Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 130/ШШ2024/00516

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт оршин суудаг, утас:******, Н овогт Сгийн Х,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, регистрийн *****дугаартай, Баян-Өлгий Нийгмийн даатгалын газрын (дарга М.А, утас *****)

Хүсэлтийн шаардлага: Сэлэнгэ аймгийн Номгон сангийн аж ахуйд тракторчоор 1984 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 1986 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Социализмын зам нэгдэлд тариачин, нормчноор 1989 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 31-ны өдрийг дуустал ажилласан байдлаа тус тус тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хүсэлт гаргагч С.Хы итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.E.

(Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус газарт нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч А.Ад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3-д зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хүсэлт гаргагчийн хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч С.Х Сэлэнгэ аймгийн Номгон сангийн аж ахуйд тракторчоор 1984 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 1986 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Социализмын зам нэгдэлд тариачин, нормчноор 1989 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 31-ны өдрийг дуустал ажилласан байдлаа тус тус тогтоолгохыг хүссэн байна. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:

1.1.Хүсэлт гаргагч С.Х Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын угуул иргэн бөгөөд тэрээр Сэлэнгэ аймгийн Шаамын ТМС-ийг төгсөөд, тус аймгийн Номгон сангийн аж ахуйд 1984 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 1986 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тракторчоор ажиллаж байгаад1986 оны 06 дугаар сард хүсэлт гаргагч цэрэгт татагдаад явсан байна.

1.2.Хүсэлт гаргагч С.Х Цэргээс 1988 оны 8 дугаар сарын 25-ны өдөр халагдаж ирээд Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Социализмын зам нэгдэлд 1989 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал нормчноор ажилласан байна. Энэхүү ажилласан байдлын талаар Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэрт бичигдсэн байгаа.

1.3.Хүсэлт гаргагч С.Хыг ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тушаалууд бүрэн гарахгүй байгаа учраас тэрээр өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй байна.

Иймд холбогдох нотлох баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч С.Хы Сэлэнгэ аймгийн Номгон сангийн аж ахуйд тракторчоор 1984 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 1986 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Социализмын зам нэгдэлд тариачин, нормчноор 1989 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 31-ны өдрийг дуустал ажилласан байдлаа тус тус тогтоож өгнө үү гэсэн байна.

2.Хүсэлт гаргагчаас Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 160 дугаартай Архивын магадлагаа, Сэлэнгэ аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн Сэлэнгэ аймгийн Номгон сангийн аж ахуйн даргын 1984 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 179 дугаартай ТМС төгсөгчдийг ажилд авах, буцалтгүй тэтгэмж олгох тухай тушаал, 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн №3126 дугаартай Батлан хамгаалахын төв архивын Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, 1990 оны 03 дугаар сарын 28-ны өдөр нээлгэсэн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний Хөдөлмөрийн дэвтэр-ийн хуулбар, 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн НДД№*************дугаартай Нийгмийн даатгалын дэвтэрт авагдсан №**************дугаартай Баталгаажилтын хуудас, Баян-Өлгий аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Алтайн хөгжил нэгдлийн 70 дугаар дансны 1990 он, 1991 оны цалин хөлсний баримтын хуулбар, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Намын хороо, АДХ-ын гүйцэтгэх захиргаа, ХЗЭ-ийн хороо, Нэгдлийн зөвлөлөөс 1990 оны 02 дугаар сарын 22-ны өдөр олгосон Сайшаалын үнэмлэх зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.

3.Шүүхийн санаачилгаар Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 589 дугаартай албан бичгээр С.Х болон түүний эхнэр, хүүхдүүдийн ХААТР маягтуудыг хуулбарлан шүүхэд хүргүүлсэн байна.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлт хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагч С.Хы хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

5.Хүсэлт гаргагч С.Х дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хүсэлт гаргагч С.Хыг ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тушаалууд бүрэн гарахгүй байгаа учраас тэрээр өндөр насны тэтгэвэрт гарч чадахгүй байгаа тул холбогдох бусад нотлох баримтуудыг үндэслэн Сэлэнгэ аймгийн Номгон сангийн аж ахуйд тракторчоор 1984 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 1986 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Социализмын зам нэгдлийн туслах үйлдвэрт нормчноор 1989 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 31-ны өдрийг дуустал ажилласан байдлаа тус тус тогтоолгохыг хүссэн байна.

6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

6.1.Хүсэлт гаргагч С.Хы Сэлэнгэ аймгийн Номгон сангийн аж ахуйд тракторчоор 1984 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 1986 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагын талаар:

6.1.1.Сэлэнгэ аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн Сэлэнгэ аймгийн Номгон сангийн аж ахуйн даргын 1984 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 179 дугаартай ТМС төгсөгчдийг ажилд авах, буцалтгүй тэтгэмж олгох тухай тушаалаар Сэлэнгэ Шаамрын 1-р ТМС-төгсөж хувиарлагдаж ирсэн Сгийн Х...нарыг үр тарианы 2-р бригадад тракторчоор 06 дугаар сарын 29-ний өдрөөс тус тус авч ажиллуулсан байна.

