Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 504

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ганбаатар даргалж,

           нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,  

           улсын яллагч Н.Уранбайгаль,

            хохирогч Ч.Ц, түүний өмгөөлөгч Б.Энхбаяр,

            иргэний нэхэмжлэгч Б.Б,

шүүгдэгч Т.Г, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Тийн Год холбогдох 1703000010050 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1979 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар аймагт төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Тийн Г, РД:...

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Т.Г нь 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн өглөө 10 цаг 30 минутын үед Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Архангай салдаг уулзварт Toyota Prius маркийн ...УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9-д заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин Ц.Сын жолоодож явсан Hyundai Accent маркийн ... УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж уг ослын улмаас Hyundai Accent маркийн автомашинд сууж явсан зорчигч Ч.Цын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:   

 

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:     

Шүүгдэгч Т.Г нь 2017 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн өглөө 10 цаг 30 минутын үед Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Архангай салдаг уулзварт Toyota Prius маркийн ...УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.9-д заасан “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчин Ц.Сын жолоодож явсан Hyundai Accent маркийн ... УБД улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж уг ослын улмаас Hyundai Accent маркийн автомашинд сууж явсан зорчигч Ч.Цын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :...  

- 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /xx-15-19/,

- жолоочийн согтуурал шалгасан магадлагаа /xx-21/,  

- хохирогч Ч.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:…2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр би 2 охиныхоо хамт гэрээсээ гараад автобусны буудлаас такси бариад хот руу орох гээд явж байтал бидний сууж явсан такси машинтай мөргөлдсөн. Би  машины хойд суудлын зүүн талд нь сууж явсан. Мөргөсөн машин миний сууж явсан талаас мөргөсөн. Тэр үед би шоконд орсон байсан...Цээжний зураг авахуултал 1, 2, 3, 4, 5, 6-р хавирга, эгэм, хүзүүний сэртэн хугархайтай,  тархины хаван ихтэй, зөөлөн эдийн гэмтэлтэй бүх бие доргилттой гэсэн. Ингээд өвчин намдаах эм, яс боройлуулах эм авч уусан. 2 машины жолооч гэмтлийн эмнэлэг дээр үзүүлж байхад “намайг зөөлөн эдийн гэмтэлтэй байна гэхэд явья” гээд байсныг би гайхсан...Цаг агаар тогтуун, замын хөдөлгөөн сийрэг байсан. Гэмтлийн талаар шүүх эмнэлгийн дүгнэлтээр тодорхой гарсан гэж үзэж байна. Би гомдолтой байна. Цаашид эмчлүүлэх шаардлагатай эмнэлэгт хэвтэж үзүүлнэ...гэх мэдүүлэг /xx-65/,

- иргэний нэхэмжлэгч Б.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 11 цагийн үед би ээж охины хамт бид гэрээсээ гараад автобусны буудлаас такси бариад баруунаас зүүн рүү хот руу явж байтал бид нарын сууж явсан машиныг зүүн талаас машин ирээд мөргөсөн. Машин мөргөхөд биднийг сууж явсан машин бүтэн нэг эргээд баруун тийш хараад зогссон. Мөргөсөн машин их хурдтай явж байсан. Би машины хойд суудлын голд сууж явсан. Цагдаа нар ирсэн байсан...гэх мэдүүлэг /xx-71-72/,

- иргэний нэхэмжлэгч С.Даваасүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:…ослын улмаас тархи хөдөлсөн, хүзүүний булчин чангарсан гэх зовиуртай байгаа, гэмтлийн хөнгөн зэрэгтэй гэсэн дүгнэлт гарсан... гэх мэдүүлэг /xx-75-77/                                        

- иргэний нэхэмжлэгч Ц.Сын мөрдөн байцаалтын шатанд:…осол болох үед би төв замаар явж байсан ба туслах замаас машин ирж мөргөсөн...гэх мэдүүлэг /xx-90-91/

- гэрч А.Мөнгөнтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:…2017 оны 7 дугаар сарын 26-ны өдөр 10 цаг өнгөрч байхад аав Сын хамт машинтай нь гэрээсээ гараад хот руу явж байхдаа замдаа 3 зорчигч авсан. Тэгээд Сонгино хайрхан дүүргийн 32 хороо 2-ын товчооны замын Архангай салдаг замын уулзвар дээр баруунаас зүүн чиг рүү явж байтал зүүнээс баруун чигээс нэг машин шууд ирээд манай машиныг мөргөсөн...гэх мэдүүлэг /xx-93/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 9657 дугаартай:... Ч.Цын биед зүүн талын 1, 3-р хавирганы хугарал, 4-р хавирганы хоёрлосон хугарал, эгэм ясны хугарал, цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал, цээж, зүүн шуунд цус хуралт, зүүн мөрний зөөлөн эдийн няцрал, тархи доргилт  гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонго алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүнэлт /xx-99/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 9656 дугаартай:...Б.Бы биед тархи доргилт, цээжний хэнхэрцэгийн зөөлөн эдийн няцрал, хүзүү, зүүн бугалганы зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-103/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 9655 дугаартай:...С.Даваасүрэнгийн биед тархи доргилт, нуруу, зүүн түнхний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-107/,

- Техникийн шинжээчийн 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 436 дугаартай:...Toyota Prius маркийн ...УББ улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Т.Г нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.9 заалт “Гол ба туслах замын уулзварт туслах замаар яваа жолооч гол замаар яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Хьюндай Аксент маркийн ... УБД улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Ц.С нь Монгол Улсын замын хөдөлгөөний ямар нэгэн заалт зөрчсөн эсэх нь тогтоогдохгүй байна...гэх дүгнэлт /xx-120/

- шүүгдэгч Т.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:…2017 оны 7 дугаар сарын 26-ны өглөө 10 цаг өнгөрч байхад найзынх руугаа буюу эмээлт рүү эхнэр Булганчимэгийн нэр дээр байдаг өөрийн эзэмшлийн Тоёота Приус маркийн ...УББ дугаартай автомашинтайгаа кабиндаа 2 хүүхэдтэйгээ хот талаасаа эмээлт рүү чиглэлтэй Сонгинохайрхан дүүргийн нутаг баруун аймаг руу салдаг уулзвараар зүүн эргээд орохдоо дээрээс ирж байсан буюу Дарханы чиглэлээс ирж байсан Хьюндай Аксент маркийн автомашины урдуур амжаад орчих байх гэж бодоод уулзвар руу нэвтэртэл, мөргөчихсөн. Би ойролцоогоор 30 орчим км/цагийн хурдтай явж байсан. Би зүүн гар талынхаа урд хэсгээр Хьюндай Аксент маркийн ... УБД дугаартай автомашины зүүн гар талын хойд дугуй орчим хэсэгт мөргөсөн. Гэмтсэн хүн байхгүй. Хьюндай Аксент маркийн ... УБД дугаартай автомашины арын суудалд сууж явсан 3 хүн гэмтсэн байсан. Тоормос гишгэж зогсоох арга хэмжээ авсан. Би жолоо барих эрхийн үнэмлэхтэй, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Хьюндай Аксент маркийн ... УБД дугаартай автомашины хохиролд 530.000 төгрөг, хохирогч нарын эмчилгээнд нэг хүний 100.000 төгрөг, нийт 300.000 төгрөгийг төлсөн. Хохирлоо төлнө. Хьюндай Аксент маркийн ... УБД дугаартай автомашины жолооч согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан... гэх мэдүүлэг /xx-134-135/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.  

 

            Иймд шүүгдэгч Т.Гыг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай  хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

            Хохирол төлбөрийн тухайд:

Хэрэгт авагдсан нотлох баримтаар хохирогч Ч.Ц 696.231 төгрөг /хх-40-46/, иргэний нэхэмжлэгч Б.Б 349.922 төгрөг /хх-32-39/, иргэний нэхэмжлэгч С.Даваасүрэн нь 745.500 төгрөг /хх-47-49/ тус тус нэхэмжилсэн байх ба шүүгдэгч нь хохирогч Ч.Цд 100.000 төгрөг /хх-151/, иргэний нэхэмжлэгч Б.Бд 100.000 төгрөг /хх-151/, иргэний нэхэмжлэгч С.Даваасүрэнд 100.000 төгрөг /хх-151/, иргэний нэхэмжлэгч Ц.Ст 530.000 /хх-135/ тус тус төлжээ.

Хохирлоос төлсөн дүнг хасвал хохирогч Ч.Цд 596.231 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Даваасүрэн нь 645.500 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Бд 249.992 төгрөг  тус тус төлөгдөөгүй байх ба уг хохирлыг төлөхөө шүүгдэгч шүүх хуралдаанд, иргэний хариуцагч мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн /х-96/ байна.

Шүүгдэгчийн тухайн үед жолоодож явсан Toyota Prius маркийн ...УБД улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Ц.Булганчимэгийн эзэмшлийнх гэж үзэх үндэслэлтэй /х-96, 143-144, 133-134/ байх тул иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т зааснаар иргэний хариуцагч болох Ц.Булганчимэг тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хариуцан арилгах үүргээс чөлөөлөгдөхгүй, түүнчлэн шүүгдэгчийн хувьд гэм буруутай үйлдлийн улмаас бусдад гэм хор учруулсан байх тул тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгч, иргэний хариуцагч нараас тэнцүү хэмжээгээр гаргуулж, төлөх хугацааг 2 сараар тогтоов.   

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулав.    

Торгох ял оногдуулахад 1 нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар 1000 төгрөгтэй тэнцүүлсэн, мөн оногдуулсан торгох ялыг  шүүгдэгчийн орлого олох боломж, ар гэрийн байдал зэргийг харгалзан 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.        

Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан зүйл байхгүй болно.   

Эрх хасах нэмэгдэл ял оногдуулаагүй тул шүүгдэгч Т.Гын ... дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг буцаан олгох, иргэний хариуцагч Ц.Булганчимэг хохирол төлөх үүрэг хүлээсэн тул тус хэрэгт битүүмжлэгдсэн буюу түүний эзэмшлийн ...УБД улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашиныг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх нь зүйтэй.    

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон                                               

 

ТОГТООХ нь:          

 

            1. Шүүгдэгч Т.Гыг жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай  хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Гыг 500 нэгжтэй тэнцэх буюу 500.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.    

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Год оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 499 дугаар зүйлийн 499.1, 499.4, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Т.Гоос 745.826 төгрөг, иргэний хариуцагч Ц.Булганчимэгээс 745.826 төгрөг тус тус гаргуулан хохирогч Ч.Цд 596.231 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Даваасүрэнд 645.500 төгрөг, Б.Бд 249.922 төгрөгийг олгож, хохирлыг 2 сарын хугацаанд төлөхийг шүүгдэгч, иргэний хариуцагч нарт даалгасугай.

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.

6. Иргэний хариуцагч Ц.Булганчимэг хохирол төлөх үүрэг хүлээсэн тул тус хэрэгт битүүмжлэгдсэн буюу Ц.Булганчимэгийн эзэмшлийн гэх ...УБД улсын дугаартай Тоёота Приус маркийн автомашиныг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.   

7. Шүүгдэгч Т.Гын ... дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг түүнд буцаан олгосугай.

8. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

9. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Т.Год авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

           

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР