугацааг хүлээх бол түүний эд хөрөнгүүдийг хариуцагч зарж борлуулан үгүй хийх юм байна. Тодруулбал, хариуцагч А.Ж нь банкны барьцаанд байгаагүй талийгаачийн Ланд-100 маркийн тээврийн хэрэгслийг болон мал хөрөнгийг бусдад худалдсан байна. Иймд 1 жилийг хүлээсэн бол талийгаачийн тоолуулсан малыг зарж дуусгах магадлалтай тул тэр бүхнээс болгоомжилж талийгаачийн өв залгамжлагч А.Ж-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан.
1.7.Миний хувьд үлдсэн мөнгөө 2023 оны 10 дугаар сараас эхлэн талийгаач Б.А-оос шаардаж эхэлсэн ба одоо хугацаа алдаж сунжруулах юм бол хуулийн байгууллагад өгөх болно, та тооцоогоо дуусгачих гэж хэлэхэд түр тэсэж хүлээж байгаарай гэж хугацаа сунжруулаад намайг хууран мэхэлж хүлээлт үүсгээд байсан ба хамгийн сүүлд гэхэд Б.А нас бардаг өдөр “...чиний дансанд махан зоориноос өнөөдөр 50 сая төгрөг орно” гэж хэлсэн боловч түүнээс 3 цагийн дараа зуурдаар өнгөрсөн гэж сонслоо.
1.8.Талийгаач Б.А-ыг нас барсныг сонсоод 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Д суманд очоод нөхөр бид хоёр ажил явдал нь оролцсон. Тэр үед талийгаачийн төрсөн ах нь Х гэдэг хүн надад хандаж “...талийгаачтай ямар тооцоо байна” гэж асуухад 250,000,000 төгрөгийн авлагатай гэж хэлсэн. Харин 7 хоног нь өнгөрсний дараа надад хүү нь Ж миний дансанд 3,100,000 төгрөг шилжүүлж өгсөн боловч аавын дансанд мөнгө байхгүй тул дахин нэмж өгөх мөнгө байхгүй гэдгийг хэлсэн.
1.9.Талийгаач Б.А баруун 3 аймгийн иргэдээс амьдаар мал худалдаж аваад махны үйлдвэрүүдэд нийлүүлдэг байсан ба тэр үед надаас мал худалдаж авахын тулд мөнгө зээлж авдаг байсан. Би одоогоор өөрийн ХААН, Төрийн банкин дахь данснаас, мөн Капитрон банкин дахь “Х” хоршооны данснаас шилжүүлж байсан мөнгөө нэхэмжилж байна.
1.10.Эцсийн эцэст талийгаач Б.А нь биднээс олж авсан итгэлийг ашиглан улмаар их хэмжээний мөнгийг төлөхгүй чирэгдүүлж явсаар манай гэр бүлийг их хэмжээний өр төлбөрт унгааж, эдийн засгийн болон сэтгэл зүйн хямралд оруулж байна. Түүний өв залгамжлагч хүү А.Ж болон ах дүү нар нь ухамсрын дагуу хүний мөс чанар гаргаж талийгаачийн зээлээр авсан мөнгийг талийгаачийн үлдсэн мал эд хөрөнгийг борлуулах замаар төлж өгнө гэж итгэж байна.
Иймд хариуцагч А.Ж-оос талийгаач Б.А-ын надад төлөх ёстой мөнгөнөөс үлдсэн нийт 161,200,000 төгрөгийг гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү гэсэн байна.
2.Хариуцагч А.Ж нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:
2.1.Миний бие 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдөр гэр бүл болсон, одоо эхнэр А, хүү А, эмэгтэй дүү А нарын хамт Б аймгийн Д сумын *-р багт амьдардаг, Д сумын * дугаар цэцэрлэгт биеийн тамирын багшаар ажиллаж байна.
2.2.Миний аав Б.А нь 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр зуурдаар нас барсан юм. Харин ээж В маань 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр өвчний учир нас барсан. Миний бие эцэг эхээ дөрвүүлээ. Том эгч Х нь Улаанбаатар хотод эгч А нь Улаанбаатар хотод оюутан, эмэгтэй дүү А нь Д сумын Ерөнхий боловсролын сургуулийн *-р ангид суралцдаг. Ээж В нас барсны дараа аав А нь баруун аймгуудаар явж худалдаа наймаа хийдэг, бараг гэртээ тогтдоггүй байсан.