6.1.2.Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын архивын тасгийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 160 дугаартай Архивын магадлагаа-нд: Сэлэнгэ аймгийн Номгон САА-йн даргын 1986 оны тушаалыг шүүн үзэхэд С овогтой Хд холбогдох ажлаас чөлөөлсөн тухай архивын баримт олдоогүй гэсэн байна.

6.1.3.Батлан хамгаалахын төв архивын 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн №3126 дугаартай Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа-аар Сгын Х БХЯ-ны сайдын 1986 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн н/235 дугаар тушаалаар Баян-Өлгий аймгаас 1986 оны 06 дугаар сарын 15-ны өөр хугацаат цэргийн албанд татагдан Ардын армийн 026 дугаар ангид алба хааж, мөн сайдын 1988 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн н/264 дугаар тушаалаар 1988 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 605415 дугаартай цэргийн батлахтай халагдсан гэсэн байна.

Эдгээр нотлох баримтаар хүсэлт гаргагч С.Х нь Сэлэнгэ аймгийн Номгон сангийн аж ахуйд тракторчоор 1984 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 1986 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан болох нь нотлогдож байна.

6.2.Хүсэлт гаргагч С.Хы Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Социализмын зам нэгдэлд тариачин, нормчноор 1989 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 31-ны өдрийг дуустал ажилласан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагын талаар:

6.2.1.Баян-Өлгий аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Алтайн хөгжил нэгдлийн 70 дугаар дансны 1990 он цалин хөлсний баримтаар С овогтой Х 01-08 дугаар саруудад цалин хөлс авч байсан нь тогтоогдож байна. (х№32,Д№03, хн№15),

6.2.2.Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Намын хороо, АДХ-ын гүйцэтгэх захиргаа, ХЗЭ-ийн хороо, Нэгдлийн зөвлөлөөс 1990 оны 02 дугаар сарын 22-ны өдөр олгосон Сайшаалын үнэмлэх-ээр С.Х нь 1989 оны тариачин, ногоочдын дунд зарласан социалист уралдаанд 1га-аас авах ургацын хэмжээг 108,5 хувиар биелүүлж сайшаалын үнэмлэх, хониор шагнасан байна.

Эдгээр нотлох баримтаар хүсэлт гаргагч С.Х Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Социализмын зам нэгдэлд тариачин, нормчноор 1989 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 31-ны өдрийг дуустал ажилласан болох нь тогтоогдож байна.

7.Хүсэлт гаргагч С.Хы 1990 оны 03 дугаар сарын 28-ны өдөр нээлгэсэн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний Хөдөлмөрийн дэвтэр-ийн 2-3 дугаар хуудсанд Эрхэлсэн ажил гэдэгт 1989 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 17 тоот тушаалаар Алтанцөгц сумын Социализм зас нэгдэлд ногоочноор авч ажиллуулав гэж бичигдсэн боловч энэхүү тушаал архиваас гараагүй, мөн 14-15 дугаар хуудсанд ажилласан хоног авсан хөлсний талаар бичилт хийгдсэн боловч тэмдэг дарагдаагүй эргэлзээтэй байгаа тул энэ Хөдөлмөрийн дэвтэр нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй болно.

8.Хүсэлт гаргагч С.Хы 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн НДД№*************дугаартай Нийгмийн даатгалын дэвтэрт авагдсан №**************дугаартай Баталгаажилтын хуудас нь цаг хугацаа огнооны хувьд, мөн Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Алтайн хөгжил нэгдлийн 70 дугаар дансны 1991 оны цалин хөлсний баримт нь энэ хүсэлтийн шаардлагад хамааралгүй болно.

Мөн Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 589 дугаартай албан бичгээр хүргүүлсэн хүсэлт гаргагч С.Хы эхнэр хүүхдүүдийн ХААТР маягтууд нь цаг хугацааны хувьд энэ хүсэлтийн шаардлагад хамааралгүй болно.

9.Хүсэлт гаргагч С.Х нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

Дээрх нотлох баримтуудаар хүсэлт гаргагч С.Х Сэлэнгэ аймгийн Номгон сангийн аж ахуйд тракторчоор 1984 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 1986 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Социализмын зам нэгдэлд тариачин, нормчноор 1989 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 1990 оны 8 дугаар сарын 31-ны өдрийг дуустал ажилласан байдлаа тус тус тогтоолгох нь зүйтэй байна.

10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

 

 

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-г баримтлан хүсэлт гаргагч Н овогт Сгийн Х Сэлэнгэ аймгийн Номгон сангийн аж ахуйд тракторчоор 1984 оны 06 дугаар сарын 29-ний өдрөөс 1986 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Социализмын зам нэгдэлд нормчин, тариачнаар 1989 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус ажилласан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч С.Хы нь улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК