Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2022/ДШМ/904

 

 

 

 

 

    2022            09            15                                       2022/ДШМ/904  

 

     Е.Б-э, Б.Б- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч М.Алдар, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор У.Анхжаргал,

шүүгдэгч /хохирогч/ Б.Б-, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин, Б.Оюунбилэг,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/940 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Е.Б-э, Б.Б- нарт холбогдох эрүүгийн 2208000000276 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б-э,

 

Б-,

2003 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

2005 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 10 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 10 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж, мөн хугацаагаар хянан харгалзсан;

 

Шүүгдэгч Е.Б-э нь согтуурсан үедээ 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо ******тоотод Б.Б-тай “гар утас алга болсон байна” гэх шалтгааны улмаас маргалдан толгойн тус газар нь архины шилээр цохих, гарыг нь архины хагарсан шилээр зүсэж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,

шүүгдэгч Б.Б- нь согтуурсан үедээ 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо ******тоот хашаан дотор Е.Б-этэй “би хулгайч юм уу” гэх шалтгаанаар маргалдан улмаар түүний хэвлийн тус газар нь хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Е.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 /тав/ жилийн хорих ялаар, шүүгдэгч Е.Б-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 /нэг мянга гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч Б.Б-т оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,  шүүгдэгч Е.Б-эд оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Е.Б-э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүл мэндийн даатгалын сан гэм хорын зардлыг баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.Б-аас нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор, шүүгдэгч Е.Б-эд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч /хохирогч/ Б.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би анхнаасаа зүйл ангиа хүлээн зөвшөөрч, өөрийн хийсэн гэмт хэргээ хүлээн бусдад учруулсан хохирол төлбөрөө барагдуулж, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулаагүй. Миний хувьд нөхцөл байдлыг буруугаар ойлгож, шүүх хурлыг сайн ойлгоогүй буруу, зөрүү ярьж, шүүгч нарт буруу ойлголт өгсөндөө маш их харамсаж байна. Иймд шүүх хурал дээр буруу зөрүү ярьсныг маань уучилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлаж ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч /хохирогч/ Б.Б-ын өмгөөлөгч Б.Энхтүвшин давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Б- нь бусдын биед хүнд хохирол учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа ба зүйлчлэлийн хувьд маргахгүй байна. Хохирогч Е.Б-эд хохирлын мөнгө болох 500.000 төгрөг төлсөн. Хохирогчийн зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан учруулсан хохирлыг төлсөн, 1.4-т заасан хохирогчийн хууль зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа. Хохирогч эхэлж толгойнд нь 2 удаа архины шилээр цохиж, улмаар хагарсан шилээр 2 гарын шууг зүссэн. Үүний улмаас Б.Б- зэвсгийн чанартай зүйл хэрэглэж бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулсан үйл баримт тогтоогдсон. Б.Б-ын хувьд эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, тэрээр улирлын чанартай ажил хийж, бусад цагаар нь хүүхдээ асарч, цэцэрлэгт нь хүргэж өгдөг. Эрүүл мэндийн хувьд ясны архаг үрэвсэлтэй, доголж явдаг, 70 хувийн групп тогтоолгосон. Эдгээр нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч /хохирогч/ Б.Б-ын өмгөөлөгч Б.Оюунбилэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Б- ясны идээт архаг үрэвсэл өвчний улмаас 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай, группт байдаг. Мөн удаан зогсож, сууж чаддаггүй. Байнгын эмчийн хяналтад байж, эмчилгээ хийлгэдэг. Сүүжин хэсэгт байдаг яс хайлсан. Хагалгаанд орох шаардлагатай. Хохирогчийн зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан шүүхээс оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор У.Анхжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...мөрдөн байцаалт болон прокурорын шатанд шүүгдэгч Б.Б- гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал байгаагүй. Энэ нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхэд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал байх ёстой. Анхан шатны шүүх хуралдаанд гэм буруу дээр маргаж байсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал учраас тусгайлан гаргах саналгүй. Хөдөлмөрийн чадвараа 70 хувь алдсан ялаас чөлөөлөх, ял хөнгөрүүлэх үндэслэл болохгүй гэж прокурорын зүгээс үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Е.Б-э, Б.Б- нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Б- болон түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

 

Шүүгдэгч Е.Б-э нь согтуурсан үедээ 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо ******тоотод Б.Б-тай “гар утас алга болсон байна” гэх шалтгааны улмаас маргалдан толгойн тус газар нь архины шилээр цохих, гарыг нь архины хагарсан шилээр зүсэж, эрүүл мэндэд нь зулайн хуйханд няцарсан шарх, зүүн бугалга, баруун шуунд шарх, зүүн шанаа, хацарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг,

шүүгдэгч Б.Б- нь согтуурсан үедээ 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо ******тоот хашаанд Е.Б-этэй “би хулгайч юм уу” гэх шалтгаанаар маргалдан улмаар түүний хэвлийн тус газар хутгалж эрүүл мэндэд нь хэвлийн зүүн доод хэсэгт хэвлий хөндий рүү нэвтэрч чацархайг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:

 

Б.Б-ын хохирогчоор өгсөн “...тухайн үед гар утас алга болчихлоо гэж Б-э уурлаад миний толгойн зүүн хэсэгт архины шилээр хоёр удаа цохиж хагалсан. Дараа нь хагархай шилээрээ зүүн гарын булчин хэсгийг хоёр удаа, баруун гарын шууг нэг удаа, зүүн шанааг нэг удаа зүссэн. ...” /1хх 25-26/,

Е.Б-ийн хохирогчоор өгсөн “...гадаа байж байхад Б- гэрээсээ хутга авч гарч ирээд миний хэвлий рүү нэг удаа хатгаж, хүзүүний ард хэсгийг нэг удаа зүссэн. ...” /1хх 33-34/,

гэрч Н.Ц-ийн “...Б- эхлээд орилох шиг болсон. Гайхаад хартал толгой болон гарнаас нь цус гарч байсан. Тухайн үед Б-ийн гарт ууж дууссан архины шил цус болж хагарсан байсан. ...Гэтэл Б- гэрт мах идэж байсан бор иштэй хутгыг аваад гарсан. ...Гэнэт гадаа орилоон болохоор нь гараад хартал Б-ийг Б- хутгалсан байсан. ...” /1хх 39-40/,

Е.Б-ийн яллагдагчаар өгсөн “...би архины шилээр Б-ын толгой руу цохиж хагалсан. Тэгээд уг хагарсан шилээр гарыг нь зүсэж гэмтээсэн. ...” /1хх 100-101/,

Б.Б-ын яллагдагчаар өгсөн “...би ширээн дээр хоол идэж байсан бор иштэй хутгыг аваад Б-ийн зүүн цайвны дээд хэсэг рүү нэг удаа хатгасан. ...” /1хх 109-110/ гэсэн мэдүүлгүүд,

 

“...Б.Б-ын биед зулайн хуйханд няцарсан шарх, зүүн бугалга, баруун шуунд шарх, зүүн шанаа, хацарт зулгаралт бүхий хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 1727 дугаартай дүгнэлт /1хх 67/,

“...Е.Б-ийн биед хэвлийн зүүн доод хэсэгт хэвлий хөндий рүү нэвтэрч чацархайг гэмтээсэн хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан болохыг тогтоосон. ...” ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1747 дугаартай дүгнэлт /1хх 72/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 3-7/, Б.Б-ын биед үзлэг хийж бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-8-10/ бор өнгийн модон иштэй хутгыг эд мөрийн баримтаар тооцсон тогтоол /1хх 18/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуулиар олгосон үүргийн хүрээнд судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Е.Б-э, Б.Б- нар гэм буруутай эсэх, тэдгээрийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Е.Б-ийн Б.Б-тай маргалдах явцдаа толгойн тус газар нь архины шилээр цохих, хагарсан шилээр гарыг нь зүсэх зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Б-ын Е.Б-этэй маргалдан улмаар хэвлийн тус газар нь хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Е.Б-э, Б.Б- нарын үйлдсэн гэмт хэрэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Е. Б-эд тухайн зүйлд зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгийн торгох ял, Б.Б-т 5 жилийн хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

 

Шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Б.Энхтүвшин нар “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй, гэмт хэрэг үйлдэхэд хохирогчийн зүй бус ажиллагаа нөлөөлсөн, хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг хэрэглэж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгосон.

 

Шүүгдэгч Б.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн хохирогчийн зүй бус ажиллагаа, ясны идээт архаг үрэвслийн улмаас 70 хувийн группт байдаг зэрэг эрүүл мэндийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасныг баримтлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар түүнд оногдуулсан 5 жилийн хорих ялыг 3 жил 8 сарын хорих ял болгон хөнгөрүүлж, энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын ял шийтгэлийг хөнгөрүүлэх талар  гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул Б.Б-ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 57 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/940 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 5 /тав/ жилийн хорих ял,...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Б-т 3 /гурав/ жил 8 /найм/ сарын хорих ял...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б- 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 57 /тавин долоо/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТЗОРИГ

            ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

            ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН