| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2024/00703/И |
| Дугаар | 130/ШШ2024/00746 |
| Огноо | 2024-09-12 |
| Маргааны төрөл | Согтууруулах мансууруулах, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 130/ШШ2024/00746
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Б аймгийн Ө сумын 05 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, регистр 83120, Б аймгийн Цагдаагийн газар (газрын дарга Ө.Т, утас *********);
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Ө сумын ** дүгээр багт оршин суудаг, Ж овогт Х.Ж-ийг захиргааны журмаар албадан эмчилгээнд явуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Б аймгийн Цагдаагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч тус цагдаагийн газрын эрүүлжүүлэх, саатуулах байрны дарга, цагдаагийн хошууч Х.Н,
Хохирогч Х.А (Улаанбаатар хотоос цахимаар)
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газар нь Ж овогт Х.Ж-ийг захиргааны журмаар албадан эмчилгээнд явуулахыг хүссэн хүсэлт гаргасан ба хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
1.1.Хохирогч буюу хүсэлт гаргагч Х.А-ийн манай байгууллагад гаргасан хүсэлтийн дагуу бид нар хуулийн хугацаанд ажиллагаагаа явуулсан. Хуульд тухайн хүнийг архинд хамааралтай болсон гэдгийг хангалттай нотолсон бичиг баримтыг бүрдүүлсэн байж шүүхэд шилжүүлэх ёстой. Тухайн хүнийг манай байгууллагын зүгээс ажиглах хугацаанд сайн дураараа архинаас гарсан бол уг үйлдлээ харгалзан бас өөрийнх нь хүсэлтээ харгалзаж, тодорхой хугацаанд хяналтад авч тухайн хүнийг албадан эмчилгээнээс чөлөөлөх хуулийн заалттай.
Х.Ж маш олон удаа баривчлах байранд гэр бүлийн хүчирхийллээр баривчлагдаж байсан ба удаа дараа эрүүлжүүлэх, саатуулах байранд орж байсан. Мөн согтууруулах ундаа хэрэглэхгүйгээр нэг ч өдрийг өнгөрөөх чадваргүй болсон байдаг. Үүнийг хохирогч болон бид нар маш сайн мэдэж байгаа. Монгол Улсын Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Согтуурч, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүнийг албадан эмчлүүлэх тухай хүсэлтийг дараах этгээд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага /цаашид “цагдаагийн байгууллага” гэх/-д бичгээр гаргана” гэж заасныг үндэслэж хүсэлтийг бид нар шийдвэрлүүлэхээр шүүхэд хүргүүлсэн.
1.2.Хохирогчийн гаргасан хүсэлт нотлох баримт бүрдүүлэхдээ нотлогдон тогтоогдсон. Одоо хохирогчийн болон Х.Ж-ийн аюулгүй байдлын асуудал байна. Согтууруулах ундаанд донтож өвчилж байгаа хүн өөрөө тээврийн хэрэгсэл жолоодож байгаа нь бусдын болон өөрийн амь насанд аюултай юм. Мөн Х.Ж нь ажиллагаатай байх хугацаандаа дахин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, баривчлах шийтгэл эдэлсэн. Х.Ж одоо Д аймагт зугтаад явж байгаа шалтгаан нь энэхүү албадан эмчилгээнд хамаарахаас зайлсхийгээд явж байгаа үйлдэл нь юм. Монгол Улсын иргэн Монгол Улсын нутаг дэвсгэрийн хаана ч явж байж болно. Монгол Улсын булан бүрд цагдаагийн албан хаагч нар байх тул Х.Ж-ийн байгаа газраас нь шүүхийн шийдвэрийг биелүүлэх боломжтой тул ямар нэгэн хүндрэл байхгүй.
1.3.Х.Ж-ийг албадан эмчлэх холбогдох байгууллагад хүргүүлсний дараа эрүүл мэндийн үзлэгт хамаарч түүний үр дүнгээсээ шалтгаалж хэр хугацаа эмчлэгдэх шаардлагатай гэдэг шийдвэрлэдэг. Хуулиар бол 3-6 сарын хугацаанд гэж тусгагдсан байдаг. Харин албадан эмчилгээг Монгол Улсад зөвхөн Төв аймгийн Б суманд албан ёсны зориулалтын эмнэлэгт хийдэг.
Иймд Х.Ж-ийг архины хамааралтай заавал албадан эмчилгээнд хамааруулах тухай эмнэлгийн дүгнэлт гарсан тул нь шүүхээс хүсэлтийн шаардлагын ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.
2.Хохирогч Х.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2.1.Миний бие Х.Ж-тэй 1991 онд гэр бүл болсон, 33 жил хамт нэг гэр бүлд амьдарч байна. Сүүлийн 20 жил тасралтгүй архи ууж, уух болгонд гэр оронд агсам тавьж гэр бүлийн амгалан тайван байдлыг байнга алдагдуулж ирсэн. Үүний нотолгоо бол би Х.Ж-ийг удаа дараа эрүүлжүүлэг болон баривчлахад хамруулж байсан. Иймд миний бие нөхөр Х.Ж-ийн архинд гүн орсон ба өөрийн ухамсрын дагуу архинаас татгалзаж чадахгүй гэдгийг хэлж байна. Өөрөө ч надад архиа больж чадахгүй гэж ярьж байсан. Сүүлийн 20 жилд нөхөр Х.Ж-ийн архийг нь болиулах гээд зөндөө олон удаа хувийн арга хэмжээ авч, зөндөө олон удаа уучилж ирсэн. Мөн хуулийн байгууллагад хэд хэлэн удаа хандсан. Гэвч нөхөр Х.Ж-т ямар ч өөрчлөлт байгаагүй. Ядаж түр ч гэсэн архи уухаа больсон удаа алга.
2.2.Иймээс нөхрөө албадан эмчилгээнд явуулах тухай хүсэлтээ аймгийн Цагдаагийн газарт гаргаад маш удаж байгаа. Тухайн үед таны гаргасан хүсэлтийг Д хэмээн төлөөлөгчид шилжүүлсэн хэмээн хэлж байсан. Д нь 2-3 сар өнгөрснөөс хойш намайг дуудаж нэг удаа мэдүүлэг авсан. Улмаар би миний гаргасан хүсэлт юу болов хэмээн удаа дараа асууж лавласан. Надад бол шинжээчийн дүгнэлт гаргах ёстой, тэр дүгнэлт нь гарахгүй байна хэмээн хариу тайлбар хэлдэг байлаа. Тэр хугацаандаа миний нөхөр болох Х.Ж нь өдөр болгон архи уудаг байсан. Сүүлд би одоо өөрийн биеэр цагдаагийн газарт очиж, гаргасан хүсэлтийнхээ хариуг авъя гэхээр таны хүсэлт прокурорт хянагдаж байгаа гэсэн боловч надад хариу өгөөгүй. Одоо би хэдийгээр урьд нь албадан эмчилгээнд хамруулах тухай хүсэлт гаргасан ч тухайн цаг хугацаандаа арга хэмжээг авч өгөөгүй тул уг гаргасан хүсэлтээсээ татгалзъя гэж бодож байна.
2.3.Гэхдээ Х.Ж архи согтууруулах ундаа хэрэглэсэн үед удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, баривчлагдаж байсан. Мөн удаа дараа архи уухгүй хэмээн амлалт өгдөг боловч амлалтаа биелүүлж чаддаггүй. Х.Ж-ийн хувьд албадан эмчилгээнд хамаарагдахгүй хэмээн Б аймгаас 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр зугтаж алга болсон. Тухайн үед зугтаж явсан талаар надад ч гэсэн хэлээгүй. Тэгээд сүүлд нэг удаа надад Д аймагт ажил хийж байгаа, архи уухгүй байгаа хэмээн утсаар холбогдсон. Түүнтэй 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс хойш биечлэн уулзаагүй. Миний бие Б аймгаас 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хот руу бүр мөсөн шилжээд нүүгээд ирсэн. Түүнээс хойш надад Х.Ж хэд хэдэн удаа утсаар холбоо барьсан. Өөрөө дахин архи уухгүй, би засарсан байгаа гэж хэлсэн.
Гэтэл Х.Ж-ийг архинд донтох эмгэгтэй, архины албадан эмчилгээнд зайлшгүй хамруулах шаардлагатай гэсэн эмнэлгийн дүгнэлт гарсан тул миний бие хүсэлтээсээ татгалзъя гэсэн тайлбартаа эргэлзэж байна. Иймд хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэв.
3.Хүсэлт гаргагч байгууллагаас тус газарт Х.А-ийн гаргасан хүсэлт, албадан эмчлүүлэгч Х.Ж-ийн иргэний үнэмлэхийн мэдээллийн хуулбар, Б аймгийн Ө сумын 11 дүгээр болон 01 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдөр тодорхойлолт, Цагдаагийн газрын хайлтын системээс Х.Ж-т холбогдолтой түүнийг эрүүлжүүлсэн болон түүнд холбогдуулан гаргасан гомдол мэдээллийн талаарх мэдээлэл, Б аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн ***** дугаартай албан бичиг, 2024 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Х.Ж-ийн “Согтуурах мансуурах донтой эсэхийг тогтоох эрүүл мэндийн дүгнэлтийн загвар”, 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №** дугаартай “Хүнд холбогдуулан шинжилгээ хийсэн тухай дүгнэлт”, 2024 оны 05 дугаар сарын 22-ны өдөр “Эмнэлгийн дүгнэлтийг танилцуулсан тухай тэмдэглэл”, 2024 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Х.Ж-т “Согтуурах, мансуурах донтой эсэх талаар дүгнэлт гарсан иргэдэд хуулийн зарим заалтыг танилцуулсан тухай бүртгэл”, 2024 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Х.Ж-ийн “Согтуурлын хэмжээг шалгасан тухай” тэмдэглэл, 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хохирогч Х.А-ээс мэдүүлэг авсан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гэрч С.Х-аас мэдүүлэг авсан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, Б аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 32/4459 дугаар албан бичгээр олгосон итгэмжлэл, Б аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Х.Ж-т холбогдох материалыг тус шүүхэд хүргүүлсэн 32/4456 дугаар албан бичиг зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.
4.Хохирогч Х.А-ээс 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн “Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа” хэрэгт авсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
5.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
6.Хүсэлт гаргагч Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Х.Ж маш олон удаа баривчлах байранд гэр бүлийн хүчирхийллээр баривчлагдаж байсан ба удаа дараа эрүүлжүүлэх, саатуулах байранд орж байсан. Мөн согтууруулах ундаа хэрэглэхгүйгээр нэг ч өдрийг өнгөрөөх чадваргүй болсон байдаг. Монгол Улсын Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Согтуурч, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүнийг албадан эмчлүүлэх тухай хүсэлтийг дараах этгээд нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага бичгээр гаргана” гэж заасныг үндэслэж хүсэлтийг шийдвэрлүүлэхээр шүүхэд хүргүүлсэн.
7.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
7.1.Цагдаагийн газрын мэдээллийн сан хайлтын системээс гаргуулан авсан холбогдох баримтаар Х.Ж нь 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүртэлх хугацаанд архи ууж гэр бүлийн амгалан тайван байдлыг удаа дараа алдагдуулсан тухай гомдол мэдээлэл, түүнийг эрүүлжүүлсэн болон үйлдсэн зөрчилд шийтгэл оногдуулж байсан нь тогтоогдож байна.
7.2.Б аймгийн Цагдаагийн газар хохирогч Х.А-ийн хүсэлтээр ажиллагаа явагдаж байхад Х.Ж нь архи ууж гэр орондоо агсам тавьж гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь Б аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 4 дүгээр сарны 12-ны өдрийн 2024/ЗШ/318 дугаартай “Шийтгэвэр”-ээр нотлогдож байна.
7.3.Б аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №** дугаартай “Хүнд холбогдуулан шинжилгээ хийсэн тухай дүгнэлт”-ээр ...Х.Ж нь архинд донтох эмгэгтэй. Архины албадан эмчилгээнд зайлшгүй хамруулах шаардлагатай гэсэн байна.
7.4.Ийнхүү эмнэлгийн дүгнэлт гарсны дараа Х.Ж архи ууж байсан нь Б аймгийн Цагдаагийн газрын 2024 оны 06 дугаар сарын 18-ны өдөр “Согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл”-ээр тогтоогдож байна.
7.5.Б аймгийн Ө сумын 11 дүгээр багийн Засаг даргын 2024 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн **** дугаартай албан бичигт: Тус багийн оршин суугч Х овогтой Ж нь ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Х.Ж архины хамааралтай тул албадан эмчилгээнд хамруулах нь зүйтэй гэсэн байна.
Мөн Б аймгийн Цагдаагийн газарт 2024 оны 05 дугаар сарын 09-ний өдөр С.Х-ын гэрчээр өгсөн мэдүүлэгт:...Миний бие 2022 оноос Ө сумын 11 дүгээр багийн Засаг даргаар томилогдон ажиллаж байна. Тус багийн иргэн Х.Ж архидан согтуурч байгаа талаар түүний эхнэр Х.А хэд хэдэн удаа надад хандаж байсан. Миний бие Засаг дарга болохоос өмнө ч гэсэн Х.Ж-ийг мэдэх ба тасралтгүй хэдэн жил архи ууж байна. Сүүлийн үед архи уух нь хэтэрч байгаа ба Засаг даргын хувьд хэд хэдэн удаа зөвлөгөө өгсөн. Албадан эмчилгээнд эмчлүүлэх нь зүйтэй гэж бодож байна” гэсэн байна.
7.6.Б аймгийн Цагдаагийн газарт 2024 оны 04 дугаар сарын 04-ний өдөр хохирогч Х.А-ийн өгсөн мэдүүлэгт:...Би Х.Ж-тэй гэр бүл болоод 33 жил болж байна. Сүүлийн 25 жил архи ууж байна. Цагдаагаар зөндөө шалгуулж архинаас гаргана гэсээр байгаад өдий хүрч байна.Архи уухгүй өдөр гэж байхгүй. Архи уухаараа байнга агсам согтуу тавьж амгалан тайван байдлыг алдагдуулдаг. Хэдэн жилийн өмнө ОХУ-аас эм авч ирж өгөх гэсэн боловч би архичин юм уу гээд уугаагүй. Өнгөрсөн 3 сард архины албадан эмчилгээнд өргөдөл гаргасан гэдгийг мэдээд сайн дурын эмчилгээнд хэд хоног хэвтээд гарсан боловч дахин архи уугаад байна. Х.Ж архи уухгүй байж чадахгүй архи уухгүй болохоор уурлаад байдаг. Иймд Х.Ж-ийг архины албадан эмчилгээнд хамааруулж өгнө үү. Аргаа бараад сүүлийн арга хэмжээ архины албадан эмчилгээ гэж болдож байна” гэсэн байна.
Хохирогч Х.А нь Улаанбаатар хот руу шилжээд, одоо тэнд амьдарч байгаа болох нь 2024 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн “Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа”-аар нотлогдож байна.
8.Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “Согтуурсан, мансуурсны улмаас өөртөө болон бусдад аюул учруулах эрсдэлтэй байдалд орсон хүн согтуурах, мансуурах донтой болох нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх байгууллагын дүгнэлтээр тогтоогдсон боловч сайн дураараа эмчлүүлэхээс татгалзсан тохиолдолд шүүхийн шийдвэрээр албадан эмчилгээнд хамруулна” гэж зохицуулжээ.
Дээрх нотлох баримтаар Х.Ж нь олон жил архи уусан, сар гаран хугацаатай тасралтгүй архи уудаг, өглөө өлөн үед шараа архиар тайлдаг, архи даах чадваргүй, согтуу үедээ хийсэн үйлдлээ санахгүй, гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг, гэр орондоо агсам согтуу тавьдаг, гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг, архинд донтох эмгэгтэй зайлшгүй архины албадан эмчилгээнд хамруулах шаардлагатай гэдэг нь 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн №** дугаартай эмнэлгийн дүгнэлтээр тус тус нотлогдож байна.
9.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт зааснаар Б аймгийн Цагдаагийн газар нь Х.Ж-ийг архины албадан албадан эмчилгээнд явуулах тухай тухай хүсэлтийг харьяаллын дагуу тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргах эрхтэй байна.
10.Иймд хуульд заасан дээрх нөхцөл байдал бүрдсэн, түүнчлэн Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3 дэх хэсэгт заасан албадан эмчлэхийг хориглосон нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1. 9.2 дах хэсэгт зааснаар Б аймгийн Цагдаагийн газрын гаргасан хүсэлтийг хангаж, Х.Ж-ийг захиргааны журмаар албадан эмчлэх үндэслэлтэй байна.
11.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Б аймгийн Цагдаагийн газар нь төсвийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1. 9.2 дах хэсэгт заасныг баримтлан Ж овогт Х.Ж (РД.БЮ********)-ийг албадан эмчилгээнд явуулсугай.
2.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.6 дах хэсэгт зааснаар Х.Ж-ийг албадан эмчлэх эмнэлэгт хүргэх ажиллагааг Б аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулсугай.
3.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.7 дах хэсэгт зааснаар Х.Ж-ийг албадан эмчилгээнд явуулах тухай шийдвэр гарсан талаар түүний гэр бүлийн гишүүдэд мэдэгдэхийг Баян-Өлгий аймгийн Цагдаагийн газарт үүрэг болгосугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хүсэлт гаргагч Б аймгийн Цагдаагийн газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч, албадан эмчлүүлэгч, хохирогч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
6.Согтуурах, мансуурах донтой хүнийг захиргааны журмаар албадан эмчлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5 дах хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, албадан эмчлүүлэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, хохирогч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК