Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2022/ДШМ/876

 

 

Ж.Од холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Бат-Эрдэнэ,

хохирогч “М” ХХК-ийн төлөөлөгч, өмгөөлөгч Т.Мөнх-Оргил, Д.Намсрайжав,

шүүгдэгч Ж.О, түүний өмгөөлөгч Б.Ганбаатар, В.Батжаргал,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 2022/ШЦТ/1035 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ж.Оын өмгөөлөгч Б.Ганбаатар, В.Батжаргал, Э.Түвшинбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудаар Ж.Од холбогдох 1806074990289 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Ж.О, 1966 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 56 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “М” ХХК-ийн ерөнхий захирал ажилтай байсан, ам бүл 2, эхнэрийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;

Шүүгдэгч Ж.О нь БНСУ-ын иргэн Пын өмчлөлийн - тоот орон сууцыг худалдаж өгнө гэж 2017 оны 1 дүгээр сард тохиролцон итгэмжлэл гэх бичигт гарын үсэг зуруулж, өөрт нь хадгалагдаж байсан Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн - дугаартай гэрчилгээг авч явсан боловч үүнээс өмнө 2010 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Поос Т.Гд тухайн орон сууцыг худалдах бэлэглэх эрх олгосон итгэмжлэл, 2011 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Т.Гаас өөртөө бэлэглэсэн бэлэглэлийн гэрээ зэрэг хуурамч бичиг баримтыг ашиглан орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Б.Б, Б.У нарт худалдсан боловч энэ байдлыг өмчлөгчид мэдэгдэлгүй, мөнгийг нь өгөлгүй залилж 115.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж “М” ХХК-ийн Хаан банкин дахь долларын - тоот данснаас 2014 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2015 оны 2 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 8 удаагийн гүйлгээгээр 215.460.00 ам долларыг бэлнээр, 2015 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн хооронд 2 удаагийн гүйлгээгээр 38.988.00 ам.долларыг - тоот данс руу шилжүүлэн авч,

“М” ХХК-ийн Хаан банкин дахь - тоот төгрөгийн харилцах данснаас 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд 2 удаагийн гүйлгээгээр 111.000.000 төгрөгийг бэлнээр авч,

2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр “М” ХХК-ийн касст байсан бэлэн мөнгөнөөс 10.000.000 төгрөгийг засвар үйлчилгээнд зарцуулна гэж тус компанийн нягтлан бодогч ажилтай Д.Мын Голомт банкны - тоот харилцах данс руу шилжүүлэн, уг данснаас бэлнээр авч,

2018 оны 08 дугаар сард “М” ХХК-ийн касст бэлнээр байгаа гэж тайланд тусгасан 31.674.968 төгрөгийг бэлнээр авч хувьдаа завшиж “М” ХХК-д 254.448 доллар, 152.674.968 төгрөг буюу нийт 635.072.726 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

“М” ХХК-ийн захирлаар ажиллаж байх үедээ тус компанийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцааны болон зээлийн гэрээнд тавьж Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороонд байрлах Капитрон банк ХХК-д 1 тэрбум 200 сая төгрөгийн шилжүүлэн авч хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Ж.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б овогт Жын Оыг хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг, мөн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Ж.Од 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Ж.Од 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн Ж.Оын нийт биечлэн эдлэх ялыг 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Ж.Од оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Оын урьд цагдан хоригдсон нийт 141 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Ж.Од урьд 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Баянзүрх дүүргийн прокурорын газрын 01 дугаартай тогтоолоор 5.000.000 төгрөгийн барьцаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн тогтоолыг хүчингүй болгож, уг барьцааны мөнгийг хохиролд тооцуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ж.Ооос 115.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Л, 162.674.968 төгрөгийг гаргуулан хохирогч “М” ХХК”-д тус тус олгож, 2022 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Компанийн эрх шилжүүлэх гэрээгээр Ж.О нь “М” ХХК-ийн 20 хувийн эрхийг 200.000 ам.долларт тооцож, хохирогч Кан Хан Со-д шилжүүлэхээр өөрийн сайн дурын үндсэн дээр гэрээг байгуулан нотариатаар гэрчлүүлсэн баримтын дагуу бүртгэхийг Улсын эрхийн бүртгэлийн газарт даалгаж, шүүгдэгч Ж.О нь хөрөнгө завших гэмт хэргийг гэрээний аргыг ашиглан үйлдсэн байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зааснаар “М” ХХК болон Капитрон банкны хооронд 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан №3023-2017/17 тоот зээлийн гэрээ, барьцааны гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Капитрон банк нь энэ гэмт хэргийн улмаас хохирсон гэж үзвэл хохирлын талаарх нотлох баримтаа Иргэний хуульд заасны дагуу бүрдүүлэн гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Ж.Оын өмгөөлөгч В.Батжаргал хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ж.Оыг “М” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж 254.448 ам.доллар, 152.674.968 төгрөг нийт 635.072.726 төгрөгийг хувьдаа завшиж их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцсоныг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь, “М” ХХК-ийн 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн дүрэм болон Ж.О, БНСУ-ын иргэн К, талийгаач П нарын хооронд байгуулсан 2015 оны 1 дүгээр сарын 6-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээ байгуулахаас өмнө тус компанийн 100 хувийн хувьцааг Ж.О дангаар эзэмшиж байсан байна. /хх 11-199/ Улмаар БНСУ-ын иргэн К-ний 2014 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 100.000 ам.доллар, талийгаач П 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 100.000 ам.долларыг “М” ХХК-ийн Хаан банкин дахь - дугаарын дансанд тус тус шилжүүлснээр Ж.О нь БНСУ-ын иргэн К-д тус компанийн 40 хувийн хувьцааг, талийгаач П-д тус компанийн 40 хувийн хувьцааг 2015 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, эрх шилжүүлэх гэрээгээр шилжүүлсэн байна. Ингээд 2015 оны 01 дүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн БНСУ-ын иргэн К, П нар “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчийн эрхийг эдэлж, үүргийг хүлээж эхэлсэн. “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар компанийн тухай хуулийн холбогдох хэсгийг үндэслэн хувьцаа эзэмшигчдийн хурлаа хийж тус хурлаар компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3 дах хэсэгт зааснаар Ж.Оыг гүйцэтгэх захирлаар сонгосон байдаг. Гүйцэтгэх захирал Ж.О нь Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулсан. Гэтэл Ж.Оыг Компанийн тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд хийж хэрэгжүүлсэн үйл ажиллагааг компанийн тухай хууль, компанийн дүрэмд зааснаар хянан хэлэлцээгүй, хяналтын аливаа үйл ажиллагаа явуулаагүй, тайлан тооцоог нь нягтлан шалгаагүй, Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.4 дэх хэсэгт заасан үүргээ хэрхэн биелүүлсэн болохыг аливаа хэлбэрээр тодорхойлоогүй хэрнээ түүнийг хөрөнгө завшсан гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Түүнчлэн, шүүхийн шийтгэл тогтоолд заасан 254.448 ам.доллар, 152.674.968 төгрөг, нийт 635.072.726 төгрөгт компанийн хувьцааг шилжүүлэх үндэслэл болсон 200.000 ам.доллар, Ж.Оын хувиасаа тус компанид 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 38.000.000 төгрөг, 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 73.000.000 төгрөг, нийт 111.000.000 төгрөг оруулсныг компанид учруулсан хохиролд тооцсон нь үндэслэлгүй байна. Ж.О нь гүйцэтгэх захирлын албан тушаалыг ашиглаж компанид хохирол учруулсан тохиолдолд тухайн хохирлыг Компанийн тухай хуулийн 86 дугаар зүйлийн 86.1 дэх хэсэгт зааснаар хувьцаа эзэмшигч нарын хэн аль нь шүүхэд нэхэмжлэл гаргах замаар нөхөн төлүүлэх иргэний эрх зүйн харилцаа болохыг компанийн тухай хуулиар хуульчилсан байхад түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байна.

Мөн түүнчлэн шүүгдэгч Ж.О нь “М” ХХК-ийн 20 хувийн хувьцааг 200.000 ам.долларт тооцож, хохирогч К-д шилжүүлсэн болно. Ж.Оын “М” ХХК-д 254.448 ам.доллар, 152.674.968 төгрөг, нийт 635.072.726 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл нь хувьцаа эзэмшигч нарын хооронд үүссэн Компанийн тухай хуулийн хүрээнд хянан шийдвэрлэх иргэний эрх зүйн шинжтэй маргаан гэж үзэж байх тул дээрх үйлдлийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр эрүүгийн 181102651140 дугаар хэрэгт Ж.Оыг яллагдагчаар татсан. Уг тогтоолоор Ж.О нь БНСУ-ын иргэн Пын өмчлөлийн - тоот орон сууцыг худалдаж өгнө гэж 2017 оны 1 дүгээр сард тохиролцон итгэмжлэл гэх бичгэнд гарын үсэг зуруулж, өөрт нь хадгалагдаж байсан үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн - дугаартай гэрчилгээг авч явсан боловч үүнээс өмнө 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Поос Т.Гд тухайн орон сууцыг бэлэглэх, худалдах эрх олгосон итгэмжлэл, 2011 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Т.Гаас өөртөө бэлэглэсэн бэлэглэлийн гэрээ зэрэг хуурамч бичиг баримтыг ашиглан өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Б.Б, Б.У нарт худалдсан боловч энэ байдлыг өмчлөгчид мэдэгдэлгүй, мөнгийг нь өгөлгүй залилснаас 115.000.000 төгрөгийн хохирол учруулж, залилах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн /5хх 1-2/, хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтаар Ж.О нь 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Поос Т.Гд тухайн орон сууцыг худалдах, бэлэглэх эрх олгосон итгэмжлэлийг хуурамчаар үйлдсэн эсэхийг шалган тогтоосон үйл баримт тогтоогдохгүй. Уг итгэмжлэл дээрх гарын үсэг нь Пых мөн эсэх, итгэмжлэлийг хуурамчаар үйлдсэн тохиолдолд хэн, хэзээ, хэрхэн тухайн итгэмжлэлийг үйлдсэн эсэхийг шалган тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нийцнэ. Түүнчлэн, 2011 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Т.Гаас Ж.О нь өөртөө бэлэглэсэн бэлэглэлийн гэрээг байгуулсан байх ба уг гэрээг ямар үндэслэлээр хуурамч гэж дүгнэсэн нь тодорхойгүй. Уг бэлэглэлийн гэрээ нь Иргэний хууль тогтоомжид заасны дагуу талуудын хүсэл зоригийн илэрхийллийн дагуу Т.Гаас Ж.Од шилжүүлсэн хууль ёсны гэрээ ба тухайн гэрээнд Т.Г, Ж.О нар нь сайн дурын үндсэн дээр гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. Зүй нь уг гэрээг хуурамч гэж үзэх тохиолдолд Т.Г уг гэрээнд гарын үсэг зураагүй, тухайн гарын үсгийг өөр этгээд хууль бус аргаар буюу дуурайлган зурсан байх зэрэг нөхцөл бүрдсэн байх шаардлагатай юм. Энэ нь хохирогч Поос Т.Гд олгосон итгэмжлэлд адил хамаарах ба итгэмжлэл нь хуульд заасны дагуу нотариатаар баталгаажсан бөгөөд нотариатын үйлдэл мөн хууль бус байсан эсэхийг шалган тогтоосноор хэн тухайн гэмт хэргийг үйлдсэн болохыг тогтоох боломжтой юм. Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах ажиллагааны явцад зөвхөн хохирогчийн мэдүүлгээр Ж.О нь бусдын буюу БНСУ-ын иргэн Пын хөрөнгийг хууран мэхэлж авсан гэж дүгнэж байгаа ба дээр дурдсан залилах гэмт хэргийг хэн, хэзээ хэрхэн, яаж үйлдсэн болохыг шалган тогтоосон зүйлгүй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс Ж.Оын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан үйлдэлд мөн маргаантай байгаа ба мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдлыг бүрэн гүйцэт шалган тогтоогоогүй байгаа тул тухайн үйлдэл гэмт хэргийн шинжгүй гэж үзнэ.

Шүүхийн гаргасан дээрх шийдвэр нь эрүүгийн эрх зүйн суурь зарчим, эрх зүйн онолд нийцээгүй, улмаар Эрүүгийн хуулийз буруу хэрэглэсэн талаар, Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг буюу залилах гэмт хэрэг нь бусдын өмчлөлийн хөрөнгийг буцаан өгөх санаа зорилгогүйгээр, ашиг олох сэдэлтийн үндсэн дээр өөрт шилжүүлэн авч буй үйлдлийг ойлгодог бөгөөд тухайн төрлийн гэмт хэрэг нь эд хөрөнгийг өөрт шилжүүлэн авснаар гэмт хэрэг төгсдөг ба Ж.О нь бусдын эд хөрөнгийг залилж авсан гэж үзэх тохиолдолд 2011 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Т.Гтай бэлэглэлийн гэрээ байгуулан өөрийн өмчлөлд шилжүүлэн авснаар тухайн гэмт хэрэг бүрэн төгссөн гэж үзнэ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан тул хэргийг хэрэгсэхгүй болгох тухай өмгөөллийн дүгнэлтийг үгүйсгэсэн няцаасан, дүгнэлт хийсэн зүйлгүй байх тул мөн үндэслэлийн талаар дараах дүгнэлтийг хийв. Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолох журам нь Эрүүгийн хуульд /материаллаг/ тусгагдсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг тодорхойлсон процессын шинжтэй зохицуулалт мөн эсэхэд дүгнэлт хийхийн тулд эрх зүйн онолын суурь ойлголтуудыг анхаарч үзэх шаардлагатай юм. Эрх зүйн онолын үүднээс эрх зүйн хэм хэмжээг нийгмийн харилцаанд ямар аргаар хэрхэн нөлөөлж буй шинжээр нь бэхжүүлэх, зохицуулах, хамгаалах гэх зэргээр ангилан үздэг бөгөөд Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх эрх зүй нь нийгмийн харилцааг хамгаалах шинжид бүрнээ хамаардаг. Энэхүү эрх зүйн хамгаалалт нь зөвхөн материаллаг хэм хэмжээ тогтоосноор хэрэгжих боломжгүй. Харин түүний хэрэгжүүлэх арга журмыг тодорхойлсон процессын хэм хэмжээгээр дамжин хангагддаг тул энэ хоёр эрх зүй нь зорилго, чиг үүргийн хувьд нягт харилцан хамааралтай. Гэвч эрүүгийн эрх зүй хэм хэмжээгээр гэмт хэрэг, түүнийг шийдвэрлэхэд баримтлах зарчим, харгалзан үзэх нөхцөлүүд, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээ, нөлөөлөх хүчин зүйлүүдийг тогтоодог. Харин эрүүгийн процессын эрх зүйн хэм хэмжээ нь Эрүүгийн хуулийг хэрэгжүүлэх арга, хэлбэр, үйл ажиллагаа /норматив/, журмыг тодорхойлдог учраас эдгээр эрх зүйн хэм хэмжээ нь хоорондын давхцал үүсгэдэггүй онцлогтой. Эрүүгийн эрх зүйн ерөнхий ангийн хэм хэмжээнүүд нь ихэвчлэн заасан, зохицуулсан, эсхүл хууль зүйн ойлголтын агуулгыг тодорхойлсон зэргээр эрх зүйг хэрэглэх үндэс суурь болохын хувьд тохиолдол бүрийг гүйцэд журамласан байдаг. Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны талаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй:”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн ... хүртэл тоолно.” гэх зэргээр эрүүгийн эрх зүйн дээрх ойлголтоор тодорхой хууль зүйн факт тогтоогдвол хэрхэхийг шууд заасан /Бланкет/, шинжтэй хэм хэмжээ байна. Харин энэхүү хэм хэмжээг хэн хэрхэн хэрэгжүүлэх арга, хэлбэрийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол прокурор тогтоолоор, хэрэв эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан бол шүүхийн шийдвэрээр хэргийг хэрэгсэхгүй болгохоор хуульчилсан. /Хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт/ Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааны талаарх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зохицуулалт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхэд нөлөөлөх урьдчилсан нөхцөл /хэрвээ/, нийтлэг үндэслэл /Гипотез/ болдог тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам тогтоосон процессийн /үйл ажиллагаа/ хэм хэмжээний шинж чанарыг үл агуулна. Түүнчлэн, анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийг тайлбарлан хэрэглэхдээ олон улсын эрүүгийн эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ болох “In dubio pro rio” буюу ямар нэгэн эргэлзээ гарвал гэм буруутай этгээдэд ашиггайгаар шийдвэрлэх зарчмыг анхаарч үзээгүй байна. 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно. ...” гэж заасныг Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. ...” гэж өөрчлөн найруулж, Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар дээрх зүйл, хэсгийн “анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох” гэснийг “яллагдагчаар татах” гэж өөрчлөлт оруулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж зааснаас үзвэл хөөн хэлэлцэх хугацааны дотор яллагдагчаар татсан бол хугацаа зогсож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу мөрдөн байцаалт, шүүхийн ажиллагаа цааш үргэлжлэхээр байна. Гэтэл хууль тогтоогч Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно. ...” гэж өөрчлөн найруулсан нь мөн зүйлийн 1 дэх хэсгийн зохицуулалттай илтэд зөрчилдөж, хуулийн хийдэл үүсгэсний зэрэгцээ хэрхэн хэрэгжүүлэх арга, журмыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгаагүй улмаас хэргийн оролцогчид тухайн өөрчлөлтийг хэрэгжүүлэх боломжгүй байдалд хүргэжээ. Энэ тохиолдолд тухайн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэсэн гэм буруугүйд тооцох зарчмын дагуу шүүгдэгчид ашигтай байдлаар хэрэг хянан шийдвэрлэх нийтлэг журамд нийцүүлэн шийдвэрлэх үндэслэл бүрдсэн гэж үзнэ. Монгол Улсын нэгдэн орсон Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Тухайн үед үндэсний буюу олон улсын хуулийн дагуу гэмт хэрэгт эс тооцож байсан үйлдэл буюу эс үйлдлийг үндэслэж, хэнийг ч гэмт хэрэгт яллан шийтгэх ёсгүй. Түүнчлэн, гэмт хэрэг гарсан тэр үед ногдуулж болох байснаас илүү хүнд ял тохоож болохгүй.”, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “...эрүүгийн гэмт хэрэг үйлдэх үед хэрэглэж байснаас илүү хүнд ял шийтгэл оногдуулж болохгүй. Гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш тийм хэргийн ялыг хуулиар хөнгөлсөн бол уг хэрэгтэнд тэрхүү хөнгөлсөн ялыг хэрэглэнэ” гэжээ. Олон Улсын гэрээний зохицуулалтыг үндэсний хууль тогтоомжид нутагшуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно.” гэж, 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ.”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй.” гэж хууль үйлчлэх цаг хугацаа, буцаан хэрэглэх үндэслэлийг хуульчилсан билээ. Хуулийн дээрх агуулга нь гэмт хэрэг болон эрүүгийн хариуцлагыг тухайн гэмт хэргийг үйлдэх цаг хугацаанд үйлчилж байсан Эрүүгийн хуулиар тодорхойлох бөгөөд шинээр баталсан Эрүүгийн хууль өмнөх хуультай харьцуулахад үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн нөхцөлийг бий болгож байвал сүүлд батлагдсан хуулийг хуучин хуулийн оронд, өмнөх цаг хугацаанд буцаан хэрэглэх явдал юм. Шүүгдэгч Ж.Оын эрх зүйн байдлыг тодорхойлоход 2017 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг “Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно.” гэж өөрчлөн найруулсан зохицуулалтыг буцаан хэрэглэх нь илүү ашигтай нөхцөлийг үүсгэж байна.

Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэнээс хойш дараах хугацаа өнгөрсөн нь тогтоогдвол яллагдагчаар татаж болохгүй” гэж, мөн зүйл, хэсгийн 1.2 дахь заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг нэг жилээс дээш, дээд хэмжээг найман жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон, эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын доод хэмжээг нэг жилээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш таван жил өнгөрсөн;” гэж зааснаар тооцвол гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2011 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс хойш 5 жилийн хугацаа өнгөрсөн буюу 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр, нөгөө талаас Ж.О нь 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Б.Б, Б.У нарт маргаан бүхий орон сууцыг шилжүүлснээр гэмт хэрэг төгссөн гэж үзэх тохиолдолд түүнээс хойш 5 жилийн хугацааг тоолоход 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр дууссан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хууль буцаан хэрэглэх зарчмын дагуу үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцсон, эс тооцсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, дордуулсан хууль гэдгийг тодорхойлоход гэмт хэрэг үйлдэгдэх хугацаанд болон түүнээс хойш шүүхээр шийдвэрлэгдэх үе хүртэл батлагдсан Эрүүгийн хуулиудыг хооронд нь харьцуулах замаар дүгнэлт хийх байтал анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй нь “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлох” хууль ёсны зарчмыг зөрчсөн шийдвэр болжээ. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 2022/ШЦТ/1035 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүгдэгч Ж.Оын өмгөөлөгч Б.Ганбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч В.Батжаргалын давж заалдах гомдлыг бүхэлд нь дэмжиж байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий байх ёстой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндсэн зарчмыг зөрчөөгүй байх ёстой. Анхан шатны шүүхэд хэргийн зүйлчлэлийн талаар маргасан. Миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хөрөнгө завшсан гэж үзсэн. Бид мэтгэлцэж оролцохдоо ялын дүгнэлтэд “М” ХХК-ийн захирлын албан тушаалыг ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэж үзвэл хуулийн этгээдийн албан тушаалын үйлдэл юм. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлд заасан гэмт хэргээр зүйлчлэгдэх ёстой. Эрүүгийн үйлдэлд энэ хуулийн үзэл баримтлалыг судлахаар итгэмжлэн хариуцсан хөрөнгө нь үндсэн хоёр шинжийг агуулдаг. Ямар хоёр шинжийг агуулсан гэхээр нэг талдаа иргэний, тодорхой гэрээний шинж чанарыг агуулж байна. Хоёр дахь үндсэн шинж бол Хөдөлмөрийн хуулийн шинж чанарыг агуулсан байна. Дээрх хоёр шинж чанар байна уу, байхгүй юу гэдэг дээр мэтгэлцсэн боловч 2 шинж байхгүй байсан учраас бид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлд заасныг хэрэглэх зүйтэй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан албан тушаалаа урвуулж эд хөрөнгө авсан гэх асуудалд мэтгэлцэж, шүүх хуралдаанд оролцсон ч шүүх хүлээж аваагүйг хууль буруу хэрэглэсэн гэж үзсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа тэр Үндсэн хуулийн Цэцэд 7 дугаар сарын 26-ны өдөр хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаан үүсгэсэн гэдэг мэдээлэл авсан. Үндсэн хуулийн Цэцэд үүссэн маргааны зохицуулалтууд өнөөдрийн Ж.Од холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацааны талаар зайлшгүй яригдах ёстой. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.4 дүгээр зүйлд заасан нөхцөл үүссэн гэж харж байна. Өмгөөлөгчдийг гомдол гаргаж байх үед энэ асуудал яригдаагүй байсан. Ж.Од холбогдох хэргийн үйлдлүүд нь 2011 он, 2013 он болон сүүлийн үйлдэл нь 2018 онд болсон. Хохирогчийн өмгөөлөгчид хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэх боловч шинэ Эрүүгийн хуулиар хөөн хэлэлцэх хугацаа тасалдах гэж байхгүй. 2018 оны 8 дугаар сард “М” ХХК-иас ашигласан гэх 31.674.968 төгрөгийн баримтаар анхан шатны гэм буруутай тооцсон. Өөрөөр хэлбэл, “М” ХХК-ийн касст бэлнээр байгаа гэж тайланд тусгасан 31.674.968 төгрөгийг Ж.О авсан гэх хийсвэр дүгнэлт хийсэн. Өмнө нь давж заалдах шатны шүүхээр хэлэлцэгдээд гэм буруутай гэж үзсэн бол гэм бурууг үгүйсгэсэн нотлох баримтыг харьцуулж дүгнэлт хийлгэхээр буцаасан. Мөрдөн байцаалтын шатанд Ж.Оыг 31.674.968 төгрөгийг бэлнээр авсныг нотолж чадаагүй. Мөн “М” ХХК-ийн санхүүгийн 28 хуудас баримтыг мөрдөн байцаагч үзлэг хийж, хурааж авсан. Энэ баримтууд байхгүй учраас Ж.Оыг 31.674.968 төгрөгийг авсан гэж шууд тулгаж, бусад хэргийн баримтуудаар гэм буруутай гэж тооцох боломжгүй гэсэн асуудлыг тавьсан. Анхан шатны шүүх хуралдаанд давж заалдах шатны шүүхийн магадлалыг үндэслэж Ж.Од холбогдох хэргийг буцаах байр суурьтай байсан боловч гэм буруутай гэж үзсэн тул буцааж болохгүй болсон. Хууль ёсны үндэслэл бүхий байна гэдэг нь эргэлзээгүй байдлаар нотлох ёстой. Эргэлзээтэй үйл явдлыг нотлоод, гэм буруутайд тооцсон учраас хууль ёсны гараагүй. Тухайн мөнгө хувьцааны мөнгө үү, хөрөнгө оруулалтын мөнгө үү. Хохирогчид “М” ХХК-ийн хувьцааны 40 хувийг 2224 ширхэг хувьцааг 100.000 ам.доллараар авсан гэж тайлбар өгсөн. Хувьцаа худалдан авах, хөрөнгө оруулалт хоёр өөр эрх зүйн үр дагавартай. Хувьцаа худалдаж аваагүй бол 40 хувийн хувьцааг үнэгүй авах боломжгүй, 40 хувийн хувьцаа эзэмшигч гэж аж ахуйн гэрчилгээнд бичигдэх боломж байхгүй байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд нотлох баримтуудыг бичсэн нь шүүхийн гэм буруутай гэсэн үйлдлийг няцаасан баримтуудыг дүгнэж бичсэн. Хэрвээ хувьцааны мөнгө гэж үзвэл Ж.О гэдэг хүн тухайн мөнгийг захиран зарцуулах эрхтэй. Хөрөнгө оруулалтын мөнгө гэж үзвэл эд нар хувьцаа эзэмшигч биш, хөрөнгө оруулалт байх ёстой. Ийм нөхцөл байдалд дүгнэж гэм буруутай гэж үзсэн нь буруу байна.

Эрүүгийн хуулийн 22.12 дугаар зүйлд хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан албан тушаалаа ашиглаж компанийг хохироосон, захиргааны хэм хэмжээний акт, хэлцэл, дүрмийг зөрчсөн бол гэж хууль тогтоогч байгууллагаас гаргасан. Энэ нь хуучин албан тушаалын гэмт хэргийг хоёр ялгасан байна. Нийтийн эрх зүйн субъектүүд, нөгөөх нь хуулийн этгээдүүд байсныг нь хуваасан. Хуулийн этгээдэд аж ахуйн нэгж болон төрийн бус байгууллага ч орно. Ж.Оын 3 үйлдэлд нь хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдаж байгаа. Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолд хөөн хэлэлцэх хугацааны талаар дэлгэрэнгүй бичсэн. Олон улсын гэрээ болон хүний эрхийн түгээмэл тунхаглал оруулсан. Эдгээр нөхцөл байдлуудыг хууль хэрэглээндээ хэрэглээсэй гэж тайлбар гаргасан. Ж.Од холбогдох хэргийн зүйлчлэлийн хувьд өмнө нь олон хэрэгт өмгөөлөгчөөр оролцоход Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.12 дугаар зүйлд зааснаар зүйлчилж байсан. Ж.Од холбогдох хэргийг бүрэн нотлогдоогүй учраас цагаатгаж өгнө үү гэсэн байр суурьтай байсан. Өнөөдрийн байдлаар эрх зүйн байдал өөрчлөгдөж, хэргийг түдгэлзүүлэх үндэслэл нь гомдол гаргасны дараа гарсан тул шүүх бүрэн эрхийнхээ хэмжээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Ж.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч нартайгаа санал нэг байна. ...” гэв.

Хохирогч “М” ХХК-ийн өмгөөлөгч Т.Мөнх-Оргил тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн үйлдлийг 2011 онд төгссөн гэх байдлаар шүүгдэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргаж, хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг байдлаар ярьдаг. 2011 оноос хойш гэмт хэрэг үйлдэж дууссан гэж үзвэл 2014 оны гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэм буруутай гэж шүүх үзсэн. Энэ хооронд хөөн хэлэлцэх хугацаа тасалдах ойлголт яригдах ёстой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт хэрэглэх хугацаа өнгөрсөн тохиолдолд тухайн гэмт хэргийг үйлдээгүй бол хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдэг байдлаар хуульчилсан. Дараагийн гэмт хэрэг үйлдсэн нь хөдөлшгүйгээр гэм буруутай нь тогтоосон учраас хөөн хэлэлцэх хугацааны асуудал тасалдсан. Ж.Од холбогдох хэргийн хувьд хөөн хэлэлцэх хугацаа яригдахгүй. 635.072.726 төгрөгийн хохирол дараах байдлаар задарч байгаа. 162.674.968 төгрөг нь бусад компанийн данснаас завшсан мөнгө, Ж.О өөрийн эзэмшиж байгаа 20 хувийн хувьцаагаа шилжүүлж өгснөөр дуусгавар болж байгаа учраас хохирлын тооцоонд ямар нэгэн зөрүү гараагүй. Залилах гэмт хэргийн тухайд 115.000.000 төгрөг тогтоогдсон. ...” гэв.

Хохирогч “М” ХХК-ийн өмгөөлөгч Д.Намсрайжав тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ж.Оын өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдол зарим талаар үндэслэлгүй гэж үзсэн. 3 өрөө орон сууцыг залилан мэхлэх замаар авсан. Тус байрыг компанийн хэрэгцээнд ашиглаж байсан. Компанийн ажилтнууд БНСУ-аас ирэхдээ зочид буудал үнэтэй гэх үндэслэлээр тус орон сууцыг ашигладаг байсан. Ж.О гүйцэтгэх захирлын албан тушаал ажилтай байсан учраас орон сууцыг зохих хэмжээгээр ашиглуулдаг, ажлыг нь хариуцаж байсан. 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Т.Г гэдэг хүний нэр дээр орон сууцыг захиран зарцуулах эрхтэй гэсэн итгэмжлэл хийлгэсэн. 3 өрөө орон сууцны жинхэнэ эзэн нь БНСУ-ын иргэн П байсан. Гэтэл Поос Т.Г гэдэг хүнд олгосон итгэмжлэл хийлгэж, үүнийг ашиглаж 2011 оны 3 дугаар сард Т.Гаас Ж.Од бэлэглэлийн гэрээгээр шилжүүлж авсан. 2013 онд бусдад 115.000.000 төгрөгөөр худалдсан гэдэг. Энэ талаараа Пд мэдэгдэхгүй явж байгаад 2017 онд Поос жинхэнэ итгэмжлэл авч тус орон сууцыг худалдаж мөнгийг нь өгье гэдэг. Гэтэл 2013 онд худалдсан байсныг нь П итгэмжлэл хийх үедээ мэдсэн. Мөнгийг нь төлөөгүй байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн. Ж.Оын өмгөөлөгчид хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэх зүйл ярьсан. Ж.О нэг гэмт хэрэг үйлдсэн бол хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдах боломжтой байсан. Гэтэл Ж.О 2014 оноос эхэлж компанийн хөрөнгө завшсан үйлдэл байдаг. Ж.Оын үйлдэл нь 2018 он хүртэл үргэлжилсэн. Тэгэхээр хөөн хэлэлцэх хугацааны асуудал ярих үндэслэлгүй. Учир нь, тухайн үедээ хөөн хэлэлцэх хугацаа тасарч, өөр гэмт хэргүүд үйлдсэн. “М” ХХК-ийн 254.448 доллар, 152.674.968 төгрөг буюу нийт 635.072.726 төгрөгийг хувьдаа завшсан үйлдлийг эрүүгийн хэргийн шинжгүй гэдэг. Ж.О “М” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан ба компаниас их хэмжээний хөрөнгө гарсан баримт байдаггүй. Энэ байдлыг компанийн хөрөнгийг үрэгдүүлсэн, завшсан гэж үзсэн, зарим мөнгийг өөрийн хувийн данс руугаа шилжүүлсэн, зарим мөнгийг бэлнээр хувьдаа авсан. Компанийн баланст бүртгэгдсэн бол тухайн компанийн өмч хөрөнгө байх ёстой. Зохих журмын дагуу санхүүгийн хууль, дүрмийн дагуу анхан шатны баримтгүй хувьдаа авч зарцуулсан үйлдлийг хувьдаа хөрөнгө завшсан гэж үзнэ. Шинжээчийн дүгнэлтээр санхүүгийн хууль, дүрмийг зөрчиж, ямар ч баримтгүйгээр авсан гэдгийг нотолсон. Яагаад баримтгүй талаар асуухад Ж.О надад боломж олгоогүй гэдэг зүйлийг мэдүүлдэг. Эрүүгийн хэрэг 2019 оны 2 дугаар сард үүссэн. Өнгөрсөн 3 жилийн хугацаанд баримт гаргаж өгөх боломж байсан. Ж.Од холбогдох хэрэг нотлогдсон. Компанийн барилгыг барьцаанд тавьж зээл авчихаад маргааш өдөр нь хувийн дансандаа шилжүүлж авсан байдаг. Тухайн мөнгийг юунд зарцуулсан талаар баримтгүй. 400 сая төгрөг нь байгаа гэх боловч гаргаж өгдөггүй. Ж.О хуульч мэргэжилтэй. Энэ хэрэгт хуулийн мэдлэгээ ашиглаж байна гэх ойлголт төрдөг. Ж.О ял оногдуулах шүүх хуралдаанд өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч компанийнхаа өмч хөрөнгийг үрэгдүүлсэн нь үнэн гэж хэлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн учраас ял шийтгэлд нь харж үзэх боломж байна гэж үзсэн.

Шүүгдэгчийн өмгөөлөгчид 100 хувь компанийн хувьцаа эзэмшиж байсан гэж ярьдаг. Гэтэл тухайн барилга Солонгос талын хөрөнгө. “М” ХХК-ийн барилгыг Намьянжу хотын иргэдийн хандиваар босгосон. Хотын захиргаанаас тус барилгын газрыг өгсөн. Энэ асуудлын талаар захиргааны шүүхэд маргаан үүсэж, хэлэлцэгдэж тус газрыг “М” ХХК ашиглах эрхтэй гэх шүүхийн шийдвэр гарсан. Ж.О компанийг 100 хувь өөрийнхөө нэр дээр болгосон асуудал нь залилангийн шинжтэй. Тус компани 10 гаруй хувьцаа эзэмшигчтэй байсан ба бүгдийнх нь гарын үсгийг хуурамчаар зурж, нас бараад 2 жил болсон хүний гарын үсгийг зурж компанийг 100 хувь өөрийн нэр дээр шилжүүлсэн. Дараа нь БНСУ-ын иргэн К, П нарын 40, 40 хувийг шилжүүлж байгаа мэтээр 200.000, 200.000 ам.долларын хөрөнгө оруулалт авсан. Тэгээд Ж.О 20 хувийн хувьцаа эзэмшигч болж, хувьдаа завшсан 400.000 ам.доллароо төлсөн. Өөрөөр хэлбэл, “20 хувиа та нарт өгч байна” хэмээн гэрээ хийсэн. Ж.Оын хувьд бие муутай нь үнэн. Компанийн зүгээс хохирол барагдуулбал Ж.Оыг хүнд ялаар шийтгүүлэх хүсэлгүй болно. Анхан шатны шүүх хуралдаан Ж.Оын эрүүл мэндийн байдлаас болж нэг удаа завсарлага авсан. Орон сууцны эзэн нас барсан. Тухайн орон сууцны 115.000.000 төгрөгийг ар гэрт төлж барагдуулж өгнө үү. Ж.Оын хувьд төлнө гэдэг амлалт өгсөн. Капитрон банкны зээлийн асуудлыг өөрөө хариуцаж төлнө гэж хэлсэн. Ж.О нь 5 жилийн хугацаатай зээл авчихаад 1 жилийн дараа банктай эвлэрлийн гэрээ байгуулсан нь мэргэжлээ ашигласан гэж үзсэн. ...” гэв.

Прокурор Д.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ж.Од холбогдох эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд томилолтоор оролцож байна. Шүүгдэгч Ж.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар гэм буруутайд тооцсон нь үндэслэлтэй байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Ж.О нь БНСУ-ын иргэн Пын өмчлөлийн - тоот орон сууцыг худалдаж өгнө гэж 2017 оны 1 дүгээр сард тохиролцон итгэмжлэл гэх бичигт гарын үсэг зуруулж, өөрт нь хадгалагдаж байсан Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн - дугаартай гэрчилгээг авч явсан боловч үүнээс өмнө 2010 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Поос Т.Гд тухайн орон сууцыг худалдах бэлэглэх эрх олгосон итгэмжлэл, 2011 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Т.Гаас өөртөө бэлэглэсэн бэлэглэлийн гэрээ зэрэг хуурамч бичиг баримтыг ашиглан орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авч, 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Б.Б, Б.У нарт худалдсан боловч энэ байдлыг өмчлөгчид мэдэгдэлгүй, мөнгийг нь өгөлгүй залилж 115.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж “М” ХХК-ийн Хаан банкин дахь долларын - тоот данснаас 2014 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс 2015 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 8 удаагийн гүйлгээгээр 215.460.00 ам долларыг бэлнээр, 2015 оны 02 дугаар сарын 1-ний өдрөөс 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн хооронд 2 удаагийн гүйлгээгээр 38.988.00 ам.долларыг - тоот данс руу шилжүүлэн авч,

“М” ХХК-ийн Хаан банкин дахь - тоот төгрөгийн харилцах данснаас 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдрөөс 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд 2 удаагийн гүйлгээгээр 111.000.000 төгрөгийг бэлнээр авч,

2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр “М” ХХК-ийн касст байсан бэлэн мөнгөнөөс 10.000.000 төгрөгийг засвар үйлчилгээнд зарцуулна гэж тус компанийн нягтлан бодогч ажилтай Д.Мын Голомт банкны - тоот харилцах данс руу шилжүүлэн, уг данснаас бэлнээр авч,

2018 оны 8 дугаар сард “М” ХХК-ийн касст бэлнээр байгаа гэж тайланд тусгасан 31.674.968 төгрөгийг бэлнээр авч хувьдаа завшиж “М” ХХК-д 254.448 доллар, 152.674.968 төгрөг буюу нийт 635.072.726 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

“М” ХХК-ийн захирлаар ажиллаж байх үедээ тус компанийн үл хөдлөх эд хөрөнгийг барьцааны болон зээлийн гэрээнд тавьж Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороонд байрлах Капитрон банк ХХК-д 1 тэрбум 200 сая төгрөгийн шилжүүлэн авч хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Кгийн “...2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр П, Ж.О, бид гурав “М” ХХК-ийн хувь нийлүүлэх гэрээг байгуулж, миний бие тус компанийн 100.000 ам.доллар буюу 40 хувь ногдох 222.400 ширхэг хувьцаа, П мөн 222.400 ширхэг хувьцаа, Ж.О 20 хувь буюу 111.200 ширхэг хувьцаатай байхаар гэрээ байгуулсан. Компанийн дүрэм, гэрээ болон бусад баримт бичгийг хуульд заасан журмын дагуу бүрдүүлж, компанийн хэвийн үйл ажиллагааг хангаж, ажиллах үүргийг Ж.О хүлээсэн. Би Ж.Ооос компани хуульд заасан журмын дагуу байгуулагдаж, бидний оруулсан хөрөнгө зохих ёсоор компанийн дансанд байршигдсан эсэхийг тодруулахад Ж.О нь Хаан банкны 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн - дугаартай ам.долларын дансны тодорхойлолтыг гаргаж өгсөн бөгөөд уг дансанд 262.000 ам.доллар байршсан болох нь уг тодорхойлолтоор нотлогдож байсан. Тэгтэл Ж.О нь 2016 онд хувьцаа эзэмшигчдийн оруулсан хөрөнгө болон дүрэмд заасан хэмжээ зөрүүтэй байгаа нь хууль, тогтоомжийн хувьд асуудал үүсгэж байна гэсэн шалтгаанаар компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай гэсний дагуу 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр М ХХК-ийн хувь нийлүүлэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг П, Ж.О бид гурав байгуулсан бөгөөд уг гэрээгээр би тус компанийн 34 хувьд ногдох 189.040 ширхэг хувьцаа, П 33 хувьд ногдох 183.480 ширхэг хувьцаа, Ж.О 33 хувьд ногдох 183.480 ширхэг хувьцааг эзэмшихээр болж, компанийн дүрэм болон бусад холбогдох баримт бичигт өөрчлөлт оруулж улсын бүртгэлийн газарт бүртгүүлэхээр болсон. Гэтэл энэ гэрээний дагуу улсын бүртгэлийн газарт ажиллагаа огт хийгдээгүй. Ж.О нь 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн хувь нийлүүлэх гэрээнд заасны дагуу өөрт ногдох 100.000 ам.долларын хөрөнгө оруулалтыг анхнаасаа огт оруулаагүй бөгөөд улсын бүртгэлд бүрдүүлэхдээ 20 хувь буюу 50.000 ам.долларын хөрөнгө оруулснаар бүртгүүлсэн болох нь улсын бүртгэлийн ерөнхий газраас авсан лавлагаа болон компанийн хувийн хэргийн баримтуудтай танилцахад мэдэгдсэн. Мөн компанийн Хаан банкны - дугаартай дансанд 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар 262.000 ам.доллар байсан боловч Ж.О нь 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Хаан банканд өөрийн нэрээр -, - дугаартай ам.долларын хадгаламжийн данс нээж М ХХК-ийн Хаан банкны - дугаартай данснаас тус бүр зуу, зуун мянган ам.доллар шилжүүлэн авсан байсан. Бидний зүгээс Ж.Од дээрх хууль бус ажиллагааг зогсоож, хувьцаа эзэмшигчдийн хувь нийлүүлсэн хөрөнгө болох 262.000 ам.долларыг буцаан компанид шилжүүлэх шаардлагыг удаа дараа тавьж байсан боловч хойшлуулж, хугацаа заан амлалт, баталгаа зэргийг бичиж өгч байсан боловч одоог хүртэл тодорхой арга хэмжээ аваагүй болно. М ХХК-ийн 80 хувийн хувьцааг эзэмшиж буй бидний зүгээс Ж.Оын дээр дурдсан хууль зөрчсөн, компанийн хөрөнгийг хувьдаа завшсан зэрэг шалтгаанаар 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулж, түүнийг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлж, компанид учруулсан хохирлыг барагдуулах шийдвэр гаргасан. Гэтэл Ж.О нь өнөөдрийг хүртэл компанийн гэрчилгээ, тамга, холбогдох бусад баримт бичиг болон банкны харилцах дансны 1 дүгээр гарын үсгийн эрхийг шинээр захирлаар томилогдсон надад шилжүүлж өгөхгүй байгаа болно. Мөн М ХХК нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг түрээсэлж, түрээсийн орлогоор болон сангийн гишүүдийн санхүүжилтээр тэтгэлгийн үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өнгөрсөн хугацааны түрээсийн төлбөрөөс 38.598.107 төгрөгийг хувьдаа авсан болох нь тогтоогдсон болно. Хувь нийлүүлэгчдийн оруулсан хөрөнгө болох 262.000 ам.доллар, түрээсийн төлбөрөөс хувьдаа авсан 38.598.107 төгрөгийн асуудлаар 2018 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр бидний зүгээс Ж.О болон түүний өмгөөлөгчтэй уулзалт хийсэн бөгөөд уулзалтаар Ж.О хувь нийлүүлсэн хөрөнгийг өөрийн хадгаламжийн дансанд байршуулсан болон түрээсийн төлбөрийг Худалдаа хөгжлийн банк болон Улаанбаатар хотын банканд өөрийн нэр дээр данс нээлгэн байршуулсан болохоо хүлээн зөвшөөрсөн хэдий ч ямар шалтгаанаар компанийн мөнгийг хувьдаа авч, яагаад буцаан өгөхгүй байгаа талаараа тайлбарлаагүй болно. Иймд дээр дурдсанчлан Ж.Оын М ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хувь нийлүүлсэн хөрөнгө болох 262.000 ам.долларыг хувьдаа завшсан үйлдэл болон түрээсийн төлбөрөөс хувьдаа авсан 38.598.107 төгрөгийг хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөлгүйгээр хууль бусаар өөртөө шилжүүлэн авсан дээрх гэмт хэргийн шинжтэй үйлдэл, М ХХК-ийн гэрчилгээ, тамга болон компанийн бусад бичиг баримтыг хууль зөрчин хүлээлгэн өгөхгүй байгаа зэрэг дээрх хууль зөрчсөн үйлдлүүдийг шалгаж, бидний хохирлыг барагдуулж өгнө үү. ...” /1хх 100-101/,

хохирогч Пын “...Би Ж.О гэдэг хүнтэй 2000 оноос эхлэн ажил хэргийн холбоотой байсан бөгөөд 2017 оны 1 дүгээр сард Ж.О нь ажлаар Солонгос улсад ирээд надтай уулзсан. Би Монгол Улсад 1999 онд - тоотод байрлах 46 метр квадрат 3 өрөө байрыг 19.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тухайн байрыг Солонгосоос ажил хэргийн журмаар Монголд очсон Солонгосчуудыг байрлуулах зорилготой авч байсан. Ж.О надтай уулзаад “тэр байр чинь хуучны байр учраас одоо хүмүүс байлгахад тохиромжгүй. Иймээс би танд туслаад байрыг чинь зараад өгье” гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд надаас дээрх байрны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг эх хувиар нь, мөн Монгол хэлээр бичсэн итгэмжлэл гэж тайлбарласан. Цаасан дээр надаас гарын үсэг зуруулсан. Ингээд Ж.О Монгол руу буцсан бөгөөд удалгүй Солонгост дахин ирэхдээ “байрыг чинь зарчихсан, гэхдээ байр авсан хүн нь банкнаас зээлээ авч чадаагүй байгаа учраас мөнгөө аваагүй байгаа” гэж хэлсэн бөгөөд хэдэн төгрөгөөр хэнд зарсан талаараа надад юу ч хэлээгүй. Ингээд 2018 оны 9 дүгээр сар хүртэл надад “нөгөө хүнээсээ мөнгөө аваагүй байна” гээд байдаг байсан. Би 2018 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр Монгол Улсад ирээд 2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Улсын бүртгэлийн ерөнхий газрын архиваас дээрх байртай холбоотой материалуудыг гаргуулан авахад дээрх байрыг 2011 оны 3 дугаар сарын 28-нд Ж.Од Т.Г гэх хүн бэлэглэлийн гэрээгээр өгсөн мэтээр хуурамч бичиг баримт үйлдээд байрыг өөртөө шилжүүлсэн байсан. Би огт Т.Г гэх хүнд итгэмжлэл хийж өгөөгүй бөгөөд танихгүй. Гэтэл 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр би өөрөө Гт гэх хүнд итгэмжлэл өгсөн мэтээр миний гарын үсэг тамгыг хуурамчаар хийсэн байсан. Тэгээд 9 дүгээр сарын 6-нд Ж.О, түүний өмгөөлөгч, би өөрийн орчуулагч өмгөөлөгч нарыг хамт уулзалт хийхдээ байрыг яасан талаар асуухад байрыг хэнд хэзээ хэдэн төгрөгөөр зарсан гэдгээ хэлээгүй боловч байрыг зарсан байгаа урьдчилгаа 30 хувийг авсан үлдсэн мөнгөө аваагүй байгаа гэсэн. Тэгээд улсын бүртгэлээс хувийн хэргээс материал авч үзэхэд дээрх нөхцөл байдал тогтоогдсон гэхэд би хуурамчаар бичиг баримт хийсэн гэж хэлсэн. Миний авсан байрыг хуучирсан учраас зараад өгье гэж хэлсэн. Тэгээд зарахын тулд та надад байрыг зарж борлуулж болно, Ж.О гэж хүн намайг төлөөлнө гэж итгэмжлэл хийж өгөх хэрэгтэй гэхээр нь итгэмжлэл хийж өгсөн. Би байр зарагдсаны дараа Ж.Ооос мөнгөө авах ёстой байсан өөр ямар нэгэн тохиролцоо байгаагүй. Мөн 2016 оны 5 сард Ж.О Солонгост ирэхдээ ээжийгээ эмчлүүлж байгаа иймээс мөнгө хэрэгтэй байна гээд надаас 10 сая вонн зээлж авсан. Тэгээд өгөхгүй байсан бөгөөд удаа дараа мөнгөө нэхэхэд шилжүүлчихлээ гэж хэлээд хоёр ч удаа над руу банкны баримтын зураг явуулж байсан. Тэгээд мөнгө орохгүй байхаар нь өөрт нь хэлэхэд та нар надад гомдол гаргаад дургүй хүргээд байсан учраас мөнгийг чинь өгөхгүй байгаа юм гэж хэлсэн. ...О гэх хүн надаас 2017 оны эхээр итгэмжлэл авсан хэрнээ 2010 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр намайг Г гэх хүнд итгэмжлэл өгсөн мэт хуурамч бичиг баримт хийгээд Сүхбаатар дүүргийн нотариатын 355 дугаартай нотариатч дээр очсон мэтээр хуурамчаар итгэмжлэл хийгээд 2011 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн Поос Ж.Од дээрх байрыг бэлэглэлийн гэрээгээр өгч байгаа мэтээр бичиг баримт бүрдүүлээд, дээрх бэлэглэлийн гэрээн дээр Пыг төлөөлж Тын Г /-/ гэсэн бичиг баримттай иргэн гарын үсэг зурсан байгаа юм. ...Миний хувьд нас дээр гарсан учраас хүйтний улиралд Монголд ирдэггүй юм. 2010 оны 11 сард Монгол Улсад ирж байгаагүй. Солонгос улсад байсан. Дээрээс нь таны сая надад харуулсан итгэмжлэл дээр байгаа гарын үсэг минийх биш бана. Мөн гарын үсгийн ард байгаа гарын үсгийн дардас нь минийх биш бөгөөд би өөр хэн нэгэнд өөрийн гарын үсгийг дардсыг шилжүүлж байсан удаа байхгүй. ...Миний гарын үсгийн дардас бөөрөнхий хэлбэртэй байдаг. Харин итгэмжлэл дээр зууван хэлбэртэй харагдаж байна. Би Монголд гарын үсгийн дардсаа авч ирсэн удаа байхгүй. Би энэ талаар 2018 оны 9 дүгээр сард Монголд ирээд мэдсэн. Тэгээд Ж.Отой уулзахад дээрх бичиг баримтуудыг хуурамчаар хийсэн гэдгээ надад хэлж байсан. Байртай холбоотой надад нэг ч төгрөг өгөөгүй байгаа бөгөөд би одоо Ж.Ооос 3 өрөө байраа авах хүсэлтэй байна. ...” /5хх 48-52/,

хохирогч Э.Бы “... “М” ХХК нь анх байгуулагдсан өдрөөс хойш Ж.О гэдэг хүнийг тус компанийн гүйцэтгэх захирлаар ажиллуулж байсан. Одоогоор уг компанийн 40 хувийг Солонгос улсын иргэн П, 40 хувийг Солонгос улсын иргэн К, 20 хувийг Ж.О эзэмшиж байгаа. ...Компанийн нэр дээр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байршилтай 2482 мкв талбайтай Соёлын төвийн үйлчилгээний зориулалттай эзэмших эрхийн газар, мөн хаягт байрлалтай өмчлөх эрхийн гэрчилгээтэй - дугаартай 1891.4 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө тус тус бүртгэлтэй байсан юм. Ж.Оын үйл ажиллагаатай холбоотойгоор 2016 оноос зөрчлүүд илэрч эхэлж, улмаар ажлаа чөлөөлж өг гэдэг шаардлагыг удаа дараа тавихад “ер нь бол өгнө” гэж ярьдаг байсан. Ингээд арга буюу 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн хурал хийгээд Ж.Оыг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлж, хувьцаа эзэмшигч Кг гүйцэтгэх захирлаар томилсон. Түүнээс хойш компанийн бичиг баримтыг хүлээж авах гэтэл Ж.О өгөхгүй яваад байсан. Үүнтэй зэрэгцэн Солонгос улсын Намьянжу хотоос 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газарт гомдол гаргасан. Агуулга нь хувьцаа эзэмшигчдийн гарын үсгийг хуурамчаар үйлдэж, газрыг хууль бусаар өөр рүүгээ шилжүүлж авсан гэдэг гомдол гаргасан байсан. Үүн дээр 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн байсан ба тухайн үед хувьцаа эзэмшигчдийг гэрчээр асууж байсан. Ж.О компанийн хувьцаа эзэмшигчдийн хувь нийлүүлсэн мөнгө болох 262.0 мянган ам.доллар болон бусад жижиг, сажиг мөнгө завшсан асуудлуудыг шалгуулахаар 2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр Баянзүрх, Чингэлтэй дүүргүүд дэх цагдаагийн хэлтсүүдэд гомдол өгснийг хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шалгаж байх хугацаанд Ж.Оыг эрэн сурвалжлаад олохгүй байсан. Ингээд явж байхад 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс манайд шуудангаар шүүгч 2018 оны 11 дүгээр сарын 6-ны 03475 дугаартай зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай гэсэн шийдвэр ирсэн. ...Эвлэрлийн гэрээний баталгаажуулсан зээл нь нийлээд 1.009.052.846 төгрөгөөр барагдуулахаар тохирсон байсан. Гэтэл Ж.О нь зээлийн гэрээнд манай компани болон өөрийн эзэмшлийн “И” ХХК-ийг хамтран зээлдэгчээр оруулсан байгаа юм. Барьцааны гэрээн дээр газрыг хууль бусаар шилжүүлж авсныхаа дараа хувь хүнээрээ барьцаалсан байсан. Ж.Оын газрыг хууль бусаар шилжүүлснийг бид Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгуулахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй гэж үзээд хэрэг бүртгэлтийн хэргийг 2019 оны 2 дугаар сарын 4-ний өдөр хаасан. ...” /7хх 99-100/,

гэрч Пын “...2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдөр П, Ж.О, бид гурав М ХХК-ийн хувь нийлүүлэх гэрээг байгуулж, миний бие тус компанийн 100.000 ам.доллар буюу 40 хувь ногдох 222.400 ширхэг хувьцаа, П мөн 222.400 ширхэг хувьцаа, Ж.О 20 хувь буюу 111.200 ширхэг хувьцаатай байхаар гэрээ байгуулсан. Компанийн дүрэм, гэрээ болон бусад баримт бичгийг хуульд заасан журмын дагуу бүрдүүлж, компанийн хэвийн үйл ажиллагааг хангаж, ажиллах үүргийг Ж.О хүлээсэн. Компанийг байгуулж, К, бид хоёр мөнгөө шилжүүлсний дараагаар компанийн дансанд байгаа эсэхийг Ж.Ооос асуухад 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр компанийн Хаан банкны - дугаартай ам.доллар байршсан. Тэгтэл Ж.О нь 2016 онд хувьцаа эзэмшигчдийн оруулсан хөрөнгө болон дүрэмд заасан хэмжээ зөрүүтэй байгаа нь хууль, тогтоомжийн хувьд асуудал үүсгэж байна гэсэн шалтгаанаар компанийн дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулж, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай гэсний дагуу 2016 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр “М” ХХК-ийн хувь нийлүүлэх гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, К, Ж.О бид гурав дахин гэрээг байгуулсан. Уг гэрээгээр Ж.О бид хоёр тус бүр компанийн 33 хувьд ногдох 183.480 ширхэг хувьцаа, К 34 хувьд ногдох 189.040 ширхэг хувьцааг эзэмшихээр болсон. Ж.О нь компанийн дүрэм болон бусад холбогдох баримт бичигт өөрчлөлт оруулж улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлэхээр болсон боловч энэ гэрээний дагуу улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлээгүй. Учир нь, Ж.О нь 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн хувь нийлүүлэх гэрээнд заасны дагуу өөрт ногдох 100.000 ам.долларын хөрөнгө оруулалтыг анхнаасаа огт оруулаагүй байсан бөгөөд улсын бүртгэлд бүртгүүлэхдээ 20 хувь буюу 50.000 ам.долларын хөрөнгө оруулснаар бүртгүүлсэн болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас авсан лавлагаа тогтоогдсон. 2015 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр “М” ХХК-ийн Хаан банкны - дугаартай дансанд 262.000 ам.доллар байсан боловч Ж.О нь 2015 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Хаан банканд өөрийн нэрээр -, - дугаартай ам.долларын хадгаламжийн данс нээж компанийн данснаас өөрийнхөө хувийн дансанд 200.000 ам.доллар шилжүүлэн авсан байсан. М ХХК-ийн 80 хувийн хувьцааг эзэмшиж буй бидний зүгээс Ж.Оын дээр дурдсан хууль зөрчсөн, компанийн хөрөнгийг хувьдаа завшсан зэрэг шалтгаанаар 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлан хуралдуулж түүнийг гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлж, түүний оронд гүйцэтгэх захирлаар Кг гаргасан боловч Ж.О нь одоог хүртэл компанийн гэрчилгээ, тамга, холбогдох бусад баримт бичгийг өгөхгүй байна. Мөн Ж.О нь “М” ХХК-ийн гадна компанийн түрээсийн төлбөрөөс 38.598.107 төгрөгийг хувьдаа завшсан. Иймд Ж.Оын хууль бус үйлдлийг тогтоон “М” ХХК-ийн үйл ажиллагааг хэвийн явуулахыг хүсэж байна. ...Ж.Отой уулзахад К бид хоёрт хандаж “Монгол Улсын арилжааны банкнууд гадаадын иргэний нэр дээрх данс болон хуулийн этгээдийн дансанд байгаа мөнгөн хөрөнгөд хадгаламжийн хүү боддоггүй юм, Монгол Улсын иргэн болон хувь хүний нэр дээр хадгаламжийн данс нээвэл хүү өндөр боддог. Миний хувьд “К, та хоёрын компанийн дансанд шилжүүлсэн 200.000 ам.долларыг би өөрийнхөө хадгаламжийн дансанд хийж, хүүг нь цаг тухай бүрд өгч байя” гэж хэлсэн. К бид хоёр Ж.Оын саналыг хүлээж авахдаа нэг шаардлага тавьсан бөгөөд шаардлагын утга нь К бид хоёрт хадгаламжийн хүүг тухайн бүрд нь өгч байх, мөн үндсэн хадгаламж болох 200.000 ам.долларыг К бид хоёрын зөвшөөрөлгүйгээр захиран зарцуулахгүй байхыг хэлсэн. Тэгтэл Ж.О үүнийг хүлээн зөвшөөрч, хэрвээ би зөвшөөрөлгүйгээр хадгаламжаас мөнгө авсан тохиолдолд хуулийн хариуцлага хүлээх болно гэдгээ бичгээр илэрхийлж, уг бичиг дээр нь К, Ж.О бид гурав гарын үсгээ зурж баталгаажуулсан. Ж.Оын хувьд хадгаламжийн хүүгийн хувь хэмжээний талаар огт мэдээлэл өгдөггүй байсан ба надад 2015 оны 3 дугаар сараас 2017 оны 1 дүгээр сарыг хүртэл хугацаанд хадгаламжийн хүү гэж нийт 1.200 ам.доллар өгч байсан. ...” /1хх 107-108, 121-122/,

гэрч Д.Мын “...2016 онд компанийн засварт зарцуулна гэж компанийн удирдлагууд ярьж тохиролцоод 10.000.000 төгрөг гаргахаар болсон. Энэ мөнгийг компанийн мөнгөнөөс тусад нь байршуулахаар болсон. Тухайн үед компанийн үйл ажиллагааг шалгахаар Солонгос дарга болох П, К нар ирсэн байсан. 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр дээрх захирлууд нутаг буцах байсан. Тухайн мөнгийг цаад солонгосчуудын дансанд байршуулаад баримтаа гаргаж өг гэхээр нь миний дансанд түр байршуулсан санаж байна. Ж.О дарга буцаагаад авсан. Миний дансанд мөнгө байршуулах ямар ч шалтгаан байхгүй. Яаралтай үед намайг банк явуулж мөнгө хийлгэж байсан. Уг нь тэр мөнгөөр томоохон засвар хийхээр төлөвлөж хуримтлал бий болгож эхэлж байсан мөнгө юм. Тэгэхээр тэр мөнгөөр 2016 оны 1 сараас хойш томоохон засвар хийсэн зүйл байхгүй байна. Тухайн мөнгийг юунд ашигласан талаар би мэдэхгүй. ... данснаас гарч байгаа орлого, зарлагыг хянаж байгаагүй бөгөөд би банкнаас мөнгө авах ямар ч эрх байхгүй. ...” /1хх 116/,

гэрч П.Бийн “...1999 онд - тоотод байрлах хуучний 3 өрөө байрыг Бүгд Найрамдах Солонгос улсын иргэн П гуай өөрөөсөө 19 сая гаран төгрөг гаргаад дээрх байрыг худалдан авч байсан. Ингэхдээ байрыг миний нэр авч байсан ямар учраас тэгсэн талаар би сайн мэдэхгүй байна. Хэсэг хугацааны дараа П гуай надаас байраа шилжүүлж авна гэхээр нь бэлэглэлийн гэрээгээр байрыг өгсөн. ...” /5хх 56-57/,

гэрч Г.Эы “... “М” ХХК-ийн захирал Ж.О нь тус банкнаас 2017 оны 6 сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулан 1.200.000.000 төгрөгийн зээл олгохоор болсон байдаг юм. Зээлийн гэрээнд зааснаар “М” ХХК-ийн барьж байгаа барилгад хөрөнгө оруулалт оруулах зорилгоор хэсэгчлэн зээл олгож байсан бөгөөд нийт 900.000.000 төгрөгийн зээл олгосон. Үлдэгдэл зээлийг олгох гэхэд барилгын явц удаашралтай ажил хийгдэхгүй зогсонги байдалтай байсан тул бидний олгох зээл эрсдэл үлээж болзошгүй гэсэн үүднээс болгоомжлон үлдэгдэл 300.000.000 төгрөгийн зээлийг Ж.Од олгоогүй байдаг юм. Ж.О нь зээл авсан өдрөөс хойш эргэн төлөлтийн хувийг зөрчиж зээлийг төлөхгүй байсан тул харьяа дүүргийн буюу Баянзүрх дүүргийн Иргэнийн хэргийн анхан шатны шүүхэд хандан “М” ХХК-ийн авсан зээлийг нэхэмжлэн нэхэмжлэл гаргасны дагуу 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 101/ШШ201803475 дугаартай захирамж гарсан. Энэ захирамжаар “М” ХХК-ийн үндсэн зээлийн 900.000.000 төгрөг дээр үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж тооцоод 1.009.052.846 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн. Уг захирамжид зээлийн төлбөрийг төлөөгүй тохиолдолд зээлийн барьцаа хөрөнгө болох “М” ХХК-д бүртгэлтэй - гэсэн улсын бүртгэлийн дугаартай Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Намьянжугийн гудамж хаягт байршилтай 1891.4 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, “М” ХХК-ийн захирал Ж.Оын эзэмшлийн гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар эзэмших эрхтэй Баянзүрх дүүргийн 25 дугаар хороонд байрлах 2482 м.кв талбайтай соёлын төв, үйлчилгээний зориулалттай газрыг үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар захирамжилж Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 101/ШШ201803475 дугаартай захирамж биелэгдэхгүй байсан тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэн зээлийг төлүүлэх ажиллагаа хийгдэж байгаа юм. ...” /7хх 103-104/,

гэрч Д.Эийн “...Би 2005 оноос хойш Намьянжугийн Ж.О гэдгээр нь мэддэг байсан юм. 2017 онд Хаан банканд ажиллаж байгаад бие өвдөөд ажлаас гарч эмчилгээ хийлгэж байгаад энэ оны хавар 5 сард Ж.Ооос ажил асуухад манайх өргөтгөл хийж, томорч байгаа учраас манай ерөнхий нягтлангаар ажилд орж болно, дуудна гэсэн. Тэдний 20 жилийн ой болж байсан шиг санаж байна. Тэгээд 2017 оны 6 дугаар сард Ж.О дуудаж уулзахдаа манайх өвөө гэж дууддаг солонгос хүнтэй хамтарч өргөтгөл барих гэж байгаа учраас банкнаас том зээл авахад ерөнхий нягтлан гарын үсэг зурах шаардлагатай байна, хамтарч ажилладаг солонгос хүнтэй ярилцаж, ерөнхий нягтлан гэдэг албан тушаал гаргах гэж байгаа тул ажилд орох нь тодорхой учраас зээлийн гэрээн дээр гарын үсэг зур гэсэн тул нэгэнт ажилд орох гэж байгаа юм чинь гэж бодсон учраас Саппоро орчим байдаг капитрон банкны салбарт 2017 оны 6 сард очиж 900.000.000 төгрөгийн зээлийн гэрээн дээр гарын үсэг зурсан. Ингээд Ж.О ажлын байр чинь гарахаар дуудна, ирэн очин байж бай гэсэн. Ингээд 2017 оны 7 дугаар сарын эхээр ажил дээр очсон чинь Ж.Оыг байхгүй байгаа гэсэн. Утас нь холбогдохгүй байсан. Ингээд наадмын дараа ажил дээр нь дахиж ирэхэд байгаагүй ба 2017 оны 8 сарын дундуур Ж.Отой уулзахад ажил эхлэх гэж байна, эхлэнгүүт удахгүй тушаалыг чинь гаргана гэж хэлсэн. Би ч амралтын сар байсан учраас нэг мөсөн 9 сард ажилдаа оръё гэж бодсон тул орхисон. 2017 оны 9 сард Ж.Отой утсаар холбогдоход мэдэж байгаа асуудалгүй, дуудна гэсэн. Тэгээд 2017 оны 9 сард “И” ББСБ-д ажиллах санал ирсэн учраас 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс хойш гүйцэтгэх захирлаар ажиллаж байна. Ингээд Ж.Оын Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо Намьянжугийн соёлын төвийн байранд өрөө түрээсэлж байгаад 2019 оны 1 сард нүүсэн. Миний хувьд Ж.Оын тус байранд өрөө түрээсэлж байхдаа түүнийг хэрэгт холбогдсон талаар мэдсэн учраас Ж.Од гэрээн дээр гарын үсэг зуруулахдаа авсан хэрэгт ямар нэгэн холбогдолгүй гэсэн бичиг хийлгүүлж авсныг хэрэгт хавсаргуулахаар өгч байна...” /8хх 114-116/,

гэрч О.Мийн “...Би Ж.О ахын эхнэрийнх нь төрсөн дүү бөгөөд бага байснаас хойш Ж.О ахаар овоглож тэдний гэр бүлд өссөн. Ажил төрөлд нь оролцохгүйгээр машиныг барих гэх мэт зарим зүйлд нь тусалдаг юм. Одоогоос хэдэн жилийн өмнө Ж.О ах капитрон банкнаас зээл авч байгаа тул зээлийн гэрээн дээр гарын үсэг зураад өгөөч гэсэн тул миний нэр дээр хэдэн жилийн өмнө байдаг байсан И ХХК-ийн нэрээр зээлийн гэрээн дээр гарын үсэг зурсан. Гэхдээ би ямар учиртай хэдэн төгрөгийн зээл болохыг мэдэхгүй шууд гарын үсэг зурсан. Би уг банкнаас авсан зээлээс мөнгө төгрөг огт аваагүй. И ХХК-ийг мөнгөний хэрэг гараад хэдэн жилийн өмнө хүнд зарсан. Ж.О ахыг Капитрон банкнаас хэрхэн яаж зээл авсан, тэд нар зээл авсан мөнгөөр юу хийсэн талаар надад мэдэх зүйл байхгүй. Ж.О ахыг Солонгос улсын компанийнхаа хүмүүстэй эд хөрөнгө өмчийн маргааны талаар нь мэдэх зүйл байхгүй гэх мэдүүлэг /8хх 120-121/,

гэрч Д.Мын “...Би тэр үед Ж.О захирлын нягтлангаар ажилладаг байсан бөгөөд надад зээл авах талаараа хэлж байгаагүй. Ер нь нарийн асуудлаа надад хэлдэггүй байсан. Одоо санахад миний дансаар мөнгө авах хэрэгтэй байна, намайг данс нээлгэ гэж хэлэхээр нь ямар учиртай мөнгө болохыг асуухад барилга барихад зориулж банкнаас зээл авч байгаа гэсэн тэгэхэд зээл авч байгаа гэдгийг анх удаа мэдсэн. Тэгээд би өөрийнхөө нэр дээр Капитрон банкны данс нээлгэж /дугаарыг нь санахгүй байна/, уг данс руу орж ирсэн мөнгийг захирал Хаан банкны данстай хүмүүс рүү гүйлгээ хийнэ гэсэн тул өөрийн Хаан банкны - данс руу шилжүүлж уг данснаас 4-5 удаагийн гүйлгээгээр ихэнх мөнгийг бэлнээр авч шилжүүл гэсэн хүн рүү нь шилжүүлсэн. Ямар хүнд өгснийг санахгүй байна хуулган дээр харагдах байх. Үлдсэн бага хэсгийг бэлнээр гаргаж Ж.О захиралд өгсөн санагдаж байна. Миний хувьд уг зээл болон бусад үйл ажиллагаанд оролцож хамтарч хийсэн зүйл байхгүй. Ж.О дарга надад компанийн барилгын ажил гэж ойлгуулсан. Барилга нь эхэлж байсан учраас компанийн ажилд тусалж байна гэж ойлгосон. Бусдаар мөнгөнөөс хувьдаа авсан, ашиг хонжоо харсан ямар нэгэн оролцоо байхгүй. ...” /8хх 129-130/,

Ж.Оын мөрдөн шалгах ажиллагааны үед гэрчээр өгсөн: “... Одоогоос 10 гаруй жилийн өмнө Чингэлтэй дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 61 дүгээр байрны 61 тоот од байрлах 3 өрөө байрыг Солонгос улсын иргэн П болон М боловсрол сангийн гишүүдэд зориулан авч өгсөн. Тухайн байрны мөнгө нь Солонгосчуудаас гарсан бөгөөд тухайн үеийн ханшаар 22 сая төгрөг байсныг буулгаад авч байсан. Байрыг аваад Бийн нэр дээр гэрчилгээ гаргуулан авч байсан. Солонгосчууд Монгол ирэхдээ буудлын зардалд багагүй мөнгө зарцуулдаг байсан учраас байр авч өгсөн. Миний санаж байгаагаар 2005 билүү 2006 оноос хойш Солонгосчууд ирэх нь багасаад дээрх байр удаан ашиглагдахгүй байсан. Тэгээд К гэдэг М боловсролыг дэмжих сангийн хуучин тэргүүн нь намайг дээрх байрыг түрээслээд мөнгийг нь байрны ашиглалтад зарцуулъя гэж ярьсан боловч түрээсэлж чадаагүй. Тэгээд П намайг дээрх байрыг зараад мөнгөө ав эсвэл өөртөө шилжүүлээд ав гэж байсан. Ингээд дээрх байрыг Биос Пд шилжиж очсон байгаа. Үүний дараа П намайг байрыг ав гээд цагаан цаасан дээр өөрийнхөө гарын үсгийг зурж өгөөд явсан. Тэгээд би тэр гарын үсгийг нь ашиглаад бэлэглэлийн гэрээ хийсэн. Тэгээд өөрөө өөртөө шилжүүлж байхаар гэж бодоод хамаатныхаа хүүхэд болох Ц гэдэг эмэгтэйг Пын итгэмжлэгдсэн төлөөлөгч болгоод Цаас өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авсан. Тэгээд дараа нь 2017 онд гэж санаж байна. Поос жинхэнэ итгэмжлэл авч байсан. Би дээрх байрыг өөрийн нэр дээр шилжүүлэн аваад 2013 онд гэж санаж байна хувь хүнд зарсан. Тухайн үед банкнаас илүү зээл гаргуулан аваад өөр зүйлд ашиглах гэсэн юм гэж хэлж байсан. Миний санаж байгаагаар 56 сая төгрөгөөр зарсан гэж бодож байна. байр зарсан мөнгөөрөө би 20 гаран сая төгрөгийг өөртөө зарцуулсан. Харин үлдсэн мөнгийг Солонгосчуудад өгөх гэсэн боловч маргаан үүсээд байсан. Тэгээд ер нь сангийн мөнгөтэй холилдоод дууссан. ...Ямар ч байсан байрыг нь зарсны дараа мөнгийг өгье гэхэд К гэдэг хүн надад баримт дээр байгаа дансыг өгч байсан. Тэгээд би 2 ч удаа Голомт банкаар болон Хаан банкаар шилжүүлж байсан боловч данс руу дугаар буруу гээд мөнгө нь надад эргэж орж ирээд мөнгийг би өөрөө авсан байгаа. Тэгээд тэр үеэр Солонгосчуудтайгаа маргаан үүсэж эхэлсэн учраас мөнгийг нь өгөлгүй орхисон байгаа. ...” /5хх 54-55/,

Ж.Оын яллагдагчаар өгсөн “...Би өөрийн өмгөөлөгчөөр Ц.Монгол өмгөөлөгчийг сонгон авсан байгаа. Миний өмгөөлөгч Ц.Монгол нь 2019 оны 2 дугаар сарын 2-ны өдөр гадаад улс руу 10 хоногийн хугацаатай явсан тул би өмгөөлөгчтэй мэдүүлэг өгье. ...” /7хх 119-121/,

Ж.Оын яллагдагчаар өгсөн “...Д.Э, О.Мэ нар Капитрон банкнаас 900 сая төгрөгийн зээл авсан асуудалд гэрээн дээр гарын үсэг зурснаас биш өөрөөр холбоогүй хүмүүс юм. Мөн тэр хоёр дээрх 900 сая төгрөгөөс нэг ч төгрөгийг аваагүй. 900 сая төгрөгийг юунд зарцуулсан талаараа би дараа өмгөөлөгчтэй ярина. ...Би Капитрон банкнаас зээл авахдаа хууль журмын дагуу материал бүрдүүлж хөрөнгө барьцаалж зээл авсан. Ямар нэгэн хууль бус асуудал байхгүй. Би уг зээлийг өргөтгөл барих зорилгоор авсан тул тус барилга барих асуудалд зээл авсан мөнгөнөөс 200 гаруй сая төгрөг зарцуулсан, 150 сая төгрөгийг зээлийн хүүнд төлсөн. Манай компанийн удирдах зөвлөлийн гишүүд болох Кий хэрэглээний зардал буюу ирж очих онгоцны билет, хоол унд, буудлын мөнгө машины мөнгө гэх мэт хэрэглээний зардалд 100 орчим сая төгрөгийг зарцуулсан. Одоо надад 400 орчим сая төгрөг нь надад байгаа. Учир нь өмнөх Солонгос хүмүүстэй өмчийн маргаантай байгаа учраас мөнгийг нь гаргахгүй байгаа юм. ...” /8хх 126-128/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүх сэтгэц эмгэг судлалын эмчийн “...Ж.О нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Ж.О нь сэтгэцийн эмнэлгийн хяналтад байдаг гэх баримт мэдээлэл үгүй байна. Ж.О нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. Ж.О нь хэрэг хариуцах чадвартай байна. ...” гэсэн 531 дугаартай дүгнэлт /4хх 105-107/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Захирал Ж.О нь бидний дүгнэлтээр 5 удаагийн үйлдлээр дээрх арга замаар нийт 1.433.178.968 төгрөг, 41.656 ам.долларыг гарган авсан байна” гэж тусгасан нь үндэслэлтэй гэж үзэхээргүй байна. шинжилгээгээр анхан шатны баримтгүй, бүртгэл тайланд тусгаагүй нийт 1.052.674.968 төгрөг, 297.141 ам.долларын зөрчил дутагдлаас мөрдөн байцаалтаар 42.693 ам.доллар, 900.000.000 төгрөгийн зөрчил дутагдлыг мөрдөн байцаалтаар тогтоолгохоор, 152.674.968 төгрөг, 254.448 ам.долларыг Ж.О хариуцахаар байна.

А. Амгалан ахуй аудит ХХК-ийн шалгалтаар: Хувь нийлүүлсэн хөрөнгө дутуу оруулсан байдал. Хувь нийлүүлсэн мөнгөн хөрөнгө 111.000.000 төгрөг, 2015.01.03-ны өдрийн Монгол банкны ханш нь 1902.52 төгрөг, хувь нийлүүлсэн доллар 58.344 хөрөнгө оруулагчдын тохиролцоо 100.000 ам.доллар, дутуу оруулсан хөрөнгө оруулалт 41.656 ам.доллар гэжээ. Шинжилгээгээр: Ж.О нь 2015.01.12 нд М ХХК-ийн Хаан банкин дахь - тоот төгрөгийн харилцах дансанд Ж.Ооос хөрөнгө оруулалт гэсэн гүйлгээний утгатай 30.000.000 төгрөг, 2015.01.20 нд Ж.Ооос хөрөнгө оруулалт гэсэн гүйлгээний утгатай 73.000.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна. Монгол банкны тухайн өдрийн ханшаар 38.000.000 /1929.59=19,693,30$ 73.000.000/ 1940.80=376613635$, нийт 57.306.65 $-р хөрөнгө оруулсан байна. Хавтаст хэрэгт авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019.03.11 өдрийн 11/1963 тоот албан бичгээр ирүүлсэн М ХХК-ийн үүсгэн байгуулагчийн тухай мэдээлэлд хөрөнгө оруулалтыг 557.000.000 төгрөгөөр бүртгэж Ж.Оыг 112.200.000 төгрөгийг оруулсан талаар тусгасан байсан. Хувь нийлүүлэгчдийн хурлаар Ж.О нь 100.000 ам.долларын хөрөнгө оруулалт оруулахаар шийдвэрлэсэн бол 42.693.35 ам.доллар дутуу оруулсан гэж үзэхээр байна. Үүнийг мөрдөн байцаалтаар тогтоолгохоор байна.

Б. Амгалан ахуй аудит ХХК-ийн шалгалтаар: хувь нийлүүлсэн хөрөнгийн тодорхой бус зарцуулалт: 491.504.000 төгрөг, шинжилгээгээр “М” ХХК-ийн Хаан банкин дахь - тоот долларын данснаас 2014.12.13 нд 70.000 ам.доллар, 2014.12.15-нд 25.000 ам.доллар, 2014.12.17-нд 4.200 ам.доллар, 2014.12.19-нд 17.000 ам.доллар, 2014.12.19-нд 83.260 ам.доллар, 2015.01.20-нд 5.000 ам.доллар, 2015.01.30-нд 3.000 ам.доллар, 2015.02.01-нд 8.000 ам.доллар, нийт 215.460.00 ам.долларыг Ж.О /РД:-/ нь бэлнээр авч валют бэлэнжүүлсэн гүйлгээний хураамж, зарлагын гүйлгээний хураамжид банк 500.62 ам.долларыг суутгасан авсан байна. Мөн тухайн ам.долларын данснаас - тоот данс руу 38988 ам.долларыг 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн байна. М ХХК-ийн Хаан банкин дахь - тоот төгрөгийн харилцах данснаас 2015.01.12-нд 38.000.000 төгрөг, 2015.01.20-нд 73.000.000 төгрөг нийт 111.000.000 төгрөгийг Ж.О /РД:-/ нь бэлнээр авсан байна. дээрх данснуудаас бэлнээр авсан 215.460 ам.доллар, 111.000.000 төгрөг, шилжүүлгээр хийсэн 38.988 ам.долларын ажил гүйлгээг данс бүртгэлдээ тусгаагүй, хэрхэн зарцуулсан баримтгүй байна.

В. Амгалан ахуй аудит ХХК-ийн шалгалтаар: Засварын ажил хийх 10.000.000 төгрөг, шинжилгээгээр 2016 оны 1 сарын касст байгаа бэлэн мөнгөнөөс Д.Мын Голомт банканд байршил - тоот харилцах дансанд 2016.01.20-нд 10.000.000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд тухайн өдрөө бэлнээр гаргаж Ж.Од өгсөн гэх боловч данс бүртгэлд тусгаагүй, юунд зарцуулсан талаар ямар нэгэн баримтгүй байна. Г.Амгалан ахуй аудит ХХК-ийн шалгалтаар: Кассын бэлэн мөнгөний үлдэгдэл 31.674.968 төгрөг, шинжилгээгээр “М” ХХК нь Капитрон банктай 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдөр №3023-2017/17 тоот “Хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ”, “Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ” байгуулан 1.200.000.000 төгрөгийг жилийн 25.2 хувийн хүүтэй 60 сарын хугацаатайгаар зээлийн гэрээ байгуулсан байна. Зээлийн гэрээний дагуу 2017 оны 06 дугаар сарын 15-нд М ХХК-ийн Капитрон банк дахь - тоот төгрөгийн зээлийн дансанд 900.000.000 төгрөг олгосон байна. Тус зээлийг авахдаа М ХХК-ийн Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 06 дугаар хороо, 13 дугаар хороолол Намянжугийн гудамж хаягт байрлах 1891.4 м.кв талбайтай, - улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний зориулалт бүхий үл хөдлөх хөрөнгө, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 06 дугаар хороо, 13 дугаар хороолол Намянжугийн гудамж хаягт байрлах 2482 м.кв талбайтай -, - улсын бүртгэлийн дугаартай Соёлын төв, үйлчилгээний зориулалт бүхий эзэмших эрхтэй газар зэргийг барьцаалсан байна. Тус компани нь 2017 оны 4 дүгээр улирлын санхүүгийн тайланд 900.000.000 төгрөгийг Банкны богино хугацаат зээл буюу өр төлбөр ба эздийн өмч хэсэгт тусган тайлагнасан байна. Гэхдээ 900.000.000 төгрөгийг хэрхэн юунд зарцуулсан талаар ямар нэгэн нягтлан бодох бүртгэлийн баримтгүй хөрөнгө үүсгэн бүртгээгүй байна. Мөнгөн хөрөнгийн зөрчил дутагдал нь 2014 оны 12 сараас анх хөрөнгө оруулалт хийх үеэс эхэлсэн байна. Тус компани нь нягтлан бодох бүртгэл хөтөлдөггүй, бэлэн мөнгөний тооллого тооцоо хийдэггүй, гүйцэтгэх захирал нь мөнгөн хөрөнгөө захиран зарцуулдаг, бүртгэлээр хяналт тавих боломжийг нягтлан бодогчид олгодоггүй, хөрөнгө оруулагч нарт болон татварт зориулан тайлангаа өөр өөрөөр бэлтгэдэг байсан нь зөрчил дутагдал үүсэхэд нөлөөлсөн байна. Анхан шатны баримтгүй, бүртгэл тайланд тусгаагүй нийт 1.052.674.968 төгрөг, 297.141.35 ам.долларын зөрчил дутагдлаас мөрдөн байцаалтаар 42.693.35 ам.доллар, 900.000.000 төгрөгийн зөрчил дутагдлыг мөрдөн байцаалтаар тогтоолгохоор 152.674.968 төгрөг, 254.448 ам.долларыг Ж.О нь хариуцахаар байна. Эдийн засгийн шинжилгээгээр үйлдэл тогтоох боломжгүй. Учруулсан хохирлын талаар Асуулт 4-д хариулсан болно. Эдийн засгийн шинжилгээгээр үйлдэл тогтоох боломжгүй. Завшсан үрэгдүүлсэн үйлдлийг эдийн засгийн шинжилгээгээр тогтоох боломжгүй. Үрэгдүүлсэн бол хэрхэн яаж үрэгдүүлсэн болохыг тогтоох гэснийг асуулт 7-д хариулсан. Шинжилгээний явцад шинэ нөхцөл байдал тогтоогдоогүй болно. ...” гэсэн 120 дугаартай дүгнэлт /4хх 160-164/,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 12-16, 5хх 5-9/, “М” ХХК-ийн харилцах дансны бүртгэл /1хх 17/, Хаан банкны - тоот дансны орлогын мэдээллийн тодорхойлолт /1хх 40-41/, - дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх 50-51/, “М” ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 1-ний өдрийн Хувьцаа эзэмшигчдийн хурлын тогтоол, протокол /1хх 52-54/, “И” ХХН-ийн 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн мэдэгдэл, ажилтнуудад мэдэгдэл өгсөн тухай баримт /1хх 55-56/, 000305742 дугаартай аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар /1хх 57/, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ /1хх 58-59, 61-62/, 000590113 дугаартай гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар /1хх 60/, 18645310243247 дугаартай нэгж талбарын зураг /1хх 63/, - дугаартай газар эзэмших гэрчилгээний хуулбар /1хх 64/, - дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх 66/, - регистрийн дугаартай “М” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /1хх 67/, гэрчилгээнд оруулсан нэмэлт өөрчлөлт /1хх 69/, Нийслэлийн Засаг даргын А-41 дугаартай захирамж /1хх 65/, прокурорын 15 дугаартай мөрдөн шалгах ажиллагаа явуулах тухай зөвшөөрөл /1хх 78/, Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч М.Сийн хохирогчоор тогтоох тухай тогтоол /1хх 95-96/, Кгийн 2014 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Нунхоб банкаар 100.000 ам доллар М ХХК-ийн - тоот дансанд шилжүүлсэн баримт /1хх 36-37/, БНСУ-ын иргэн Пын 2017 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ВэХан банкаар 100.000 ам доллар М ХХК-ийн - тоот дансанд шилжүүлсэн баримт /1хх 38-39/, Өөрчлөн байгуулах замаар байгуулагдсан хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэх өргөдөл /1хх 132-133/, “Н” ХХК-ийн Капитрон банкин дахь дансны хуулга /2хх 20, 25-30/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/0347 дугаартай захирамж /2хх-ийн 32-34 дэх тал/, гадагш ярьсан болон илгээсэн мессежний дугаарын жагсаалт /1хх 36-39/, Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /2хх 46/, Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ /2хх 47/, шүүгдэгч Ж.Оын Төрийн банкин дахь - тоот дансны хуулга /2хх 51-52/, Ж.Оын Хаан банкин дахь -, - тоот дансны хуулга /2хх 84-87, 69/, Ж.Оын нэр дээр бүртгэлтэй хуулийн этгээдийн лавлагаа /2хх 91-99/, “М” ХХК-ийн Хаан банкин дахь -, - тоот дансны хуулга /2хх 106-110/, “М”, “М” ХХК-уудын улсын бүртгэлийн лавлагаа /2хх 112-113/, Хувьцаа худалдан авах гэрээ /2хх 149-152/, П, К нарын итгэмжлэл /2хх 153-156/, “М” ХХК-ийн Хаан банкин дахь - тоот дансны орлогын тодорхойлолт /2хх 159/, хөрөнгө оруулагчийн анкет /2хх 165/, “М” ХХК-ийн дүрэм /2хх 199-202/, “А аудит” ХХК-ийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 18257 тоот санхүүгийн тайланг нягтлах гэрээт ажлын тайлан гэх албан бичиг, санхүүгийн байдлын тайлан, орлогын дэлгэрэнгүй тайлан, мөнгөн гүйлгээний тайлан, 2017 оны санхүү болон татварын тайланд хийж гүйцэтгэх нягтлах ажлын ерөнхий төлөвлөгөө, “М” ХХК-ийн мөнгөн хөрөнгийн дансны тулган баталгаажуулалт, авлагын дансны тулган баталгаажуулалт, өр төлбөрийн дансдын тулган баталгаажуулалт, орлого зардлын тулган баталгаажуулалт, Хаан банкны дансны хуулга, гүйлгээний баланс, 2017 оны санхүүгийн тайлан /3хх 184-219/, “А аудит” ХХК-ийн 2018 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 18120 дугаартай “М Ж хүэ” ХХК-ийн нийт хөрөнгийн дүн 66.206.482 төгрөг, нийт өр төлбөрийн дүн 2.141.668 төгрөг, эзний өмчийн дүн 64.064.814 төгрөг, өр төлбөр эздийн өмчийн дүн 66.206.482 төгрөг байна. Мөнгөн зарлагын дүн 66.206.482 төгрөг, үндсэн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээний дүн 66.206.482 төгрөг, бүх цэвэр мөнгөн гүйлгээний дүн 66.206.482 төгрөг байна. Өмчийн өөрчлөлтийн тайлан нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний үлдэгдлээр өмч 396.557.000 төгрөг, хуримтлагдсан ашиг 396.557.000 төгрөг байна” гэх хараат бус аудиторын тайлан /3хх 220-224/, Ж.Оын эрүүл мэндийн байдлыг илтгэсэн баримтууд /4хх 67-81/, Харуул хамгаалалтын гэрээ /4хх 87/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 2019/ЦХШЗ/95-ө дугаартай захирамж /4хх 131-132/, Бэлэглэлийн гэрээ /5хх 19-21/,2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн Монгол Улсын Гадаад Харилцааны яамны 10/6554 дугаартай албан тоот, хавсралт /7хх 191-196/, Бүгд Найрамдах Солонгос улсын Намянжү хотын засаг даргын тодорхойлолт /7хх 249-250, 8хх 1-14/, шүүгдэгч Ж.Оын гаргасан мэдэгдэл /8хх 118/, хохирогч П, К нарын Сүхбаатар дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтэст гаргасан тайлбар /8хх 14-17/, Капитрон банкны зээлийн гэрээ, үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ /8хх-ийн 20-26 дахь тал/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШШ2018/03475 дугаартай захирамж /8хх 27-29/, Эвлэрлийн гэрээ /8ххн 30-31/, “М” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр /8хх 40/, хохирогч К, К нарын гадаад паспортын хуулбар /6хх 109-166/, 2020 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 3195 дугаартай Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл /7хх 30-35/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгч оролцогч нарыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Ж.Оыг хуурч, баримт бичиг ашиглаж, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулсан, мөн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэргийг бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Ж.Оын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2.2, мөн хуулийн тусгай ангийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2.2 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ж.Оын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар Ж.Од 2 жил 6 сарын хугацаагаар, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялыг нэмж нэгтгэн Ж.Оын нийт биечлэн эдлэх ялыг 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ж.Оын өмгөөлөгч Б.Ганбаатар, В.Батжаргал, Э.Түвшинбаяр нар хамтран “...111.000.000 төгрөг оруулсныг компанид учруулсан хохиролд тооцсон нь үндэслэлгүй. ...Ж.Оын “М” ХХК-д 254.448 ам.доллар, 152.674.968 төгрөг, нийт 635.072.726 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэл нь хувьцаа эзэмшигч нарын хооронд үүссэн Компанийн тухай хуулийн хүрээнд хянан шийдвэрлэх иргэний эрх зүйн шинжтэй маргаан гэж үзэж байх тул дээрх үйлдлийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү. ...Ж.О нь бусдын эд хөрөнгийг залилж авсан гэж үзэх тохиолдолд 2011 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Т.Гтай бэлэглэлийн гэрээ байгуулан өөрийн өмчлөлд шилжүүлэн авснаар тухайн гэмт хэрэг бүрэн төгссөн гэж үзнэ. ...гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2011 оны 3 дугаар сарын 28-ны өдрөөс хойш 5 жилийн хугацаа өнгөрсөн буюу 2016 оны 3 дугаар сарын 28-ны өдөр, нөгөө талаас Ж.О нь 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Б.Б, Б.У нарт маргаан бүхий орон сууцыг шилжүүлснээр гэмт хэрэг төгссөн гэж үзэх тохиолдолд түүнээс хойш 5 жилийн хугацааг тоолоход 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр дууссан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хууль буцаан хэрэглэх зарчмын дагуу үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцсон, эс тооцсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн, дордуулсан хууль гэдгийг тодорхойлоход гэмт хэрэг үйлдэгдэх хугацаанд болон түүнээс хойш шүүхээр шийдвэрлэгдэх үе хүртэл батлагдсан Эрүүгийн хуулиудыг хооронд нь харьцуулах замаар дүгнэлт хийх байтал анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй нь “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлох” хууль ёсны зарчмыг зөрчсөн шийдвэр болжээ. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 2022/ШЦТ/1035 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж заасан.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хохирогчийг шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн гэж давж заалдах шатны шүүх үзэв.

Тухайлбал, анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Ж.Ооос 115.000.000 /нэг зуун арван таван сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Л, 162.674.968 /нэг зуун жаран хоёр сая зургаан зуун далан дөрвөн мянга есөн зуун жаран найм/ төгрөгийг гаргуулж хохирогч “М” ХХК”-д тус тус олгохоор, мөн “М” ХХК болон Капитрон банкны хооронд байгуулсан барьцааны болон зээлийн гэрээг хүчингүй болгож, үүүнтэй холбогдуулан Капитрон банк нь энэ гэмт хэргийн улмаас хохирсон гэж үзвэл хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн гэм буруутай этгээдээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэсэн дүгнэлт үндэслэлтэй болжээ.

Түүнчлэн анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Ж.О нь хохирогч Л-д 115.000.000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байсан баримт 10 дугаар хавтас хэргийн 4 дүгээр хуудсанд авагдсан байна.

Гэмт буруутай этгээд хуульд заасан хугацааны дотор шинээр гэмт хэрэг үйлдээгүй тохиолдолд ялаас чөлөөлөх боломжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлд хөөн хэлэлцэх хугацааг тоолох журмын тухай хуульчилсан.

Эрүүгийн хариуцлагад татах хугацаа дуусаагүй байхад гэмт хэрэг санаатай үйлдвэл хөөн хэлэлцэх хугацаа тасрах бөгөөд шинээр гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлагад татах хугацаа тасарсан бол өмнө үйлдсэн гэмт хэргийн хувьд тоологдож байсан хугацаа хүчингүй болж, тэр хэргийн хөөн хэлэлцэх хугацаа шинээр үйлдсэн хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхэлсэн үеэс хамт тоологдоно гэж заажээ.

Шүүгдэгч Ж.Оын 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад буюу 2018 оны 8 дугаар сард дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн учир 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт зааснаар өмнөх хэргийн хөөн хэлэлцэх хугацаа ийнхүү тасарч, сүүлчийн гэмт хэрэг төгссөн үеэс эхлэн хоёр гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг шинээр тоолохоор байна.

Энэ талаарх шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “...хохирол төлбөр болон хөөн хэлэлцэх хугацаа”-ны талаарх гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ж.Од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 2 жил 6 сарын хугацаагаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хорих ялын доод хэмжээгээр буюу 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 4 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тогтоосон нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хохирол төлөгдсөн нөхцөл байдал, шүүгдэгчийн эрүүл мэндийн байдал зэрэг хувийн байдалд тохирсон, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болсон байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих зүйлийг мөрдөн шалгах явцад шалгаж тодруулж, хэргийг шийдвэрлэхэд хангалттай нотлох баримтын бүрдэл цугларсан байх тул анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, цаашид хэрэгт хийгдвэл зохих эргэлзээ бүхий баримт байхгүй, хэргийн оролцогчдоос гаргасан гомдол хүсэлтийг тухай бүр прокурор шийдвэрлэж тогтоол болон албан бичгээр хариу өгч байсан нь хэрэгт авагдсан тул давж заалдсан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгох үндэслэл бий болсон болно.

Дээрх үндэслэлүүдээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 2022/ШЦТ/1035 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Ганбаатар, В.Батжаргал, Э.Түвшинбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 2022/ШЦТ/1035 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ж.Оын өмгөөлөгч Б.Ганбаатар, В.Батжаргал, Э.Түвшинбаяр нарын хамтран гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Оын 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 67 /жаран долоо/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

                        ШҮҮГЧ                                                           М.ПҮРЭВСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