Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сандагдоржийн Төмөрбат |
Хэргийн индекс | 128/2016/0139/З |
Дугаар | 438 |
Огноо | 2016-06-14 |
Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 14 өдөр
Дугаар 438
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Төмөрбат даргалж, Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, иргэн Б.Б*******, Д.Б*******, Я.А******* нарын “Баянзүрх дүүргийн Засаг даргын тус дүүргийн 26/12/ дугаар хороо, “Б” хорооллын орон сууцны *******, , , , , дугаар байрны “Б” сууц өмчлөгчдийн холбоог Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэсэн үйлдэл болон уг сууц өмчлөгчдийн холбоонд олгосон захиргааны акт болох 2010 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10/14, 2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 135 дугаар гэрчилгээг тус тус илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх” шаардлага бүхий Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б*******, Я.Алтанхундаг, Д.Б******* нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ч.Д, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Д, Б.Э, гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Г нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Баянзүрх дүүргийн 12 /26/ дугаар хороо, Б хорооллын орон сууцны *******, , , , , дугаар байрны өмчлөгчид нь 1830 өрх байгаа боловч "Б" СӨХ-г байгуулсан хуралд бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцоогүй учир "Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай" /"СӨХ"/ хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2. заалтыг зөрчсөн хүчин төгөлдөр бус хурал болно.
2. "Б" СӨХ-ны дүрэмд "заавал тусгах" ёстой удирдах болон хяналтын зөвлөлийн бүтэц, бүрэлдэхүүн, тэдгээрийн бүрэн эрхийн хугацаа, сууц өмчлөгч бүрээс дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээ, харуул хамгаалалттай холбогдсон зардлыг санхүүжүүлэхэд оролцох журам, СӨХ-г өөрчлөн байгуулах журам зэргийг тусгаагүй байгаа нь "СӨХ" хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3, 6.1.6, 6.1.8, 10.2. заалтыг тус тус зөрчсөн илт хүчин төгөлдөр бус шийдвэр байгаа болно.
Дээр дурьдснаар хууль бус журмаар байгуулагдсан, илт хүчин төгөлдөр бус дүрэмтэй "Б" СӨХ-г бүртгэж гэрчилгээ олгосон захиргааны акт илт хүчин төгөлдөр бус болох нь тодорхой байна.
3.Уг илт хүчин төгөлдөр бус захиргааны акт гаргасан болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргуулахаар дээд шатны албан тушаалтан болох Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пд 2015 оны 03 дугаар сарын 11,5 дугаар сарын 02-ны өдрүүдэд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлд 2015 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр тус тус гомдол гаргасан боловч асуудлыг шийдвэрлэж хариу өгөхгүйгээр өнөөдрийг хүрэв.
4.Ийнхүү илт хүчин төгөлдөр бус СӨХ ажилласнаар сууц өмчлөгч бүрээс дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, засвар, үйлчилгээ, харуул хамгаалалттай холбогдсон зардлыг санхүүжүүлэхэд оролцох журам, төлөх төлбөрийн хэмжээг СӨХ-ны дүрэм, бүх гишүүдийн хурлын шийдвэрээр бус "Б хотхон" ХХК-ийн захирлын шийдвэрээр тогтоож, СӨХ-ийн дансанд бус дээрх компаний дансанд төвлөрүүлэн захиран зарцуулж, сууц өмчлөгчдийн зүгээс хяналт тавих боломжгүй болгох зэргээр сууц өмчлөгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой хохироож, хуулийн холбогдох заалт /”СӨХ” 9.5/-ыг илт зөрчиж байна.
5.“Б” СӨХ нь хууль бусаар байгуулагдсан, хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байгаа болохыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Монголын сууц өмчлөгчдийн холбоодын дээд зөвлөл тус тус тогтоосон болно” гэжээ.
Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн Б.Б*******, Я.А*******, Д.Б******* нарын нэхэмжлэлтэй Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох, Баянзүрх дүүргийн 26 /12/ дугаар хороо, Б хорооллын *******, , , , дугаар байрны "Б Сууц өмчлөгчдийн холбоо" /СӨХ/-г дүүргийн сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэсэн үйлдэл болон Б СӨХ-нд олгосон 2010 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10/14, 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 135 дугаар гэрчилгээг тус тус илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргах нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.
Б Сууц өмчлөгчдийн холбоог 2010 онд Баянзүрх дүүргийн Засаг дарга нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д "Холбоог зохион байгуулах хурлын шийдвэрийг үндэслэн сум, дүүргийн Засаг даргын Тамгын газар холбоог бүртгэх" гэж заасан бүрэн эрхийнхээ дагуу тус дүүргийн 26 дугаар хорооны Б хорооллын , , , , , дугаар байруудын оршин суугчдын СӨХ-г байгуулах тухай хурлын тэмдэглэл, өргөдөл, СӨХ-ны дүрэм зэргийг үндэслэн "Б" СӨХ-г бүртгэн 10/14 дугаартай гэрчилгээ олгосон байдаг.
2013 оны 07 дугаар сарын 25-нд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 201 дүгээр тогтоолоор "Дүүргийн хөгжлийн төв" ОНӨҮГазар байгуулагдаж СӨХолбоодтой хамтран ажиллах болсонтой холбоотойгоор Баянзүрх дүүргийн Засаг дарга 2014 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Сууц өмчлөгчдийн холбоодыг бүртгэж, гэрчилгээг шинэчлэн олгох тухай А/02 дугаар захирамж гаргаж, Б СӨХ-нд 2010 онд олгосон 10/14 дугаартай гэрчилгээг шинэчлэн 135 дугаар гэрчилгээ олгосон.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9 дүгээр зүйлд захиргааны актыг илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргах үндэслэлийг зааж өгсөн. Баянзүрх дүүргийн Засаг дарга хуульд заасан эрх хэмжээний хүрээнд бүртгэсэн тул илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргах үндэслэлгүй байна.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээдийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Б.Б*******, Д.Б*******, Я.А******* нарын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан "Баянзүрх дүүргийн 12 /26/ дугаар хороо, Б хорооллын орон сууцны *******, , , , , дугаар байрны "Б" СӨХ-г сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэсэн үйлдэл болон уг СӨХ-д олгосон захиргааны акт болох 2010 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10/14, 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 135 дугаар гэрчилгээг тус тус илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргах" шаардлага бүхий нэхэмжпэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг хүргүүлж байна.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д "сууц өмчлөгчдийн холбоо гэж нийтийн зориулалттай орон сууцны байшин /цаашид "орон сууцны байшин" гэх/-гийн дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хэрэгжүүлэх, тухайн орон сууцны байшингийн ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцах зорилго бүхий, хуулийн этгээдийн эрхгүй, заавал гишүүнчлэлтэй холбоо"-г гэж заасны дагуу Б хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хангах, орон сууцнуудын ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил, ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцан хамгаалах зорилготойгоор энэхүү хуульд нийцүүлэн "Б" СӨХ-ийг байгуулсан болно.
