Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Батсүрэнгийн Ундрах |
Хэргийн индекс | 142/2015/00252/и |
Дугаар | 001/ХТ2016/00972 |
Огноо | 2016-09-29 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2016 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 001/ХТ2016/00972
Г.Мөнхтулгын нэхэмжлэлтэй,
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 101дүгээр шийдвэртэй,
Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 84 дүгээр магадлалтай,
Нэхэмжлэгч Г.Мөнхтулгын нэхэмжлэлтэй,
Хариуцагч Н.Гансүхэд холбогдох,
12.726.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Нямцэрэнгийн гаргасан гомдлоор
Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч Н.Гансүх, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Н.Гансүх нь Г.Мөнхтулга надаас 2014.4.20-ны өдөр 7.070.000 төгрөгийг сарын 8 хувийн хүү тооцож төлөхөөр харилцан тохиролцож зээлсэн. Н.Гансүх үндсэн зээл, хүү төлөөгүй тул 7.070.000 төгрөг, 2014.4.20-ны өдрөөс 2015.02.20-ны өдрийг хүртэл сарын 8 хувиар 10 сарын хугацааны хүү 5.656.000 нийт 12.726.000 төгрөгийг нэхэмжилж байна. Н.Гансүх нь 2013.10.18-ны өдөр зээлийн гэрээ байгуулж алтан гинж, монетон цаг, монетон бөгжөө барьцаанд тавьж 6.000.000 төгрөг зээлсэн.6.000.000 төгрөгийн зээлээсээ 2013.12.04-ний өдөр 1.320.000 төгрөг төлж алтан гинжээ авч 4.680.000 төгрөгийн үлдэгдэлтэй болж, 2013.12.04-ний өдөр үлдэгдэл 4.680.000 төгрөгийг 30 хоногийн хугацаагаар сунгасан. 2014.04.20-ны өдөр уулзаж үлдэгдэл 4.680.000 төгрөг дээр 2.390.000 төгрөг нэмж зээлэхээр тохирч 7.070.000 төгрөгийн зээлийн гэрээг бид байгуулсан. Энэ 4.680.000 төгрөгт хүү тооцоогүй болно. Гансүх нь байгуулсан гэрээнийхээ дагуу 2014.4.20-ны өдрөөс 2015.02.20-ны өдрийг хүртэлх 10 сарын хугацааны хүүг 8 хувиар тооцож 5.656.000 төгрөгийн хүү нийт 12.726.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Би Мөнхтулгаас 2013.10.18-нд 6.000.000 төгрөг зээлж зээлийн гэрээ байгуулсан. Тус гэрээнд 1 сард 8 хувийн хүүтэй байхаар тохиролцсон. Барьцаанд нь монетан цаг, монетан бөгж, алтан гинж тус бүр 1 ширхэгийг тавьсан. Тухайн зээлээсээ 2013.12.04-ний өдөр 1.320.000 төгрөгийг төлж алтан гинжээ барьцаанаас авч 4.680.000 төгрөгийн үлдэгдэлтэй болж тухайн үлдэгдэл мөнгөө 30 хоногоор сунгасан юм. Зээлийн гэрээнд зээлдүүлэгч Мөнхтулга гарын үсэг зураагүй, хугацаа тогтоож тохироогүй тул хүү төлөхгүй.Нэхэмжлэгч нь 4.680.000 төгрөг нэхэмжлэх эрхтэй бөгөөд тухайн үлдэгдэл мөнгийг төлөхийг зөвшөөрч байна. Харин үндэслэлгүйгээр хүү тооцсон 8.046.000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. 12.760.000 төгрөгийг би төлөхгүй, зөвшөөрөхгүй 4.680.000 төгрөгийг төлнө гэжээ.
Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 101 дугаартай шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232,6-д заасныг баримтлан Н.Гансүхээс 11.170.600 төгрөг гаргуулан Г.Мөнхтулгад олгож, нэхэмжлэлээс 1.555.400 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д заасныг баримтлан хариуцагч үүргийн гүйцэтгэлийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны зүйл болох монетон цаг, монетон бөгжийг дуудлага худалдаагаар худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах, дуудлага худалдаа явуулах байгууллагаар Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албыг томилж шийдвэрлэжээ.
Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 84 дүгээр магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 заалтад Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1-т заасныг баримтлан Н.Гансүхээс зээл, зээлийн хүү бүгд 5.120.600 төгрөг гаргуулж Г.Мөнхтулгад олгож, үлдэх 7.605.400 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох өөрчлөлт оруулж, шийдвэрийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, 3 дахь заалтын ...193680 төгрөг гэснийг ...96880 төгрөг гэж, 3, 4 дэх заалтыг 2, 3 болгон өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Нямцэрэн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 8.1.1, 187.1-д заасан үүрэг үндэслэлийг буруу тодорхойлсон ба 7.070.000 төгрөг нь зээлдэгчийн үүрэг биш болох талаар дүгнэлт хийгээгүй байна. 2014.04.20-ны өдрийн 7.070.000 төгрөгийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах талаар шаардлага гаргаагүй, шүүх нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээний талаар дүгнэлт хийгээгүй атлаа үүргийг үгүйсгэсэн, нэг тал гарын үсэг зураагүй 2013.10.18-ны гэрээг үнэлсэн нь үндэслэл бүхий биш бөгөөд ИХШХШТХуулийн 116.2 дахь заалтыг зөрчсөн. Нэхэмжлэгчийг Н.Гансүхийн төлөх ёстой 4.680.000 төгрөгийн зээл дээр 2.390.000 төгрөг нэмж өгсөн гэдгээ нотолж чадаагүй гэсэн атлаа хариуцагчийн нэхэмжлэгчид 1.057.000 төгрөг өгсөн гэдэг нь ямар нэгэн нотлох баримтгүй байхад илүү үндэслэлтэй тайлбар хэргийн оролцогчдын хариуцагчийг үнэн ярьдаг, нэхэмжлэгчийг худлаа ярьдаг мэт дүгнэлт өгсөн байна. Хариуцагч тал эхнэрийн хамт зээлийн гэрээнд гарын үсэг зурж, нэмэлт бичилт хийж, барьцаагаар үүргийг баталгаажуулж, хүү, алданги тохиролцсон байхад гэрээнд дүгнэлт өгөөгүйгээр шүүх өөрөө талуудын хооронд тооцоо баригч мэтээр тооцоо хийж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Мөн хүү алданги төлүүлэх шаардлага гаргаж болох эрхтэй байна. Алданги тооцуулж хангуулах шаардлага нь нэхэмжлэлийн хэмжээнээс даваагүй, хэмжээний дотор байгаа нөхцөлд шүүх шийдвэрлэх боломжтой юм. Хэрэв зөвхөн зээл, хүү шаардсан алданги шаардаагүй гэж үзнэ гэвэл шүүх үндсэн зээл, 2014.04.20-ны гэрээгээр тохирсон нэг сарын хүү 565.500 төгрөгийг хангаж, гэрээнд заасан алдангийн талаарх нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээх ёстой. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх буюу ингэх боломжгүй гэж үзвэл анхан шатны шүүхийн шийдвэрт зээл 7.070.000 төгрөг, хүү 535.600 төгрөг бүгд 7.605.600 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэгчид олгож өгнө үү гэжээ.
Хариуцагчийн өмгөөлөгч Д.Оюунчимэг гомдолд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 3 ширхэг шар цаасан дээр өөрийн гараар бичсэн тооцоо байдаг бөгөөд үүнийг өөрөө бичсэн гэж хүлээн зөвшөөрдөг. Уг тооцоо нь өмнөх зээлийн гэрээгээр авсан мөнгөний үлдэгдлийн талаархи тооцоо гэдгийг талууд хүлээн зөвшөөрдөг. Үүнээс 1.057.000 төгрөг хасаад 7.070.000 төгрөг гэж нэхэмжлэгч өөрөө бичсэн байгааг давж заалдах шатны шүүх түүнд зөв дүгнэлт өгсөн. Мөн шүүх гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзээгүй, 4.680.000 төгрөгийг хүүтэй нь гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Хариуцагч 1.057.000 төгрөг төлсөн гэдэг нь нэхэмжлэгчийн зээл хүүгийн тооцоог хийж бичиж өгсөн шар цаасан дээр 8.127.000 төгрөг гэж бичээд түүнийгээ үндэслэж 2015.04.20-ны өдрөөр огноолсон гэрээн дээр зээлийн үлдэгдлийг 7.070.000 гэж бичсэнээр нотлогдоно. Хариуцагч Н.Гансүх “Г.Мөнхтулга нь тэр өдөр та нарын мөнгө чинь ийм боллоо шүү гэж бичиж өгсөн тэгээд 1.057.000 төгрөг өгөөд үлдэгдэл дээр нь дахиад гэрээ хийнэ гэсэн” гэж тайлбарласнаар нотлогдож байна. Харин Мөнхтулга нь анхан шатны шүүх хурал дээр 4.680.000 төгрөг дээр нэмж 2.390.000 төгрөг нэмж өгөөд 7.070.000 төгрөг болсон юм гэж анх удаа тайлбарласан. Үүнээс өмнө бол надаас 7.070.000 төгрөг зээлсэн л гээд байдаг байсан. Үлдэгдэл 7.070.000 төгрөг гэж нэхэмжлэгч өөрийн гараар бичсэн нь 2.390.000 төгрөг нэмж өгөөгүй нь нотолж байна. Иймд магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Г.Мөнхтулга нь 2014 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээг үндэслэн Н.Гансүхээс үндсэн зээл 7.070.000 төгрөг, зээлийн хүү 5.656.000 төгрөг нийт 12.726.000 төгрөг гаргуулахыг шаардсан бөгөөд хариуцагч эс зөвшөөрч маргасан байна.
Анхан шатны шүүх Н.Гансүхээс үндсэн зээл 7.070.000 төгрөг, нэг сарын хүү 565.600 төгрөг, алданги 3.535.000 төгрөг нийт 11.170.600 төгрөг гаргуулж Г.Мөнхтулгад олгох, нэхэмжлэлээс 1.555.400 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргажээ.
Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчаас 5.120.600 төгрөг гаргуулж Г.Мөнхтулгад олгох, нэхэмжлэлээс 7.605.400 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох магадлал гаргасан байна.
Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
1. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа “...шүүх 7.070.000 төгрөг нь зээлдэгчийн үүрэг биш болох талаар мөн нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээний талаар дүгнэлт хийгээгүй атлаа үүргийг үгүйсгэсэн... нэг тал гарын үсэг зураагүй 2013.10.18-ны гэрээг үнэлсэн... хариуцагчийн нэхэмжлэгчид 1.057.000 төгрөг өгсөн гэдэг нь ямар нэгэн нотлох баримтгүй... алданги тохиролцсон тул шүүх шийдвэрлэх боломжтой...” гэсэн таван үндэслэл заасан боловч энэ нь магадлалд өөрчлөлт оруулах нөхцөл болохгүй байна.
а/. Г.Мөнхтулга нь Н.Гансүхэд 6.000.000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй зээлүүлэх тухай 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн /хх 4, 69, 70/ гэрээ, 6.540.000 төгрөгийг нэг сарын 8 хувийн хүүтэй зээлүүлэх тухай 2014 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн /хх 68/ гэрээ, 7.070.000 төгрөгийг нэг сарын хугацаатай 8 хувийн хүүтэй зээлүүлэх тухай 2014 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээ /хх 5/ хэрэгт авагдсан бөгөөд сүүлийн гэрээг нэхэмжлэгч шаардлагынхаа үндэслэл болгожээ.
Хариуцагч нэхэмжлэлийн үндэслэл болсон 2014 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээний дагуу мөнгө аваагүй гэж маргахдаа нэхэмжлэлийн зарим хэсгийг төлөхийг зөвшөөрч, үндэслэлээ талуудын хооронд байгуулагдсан 2013 оны 10 дугаар сарын 18, 2014 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн гэрээгээр тайлбарласан байна.
Зээлдүүлэгч нь зээлийн гэрээнд заасан мөнгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлсэн тохиолдолд зээлийг буцааж өгөхийг зээлдэгчээс шаардах эрх үүснэ.
Н.Гансүхэд 2014 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн гэрээний дагуу 7.070.000 төгрөг хүлээлгэн өгсөн баримтыг Г.Мөнхтулга шүүхэд гаргаж өгөөгүй, 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн гэрээгээр зээлүүлсэн мөнгөний үлдэгдэл 4.680.000 төгрөг дээр 2.390.000 төгрөг нэмж зээлүүлж 2014 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гэрээг 7.070.000 төгрөгийн үнийн дүнтэй хийсэн гэх боловч нэмж мөнгө өгсөн тухай баримт хэрэгт байхгүй тул “...шүүх 7.070.000 төгрөг нь зээлдэгчийн үүрэг биш болох талаар дүгнэлт хийгээгүй... нэхэмжлэлийн үндэслэл болсон гэрээний талаар дүгнэлт хийгээгүй атлаа үүргийг үгүйсгэсэн...” гэх гомдлоор магадлалд өөрчлөлт оруулах боломжгүй байна.
б/. “...нэг тал нь гарын үсэг зураагүй 2013.10.18-ны гэрээг давж заалдах шатны шүүх үнэлсэн ба хариуцагч 1.057.000 төгрөг төлсөн тухай нотлох баримтгүй байхад шүүх төлбөрөөс хасаж тооцсон...” гэх гомдол үндэслэлгүй байна.
Г.Мөнхтулга 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээний дагуу Н.Гансүхэд 6.000.000 төгрөг зээлүүлсэн тухай /хх 13, 27, 83-91/ тайлбар өгсөн, зохигчид маргаагүй тул энэ үйл баримтыг тогтоогдсон гэж үзэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-г зөрчихгүй.
Зээлийн төлбөрт төлөгдсөн мөнгөний талаар гэрч Г.Сарантуяа /хх 86, ар тал/ шүүх хуралдаан дээр мэдүүлсэн бөгөөд гэрчийн уг мэдүүлгийг үгүйсгэх баримт хэрэгт байхгүй тул 1.057.000 төгрөгийг төлбөрөөс хасаж тооцсон нь Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцжээ.
в/. Г.Мөнхтулга шүүхэд нэхэмжлэл гаргахдаа алданги шаардаагүй байхад анхан шатны шүүх хариуцагчаас алдангид 3.535.000 төгрөг гаргуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-г зөрчих тул энэ тухай гомдлоор магадлалд өөрчлөлт оруулах боломжгүй байна.
2. Анхан шатны шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч нь “...би ганцхан Н.Гансүхтэй биш өөр зөндөө олон хүнтэй харилцдаг тэр болгоны тооцоог цаасан дээр бичдэг...” гэж, хариуцагч “...гинж бөгж хоёрыг ломбардны цаасаар битүүмжилж гарын үсэг зурсан...” гэж тус тус тайлбарласнаас /хх 85, 87 ар тал/ үзвэл Н.Гансүх иргэнээс зээл авсан гэж үзэх эргэлзээтэй байх боловч энэ талаар хариуцагч маргаагүй, хяналтын шатны шүүхэд гомдол гаргаагүй тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан харилцаа үүссэн талаарх шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ .
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :
1. Булган, Орхон, Хөвсгөл аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 84 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 96.980 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Б.УНДРАХ