2.3.Миний аав бол баруун таван аймагт танигдсан малын ченж хүн буюу малын түүхий эдийг худалдан авч борлуулдаг хүн байгаа. Ээж маань өвчний улмаас нас барсан. Аав маань 5 аймгийн тойроод худалдан борлуулалт хийгээд яваад, гэртээ жилд хэд хэдэн удаа л ирдэг. Бид аавын хувцас хунарыг угааж, явуулдаг байсан. Гэртээ хонодог хоног нь маш бага. Би оюутан байхдаа аав маань хааяа холбоо барьж байдлыг маань асуудаг байсан. Айлын ууган байсан тул хичээлээ ч суран гэртээ ч ирээд тусалдаг байсан. Аав маань амьдралдаа өөрийн хийж буй бизнесийн тухай нэг ч удаа хэлж байгаагүй. Хэнээс хэдэн төгрөг авч, хэдэн төгрөг өгөх ёстой гэдгийг бид нарт хэлэхгүй. Мөн хэн нэгэнд мөнгө өгч авч байгааг ч мэдэхгүй. Зүгээр бид нар та мөнгөтэй, таны ажил юу болж байна гэж асуухад, бүх зүйл болж байгаа гэж хэлдэг байсан.
2.4.Миний хувьд нэхэмжлэгчийг сайн танихгүй. Аав маань 2022 онд мах ачихаар болсон үед нэхэмжлэгчийн нөхрийн хамт гэрт нь нэг удаа очиж байсан. Түүний хэлж байгаачлан миний хуримд ирээд оролцсон. Нэхэмжлэгчийн хэлж байгаагаар хуримын үйл ажиллагаанд 70,000,000 төгрөг зарцуулаагүй. Хурим хийхээс өмнө байраа болон агуулгаа барьцаалж 90,000,000 төгрөгийн зээл авсан. Тухайн үед хамтран зээлдэгчээр би гарын үсэг зурсан. Уг авсан мөнгөө эргүүлж түүхий эд авсан. Улмаар миний хуримд нийтдээ 40,000,000 гаруй төгрөг гарсан. Мөн уг зарцуулсан мөнгөний тал нь хүмүүсээс цугларсан. Тэгээд орсон бүх мөнгийг аав маань аваад түүхий эд авах ажлаа хийгээд аймгуудыг тойроод явдаг байсан.
2.5.Аав маань гэртээ ирээд хэдэн хоногийн дараа зуурдаар нас барсан. Аав маань нас барсны дараа нэхэмжлэгч нөхрийн хамт ирсэн. Тэгэхэд манай аавын ах эдгээр хүмүүсээс авлагатай, өглөгтэй эсэх талаар асуусан байна. Тухайн үед бид нар өгөх зүйлгүй харин ч авах ёстой авлагатай гэдгийг хэлсэн байдаг. Тэгээд аавын маань 7 хоногийн ажил явдал өнгөрсний дараа аавын маань ах руу өдөрт 4-5 удаа залгаж, авах мөнгөтэй мөнгийг минь өгөөрэй хэмээн хэлдэг байсан. Тэгэхэд би аавын маань дансыг харж үзээд мөнгө байгаа эсэхийг нягтлахад ямар ч мөнгө байгаагүй. Бид өөрсдөө аав маань нэхэмжлэгчээс мөнгө авах байх гэж бодсон. Гэхдээ сүүлдээ тийм биш юм шиг санагдсан. Нэхэмжлэгчид шууд өгчих тийм мөнгө надад ч гэсэн байхгүй. Өөрөө их хэмжээний зээл төлж, залуу гэр бүл байгаа. Мөн уг аавын маань авсан гэх мөнгийг би ямар нэгэн байдлаар хувьдаа зарцуулаагүй. Би өөртөө байгаа бүх мөнгө төгрөгөө хурааж нийтлээ 3,100,000 төгрөг өгсөн. Одоо надад нэхэмжлэгчид өгөх ямар ч мөнгө байхгүй.
2.6.Миний бие бага насны буюу нярай хүүхэдтэй, мөн төрсөн хоёр дүү маань оюутан, тэднийг сургаад их хэмжээний зээл төлж байгаа залуу гэр бүл гэдгээ нэхэмжлэгчид хэлсэн. Нэхэмжлэгчийн хэлж буй олон тооны бод мал одоо байхгүй. Ааваасаа нийтдээ 30 гаруй тооны адуу, 6-7 гаруй тооны үхэртэй үлдсэн байсан. Өвөл надад уг адуу, үхрүүдэд тэжээл авч өгөх боломж байхгүй байсан тул нэг үхэр маань үхсэн. Мөн би 25 тооны адуугаа туранхай үед тэжээж чадаагүй тул 25,000,000 төгрөгөөр худалдсан. Уг мөнгийг 5 дугаар сарын дундуур авсан зээлд хийсэн. Зөвхөн сардаа зээлийн хүү хэмээн 1,500,000 төгрөг нэмэгддэг. Мөн Ланд-80 маркийн машин байсан. Түүнийг бас Д гэдэг хүнд 15,000,000 төгрөгөөр худалдан борлуулж зээлд хийсэн. Миний өмчлөлд өөрийн хөдөлмөрөөр авсан Пирус маркийн автомашин байдаг ба уг автомашины техникийн гэрчилгээ нь миний нэр дээр байдаг. Одоогийн байдлаар аавын ХААН банканд төлөх ёстой зээлээс 59,0 сая орчим төгрөгийн үлдэгдэл зээлтэй байна. Мөн хүү нь бодогдож явж байгаа. Миний бие ХААН банкнаас аавын авсан зээлийн хамтран зээлдэгч юм.
2.7.Надад одоо 10 тооны адуу, 6 тооны үхэр байгаа. Би тэд нарыг болон өөрийн унаж буй машинаа худалдсан ч гэсэн зээлээ бүрэн төлөх боломжгүй байдалтай байна. Хэрвээ аав маань нэхэмжлэгчийн мөнгөөр эд хөрөнгө аваад эсвэл мөнгөө дансанд хадгалсан бол өөр хэрэг байх байсан. Бид нэхэмжлэгчид мөнгө өгөх гэсэн ч ямар ч боломжгүй байна.
2.8.Нэхэмжлэгч аав маань надаас мөнгө зээлж авсан хэмээн ярьж байгаа. Гэхдээ аав маань нэхэмжлэгчтэй хамтран ажиллаж байсан хэмээн бид нар ойлгож байсан. Миний мэддэг зүйл 2020 онд байх Улаанбаатар хотод 7000 ширхэг арьс ачаад үүнээс олсон бүх мөнгийг нэхэмжлэгч машин авна хэмээн авсан юм. Би хааяа аавтай бага зэрэг тусалдаг байсан. Түүнээс биш би аавын нарийн тооцоонд оролцож байгаагүй. Хэнээс хэдэн төгрөг аваад хаана зарцуулж байгаа талаар надад мэдэх зүйл байхгүй.
2.9.Аав маань хэдэн толгой мал тоолуулсныг би мэдэхгүй, би өөрөө 2023 оны жилийн эцсээр эхнэр бид хоёрт ноогдох малаа тусдаа тоолуулсан, тусдаа өрх болж явдаг юм. Ер нь миний бие нэхэмжлэгч Ж.А-ийг сайн танихгүй, түүнтэй хамтарч ямар нэгэн наймаа худалдаа хийж байгаагүй учраас түүний манай талийгаач ааваас нэхэмжилж буй 161,200,000 төгрөг ямар учиртай гэдгийг огт мэдэх боломжгүй байдалтай байна.
Иймд нэхэмжлэгч гэх Ж.А-ийн тус шүүхэд гаргасан надаас 161,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсье гэсэн байна.
3.Нэхэмжлэгчээс Капитрон банкны 2022 оны 10 дугаар сарын 01-ээс 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны “Харилцах дансны хуулга”, Төрийн банкны 2021 оны 08 дугаар сарын 23-аас 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацааны “Харилцах дансны харилцагчийн хуулга”, Төрийн банкны 2022 оны 09 дүгээр сарын 29-аас 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх хугацааны “Харилцах дансны харилцагчийн хуулга”, ХААН банкны 2020 оны 01 дүгээр сарын 01-ээс 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны “Харилцах дансны харилцагчийн хуулга”, Харилцан яриа (мессеж), П.М-ийн 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр бичсэн “Баримт”, “Малын хагас жилийн түүвэр судалгаа 2024 он”, 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Б аймгийн Ө сумын ЗДТГ-ын МЭҮТ-ийн мэргэжилтэн, МЭХУБайцаагчийн “Малын үнэлгээ тогтоосон баримт”, 2022 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн №******** дугаартай “Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээ”, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн сангаас 2024 оны 6 дугаар сарын 23-ны өдөр олгосон №*********** “Гэрлэсний бүртгэлийн лавлагаа”, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын Улсын бүртгэлийн мэдээллийн сангаас 2024 оны 6 дугаар сарын 23-ны өдөр олгосон №******** “Иргэний үнэмлэхийн лавлагаа”, С.Н-н 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр бичсэн “Тодорхойлолт”, хариуцагч А.Ж-ын 2024 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр мөнгө шилжүүлсэн баримт, “Мал эмнэлгийн гэрчилгээ” №****, А-ын явуулсан гэх малын гэрэл зураг, “А” ХХК-нд тушаасан малын гэрэл зураг, Д сумын махан зооринд хадгалагдаж байгаа махны гэрэг зураг зэрэг бичгийн нотлох баримтуудын тус тус шүүхэд гаргаж өгсөн байна.
4.Хариуцагчаас Б аймгийн Д сумын *-р багийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 67 дугаартай “Тодорхойлолт, Б аймгийн Д сумын *-р багийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 67 дугаартай “Тодорхойлолт, 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр олгосон **** дугаартай “Гэрлэлтийн гэрчилгээ”, ****БӨҮ улсын дугаартай Тойото Приус XW30 маркийн автомашины “Техникийн гэрчилгээ”, 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр олгосон ****БӨТ улсын дугаартай “Тoyota land Cruiser 100” маркийн автомашины “Техникийн гэрчилгээ”, Б.А-ын 2024 оны 01 дугаар сарын 08-ны өдөр олгосон “Нас барсны гэрчилгээ”, Б.В-ийн 202 оны 06 дүгээр сарын 15-ны өдөр олгосон “Нас барсны гэрчилгээ”, 2024 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн “Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт”, 2024 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох Улсын бүртгэлийн ерөнхий газар “Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа”, 2024 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох Улсын бүртгэлийн ерөнхий газар “Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа”, ХААН банкны 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны “Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга”, Б аймгийн Д сумын *-р багийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн **** дугаартай “Тодорхойлолт” зэрэг бичгийн нотлох баримтуудын тус тус шүүхэд гаргаж өгсөн байна.
5.Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн Б аймгийн Статистикийн хэлтсийн “Малын хагас жилийн түүвэр судалгаа 2024”, Б аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 124 дугаартай албан бичиг, Б аймгийн Д сумын *-р багийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 86 дугаартай “Тодорхойлолт”, “Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2023 оны тооллого”, Б аймгийн Д сумын *-р багийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 86 дугаартай “Тодорхойлолт”, “Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2023 оны тооллого”, Б аймгийн Д сумын *-р багийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 86 дугаартай “Тодорхойлолт”, Үндэсний статистикийн хорооны “Малын түүвэр судалгааны асуулга (хагас жил)”, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШЗ2024/02107 дугаартай “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамж зэрэг бичгийн нотлох баримтууд хэрэгт авагдсан байгаа.
ҮНДЭСЛЭХ нь:
6.Шүүх талуудын шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх зүйтэй байна.
7.Нэхэмжлэгч Ж.А дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Б.А нь 2021 оны 8 дугаар сараас эхлэн хүү тооцож өгнө гэж амлаад мөнгө зээлж аваад эхэлсэн ба энэ үйл явдал 2023 оны 10 дугаар сар хүртэл үргэлжилсэн юм. Харин тэр үед Б.А-ын надаас зээлээр авсан мөнгө нь 500,000,000 төгрөгт хүрч байсан юм. Үүнээс 338,800,000 төгрөгийг төлсөн ба харин 161.200.000 төгрөгийг төлөөгүй байсан юм. Тэгээд Б.А нь 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр зуурдаар нас барсан юм. Талийгаач Б.А нь өөрийн бага хүү болох А.Ж болон бэрийн хамт амьдарч байсан ба өөрийнхөн өмчлөлд 2 давхар өвлийн сууц, 2 ширхэг тээврийн хэрэгсэл, контейнер, эзэмшил өмчлөлийн газрууд мөн 70 толгой адуу, 60 толгой үхэр мал зэрэг хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгүүд нь түүний өв залгамжлагч нь болох хүү А.Ж-д өвлөгдөн үлдсэн гэж ойлгож байгаа тул ийнхүү түүнд холбогдуулан өөрийн ХААН, Төрийн банкин дахь данснаас мөн Капитрон банкин дахь Х хоршооны данснаас шилжүүлж байсан мөнгөө нэхэмжилж байна. Талийгаачийн зээлсэн мөнгөний төлсөн хүүг үндсэн зээлээс нь хасч тооцон, одоо нийт 161.200.000 төгрөгийг түүнээс нэхэмжилж байна. Харин бусад шаардлагатай нотлох баримтыг тухайн үед гаргаж өгөх боломжтой. Иймд иргэн Б.Ж-аас талийгаач эцэг Б.А-ын надад төлөх ёстой мөнгөнөөс нийт 161.200.000 төгрөгийг гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү.
8.Хариуцагч А.Ж нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ... Миний аав Б.А нь 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр зуурдаар нас барсан юм. Ээж В нас барсны дараа аав А нь баруун аймгуудаар явж худалдаа наймаа хийдэг, бараг гэртээ тогтдоггүй байсан. А.Ж би аавын наймаа худалдааны ажилд огт оролцдоггүй, хаана юу хийж байгааг мэдэхгүй юм. Миний аав хэчнээн төгрөгтэй байсан, хэнээс хэдэн төгрөгийн авлагатай байсан, хэнд хэдэн төгрөгийн өглөгтэй байсан гэдгийг би огт мэдэхгүй юм. Аав өөрийн хийж буй наймааны талаар надад юм ярьдаггүй байсан. Аав маань хэдэн толгой мал тоолуулсныг би мэдэхгүй, би өөрөө 2023 оны жилийн эцсээр эхнэр бид хоёрт ноогдох малаа тусдаа тоолуулсан, тусдаа өрх болж явдаг юм. Ер нь А.Ж нь би нэхэмжлэгч Ж.А-ийг сайн танихгүй, түүнтэй хамтарч ямар нэгэн наймаа худалдаа хийж байгаагүй учраас түүний манай талийгаач ааваас нэхэмжилж буй 161,000,000 төгрөг ямар учиртай гэдгийг огт мэдэх боломжгүй байдалтай байна. Иймд нэхэмжлэгч Ж.А-ийн тус шүүхэд гаргасан А.Ж-аас 161,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье.
9.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.Үүнд:
9.1.Нэхэмжлэгч Ж.А “Х” ХХК-ийн гүйцэтгэх захирлын хувьд компанийн данснаас болон өөрийн харилцах банкны данснаас Б.А-т шилжүүлсэн мөнгөө Капитрон банкны 2022 оны 10 дугаар сарын 01-ээс 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны “Харилцах дансны хуулга”, Төрийн банкны 2021 оны 08 дугаар сарын 23-аас 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэлх хугацааны “Харилцах дансны харилцагчийн хуулга”, Төрийн банкны 2022 оны 09 дүгээр сарын 29-аас 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүртэлх хугацааны “Харилцах дансны харилцагчийн хуулга”, ХААН банкны 2020 оны 01 дүгээр сарын 01-ээс 2024 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацааны “Харилцах дансны харилцагчийн хуулга”-д тус тус Б.А-той холбоотой хэсгийг тэмдэглэсэн байна. Үүнд:
Нэхэмжлэгч Ж.А нь “Х” ХХК-ийн данснаас Б.А-ын эзэмшлийн ********* тоот данс руу 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 8,000,000 төгрөг; 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гүйлгээний утгад ямааны мөнгө Х.Т гэж бичиж 2,500,000 төгрөг, мөн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гүйлгээний утгад ямааны мөнгө С.Х гэж бичиж 4,000,000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 7,900,000 төгрөг,
мөн нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн Төрийн банк дахь данснаас 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдөр 3 удаагийн (3,000,000 төгрөг+3,000,000 төгрөг+3,000,000 төгрөг) шилжүүлгээр нийт 9,000,000 төгрөг; 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдөр 100,000 төгрөг; 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 2 удаагийн (3,000,000төгрөг+2,300,000төгрөг) шилжүүлгээр нийт 5,300,000 төгрөг; нэхэмжлэгч 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 80,000,000 төгрөгийг данснаас гаргуулан бэлэн өгсөн гэх,
мөн нэхэмжлэгч өөрийн эзэмшлийн Хаан банк дахь данснаас 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 4 удаагийн (20,000,000+20,000,000+20,000,000+7,500,000) шилжүүлгээр 67,500,000 төгрөг тус тус шилжүүлснээр нийт мөнгөн дүн 184,300,000 төгрөг байна.
Гэхдээ нэхэмжлэгч Ж.А нь энэхүү мөнгөнөөс тухайн үед Б.А төлж байсан ба төлөгдөөгүй үлдсэн мөнгө буюу нэхэмжлэлийн шаардлага 161,200,000 төгрөгийг талийгаачийн төрсөн хүү хариуцагч Б.А-оос нэхэмжилсэн байна.
9.2.Хавтаст хэрэгт авагдсан 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр олгосон №****** дугаартай “Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ”-ээр нэхэмжлэгч Ж.А нь “Х” ХХК-ний гүйцэтгэх захирал мөн болох нь тогтоогдож байна.
Дээрх мөнгөнөөс нэхэмжлэгч Ж.А-ийн “Х” ХХК-ийн данснаас 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр гүйлгээний утгад ямааны мөнгө Х.Т гэж бичиж 2,500,000 төгрөг, мөн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр төгрөгийг гүйлгээний утгад ямааны мөнгө С.Х гэж бичиж 4,000,000 төгрөг тус тус талийгаач Б.А-ын эзэмшлийн ямар дансанд шилжүүлсэн эсэх нь, Төрийн банк дахь өөрийн эзэмшлийн данснаас 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 80,000,000 төгрөгийг гаргуулан авч талийгаач Б.А-т бэлэн өгсөн гэсэн нь тус тус хөндлөнгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
9.3.Нэхэмжлэгч Ж.А 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн удаа дараа өөрийн утасны ******* дугаараас талийгаач Б.А-ын ****** дугаартай утас руу мөнгө нэхэж зурвас (мессеж) бичиж байсан нь нэхэмжлэгчээс гаргаж өгсөн утасны харилцан яриа (мессеж)-ээр тогтоогдож байна.
9.4.Талийгаач Б.А нь баруун таван аймагт танигдсан малын ченж хийдэг, мөн малын түүхий эдийг худалдан авч борлуулдаг хүн байсан нь зохигчдын тайлбар болон шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн гэрч С.А-ийн “...2021, 2022 онуудад “Курбан айт” шашны үйл ажиллагаанд зориулан Б.А-ын бусдаас худалдан авсан 1000 гаруй төллөг малыг нэг сарын хугацаанд маллаж, хариулж өгч, хөлс авч байсан...” гэх мэдүүлэг, гэрч М.Х-ын “Миний бие Б.А болон А.Ж нартай нэг багт амьдардаг, 2006 оноос жил бүрийн “Курбан айт” шашны баярт нядлах зорилгоор эхлэн Б.А-ын тууж ирсэн нядлах бог малыг хариулж байсан. Тухайн үед 600 гаруй бог малыг нь 10 хоног, заримдаа 01 сарын хугацаатай хариулж өгөөд хөлс авч байсан...” гэсэн мэдүүлэг, шүүх хуралдаанд оролцсон гэрч Ж.А-ийн “...Би анх 2019 онд талийгаач нарын Б.А болон Ж.А нарын худалдан аваад цуглуулсан малыг Б сумаас тууж ирсэн. Тухайн үед би ганцаараа биш хоёр хүн туугаад ирсэн. Улмаар 2021 оны 10 дугаар сарын үед Х аймгаас дахин мал тууж ирсэн. Уг малуудыг бид “Х” гэх газар байдаг хашаа хороонд байлгаад маллаж хариулсан. Тэгээд уг малуудыг Д суманд тууж очоод нядалсан. Мал нядлах үед болон хариулж маллах үед миний хажууд хэдэн залуучууд байсан. Бид Д суманд туугаад очиход А.Ж гэртээ байсан. Бид тухайн үед 2500 тооны ямаа тууж, очоод нядалсан. Харин надтай хамт байсан залуучуудын нэг нь Х, нөгөөдөх нь О гэдэг хүмүүс байсан. Д суманд мал нядлах тустай газартай юм байна. Би тууж ирснийхээ төлөө хөлс авч байсан. Анх намайг А гэх хүнтэй Ж.А дүүгээрээ дамжуулан танилцсан...” гэсэн мэдүүлэг болон “А” ХХК-нд тушаасан малын гэрэл зураг, Д сумын махан зооринд хадгалагдаж байгаа махны гэрэл зураг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.
9.5.Б аймгийн Д сумын Улсын бүртгэгчээс 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр олгосон ИБД№*-******** дугаартай “Нас барсны гэрчилгээ”-ээр Х овогт Б.А нь Б аймгийн Д сумын 9-р багт 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр зуурдаар нас барсан болох нь нотлогдож байна.
9.6.Иймд хариуцагч А.Ж-ын эцэг Б.А нь Б аймгийн Д сумын 9-р багт 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр зуурдаар нас барсан, эх Б.В нь 2020 оны 09 дугаар сарын 08-ны өдөр нас барсан болох нь Б аймгийн Д сумын Улсын бүртгэгчээс 2020 оны 09 дугаар сарын 15-ны өдөр олгосон №******** дугаартай “Нас барсны гэрчилгээ”-ээр тус тус нотлогдож байна.
Эдгээр нотлох баримтуудаар Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар хариуцагч А.Ж нь нас барагч Б.А-ын хууль ёсны өвлөгч мөн байна.
9.7.Б аймгийн Засаг даргын дэргэдэх Статистикийн хэлтсийн 2024 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаартай албан бичигт:...Д сумын иргэн Б.А-ын 2023 оны жилийн эцсийн мал тооллогын мэдээллийг тус хэлтсээс гаргаж өгөх боломжгүй тул тухайн сумын *-р багийн Засаг даргаас Мал тооллогын “А” картын лавлагаа тодорхойлолтыг авна уу” гэсэн байна.
Б аймгийн Д сумын *-р багийн Засаг даргаас хүргүүлсэн 2026 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 86 дугаартай “Тодорхойлолт” болон “Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2023 оны тооллого”-оор: Д сумын *-р багийн иргэн Б.А нь 2023 оны жилийн эцсийн малын тоо тэмээ-0, адуу-30, үхэр-10, хонь-0, ямаа-0, нийт 40 мал тоолуулсан болох нь тогтоогдож байна.
2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Б аймгийн Ө сумын ЗДТГ-ын МЭҮТ-ийн мэргэжилтэн, МЭХУБайцаагчийн “Малын үнэлгээ тогтоосон баримт”-ыг үндэслэн Б.А-ын 2023 оны жилийн эцсээр тоолуулсан малын үнийг тооцоход 30 тооны адууны үнэ 45,000,000 төгрөг (нэг тооны морины үнэ 1,500,000 төгрөг); 10 тооны үхрийн үнэ 12,000,000 төгрөг (нэг тооны үнээ 1,200,000 төгрөг) байна.
9.8.Талийгаач Б.А нь амьд сэрүүн байхад үндсэн зээлдэгчээр, хамтран зээлдэгч (хариуцагч)-ээр А.Ж Хаан банкнаас авсан зээлийн үлдэгдэл 2024 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар 59,457,476.83 төгрөг болох нь Хаан банкны “Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга”-аар,
мөн банкны зээлийн барьцаанд Б аймгийн Д сумын **р баг, Ж, Ш.Н-**гудамж, **** тоот байршилтай, улсын бүртгэлийн дугаар ҮО********, газрын нэгж талбарын дугаар *******, 120 м.кв талбайтай, 20,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн Дэлгүүр, агуулахын хамт, мөн Б аймгийн Д сумын 12-р баг, Ж Ш.Н-10 гудамж, **** тоот байршилтай, улсын бүртгэлийн дугаар ҮО******, газрын нэгж талбарын дугаар********, 264 м.кв талбайтай, 40,000,000 төгрөгөөр үнэлэгдсэн Хувийн сууц зэрэг үл хөдлөх эд хөрөнгүүд байгаа болох нь 2024 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн “Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт”, 2024 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох Улсын бүртгэлийн ерөнхий газар “Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа”, 2024 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн Төрийн үйлчилгээний нэгдсэн системээс дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох Улсын бүртгэлийн ерөнхий газар “Үл хөдлөх хөрөнгийн лавлагаа”, ХААН банкны 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх хугацааны “Зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга”-аар тус тус нотлогдож байна.
Эдгээр нотлох баримтуудаар талийгаач Б..А-ын хөдлөх эд хөрөнгө болох ****БӨТ улсын дугаартай “Toyota Land cruiser-100” маркийн автомашин, 2023 онд тоолуулсан мал хөрөнгө нь банкны барьцаанд байгаагүй гэдэг нь тогтоогдож байна.
9.9.Хариуцагч А.Ж нь 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Д.А-тэй гэр бүл болж гэрлэлтээ бүртгүүлсэн, ам бүл 6, эгч, дүү эхнэр, хүүхдийн хамт Д сумын 9-р багт оршин суудаг тустай өрх болж 2023 оны жилийн эцсийн тоолуулсан малын тоо тэмээ-0, адуу 50, үхэр 5, хонь-0, ямаа-0, нийт 55 мал тоолуулсан зэрэг нь 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр олгосон ИБД:******** дугаартай “Гэрлэлтийн гэрчилгээ” болон Б аймгийн Д сумын 9-р багийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 67 дугаартай Тодорхойлолт, “Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2023 оны тооллого”-оор нотлогдож байна.
9.10.Гэрч Д сумын 9-р багийн Засаг дарга Б.Б-ийн шүүхэд өгсөн мэдүүлэгт: Талийгаач А амьд сэрүүн байхад А.Ж нар нэг гэрт амьдарч байсан. 2023 оны 12 дугаар сард мал тооллогын үед талийгаач Б.А өөрийнхөө нэг дээр 30 адуу, 10 үхэр тоолуулсан, А.Ж-ын нэр дээр 50 адуу, 5 үхэр, нийтдээ 55 мал тоолуулсан. Манай багт 200 гаруй иргэн мал тоолуулдаг. Статистикийн хэлтсээс 2024 оны хагас жилийн мал тооллого явуулах нэр бүхий манай сумын 52 хүний нэрсийн жагсаалт ирсэн. Тэр жагсаалтад талийгаач Б.А-ын нэр байхгүй, А.Ж-ын нэр байсан. Ингээд 2024 оны хагас жилийн мал тооллогоор А.Ж 50 адуунаас 40 адууг зарсан, 10 үхэр үлдсэн гэж тоолуулсан...“ гэсэн байна.
Энэ үйл баримт нь мөн Б аймгийн Д сумын *-р багийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 86 дугаартай “Тодорхойлолт”, Үндэсний статистикийн хорооны “Малын түүвэр судалгааны асуулга (хагас жил)” зэрэг бичгийн нотлох баримтаар тогтоогдож байна.
9.11.Б аймгийн Д сумын * дүгээр багийн Засаг даргын 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 67 дугаартай “Тодорхойлолт”-д тус сумын 9 дүгээр багийн иргэн Б.А нь 2023 оны 12 дугаар сарын 29-ний өдөр зуурдаар нас барсан. Түүний эхнэр В нь 2020 оны 8 дугаар сарын 30-ны өдөр өвчний улмаас нас барсан. 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн байдлаар талийгаач Б.А-ын үл хөдлөх хөрөнгө болон хөдлөх эд хөрөнгүүдийг түүний хүүхдүүдэд албан ёсоор өвлөгдөх тухай ямар нэгэн шийдвэр гараагүй болохыг тодорхойлов гэсэн байна.
9.12.Хэдийгээр талийгаачийн хүү А.Ж нь тустаа өрх болж бүртгүүлэн мал хөрөнгөө тустаа тоолуулсан боловч талийгаачтай нэг гэрт хамт амьдарч байсан, өвлүүлэгчтэй хамт амьдарч байсны хувьд өв хүлээн авахаас татгалзаагүй ба талийгаач Б.А-ын эзэмшлийн “Toyota land Cruiser-100” маркийн ****БӨТ дугаартай автомашиныг 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Б.Д-д худалдсан, мөн талийгаач Б.А-ын нэр дээр тоологдсон мал хөрөнгөнөөс 25 тооны адуу (гүү 10, азарга 1, байдас 10, дага 4)-г П.М-т худалдан 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 25,000,000 төгрөг бэлэн авсан нь хариуцагчийн өөрийн хүлээн зөвшөөрсөн тайлбар, 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр олгосон ****БӨТ улсын дугаартай “Тоyоta Lаnd Cruiser 100” маркийн автомашины “Техникийн гэрчилгээ”, П.М-ийн 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр бичсэн “Баримт”-аар тус тус нотлогдож байна.
Эдгээр нотлох баримтуудаар хариуцагч А.Ж нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1-д заасны дагуу өв хүлээн авсан болох нь тогтоогдож байна.
Иймд Иргэний хуулийн 535 дугаар зүйлийн 535.1.1 дэх хэсэгт зааснаар өв хүлээн авагч А.Ж нь нас барсан эцэг Б.А (өвлүүлэгч)-ын гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан хөрөнгийн хэмжээгээр хүлээх нь зүйтэй байна.
10.Нэхэмжлэгч Ж.А-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 2,500,000 төгрөгийг гүйлгээний утгад ямааны мөнгө Х.Т гэж, мөн 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 4,000,000 төгрөгийг гүйлгээний утгад ямааны мөнгө С.Х гэж бичсэн мөнгийг талийгаач Б.А-ын данс руу шилжүүлсэн эсэх нь тодорхой бус, мөн 2021 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 80,000,000 төгрөгийг талийгаач Б.А-т бэлэн өгсөн гэсэн нь хөндлөнгийн нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
Иймд талийгаач Б.А-т өгсөн эсэх нь тодорхой бус дээрх нийт 86,500,000 төгрөг, мөн Б.А нас барсны дараа хариуцагч А.Ж-ын нэхэмжлэгчид шилжүүлсэн 3,100,000 төгрөг нийтдээ 89,600,000 төгрөгийг нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас хэрэгсэхгүй болгож, үлдсэн 71,600,000 төгрөгийг хариуцагч Б.Ж-оос гаргуулан нэхэмжлэгч Ж.А-д олгох нь зүйтэй байна. (161,200,000 төгрөг-86,500,000-3,100,000=71,600,000 төгрөг)
11.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 963,950 төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан хэмжээнд оногдох 515950 төгрөгийг хариуцагч А.Ж-оос гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.
12.Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШЗ2024/02107 дугаартай “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-ийг баримтлан энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаагаар хэвээр үлдээх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 535 дугаар зүйлийн 535.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч А.Ж-\оос зээлийн гэрээний үүрэгт 71,600,000 (далан нэгэн сая зургаан зуун мянган) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.А-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 89,600,000 (наян есөн сая зургаан зуун мянган) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 963950 (есөн зуун жаран гурван мянга есөн зуун тавин) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч А.Ж-оос 515950 (таван зуун арван таван мянга есөн зуун тавин) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.А-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-ийг баримтлан Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 130/ШЗ2024/02107 дугаартай “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” шүүгчийн захирамжийг энэ хуулийн 120,2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаагаар хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК