Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 20

 

 С.Э-ын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

            Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Даваасүрэн даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, шүүгч В.Цэцэнбилэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 129/ШШ2020/00327 дугаар шийдвэртэй

С.Э-ын нэхэмжлэлтэй

Т.З-д холбогдох

зээлийн гэрээний үүрэгт 1 800 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

хариуцагч Т.З-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

шүүгч Д.Бямбасүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Э, хариуцагчийн өмгөөлөгч Г.Э, нарийн бичгийн дарга М.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон тайлбарт: “Би Т.З-тэй ажил төрлийн шугамаар харилцдаг байсан. Т.З нь сүлжээний бүтээгдэхүүн зардаг байсан ба би тэр бүтээгдэхүүнээс нь авч хэрэглэдэг байсан. Би Т.З-г нягтлан бодогч, хариуцлагатай хүн болохоор маш их итгэдэг байсан. Т.З нь 2016.03.25-ны өдөр утсаар холбогдож зээл хаагаад өгнө гэж 2 хоногийн хугацаатай 2 800 000 төгрөг зээлж дансаараа шилжүүлж авсан. Үүнээс хойш хугацаа өнгөрөөд зээлсэн мөнгөө өгөхгүй байхаар нь асуусан чинь залилан хийдэг А гэх хүнд өгсөн, та тэр хүнээс ав гэсэн. Би Т.З-д “би хүнтэй хэл ам хийхгүй, чи тэр хүнтэйгээ өөрөө учраа ол” гэж хэлсэн. Түүнээс хойш мөнгөө өгөхгүй олон жил болж байна. Сүүлдээ би уурлаад цувуулаад ч болсон өг гэж хэлсэн ба зардаг бүтээгдэхүүнээс нь үсний будаг гэх мэт бараа авч мөнгөндөө суутгадаг байсан. Т.З нь 200 000, 100 000, 80 000 төгрөгөөр бэлэн мөнгө цувуулж өгсөн. Бусад тооцоондоо бүтээгдэхүүн авсан ба нийт 1 000 000 төгрөг болсон. Бүтээгдэхүүн өгөөд мөнгөө дуусгах юм болов уу гэсэн чинь сүүлдээ надад өгөхөө больсон. Би дээрх бүтээгдэхүүн болон бэлэн мөнгө болох 1 000 000 төгрөгийг 2016-2019 оны хооронд авсан. Иймд үлдэгдэл 1 800 000 төгрөгийг Т.З-ээс гаргуулан хохиролгүй болгож өгнө үү.” гэжээ.

Хариуцагчийн гаргасан хариу тайлбарт: “Би С.Э-ын нэхэмжилж буй  мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг мөнгийг би авч хэрэглээгүй бөгөөд өөр хүнд авч өгсөн. Би төлөхгүй гэдгээ анхнаасаа хэлсэн.” гэжээ.

          Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 129/ШШ2020/00327 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч Т.З-ээс 1 800 000 /нэг сая найман зуун мянга/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Э-д олгож; Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 43 750 /дөчин гурван мянга долоон зуун тавь/ төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.З-ээс 43 750 /дөчин гурван мянга долоон зуун тавь/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Э-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Т.З-ийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: “Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багийн 5-36 дугаар байрны 06 тоотод оршин суух С.Э мөн сумын 3 дугаар багийн 72 дугаар байрны 10-08 тоотод оршин суух Т.З надаас 1 800 000 төгрөг нэхэмжилснийг тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 327 тоот шийдвэрээр хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Би С.Э-аас 2 800 000 төгрөг зээлж А гэх эмэгтэйд өгсөн. Авсан мөнгөнөөсөө би цувуулж өгсөөр 2016 ондоо багтааж бараа болон бэлэн мөнгө нийтдээ 1 000 000 төгрөг өгсөн. Харин 2017 оноос эхлээд “А-аас авч өгнө, би хүний өмнөөс төлөхгүй” гэж маргаад нэг ч төгрөг төлөөгүй нь үнэн. Би шүүх хуралдаанд бага насны 3 сартай хүүхэдтэй бөгөөд хүүхэд харах хүнгүй шалтгааны улмаас оролцож чадаагүй. Шүүхийн шийдвэрээс С.Э-ын тайлбарыг уншиж танилцсан. 2017.01 дүгээр сараас эхлэн би С.Э-д бараа бүтээгдэхүүн болон мөнгө огт өгөөгүй. Би шүүх хуралдаанд оролцоогүй учир шүүх хуралдаан дээр С.Э 2016-2019 оны хооронд 1 000 000 төгрөгийн бараа болон бэлэн мөнгө авсан гэж тайлбарласан ба хариуцагч энэ талаар маргахгүй байна гэсэн нь үндэслэлгүй байна. Иймээс С.Э-ын нэхэмжлэлийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

С.Э 2020.01.14-ний өдөр шүүхэд хандаж Т.З-ээс 1 800 000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд үндэслэлээ “Т.З нь 2016.03.25-ны өдөр утсаар холбогдож зээл хаагаад өгнө гэж 2 хоногийн хугацаатай 2 800 000 төгрөг зээлж дансаараа шилжүүлж авсан... Бусад тооцоондоо бүтээгдэхүүн авсан ба нийт 1 000 000 төгрөг болсон... Иймд үлдэгдэл 1 800 000 төгрөгийг Т.З-ээс гаргуулан хохиролгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “Уг мөнгийг би авч хэрэглээгүй бөгөөд өөр хүнд авч өгсөн” гэж маргасан байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэж, хариуцагчаас 1 800 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Депозит дансны харилцагчийн монгол хуулга болон зохигчийн тайлбараас үзвэл Т.З нь С.Э-аас 2 800 000 төгрөг хүлээн авсан нь тогтоогджээ.

 

Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

Иймд анхан шатны шүүх хариуцагчаас 1 800 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасан зохицуулалтад нийцжээ.

Шаардлага болон татгалзлаа нотлох үүргийг хэргийн оролцогч хүлээнэ. Иймд шүүх талуудын гаргаж өгсөн баримтын хэмжээнд хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 25, 38 дугаар зүйлийн зохицуулалтад нийцсэн байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт буй баримтын хэмжээнд Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрийг хэвээр үлдээв.  

Хариуцагч Т.З-ийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул түүний улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43 750 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 129/ШШ2020/00327 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах журмаар гаргасан хариуцагч Т.З-ийн гомдлыг хангахгүй орхисугай.  

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43 750 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

                      

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.ДАВААСҮРЭН

                                          ШҮҮГЧИД                                    Д.БЯМБАСҮРЭН

                                                                                              В.ЦЭЦЭНБИЛЭГ