Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2022/ДШМ/903

 

 

 

 

 

  2022            9              15                                         2022/ДШМ/903    

 

М.Ц-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч М.Алдар, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Х.Онолт,

цагаатгагдсан этгээд М.Ц-, түүний өмгөөлөгч Д.Батсүх, Ж.Энхтуяа,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/482 дугаартай цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Х.Онолтын бичсэн 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 66 дугаартай эсэргүүцлээр М.Ц-д холбогдох эрүүгийн 2102002290143 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Ц-,

 

М.Ц- нь Хан-Уул дүүргийн ***** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “******” тосгоны Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байхдаа тус төвийн шүдний их эмч Д.А-агийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр гаргасан “төрсөн эгч, тус төвийн сувилагч Д.А-ц-ийн хагалгааны зардалд хамт олноос тусламж” хүссэн өргөдлийг хүлээн авч, “Туул” тосгоны эрүүл мэндийн төвийн бүх ажилчдын 2019 оны хурлаар хэлэлцэж баталсан “Туул тосгоны эрүүл мэндийн төвийн дотоод журам”-ын 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт “Ажилчдын төрсөн эцэг, эх, эхнэр, нөхөр, ах дүү нар хүнд өвчтэй болон нас барсан тохиолдолд байгууллагаас 100.000 төгрөгийн буцалтгүй тусламж олгоно” гэж заасныг зөрчиж, төсвийг захиран зарцуулах бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Б/26 дугаартай “Тэтгэмж олгох тухай” тушаал гарган, Д.А-ад 934.899 төгрөгийг үндэслэлгүйгээр олгож давуу байдал бий болгосон гэмт хэрэг холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: М.Ц-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн прокуророос Ц-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, М.Ц-ийг цагаатгаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Прокурор Х.Онолт бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 130 дугаар зүйлийн 130.1 дэх хэсэгт “Ажил олгогч нь ажилтны төлөөлөгчдийн саналыг харгалзан хөдөлмөрийн дотоод журмыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж мөрдүүлнэ.” гэж хуульчилсан. Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, Хөдөлмөрийн дотоод журмыг баталж, мөрдүүлэх нь ажил олгогч буюу “Туул” тосгоны эрүүл мэндийн төвийн дарга М.Ц-ийн бүрэн эрхэд хамаарах асуудал байх бөгөөд 1 дүгээр хавтас хэргийн 35-47 дугаар талд авагдсан “Туул тосгоны эрүүл мэндийн төвийн дотоод журам” гэх баримт бичгээс үзэхэд тус журам нь нийт ажилчдын 2019 оны хурлаар хэлэлцэгдэж, төвийн дарга, ерөнхий эмч М.Ц- гарын үсэг зурж, тамга дарснаар баталгаажсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйл /Шүүхээр хянан шийдвэрлэх маргаан/-ийн 128.1.9-д “хөдөлмөрийн дотоод журам хөдөлмөрийн харилцааг зохицуулахаар өөрийн онцлогт тохируулан тогтоосон байгууллагын бусад тушаал, шийдвэр хууль тогтоомжид нийцээгүй тухай” гэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйл /шүүх дангаар хянан шийдвэрлэх/-ийн 82.1.2-д “Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаан” гэж тус тус хуульчилсан бөгөөд дээрх хуулийн зохицуулалтуудаас үзэхэд хөдөлмөрийн дотоод журам нь хууль тогтоомжид нийцсэн эсэхийг хянан шийдвэрлэх нь Иргэний шүүхийн бүрэн эрхэд хамаарах асуудал байхад Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх дотоод журам нь хуулийн шаардлага нийцээгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Түүнчлэн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Ц- нь тус дотоод журмыг дагаж мөрдүүлэх зорилгоор тушаал гаргаж байсан талаар удаа дараа мэдүүлсэн байхад шүүх дотоод журам нь Хөдөлмөрийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй” гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ц.Сайнзаяа, Б.Гансэлэнгэ нарын мэдүүлгээр Д.А-агаас гаргасан өргөдлийг хамт олны хурлаар болон зөвлөлийн хурлаар хэлэлцээгүй, М.Ц- дангаар шийдвэр гаргасан болох нь тогтоогдсон байхад шүүхийн тогтоолд “Туул тосгоны Эрүүл мэндийн төвийн эмч Д.А-агийн 2020 оны 5 дугаар сарын 8-ны өдөр гаргасан өргөдлийг хүлээн авч хэлэлцээд” гэж дүгнэсэн нь мөн үндэслэлгүй байна.“Туул тосгоны эрүүл мэндийн төвийн дотоод журам” нь батлагдсан цаг хугацаанаас эхлэн тус төвийн нийт ажилчдын нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмжийн харилцааг зохицуулж ирсэн бөгөөд Д.А-ад “Тэтгэмж олгох тухай” 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн Б/26 дугаартай тушаал нь мөн дээрх журмыг удирдлага болгон гарсан.

Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд шүүгдэгч М.Ц- нь “Д.А-ад 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох нь дотоод журамд заасантай нийцэхгүй талаар мэдэж байсан” талаар тогтвортой мэдүүлсэн бөгөөд тухайн шийдвэрийг гаргаснаар нийтийн эрх ашигт хохирол учруулах талаар мэдсээр байж албан тушаалын байдлаа албаны эрх ашгийн эсрэг ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийсний улмаас бусдад эдийн ашигтай байдал бий болгосон үйл баримт тогтоогдсон. Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 482 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар бичсэн эсэргүүцлээ дэмжиж байна. ...” гэв.

 

Цагаатгагдсан этгээд М.Ц- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “....цар тахлын үед манай байгууллага 25 ажилчинтай ажилласан. Д.А-агийн эгч Д.А-ц- манайд төвд сувилагчаар ажилладаг бөгөөд глюкозтой, 2 төвөнхдөө төмөртэй. эмчилгээгүй гэсэн оноштой. А-ц- 8 удаа хагалгаанд орсон байсан. 9.000.000 төгрөгийн хагалгаанд орох болж Д.А-а бид нараас тэтгэмж хүссэн. Тухайн үед хамт олноороо амаар ярилцаж тусламж болгож 934.000 төгрөг өгье гэж шийдвэрлэсэн. Тухайн үед тэмдэглэл үйлдээгүй нь миний буруу болсон. Хөдөлмөрийн дотоод журамд 100.000 төгрөг гэж заасан. Манай хамт олон намайг 100.000 төгрөгөөр юу авах юм гэсэн. Цусны хавдартай цус шууд урсдаг болохоор хагалгаанд оруулахгүй, эмч нар нь хүлээж авахгүй байсан. 100.000 төгрөгнөөс болж хэрэгт орно гэж бодсонгүй, сэтгэл гаргаж тус болсон. Ийм зүйл болсонд харамсаж байна. Прокурорын эсэргүүцлийг сайн ойлгохгүй байна. Миний хувьд хууль  мэдэхгүй, эрүүл мэндийн салбарт зүтгэсэн. Та бүхнээс хүсэхэд төрийн минь сүлд өршөө гээд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Цагаатгагдсан этгээд М.Ц-ийн өмгөөлөгч Д.Батсүх тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...улсын яллагчийн эсэргүүцэл бүхэлдээ цагаатгах тогтоолыг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ байгууллагын дотоод журмыг баримтлах ёстой, дотоод журамд заасан эрх хэмжээ, тэтгэмж олгох заалтыг хөндөж гаргасан байна. М.Ц- гэдэг хүн эрүүл мэндийн асуудалтай, олон удаа хагалгаанд орсон, өрх толгойлсон, амьдралын хувьд хүнд байдалд байдаг ажилтандаа дэмжлэг үзүүлэх асуудлаар 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдөр тушаал гаргаж уг тушаалд тодорхой хууль зүйн үндэслэл дурдсан. Анхан шатны шүүх ганц хөдөлмөрийн дотоод журмыг үндэслэж шийдвэр гаргаагүй. Ажил олгогчийн зүгээс ажлын байрны тодорхойлолтод заасан ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх үндсэн зорилго, ажилтны нийгмийн баталгааг хангах эрх, үүргийн хүрээнд тусламж, тэтгэмжийг батлагдсан төсвийн хэмжээний хүрээнд олгосон гэх дүгнэлт хийсэн. Прокурор хөдөлмөрийн дотоод журмыг үндэслэн ялладаг боловч үндэслэл болгож байгаа хөдөлмөрийн дотоод журам Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмын дагуу батлагдсан журам гэдэг нь тогтоогдохгүй байгаа. Өөрөөр хэлбэл, байгууллагын удирдлага хөдөлмөрийн дотоод журам батална гэсэн байхад тус хэрэгт байгаа хөдөлмөрийн дотоод журам нь хуульд заагдаагүй, хамт олны хурлаар хэлэлцэж баталсан байдаг. Мөн шүүх хуульд нийцээгүй гэдэг дүгнэлт хийсэн. Ганц хөдөлмөрийн дотоод журмыг үндэслэж цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар гаргаж байгаа прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй. Тэтгэмж олгосон тушаалд дурдсан хуулийн зохицуулалт болон цагаатгах тогтоолд дурдсан шүүхийн дүгнэлт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж байна уу гэдэгт шууд хамааралтай. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндсэн шинж нь албан тушаА- албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж гэж тодорхойлсон. Байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг баримталж, бусад хууль тогтоомжоор олгогдсон эрх нь байна уу, албаны бүрэн эрх нь хэтэрсэн байна уу гэх асуудлыг баримтаар нотолж тогтоогоогүй. Тухайн жилд батлагдсан төсвөөр 2.000.000 төгрөгийн тэтгэмж ажилчдадаа олгох эрхтэй. Үүнийг захиран зарцуулах эрх нь байсан. Эрх мэдлээ урвуулан ашигласан гэх шинж тогтоогдоогүй. Иймд анхан шатны шүүхээс гаргасан цагаатгах тогтоол хууль ёсны, үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

Цагаатгагдсан этгээд М.Ц-ийн өмгөөлөгч Ж.Энхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгч Д.Батсүхийн гаргасан тайлбарыг дэмжиж байна. Прокурор хөдөлмөрийн дотоод журам хуульд нийцсэн, М.Ц- гэдэг хүн гарын үсэг зурснаар баталгаажсан гэж ярьдаг. Тухайн үйл баримт нь 2020 онд болсон. Ажилтны төлөөлөгчийн саналын харгалзан хууль тогтоомжид нийцүүлэн тухайн аж ахуйн нэгж байгууллагын хэмжээнд хөдөлмөрийн дотоод журмыг баталж мөрдүүлнэ. Цагаатгах тогтоолд тухайн үед үйлчилж байсан 1999 оны Хөдөлмөрийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлд ажил олгогч нь хөдөлмөрийн дотоод журмыг боловсруулж тушаалаар баталгаажуулахаар заасан. Ажил олгогчийн хэдэн тоот тушаалаар тухайн хөдөлмөрийн дотоод журмыг дагаж мөрдүүлсэн тушаал байхгүй. М.Ц-ийг яллаж байгаа гол нотлох баримт нь хөдөлмөрийн дотоод журам. Тус төвийн дарга тушаал гаргахдаа Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.4 дэх хэсэгт “төсвийн байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх” гэж, 16.5.5 дахь хэсэгт “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэж, Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4 дэх хэсэгт “Төрийн албан хаагчид нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжээс гадна дараах тохиолдолд тусламж олгож болно” гэж тус тус заасныг баримталсан. Прокурор энэ тухай анзаараагүй. Засгийн газрын тогтоолоор 3 үндсэн зүйлийг заасан байтал ганц хөдөлмөрийн дотоод журмыг яриад байдаг. Прокурор 2022 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхэлж үйлчилсэн Хөдөлмөрийн тухай хуулийг тайлбарлаж байна. Хурлын тэмдэглэлийг хуурамч гэх хөдөлбөргүй нотолсон зүйл байдаггүй. Анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргахдаа хуульд заасан үндэслэл бүхий нотлох баримт нэг бүрийг харьцуулан шинжлэн судалсан учраас цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар М.Ц-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ улсын яллагчийн бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Шүүх аливаа нотлох баримтыг үнэлэхдээ тэдгээрийн ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдалд дүгнэлт хийж, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах замаар харилцан эсрэг болон нэгдмэл сонирхолтой байж болох этгээдийн мэдүүлгийг нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсар, логик эргэцүүлэлд тулгуурлан үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг сэргээн тогтоодог бөгөөд нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна гагцхүү хэргийн үйл баримтыг аливаа эргэлзээ үүсгээгүй, зөрүү гаргалгүйгээр, бүрэн дүүрэн  нотолсон тохиолдолд л Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хуульд нийцнэ.

 

Прокуророос М.Ц-ийг Хан-Уул дүүргийн ****** дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “****” тосгоны Эрүүл мэндийн төвийн даргаар ажиллаж байхдаа тус төвийн шүдний их эмч Д.А-агийн 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдөр гаргасан төрсөн эгч, тус төвийн сувилагч Д.А-ц-ийн хагалгааны зардалд хамт олноос тусламж хүссэн өргөдлийг хүлээн авч, тус эрүүл мэндийн төвийн бүх ажилчдын 2019 оны хурлаар хэлэлцэж баталсан “Туул тосгоны эрүүл мэндийн төвийн дотоод журам”-ын 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт “Ажилчдын төрсөн эцэг, эх, эхнэр, нөхөр, ах дүү нар хүнд өвчтэй болон нас барсан тохиолдолд байгууллагаас 100.000 төгрөгийн буцалтгүй тусламж олгоно” гэж заасныг зөрчиж, төсвийг захиран зарцуулах бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Б/26 дугаартай “Тэтгэмж олгох тухай” тушаал гарган, Д.А-ад 934.899 төгрөгийг үндэслэлгүйгээр олгож давуу байдал бий болгосон хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн бодит байдал болон тухайн хэрэгт холбогдсон хүний гэм бурууг эргэлзээгүй тогтоох үүргийг мөрдөгч, прокурор хүлээдэг бөгөөд хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг хянан хэлэлцэхэд гэмт хэрэг үйлдэгдсэн болох нь нотлогдоогүй, түүнчлэн шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарсан учир эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, тухайн хэрэгт холбогдсон хүнийг цагаатгах зарчмыг баримтлан анхан шатны шүүх шийдвэрээ гаргасныг буруутгах үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй ба хохирол, хор уршиг арилсан эсэхээс үл хамааран нийтийн албан тушаА- албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, эс үйлдэхүй хийсэн тохиолдолд эрүүгийн хариуцлага оногдуулахаар хуульчлан тогтоосон.

 

2006 онд батлагдсан Авлигын эсрэг хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 дах хэсэгт “албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах” гэж албан тушаалын эрх мэдлийг албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийхийг”, “давуу байдал” гэдгийг 3.1.4 дэх хэсэгт “...албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласнаар хувь хүн, хуулийн этгээдэд буй болох эдийн болон эдийн бус ашигтай байдлыг” ойлгохоор тус тус заажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, “Туул” тосгоны эрүүл мэндийн төвд сувилагчаар ажилладаг Д.А-ц- нь хоёр түнхний ясны үхжил өвчний учир байнгын эмчилгээ хийлгэдэг, өндөр төлбөртэй хагалгаанд орох болсон учир тус төвд их эмчээр ажилладаг Д.А-ц-ийн төрсөн эгч Д.А-а “...төрсөн дүү Д.А-ц-ийн хагалгааны зардалд хамт олноос тусламж” хүссэн өргөдөл гаргажээ. Үүний дагуу Эрүүл мэндийн төвийн дарга 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Б/26 дугаартай “Тэтгэмж олгох тухай” тушаал гарган, Д.А-ад 934.899 төгрөгийг шагнал, тэтгэмжийн зардлаас гаргаж олгохыг нягтлан бодогчид зөвшөөрсөн байна.

Энэ талаар тус төвийн нягтлан бодогч О.Энхжаргал гэрчээр мэдүүлэхдээ “...Намайг ажилд орсны дараа байх 2020 оны 6, 7 дугаар сарын үед Д.А-ц-, Д.А-а нарын хүсэлтийн дагуу эмчилгээний зардалд нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгож байсан юм. Тэр үед манай байгууллагад нэг удаагийн тэтгэмж, урамшууллын зардал мөнгө байсан болохоор олгосон санагдаж байна. ...” /1хх 68-69/,

гэрч Б.О-ийн “...Туул тосгоны Эрүүл мэндийн төв нь улсын төсвөөс санхүүждэг бөгөөд М.Ц- даргын тухайд Төсвийн тухай хуульд зааснаар төсвийн шууд захирагч мөн. Даргын эрх, үүргийг үр дүнгийн гэрээ, гүйцэтгэлийн төлөвлөгөө, газрын даргын баталсан ажил, албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээ зэргээр тодорхойлдог гэж хэлж болно. Ажилчдын нийгмийн баталгааг хангах асуудлыг мэдээж хэрэг байгууллагын дотоод тушаал шийдвэрээр зохицуулах боломжтой. Заавал хамтын гэрээгээр зохицуулах шаардлагагүй бөгөөд тус төвийн даргын шийдвэр, тушаалаар зохицуулах боломжтой юм. Эрүүл мэндийн байгууллагын ажилтны тэтгэмжийн асуудлыг Эрүүл мэндийн байгууллагын тухай хуульд зааснаар зохицуулна. ...” /2хх 245/,

М.Ц-ийн яллагдагчаар өгсөн “...Би Д.А-ц-т нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай тушаал гаргахдаа Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар холбогдох зүйл заалтыг харсан санагдаж байна. Мөн Төрийн албаны тухай хууль, байгууллагын дотоод журам зэргийг үндэслэж Д.А-ц-ийн гаргасан өргөдлийг харгалзан удирдлагын багаараа шийдвэрлэж, нэг удаагийн тэтгэмж олгосон. Өвчтөний картыг нь үзэхэд “цусны хоргүй хавдар” гэсэн оноштой байсан, мөн групп авдаг юм. ...” /2хх 237/ гэсэн мэдүүлгүүд, “Д.А-ц-т нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай”, “Д.А-ад тэтгэмж олгох тухай” Хан-Уул дүүргийн “Туул” тосгоны эрүүл мэндийн төвийн даргын 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн Б\25, Б\26 дугаартай тушаалууд /1хх 16-17/, 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 119 дугаартай төлбөрийн хүсэлт, картаар олгох тэтгэмжийн хүснэгт баримтууд /1хх 22-23/,Туул” тосгоны эрүүл мэндийн төвийн шүдний их эмч Д.А-а, сувилагч Д.А-ц- нарын 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр тус төвийн захиргаанд хандаж гаргасан өргөдөл /1хх 24-25/, Эрүүл мэндийн төвийн Дотоод журам /1хх 35-47/, Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн 2021 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 1/679 тоот албан бичиг, Д.А-ц-ийн өвчний түүх баримтын хуулбар /3хх 22-58/, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн Б/20 дугаар “М.Ц-ийг үүрэг гүйцэтгэгчээр томилох” тухай тушаал, Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтын хуулбар баримтууд /3хх 62, 63-65, 66-68/ болон бичгийн бусад нотлох баримтуудаар М.Ц-ийг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэж үзэх үндэслэлгүй ба албаны эрх ашгийн эсрэг үйлдсэн шинжгүй, мөн хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх сэдэлт, зорилго тогтоогдоогүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Учир нь М.Ц- нь албаны эрх ашгийн эсрэг өөртөө хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлсэн гэж үзэх нотлох баримт хавтас хэрэгт байхгүй байх бөгөөд харин өөрт нь хуулиар олгогдсон эрхийн хүрээнд тодруулбал, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.5 дахь хэсэгт “батлагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулах” гэж, Эрүүл мэндийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт “Нутгийн захиргааны болон нутгийн өөрөө удирдах байгууллага, аж ахуйн нэгж, байгууллага нь эмнэлгийн мэргэжилтэнд урамшуулал олгох, нийгмийн баталгааг сайжруулахад дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.” гэж, Төрийн албаны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4.1 дэх хэсэгт Төрийн албан хаагчид нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжээс гадна гэр бүлийг нь дэмжих тусламж олгож болохоор тус тус зохицуулсан өөрт хуулиар олгогдсон эрхийнхээ хүрээнд Д.А-агийн тусламж хүссэн өргөдлийг шийдвэрлэхдээ тухайн жилийн батлагдсан төсөвт тусгагдсан шагнал, тэтгэмжийн зардлаас 934.899 төгрөг олгосныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Шүүх хуралдаанаар судалж, хянан хэлэлцээд ямар нотлох баримт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг гагцхүү шүүх шийдвэрлэх бөгөөд шүүгдэгчийн гэм бурууг тогтоож нотлох хэмжээний хангалттай баримт цугларсан тохиолдолд түүнд үндэслэн гэм бурууг тогтоодог. Гэтэл хэрэгт авагдсан эдгээр баримтууд нь шүүхээр хэлэлцэж гэм буруутайд тооцож шийдвэрлэхэд хангалтгүй, ач холбогдол хамаарлын хувьд эргэлзээтэй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй.

 

Анхан шатны шүүх прокурорын яллаж буй үндэслэл болох байгууллагын дотоодод мөрдөгдөж байсан гэх тус Эрүүл мэндийн төвийн хөдөлмөрийн дотоод журам нь байгууллагын дотоодод мөрдөгдвөл зохих эрх зүй баримт бичгийн хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн /1999 оны/ 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх” мөн хуулийн 130 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “Ажил олгогч нь ажилтны төлөөлөгчдийн саналыг харгалзан хөдөлмөрийн дотоод журмыг хууль тогтоомжид нийцүүлэн баталж мөрдүүлнэ.” гэсэн хуулийн шаардлага хангаагүй, уг хөдөлмөрийн дотоод журмыг баталж, байгууллагын дотоодод мөрдүүлэхээр тогтоосон ажил олгогчийн шийдвэр, баримт хэрэгт авагдаагүй байна. Түүнчлэн ажил олгогчийн зүгээс ажлын байрны тодорхойлолтод заасан “ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх” үндсэн зорилт, ажилтны нийгмийн баталгааг хангах эрх, үүргийн хүрээнд тусламж тэтгэмжийн батлагдсан төсвийн хэмжээний дотор нэг сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг ажилтанд олгосон үйлдлийг албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор албан тушаалын бүрэн эрхээс илтэд хэтэрсэн үйлдэл хийсэн, эсхүл хийх ёсгүй үйлдэл хийж илт хууль бус давуу байдлыг бусдад бий болгосон гэж үзэх үндэслэлгүй гэж дүгнэснийг буруутгах дүгнэх боломжгүй байна.

 

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Х.Онолтын “ анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулах”-аар бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/482 дугаартай цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж, прокурор Х.Онолтын бичсэн 2022 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 66 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.БАТЗОРИГ

 

                        ШҮҮГЧ                                                                    М.АЛДАР

 

            ШҮҮГЧ                                                                    Л.ДАРЬСҮРЭН