Тодруулбал, "Б" СӨХ-ийг анх байгуулах үе буюу 2010 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар уг орон сууцны хорооллыг барьсан "Их үйлсийн эрэлд" ХХК-ийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт хандан хүргүүлсэн "санал хүргүүлэх тухай" 1/018 дугаар "...300 гаруй айл өрх амьдарч байгаа тул Б СӨХ-ийг байгуулах саналыг дэмжиж байна" гэх агуулга бүхий албан бичгээс үзэхэд тухайн үед Б хорооллын орон сууцны байранд 1800 айл бүгд ороогүй байсан ба 300 гаруй айл өрх амьдарч байсан ба тэдгээр оршин суугчид өөрсдийн эрх ашгаа хамгаалах үүднээс Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д "Орон сууцны нэг байшинд нэг холбоо байх бөгөөд зэрэгцэн орших хэд хэдэн орон сууцны байшин дахь сууц өмчлөгчид нэгдэн нэг холбоо байгуулж болно", 5.3-д "Холбоог зохион байгуулах хурлыг сууц өмчлөгчдийн санаачилгаар хуралдуулна. Шаардлагатай тохиолдолд тухайн нутаг дэвсгэрт байгаа орон сууц хувьчлах товчоо болон тухайн шатны Засаг даргын санаачилгаар хуралдуулна", 5.4-д "Холбоог зохион байгуулах хурлын шийдвэрт хурлын тэргүүлэгчид гарын үсэг зурснаар түүнийг байгуулагдсанд тооцно", 5.5-д "Холбоо нь тогтоосон журмын дагуу үйлдсэн тэмдэг, хэвлэмэл хуудас хэрэглэх бөгөөд банкинд харилцах данстай байна" гэж заасны дагуу тухайн СӨХ-ийг байгуулах сууц өмчлөгчдийн санаачилгаар СӨХ байгуулах хурлыг хуралдуулж, тус хурлаар СӨХ-ийг байгуулах шийдвэр гаргаж, дүрэм, удирдах болон хяналтын зөвлөлийн гишүүн зэргийг хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар сонгож батлан, мөн хуулийн 18 дугаар зүйлий 18.1.1-д заасны дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт бүртгүүлэх тухай хүсэлт, хурлын тэмдэглэл, СӨХ-ийн дүрэм, орон сууц эзэмшигчдийн бичгээр СӨХ байгуулахыг дэмжсэн санал, хуралдааны ирцийн бүртгэл, гүйцэтгэх захирлын мөрийн хөтөлбөр, гүйцэтгэх захиралыг томилсон шийдвэр, 2009-2010 оны орлого, зарлагын үзүүлэлт, нэгтгэл зэрэг холбогдох баримт бичгүүдийг бүрдүүлэн өгсөний дагуу Баянзүрх дүүргийн Засаг даргаас хуульд заасны дагуу байгуулагдсан гэж үзэн сууц өмчлөгчийн холбооны бүртгэлд бүртгэж 2010 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10/14 дугаар гэрчилгээг олгосон ба 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 135 дугаартай гэрчилгээг шинэчлэн олгосон байдаг.
Тухайн СӨХ-ийг байгуулах хуралдаанд оролцсон гишүүд Б хорооллын дундын өмчлөлийн эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөх эрхийг хангах, орон сууцнуудын ашиглалтын хэвийн байдлыг хангах, сууц өмчлөгчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, дундын өмчлөлийн эд хөрөнгийн эзэмшил ашиглалт, хамгаалалтыг эрхлэн хариуцан хамгаалах зайлшгүй шаардлага бий болсон үүнийг хэрэгжүүлэхийн тулд хуулийн дагуу Б СӨХ-ийг байгуулахыг бүгд дэмжиж байсан ба СӨХ байгуулагдаж үйл ажиллагаа явуулж байгаа 5 гаруй жилийн хугацаанд оршин суугч иргэд энэхүү СӨХ хууль бусаар байгуулагдсан бид санал өгөөгүй байхад СӨХ-ийг байгуулсан гэж үзэн гомдол санал гаргаж байгаагүй, шинээр нэмэгдэн орон сууцанд орж байсан иргэд бүгд тус СӨХ-ийн гишүүн болж СӨХ-ийн мөнгийг цаг тухай бүрт нь төлж, сууц өмчлөгчийн эрх, үүргээ хэрэгжүүлсээр байгаа ба маргаан бүхий захиргааны актуудын улмаас болж нэхэмжлэгч иргэдийн хуулиар хамгаалагдсан яг ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол нь дээрх Б СӨХ-ийг бүртгэж, гэрчилгээ олгосноос болж хөндөгдөж, зөрчигдөж байгаа нь нэхэмжлэлд бичсэн үндэслэл, түүнд хавсаргасан баримтуудаар тогтоогдохгүй байна гэж үзэж байна.
Товчоор хэлбэл Б СӨХ нь нийт орон сууц эзэмшигчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг хамгаалах үүднээс орон сууц эзэмшигч иргэдийн өөрсдийнх нь санал санаачилгаар хуульд заасан журмын дагуу байгуулагдан, эрх бүхий төрийн захиргааны байгууллагаас хянан үзэж хуульд нийцсэн гэж бүртгэн, гэрчилгээ олгсоны дагуу үйл ажиллагаа явуулсан байхад нэхэмжлэлд дурдсанаар хууль бус дүрэм баталж, 1800 өрхийн 50 хувиас дээш хувь нь оролцоогүй хууль бус хуралдаанаар байгуулсан гэх үндэслэлээр төрийн захиргааны байгууллагын хууль ёсны дагуу гаргасан шийдвэрийг хууль бус гэж тайлбарлан маргаж байгаа нь ямар ч хууль зүйн үндэслэлгүй байна.
Түүнчлэн сууц өмчлөгч бүрээс дундын өмчлөлийн эд хөрөнгийн ашиглалт, хамгаалалт, "засвар үйлчилгээ, харуул хамгаалалттай холбогдсон зардлыг санхүүжүүлэхэд оролцох журам, төлөх төлбөрийн хэмжээг СӨХ-ийн дүрэм, бүх гишүүдийн хурлын шийдвэрээр бус "" ХХК-ийн захирлын шийдвэрээр тогтоож, СӨХ-ийн дансанд бус компанийн дансанд төвлөрүүлэн захиран зарцуулж, сууц өмчлөгчдийн зүгээс хяналт тавих боломжгүй болгож, эрх, хууль ёсны ашиг сонирхолыг ноцтой хохироосон, СӨХ-ийн тайланг тайлагнадаггүй гэх боловч бодит байдал дээр эдгээр сууц өмчлөгч нарт хуулиар олгосон эрхүүдийг зөрчөөгүй, хохироогоогүй ба гүйцэтгэх захирал дангаараа шийдвэр гаргаж үйл ажиллагааг явуулагүй бөгөөд СӨХ-ийн зориулалттай ашиглах мөнгийг зориулалтын бусаар ашигласан зүйл байхгүй байхад ийм хууль бус үндэслэлээр нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч иргэд болох Б.Б******* /408 дугаар байрны 8 тоот/, Д.Б******* / дүгээр байрны 7 тоот/ нар нь тус орон сууцнуудын өмчлөгч биш болох нь Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газраас ирүүлсэн лавлагаагаар тогтоогдож байх ба энэхүү иргэдийн эрхийг хөндсөн зүйл байхгүй байх ба санаатайгаар хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа СӨХ-ийн үйл ажиллагаанд саад учруулах гэсэн зорилготой гэж үзэхээр байх ба Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5-д заасны дагуу нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.
Иймд "Баянзүрх дүүргийн 12 /26/ дугаар хороо, Б хорооллын орон сууцны *******, , , , , дугаар байрны "Б" СӨХ-г сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэсэн үйлдэл болон уг СӨХ-д олгосон захиргааны акт болох 2010 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10/14, 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 135 дугаар гэрчилгээг тус тус илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргах" тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх иргэн Б.Б*******, Д.Б*******, Я.А******* нарын Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын тус дүүргийн 26/12/ дугаар хороо, “Б” хорооллын орон сууцны *******, , , , , дугаар байрны “Б” сууц өмчлөгчдийн холбоог Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэсэн үйлдэл болон уг СӨХ-д олгосон захиргааны акт болох 2010 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10/14, 2014 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 135 дугаар гэрчилгээг тус тус илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх” шаардлага бүхий нэхэмжлэлийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шийдвэрээ гаргалаа.
Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан дор дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд хангаж шийдвэрлэлээ.
Нэг. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 1/135 дугаар итгэмжлэлээр Д.П*******, У.Н******* нарт, иргэн Б.Б*******, Д.Б*******, Я.А******* нарын нэхэмжлэлтэй захиргааны хэрэгт хариуцагчийг төлөөлөх эрхийг олгожээ.
Хариуцагчид 2016 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдааны товыг тус шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 1/6379 дүгээр албан бичгээр мэдэгдсэн боловч итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н******* шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг ирүүлсэн бөгөөд хүсэлтэд хавсаргасан баримт нотлох баримтын шаардлага хангаагүй, хүсэлтэд дурдсан үндэслэл нь шүүх хуралдааныг хойшлуулах хүндэтгэн үзэх шалтгаан биш, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П******* нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул шүүх хуралдааныг хийлээ.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.4 дэх хэсгүүдэд заасан шүүх хуралдааны дэгийн дагуу хариуцагчийн хариу тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адил үзэж хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарт уншиж танилцуулан хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Хоёр. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудаар шүүхэд нэхэмжлэл гаргасан иргэд нь Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд орших “Б” хороололд орон сууц өмчилдөг болох нь тогтоогдож байна. Тухайлбал, Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаагаар Б.Б******* Б хорооллын 408 дугаар байрны 8 тоот орон сууцыг, Д.Б******* дүгээр байрны 7 тоот орон сууцыг, Я.А******* дүгээр байрны 188 тоот орон сууцыг тус тус өмчилдөг тул Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т ““сууц өмчлөгч” гэж нийтийн зориулттай орон сууцны байшин дахь сууцыг захиран зарцуулах эрх бүхий этгээдийг”, Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т “Орон сууцанд оршин суугаа сууц өмчлөгч бусад этгээд тухайн холбооны гишүүн байна” гэж заасны дагуу дээрх иргэд нь шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээдүүд гэж үзлээ.
Гурав. 2010 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Б” хорооллын оршин суугчдын хурлаар тус хорооллын сууц өмчлөгчдийн холбооны удирдах зөвлөлийн болон хяналтын зөвлөлийн гишүүд, гүйцэтгэх захирлыг тус тус сонгосон байна. Энэхүү оршин суугчдын хурлын протоколд нийт 159 оршин суугч гарын үсэг зуржээ. Улмаар Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газарт шаардлагатай баримтууд болох хурлын протокол, санал асуулгын хуудас, холбооны дүрэм, холбооны удирдах зөвлөлийн тогтоол, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн анкет зэргийг хүргүүлсэн байна.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-д “Холбоог зохион байгуулах хурлын шийдвэрийг үндэслэн сум, дүүргийн Засаг даргын тамгын газар холбоог бүртгэх” гэж заасны дагуу хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга нь 2010 оны 12 дугаар сарын 12-ны өдөр “Б” сууц өмчлөгчдийн холбоог бүртгэж, 10/14 дүгээр гэрчилгээ олгосон бөгөөд 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр шинэчлэн бүртгэж 135 дугаар гэрчилгээг олгосон байна.
Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д “Сууц өмчлөгч бүр бүх гишүүдийн хуралд өмчилж буй сууц бүрийн тоогоор саналын нэг эрхтэй оролцох бөгөөд тухайн орон сууцны байшингийн хэд хэдэн сууцыг нэгтгэн нэг сууц болгон өөрчилсөн сууц өмчлөгч нь нэгтгэсэн сууц бүрийн тоогоор саналын нэг эрхтэй байна” гэж хуулиар олгосон эрхийн дагуу Баянзүрх дүүргийн Засаг дарга нь “Б” сууц өмчлөгчдийн холбоог бүртгүүлэхээр ирүүлсэн материалуудыг бүрэн эсэхийг хянахаас гадна сууц өмчлөгчдийн холбоог байгуулахаар санал өгсөн иргэд нь тухайн орон сууцыг захиран зарцуулах эрхтэй буюу өмчлөгч мөн болохыг нягтлан шалгах үүрэгтэй болно. Өөрөөр хэлбэл, сууц өмчлөгчдийн холбоо байгуулах санал өгч буй иргэд нь саналаа өгч буй орон сууцны өмчлөгч болохоо зохих баримтаар нотолсон байх шаардлагатай байсан боловч хариуцагч энэхүү нягтлан шалгах үүргээ хэрэгжүүлээгүй нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Нөгөө талаар хариуцагч “Б” хорооллын нийт 13 байранд буюу *******, , , , , дугаар байруудыг нэгтгэн нэг сууц өмчлөгчдийн холбоог бүртгэсэн байна. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар 2010 онд маргаан бүхий бүртгэлийг хийж байх үед “Б” хорооллын 13 байрнаас долоон байр нь ашиглалтанд орсон байсан ба үлдсэн зургаан байр ашиглалтанд ороогүй байсан тул “Б” хорооллын баригдаж дуусаагүй байруудыг бүхэлд нь хамруулан “Б” сууц өмчлөгчдийн холбоог байгуулсан шийдвэрийг бүртгэж байгаа нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Орон сууцны нэг байшинд нэг холбоо байх бөгөөд зэрэгцэн орших хэд хэдэн орон сууцны байшин дахь сууц өмчлөгчид нэгдэн нэг холбоо байгуулж болно” гэх заалттай нийцэхгүй байна.
Түүнчлэн, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 2009 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 129/2009 дүгээр актаар “Б” хорооллын 1390 айлын орон сууц бүхий долоон байруудыг байнгын ашиглалтанд хүлээн авахаар шийдвэрлэсэн байх тул 159 оршин суугч санал өгч “Б” сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдсан нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-т “Бүх гишүүдийн 50-иас дээш хувь оролцсоноор хурал хүчин төгөлдөр болно” гэж заасан заалт мөн зөрчигдсөн байна.
Сууц өмчлөгчдийн холбоо байгуулах хурлыг одоогийн “Б” сууц өмчлөгчдийн холбооны захирал Д.Ч******* санаачлан зохион байгуулсан болох нь холбоо байгуулах хурлын протоколоос харагдаж байх бөгөөд бүртгэлийн байгууллагын лавлагаагаар Д.Ч******* нь тухайн хороололд орон сууц өмчилдөггүй байна. Иймд Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.3-т “Холбоог зохион байгуулах хурлыг сууц өмчлөгчдийн санаачлагаар хуралдуулна” гэж заасан хуулийн шаардлагыг хангалгүй хийсэн шийдвэрийг үндэслэн хариуцагч сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлийг хийсэн байна.
Нэгтгэн дүгнэхэд, “Б” сууц өмчлөгчдийн холбоог бүртгэхдээ холбооны гишүүдийн өмчлөх эрхтэй эсэхийг нягтлан шалгалгүй, баригдаж дуусаагүй, өмчлөх эрх үүсээгүй байсан байруудыг хамруулан сууц өмчлөгчдийн холбоог байгуулснаас гадна сууц өмчлөгчдийн холбоо байгуулах хуулийн зохицуулалт бүхий процесс ажиллагааг зөрчиж маргаан бүхий бүртгэлийг хийсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 5 дугаар зүйлийн 5.2, 5.3, 5.6, 9 дүгээр зүйлийн 9.2, 18 дугаар зүйлийн 18.1.1, Иргэний хуулийн 143 дугаар зүйлийн 143.4-т заасныг баримтлан иргэн Б.Б*******, Д.Б*******, Я.А******* нарын Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Б хорооллын орон сууцны *******, , , , , дугаар байрны “Б” сууц өмчлөгчдийн холбоог Баянзүрх дүүргийн Сууц өмчлөгчдийн холбооны бүртгэлд бүртгэсэн үйлдэл болон сууц өмчлөгчдийн холбоог бүртгэж 2010 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 10/14, 2014 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 135 дугаар гэрчилгээг тус тус илт хүчин төгөлдөр бус болохыг хүлээн зөвшөөрсүгэй.
2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.
3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-д зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулсан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчид нь 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ТӨМӨРБАТ