Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 130/ШШ2024/00514

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 10 дугаар багт оршин суудаг, утас:****, Х овогт Кий Б,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, регистрийн *****дугаартай, Баян-Өлгий Нийгмийн даатгалын газар (дарга М.А, утас ****)

Хүсэлтийн шаардлага: Талийгаач А.Бийн Сэлэнгэ аймгийн Түнхэл дэхь Мод боловсруулах үйлдвэрт нормчин, манаачаар 1964 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1971 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг дуустал, мөн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын О нэгдэлд малчнаар 1971 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус ажилласан байдлыг тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч К.Бы итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е.

(Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус газрын төлөвлөлт, нэрийн дансны мэргэжилтэн, үйл ажиллагааны нягтлан бодогч Б.Ат Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3-д зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч К.Б анх шүүхэд гаргасан хүсэлтийн шаардлагад Талийгаач А.Бийн Сэлэнгэ аймгийн Түнхэл дэх Мод боловсруулах үйлдвэрт нормчин, манаачаар 1964 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1971 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг дуустал, мөн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын О нэгдэлд малчнаар 1972 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус ажилласан байдлыг тогтоолгох тухай байсан.

Шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлтийн шаардлагыг өөрчлөн дахин тодорхойлж талийгаач А.Бийн Сэлэнгэ аймгийн Түнхэл дэхь Мод боловсруулах үйлдвэрт нормчин, манаачаар 1964 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1971 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг дуустал, мөн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын О нэгдэлд малчнаар 1971 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус ажилласан байдлыг тогтоолгохыг хүссэн. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1.1.Хүсэлт гаргагч А.Б, К.Б нар нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А\71 дугаартай Хүүхэд үрчдэх тухай захирамжаар ач хүү Аыг үрчлэн авсан байна. Гэтэл 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр А.Б нас барснаар хүү Аад тэжээгч алдсаны тэтгэвэр тогтоох шаардлага гарсан.

1.2.Гэтэл талийгаач А.Бийн Сэлэнгэ аймгийн Түнхэл дэхь Мод боловсруулах үйлдвэрт нормчин, манаачаар ажиллаж байсан хугацааны болон Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын О нэгдэлд малчнаар ажилласан хугацааны ажилд оросн, ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэрүүд архиваас бүрэн гараагүй. Хөдөлмөрийн дэвтэрт хагас дутуу бичигдсэн байдалтай байна.

1.3.Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн талийгаач А.Бийн Сэлэнгэ аймгийн Түнхэл дэхь Мод боловсруулах үйлдвэрт нормчин, манаачаар 1964 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1971 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг дуустал, мөн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын О нэгдэлд малчнаар 1971 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус ажилласан байдлыг тогтоож өгнө үү гэсэн байна.

2.Хүсэлт гаргагчаас К.Б, А.Багдал нарын 1972 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 41 дугаартай Гэрлэлтийн гэрчилгээ, 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн А.Аын *****дугаартай Төрсний гэрчилгээ, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А\71 дугаартай захирамж Хүүхэд үрчлүүлэх тухай захирамж, Х.Бийн нас барсны ******дугаартай Нас барсны гэрчилгээ, А.Бийн Хөдөлмөрийн дэвтэр-ийн хуулбар, А.Бийн 1970,1971 оны авсан цалингийн тодорхойлолт, Баян-Өлгий аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1977 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн №9\3244 дугаартай албан бичиг, Баян-Өлгий аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1977 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн №9\3246 дугаартай албан бичиг, Сэлэнгэ аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1977 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №10\4348 дугаартай албан бичиг, Сэлэнгэ аймгийн Түнхэл хорооны үйлдвэрчний эвлэлийн хорооны 1977 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн №274\17 дугаартай тодорхойлолт, К.Б, А.Багдал нарын Монгол Улсын Иргэний үнэмлэхийн хуулбар, А.Бийн БӨ№589319 БНМАУ-ын Иргэний паспорт, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 180 дугаартай Архивын лавлагаа, зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

3.Шүүхийн санаачилгаар Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 471 дугаартай албан бичгээр Х.Бийн ХААТР маягтуудыг хуулбарлан шүүхэд хүргүүлсэн байна.

Мөн тус шүүхийн Баян-Өлгий айгийн архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 20-нй өдрийн №227 дугаартай албан бичгээр хуулбарлан хүргүүлсэн А.Бд холбогдох Дэлүүн сумын О нэгдлийн 1973-1980, 1982,1983,1986,1988,1989 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны баримтуудыг хуулбарлан хүргүүлсэн байна.

Мөн тус шүүхийн Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 247 дугаартай албан бичгээр хүргүүлсэн А.Бийн №15254 дугаартай өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хувийн хэрэг 55 хуудас бүхий материал зэрэг бичгийн материалууд хэрэгт авагдсан болно.

ҮНДЭСЛЭХ нь:

5.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлт хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагч К.Бы хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

6.Хүсэлт гаргагч К.Б, нөхөр А.Б (талийгаач) нар нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А\71 дугаартай Хүүхэд үрчдэх тухай захирамжаар ач хүү Аыг үрчлэн авсан ба 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр А.Б нас барснаар хүү Аад тэжээгч алдсаны тэтгэвэр тогтоох шаардлага гарсан байна. Талийгаач А.Бийн Сэлэнгэ аймгийн Түнхэл дэхь Мод боловсруулах үйлдвэрт нормчин, манаачаар ажиллаж байсан хугацааны болон Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын О нэгдэлд малчнаар ажилласан хугацааны ажилд оросн, ажлаас чөлөөлсөн тушаал шийдвэрүүд архиваас бүрэн гараагүй. Хөдөлмөрийн дэвтэрт хагас дутуу бичигдсэн байдалтай байна. Иймээс холбогдох нотлох баримтуудыг үндэслэн талийгаач А.Бийн Сэлэнгэ аймгийн Түнхэл дэхь Мод боловсруулах үйлдвэрт нормчин, манаачаар 1964 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1971 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг дуустал, мөн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын О нэгдэлд малчнаар 1971 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус ажилласан байдлыг тогтоолгохыг хүссэн байна.

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

6.1.Хүсэлт гаргагчаас К.Б, А.Багдал нар нь 1972 оны 10 дугаар сарын 10-ны өдөр гэр бүл болсныг гэрлэсэн хууль ёсны эхнэр нөхөр мөн болох нь 1972 оны 12 дугаар сарын 10-ны өдөр олгосон 41 дугаартай Гэрлэлтийн гэрчилгээ-ээр,

6.2.Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн А\71 дугаартай захирамж Хүүхэд үрчлүүлэх тухай захирамжаар Дуатайн Аыг өвөө нь Азабайн Б, эмээ нь Кий Б нар үрччилж авсан нь, 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, Харахас овогт Бийн Аын 2017 оны 12 дугаар сарын 26-ны өдөр олгосон № 8322000156 дугаартай Төрсний гэрчилгээ-нээр тус тус нотлогдож байна.

6.3.Хүсэлт гаргагчаас К.Бы нөхөр Х.Б 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдөр нас барсан болох нь 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр олгосон ИБД:******дугаартай Нас барсны гэрчилгээ-ээр нотлогдож байна.

7.Хүсэлт гаргагч К.Бы нөхөр (талийгаач) А.Бийн Сэлэнгэ аймгийн Түнхэл дэхь Мод боловсруулах үйлдвэрт нормчин, манаачаар 1964 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1971 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн талаар:

7.1.А.Бийн №15254 дугаартай өндөр насны тэтгэвэр тогтоолгосон хувийн хэрэгт авагдсан Азанбай овогтой Бийн Хөдөлмөрийн дэвтэр болон энэхүү Хөдөлмөрийн дэвтрийн хуулбарыг баталгаажуулсан баримтад: 1.1964 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс Баян-Өлгий аймгаас зарилгад ажиллахаар саналаа өгч ир Түнхэлийн модны аж ахуйд нормчноор ангийн даргын 1964 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 107 тоотоор томилогдон ажиллав, 2.1968 оны 8 дугаар сарын 15-ны өдөр тахир дутуугийн 2-р группт орсон учир ажлаас нь Модны аж ахуйн даргын 1968 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 98 тоот тушаалаар чөлөөлөв, 3.1969 оны 9 дүгээр арын 10-ны өдөр группээс хасагдсан учир раманд манаачаар Түнхэл модны аж ахуйн даргын 1969 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 120 тоот тушаалаар авч ажиллуулав, 4.1971 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ар гэрийн гачигдлын учир Түнхэлийн модны аж ахуйн даргын 1971 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 36 тоот тушаалаар ажлаас нь чөлөөлж, Баян-Өлгий аймгийн АДХГЗахиргааны мэдэлд шилжүүлэв гэж бичигдсэн байна.

7.2.Азанбай овогтой Бийн 1970,1971 оны авсан цалингийн тодорхойлолтод: 1970 оны 01-12 дугаар сар дуусталх хугацааны, мөн 1971 оны 01-06 дугаар сар дуусталх хугацааны авсан цалин хөлсийг сар бүрээр нь тодорхойлон бичсэн байна.

7.3.Баян-Өлгий аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1977 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн №9\3244 дугаартай албан бичигт: Сэлэнгэ аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны хөдөлмөр нийгмийн халамжийн хэлтсийн даргаас манай хэлтсээс 1977 оны 9 дүгэр сарын 30-нд явуулсан 9/2549 албан тоотын хариуг яаралтай ирүүлж өгнө үү гэсэн байна.

7.4.Баян-Өлгий аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1977 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн №9\3246 дугаартай албан бичигт: Сэлэнгэ аймгийн Түнхэл хорооны мод бэлтгэх аж ахуйн даргад танай 1964-1971 он хүртэл ажиллаж байгаад тахир дутуугийн группэд үйлдвэрийн ослоор орсон Азанбай овогтой Бийн сүүлийн нэг жилийн цалинг сар бүрээр нь тодорхойлон ирүүлж өгнө үү. Б нь Өлгийд ирээд группэд гарсан боловч цалингийн тодорхойлолтгүй учир группийн мөнгө авч чадахгүй байна гэсэн байна.

7.5.Сэлэнгэ аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны 1977 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №10\4348 дугаартай албан бичигт: Баян-Өлгий аймгийн АДХ-ын гүйцэтгэх захиргааны хөдөлмөр нийгэм хангамжийн хэлтсийн даргын 9/3244 тоотын хариу.Танай аймгийн Дэлүүн суманд шилжиж очсон Азанбай овогт Бийн тахир дутуугийн группийн хувийн хэрэг олдохгүй байгаа тул түүгээр зохих материалыг бүрдүүлж тэтгэвэр тогтооно уу. Тэтгэвэр тогтоолт аймгийн ҮЭ-ийн зөвлөл байх үед тогтоогдож байжээ гэсэн байна.

7.6.Сэлэнгэ аймгийн Түнхэл хорооны үйлдвэрчний эвлэлийн хорооны 1977 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн №274\17 дугаартай тодорхойлолтод:1964-1970 онуудад Түнхэлийн МБАА-д нормчин, манаач зэрэг ажлуудыг хийж байсан Азанбай овгтой Б нь тус МБАА-д машинд гуалин ачих бригадад 1968 онд ажиллаж байхдаа үйлдвэрийн ослын улмаас 1968 оны 6 дугаар сард хөдөлмөрийн чадвараа алдаж больницын хуулсаар тэтгэмж авч байсан нь санхүүгийн баримтаар батлагдаж байгаа ба тэр үед бригадын даргаар ажиллаж байсан Шагдарсүрэн овогтой Түвшинжаргал нь одоо МБАА-д ажиллаж, ашиглалт хийж байгаа нь үнэн гэсэн байна.

Эдгээр нотлох баримтаар талийгаач А.Б Сэлэнгэ аймгийн Түнхэл дэх Мод боловсруулах үйлдвэрт нормчин, манаачаар 1964 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1971 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг дуустал ажилласан болох нь тогтоогдож байна.

8.Хүсэлт гаргагч К.Бы нөхөр (талийгаач) А.Бийн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын О нэгдэлд малчнаар 1971 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн талаар:

8.1.Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 180 дугаартай Архивын лавлагаа-нд тус архивд Дэлүүн сумын О нэгдлийн шимтгэл төлөлтийн тайлан /НД-16/-аар 1991 оны тус газарт нийгмийн даатгалын шимтгэлийг тэтгэврийн санд төлж байсан гэсэн байна.

8.2.Баян-Өлгий аймгийн архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн №227 дугаартай албан бичигт: Хүсэлт гаргагч А.Бд холбогдох Дэлүүн сумын О нэгдлийн 1973-1980, 1982, 1983,1986,1988,1989 онуудын цалин хөлсний 70 дугаар дансны баримтуудыг хуулбарлан хүргүүлсэн байна. Дэлүүн сумын О нэгдлийн 1972, 1971, 1984, 1985, 1987, 1990, 1991 онуудын цалин хөлсний баримтуудыг шүүн үзэхэд холбогдох баримтууд гараагүй гэсэн байна.

8.3.Баян-Өлгий аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн Дэлүүн сумын О нэгдлийн 1973 оны 70 дугаар дансны 1973 оны баримтаар Б 1973 оны 01-12 дугаар саруудад цалин хөлс авч байсан нь, 1974 оны баримтаар Б 1974 оны 01-07 дугаар саруудад, мөн 9-12 дугаар саруудад цалин хөлс авч байсан нь, 1975 оны баримтаар Б 1975 оны 01-06 дугаар саруудад, мөн 09-11 дүгээр саруудад цалин хөлс авч байсан нь, 1976 оны баримтаар Б 1976 оны 09-10 дугаар саруудад цалин хөлс авч байсан нь, 1977 оны баримтаар Б 1977 оны 01-07 дугаар саруудад цалин хөлс авч байсан нь, 1978 оны баримтаар Б 1978 оны 06-12 дугаар саруудад цалин хөлс авч байсан нь, 1979 оны баримтаар Б 1979 оны 01-11 дугаар саруудад цалин хөлс авч байсан нь, 1980 оны баримтаар Б 1980 оны 01-10 дугаар саруудад цалин хөлс авч байсан нь, 1982 оны баримтаар Б 1982 оны 01-12 дугаар саруудад цалин хөлс авч байсан нь, 1983 оны баримтаар Б 1983 оны 02-04, 06 дугаар саруудад цалин хөлс авч байсан нь, 1986 оны баримтаар Б 1986 оны 09-12 дугаар саруудад цалин хөлс авч байсан нь, 1988 оны баримтаар Б 1988 оны 03-04, 06-09 дугаар саруудад цалин хөлс авч байсан нь, 1989 оны баримтаар Б 1989 оны 01-08 дугаар саруудад цалин хөлс авч байсан нь тус тус тогтоогдож байна.

Эдгээр нотлох баримтаар талийгаач А.Б Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын О нэгдэлд нормчноор 1971 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсан нь тогтоогдож байна.

9.Харин Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 473 дугаартай албан бичгээр хүргүүлсэн А.Бийн 1988 оны 06 дугаар сарын 22-ны өдөр бүртгэсэн БНМАУ-ын хүн амын регистрийн карт №242 буюу ХААТР-1(А) маягтын 14.Ажилладаг байгууллага гэдэгт: О нэгдэлд 1969 онд орсон, 1 хэсэгт хоньчин гэж бүртгэгдсэн боловч хоньчин байсан талаар хөндлөнгийн бусад нотлох баримтаар тогтоогдохгүй байна, мөн болон 1969 онд өөр газарт ажиллаж байсан тул 1969 оноос Дэлүүн сумын О нэгдэлд хонтчин гэсэн нь үгүйсгэгдэж байгаа болно.

10.Хүсэлт гаргагч К.Б Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажилласан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

Иймд дээрх нотлох баримтуудыг үндэслэн талийгаач А.Б Сэлэнгэ аймгийн Түнхэл дэх Мод боловсруулах үйлдвэрт нормчин, манаачаар 1964 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1971 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг дуустал, мөн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын О нэгдэлд нормчноор 1971 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсныг тус тус тогтоох нь зүйтэй байна.

11.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-г баримтлан хүсэлт гаргагч хүсэлт гаргагч К.Бы хүсэлтээр, талийгаач Харахас овогт Азанбайн Б нь Сэлэнгэ аймгийн Түнхэл дэх Мод боловсруулах үйлдвэрт нормчин, манаачаар 1964 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1971 оны 07 дугаар сарын 25-ны өдрийг дуустал, мөн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын О нэгдэлд нормчноор 1971 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажиллаж байсныг тус тус тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч К.Бы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК