Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 130/ШШ2024/00777

 

Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б аймгийн Т сумын * дугаар баг Б гэдэг газарт оршин суух, утас *******, Б овогт М.О;

Хариуцагч: Б аймгийн Т сумын * дугаар баг Б гэдэг газарт оршин суудаг, утас ****** Ш овогт С.К

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлсэн мөнгөнөөс үлдсэн 2,145,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч М.О,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.А,

Орчуулагч Т.Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.

(Хариуцагч С.К-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3-д зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч шүүхэд хүндэтгэн үзэх  үзэх шалтгаагүйгээр шүүхэд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэгч талын хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан хэлэлцэв)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч М.О шүүхэд анх бичгээр гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч С.К-оос “зээлсэн мөнгөнөөс үлдсэн 2,700,000 төгрөгийг гаргуулах тухай” гэж тодорхойлсон байсан.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад нэхэмжлэгч М.О нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж хариуцагч С.К-оос зээлсэн мөнгөний үлдэгдэл 2,145,000 төгрөгийг гаргуулахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлагыг тодорхойлсон. Нэхэмжлэгч М.О нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.Үүнд:

1.1.Хэргийн хариуцагч миний төрсөн баз байгаа. Бид нэг айлын хоёр хүргэн гэж ойлгож болно. Надад баз маань мөнгө хэрэгтэй боллоо гэж “Малчин төв”-өөс 4,469,000 төгрөгийн зээл авхуулсан. Гэхдээ уг авсан зээлээ 09 дүгээр сарын 14-ний өдөр төлж барагдуулсан. Дараа нь дахин баз маань миний Төрийн банканд хийх ёстой зээлийн хугацаа маань хэтэрчихлээ, би хоёр сарын дараа малаа худалдан борлуулж, зээлээ төлөх болно, надад зээл авч өгөөрэй гэж гуйсан. Тэгээд тухайн үед бид өөрсдөө Хаан банкнаас урьд нь авсан зээлээс 14,000,000 төгрөг үлдсэн байсан тул би гэртээ байгаа ноолуураа худалдаж, 7,000,000 төгрөгийн зээлээ төлсөн. Улмаар үлдэгдэл 7,000,000 төгрөгт нэмж 13,000,000 төгрөг зээлж авсан. Нийтдээ миний авсан бүх зээл 20,000,000 төгрөг болов. Харин уг мөнгөнөөс би 11,500,000 төгрөгийг баз С.К-д зээлсэн. Надаас мөнгөө авахдаа би хоёр сарын дотор зээлээ банкны хүүгийн хамт төлж өгөх болно гэж авсан юм.

1.2.Дараа нь би базын идэш бэлдэх ажиллагаанд туслахаар түүний гэрт нь очсон. Тухайн үед би баздаа нөгөө зээлээ хийх хугацаа дөхөж байна шүү, мөнгөө бэлдэж байгаарай гэж хэлсэн. Надад би малаа худалдан борлуулсан байгаа, мөнгө бэлэн байна, зээлээ төлөх үед шууд хийх болно гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа над руу Хаан банкнаас та авсан зээлээ төлөөрэй гэж залгасан. Тэгээд би зээлээ төлөөрэй гэж баздаа очсон. Гэхдээ тэр би малаа бүх хүмүүст зээлээр тараачихсан байсан. Тухайн авсан хүмүүс надад одоо мөнгө өгөхгүй байна. Тэгэхээр эхний төлөлтөө та өөрөө аргалаад төлж байгаарай гэж хэллээ. Нэгэнт Хаан банкнаас миний нэрээр авсан тул банк надаас нэхэж эхэлсэн. Тийм учраас би хүн амьтнаас гуйж байгаад уг эхний төлөлт болох 8,000,000 төгрөгийг төлж барагдуулсан. Дараа нь би базаасаа мөнгөө асууж удаа дараа очсон. Сүүлдээ мөнгөө өгөхгүй олон шалтаг тоочоод байхаар нь би түүнд гарын баримт бичүүлж авсан

1.3.Миний бие анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хариуцагч С.К-оос зээлсэн 11,500,000 төгрөгөөс үлдсэн 2,700,000 төгрөг нэхэмжилж буруу тооцоолсон байна. Хариуцагч С.К надад  бичиж өгсөн гарын баримтаар зээлсэн 11,500,000 төгрөгийг хүүгийн хамт 13,145,000 төгрөг болгож төлж өгөхөөр болсон. Үүнээс 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 1,500,000 төгрөг төлсөн, мөн 2024 оны 05 дугаар сард 9,500,000 төгрөг төлсөн байгаа.

Иймд С.К нь надад өгөх ёстой 13,145,000 төгрөгөөс  нийтдээ 11,000,000 төгрөг төлсөн тул үлдсэн 2,145,000 төгрөгийг хариуцагч С.К-оос  нэхэмжилж байна.

2.Хариуцагч С.К нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:

2.1.Миний бие 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдөр тус багт оршин суудаг М.О-аас 11,500,000 төгрөгийг 10 сарын хугацаатай 2 хувийн хүүтэй авсан билээ. Харин авсан зээлийг хугацаандаа төлж өгсөн байсан юм. Тодруулбал, 2024 оны 04 дүгээр сарын 14-нд М.О-ын ХААН банкин дахь ****** тоот дансанд 1,500,000 (нэг сая таван зуун мянган) төгрөгийг, 2024 оны 05 дугаар сарын 31-нд М.О-ын ХААН банкин дахь ********тоот дансанд 9,500,000 (есөн сая таван зуун мянган) төгрөгийг, 2024 оны 07 дугаар сарын 25-нд М.О-ын ХААН банкин дахь дансанд 10,000 (арван  мянган) төгрөгийг, 2023 оны 09 дүгээр сарын 02-нд М.О-ын дансанд 40,000 (дөчин мянган) төгрөгийг, 2023 оны 09 дүгээр сарын 02-нд М.О-ын дансанд 26,000 (хорин зургаан мянган) төгрөгийг, 2023 оны 04 дүгээр сарын 03-нд М.О-ын дансанд 40,000 (дөчин мянган) төгрөгийг, 2023 оны 03 дугаар сарын 17-нд М.О-ын дансанд 2,000,000 (хоёр сая) төгрөгийг, 2023 оны 03 дугаар сарын 24-нд М.О-ын дансанд 9,000 (есөн мянган) төгрөгийг, 2023 оны 04 дүгээр сарын 08-нд М.О-ын дансанд 13,500 (арван гурван мянга таван зуун) төгрөгийг, 2023 оны 04 дүгээр сарын 20-нд М.О-ын дансанд 224,000 (хоёр зуун хорин дөрвөн мянган) төгрөгийг, 2023 оны 05 дугаар сарын 19-нд М.О-ын дансанд 13,000 (арван гурван мянган) төгрөгийг, 2023 оны 06 дугаар сарын 22-нд М.О-ын дансанд 200,000 (хоёр зуун мянган) төгрөгийг, 2023 оны 07 дугаар сарын 03-нд М.О-ын дансанд 60,000 (жаран мянган) төгрөгийг, 2023 оны 07 дугаар сарын 07-нд М.О-ын дансанд 16,500 (арван зургаан мянган таван зуун) төгрөгийг, 2023 оны 08 дугаар сарын 23-нд М.О-ын дансанд 200,000 (хоёр зуун мянган) төгрөгийг, 2023 оны 09 дүгээр сарын 14-нд М.О-ын дансанд 5,100,000 (таван сая нэг зуун мянган) төгрөгийг, 2023 оны 12 дугаар сарын 20-нд М.О-ын дансанд 200,000 (хоёр зуун мянган) төгрөгийг тус тус шилжүүлсэн байгаа юм.

Иймд миний бие нэхэмжлэгч М.О-д нийтдээ 19,173,000 (арван есөн сая нэг зуун далан гурван мянган) төгрөг шилжүүлсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, надад түүнд төлөх төлбөргүй гэсэн байна.

3.Нэхэмжлэгчээс М.О болон С.К нарын Монгол Улсын Иргэний үнэмлэхийн хуулбар, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр С.К-ын бичсэн гарын баримт, М.О-ын 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны  ХААН банк дахь “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга”  зэрэг бичгийн нотлох баримт гаргаж өгсөн байна.

4.Хариуцагчаас ХААН банкны 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Мөнгөн шилжүүлэг”-ийн баримт,  ХААН банкны 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “Мөнгөн шилжүүлэг”-ийн баримт, мөн С.К-ын 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх хугацааны  ХААН банк дахь “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга”,  мөн С.К-ын 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны  ХААН банк дахь “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга” зэрэг бичгийн нотлох баримт гаргаж өгсөн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

5.Шүүхээс хэргийн оролцогчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын заримыг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

6.Нэхэмжлэгч М.О дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: би 11,500,000 төгрөгийг баз С.К-д зээлсэн. Надаас мөнгөө авахдаа би хоёр сарын дотор зээлээ банкны хүүгийн хамт төлж өгөх болно гэж авсан юм. Хариуцагч С.К 11,500,000 төгрөгийг хүүгийн хамт 13,145,000 төгрөг болгож төлж өгөхөөр болсон. Үүнээс 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 1,500,000 төгрөг төлсөн, мөн 2024 оны 05 дугаар сард 9,500,000 төгрөг төлсөн байгаа. Иймд С.К нь надад өгөх ёстой 13,145,000 төгрөгөөс  нийтдээ 11,000,000 төгрөг төлсөн тул үлдсэн 2,145,000 төгрөгийг хариуцагч С.К-оос  нэхэмжилж байна.

7.Хариуцагч С.К дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн байна. Үүнд: Миний бие 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдөр тус багт оршин суудаг М.О-аас 11,500,000 төгрөгийг 10 сарын хугацаатай 2 хувийн хүүтэй авсан билээ. Харин авсан зээлийг хугацаандаа төлж өгсөн байсан юм. Нэхэмжлэгч М.О-д нийтдээ 19,173,000 төгрөг шилжүүлсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, надад түүнд төлөх төлбөргүй гэсэн байна.

8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.  Үүнд:

8.1.Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр С.К-ын бичсэн гарын баримтад: “2023 оны 6 дугаар сарын 10-ны өдөр О-аас 11,500,000 авсан. Үүнийг хүүгийн хамт 4 сарын 10-ны өдөр төлж өгөхөөр гарын баримт бичиж өглөө. 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүүгийн хамт зээлийг төлж өгнө гэж гарын баримт бичиж өглөө. 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гарын баримт бичсэн С.К, Б. 13,145,000” гэсэн байна.

8.2.Нэхэмжлэгч М.О-ын гаргасан тайлбар “...хариуцагч С.К надаас 11,500,000 төгрөгийг зээлдэж аваад, хүүгийн хамт 13,145,000 төгрөг болгож төлж өгөхөөр болж гарын баримт бичиж өгсөн. Үүнээс нийтдээ 11,000,000 төгрөг төлсөн тул үлдсэн 2,145,000 төгрөгийг хариуцагч С.К-оос гаргуулахыг хүсэж байна”, хариуцагч С.К-ын шүүхэд бичгээр гаргасан тайлбарт “...2023 оны 6 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэгчээс М.О-аас 11,500,000 төгрөгийг 10 сарын хугацаатай 2 хувийн хүүтэй авсан билээ. Харин авсан зээлийг хугацаандаа төлж өгсөн байсан юм. Нийтдээ М.О-д 19,173,000 төгрөг шилжүүлсэн тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэж маргасан байна.

Эдгээр үйл баримтаар нэхэмжлэгч М.О 11,500,000 төгрөгийг хариуцагч С.К-д 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдөр зээлсэн болох нь нотлогдож байгаа тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-д зааснаар “Зээлийн  гэрээ” байгуулагдсан байна.

 8.3.Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан байна.

Хариуцагч С.К  нь 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр гарын баримт бичиж өгсний дараа зээлж авсан 11,500,000 төгрөгөөс нэхэмжлэгч М.О-ын ХААН банкин дахь ****** тоот дансанд 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр 1,500,000 төгрөг, 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр 9,500,000 төгрөг тус тус шилжүүлэн төлж өгсөн болох нь хариуцагчаас гаргаж өгсөн ХААН банкны 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн “Мөнгөн шилжүүлэг”-ийн баримт болон ХААН банкны 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “Мөнгөн шилжүүлэг”-ийн баримтаар тус тус нотлогдож байна.

Үүгээр хариуцагч С.К нийт зээлдэж авсан 11,500,000 төгрөгөөс нийт 11,000,000 төгрөгийг нэхэмжлэгч М.О-д төлж өгсөн ба төлөгдөөгүй үлдсэн 500,000 төгрөг байна. 

8.4.Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “Нэг удаагийн шинжтэй, эсхүл ашиг олох зорилгогүй зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж заасан байна.

Нэхэмжлэгч М.О нь 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 11,500,000 төгрөгийг 10 сарын хугацаатай 2 хувийн хүүтэй хариуцагчид зээлсэн,  хариуцагч С.К нь  2023 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 11,500,000 төгрөгийг 10 сарын хугацаатай 2 хувийн хүүтэй зээлж авсан гэж харилцан хүлээн зөвшөөрч тайлбар гаргасан боловч тухайн үед бичгээр хийсэн гэрээ буюу зээлийн хүү, хугацааг бичгээр тохиролцоогүй байна.

Дараа нь буюу 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хариуцагч С.К-ын бичсэн гарын баримтад “2023 оны 6 дугаар сарын 10-ны өдөр О-аас 11,500,000 авсан. Үүнийг хүүгийн хамт 4 сарын 10-ны өдөр төлж өгөхөөр гарын баримт бичиж өглөө. 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүүгийн хамт зээлийг төлж өгнө гэж” гэж бичсэн боловч хүүгийн хэмжээг хэрхэн тохиролцсон тухай бичигдээгүй тул хүү тогтоосон гэж үзэх боломжгүй.

Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.О зээлийн хүү авах эрхээ алдсан байна.

8.5.Мөн хариуцагч С.К нь 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр бичсэн гарын баримтаар М.О-д 2023 оны 6 дугаар сарын 10-ны өдөр авсан зээл 11,500,000 төгрөгийг 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүүгийн хамт төлж өгнө гэж бичгийн баримт өгсөн мөөртлөө 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс өмнө нэхэмжлэгч М.О-ын дансанд мөнгө шилжүүлсэн гэх С.К-ын 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацааны  ХААН банк дахь “Депозит дансны дэлгэрэнгүй хуулга”-ууд нь цаг хугацааны хувьд тохирохгүй, бодит байдалтай нийцэхгүй байгаа тул энэ нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй болно.

9.Иймд Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.К нь нэхэмжлэгчээс зээлж авсан 11,500,000 төгрөгөөс 11,000,000 төгрөгийг төлж өгсөн тул одоо зээлийн үлдэгдэл 500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгч М.О-д олгож, илүү нэхэмжилсэн 1,645,000 төгрөгийг  хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

10.Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,150 төгрөгийг улсын орлого болгож, нэхэмжлэлийн шаардлагаас хангасан хэмжээ 500,000 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 15,650 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дугаар зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Ш овогт С.К-оос үлдэгдэл мөнгө 500,000 (таван зуун мянган) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б овогт М.О-д олгож, нэхэмжлэгчийн илүү нэхэмжилсэн 1,645,000 (нэг сая зургаан зуун дөчин таван мянган) төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлүүдэд зааснаар нэхэмжлэгч М.О-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58,150 (тавин найман мянга нэг зуун тавин) төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч С.К-оос 15,650 (арван таван мянга зургаан зуун тавин) төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М.О-д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж  шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Б аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах  эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Б.МАНГИЛИК