| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2017/0574/Э |
| Дугаар | 502 |
| Огноо | 2017-12-14 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Н.Анхбаяр |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 502
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Д.Мөнхням,
улсын яллагч Н.Анхбаяр,
насанд хүрээгүй хохирогчдын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч И.У,
гэрч Д.Т,
шүүгдэгчийн өмгөөлөгч З.Бат,
шүүгдэгч С.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан гэмт хэрэгт С.Аийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1703000010060 дугаар хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1966 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 51 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт Сгийн А /РД:.../.
С.А нь согтуурсан үедээ 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Шинэ цэргийн хотхоны баруун замд ... УБК улсын дугаартай “Toёота Эдди” маркийн автомашиныг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа ...хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас И.Угийн жолоодож явсан ... УНО улсын дугаартай “Toyota ist” маркийн автомашиныг мөргөж зорчигч Ч.Сийн эрүүл мэндэд хүндэвтэр, Ч.Мын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Тэр өдөр толгой өвдөөд архи уусан. Цуг уусан залуу автобусны буудал хүргээд өгөөч гэсэн. Тэгээд л ийм хэрэг болсон. Миний буруу, буруугаа хүлээж байна. Хохирогч нараас уучлалт гуйж байна” гэв.
Насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч И.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Орбитын замд 20-30 км/цагийн хурдтай явж байсан. Өөдөөс нэг машин хурдтай ороод ирсэн. Зайлуулж дарсан боловч ирээд мөргөсөн. Шүүгдэгч их согтуу байсан. Машиндаа гурвуулаа явж байсан. Цуг явсан Д гэх хүн нь зугтаад хүмүүс барьж ирсэн. Шүүгдэгч түргэний эмчтэй хэрэлдээд байсан. Миний толгой хагарсан. Том охины гар хугарсан. Бага охинд биед хүнд гэмтэл учирсан. Машины төлбөр, толгойн зурагны мөнгийг авсан. Одоогоор нэхэмжилж байгаа нотлох баримт бүхий төлбөр байхгүй. Гомдолтой байна. Цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэв.
Эрүүгийн 1703000010060 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Насанд хүрээгүй хохирогчдын хууль ёсны төлөөлөгч И.Угийн: “Би 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн Цэргийн хотхоны баруун талын замд зүүнээс баруун тийшээ 40 орчим км/цагийн хурдтай явж байтал өдөөс ирж байсан автомашин их л ойрхон зайнаас урсгал сөрж орж ирээд, миний автомашины урдаас мөргөсөн. Би осол болохоос өмнө тэр автомашинаас бултуулаад баруун гар тийш дарсан боловч мөргөлдсөн. Ослын дараа миний толгойноос цус гоожоод, 2 охин минь уйлаад байсан. Хажуугаар явсан машин зогсоод 103 дуудаж өгсөн. Мөргөлдсөн автомашины жолооч ах бууж ирсэн. Тэр ах хөл дээрээ тогтож чадахааргүй согтуу байсан.
...Манай хүүхэд Со зүгээр байгаа, М 3 настай учраас яг бие нь яаж байгааг мэдэхгүй, ил харагдах гэмтэл байхгүй, толгойны гэмтэл цаашдаа яахыг мэдэхгүй байна. Нойр хоолондоо гайгүй байгаа. Хамгийн гол нь хожим ямар гэмтэл гарч ирэхийг мэдэхгүй байна. Осол болсны дараа манай хүүхэд М бид хоёрын толгойн томографикийн шинжилгээг жолоочийн ар гэр хийлгэж өгсөн. Мөн манай машины хохиролд 800.000 төгрөг өгсөн. Машиндаа үнэлгээ хийлгэхэд 58,000 төгрөг, машины хохиролд үнэлгээгээр 1,166,200 төгрөг, Сод 5700 төгрөгөөр эм авч өгсөн. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-19-20, 21/,
Иргэний нэхэмжлэгч Б.Чийн: “Тоёота ист” маркийн ... УНО дугаартай автомашин миний эзэмшлийнх. Осол болох үед би байгаагүй, манай эхнэр У уг автомашиныг унаж явсан. Машины үнэлгээгээр гарсан хохирлоо авмаар байна. Хоёр хүүхэд, эхнэрийн эмчилгээний хохирлыг авмаар байна” гэх мэдүүлэг /хх-28/,
Гэрч Б.Дийн: “2017 оны 8 дугаар сарын 03-ны өдөр Орбит гэх газарт байх дүүгийнхээс гараад автобусны буудал орох гээд явж байтал дүүгийн хажуу айлын танил ах А тааралдсан. Мэнд мэдэлцээд, хаашаа явах гэж байгаагаа хэлтэл “суучихаа автобусны буудал хүргээд өгье” гээд машиндаа суулгасан. Буудал руу төв замаар явж байтал А гуай ямар ч шалтгаангүй эсрэг урсгал руу урсгал сөрөөд өөдөөс ирж байсан суудлын цагаан өнгийн автомашины урдаас мөргөсөн. Мөргүүлсэн автомашины жолооч эмэгтэйн толгойноос цус гарч байсан. Машинд байсан хүүхэд гэмтсэн байсан” гэх мэдүүлэг /хх-32/,
