Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2022/ДШМ/877

 

 

Д.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.Ариунхишиг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Д.Бат-Эрдэнэ,

хохирогч Ц.Д,

шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч И.Хонгор,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 2022/ШЦТ/1033 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Бгийн өмгөөлөгч И.Хонгорын гаргасан давж заалдах гомдлоор Д.Бд холбогдох 2106042530159 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            М овгийн Дгийн Б, 1986 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Завхан аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүнсний технологич мэргэжилтэй, “Д” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 6, эцэг, эх, нөхөр, хүүхдүүдийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:-/;

            Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн - дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ц.Дгийн эзэмшлийн “М” авто салхины шилний худалдааны дэлгүүрийг төвлөрсөн дулаанд холбох ажлын үеэр уг ажлыг эсэргүүцэж, “М” ХХК-ийн байрны 4 ширхэг цонхыг чулуу шидэж хагалан 520.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Д.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч М овогтой Дгийн Бг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Л.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хзсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар 520.000 төгрөгийг гаргуулан хохирогч Ц.Дд олгож, энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, Д.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Д.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Д.Бгийн өмгөөлөгч И.Хонгор давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “аргагүй хамгаалалт байсан учир хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэж мэтгэлцэж оролцсон ба “хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлон тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг хүлээн авах боломжгүй” гэж хууль зүйн үндэслэлгүй дүгнэлтийг гаргасан нь шүүхийн тогтоол хууль ёсны үндэслэлтэй байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна. Харин шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 4.3 дугаар зүйл “Гарцаагүй байдалд хохирол учруулах”-н учир хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэж мэтгэлцэж оролцсон. Шүүгдэгч Д.Б нь өөрийн эзэмшлийн буюу Баянзүрх дүүргийн - дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “С” үйлчилгээний төвийн - тоот үйл ажиллагаа явуулдаг байрны доогуур нь иргэн Ц.Дгийн эзэмшлийн “М” авто салхины шилний худалдааны дэлгүүр рүү “дулааны шугамын сүлбэлтийг хийж байна” гэж хүн утсаар мэдэгдсэний дагуу 102 тусгай дугаарт дуудлага өгч/хх 6/, тухайн объект дээр очиход барилгынхан доогуур сүлбээд өрөмдөж байсан. Өрөмдөж байгаа барилга байгууламжийн дотор нь ороход барилга тэр чигтээ хөдөлж, гэрлүүд нь хагарчихсан, нойлын суултуур нь хагарсан, плитанууд нь хагарч цуурсан нэлээн хүнд нөхцөлтэй байсан. Шүүгдэгчийн зүгээс “энэ ажлаа зогсоогооч ээ, та нар хүний хөрөнгөд хууль бусаар халдаж болохгүй” гэж нэлээн хашхирч хэлэхэд өндөр даралтай процессор ажиллаж байгаа учраас Д.Бгийн дуу нь сонсогдохгүй, ажлаа үргэлжлүүлж хийсээр байсан тул тухайн барилгынхаа дэвээр дээр гарч аргагүйн эрхэнд хүмүүсийн анхаарлыг татахын тулд уйлж, орилоод харалдаа “М” ХХК-ийн байшингийн цонхыг нь хагалсны дараа тухайн ажил хийж байсан хүмүүс ажлаа зогсоосон байдаг. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Бын өгсөн Д.Б гарч ирээд дулааны шугам тавих ажлыг эсэргүүцэж хэрүүл хийгээд, бид нар руу байшин дотроосоо жигнүүр, хог зэргийг авч шидээд байсан. Шил хагарч байгаа дуу чимээ гарахаар нь бид нар харахад “М” авто засварын зүүн тийш харсан 3 цонхны 4 нүдийг чулуу шидэж хагалсан /хх-48-49/. Шүүгдэгч Д.Бгийн зүгээс өөрийн эзэмшлийн буюу Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “С” үйлчилгээний төвийн - тоот үйл ажиллагаа явуулдаг байрны доогуур нь иргэн Ц.Дгийн эзэмшлийн “М” ХХК-ийн барилга руу дулааны шугамын сүлбэлтийн ажлыг зөвшөөрөлгүй хийж байхдаа бусдыг эд хөрөнгө устгах, гэмтээсэн гэж өргөдөл өгсний дагуу Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2021 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай” прокурорын тогтоол гарсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад “Итгэлт эстимэйт” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайланд “С” үйлчилгээний төвийн - тоотод 37 сая гаруй төгрөгийн хохирол учирсан байна. Баянзүрх дүүргийн прокурорын газрын 2022 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн “Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх” прокурорын тогтоол, Монгол Улсын ерөнхий прокурорын газрын хариу мэдэгдэх хуудас, “Итгэлт эстимэйт” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гарцаагүй байдалд хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 1-ны өдрийн 2022/ШЦТ/10ЗЗ дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Д.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэг гардаг өдөр Ц.Д өндөр хүчдэлийн компрессортой машин ашиглан миний эд хөрөнгөд халдсан. Барилга дотор би гэр бүлийн хамт амьдарч байсан. Тухайн өдрийн орой 19 цагийн орчим СӨХ-ийн харуул над руу залгаж, миний эзэмшлийн барилга доогуур өрөмдөж байгаа талаар хэлсэн. Би тэр даруй хүүхдээ цэцэрлэгээс аваад ирэхэд өрөмдлөг хийж байсан бөгөөд хэчнээн орилж, эд зүйл авч шидсэн ч намайг сонсохгүй байсан. Тэнд байсан хүмүүсээс уйлж тусламж гуйсан боловч хэн ч надад туслаагүй ба цагдаа дуудаад 20 минут болоход цагдаа ирээгүй. Иймээс би гэр орон, эд хөрөнгө, гэр бүлээ хамгаалахын тулд өрөмдөж байсан барилгын дээр гарч чулуу шидсэн. Би машин руу чулуу шидсэн, барилгын 2 цонхыг хагалсан. Цонх хагалах үед Б гарч ирж ажлаа зогсоосон. ...” гэв.

