| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2017/0582/Э |
| Дугаар | 505 |
| Огноо | 2017-12-14 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | О.Пүрэвсүрэн |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 505
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Баатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,
улсын яллагч О.Пүрэвсүрэн,
шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаа,
шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Д.Бийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201726010579 дүгээр хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1978 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, барилгын өрлөгчин мэргэжилтэй, “...” зах дээр цемент зөөдөг ажилтай гэх, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Дархан сум, 5 дугаар баг, ... тоотод оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, ... тоотод түр оршин суух,
Урьд 1993 онд Хэнтий аймгийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,
1994 онд Хэнтий аймгийн шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ял,
Хэнтий аймгийн Сум дундын шүүхийн 2000 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 18 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1, 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 4 жилийн хорих ял,
Хэнтий аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2005 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 15 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 6 сарын хорих ял,
Баянзүрх дүүргийн шүүхийн 2009 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 220 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял,
Чингэлтэй дүүргийн шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 186 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 1 жил 2 сарын хорих хугацаагаар хорих ял,
Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 465 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлсэн, Б овогт Дын Б /РД:.../.
Д.Б нь 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, ... тоотод байрлах иргэн С.Уийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч хохирогч С.Уийн 3 ширхэг монгол гутал, 3 ширхэг гаанс, 1 ширхэг архи, хохирогч Л.Згийн 1 ширхэг хутга зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 755,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Д.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлсэн тул мэдүүлэг өгөхгүй. Хоёр хүүхэд асрамжийн газарт байгаа гэсэн. Хурдан гарч хоёр хүүхдээ авч зөв амьдрахыг хүсэж байна. Бага ял өгнө үү” гэв.
Эрүүгийн 201726010579 дүгээр хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
Хохирогч С.Уийн: “...2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр З бид хоёр гадуур явж байхад бид хоёрын өвөө буулгадаг хашааны айлын өвөө /нэрийг нь мэдэхгүй/ над руу залгаад “гэр чинь цоожгүй байна, чи гэртээ ирсэн юм уу” гэж асуухаар нь “үгүй, хүн байхгүй” гэхэд хажуу айлын өвөө “тэгвэл танайд хулгайч орсон юм биш үү” гэж хэлсэн. Ингээд би сандраад өвөө буулгадаг гэртээ буюу Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, ... тоот гэртээ очтол гэрийн хаалганы цоож нь байхгүй, хаалганы цүү хажуу тал руугаа гажсан байдалтай байсан. Ортол гэрт байсан бөөгийн зан үйл үйлдэхэд өмсөж хэрэглэдэг 3 ширхэг монгол гутал, 3 ширхэг гаанс, надтай хамт бөө буулгадаг Згийн 1 ширхэг хэт хутга, тахилын өмнө байсан 1 литрийн “Gold Chingis” нэртэй архи тус тус хулгайд алдагдсан байсан. Тэгээд З бид хоёр 3 дугаар сарын 22-ны өдөр юу ч гэсэн Хархорин зах дээр хулгайч нь явж байж болзошгүй байх гээд “Титаник” гүүрэн дотор гутал засдаг хүмүүсээс асууж сурагласан чинь “2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр энүүгээр 3 архичин байрын залуу монгол гутал зарна гээд яваад байсан” гэж хэлсэн. 32 угалзтай нь 250,000 төгрөг, 64 угалзтай нь 300,000 төгрөгөөр 2016 онд худалдаж авсан. Бөөгийн тахил дээр байсан 3 ширхэг гаанс гурвуулаа хаш чулуун соруултай, их бие нь мод, урд тал нь төмөр бөгөөд 2016 онд бөөгийн шашны дэлгүүрээс 100,000 төгрөгөөр худалдан авсан. Тахилын өмнө байсан 1 литрийн шилтэй “Gold Chingis” архийг 30,000 төгрөгөөр худалдаж авсан. Мөн гэрийн цоож алга болсон 5000 төгрөгөөр үнэлнэ...” гэх мэдүүлэг /хх-28-29/,
Хохирогч Л.Згийн: “...2017 оны 3 сарын 21-ний үдээс хойш 16 цаг өнгөрч байхад бөө буулгадаг гэрийн өвөө залгаад “танай гэрт чинь хүн байхгүй юм уу, цоож нь алга болчихсон байна, хулгай орчихсон юм биш үү” гэхээр нь Утэй хамт очтол гэрийн цоож нь алга болчихсон, хаалганы цүү хажуу тийшээ яйжийчихсан байсан. Ортол Уийн 3 ширхэг монгол гутал, 3 ширхэг гаанс, 1 шил “Gold Chingis” нэртэй архи, миний хар өнгийн бариултай, хоёр хэсэг болдог, гадуураа сугалдаг гэртэй, ган хийцийн хутга алга болсон байсан. 3 дугаар сарын 22-ны өдөр У бид хоёр Хархорин зах руу “Титаник” гүүрний хуучин монгол гутал зардаг, авдаг хэсэг рүү ороод тэр хүмүүсээс асуухад “3 дугаар сарын 21-ний өдөр 3 залуу монгол гутал зарна гээд энүүгээр хүнээс асуугаад яваад байсан” гэж хэлсэн. ...Уг хутгыг 2016 онд 50,000 төгрөгөөр худалдан авч байсан...” гэх мэдүүлэг /хх-32/,
Иргэний нэхэмжлэгч Ч.Баярмаагийн: “...2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 14 цаг өнгөрч байх үед ...3 залуу ирсэн. Нэг нь миний зүс мэдэх дэлдэн Бааска байсан. ...Бааска, саарал куртиктэй залуутай хамт манай павилон руу орж ирээд “та гуталнуудыг авчих л даа, хулгайн гутал биш ээ” гээд гуйгаад байхаар нь “тэгвэл 45,000 төгрөгөөр авъя” гэсэн чинь Бааскатай хамт явж байсан саарал куртиктэй залуу “авбал ав” гэхээр нь надад байгаа нь 36.000 төгрөг байна үлдэгдлийг нь орой орж ирээд авчих гэж хэлсэн. Дахиж орж ирээгүй. Гэтэл 3 дугаар сарын 22-ны өдөр манай ажлын нэг залуу над руу утсаар яриад “таны авсан гутал хулгайн гутал юм биш үү” гээд байхаар нь би ажил дээрээ явж очсон чинь цагдаагийн ажилтан байсан. 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр худалдаж авсан 3 ширхэг монгол гутлаа хураалгасан. Уг 3 гуталны хоёр нь 32 угалзтай, нэг нь 64 угалзтай байсан. ...36,000 төгрөгөө буруутай этгээдээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-34-35/,
Гэрч Б.Хуягбаатарын: “2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 13 цагийн үед ...Баатар замаас такси бариад “хойшоо айлаас юм аваадахъя” гээд бид хоёрыг дагуулаад явсан. Улаан тоосгон байшинтай айлын гадаа очоод ...Баатар тэр айлын хашааны хаалгаар орсон. Удалгүй 3 ширхэг гутал, 1 шил архи бариад гарч ирсэн. Тэгээд “Титаник” гүүрний гадаа буугаад ...Баатар үл таних залууг дагаад павилон руу орсон. Удалгүй “гутлаа 36.000 төгрөгөнд зарчихлаа” гээд гарч ирсэн. ...Баатар, Бааска бид 3 Баатарын авчирсан 1 шил архийг хувааж уусан. Бааска бид хоёроос салаад явсан. Ямар ч байсан хашааных нь хаалгаар яваад орсон. Хашаандаа улаан өнгийн тоосгон байшинтай айл харагдсан...” гэх мэдүүлэг /хх-36-37/,
Гэрч Л.Чинбатын: “...2017 оны 3 дугаар сарын дундуур гэртээ байж байгаад хажуугийн бөөгийн ёслолын гэрийн урдуур явахад цоож нь байхгүй байхаар нь уг гэртээ ирж ёслол хийдэг хүүхдүүдийг ирсэн юм байх гэж бодоод нэг их тоогоогүй. Тэгээд хэсэг гэртээ байж байсан чинь чимээ огт гарахгүй байхаар нь гэрийнх нь хаалгыг нээж үзэхэд хүн байхгүй, эд зүйлсийг нь тараан хаясан байхаар нь өөрийн охин Дэлгэрмаад утсаар хэлээд “уг айлын хүмүүст хэл хүргээч, гэрийнх нь хаалга онгорхой, хулгай орчихсон юм шиг байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-46/,
Шүүгдэгч Л.Бийн яллагдагчаар өгсөн: “2017 оны 3 дугаар сард ... зах дээр ажилладаг Баасаа гэх ахтай 1 дүгээр хорооллын арын дэнжид 0.5 литрийн архи уучихаад салсан. Тэгээд явж байхад хойшоо харсан будаггүй, дээгүүрээ сараалжтай том төмөр хаалгатай модон хашаа байсан. Хашаа нь намхан учир хашаан дээгүүр нь харахад гэрийн хажууд хайлшин 1 ширхэг обуд байхаар нь түүнийг авч тушаагаад мөнгө олоод архи ууя гэж бодоод хашааны жижиг хаалгыг нь татахад онгойсон. Обудыг авах гэтэл хашааны зүүн хойд талд байх урагш харсан эрээн өнгийн модон хаалгатай монгол гэрийн цүүнд нь Хятад улсад үйлдвэрлэсэн жижиг цагаан өнгийн төмөр цоож байхаар нь хашаанаас арматурын төмөр олоод цоожийг нь хөшиж онгойлгоод дотогш орсон. Гэрт ороход бөөгийн гэр байсан. 3 ширхэг гаанс, 1 ширхэг хуйтай хоёр талаас нь татаж сугалдаг 2 ширхэг хутга байхаар нь аваад тэндээс гарсан. Хархорин захын 1 давхарт байдаг шашны эд зүйлс зардаг махлаг биетэй, бордуу царайтай залууд 3 ширхэг гаанс, 2 хутгыг хуйтай нь 25,000 төгрөгөөр зарсан. Тухайн үед цаг 12 болж байсан. Тэндээс гараад явж байгаад Бааскатай Хархорин захын гадаа тааралдаад Хуягаатай уулзаад Саппорогийн арын “Хулан” дэлгүүрээс 0.75 литрийн архи аваад хувааж уусан. Тэгээд архиа уучихаад нөгөө хоёрыг “ийшээ явъя” гээд такси бариад нөгөө айлын гадаа ирсэн. Би ганцаараа буугаад “айл руу ороод ирье” гээд явсан. Нөгөө бөөгийн гэр рүү ороод 3 ширхэг монгол гутал аваад шүүгээн дээр ил тавьсан задлаад нэг их уугаагүй “Gold Chingis” нэртэй 0.75 литрийн архи байхаар нь аваад гэрээс гараад таксинд суугаад таньдаг эгчийнхээсээ авчихлаа гэж хэлсэн. Нөгөө авсан 3 хос монгол гутлаа аваад Хархорингийн гүүрэн дээр явж байхад Бааскагийн таньдаг гэх бор залуутай тааралдсан. Тэр залуу “зарах гэж байгаа юм уу” гэхээр нь “тийм ээ 50.000 төгрөгөөр зарна” гэж хэлсэн. Тэгээд “авъя гээд 35.000 төгрөг өгье, маргааш 15,000 төгрөгийг нь өгье” гэхээр нь “тэгье” гээд монгол гуталнуудыг өгсөн. Тэгээд нөгөө гэрээс авсан “Gold Chingis” нэртэй архийг хувааж уугаад ...салцгаасан. Тэгэхэд нэг хүнд 6000-7000 төгрөг болж байсан. Миний уг айлаас авсан 3 ширхэг гаансны 2 ширхэг нь цагаан өнгийн соруултай, урд хэсэг нь цагаан өнгийн төмөр соруултай, 1 ширхэг нь шаргал өнгийн төмөр гаанс байсан...” гэх мэдүүлэг /хх-54-55/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-16-18/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-20-25/, гэрч Б.Баасанжавын мэдүүлэг /хх-38-39, 40/, эд зүйлийн үнэлгээ /хх-56/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-58/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-59/, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-62-63, 65-67, 68-69, 74-76, 77-79/, Д.Бийн зан байдлын тодорхойлолт /хх-80/, хохирол төлсөн баримт /хх-160-162/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Б нь 2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо, Хайрханы 4 дүгээр гудамж, 52 тоотод байрлах иргэн С.Уийн эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай монгол гэрийн хаалганы цоожийг эвдэн нэвтэрч хохирогч С.Уийн 3 ширхэг монгол гутал, 3 ширхэг гаанс, 1 ширхэг архи, хохирогч Л.Згийн 1 ширхэг хутга зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад нийт 755,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдлоо.
Энэ нь хохирогч С.Уийн “...2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 3 ширхэг монгол гутал, 3 ширхэг гаанс, Згийн 1 ширхэг хэт хутга, тахилын өмнө байсан 1 литрийн “Gold Chingis” нэртэй архи тус тус хулгайд алдагдсан. Мөн гэрийн цоож алга болсон...” гэх мэдүүлэг /хх-28-29/, хохирогч Л.Згийн “...гэрийн цоож нь алга болчихсон, хаалганы цүү хажуу тийшээ яйжийчихсан байсан. Уийн 3 ширхэг монгол гутал, 3 ширхэг гаанс, 1 шил “Gold Chingis” нэртэй архи, миний хар өнгийн бариултай, хоёр хэсэг болдог, гадуураа сугалдаг гэртэй, ган хийцийн хутга алга болсон...” гэх мэдүүлэг /хх-32/, иргэний нэхэмжлэгч Ч.Баярмаагийн “...2017 оны 3 дугаар сарын 21-ний өдөр худалдаж авсан 3 ширхэг монгол гутлаа хураалгасан. Уг 3 гуталны хоёр нь 32 угалзтай, нэг нь 64 угалзтай байсан. ...36,000 төгрөгөө буруутай этгээдээс нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-34-35/, гэрч Б.Хуягбаатарын “2017 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 13 цагийн үед ...Баатар замаас такси бариад “хойшоо айлаас юм аваадахъя” гээд бид хоёрыг дагуулаад явсан. Улаан тоосгон байшинтай айлын гадаа очоод ...Баатар тэр айлын хашааны хаалгаар орсон. Удалгүй 3 ширхэг гутал, 1 шил архи бариад гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-36-37/, гэрч Л.Чинбатын “...цоож нь байхгүй, ...гэрийнх нь хаалгыг нээж үзэхэд хүн байхгүй, эд зүйлсийг нь тараан хаясан байсан...” гэх мэдүүлэг /хх-46/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-16-18/ болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн зэрэг /хх-54-55/ нотлох баримтуудаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч С.У, Л.З нарын эд хөрөнгөд 755,000 төгрөгийн, иргэний нэхэмжлэгч Ч.Баярмаад 36,000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол тус тус учирсан боловч дээрх хохирлууд төлөгдсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-16/, хохирол төлсөн баримт /хх-160-162/-уудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Гэм буруугийн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч, шүүгдэгч нар “Гэм буруу дээр маргаагүй. Дүгнэлт хэлэх шаардлагагүй” гэснийг дурдаж байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдаанд улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 1 сарын хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэж,
шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг хэрэглэж өгнө үү” гэж тус тус дүгнэлтээ гаргав.
Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүх тухайн зүйл, хэсэгт заасан ялын доод хэмжээнээс хөнгөрүүлж ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Бийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл урьдчилан хоригдсон 24 /хорин дөрөв/ хоногийн түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Б овогт Дын Бийг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Д.Бэд 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар Д.Бэд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Д.Бийн урьдчилан хоригдсон 24 /хорин дөрөв/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Т.Б энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд түүний эдлэх ялыг 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн тоолсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Д.Бэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР