Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2023/0834/З |
Дугаар | 128/ШШ2023/0566 |
Огноо | 2023-11-27 |
Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 128/ШШ2023/0566
2023 11 27 128/ШШ2023/0566
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э******* ХХК /РД:*******/,
Хариуцагч:Сангийн яам,
Маргааны төрөл: гомдол хянасан шийдвэрийг хүчингүй болгуулахаар маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ч.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г*******, Т.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Д******* оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: Сангийн яамны гомдол хянасан тухай 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн ******* тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Нэхэмжлэгч Э******* ХХК Өмнөговь аймгийн орон нутгийн өмчийн газраас 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр зарласан Хүүхдийн ордныг шаардлагатай хөгжим, техник хэрэгслээр хангах Ө*******/ дугаартай нээлттэй тендерт оролцож, захиалагчийн 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 02/2516 дугаартай мэдэгдлээр тус компанийг “өндөр үнийн саналтай” байсан тул тендерт шалгараагүй талаар мэдэгдсэн.
2.2. Э******* ХХК тендерт шалгарсан "И*******" ХХК-ийн тендер шаардлага хангаагүй гэх гомдлыг Сангийн яаманд гаргаж, Сангийн яамнаас 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн ******* тоот мэдэгдлээр гомдлыг үндэслэлгүй гэж хариу өгсөн.
2.3. Э******* ХХК гомдол хянасан талаарх Сангийн яамны 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн ******* тоот мэдэгдлийг эс зөвшөөрч шүүхэд маргажээ.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар:
3.1. Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус компани нь Өмнөговь аймгийн орон нутгийн өмчийн газраас 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр зарласан "Хүүхдийн ордныг шаардлагатай хөгжим, техник хэрэгслээр хангах” Ө*******/ дугаартай нээлттэй тендерт оролцож, 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн тендерийн нээлтээр дөрвөн компани оролцсоноос манай компани нь 118,660,000 төгрөгийн үнийн саналаар оролцсон болно. Захиалагч 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 02/2516 дугаартай мэдэгдлээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.3-т шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна гэж заасны дагуу өндөр үнийн саналтай байх тул хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгараагүй болохыг мэдэгдсэн.
Бид Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1.3.-т “тендер шалгаруулалтын материалыг тухайн тендерт оролцогчдод ил болгох журмын дагуу цахим системд тавигдсан хамгийн сайн үнэлэгдсэн гэх "И*******" ХХК-ийн тендерийн бичиг баримттай танилцахад нь өгөгдсөн тендер шалгаруулалтын зааварчилгаанаас зөрсөн зөрчлүүд илэрсэн тул бид энэ шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Бидний гаргасан гомдлыг Сангийн яам хянан үзээд 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн ******* тоот мэдэгдлээр бидний гаргасан гомдолыг үндэслэлгүй байна гэж үзсэн бөгөөд бид уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд Сангийн яамны гомдол хянасан тухай 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн ******* тоот мэдэгдлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.
Хэрэв шүүхээс манай гомдлыг хянан үзээд уг гомдол хянасан тухай шийдвэрийг хүчингүй болговол манай "Электрон техник" ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкинд 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 801DBG/23/08153 дугаартай 700,000 төгрөгийг байршуулсан Тендерийн баталгаа нь улсын орлого болгохгүй манай байгууллагын дансанд хэвээр үлдэх болно. Мөн цаашид тендерийн гомдлыг Сангийн яам хянан үзэхдээ үнэн зөв, шударгаар хянан шийдвэрлэхэд хувь нэмэр болж шударга ёсыг тогтоох юм.
Сангийн яам манай гомдлыг хянан үзээд гаргасан мэдэгдлийн үндэслэлийг бид дараахь байдлаар няцааж байна.
1/ Тендерийн бичиг баримтын 23.6. Тендерийн баталгаа нь ТШЗ-ны 22 дугаар зүйлд зааснаар тендерт оролцогчийн тогтоосон тендерийн хүчинтэй байх хугацаанаас хойш 28 хоногийн хугацаанд хүчинтэй байна гэж заасан байдаг. Энэ нь тендерийн хүчинтэй байх хугацаа 30 хоног түүнээс хойш 28 хоног нийт 58 хоногийн хугацаанд хүчинтэй байх байтал уг шаардлагын дагуу "И*******" ХХК -ийн ирүүлсэн тендерийн баталгаа нь тендерийн нээлт хийсэн 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал 32 хоног байгаа нь өгөгдсөн хугацааны шаардлагыг хангахгүй байсан.
2/ Тендерийн бичиг баримтын ТШЗ 18.6.8 Техникийн чадавх болон туршлагын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангахыг нотлох бусад баримтад “Захиалагч болон нийлүүлэгчийн техникийн тодорхойлолтыг харьцуулсан байдлаар дэлгэрэнгүй танилцуулга, хүснэгтээр бэлтгэж баталгаажуулан ирүүлнэ”. Уг шаардлагын дагуу "И*******" ХХК нь ТШЗ 18.6.8-1 огт ирүүлээгүй.
3/ Тендерт шалгарсан тохиолдолд гэрээний үнэ болон хугацаанд багтаан чанарын шаардлага хангасан барааг захиалагчид нийлүүлэх баталгааг албан бичгээр гаргаж ирүүлнэ. Мөн уг шаардлагын дагуу "И*******" ХХК нь ТШЗ 18.6.8-3 огт ирүүлээгүй.
Тендерийн бичиг баримтын ТШЗ 19.5 Барааны хувьд тасралтгүй, горимын дагуу ажиллуулахад шаардагдах сэлбэг хэрэгсэл, тусгай багаж, танилцуулга болон бусад эд зүйлсийн жагсаалт ирүүлэх хугацаа 12 сар. Уг шаардлагын дагуу "И*******" ХХК нь ТШЗ 19.5 огт ирүүлээгүй. Тендерийн бичиг баримтын ТШЗ 20.5 Тендерт оролцогчийн санал болгосон үнийг гэрээний хэрэгжилтийн явцад "Тохируулахгүй тогтмол байна" Уг шаардлагын дагуу "И*******" ХХК нь ТШЗ 20.5-д заасан Тохируулахгүй тогтмол байхаа илэрхийлсэн албан бичиг ирүүлээгүй” гэв.
3.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Гомдол гаргагч "Э*******" ХХК нь захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон "И*******" ХХК тендерт ирүүлсэн тендерийн баталгаа нь 2023 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал байгаа нь тендерийн баталгаа тендерт оролцогчийн тогтоосон тендерийн хүчинтэй байх хугацаанаас хойш 28 хоногийн хугацаанд хүчинтэй байх шаардлага хангахгүй, техникийн тодорхойлолтыг тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгт (ТӨХ)-ийн ТШЗ 18.6.8.1-д заасны дагуу захиалагч болон нийлүүлэгчийн техникийн тодорхойлолтыг харьцуулсан байдлаар дэлгэрэнгүй танилцуулга, хүснэгтээр бэлтгэж баталгаажуулж ирүүлээгүй, ТӨХ-ийн ТШЗ 18.6.8.3-т заасан шалгарсан тохиолдолд гэрээний үнэ болон хугацаанд багтаан чанарын шаардлага хангасан барааг захиалагчид нийлүүлэх баталгааг албан бичгээр ирүүлээгүй, ТШЗ 19.5-д заасан барааны хувьд тасралтгүй горимын дагуу ажиллуулахад шаардагдах сэлбэг хэрэгсэл, тусгай багаж, танилцуулга болон бусад эд зүйлсийн жагсаалт ирүүлэх хугацаа 12 байхыг ирүүлээгүй, ТШЗ 20.5-д заасан үнэ тохируулахгүй, тогтмол байхыг илэрхийлсэн албан бичиг ирүүлээгүй байхад шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэрийг хянан үзэхийг хүссэн. Сангийн яам гомдол гаргагчийн ирүүлсэн дээрх гомдлын хүрээнд "И*******" ХХК-ийн ирүүлсэн тендерийг хянан үзсэн.
1/ Тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 23.5-д "ТШЗ-ны 23.4-т зааснаар гадаад улс дахь эрх бүхий этгээд баталгаа гаргаснаас бусад тохиолдолд тендерийн баталгааг холбогдох журамд зааснаар цахим системээр хүргүүлнэ." гэж, 23.6-д "Тендерийн баталгаа нь ТШЗ-ны 22 дугаар зүйлд зааснаар тендерт оролцогчийн тогтоосон тендерийн хүчинтэй байх хугацаанаас хойш 28 хоногийн хугацаанд хүчинтэй байна." гэж тус тус заасан. Худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ээр гаргасан "И*******" ХХК-ийн 414DBG/23/0788500 дугаартай тендерийн баталгааны 4-т "Энэхүү баталгаа Тендер хүчинтэй байх хугацаанаас хойш 28 хоногийн хугацаанд хүчинтэй байна. Баталгаа гаргагч энэ хугацаанаас өмнө гэрээ байгуулах тухай мэдэгдлийг хүлээн авсан тохиолдолд баталгааг хугацаанаас өмнө хүчингүй болгож болно." гэж заасан байсан тул энэ тухай гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн.
2/ Тендерийн баримт бичгийн ТӨХ-ийн ТШЗ 18.6.8.1-д ... Захиалагч болон нийлүүлэгчийн техникийн тодорхойлолтыг харьцуулсан байдлаар дэлгэрэнгүй танилцуулга, хүснэгтээр бэлтгэж баталгаажуулан ирүүлнэ." гэж заасан. "И*******" ХХК санал болгосон барааны фото зураг, танилцуулга, техникийн үзүүлэлтийг хүснэгтээр бэлтгэж ирүүлсэн байсан тул дээрх шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн.
3/ Тендерийн баримт бичгийн ТӨХ-ийн ТШЗ 18.6.8.3-т "Тендерт шалгарсан тохиолдолд гэрээний үнэ болон хугацаанд багтаан чанарын шаардлага хангасан барааг захиалагчид нийлүүлэх баталгааг албан бичгээр гаргаж ирүүлнэ." гэж заасан. "И*******" ХХК тендерт 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 23 тоот "... шалгарсан тохиолдолд тендерийн техникийн тодорхойлолтод заасан бараа, бүтээгдэхүүнийг гэрээ байгуулан баталсан өдрөөс хойш нийлүүлэлтийн хуваарьт заасан хугацаанд нийлүүлнэ." гэх албан бичиг ирүүлсэн байсан тул энэ тухай гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн.
4/ Тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 20.5-д "Хууль болон ТӨХ-д өөрөөр заагаагүй бол тендерт оролцогчийн санал болгосон үнэ нь гэрээний хэрэгжилтийн явцад тогтмол байх бөгөөд тохируулга хийхгүй. Тохируулга хийх нөхцөлтэй үнэ санал болгосон тендерийг шаардлага хангаагүй гэж үзнэ. ТӨХ-д үнийн тохируулга хийхийг зөвшөөрсөн тендер шалгаруулалтад тогтмол үнэ санал болгосон тендер ирүүлсэн нь тендерээс татгалзах үндэслэл болохгүй ба үнийн тохируулга нь гэрээний хэрэгжилтийн явцад тэгтэй тэнцүү гэж үзнэ." гэж, тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 20.5-д "Тендерт оролцогчийн санал болгосон үнийг гэрээний хэрэгжилтийн явцад: "Тохируулахгүй тогтмол байна." гэж тус тус заасан. Тендерийн баримт бичгийн дээрх нөхцөлийг хүлээн зөвшөөрөх тухай тендерийн жишиг баримт бичгийн "Тендер илгээх маягт”-ын дагуу дурддаг бөгөөд тендерт оролцогч нь үнэ тохируулахгүй тухай тусгайлсан мэдэгдэл ирүүлэхийг шаарддаггүй болно. Иймд "И*******" ХХК тендерт тохируулахгүй тогтмол байх тухай мэдэгдэл ирүүлээгүй нь шаардлагад нийцэхгүй гэх гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн болно.
Иймд "И*******" ХХК тендерт шаардлага хангахгүй тендерийн баталгаа ирүүлсэн, техникийн тодорхойлолтыг тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгт (ТӨХ)-ийн ТШЗ 18.6.8.1-д заасны дагуу ирүүлээгүй, мөн ТӨХ-ийн ТШЗ 18.6.8.3, ТШЗ 19.5, ТШЗ 20.5-д заасан баримт бичиг ирүүлээгүй гэх "Э*******" ХХК-ийн гомдол үндэслэлгүй байсан тул тендер шалгаруулалтын үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэхийг захиалагчид 2023 оны 09 дүгээр сарын 04 өдрийн ******* тоот албан бичгээр мэдэгдсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хуульд заасан журмаар хэрэгт цуглуулсан, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарт үндэслэн Сангийн яамны гомдол хянасан тухай 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн ******* тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай Э******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгч Э******* ХХК Өмнөговь аймгийн орон нутгийн өмчийн газраас 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр зарласан “Хүүхдийн ордныг шаардлагатай хөгжим, техник хэрэгслээр хангах” Ө*******/ дугаартай нээлттэй тендерт 118,660,000 төгрөгийн үнийн саналаар оролцож, чадавхийн шаардлага хангасан ч “өндөр үнийн саналтай” байсан тул хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгараагүй талаарх захиалагчийн 2023 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 02/2516 дугаартай мэдэгдлийг авч, улмаар тендерт шалгарсан И******* ХХК-ийн тендер “чадавхийн шаардлага хангаагүй” хэмээх дараах 5 үндэслэлээр Сангийн яаманд 8 дугаар сарын 21-ний өдөр гомдол гаргасан.
1.1. Тендерийн бичиг баримтын ТШЗ-ны 23.6 “Тендерийн баталгаа нь ТШЗ-ны 22 дугаар зүйлд зааснаар тендерт оролцогчийн тогтоосон тендерийн хүчинтэй байх хугацаанаас хойш 28 хоногийн хугацаанд хүчинтэй байна” гэж заасан, тендерийн хүчинтэй байх хугацаа 30 хоног түүнээс хойш 28 хоног нийт 58 хоногийн хугацаанд хүчинтэй байх байтал И******* ХХК-ийн ирүүлсэн тендерийн баталгаа нь тендерийн нээлт хийсэн 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийг дуустал 32 хоног байгаа нь өгөгдсөн хугацааны шаардлагыг хангахгүй,
1.2. Тендерийн бичиг баримтын ТШЗ-ны 18.6.8 Техникийн чадавх болон туршлагын шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангахыг нотлох бусад баримтад “Захиалагч болон нийлүүлэгчийн техникийн тодорхойлолтыг харьцуулсан байдлаар дэлгэрэнгүй танилцуулга, хүснэгтээр бэлтгэж баталгаажуулан ирүүлнэ” гэснийг И******* ХХК ирүүлээгүй,
1.3. ТШЗ-ны 18.6.8-3 Тендерт шалгарсан тохиолдолд гэрээний үнэ болон хугацаанд багтаан чанарын шаардлага хангасан барааг захиалагчид нийлүүлэх баталгааг албан бичгээр гаргаж ирүүлнэ гэснийг И******* ХХК ирүүлээгүй,
1.4. Тендерийн бичиг баримтын ТШЗ-ны 19.5 Барааны хувьд тасралтгүй, горимын дагуу ажиллуулахад шаардагдах сэлбэг хэрэгсэл, тусгай багаж, танилцуулга болон бусад эд зүйлсийн жагсаалт И******* ХХК ирүүлээгүй,
1.5. Тендерийн бичиг баримтын ТШЗ-ны 20.5 Тендерт оролцогчийн санал болгосон үнийг гэрээний хэрэгжилтийн явцад "Тохируулахгүй тогтмол байна" гэж илэрхийлсэн албан бичиг И******* ХХК ирүүлээгүй.
2. Сангийн яам Э******* ХХК -ийн гомдлоор И******* ХХК-ийн тендерийг хянаж үзээд 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн ******* тоот мэдэгдлээр “Э******* ХХК -ийн гомдлыг үндэслэлгүй” гэх хариуг дараах байдлаар өгснийг үндэслэлтэй гэж шүүх үзлээ. Тодруулбал,
2.1. Тендерийн баримт бичгийн ТШЗ /тендер шалгаруулалтын зааварчилгаа/-ны 23.5-д "ТШЗ-ны 23.4-т зааснаар тендерийн баталгааг холбогдох журамд зааснаар цахим системээр хүргүүлнэ." гэж, 23.6-д "Тендерийн баталгаа нь ТШЗ-ны 22 дугаар зүйлд зааснаар тендерт оролцогчийн тогтоосон тендерийн хүчинтэй байх хугацаанаас хойш 28 хоногийн хугацаанд хүчинтэй байна." гэж, 23.1-д “тендерийн баталгааг материалд хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд тендерийн баталгаа гаргагч арилжааны банкнаас цахим системээр тендер хүлээн авах эцсийн хугацаанаас өмнө ирүүлсэн байна” гэж тус тус заасан.
Худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ээр гаргасан И******* ХХК-ийн 414DBG/23/0788500 дугаартай тендерийн баталгааны 4-т "Энэхүү баталгаа Тендер хүчинтэй байх хугацаанаас хойш 28 хоногийн хугацаанд хүчинтэй байна. Баталгаа гаргагч энэ хугацаанаас өмнө гэрээ байгуулах тухай мэдэгдлийг хүлээн авсан тохиолдолд баталгааг хугацаанаас өмнө хүчингүй болгож болно." гэж заасан, өөрөөр хэлбэл Худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ээр гаргасан И******* ХХК-ийн 414DBG/23/0788500 дугаартай тендерийн баталгааны хугацаа шаардлагад нийцсэн байх тул энэ тухай гомдол үндэслэлгүй гэж Сангийн яам шийдвэрлэжээ.
2.2. Тендерийн баримт бичгийн ТӨХ-ийн ТШЗ-ны 18.6.8.1-д “... Захиалагч болон нийлүүлэгчийн техникийн тодорхойлолтыг харьцуулсан байдлаар дэлгэрэнгүй танилцуулга, хүснэгтээр бэлтгэж баталгаажуулан ирүүлнэ." гэж заасан. И******* ХХК нийлүүлэх барааны техникийн үзүүлэлтийг төсөөтэй барааны фото зураг, модел, техникийн үзүүлэлт бүрээр хүснэгтээр бэлтгэж ирүүлснийг тендерийн баримт бичиг дэх техникийн тодорхойлолттой харьцуулан үзэх боломжтой гэж, дээрх шаардлагад нийцсэн гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж Сангийн яам үзжээ.
2.3. Тендерийн баримт бичгийн ТӨХ-ийн ТШЗ-ны 18.6.8.3-т "Тендерт шалгарсан тохиолдолд гэрээний үнэ болон хугацаанд багтаан чанарын шаардлага хангасан барааг захиалагчид нийлүүлэх баталгааг албан бичгээр гаргаж ирүүлнэ." гэж заасан. И******* ХХК тендерт 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 83 тоот "... шалгарсан тохиолдолд тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан бараа, бүтээгдэхүүнийг гэрээ байгуулан баталсан өдрөөс хойш нийлүүлэлтийн хуваарьт заасан хугацаанд нийлүүлнэ." гэх албан бичгээр мэдэгдэл ирүүлснийг шаардлагад нийцсэн гэж үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж Сангийн яам үзжээ.
2.4. Тендерийн бичиг баримтын ТӨХ-ийн ТШЗ-ны 19.5-д “Барааны хувьд тасралтгүй, горимын дагуу ажиллуулахад шаардагдах сэлбэг хэрэгсэл, тусгай багаж, танилцуулга болон бусад эд зүйлсийн жагсаалт ирүүлэх хугацаа – баталгаат засварын хугацаа нь 12 сар байх бөгөөд албан бичгээр баталгаажуулан мэдэгдэх шаардлагатай” гэж заасан. И******* ХХК 2023 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 83 тоот албан бичгээр “барааг нийлүүлснээс хойш барааны чанарт 365 хоногийн баталгааг гаргаж ажиллах” мэдэгдэл ирүүлсэн нь “баталгаат засварын 12 сарын хугацааг хоногоор илэрхийлсэн, барааны чанарт баталгаа гаргасан” гэх агуулгаар энэ шаардлагад нийцсэн гэж үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж үзжээ.
2.5. Тендерийн баримт бичгийн ТШЗ-ны 20.5-д "Тендерт оролцогчийн санал болгосон үнийг гэрээний хэрэгжилтийн явцад: Тохируулахгүй тогтмол байна." гэж заасан. Тендерийн баримт бичгийн бүхий л нөхцлийг хүлээн зөвшөөрөх тухай тендерийн жишиг баримт бичгийн "Тендер илгээх маягт”-д дурдсанаар тендерт оролцогчоос үнэ тохируулахгүй тухай тусгайлсан мэдэгдэл ирүүлэхийг захиалагч шаардаагүй байх тул тендерт оролцогч И******* ХХК үнэ тохируулахгүй талаар мэдэгдэл ирүүлээгүй нь шаардлагад нийцээгүй гэж үзээгүй захиалагчийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзжээ. Өөрөөр хэлбэл үнэ тохируулахаар мэдэгдэл өгөөгүй бол тендерийн баримт бичгийн энэ шаардлагыг хүлээн зөвшөөрч тендерт оролцохоо илэрхийлсэн гэж үзнэ.
Ийнхүү тендерт оролцогчийн гомдлоор И******* ХХК-ийн тендерийг хянаад дээрх үндэслэл бүхий хариуг Сангийн яам 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн нь үндэслэлтэй, хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд, тендерийн баримт бичигт болон тендер шалгаруулалтын “үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх” зарчимд нийцжээ.
3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.9-д “Тендерт оролцогчдын гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд энэ хуулийн 20.7.3-т заасны дагуу тендерийн баталгааг улсын орлого болгох дээд хэмжээ 20 сая төгрөгөөс хэтрэхгүй байна. Гомдлыг үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн бол тендерийн баталгааг буцаан олгоно” гэж заасан тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “гомдлыг үндэслэлгүй гэж Сангийн яам үзэхээр тендерийн баталгааны 700 мянган төгрөгийг улсын орлогод хураалгамааргүй байсан тул нэхэмжлэл гаргасан” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасныг баримтлан Сангийн яамны гомдол хянасан тухай 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн ******* тоот мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай Э******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 5 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА