Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 22

 

                                                С.Б-ын хүсэлттэй иргэний

                                                           хэргийн тухай

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 129/ШШ2020/00410 дугаар шийдвэртэй

С.Б-ын хүсэлттэй

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг

хүсэлт гаргагч С.Б-ын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Б-ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч С.Б, хүсэлт гаргагчийн өмгөөлөгч Д.Н, нарийн бичгийн дарга М.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагчийн хүсэлт болон тайлбарт: “Миний бие С.Б нь 1986 онд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Хүмүүн 3 дугаар сургуулийн 8 дугаар ангийг төгссөн. Би 1986.07 дугаар сараас Архангай аймгийн Тунгалагтамир хоршоололд барилгын туслах ажилчнаар ажиллаж байгаад тус аймгийн Барилга угсралтын трестэд 1988.06 дугаар сараас туслах ажилтнаар 1990 оныг хүртэл тасралтгүй ажилласан. Би хөдөлмөрийн дэвтэр аваагүй. Одоо би өндөр насны тэтгэвэрт орох нас болсон тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон ба архиваас лавлагаа авахад миний ажил төрөлтэй холбоотой материал дутуу гарсны улмаас хохирч байна. Иймд намайг Архангай аймгийн Тунгалагтамир хоршоололд барилгын туслах ажилтнаар 1986.07.01-1988.05.30-ны өдрийг хүртэл, тус аймгийн Барилга угсралтын трестэд 1988.06.01-1990.01.01-ний өдрийг хүртэл хугацаанд тасралтгүй ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Би ажиллаж байх хугацаандаа баярын бичиг, сайшаалын үнэмлэх авч байгаагүй.” гэжээ.

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 129/ШШ2020/00410 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Б овогт С.Б-ын Архангай аймгийн Барилга угсралтын конторт 1988 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд барилгачнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлтийн шаардлагаас 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1988 оны 05 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хэсгийг хэрэгсэхгүй болгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч С.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хүсэлт гаргагч С.Б-ын давж заалдах журмаар гаргасан гомдолд: “С.Б би шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 129/ШШ2020/00410 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч байна. Учир нь хүсэлт гаргагч С.Б миний бие 1986 онд 8 дугаар анги төгсөөд Архангай аймгийн Барилга угсралтын трестэд барилгын туслах ажилтнаар тасралтгүй 1992 он хүртэл ажилласан бөгөөд шүүхэд 1986.06-1990 оныг хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргасан. Гэтэл шүүх миний ажилласан жилээс 1986.07.01-1988.05.30-ны өдөр хүртэл хугацааг хэрэгсэхгүй болгож байгаад маш их гомдолтой байна. Би дээрх хугацаанд тасралтгүй ажиллаж байсан бөгөөд надтай хамт ажиллаж байсан хүмүүс тэтгэвэрт орсон. Намайг тухайн үед ажиллуулж байсан байгууллага орсон, гарсан тушаал гаргаагүй, мөн хөдөлмөрийн дэвтэр өгөөгүйн улмаас би хохирч байна. Мөн одоо шүүх миний ажилласан 2 жилийг хэрэгсэхгүй болгож би хохирч байна. Тухайн үед намайг тасралтгүй ажиллаж байсныг надтай хамт ажиллаж байсан хүмүүс гэрчилдэг. Мөн миний ажиллаж байсан бригадыг хүн хүчний улмаас Тунгалагтамир хоршоолол руу илгээж байсан баримт Барилга угсралтын трестэд ажиллаж байсныг нотолдог. Тухайн үеийн хүмүүс ажилгүй суухгүй бөгөөд ид барилгын ажлыг завсаргүй хийдэг байсан юм. Шүүх миний ажилласан жилийг тогтоохдоо түр авах тухай баримтыг үндэслэн тогтоосон. Гэтэл түр авах тухай тушаал нь Барилга угсралтын трест бидний хэсэг ажилчдыг Тунгалагтамир хоршоолол руу түр хугацаагаар томилж явуулсан тушаал байгаа юм. Гэтэл би Барилга угсралтын трестэд 1986.07.01-1992 он хүртэл ажилласан. Ажиллаж байх хугацаандаа Тунгалагтамир хоршоолол руу бригадаараа түр явж ажиллаж байсан болно. Иймд 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 410 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, намайг 1986.07.01-1988.05.30-ны өдөр хүртэл хугацаанд Барилга угсралтын трестэд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

С.Б 2020.01.22-ны өдөр хүсэлт гаргаж, ажилласан жил тогтоолгохыг хүссэн бөгөөд үндэслэлээ тайлбарлахдаа “Одоо би өндөр насны тэтгэвэрт орох нас болсон тул шүүхээр ажилласан жилээ тогтоолгох шаардлагатай болсон ба архиваас лавлагаа авахад миний ажил төрөлтэй холбоотой материал дутуу гарсны улмаас хохирч байна.” гэжээ.

Анхан шатны шүүх хүсэлтээс 1988.06.01-1990.01.01-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож, 1986.07.01-1988.05.30-ны өдрийг хүртэл хугацаанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхэд гаргасан хүсэлт гаргагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх хүсэлтээс 1986.07.01-1988.05.30-ны өдрийг хүртэл хугацаанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо нотлох баримтаар тогтоогдоогүй гэжээ.

Зохигч, түүний өмгөөлөгч нь өөрийн шаардлагын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан байна. Шүүх зохигчийн гаргасан тайлбар, нотлох баримтыг үнэлж, хүсэлтийн шаардлагын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийнэ.

Хүсэлт гаргагч шүүхэд хүсэлт гаргахдаа 1986.07.01-1990.01.01-ний өдөр хүртэл ажиллаж байсан талаар дурдсан боловч Улсын барилгын хорооны харъяа МХЗЭ-ийн Төв Хорооны Алтан медальт Архангай аймгийн барилга угсралтын трестийн даргын 1988 оны 06 дугаар сарын 4-ний өдрийн 118 дугаар тушаалаар С.Б-ыг 1988.06.01-нээс эхлэн 8-р сарын 25 хүртэл түр ажилчнаар авч ажиллуулсан байх ба 1986.07.01-1988.05.30-ны өдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байсан талаархи нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

Нотлох баримт байхгүй тул анхан шатны шүүх дээрх хугацаанд холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 34 дүгээр зүйлийн 34.3.7, 37 дугаар зүйлийн 37.1, 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.2-д нийцсэн байна.

Иймд “намайг 1986.07.01-1988.05.30-ны өдөр хүртэл хугацаанд Барилга угсралтын трестэд ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү” гэх агуулга бүхий давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Анхан шатны шүүх хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгохдоо хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, холбогдох хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хүсэлт гаргагчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээв.  

Хүсэлт гаргагч С.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 129/ШШ2020/00410 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хүсэлт гаргагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хүсэлт гаргагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 05 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 70 200 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар хүсэлт гаргагч, түүний өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                     

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ДАВААСҮРЭН

                                             ШҮҮГЧИД                                      Д.БЯМБАСҮРЭН

                                                                                                    В.ЦЭЦЭНБИЛЭГ