Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 23

 

                                               И.Л-ийн хүсэлттэй иргэний

                                                           хэргийн тухай

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 129/ШШ2020/00416 дугаар шийдвэртэй

И.Л-ийн хүсэлттэй

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг

хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.Н-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Б-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга Б.Д оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн хүсэлтэд: “И.Л нь Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд 1982.07.01-1985.06.20-ны өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байгаад 1985.06.20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж 1988.07.04-ний өдөр цэргээс халагдсан. И.Л нь цэргээс халагдаж нутагтаа ирээд Цацрал нэгдэлд 1988.08 дугаар сараас эхлэн нэгдэл тартал тоо бүртгэгчээр ажилласан. Түүний ажилласан жилтэй холбоотой баримтууд гарахгүй хохирч байгаа тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон. Иймд И.Л-ийн Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд 1982.07.01-1985.06.20-ны өдөр хүртэл малчнаар, 1988.08.01-1990.04.16-ны өдөр хүртэл тоо бүртгэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү.” гэжээ.

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 129/ШШ2020/00416 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Б овогт И.Л-ийн Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл тоо бүртгэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний хүсэлтээс Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.Н-ын давж заалдах журмаар гаргасан гомдолд: “2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 416 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч байна. Учир нь анхан шатны шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтээс 1982.07.01-1985.06.20-ны өдөр хүртэлх хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

1. И.Л-ийн ажил төрөлтэй холбоотой материал архиваас гараагүй нь И.Л-ийн буруу биш, тухайн үеийн ажиллаж байсныг бүртгээгүй, баталгаажуулаагүй дарга, тоо бүртгэгчийн буруугаас хохирсон бөгөөд одоо мөн дахин хохирч байна.

2. Хүсэлт гаргагч хүсэлтдээ өөрийн ажиллаж байсантай холбоотой баримт гарахгүй хохирч байгаа тул шүүхэд хандаж байгаагаа бичсэн байдаг.

3. Түүний ажиллаж байсныг нотлох баримт болох хөдөлмөрийн дэвтрийг үнэлээгүй нь шүүхийн гол алдаа гэж үзэж байна. И.Л-ийн дээрх хугацаанд ажиллаж байсныг хөдөлмөрийн дэвтэр болон гэрч А.Э-ийн мэдүүлэг нотолдог. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, 1982.07.01-1985.06.20-ны өдөр хүртэл Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

И.Л-ийн төлөөлөгч 2020.01.31-ний өдөр хүсэлт гаргаж, ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүсэхдээ “... Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд 1982.07.01-1985.06.20-ны өдрийг хүртэлх хугацаанд малчнаар ажиллаж байгаад 1985.06.20-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдаж 1988.07.04-ний өдөр цэргээс халагдсан. И.Л нь цэргээс халагдаж нутагтаа ирээд Цацрал нэгдэлд 1988.08 дугаар сараас эхлэн нэгдэл тартал тоо бүртгэгчээр ажилласан... ажилласан жилтэй холбоотой баримтууд гарахгүй хохирч байгаа тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон” гэжээ.

Анхан шатны шүүх 1988.08.01-1990.04.16-ны өдөр хүртэл тоо бүртгэгчээр ажиллаж байсан байдлыг тогтоож, 1982.07.01-1985.06.20-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо “... хүсэлт гаргагч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь дээрх онуудад ажиллаж байсныг гэрчлэх нотлох баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй, нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаар нотолж чадахгүй байна” гэсэн дүгнэлт хийжээ.

Давж заалдах шатны шүүхэд гаргасан хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

1. И.Л нь Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд 1988.08.01-1990.04.16-ны өдөр хүртэл тоо бүртгэгчээр ажиллаж байсан нь тус нэгдлийн даргын 1988 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ээлжийн амралт олгох тухай тушаал, 1989 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн ээлжийн амралт олгох тухай 51 дүгээр тушаал, өмч хувьчлалын материалаар нотлогдсон байх бөгөөд энэ талаар шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмын дагуу нотлох баримтыг үнэлжээ.

2.  1982.07.01-1985.06.20-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох хэсгийг хэрэгсэхгүй болгосныг хүсэлт гаргагчийн өмгөөлөгч эс зөвшөөрсөн.

И.Л нь Архангай аймгийн Хотонт сумын Цацрал нэгдэлд дээрх хугацаанд малчнаар ажиллаж байснаа нотолж, Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийг шүүхэд гаргаж өгч, А.Э-г гэрчээр асуулгажээ.

Хэрэгт авагдсан хөдөлмөрийн дэвтрээс үзвэл, И.Л 1982.01.01-1983.12.30-ны өдрийг хүртэл ажиллаж байсан талаар тэмдэглэсэн байна. /хх-8/

Дээрх хөдөлмөрийн дэвтэр болон гэрчийн мэдүүлгийг хэргийн бусад баримттай харьцуулан хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцээгүй байна.

И.Л-ийн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийг хуурамч нотлох баримт гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул уг нотлох баримтыг шүүх үнэлэх үүрэгтэй.

“Ишийн Л-ийн хөдөлмөрийн дэвтрийн бичилт засвартай, тамга тэмдэг дарагдаагүй учир хүсэлт гаргагчийн хөдөлмөрийн дэвтрийг шүүхийн зүгээс үнэлээгүй болно” гэсэн дүгнэлтийг анхан шатны шүүх хийсэн байна.

И.Л нь нотлох баримтыг хууль бус аргаар цуглуулсан гэх байдал тогтоогдоогүй, уг хөдөлмөрийн дэвтэр гэрч А.Э-ийн мэдүүлгээр давхар батлагдаж байх тул “И.Л-ийн дээрх хугацаанд ажиллаж байсныг хөдөлмөрийн дэвтэр болон гэрч А.Э-ийн мэдүүлэг нотолдог” гэх гомдол үндэслэлтэй гэж үзлээ.

Анхан шатны шүүх хүсэлтийн дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т нийцэхгүй байх тул давж заалдах гомдолд заасан үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Хүсэлт гаргагч 1985.06.20-ны өдөр хүртэл малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан боловч түүний хөдөлмөрийн дэвтэр дээр 1983.12.30-ны өдрийг хүртэл ажиллаж байсан талаар тэмдэглэсэн байх тул энэ хугацааны ажилласан байдлыг тогтоох нь зүйтэй байна.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангав.

Давж заалдах шатны шүүх хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангасан тул давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хүсэлт гаргагчийн төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 129/ШШ2020/00416 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн “нэгдэлд” гэсний дараа “1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1984 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл малчнаар,” гэж нэмж, “1982 оны 07 дугаар сарын 01-ний” гэснийг “1984 оны 01 дүгээр сарын 01-ний” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хүсэлт гаргагчийн өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.    

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн       59.3-т зааснаар хүсэлт гаргагч И.Л-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 05 дугаар сарын 15-ны өдөр төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар хүсэлт гаргагч, түүний өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                        

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ДАВААСҮРЭН

                                              ШҮҮГЧИД                                      Д.БЯМБАСҮРЭН

                                                                                                     В.ЦЭЦЭНБИЛЭГ