            Хохирогч Ц.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2011 оноос хойш дулааны шугам сүлжээнд барилга холбохоор хөөцөлдөж, 2021 оны 6 дугаар сард дулааны шугам сүлжээнд холбогдох зөвшөөрөл авсан. Зөвшөөрөл авснаас хойш Д.Бтай удаа дараа уулзаж, энэ талаараа мэдэгдсэн. Хэрэг гардаг өдөр би ковидоор өвдсөн байсан тул хэргийн газарт байгаагүй. Миний дүү Б намайг орлож, ажлыг хариуцаж байсан. Д.Бгийн амьдарч байсан байр руу бид довтлоогүй. Түүний амьдарч байсан байрны хойд талд хууль бусаар баригдсан жижиг амбаар байдаг бөгөөд тэр барилга нь бидний дулааны шугам тавихад саад учруулаад байгаа юм. Энэ жижиг амбаарыг хууль бус гэдгийг холбогдох албаны байгууллагуудаас тогтоосон бөгөөд нураах шийдвэр нь гарчихсан байгаа. ...” гэв.

            Прокурор Б.Бат-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн - дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ц.Дгийн эзэмшлийн “М” авто салхины шилний худалдааны дэлгүүрийг төвлөрсөн дулаанд холбох ажлын үеэр уг ажлыг эсэргүүцэж, “М” ХХК-ийн байрны 4 ширхэг цонхыг чулуу шидэн хагалж, 520.200 төгрөгийн хохирол учруулсан буюу эд хөрөнгө устгах гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байна. Анхан шатны шүүхээс Д.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож 500 нэгжтэй тэнцэх хэмжээний торгох шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй тул хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Д.Бгийн өмгөөлөгч И.Хонгорын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Шүүгдэгч Д.Б нь 2021 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн - дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Ц.Дгийн эзэмшлийн “М” авто салхины шилний худалдааны дэлгүүрийг төвлөрсөн дулаанд холбох ажлын үеэр уг ажлыг эсэргүүцэж, “М” ХХК-ийн байрны 4 ширхэг цонхыг чулуу шидэж хагалан 520.200 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ц.Дгийн “...Тухайн үед манай дүүг байхад манай зүүн талд байдаг ... мах боловсруулдаг газрын эмэгтэй нь чулуу шидэж манай цонхыг хагалсан гэж Ц.Б хэлсэн. Би тэр хагалсан орой нь харахад манай “М” авто засварын газрын 2 давхрын зүүн тийш харсан гурван том цонхны 4 нүдийг хагалсан байсан. Энэ нь 2 давхар шилтэй давхар шилээр нь яривал 4 цонх, харин 1 шилээр нь хэлбэл 8 шил хагарсан юм. Манай барилга төвийн дулааны шугамд холбогдох үйл ажиллагаа явуулж байсан. Тэгээд Д.Б гэх эмэгтэй барилга доогуур сүвлэгээ хийж байхад дургүйцэж, манай цонхыг хагалсан гэж байсан. ...” /хх 44-45/,

гэрч Ц.Бын “...Бид нар талбай дээр юм хийгээд байж байтал Д.Б гарч ирээд дулааны шугам тавих ажлыг эсэргүүцэж хэрүүл хийгээд, бид нар руу байшин дотроосоо жигнүүр, хог зэргийг авч шидээд байсан. ...Шил хагарч байгаа дуу чимээ гарахаар нь бид нар харахад манай “М” авто засварын зүүн тийш харсан 3 цонхны 4 нүдийг чулуу шидэж хагалсан. Нөхөр нь хоёр давхар дээрээ заазуур бариад зогсож байсан. ...”  /х 48-49/,

гэрч Н.Эын “...Монгол эмэгтэй орилж гарч ирээд бид нар руу хувинтай хог шидээд байхаар нь “та болиоч бид нар зөвшөөрөл авсан байгаа” гэж хэлээд хаалгыг нь хаасан. Тэгтэл тэр эмэгтэй дээш хоёр давхар руу гарсан байсан. Тэгээд ... кран руу чулуу шидээд “краны цонхыг чинь хагална” гээд байсан. Тэгэхээр нь кранаа зогсоогоод жоохон ухарч байхад цонх, ... шил хагарах чимээ сонсогдож байсан. Тэгээд ажлын цонхыг харахад, зүүн тийш харсан 3 цонхны 4 нүд нь хагарсан байдалтай байсан. ...” /хх 50-51/,

гэрч Ч.Уийн “...Манай захирал хөрөнгөө хамгаалах зорилгоор чулуу авч шидэх үед тэр цонх нь оногдсон байх гэж бодож байна. Цонх хагалсны дараа нь би ирсэн юм. ...” /хх 72-73/,

Д.Бгийн яллагдагчаар өгсөн “... “М” ХХК-ийг доогуур шугам татаж байгааг мэдэж байсан. Арын хаалгаа онгойлгоод харахад өндөр даралтын түрэгч машинаар гаднаас нь манай байшингийн газар доогуур сүлбэсэн байдалтай байсан. Тэгээд би шатаар тэр барилгынхаа дээр нь гарсан. ...Намайг барилга дээрээс буухыг шаардаж байсан. Би “буухгүй” гээд бид нарын дунд маргаан үүссэн. Би байшингаа өрөмдүүлэхгүйн тулд наад машинаа зогсоо гэж шаардаж байсан. ...Тухайн үед би тус машин нь ажиллаад, цагдаа нар ирж зогсоогүй байх үед би чулуу аваад “М” ХХК-ийн зүүн зүгт харсан хамгийн хойд талын 1 цонхны шилийг хагалсан. Би тухайн үед ганцаараа байсан. Би 1 цонх хагалсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Бусад цонхыг нь би тухайн үед анзаарч хараагүй. Би тухайн цонхыг нь төлөхгүй. Учир нь би тухайн үед өөрийн эд хөрөнгөө хамгаалж, аргаа барсандаа тийм үйлдэл хийсэн. ...” /хх 36-37/ гэсэн мэдүүлгүүд,

гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 5/, дуудлагын лавлагааны хуудас /хх 6/, гэрэл зургийн үзүүлэлт /хх 26/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 55-56/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 79-80/, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх 73/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба Д.Бг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Д.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хзсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Бгийн үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, түүний хувийн байдал зэрэгт дүгнэлт хийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хзсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүгдэгч Д.Бгийн өмгөөлөгч И.Хонгор “...Д.Б нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гарцаагүй байдалд хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, цагаатгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал буюу Эрүүгийн хуулийн 4.3 дугаар зүйлд заасан гарцаагүй байдалд бусдад хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд тулгарсан хөндлөнгийн хууль бус аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөл байдалд учирч болох байсан хор, хохирлын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан үйлдэл хийж, бусдад хохирол учруулах байдлаар илэрдэг.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд тулгарсан аюулыг өөр арга хэрэгслээр арилгах боломжгүй нөхцөл байдалд учирч болох байсан аюулын хэр хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийж бусдад хохирол учруулсныг гарцаагүй байдал гэх бөгөөд хавтаст хэрэгт авагдсан гэрч Ц.Бын “...Бид нар талбай дээр юм хийгээд байж байтал Д.Б гарч ирээд дулааны шугам тавих ажлыг эсэргүүцэж хэрүүл хийгээд, бид нар руу байшин дотроосоо жигнүүр, хог зэргийг авч шидээд байсан. ...Шил хагарч байгаа дуу чимээ гарахаар нь бид нар харахад манай “М” авто засварын зүүн тийш харсан 3 цонхны 4 нүдийг чулуу шидэж хагалсан. Нөхөр нь хоёр давхар дээрээ заазуур бариад зогсож байсан. ...”  /х 48-49/, гэрч Н.Эын “...Эмэгтэй орилж гарч ирээд бид нар руу хувинтай хог шидээд байхаар нь “та болиоч бид нар зөвшөөрөл авсан байгаа” гэж хэлээд хаалгыг нь хаасан. Тэгтэл тэр эмэгтэй дээш хоёр давхар руу гарсан байсан. Тэгээд ... кран руу чулуу шидээд “краны цонхыг чинь хагална” гээд байсан. Тэгэхээр нь кранаа зогсоогоод жоохон ухарч байхад цонх, ... шил хагарах чимээ сонсогдож байсан. Тэгээд ажлын цонхыг харахад, зүүн тийш харсан 3 цонхны 4 нүд нь хагарсан байдалтай байсан. ...” /хх 50-51/, Д.Бгийн яллагдагчаар өгсөн “...Тухайн үед би тус машин нь ажиллаад, цагдаа нар ирж зогсоогүй байх үед би чулуу аваад “М” ХХК-ийн зүүн зүгт харсан хамгийн хойд талын 1 цонхны шилийг хагалсан. Би тухайн үед ганцаараа байсан. Би 1 цонх хагалсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 36-37/ гэсэн мэдүүлгүүдээс үзэхэд хэрэг учрал болсон цаг хугацаанд аюул тулгарсан нөхцөл байдал тогтоогдоогүй байх бөгөөд шүүгдэгч нь сэтгэл санааны гэнэтийн цочирдол, балмагдалд орсон гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байх тул өмгөөлөгчийн гомдлыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Түүнчлэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар 3 цонх хагарсан ба энэ нь шүүгдэгч Д.Бгийн чулуу шидсэн үйлдлийн улмаас үүссэн, түүний гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж үзэх үндэслэлтэй байна. Энэ талаар анхан шатны шүүх огт дүгнээгүй байна.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Бгийн өмгөөлөгч И.Хонгорын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 2022/ШЦТ/1033 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Бгийн өмгөөлөгч И.Хонгорын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ц.ОЧ

                        ШҮҮГЧ                                                                      Б.АРИУНХИШИГ

                        ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