Гэрч Б.Уянгын: “Тухайн үед би машинаар ганцаараа Шинэ цэргийн хотхоны замд зүүнээс баруун тийш явж байтал миний урд талд явж байсан автомашины өөдөөс автомашин урсгал сөрөөд л гэнэт орж ирээд мөргөсөн. Тэр машины хажуугаар гарахад мөргүүлсэн. Машинд жолооч эмэгтэй, машинд сууж явсан хүүхдүүд гэмтсэн нь илт мэдэгдэж байсан тул өөрийн утаснаас 103 руу залгаж ослын талаар мэдэгдчихээд явсан...” гэх мэдүүлэг /хх-35-36/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.08.08-ны өдрийн 10155 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Ч.Сын биед зүүн гарын шуу ясны далд хугарал, тархи доргилт, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь ...журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. 5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэжээ /хх-40/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.08.10-ны өдрийн 10094 дүгээр шинжилгээний дүгнэлтэд: “1. Ч.М-н биед зүүн зулайн ар хэсгийн цөмөрсөн хугарал, зүүн шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь ...журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна. 5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ /хх-43/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.08.08-ны өдрийн 10146 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1. Б.Дийн биед тархи доргилт, зүүн чамархай, дух, эрүүнд зулгаралт, чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь ...журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-46/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.08.07-ны өдрийн 10093 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.И.У-н биед тархи доргилт, зулайн хуйх, уруулд шарх, зүүн өвдгөнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Дээрх гэмтэл нь ...журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. 5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой” гэжээ /хх-49/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.08.08-ны өдрийн 10092 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.С.А-н биед хэвлийн битүү гэмтэл, элэгний баруун дэлбэнгийн язрал, хэвлийн хөндий, элэгний хальсан дахь цус хуралт, баруун 11, 6-р хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шүүх эмнэлгийн ...журмын 3.1.12-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4.Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй” гэжээ /хх-50/,
“...” ХХК-ийн 2017.08.09-ний өдрийн 14475 дугаар үнэлгээний тайланд: “... УНО улсын дугаартай “Тоёота ист” маркийн тээврийн хэрэгсэлд шууд 942,000 төгрөгийн, үнэлгээгээр тогтоогдсон 1,166,200 төгрөгийн хохирол учирсан” гэжээ /хх-55/,
Замын цагдаагийн албаны шинжээчийн 2017.10.03-ны өдрийн 347 дугаар дүгнэлтэд: “1.“Тоёота эдди” маркийн ... УБК улсын дугаартай автомашиныг жолоодон явсан С.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 8.2. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2.“Тоёота ист” маркийн ... УНО улсын дугаартай автомашиныг жолоодон явсан И.У нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 3. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас нөлөөлөөгүй байна” гэжээ /хх-62/,
Шүүгдэгч С.Аийн яллагдагчаар өгсөн: “2017 оны 8 дугаар сарын 04-нд ундны ус авахаар гэрээсээ гарсан. Гудамжинд зүс таних хоёр залуутай тааралдаад архи ууж байснаа санаж байна. Түүнээс хойш юу болсныг санахгүй байна. Яаж машин мөргөснөө ч санахгүй байна. 2007 онд цус харвалт болоод тархины хагалгаанд ороод түүнээс хойш унаж татдаг болсон. Хохирол төлнө...” гэх мэдүүлэг /хх-69/,
Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-9-10, 14-15/, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-12, 13/, хохирлын баримтууд /хх-22/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-25, 26/, гэрч Д.Тийн мэдүүлэг /хх-34/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-70-74/, жолоочийн лавлагаа /хх-78/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-77/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-80/, хохирол төлсөн баримт /хх-84, 85, 94/, шүүх хуралдаанд шинээр гаргаж Д.Т-Эрдэний иргэний үнэмлэхний хуулбар, С.Аийн өвчний түүх, эмчийн тодорхойлолт, эмч нарын зөвлөгөөний шийдвэр, хохирол төлсөн баримт зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч С.А согтуурсан үедээ 2017 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Шинэ цэргийн хотхоны баруун замд ... УБК улсын дугаартай “Тоёота Эдди” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрмийн 2.7, 8.2 гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас иргэн И.Угийн жолоодож явсан ... УНО улсын дугаартай “Тоёота Ист” маркийн Б.Чийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг мөргөж зорчигч Ч.Сийн эрүүл мэндэд хүндэвтэр, Ч.Мын эрүүл мэндэд хүнд, иргэний нэхэмжлэгч И.Угийн эрүүл мэндэд хөнгөн, ... УБК улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч Б.Дийн эрүүл мэндэд хөнгөн, шүүгдэгч С.Аийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Үүнээс согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, И.Угийн жолоодож явсан ... УНО улсын дугаартай “Тоёота Ист” маркийн Б.Чийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлд 1,166,200 төгрөгийн хохирол, зорчигч Ч.Сийн эрүүл мэндэд хүндэвтэр, Ч.Мын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-т заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Энэ нь насанд хүрээгүй хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч И.Угийн “2017 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн 16 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн Цэргийн хотхоны баруун талын замд зүүнээс баруун тийшээ 40 орчим км/цагийн хурдтай явж байтал өдөөс ирж байсан автомашин их л ойрхон зайнаас урсгал сөрж орж ирээд, миний автомашины урдаас мөргөсөн. Мөргөлдсөн автомашины жолооч ах хөл дээрээ тогтож чадахааргүй согтуу байсан. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг /хх-19-20, 21/, гэрч Б.Дийн “...Буудал руу төв замаар явж байтал А гуай ямар ч шалтгаангүй эсрэг урсгал руу урсгал сөрөөд өөдөөс ирж байсан суудлын цагаан өнгийн автомашины урдаас мөргөсөн. Мөргүүлсэн автомашины жолооч эмэгтэйн толгойноос цус гарч байсан. Машинд байсан хүүхэд гэмтсэн байсан” гэх мэдүүлэг /хх-32/, гэрч Б.Уянгын “...Шинэ цэргийн хотхоны замд зүүнээс баруун тийш явж байтал миний урд талд явж байсан автомашины өөдөөс автомашин урсгал сөрөөд гэнэт орж ирээд мөргөсөн. Жолооч эмэгтэй, машинд сууж явсан хүүхдүүд гэмтсэн нь илт мэдэгдэж байсан тул 103 руу залгаж ослын талаар мэдэгдчихээд явсан...” гэх мэдүүлэг /хх-35-36/, хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн 2017.08.08-ны өдрийн 10155 /хх-40/, 2017.08.10-ны өдрийн 10094 /хх-43/, 2017.08.07-ны өдрийн 10093 дугаар шинжилгээнүүд /хх-49/ болон шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд гэм буруутай болох нь нотлогдож байх тул шүүгдэгч С.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т заасан буюу автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Ч.Мын эрүүл мэндэд хүнд, Ч.Сийн эрүүл мэндэд хүндэвтэр, иргэний нэхэмжлэгч И.Угийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, иргэний нэхэмжлэгч Б.Чийн тээврийн хэрэгсэлд 1,266,200 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсныг шүүгдэгч С.А бүрэн төлсөн талаар оролцогчид мэдүүлж байх тул С.Аийг энэ тогтоолоор бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй гэж үзэв.
Харин насанд хүрээгүй хохирогч 3 настай Ч.Мын эрүүл мэндэд учирсан хор уршгийг арилгахтай холбогдуулан цаашид гарах эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тогтоолд дурдаж шийдвэрлэлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүдэгчийн эхнэр гэрч Д.Т гэгчээс мэдүүлэг авсан байх боловч шүүх хуралдаанд гаргасан баримтаар тэрээр Д.Т болох нь тогтоогдсон, иргэний нэхэмжлэгчээр Б.Дийг тогтоогоогүй, Б.Д гэгчийг тогтоосон атлаа мэдүүлэг аваагүй зэрэг алдаа зөрчил гаргасныг улсын яллагчаас “техникийн алдаа” гэж үзэж байна” гэх үндэслэл нь хууль бус байна гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх...” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасныг болон шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан тэнсэж өгнө үү” гэж тус тус дүгнэлт гаргалаа.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /3,19% согтолттой, урсгал сөрсөн/, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /дөрвөн хүний эрүүл мэндэд болон бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан/, шүүгдэгчийн хувийн байдлыг /хөдөлмөрийн чадвар алдалт 70%-аар тогтоогдсон/ тус тус харгалзан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тул С.Ат тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэж байна.
Мөн гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзсэн болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, С.А урьдчилан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Сгийн Аийг автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ, хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.1, 2.3-т зааснаар С.Аийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар С.Ат гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх үүрэг хүлээлгэж, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, С.А цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Насанд хүрээгүй хохирогч Ч.М, Ч.Со, түүний хууль ёсны төлөөлөгч И.У нар цаашид гарах эмчилгээний зардлын баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол С.Ат авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР